Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00217

 

И.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02109 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2204 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч И.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол болон дуудлага худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн И.Мөнхбаясал шүүхийн шийдвэрийн дагуу Д.Вандансэнгэд 8 120 225 төгрөг, “Тэс петролиум” ХХК-д 29 758 319 төгрөг, “Нью энержи стар” ХХК-д 60 030 000 төгрөг төлөх ёстой бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг ноцтойгоор зөрчин хууль бус ажиллагаа явуулж байгаа тул дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Тус алба “Нью энержи стар” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 28 дугаар байрны 24 тоот орон сууцыг хураахдаа Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22, 30, 34 дүгээр зүйлийг ноцтой зөрчин хуульд заасан хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, хүний нэр, хаягийг зохиож, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолд бичиж хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Битүүмжлэн хураахдаа орон сууцны чанар байдлыг харгалзаагүй, газар дээр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг зөвхөн “Тэс петролиум” ХХК-д төлөх 29 758 319 төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт битүүмжлэн хураасан бөгөөд бусад 2 гүйцэтгэх баримт бичгийг тус орон сууцыг оруулан тооцох эсэх нь эргэлзээтэй байна.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх орон сууцыг 76 020 000 төгрөгөөр үнэлж, үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь орон сууцны зах зээлийн ханшийг хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл болж байна. 

Иймд 24 тоот орон сууцанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хууль зөрчиж ажиллагаа хийсэн 185/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 185/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоол, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 15 дугаар шийдвэрээр И.Мөнхбаясалаас 60 030 000 төгрөг гаргуулж “Нью энержи стар” ХХК-д, мөн шүүхийн 2014 оны 654 дүгээр шийдвэрээр 29 758 319 төгрөг гаргуулж “Тэс петролиум” ХХК-д, 2014 оны 2554/с дугаар шийдвэрээр 8 120 225 төгрөг гаргуулж Д.Вандансэнгэд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч И.Мөнхбаясалд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн боловч төлбөр төлөх санаачлага гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.2-т заасны дагуу түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28-24 тоот 40 мкв 3 өрөө орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 185/01 тогтоолоор битүүмжилсэн, улмаар төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185/02 тогтоолоор хураан авсан. Тус алба төлбөр төлөгчид төлбөр төлөх хугацааг хангалттай өгч байсан боловч боломжит хугацаанд төлбөр төлөөгүй. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар үнийн санал өгөхийг мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл гурван сарын дараа үнийн санал авах тухай мэдэгдсэн ч санал ирүүлээгүй тул 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр түүний үл хөдлөх эд хөрөнгийн хаягаар очиж, дүү Мөнхзалгамж, бэр Мандхай нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2015 оны 02 дугаар сарын 09-нд тус албанд ирэх зарлан дуудах хуудас зэргийг үлдээсэн боловч ирээгүй.

Улмаар 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгчид 3/6653, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3/8057 дугаар үнийн санал өгөх тухай мэдэгдлийг гардуулан өгсөн боловч саналаа ирүүлээгүй учир Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Шинжээч 2015 оны 05 дугаар сарын 11-нд үнэлгээний тайланг ирүүлснийг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн. Ингээд шинжээчийн үнэлсэн 108 600 000 төгрөгийн 70 хувь буюу 76 020 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан. Гэвч үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулахаар И.Мөнхбаясалын гаргасан нэхэмжлэлээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5357 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1342 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дүгээр тогтоолоор И.Мөнхбаясалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэлгээ болох 108 600 000 төгрөгийн 70 хувиар тооцон 76 020 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан боловч дахин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00075 дугаар шийдвэрээр И.Мөнхбаясалын тус албанд холбогдуулан гаргасан 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 185/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд шинжээчийн үнэлгээ болох 108 600 000 төгрөгийн 70 хувь буюу 76 020 000 төгрөгөөр дахин албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2016 оны 09 дүгээр сарын 16-нд шийдвэрлэж, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 3/29588 дугаар мэдэгдлийг өгөхөөр гэрийн хаягаар очиход эхнэр Бат-Үжин байсан, түүнд мэдэгдэх хуудас гардуулан өгөхийг мэдэгдэж, гарын үсэг зуруулж, тэмдэглэл үйлдсэн.

Анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй. Улмаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан боловч шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч И.Мөнхбаясалын гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02109 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай И.Мөнхбаясалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч И.Мөнхбаясалын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 181/ШЗ2017/08853 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2204 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02109 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгч С.Баярбаатар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан авахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30, 34 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах журмыг ноцтой зөрчиж хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулалгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 185/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тоггоол, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан байна. Шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус буруутай үйл ажиллагаанд гомдол гаргасан бөгөөд энэхүү хуулийг ноцтой зөрчсөн үйлдэлд үндэслэж хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус гэж нэхэмжлэл гаргасан байдаг. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэгч С.Баярбаатарын хууль бус үйл ажиллагаанд холбогдуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.2, 143.3-т заасны дагуу гомдол гаргасан юм. Учир нь Шийдвэр гүйцэтгэгч С.Баярбаатар нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-ийг зөрчиж хөндлөнгийн гэрчийг байлцуулалгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичигт засвар оруулж, хөндлөнгийн гэрч гарын үсэг зурах хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоогүй, эд хөрөнгө хураах үед байлцаагүй Ч.Болдбаяр, Н.Мөнх-Эрдэнэ нараар нөхөж гарын үсэг зуруулсан байдаг. Энэхүү хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйл ажиллагаанд холбогдуулж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргаад, үүнийг үндэслэж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-ийг үндэслэж шүүх иргэний хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хууль бусаар буюу өмнөх шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа дуусаагүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусаагүй байхад 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр анхны дуудлага худалдааг зарлаж явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Энэхүү дуудлага худалдааг явуулах тухай мэдэгдлээ төлбөр төлөгчид мэдэгдээгүй мөн анхны дуудлага худалдааг олон нийтэд хуульд заасны дагуу мэдэгдээгүйн улмаас тухай үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйлдлийн улмаас төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 50 хувь хүртэл бууруулж 2 дахь дуудлага худалдаа явагдах нөхцөл бүрдэж, төлбөр төлөгчид эдийн засгийн алдагдал бий болох үр дагаврыг үүсгэж байна. Дээрхээс үзэхэд шүүх иргэний гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох талаар хуульд заасан арга хэрэгслээр нотлох баримт гаргуулах нөхцөл боломжоор хангалгүйгээр тус маргааныг шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн давж шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаарх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч И.Мөнхбаясал нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа болон дуудлага худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч И.Мөнхбаясал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу нэг иргэн, хоёр хуулийн этгээдэд нийт 97 908 544 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураах, үнэлэх, дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг ажиллагаа явуулсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнэлгээний талаар гаргасан нэхэмжлэгч И.Мөнхбаясалын гомдол бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарч байсан ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасан эрх зүйн хэм хэмжээг тухайн маргаанд зөв хэрэглэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн бусад ажиллагааны талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02109 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2204 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН