Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

    2020              1               7                                       2020/ДШМ/34

 

 

Д.Г-эд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав  даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

хохирогч Д.Г-,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1094 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прsокурор Э.Намууны бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Д.Г-эд холбогдох эрүүгийн 1903004670294 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Д.Г, 19 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Би Пи Эс” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, 3 дүүгийн хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............. дүүргийн ... дугаар хороо,............. түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................../;

Д.Г- нь 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 11 цаг 47 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Эдэл” авто угаалгын газрын баруун замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин 2.68 хувийн согтолттой үедээ “Хюндай Портер” маркийн 32-47 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчин явган зорчигч 15 настай Б.Тэмүүлэн, 50 настай Д.Г- нарыг мөргөж, тэдгээрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан, тусгай ангийн 27.10 зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Г-эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Г-эд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “3 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг тус тус хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож, Д.Г-эд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Г-ээс 541.074 төгрөгийг 2 сарын дотор гаргуулж хохирогч Д.Г-т олгуулж, хохирогч бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г- нь 10 хоног цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Д.Г-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Э.Намуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2.68 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа явган зорчигч Б.Тэмүүлэн, Д.Г- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан хор уршиг арилаагүй байхад түүнд хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.Г-эд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс мөн сарын 17-ны өдөр хүртэл нийт 10 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-д шүүгдэгч Д.Г-ийг цагдан хоригдсон хоноггүй гэсэн байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Д.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Г- нь шүүх хуралдааны үед согтуу байсан тул түүнийг 10 хоног саатуулсан болохоос биш хоригдсон асуудал байхгүй. Хэрэг гарах үед хүүхэд маань гудамж руу үсэрсний улмаас дал нь сэтэрч, эгц суухад хүндрэлтэй байсан тул хэвтэрт орж, хичээлдээ явж чадахгүй байгаа. Миний хувьд аарцагны ясны дөрвөн хугаралтай хүнд гэмтэл учирсан бөгөөд хүүхдээ ч эмчлүүлж чадахгүй байдалтай байна. Шүүгдэгч нь эмчилгээний зардал, хохирол төлбөр төлсөн зүйлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Г-эд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай гарсан байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Д.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2.68 хувийн согтолттой  үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан шатны шүүх “...хэргийн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, ...хязгаарлалт тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод бүрэн нийцнэ” гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэх үндэслэл болж байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байна.

Шүүгдэгч Д.Г- нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл муутай гарах шалтгаан болжээ гэж үзэхээр байна. 

“Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал”-ыг шүүх дүгнэхдээ шүүгдэгч Д.Г-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэмжээ, гэмт хэргийн улмаас хэдэн хүний эрүүл мэндэд ямар хохирол учруулсан зэргийг харгалзан үзээгүй байна.  

“Учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар” нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” үндэслэлийн зайлшгүй байх гол шалгуур болох бөгөөд гэм буруутай этгээд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэх, эсхүл хохирогчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, мөн нөхөн төлөхөө илэрхийлж, төлбөрийг хэзээ, хэрхэн төлж барагдуулах боломжтой болохоо баримтаар нотлох үйл ажиллагаа юм.  

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г- оролцож, “хэрэг гарах үед хүүхэд маань гудамж руу үсэрсний улмаас дал нь сэтэрч, эгц суухад хүндрэлтэй байсан тул хэвтэрт орж, хичээлдээ явж чадахгүй байгаа. Миний хувьд аарцагны ясны дөрвөн хугаралтай хүнд гэмтэл учирсан бөгөөд хүүхдээ ч эмчлүүлж чадахгүй байдалтай байна. Шүүгдэгч нь эмчилгээний зардал, хохирол төлбөр төлсөн зүйлгүй” гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгч Д.Г-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, түүнд “тэнсэх” эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь түүний гэм буруу, хувийн байдалд тохироогүй болохыг баталж байна.

Шүүгдэгчийн “хохирлыг төлнө” гэсэн тайлбарыг холбогдох бусад баримтуудтай харьцуулан дүгнэж, учирсан хохирол, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь бодитой хэрэгжих эсэх, шүүгдэгчийн уг хүсэл зориг, хандлага нь шүүгдэгчийн дээрх тайлбараар бодитой биелэгдэхээр нотлогдож байгааг бүхэлд нь дүгнэх байжээ.

Анхан шатны шүүх Иргэний хууль хэрэглэж, шүүгдэгч Д.Г-ээс 541.074 төгрөг гаргуулж, хохирогч Д.Г-т олгохоор шийдвэрлэхдээ учирсан хохирлын хэмжээ нь  ямар баримтаар хэрхэн нотлогдож байгаа талаар дүгнэлт огт хийлгүйгээр, хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтуудыг дутуу үнэлж, “үлдэгдэл 150.000 төгрөг, шинээр гаргаж өгсөн 391.074 төгрөг, нийт 541.074 төгрөг гаргуулах нь зүйтэй” гэсэн нь ойлгомжгүй болжээ.

Дээрх дурьдсан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөхөөр заасан ба давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж өөрчлөх эрхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй.

Иймд “шүүгдэгч Д.Г-эд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн” талаар бичсэн прокурор Э.Намууны бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсан болно.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцэхдээ:

1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах хугацааг тодорхой зааж, нэмэгдэл ял заавал хэрэглэхээр заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамласан нь буруу бөгөөд энэ заалт хэсэг нь тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, тусгай ангид эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхээр заагаагүй хэрэгт шүүх нэмж хэрэглэж болох эрх олгосон заалт юм.

Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэснийг;

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...насанд хүрээгүй хохирогчтой холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээс бусад хэргийг нээлттэй явуулна” гэж заасан боловч мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзвэл түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх”-дээ бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулж болохоор нарийвчлан зохицуулсан байхад энэ авто ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон насанд хүрээгүй хохирогчийн ямар эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс Д.Г-эд холбогдох хэргийг хаалттай явуулсан нь тодорхойгүй байгааг;  

3. Хохирогчийн гаргаж өгсөн гэм хорын хохиролтой холбоотой баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай эсэх, нотлох баримтаар үнэлж болох эсэхийг нэг бүрчлэн шинжлэн судалж, үндэслэлтэй зөв шийдвэрлэхийг;

4. Тус шүүхийн шүүгчийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2124 дүгээр захирамжаар Д.Г-эд холбогдох хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр буюу 20 хоногийн өмнө хэлэлцэхээр товлосон нь ойлгомжгүй байгааг;

5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад ”шүүгдэгч Д.Г- нь 10 хоног цагдан хоригдсон хоноггүй” гэж ойлгомжгүй байдлаар тусгасныг тус тус анхаарах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1094 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Г-эд холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцтэл шүүгдэгч Д.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ