Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/05570

 

2016 оны 11 сарын 01 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05570

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Р.Алтантуяа, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюуш 1 дүгээр гудамж, НААҮ 12-3 дугаар байрны 09 тоотод оршин суух, Их Монгол овогт Лхагвасүрэнгийн Цэрэннадмид /РД-МЮ70120111/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам 1 дүгээр гудамж, Авзага 10 дугаар байрны 23 тоотод оршин суух, Бэгз овогт Жавзангийн Бадамжунай /РД-УУ66030814/-д холбогдуулан гаргасан,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,720,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагчийн гэм хорын хохиролд 3,115,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаа, хариуцагч Ж.Бадамжунай, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /шүүхэд төлөөлөх эрх-0040/, иргэдийн төлөөлөгч М.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

нь:

Нэхэмжлэгч Л.Цэрэннадмид, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алдармаа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Цэрэннадмид нь Ж.Бадамжунайтай 2015 оны 5 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээг аман хэлбэрээр байгуулж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших хуучнаар 22-ын товчоо орчимд худалдаа үйлчилгээний зориулалттай подваль бүхий хоёр давхар байшинг 45 сая төгрөгийн ажлын хөлстэй барихаар тохиролцсон.

Сүүлд гэрээг 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бичгээр нөхөж байгуулсан юм.

Гэрээний дагуу 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажил гүйцэтгэж, 10 дугаар сарын 09-ний өдөр барилгыг хүлээлгэж өгсөн. Ажил гүйцэтгэсний төлбөрт нийт 41,310,000 төгрөг хүлээж авсан.

Бэхэлгээний төмөр утас 90,000 төгрөг, цахилгаан моторын түлш 60,000 төгрөг, таазны бэхэлгээний төмөр 20,000 төгрөг, нэг шуудай шохой 15,000 төгрөг, нийт 185,000 төгрөгийн өртөг бүхий барилгын материалыг захиалагчийн хүсэлтээр ажил гүйцэтгэгч миний бие өөрийн хөрөнгөөс эргэн төлүүлэх нөхцөлтэйгээр гаргасан.

Ж.Бадамжунай нь ажил гүйцэтгэлийн үлдэгдэл хөлс 3,690,000 төгрөгийг өгөөгүй. Гэрээнд гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж заасан байдаг тул үүний дагуу гэрээ байгуулсан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 192 хоног болж байгаа. Үүнээс 0,3 хувийн алданги тооцоход 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 2,361,600 төгрөг болсон.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 3,690,000 төгрөгийн 50 хувь буюу 1,845,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 3,690,000 төгрөг, алданги 1,845,000 төгрөг, захиалагчийн хүсэлтээр барилгын материал авсан үүний зардал 185,000 төгрөг, нийт 5,720,000 төгрөгийг Ж.Бадамжунайгаас нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Л.Цэрэннадмид хар цаас наахаас бусад дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагчийг дээврийн хар цаас өөр хүнээр наалгасан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Барилгын зураг төсөл дээр эвхэгддэг хаалгатай байхаар тусгасан байсан. Гэтэл Ж.Бадамжунай үүний дагуу хаалгыг аваагүй, өөр хүмүүсээр хаалга хийлгэж нэмэлт зардал гаргасан. Энэ нь гэрээний үнийн дүнтэй хамаагүй гэв.

Хариуцагч Ж.Бадамжунай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Цэрэннадмид бид хоёр нэг айлын хүргэд юм бөгөөд эхнэр, хүүхдээ хаяад явсан.

Нэхэмжлэгч надаас ажил өг гэж гуйхаар нь би 2015 оны 5 дугаар сарын сүүлээр Л.Цэрэннадмидтай тохиролцож барилга дээр ажиллуулж байгаад цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байсан тул мөн оны 7 дугаар сард 45 сая төгрөгийн үнэлгээтэй ажлыг бүрэн хийж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан.

Л.Цэрэннадмид зарим ажлыг сайн гүйцэтгэсэн, зарим хийж чадаагүй ажлыг нь би өөр хүнээр хийлгэж, уг тооцоог ажлын хөлснөөс хасч тооцохоор тохиролцсон.

Барилгын ажлын нийт төсөвт өртөг 45 сая төгрөгөөс нэхэмжлэгчийн бригадаар гүйцэтгүүлээгүй ажлын хөлс 2,200,000 төгрөгийг хасахад 42,800,000 төгрөгийн гүйцэтгэл гарсан бөгөөд тухайн үед Л.Цэрэннадмид ажлын гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч байсан.

Сүүлд тооцоо хийж хөлс дутуу байна гээд надаас машин дотор 3 сая төгрөг бэлнээр хүлээж авсан бөгөөд би түүнийг ажлын хөлснөөс хасна гэж хэлсэн. Тэр үед бал байхгүй гарын үсэг зуруулж чадаагүй бөгөөд надад чи бид хоёр гарын үсгээр яахав гэж хэлж байсан. Одоо уг мөнгийг аваагүй гэж байгааг гайхаж байна.

Шүүхэд өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Би 45 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Би цалинг хугацаанд нь өгч байсан. 3 сая төгрөгийг баримтгүйгээр өгсөн нь миний алдаа болсон байна. Тухайн үед нэхэмжлэгч Л.Цэрэннадмид надад гачигдал хэлээд цалингаа буухаас өмнө 3 сая төгрөг миний машин дотор гуйж авсан. Би мөнгө өгөхдөө бэлэн мөнгө өгсөн баримт бичүүлж авах гээд бал олоогүй. Би баримт үйлдэе гэхэд Л.Цэрэннадмид баримт үйлдэж яах юм бэ. Чи бид хоёр биедээ итгэхгүй бол өөр хэн бидэнд итгэх юм бэ гэж хэлээд 3 сая төгрөг авсан. Тэрийгээ аваагүй гэж байна.

Хамгийн сүүлд түүний болон ажилчдынх нь гуйлтаар 500,000 төгрөг өгч байсан.

Дээврийн болон шатны ажлыг хийж чадахгүй байсан учир би хүнд ажлын хөлс өгч хийлгүүлсэн бөгөөд уг мөнгийг түүний ажил гүйцэтгэлийн гэрээний хөлснөөс суутгаагүй. Л.Цэрэннадмид түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан боловч барилгын ажлыг бүрэн дуусгаагүй орхиж явсан.

Би нэхэмжлэгчтэй уулзаж, дээвэр, гараашийн хаалга, шат зэргийг хийж чадахгүй гэдгийг мэдэж өөр хүмүүсээр уг ажлыг хийлгэнэ гэхэд зөвшөөрч байсан. Тиймээс би дээрх ажлыг өөр хүмүүсээр хийлгэж, ажлын хөлсийг нь олгосон. Эдгээр хүмүүст өгсөн хөлс гэрээний нийт үнийн дүнгээс хасагдах ёстой боловч би хасаагүй.

Анх бид хоорондоо амаар тохиролцоод ажлаа хийж эхэлсэн. Гэтэл Л.Цэрэннадмид 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийчихсэн гарын үсэг зурахыг шаардсан. Би нэгэнт 45 сая төгрөг өгөх юм чинь гэж бодоод зурчихсан.

Би нэхэмжлэгчийн худалдаж авсан материалын үнийг тэр дор нь өгч байсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Ж.Бадамжунай сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Л.Цэрэннадмид нь миний захиалгаар 2015 оны 5 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт орших хоёр давхар барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж ажил гүйцэтгэсэн.

Энэхүү барилгын ажлыг гүйцэтгэж дууссаны дараа Л.Цэрэннадмид нь барилгын талбай дээр байсан Ж.Бадамжунайгийн мэдлийн эд зүйлийг зөвшөөрөлгүй авч явсан бөгөөд тэдгээрийг буцаан өгөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Бидний хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгоход эд зүйлийг үнэ төлбөргүй өгөх, авах тухай амаар болон бичгээр тохиролцоогүй, удаа дараа түүнээс эдгээр зүйлийг буцааж өгөхийг шаарддаг боловч барилгын гүйцэтгэлийн хөлс тооцоо дутуу гэж ор үндэсгүй зүйл нэхдэг байгаад сүүлдээ шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иймд 20 ш сапуд төмөр үнэ 1,600,000 төгрөг, 1 ширхэг нь 4000 төгрөгөөр үнэлэгддэг бэхэлгээний зориулалтын 6 метрийн урттай 40 ширхэг ган хоолой, бүгд үнэ 960,000 төгрөг, шкевтэй зуурагчийн мотор 305,000 төгрөг, мөн барилгын ажил гүйцэтгэж байхдаа ажилдаа хайнга хандсанаар 250,000 төгрөгийн үнэтэй гагнуурын аппаратыг шатааж хохироосон тул нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан нийт 3,115,000 төгрөгийг Л.Цэрэннадмидаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алдармаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Барилгын ажил нь 2015 оны 5-10 дугаар сар хүртэл байсан. Гэрээний дагуу Л.Цэрэннадмид нь бригад ахлан ажилласан. Хууль бусаар авч явсан бол эрүүгийн журмаар шалгуулах ёстой байсан. Хариуцагч тал барилгын ажлыг 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч гэрчийн мэдүүлгээр Л.Цэрэннадмид эд зүйлсийг аваад явсан гэдэг нь нотлогдоно гэж байна. Ямар ч гэрч Л.Цэрэннадмид эдгээр эд зүйлийг авч явсан гэдгийг мэдүүлээгүй, нотлоогүй байгаа.

Жилийн өмнө ажлаа дууссан, тухайн байранд үйл ажиллагаа явуулж буй улсууд ямар нэгэн гомдол санал гаргаагүй учир ажлаа хангалттай хийсэн гэж үзэж байгаа.

Хариуцагч талын гаргаж өгсөн баримтууд он, сар зөрүүтэй, шаардлага хангахгүй байна. Гэрчүүдийн хувьд Бадамжунайгийн ажилчид байсан тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн

нь:

Нэхэмжлэгч Л.Цэрэннадмид нь Ж.Бадамжунайгаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,720,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч Ж.Бадамжунай, нэхэмжлэгчээс гэм хорын хохиролд 3,115,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Л.Цэрэннадмид нь хариуцагч Ж.Бадамжунайгаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл буюу ажлын хөлсний үлдэгдэл 3,690,000 төгрөг, алданги 1,845,000 төгрөг, материалын зардалд 185,000 төгрөг, нийт 5,720,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлс болох 45 сая төгрөгийг төлсөн гэж маргадаг.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Ж.Бадамжунай 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр захиалагч Хүч-Ак ХХК-тай 200,000,000 төгрөгийн өртөг бүхий барилгын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан байдаг ба улмаар Хүч Ак ХХК-ийн захиалсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа-үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгын ажлыг нэхэмжлэгч Л.Цэрэннадмидаар гүйцэтгүүлэн, түүнд 45 сая төгрөгийн ажлын хөлс өгөхөөр амаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч тал уг барилгын ажлыг гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх төдийгүй Ж.Бадамжунай шүүх хуралдаанд уг гэрээний дагуу ажлын хөлсийг Хүч-Ак ХХК-иас авсан, Л.Цэрэннадмидтай байгуулсан гэрээний хувьд хөлсийг би төлөх ёстой гэж тайлбарлаж байна. /хх- 75 дугаар хуудасны ар тал, 107-108 дугаар хуудас/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигдаагүй тул шүүх зохигчдын хооронд уг гэрээний үүргийн харилцаа аман хэлбэрээр үүссэн гэж үзнэ.

Хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтаас харахад ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээхээр байна.

Нэхэмжлэгч Л.Цэрэннадмид нь хариуцагчаас гэрээгээр тохирсон ажлын хөлсний үлдэгдэл болох 3,690,000 төгрөгийг дутуу төлсөн гэж, хариуцагчийн хувьд гэрээний дагуу 45 сая төгрөгийг бүрэн төлсөн гэж мэтгэлцдэг.

Зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч тал, барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч уг барилгын дээвэр, гараашийн хаалгыг дутуу хийсэн болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч Л.Доржнямбуу, Г.Ганзориг нарын мэдүүлгээр нотлогдож байхын зэрэгцээ Л.Цэрэннадмид нь дээврийн ажлын баталгаа гаргаж чадахгүй гэсний улмаас хариуцагч тал, өөр этгээдээр дээврийн хар цаас наалгасан гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрч, маргаагүй. /хх-138 дугаар тал/

Мөн нэхэмжлэгч тал барилгын гараашийн хаалгыг хийх үүрэг хүлээгээгүй, дутуу хийсэн дээврийн хар цаас наах ажлын үнэлгээг 300,000-400,000 төгрөг болно гэх тайлбараа баримтаар нотлоогүйн гадна өөрийн дутуу гүйцэтгэсэн ажлаа ямар үндэслэлээр хэрхэн үнэлж, 3,690,000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заажээ.

Хэдийгээр талууд ажлын үр дүнг дутуу хүлээн авсан эсэх талаар маргаагүй боловч Л.Цэрэннадмид нь барилгын ажлаа бүрэн гүйцэтгээгүй атлаа гэрээний үнээс өөрийн дутуу хийсэн ажлын хөлсөө суутгалгүйгээр үлдэгдэл төлбөрөө шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч тал 185,000 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын материал худалдаж авсан гэх шаардлагаа нотлохоор шүүхэд өгсөн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, ямар үйл баримтыг нотолж буй нь тодорхойгүй байх тул Л.Цэрэннадмидыг уг шаардлагаа нотлоогүй гэж үзнэ. /хх-14 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн хариуцлага тооцон, алдангид 1,845,000 төгрөг нэхэмжилж, шүүхэд өгсөн барилгын ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтаар өгчээ.

Уг гэрээнээс харахад гэрээний нэг тал нь барилгын ажил гүйцэтгэгчээр Л.Цэрэннадмид, нөгөө талаас захиалагч Хүч-Ак ХХК-ийг төлөөлж Ж.Бадамжунай гэрээнд гарын үсэг зурсан байна. /хх-7 дугаар тал/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийхээр заасан бөгөөд талуудын хооронд аман хэлбэрээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан учир алданги шаардах эрхгүй юм.

Иймээс Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Цэрэннадмидын хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,720,000 /таван сая долоон зуун хорин мянган/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талаас дээврийн бетон цутгалтын ажлыг хийсэн гэдгээ нотлохоор өөрийн гар утсанд авагдсан зурагт үзлэг хийлгэсэн бөгөөд хариуцагч нь тус ажлыг Л.Цэрэннадмид хийснийг хүлээн зөвшөөрч маргаагүй учир уг нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /хх-110-117 дугаар хуудас/

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Ж.Бадамжунай нэхэмжлэгч Л.Цэрэннадмидаас 3,115,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилж, үндэслэлээ ... миний зөвшөөрөлгүйгээр эд зүйлийг авч явсан, мотор эвдэлсэн гэж тайлбарлан, уг шаардлагаа нотлохоор гэрчийн мэдүүлэг авахуулдаг.

Гэрч В.Эрдэнэбаатар, С.Баатар, Д.Хишигсүрэн нарын мэдүүлгээс үзэхэд тухайн барилгыг Л.Цэрэннадмидын бригад гүйцэтгэсэн, барилгын талбайд хариуцагчийн шаардаж буй сапуд төмөр, труба зэрэг эд зүйл байсан гэдгийг нотлохоос, тухайн эд зүйлийг Л.Цэрэннадмид авч явсан гэдгийг гэрчүүдийн хэн нь ч мэдүүлээгүй байна. /хх-58, 69-70, 80-81 дүгээр хуудас/

Түүнчлэн нэхэмжлэгч нь 250,000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппаратыг эвдэлж хариуцагчид эд хөрөнгийн хохирол учруулсан, 2,865,000 төгрөгийн үнийн дүн бүхий эд зүйлийг барилгын хашаанаас авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйл баримт нь баримтаар нотлогдоогүй тул шүүх, хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж дүгнэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Бадамжунайгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,470 төгрөг, 64,790 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Цэрэннадмидын, хариуцагч Ж.Бадамжунайгаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,720,000 /таван сая долоон зуун хорин мянган/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Ж.Бадамжунайгийн, нэхэмжлэгч Л.Цэрэннадмидаас гэм хорын хохиролд болон үндэслэлгүй хөрөнгөжсөн 3,115,000 /гурван сая нэг зуун арван таван мянган/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,470 төгрөг, 64,790 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Р.АЛТАНТУЯА

З.ДОРЖНАМЖИН