Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 00170

 

 

 

 

 

 

 

 

А.Лхамын нэхэмжлэлтэй,

хариуцагч П.Эрдэнэцэцэгт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1126 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : А.Лхамын нэхэмжлэлтэй,

Хариуцагч : П.Эрдэнэцэцэгт холбогдох,

 

“24.000.000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “2015.01.16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Лхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Лхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч А.Лхам би хариуцагч П.Эрдэнэцэцэгт 2015-01-16-наас 2015-04-16-ныг хүртэл 90 хоногийн хугацаатай 16,000,000 төгрөг, сарын 8 хувийн хүүтэй зээлүүлсэн болно.Хугацаандаа хүүгээ өгч явж байсан. Ер нь үндсэн мөнгөө авна гэхэд “би юм хөөцөлдөж байгаа, миний юм бүтээгүй байна" гэсээр өдийг хүрсэн. Бидний хооронд зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэсэн заалт байгаа. Үүний дагуу Эрдэнэцэцэг нь зээлээ төлөлгүй өнөөдрийг хүртэл 165 хоног хэтэрсэн байна. Алдангийн хэмжээ 13,200,000 төгрөг болж байна. Гэвч үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй алданги тооцох заалт байгаа, үүний дагуу П.Эрдэнэцэцэгээс алданги 8,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

2014-12-05-нд хүү Цэнгүүнийг Эрээн рүү шинэ жилийн ёолкны мод, ширээ сандал авхуулахаар явуулсан боловч мөнгө хүрэлцэхгүй байна гэхээр нь манай “Чимэг” төвд төгөлдөр хуурын дугуйлан ажиллуулдаг Маштөгс гэх багшид хэлтэл Маштөгс нь “би ломбард ажиллуулдаг хүн танина, хэлээд өгье очоод авчих” гэсэн. Тэгэхээр нь үйлчилгээний төвийн 2 давхарт ороод Лхам гэх эмэгтэйтэй уулзаад Маштөгсийн явуулсан хүн байна гээд 1 сарын хугацаатай 6,000,000 төгрөг хэрэгтэй байна гэтэл барьцаагүйгээр, гэрээ ч байгуулаагүй 6,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр надад өгсөн. Энэ мөнгөний хүү болох 480,000 төгрөгийг 2015-01-04-нд төлсөн.Тэр үед мөнгө хүлээлгэж өгсөн баримт дээр гарын үсэг зуруулж өөртөө авч үлдээсэн.

Гэтэл удахгүй мөнгөө төлөх боломжгүй болоод дахин мөнгөний хэрэг гарсан тул 10,000,000 төгрөг нэмж зээлээч гэж гуйтал А.Лхам “барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байвал аваад ир" гэж өөрөө хэлсэн. Ингээд миний бие Булган аймгийн Хангал сумын 2-р багт байрлах Галтай аман дахь зуслангийн газар эзэмших гэрчилгээ, тус газарт байрлах 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хамт аваачиж өгөөд 10,000,000 төгрөгийг бичгээр гэрээ байгуулахгүйгээр амаар тохиролцож авсан. Нийт 16,000,000 төгрөг авсан.

Гэтэл 16,000,000 төгрөгийг 1 дор авсан мэтээр худал бичсэн байна. Ингээд мөнгөний хүү гэж сар бүр 2015-02-16-нд 1,280,000 төгрөг, 3-18-нд 1,280,000 төгрөг, 04-16-нд 1,280,000 төгрөг, 05-16-нд 1,280,000 төгрөг, 06-16-нд 500,000 төгрөг, 7-7-нд 2,000,000 төгрөг, 07-16-нд 1,000,000 төгрөг, 08-16-нд 1,280,000 төгрөг, 09-16-нд 1,280,000 төгрөг.Нийт 11,180,000 төгрөг төлсөн.Зээлийн хүү гэж төлсөн энэ мөнгийг заримыг дансаар, заримыг бэлнээр төлж байсан, төлөх бүрт баримтанд гарын үсэг зуруулдаг байсан.

Харин 2015-10-10-ны үеэс эхлэн үндсэн зээлээсээ хасаарай, мөнгөө авмаар байна гэх мэтээр утасдаж эхэлсэн. 2015-10-21-ний өдөр очиж уулзтал энэ 10 сарын зээлийн хүүгээ төлөөгүй гээд нилээд уурлаж загнасан ба энэ гэрээн дээр гарын үсэг зур гээд “урьдаас бөглөж бэлтгэсэн гэрээ” гаргаж үзүүлсэн. Миний хувьд юун гэрээ болохыг харах гэтэл загнаад байсан тул шууд гарын үсэг зурсан. Мөн надаар 2015-12-25-нд 20,000,000 төгрөг төлнө гэсэн утгатай өргөдөл бичүүлсэн. Дээр дурьдсан гэрээний хувьд дүр үзүүлж хүчин төгөлдөр бус хэлцэл тул миний бие энэхүү гэрээний дагуу зээл, зээлийн хүү, алданги төлөх үндэслэлгүй юм. Нөгөө талаас Лхам нь зээлийн эрх бүхий этгээд биш юм. Гэтэл Лхам нь надаас хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн өгөөгүй мөнгөө алдангийн хамт нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд түүнээс 2014-12-сард авсан 6,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн бөгөөд 2015-01 сард авсан 10,000,000 төгрөгийн ихэнхийг төлсөн. Одоо түүнд би нийтдээ 4,280,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа түүнээс илүү мөнгө төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч П.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

А.Лхам болон бидний хооронд 2015-10-25-ны өдөр байгуулсан “2015-01-16” гэх огноотой 16,000,0000 төгрөг гэсэн үнийн дүнтэй Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, А.Лхамаас Орхон аймаг Говил баг Ар булагт байрлах миний дүү П.Энхсаруулын гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 612 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-2101012703 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар 1 ширхэг, Булган аймгийн Хангал сумын 1-р багийн Галтайн аманд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн 700 мкв талбайтай, 000557923 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ 1 хувиар, тус газарт байрлах 27.4 мкв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0413000349 дугаарт бүртгэгдсэн,хувийн орон сууцны зориулалттай 000333204 дугаартхй гэрчилгээ эх хувиар 1ш, мөн тус газарт байрлах 46,5 мкв талбай бүхий Ү-0413000350 улсын бүртгэлийн дугаартай 2 давхар амины орон сууцны 700353205 дугаартй гэрчилгээнүүдийг сайн дураар өгөхгүй байх тул Иргэний хуулийн 106-д заасны дагуу гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч А.Лхам сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

Дараах тайлбарийг гаргаж байна. Эрдэнэцэцэгийн намайг хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хүнд 16,000,000 төгрөгөө өгчихөөд өнөөдрийг хүртэл хохироод явж байна. 2015-12-05-нд миний танил Маштөгсөөр дамжуулан 6,000,000 төгрөг авсан нь үнэн. Энэ тооцоогоо дуусгаж миний итгэлийг олж аваад, хэд хоногийн дараа буюу 2016-01-16-нд 16,000,000 төгрөг хэрэг болоод байна. Хорооллын Энх төвийнхөө дотоод заслыг дуусгах хэрэг болоод байна гэсэн. Тэгээд урьдах 6,000,000 төгрөгөө асуудалгүй дуусгасан болохоор , би чамайг сайн мэдэхгүй юм чинь барьцаатай бол 16,000,000 төгрөг өгье гэсэн. Дээрх дурьдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг барьж ирээд гэрээ хийн 16,000,000 төгрөгийг бэлнээр буюу дэвсгэртээр нь тоолж авсан. Тухайн үед надад бэлэн 12,000,000 төгрөг байсан.4,000,000 төгрөг дутуу байна гэсэн чинь яаралтай бүрдүүлээд өг гэсэн тул хажуу талынхаа Б.Оюун-Эрдэнээс 4,000,000 төгрөг түр өгөөч гэж аваад 16,000,000 төгрөг болгож өгсөн.П.Эрдэнэцэцэг нь зээлийн гэрээний сунгалтан дээр зурсан гарын үсгээ биш гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шаардлагатай гэж үзвэл шалгуулах хүсэлтэй байна. П.Эрдэнэцэцэгийн нэхэмжлээд байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг барьцаа болгон сайн дураараа өгчихөөд одоо нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Зээлийн гэрээг 2 хувь бичиж, 1 хуввийг Эрдэнэцэцэгт өгсөн байхад өгөөгүй гээд байгааг зөвшөөрөхгүй байна. Зээлийг ганцаараа ирж авсан мөртлөө Булгансайхантай ирсэн гэж худлаа ярьж байна. Ганцаараа ирсэнийг хамт ажилладаг Б.Оюун-Эрдэнэ гэрчилдэг. П.Эрдэнэцэцэг надтай амаар зээлийн гэрээ байгуулсан гэх юм. Би энэ их мөнгийг өгөхдөө гарын үсэг болон гэрээг хийлгүй яахав дээ гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1195 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан П.Эрдэнэцэцэгээс 23,200,000 төгрөг гаргуулан А.Лхамд олгож,

Иргэний хуулийн 232.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан А.Лхамаас Орхон аймаг “овил баг Ар булагт байрлах П.Энхсаруулын эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 612 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-2101012703 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар 1 ширхэг, Булган аймгийн Хангал сумын 1-р багийн Галтайн аманд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтттай 700 мкв талбайтай, 000557923 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ 1ш эх хувиар, тус газарт байрлах 27.4 мкв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0413000349 дугаарт бүртгэгдсэн.хувийн орон сууцны зориулалттай 000333204 дугаартай 'эрчилгээ эх хувиар 1ш,мөн тус газарт байрлах 46,5мкв талбай бүхий Ү-0413000350 улсын бүртгэлийн дугаартай 2 давхар амины орон сууцны 700353205 дугаартай гэрчилгээнүүдийг гаргуулан П.Эрдэнэцэцэгт олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогтоогүй тул зээийн гэрээ хүчинтөгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар чэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 278 000 төгрөгийг.хариуцагчаас төлсөн 70200 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж.П.Эрдэнэцэцэгээс 273 900 төгрөг гаргуулан А.Лхамд.А.Лхамаас 35100 төгрөг гаргуулан П.Эрдэнэцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдолдоо:

П.Эрдэнэцэцэг нь 2014 оны 12 сарын 05-ны өдөр А.Лхамаас 6 000 000 төгрөгийг бичгээр гэрээ байгуулалгүйгээр авсан ба 480 000 төгрөгийг 2015 оны 01-р сарын 04-ний өдөр төлсөн байдаг. Дахин мөнгөний хэрэг гарсан тул 10 000 000 төгрөгийг нэмж зээлж мөн л бичгээр гэрээ байгуулалгүй авсан байдаг. Ийнхүү зээлсэн 10 000 000 төгрөгийг 2015 оны 09-р сарын 16-ны өдөр гэхэд 11 180 000 төгрөг болгон А.Лхамд буцаан өгсөн байтал нэхэмжлэгч 2015 оны 10 сарын 21-ний өдөр хүүгүйгээр зээлсэн 10 сая төгрөгөө аваад дууссан атлаа урьдаас бэлдсэн зээлийн гэрээн дээр П.Эрдэнэцэцэгийг загнаж гарын үсгийг нь зуруулж аваад одоо нэхэмжлэлийн үндэслэлээ болгон ашиглаж байна. Ийм байтал шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан П.Эрдэнэцэцэгээс 23 200 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Зээлдүүлэгч Зээлдэгч хоёр Иргэний эрх зүйн харилцаанд адил эрхтэй оролцох ёстой атал зээлдүүлэгч нь өөртөө давуу байдал бий болгож үүрэг гүйцэтгэж дууссан байтал, мөнгө -эхэмжилж байгаа нь үндэсгүй бөгөөд шудрага бус юм. Ийнхүү шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг тайлбарлан хэрэглэхийн оронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийг тайлбарлаж байгаа нь харилцааг тусгайлан зохицуулсан заалтыг тайлбарлан хэрэглээгүй алдаатай байна. Нөгөө талаас шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлтүүд нь бодит үнэнээс зөрүүтэй худал байгааг шүүх хуралдааны тэмдэглэлээс харж болохоор байна.

Тодруулбал шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй мэтээр худал тодорхойлж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 09-р сарын 28-ны өдрийн 142/ШШ 2016/01195 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Лхам нь хариуцагч П.Эрдэнэцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 24.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч П.Эрдэнэцэцэг нь нэхэмжлэгч А.Лхамд холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 16 ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан П.Эрдэнэцэцэгээс 23,200,000 төгрөг гаргуулан А.Лхамд олгож, Иргэний хуулийн 232.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан А.Лхамаас Орхон аймаг “овил баг Ар булагт байрлах П.Энхсаруулын эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 612 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-2101012703 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар 1 ширхэг, Булган аймгийн Хангал сумын 1-р багийн Галтайн аманд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтттай 700 мкв талбайтай, 000557923 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ 1ш эх хувиар, тус газарт байрлах 27.4 мкв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0413000349 дугаарт бүртгэгдсэн.хувийн орон сууцны зориулалттай 000333204 дугаартай гэрчилгээ эх хувиар 1ш,мөн тус газарт байрлах 46,5мкв талбай бүхий Ү-0413000350 улсын бүртгэлийн дугаартай 2 давхар амины орон сууцны 700353205 дугаартай гэрчилгээнүүдийг гаргуулан П.Эрдэнэцэцэгт олгож, иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогтоогүй тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нь шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатын шүүх хуралдаан дээр зохигчид эвлэрлийн гэрээг байгуулжээ. Тус гэрээнд “ ... нэхэмжлэгч А.Лхам би нэхэмжлэлийн шаардлага 24.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөг багасгаж, 19.000.000 төгрөг болгон бууруулж байна. Энэхүү 19.000.000 төгрөгийг 2017 он 01 дүгээр сарын 01 ний дотор 10.000.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 01 ний дотор үлдсэн 9.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцов...” гэжээ.

      Нэхэмжлэгч А.Лхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нарын байгуулсан эвлэрлийн гэрээг 2 тал хүлээн зөшөөрч гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна. Энэхүү гэрээ нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

      Иймд нэхэмжлэгч А.Лхамын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 24.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг татгалзаж, үлдэх 19.000.000 төгрөгийг төлөхийг хариуцагч П.Эрдэнэцэцэг хүлээн зөвшөөрч тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1195 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Лхам, хариуцагч П.Эрдэнэцэцэг нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн168 дугаар  зүйлийн 168.2.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                    М.ХҮРЭЛБААТАР

                                                                                 Б.БАТТӨР