Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00176

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01611 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2161 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “А” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 053 420 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн ажлыг доголдолтой гүйцэтгэсний улмаас учирсан хохиролд 32 785 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөрийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэг талаас захиалагч “Альфакредит” ХХК, нөгөө талаас гүйцэтгэгч “Жинст заан” ХХК нарын хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Альфакредит” ХХК-ийн зочид буудлын барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажлын эхний үе шат буюу төмөр бетон карказ цутгалтын ажлыг 122 400 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэгч нь гэрээний дагуу зоорийн давхар 180 м.кв, давтагдах 6 давхарын 1 080 м.кв нийт 1 260 м.кв карказ цутгалтын ажлыг 1 м.кв-ыг нь 53 217 төгрөгөөр буюу нийт 67 053 420 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болно.

Захиалагч “Альфакредит” ХХК нь гүйцэтгэгч “Жинст заан” ХХК-д ажлын хөлс 53 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл захиалагч нь ямар ч шалтгаангүйгээр гэрээгээ цуцлах саналыг гаргаж, өөр компаниар карказ цутгалтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээг цуцлахдаа “Жинст заан” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 14 053 420 төгрөгийг өгнө гэдэг боловч өдий хүртэл шилжүүлэн өгөөгүй байгаа.

Иймд хариуцагч “Альфакредит” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл 14 053 420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай захиалгат барилгын ажлын төмөр бетон бүтээцийн угсралтын ажлыг 2015 оны 06 дугаар сарын сүүлчээс 8 дугаар сарын хооронд гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Уг компани нь ажиллах явцдаа ажлыг чанар муутай гүйцэтгэсний зэрэгцээ Барилгын стандарт, хууль тогтоомж, Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрмийг байнга зөрчиж захиалагчийн зүгээс удаа дараа өгсөн үүрэг зөвлөмжийн дагуу урьдчилан мэдэгдэлгүй ажлаа хаяж алга болсон. Мөн “Жинст заан” ХХК нь захирлаас өөр ажилчингүй 1 хүнтэй компани бөгөөд ажил гүйцэтгэх чадваргүй, 12 давхар хүртэл барилга угсрах зөвшөөрөлгүй байсан зэргийг нь үндэслэн гэрээг цуцалсан. “Жинст заан” ХХК-нд хийгдсэн ажлын төлбөрийг тухай бүрд олгож байсан бөгөөд одоо үлдэгдэл төлбөргүй болно. Харин манай компанийн зүгээс Барилгын угсралтын ажлын явцад вибератор чигжилтийг муу хийснээс болж зоорийн давхараас 5 дугаар давхар хүртэл бетоны сийрэгжилт, нүхжилтүүд гарсны улмаас угсралтын дараа дахин хөрөнгө гарган уг давхаруудад мэргэжлийн инженер болон компаниар хүчитгэлийн ажлыг хийлгэсэн. Харин манай компанид ихээхэн хохирол гарсныг барагдуулахаар “Жинст заан” ХХК-нд хандахаар бэлтгэж байна. Тус компани нь манай барилгын ажлыг 2015 оны 6, 7, 8 дугаар саруудад хийсэн бөгөөд энэ хугацаанд Хөдөлмөр аюулгүйн ажилтан, инженер нь зарим үед байхгүй байж, 3 сарын хугацаанд 3 хүн солигдсон. Ажилчид нь мөн 3 удаа солигдсон. Мөн 4-6 дугаар давхрыг барилгын техникийн ажилчин болон инженергүй угсарсан, талбайн инженер томилон ажиллуулаагүй болно. Энэ хугацаанд 2 инженерийг түр хугацаагаар ажиллуулж байсан гэх мэт ноцтой зөрчлүүд гаргаж байсан болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Зоорийн давхраас 6 дугаар давхар хүртэл ажлыг гүйцэтгэж, манай компанийн зүгээс зохих төлбөрийг бүрэн барагдуулсан. Гэвч “Жинст заан” ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчил доголдлыг удаа дараа гаргаж байсан. Тодруулбал, 12 давхар барилга барих тусгай зөвшөөрөлгүй, барилгын инженергүй, хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгч ажилладаггүй, хамгаалах хувцас хэрэгслээр ажилчдаа хангадаггүй, барилгын норм дүрмийг баримтлан ажиллаагүй зэрэг ноцтой зөрчлүүд байсан. Дээрх зөрчлүүд илэрч байсан, зөрчлийг арилган ажиллах талаар “Жинст заан” ХХК-ийн М.Баярмагнайд шаардлага хүргүүлж байсан болох нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ажил гүйцэтгэлийн хяналтын протокол, барилгын ажлын өдөр тутмын тэмдэглэл, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Барилгын хөндлөнгийн шалгалтын актаар тогтоогдсон тул гэрээг цуцалж чанаргүй, доголдолтой хийгдсэн ажлуудыг өөр компаниар засварлуулсан. “Жинст заан” ХХК-ийн чанаргүй гүйцэтгэсэн буюу зоорийн болон 1-5 дугаар давхрын цул цутгамал хана, зарим нэгэн дам нуруу, хучилтын сийрэгжилттэй, нүхжилттэй, бетон бүтээцүүдийг хүчитгэн цутгах ажлыг “Тоонот Асар” ХХК-иар 32 785 000 төгрөгийн зардлаар гүйцэтгүүлсэн.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу “Жинст заан” ХХК-иас 32 785 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Гэрээ байгуулсны дараа эхний санхүүжилт болох 9 000 000 төгрөгийг захиалагч “Альфакредит” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Жинст заан” ХХК-нд шилжүүлэн өгснөөр ажлаа эхэлсэн байдаг. Талууд гэрээний 2.4.2-т нийт 2 300 м.кв талбай бүхий барилгын бетон карказ цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон болно.

Гэрээний 4.1-д ажлын нийт зардал 122 400 000 төгрөг байхаар заажээ. “Жинст заан” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зоорийн давхар 180 м.кв, давтагдах давхар 6 х 180 = 1180 м.кв нийт 1 260 м.кв талбай бүхий барилгын бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар хэргийн оролцогчид маргаагүй буюу хариуцагч “Альфакредит” ХХК нь хүлээн зөвшөөрсөн болно. Нэхэмжлэгч “Жинст заан” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын бетон карказ цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ ямар нэгэн ажлын үр дүнгийн доголдол гаргаагүй бөгөөд гаргах боломжгүй юм. Учир нь гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэгч нь давхар бүрийн ажлын гүйцэтгэлийг захиалагч талд хүлээлгэн өгснөөр дараагийн давхрын санхүүжилтыг авдаг байсан. Үүний дагуу захиалагч “Альфакредит” ХХК нь зоорийн давхар болон 1-6 давхар хүртэл нийт 7 давхрын ажлын зардлыг 7 удаагийн давтамжтайгаар нийт 53 000 000 төгрөгийг “Жинст заан” ХХК-нд шилжүүлэн өгсөн болно. 

...Тухайн үедээ ажлын протоколыг үйлдэн захиалагч “Альфакредит” ХХК-ийн захирал Д.Ганхуягт танилцуулж түүний гарын үсэгтэй цохолтыг авсан болно. “Альфакредит” ХХК-ийн захирал нь барилгын санхүүжилт орж ирэхээр танай ажлын үлдэгдэл зардлыг шилжүүлнэ гэдэг боловч одоо хүртэл олгохгүй байх бөгөөд ажлын үр дүнг шилжүүлэн авснаас хойш 2 жилийн дараа хуурамчаар нотлох баримт бүрдүүлэн гомдлын шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй буюу хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ямар нэгэн байдлаар “Жинст заан” ХХК болон захирал М.Баярмагнайд хандаж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Альфакредит” ХХК-ийн зочид буудлын барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой гомдол, санал гаргаж байгаагүй бөгөөд одоо шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь зөвхөн гүйцэтгэсэн ажлын зардлыг өгөхгүй гэсэн арга гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01611 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасны дагуу хариуцагч “Альфакредит” ХХК-иас зоорийн болон 5, 6 дугаар давхрын ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 4 537 180 төгрөг /579 060+2 379 060+1 579 060/ төгрөг-ийг гаргуулж “Жинст заан” ХХК-нд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 516 240 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 754 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Альфакредит” ХХК-иас 87 545 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жинст заан” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2161 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01611 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жинст заан” ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 209 төгрөг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ “Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч “Жинст заан” ХХК нь хариуцагч “Альфакредит” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 06/01 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” гэрээ байгуулж хариуцагч “Альфакредит” ХХК-ийн захиалгаар “Жинст заан” ХХК нь Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт тус компанийн зочид буудлын барилгын 2300 м.кв талбайг 122 400 000 төгрөгийн төсвөөр, 1м.кв талбайг 53 217 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон ба 1-6 дугаар давхрын 1260 м.кв талбайн угсралтын нийт 67 053 420 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн ба 53 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар талууд маргаангүй болохыг дурдаж” дүгнэсэн.

Хэрэгт ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримт бичиг, шаардлагууд авагдсан, М.Баярмагнайгийн 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бичиж өгсөн гар бичмэлд барилгын цутгалтын ажил сийрэгжилттэй, нүхжилттэй болсон, уг доголдлыг арилгах шаардлагатай байгаа талаар дурдагдаагүй байхын зэрэгцээ цутгалтын ажилд доголдол үүссэн, доголдлыг арилгах талаар шаардлагаа нөгөө талдаа гаргаж байсан гэх баримт авагдаагүй байна. Хариуцагчаас гаргасан тайлбарыг дээрхи байдлаар дүгнэж доголдолгүй болохыг тодорхойлсон, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 06/01 дугаартай гэрээний 4.5, 4.6 дахь заалтын дагуу 7 удаагийн шилжүүлсэн мөнгөн дүнгээс суутгаж байсан зэрэг байдалд анхаарч үзэлгүй шүүх шийдвэрээ гаргасан үндэслэлгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1611 тоот шийдвэрийн зарим хэсгийг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2161 тоот магадлалыг хэрэгсэхгүй болгож “Жинст заан” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах гомдол гаргаж байна гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч “Жинст заан” ХХК нь хариуцагч “Альфакредит” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 14 053 420 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч “Альфакредит” ХХК шаардлагыг зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна ажлын үр дүн доголдолтой байсны улмаас учирсан хохиролд 32 785 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зочид буудлын зориулалттай  2 300 мкв талбай бүхий барилгын угсралтын ажлыг нийт 122 400 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцжээ. Энэхүү гэрээний оролцогч тал, талуудын гүйцэтгэх үүрэг зэрэг гэрээний гол нөхцлийн талаар шүүх эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй бол мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу ажил гүйцэтгэгчид хөлс төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч “Жинст заан” ХХК нь гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг дутуу авсан бол үлдэгдэл төлбөрийг, харин хариуцагч “Альфакредит” ХХК нь ажлын үр дүн доголдолтой байсан бол өөрт учирсан хохирлыг тус тус шаардах эрхтэй байна. Гагцхүү зохигчдын харилцан бие биендээ тавьж буй шаардлага баримтаар нотлогдсон байх гэмээж нь үндсэн болон сөрөг шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлтэй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэж, шийдвэр, магадлалд тодорхой, дэлгэрэнгүй тусгасан байна. Маргааны үйл баримтын талаар хийсэн дээрх дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01611 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2161 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

           ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН