Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 181/2017/02109

 

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/02109

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .................. оршин суух,И.М /Регистрийн дугаар:.../-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................... байранд байрлах, НШШГ.д холбогдох,

Эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол болон дуудлага худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн И.М шүүхийн шийдвэрийн дагуу Д.В 8.120.225 төгрөг, Тэс петролиум ХХК-д 29.758.319 төгрөг, Нью энержи стар ХХК-д 60.030.000 төгрөг төлөх ёстой бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг ноцтойгоор зөрчин хууль бус ажиллагаа явуулж байгаа тул дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй Нью энержи стар ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ...................тоот орон сууцыг хураахдаа Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22, 30, 34 дүгээр зүйлийг ноцтой зөрчин хуульд заасан хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, хүний нэр, хаягийг зохиож, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолд бичиж хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Битүүмжлэн хураахдаа тус орон сууцны чанар байдлыг харгалзан үзээгүй, газар дээр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг зөвхөн Тэс петролиум ХХК-д төлөх 29.758.319 төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт битүүмжлэн хураасан бөгөөд бусад 2 гүйцэтгэх баримт бичгийг тус орон сууцыг оруулан тооцох эсэх нь эргэлзээтэй байна.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан.................................... тоот орон сууцыг 76.020.000 төгрөгөөр үнэлж, үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж байгаа нь тус орон сууцны зах зээлийн ханшийг хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 28 дугаар байр 24 тоот орон сууцанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хууль зөрчиж ажиллагаа хийсэн 185/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 185/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр И.Маас 60.030.000 төгрөгийг гаргуулан Нью энержи стар ХХК-д, мөн шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 654 дүгээр шийдвэрээр 29.758.319 төгрөгийг гаргуулан Тэс петролиум ХХК-д, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2554/с дугаар шийдвэрээр 8.120.225 төгрөгийг гаргуулан Д.В олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч И.Мд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн боловч төлбөр төлөх санаачлага гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.2-т заасны дагуу түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28-24 тоот 40 мкв 3 өрөө орон сууцыг 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 185/01 тогтоолоор битүүмжилсэн.

Улмаар төлбөр төлөгч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул 4 сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185/02 тогтоолоор хураан авсан. Тус албаны зүгээс төлбөр төлөгчид төлбөр төлөх хугацааг хангалттай өгч байсан боловч өөрт олгогдсон боломжит хугацаанд төлбөр төлөөгүй.

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг төлөөгүй тул 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар үнийн саналаа өгөхийг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл гурван сарын дараа үнийн санал авах тухай мэдэгджээ.

Үнийн саналаа ирүүлээгүй тул 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр түүний үл хөдлөх эд хөрөнгийн хаягаар очиход, түүний дүү Мж, бэр дүү М нар байсан тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, 2015 оны 02 дугаар сарын 09- нд тус албанд ирэх зарлан дуудах хуудсыг үлдээсэн боловч ирж уулзаагүй. Улмаар 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгчид 3/6653, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3/8057 дугаар үнийн санал өгөх тухай мэдэгдлийг гардуулан өгсөн боловч үнийн саналаа ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Шинжээч 2015 оны 5 дугаар сарын 11-нд үнэлгээний тайланг гаргаж, үнэлгээг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн. Улмаар шинжээчийн үнэлгээ болох 108.600.000 төгрөгийн 70 хувь буюу 76.020.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан. Гэвч үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулахаар И.Мын гаргасан нэхэмжлэлээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 5357 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1342 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дүгээр тогтоолоор И.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэлгээ болох 108.600.000 төгрөгийн 70 хувиар тооцон 76.020.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан боловч дахин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00075 дугаар шийдвэрээр И.Мын тус албанд холбогдуулан гаргасан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 185/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд шинжээчийн үнэлгээ болох 108.600.000 төгрөгийн 70 хувь буюу 76.020.000 төгрөгөөр дахин албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2016 оны 9 дүгээр сарын 16-нд шийдвэрлэж, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 3/29588 дугаар мэдэгдлийг гэрийн хаягаар өгөхөөр очиход эхнэр Бат-Үжин байсан тул түүнд мэдэгдэх хуудсыг гардуулан өгөхийг мэдэгдэж үлдээсэн. Энэ тухай мэдэгдэлд гарын үсэг зуруулж, тэмдэглэл үйлдсэн. Анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй. Улмаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан боловч шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч И.Мын гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч И.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол болон 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дуудлага худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр И.Маас 60.000.000 төгрөг гаргуулж, Нью энержи стар ХХК-д, мөн шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2554/с дугаар шийдвэрээр 8.000.000 төгрөг гаргуулж Д.В, мөн шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 654 дүгээр шийдвэрээр 29.453.104 төгрөг гаргуулж, Тэс петролиум ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэжээ. /хх 15-20 дахь тал/

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 5357 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1342 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дүгээр тогтоолоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6/150 дугаар тогтоол, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 28-24 тоот орон сууцыг 108.600.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч И.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 43-49/

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00075 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 185/01 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185/02 дугаар эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч И.Мын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 54-56/

Дээрх шийдвэр, тогтоол, магадлалд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажиллагааг явуулж, төлбөрөө төлөхийг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдлээр мэдэгдсэн, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 185/01 дугаар тогтоолоор төлбөр төлөгч И.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000770 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 28-24 тоот 40 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185/02 дугаар тогтоолоор хураан авсан, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлж улмаар үнийн саналаа ирүүлээгүй тул 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Мөнх оргил трейд ХХК-г шинжээч томилсон, шинжээч хөрөнгийг 108.600.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгчид 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдлээр мэдэгдсэн, анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг уг үнэлгээний 70 хувиар буюу 76.020.000 төгрөгөөр оруулахаар мэдэгдсэн болохыг тус тус дурдан, дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, нийцсэн болохыг дүгнэсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгө битүүмжлэх тухай 185/01 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 185/02 тоот тогтоол, мөн үл хөдлөх эд хөрөнгийн 108.600.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг дээрх шийдвэр, тогтоол, магадлалаар хянан шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч байгууллага 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/371 дүгээр тогтоолоор дээрх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар буюу 76.020.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг дахин тогтоон 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, мөн өдрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 3/29588 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгчид мэдэгдэн энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлджээ. Түүнчлэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй байна.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх ба нэхэмжлэгч нь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардаж буй үндэслэлээ тодорхойлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн, хариуцагч нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай И.Мын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч И.Мын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 181/ШЗ2017/08853 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ