| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0377/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/392 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/392
2019 12 20 2019/ШЦТ/392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
Хохирогч П.Нэргүй,
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т Б Х-д холбогдох эрүүгийн 1934007590417 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т Б Х, 1988 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, малчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт хамт Улаанбаатар хот Налайх дүүрэг 4-р хороо Туулын 1-8 тоотод засаг захиргааны бүртгэлтэй, хувиараа мал аж ахуй эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
1.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2.Дүүргийн 4 дүгээр Прокурорын газрын 2015 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 5/126 дугаартай тогтоолоор 201501080048 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг ЭБШ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай, 88042417 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Х-ийн өгсөн: 2019 оны 7 дугаар сард наадмаас хойш 12 тооны бор шарга, улаан шарга, хонгор морь, дэлтэй шарга морь, зээрд морь, хээр үрээгээ Улаанбатаар хот Налайх дүүргээс алдсан ба адууны эрэлд наадмаас хойш их явсан. Манайх 2013 оноос хойш 3 жил Аргалант сумын нутагт нутаглаж байсан мөн Өндөрширээт сумын нутагт 2016-2017 онд нутаглаж байсан учраас манай адуу нутаг руугаа гүйчихдэг байсан. Тэгээд би 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүргээс өглөө 5 цагийн үед гэрээсээ хээр үрээгээ унаж гараад адуугаа Налайх хавиар хайгаад олдохгүй болохоор Аргалант, Өндөрширээт сумын хуучин нутагладаг байсан газар руугаа адуугаа хайж явсан. Өндөрширээт сумын нутагт 17 цагийн үед очоод Төв аймгийн Өндөрширээт сумын 4 дүгээр багийн нутаг Таван нуур гэх газарт адуугаа очсон байж магадгүй гээд яваад очтол замын хажууд тогтоол усанд адуу байж байсан. Тэгээд тэндээс 6 тооны адуугаа олоод Налайх руу тууж явсан ба замдаа ядраад хөл өвдөөд байхаар нь өөрийн найз Ц.Баттулгыг Улаанбаатар хотын Налайх дүүргээс дуудаж ирүүлээд өөрийн тууж явсан 6 тооны адуугаа туулгаад Улаанбаатар хот Налайх дүүрэг рүү явуулсан. Би дагаж явж байгаад Сэргэлэн сумын цэргийн анги өнгөрөөгөөд цааш Налайх руу түрүүлээд явсан. Ц.Баттулга адуу туугаад араас ирж явсан. Тэгтэл 19 цагийн үед гэртээ байж байтал Ц.Баттулга над руу залгаад морь булаагаад авчихлаа чи хурдан хүрээд ир согтуу хүмүүс намайг зодох гээд байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө марк 2 маркийн машинтай явж Ц.Баттулгыг цэргийн ангийн ойролцоо зам дагаад явж байхад нь аваад адуу булааж авсан гэх хүмүүс дээр яваад очтол цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд Ц.Баттулга бид хоёрыг саатуулаад ямар учиртай адуу болох талаар асууж тодруулсан. Манай алдсан адуу дугуй хүрээтэй чойдон тамгатай шарга халзан морь, хул морь, хонгор үрээгээ өөрийн алдсан адуу мөн байна гэж таниад авсан. Дээрх тамгатай гурван адуутай хамт тамгагүй сартай хамар цагаан хонгор үрээ, хул морь, халиун морийг мөн өөрийн алдсан адуунууд мөн байна гэж бодоод тууж явсан. Адуугаа алдсан талаар манай аав Тогтохбаяр, Баттулга, манай эхнэр Наранцацрал, эгч Болормаа нар мэдэж байгаа.
...Би ашиг олох зорилгоор бусдын малыг хулгайлсан. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож ухаарсан дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй харамсаж байна. Хохирогчид адууг нь тоо бүрэнээр буцааж өгсөн мөн унааны зардал гэж 350 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,
Хохирогч П.Нэргүйгийн өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 04-ний орой манай адуу Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг “Зөөлөн” гэх уулын хярд байсан ба би очиж авч гол руу оруулах гэж байгаад болиод маргааш өглөө нь авах гээд яваад очтол 11 тооны морьдоос 6 морь байхгүй байсан би адуунуудаа Төв аймгийн Өндөрширээт сумын нутгаар хайж явсан боловч олоогүй. Цагдаад хандалгүй хайгаад яваад байсан. Манай адуунууд шинж тэмдгээрээ унжмал дэлтэй хүрээтэй чойндон тамгатай шарга морь, хар голтой халиун морь, хүрээтэй нэмэх тамгатай, дэлтэй хүрээтэй чойндон тамгатай хонгор халзан морь, тамгагүй жороо хул морь, тамгагүй жороо хонгор морь, зөв талынхаа гуянд цагаан мэнгэтэй, хулгар чихтэй хул морь тамгагүй 6 тооны адуу байсан. Миний унаган адуунууд бөгөөд өөр зүгт нутаг гүйдэггүй. Урьд өдөр нь эдний хамаатан Жалбалдорж гэх хүн надаас тэр танай адуу юу гэж асууж байсан. Би Тийм гэж хэлчхээд яваад өгсөн. Манай морьдын сураг Facebook дээр тавигдсан байсан. Энэ хүн портер машинтай очсон. Жалбалдорж гаргаж өгсөн гэсэн. Эд нар бүлэг хүмүүс байгаа. Миний хувьд Цагдаагийн байгууллагын дутуу шалгасан гэж бодож байгаа. Энэ хэргийн улмаас миний морьд өнгө зүс орохгүй болсон. Одоогоор надад нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч Ц.Баттулгын өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө 09 цагийн үед намайг гэртээ байж байхад манай найз Х над руу 89810454 дугаарын гар утаснаас залгаад найз нь алдсан адуугаа олдчихоод Төв аймгийн Сэргэлэн сумын шинэ нисэх онгоцны буудлын ойролцоо явж байна хол замд удаан яваад ядраад байна чи хүрээд ирээч гэж намайг дуудсан. Тэгэхээр нь би гэрээс 11 цагийн үед гараад шинэ нисэх онгоцны буудлын ойролцоо замын унаанд суугаад очтол Б.Х 6 тооны адуу тогтоочихсон сууж байсан. Намайг иртэл Б.Х надад хандан чи миний адуунуудыг Налайх дүүрэгт хүргээд өг найз нь түрүүлээд явж байя гээд явсан. Би хул морийг нь зайдан унаад 5 тооны адууг туугаад Төв аймгийн Сэргэлэн сум Цэргийн ангийн ойролцоо Налайх дүүрэг рүү явж байтал машинтай хүмүүс ирээд хаанаас ямар адуу туугаад явж байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би найзынхаа адууг тууж явна Налайх дүүрэг орно гэж хэлсэн. Тэгтэл тэр хүмүүс яваад өгсөн би тууж явсан адуугаа тогтоол усанд усалчхаад хонхорт бие засаад сууж байхад нөгөө машинтай хүмүүс дахиж ирээд миний тууж явсан адууг машинаараа хөөгөөд явчихсан. Би бие засчхаад машин дээр яваад очтол нөгөө машинтай хүмүүс намайг гэр рүүгээ дагуулж явах гээд зодох гээд байхаар нь би зугтаасан. Тэгээд би Б.Х руу залгаад чи хурдан ир гэж хэлсэн. Б.Хийг ирэхээр нь адууг машинаар хөөж явсан хүмүүс дээр очтол тэнд цагдаа нар ирчихсэн байсан. Би уг 6 тооны адууг хэний адуу болох талаар нь мэдэхгүй. Б.Хоос хэний адуу болох талаар асуутал манай адуу гэж хэлсэн. Б.Х Налайх дүүрэгт голын хажууд хөдөө 1 азарга адуу, хэдэн тооны үхэртэй байдаг. Тухайн үед тууж явсан адуу нь шарга, хул, халиун, хонгор халзан, хул, хонгор зүсмийн 6 тооны адуу байсан ба зарим нь дугуй тамгатай, зарим нь тамгагүй байсан. Б.Х надад хэлэхдээ уг адуунуудыг Өндөрширээт сумын нутаг руу гүйчихсэн байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 39-40/,
Гэрч Б.Дашлхагвын өгсөн: Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Өгөөмөрийн ам” гэх газар засмал замын урд талд цэргийн ангийн урдхан зүүн тийшээ давдаг гүвээний тэнд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны орой адуугаа харах гээд явж байтал зайдан морь унасан эрэгтэй хүн нийт 5 тооны адуу туугаад явж байхаар нь сэжиг бүхий санагдсан. Тэгээд очиж уулзаад тэр хүнээс “хаанаас юун адуу хаашаа авч явж байгаа юм бэ” гэж асуухад “Манай найз адуугаа гүйлгээд олж аваад намайг дуудаад би адууг нь Налайх оруулах гэж явна” гэж байсан. Тэгэхээр нь орхичхоод жоохон цаашаа явж адуугаа харчхаад “энэ ер нь сэжигтэй хүн байх шиг байна” гэж санагдаад буцаад тэр залуугийн явж байсан газар иртэл нөгөө адуу тууж явсан залуу байхгүй, туугдаж явсан адуу нь богшсон бололтой тогтоол усны дэргэд байж байсан. Тэгэхээр нь адууг нь хашаанд оруулж хашчихаад тэр хавиар машинтай явж үзтэл нөгөө залуу харанхуйд гэнэт гараад ирсэн. Тэр залуугаас “хаанаас гараад ирэв, юу хийж яваад ирэв гэж асуухад “энд хүнтэй уулзчихаад ирлээ” гэсэн. Би “за чи хэнтэй уулзсан юм, би энэ хавьд нутгийнхаа улсыг бүгдийг танина, хэнтэй уулзсан хэлчих” гэхэд булзааруулаад “би бие засчхаад ирсэн юмаа” гээд байсан. Тэгэхээр нь тар залууд “холбогдох утас байна уу, адууны эзэн гээд байгаа найзыгаа дуудчих, чи мориндоо мордчих, тэр хойд айл руу очоод утсаар нь нөгөө хүнээ дуудчих” гэхэд мориндоо зайдан мордоод зугтаасан. Тэгэхээр нь бүүр сэжигтэй санагдаад цагдаад дуудлага өгсөн. Би тэр залууг огт цохиж зодоогүй. Тухайн үед надтай хамт манай найз Өлзийдэлгэр бид хоёр машинтай явж байсан. Адуу тууж явсан залуугийн нэрийг нь асуугаагүй. Тэр залуу аялгатай ярьдаг залуу байсан. Тэр залуу хул морь зайдан унаж явсан. Туугдаж явсан адууны зүсийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан халиун, хонгор, хул адуунууд байсан гэх мэдүүлэг /хх 48-49/,
Гэрч А.Өлзийдэлгэрийн өгсөн: Манай найз Дашлхагва бид хоёр 2019 оны 9 дүгээр сарын 05-ны орой Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг засмал замын урд талд цэргийн ангийн урдхан зүүн тийшээ давдаг гүвээний тэнд Дашлхагвын адууг харах гээд явж байтал зайдан морь унасан хүн 5 тооны адуу туугаад явж байсан. Тэр залуутай уулзаад “хаанаас юун адуу тууж байгаа юм бэ” гэж асуухад тэр залуу “манай найз адуугаа гүйлгээд олж аваад, би адууг нь Налайх оруулах гэж явна” гэж байсан. Дашлхагва бид хоёр цаашаа явж адууг нь харчхаад “энэ ер нь сэжигтэй хүн байх шиг байна” гэж санагдаад буцаад тэр залуугийн явж байсан газар иртэл нөгөө залуу харанхуйд зайдан морьтой гараад ирсэн. Тэгээд “хаанаас гараад ирэв, юу хийж яваад ирэв” гэж асуухад тэр залуу “энд хүнтэй уулзчихаад ирлээ, гэсэн. Дашлхагва тэр залуугаас “Чи хэнтэй уулзсан юм, би энэ хавьд нутгийнхаа улсийг бүгдийг нь танина, хэнтэй уулзсан хэлчих” гэж асуусан чинь “би баачхаад ирсэн юмаа” гээд байсан. Тэгэхээр нь тэр залууг “адууны эзэн гээд байгаа найзыгаа дуудчих” гэхэд мориндоо мордоод зугтаасан. Тэгэхээр нь бүүр сэжигтэй санагдаад Дашлхагва цагдаад дуудлага өгсөн. Тэр залууг зодож цохиогүй. Тухайн үед манай найз Дашлхагва бид хоёр машинтай явж байсан өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх 50-51/,
Гэрч Н.Тогтохбаярын өгсөн: Манайх 20 гаруй үхэр 50 гаруй адуутай айл байгаа юм. Манай адуу өмнө нь хүрээтэй гурвалжин тамгатай байсан. Одоо ширээтэй чандмань тамгатай байгаа. Манай хүү Х нь 10 гаруй адуутай бөгөөд адуу нь манай адуунд байдаг. Хийн адуу уг нь хүрээтэй гурвалжин тамгатай байсан. Одоо бол уг тамгатай адуунууд байхгүй ганц нэг хүрээтэй гурвалжин тамгатай адуу байгаа. Бусад нь дандаа ширээтэй чандмань тамгатай байгаа. Улаанбаатар хотын Налайх дүүргээс 2018 оны хавар хонгор халзан морь хүрээтэй гурвалжин тамгатай, 2018 оны 6 дугаар сард хүрэн алаг морь тамгыг нь мэдэхгүй, 2019 оны 7 дугаар сараас эхлээд шарга халзан морь хүрээтэй гурвалжин тамгатай, хээр байдас хүрээтэй, гурвалжин тамгатай, үлдсэн дөрвийнх нь тамгыг нь сайн мэдэхгүй нийт 6 адуу алдсан юм. Б.Х-ийн адуунууд нь бүгд тамгатай. Алдсан адуунууд нь хүртэл тамгатай байсан гэх мэдүүлэг /хх 41/,
Гэрч Г.Цэрэндуламын өгсөн: Би Ц.Баттулгатай 2017 оны 5 сард танилцаад 2018 оны 7 дугаар сард нэг гэрт орж хамт амьдарч байна. Одоо 1 нас 1 сар хүрэх гэж байгаа хүүхэдтэй. Бид гурав Налайх дүүргийн Гордок гэдэг газар амьдарч байна. Би тэр Х гээд байгаа хүнийг зүс танина. Манай нөхөр Баттулгын таньдаг хүн нь л гэж мэднэ. Х хааяа манай гэрээр орж гардаг. Хааяа утсаар ярьж байгаа харагддаг. Намайг гэртээ байж байхад 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө 08-09 цаг өнгөрч байхад миний 89927393 дугаарын утас руу Х утастаад “Тулгаатай ярья” гээд ярьсан. Тэгсэн чинь Баттулга ярьчхаад “Хийн машин нь эвдэрсэн гэнээ намайг ирээд авчих гэнэ” гээд гарсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 06-ны орой гэртээ ирсэн. Би Баттулгаас “чи хаашаа алга болчихдог юм бэ, сураг чимээгүй алга болчихлоо” гэсэн чинь Баттулга “Төв аймаг дээр байж байгаад ирлээ, Х алдсан адуугаа ачиж ирж байгаад машин нь эвдэрчхээд, намайг туугаад явж бай гэхээр нь би адууг нь туугаад ирж байтал цагдаа ирээд шалгана гээд Төв аймгийн Цагдаа дээр байж байгаад ирлээ” гэсэн. Х нь Налайхын гол дээр байдаг гэсэн. Х адуу малтай. Аав нь голдуу мал дээрээ байдаг гэсэн. Х “адуу алдчихлаа хайж байна” гээд 2019 оны 7 дугаар сард ярьж байсан. Адуу малаа алдаад олсон үгүйг нь мэдэхгүй. Манай нөхөр тодорхой хийсэн ажилгүй, гэр зуур хүүхдээ хараад гэрээс нэг их гардаггүй. Хааяа Налайхын цайз зах руу өдрийн цагаар явж мал авч зардаг гэх мэдүүлэг /хх 45/,
Гэрч Э.Болормаагийн өгсөн: Миний дүү Б.Х нь малтай. 5 тооны үхэр, 10 гаруй адуутай. Миний мэдэхээр өөр ямар малтай талаар нь сайн мэдэхгүй байна. Адуу малаа алдсан талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан наадмын өмнө хэдэн тооны морь гүйлгээд алдчихлаа гэж байх шиг байсан. Хаашаа явсан талаар нь бол мэдээгүй. Б.Х нь бөөрөнхий дотор тал нь гурвалжин тамгатай байсан байх манай гэрт тийм тамга байгаад байдаг байсан. Б.Х нь Налайх дүүрэгт голын хажууд хөдөө малтайгаа байдаг гэх мэдүүлэг /хх 41/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 06/438 дугаартай “Б.Х-ийн өмчлөлийн 1 толгой адууны зах зээлийн бодит үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 11 дүгээр сарын 06-ний байдлаар 562 500 /таван зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөг болно” гэх үнэлгээний тайлан /хх 27-33/, 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 06/344 дугаартай “П.Нэргүйгийн өмчлөлийн 6 толгой адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 6 250 200 /зургаан сая хоёр зуун тавин мянга хоёр зуу/ төгрөг болно гэх үнэлгээний тайлан / хх 52-60/, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-11/, 6 тооны адууг хохирогч П.Нэргүйд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12/, Б.Х-ийн 1 тооны 5 настай адууг битүүмжилсэн хяналтын прокурорын 2019.11.07-ний өдрийн 48 дугаартай тогтоол /хх 24/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 76, 81-87/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Х нь хууль зүйн хувьд шунахай сэдэлтээр, санаатай үйлдлээр бусдын 6 тооны адууг бэлчээр дээрээс нь хууль бусаар авч иргэдэд нийт 6 250 200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан Бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийн бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Х нь 2019 оны 9 дүгээр 04-05-нд шилжих шөнө Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг "Зөөлөн" гэх газраас иргэн П.Нэргүйгийн 6 тооны адууг хулгайлж 6 250 200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэрч Ц.Баттулгын өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө 09 цагийн үед намайг гэртээ байж байхад манай найз Х над руу 89810454 дугаарын гар утаснаас залгаад найз нь алдсан адуугаа олдчихоод Төв аймгийн Сэргэлэн сумын шинэ нисэх онгоцны буудлын ойролцоо явж байна хол замд удаан яваад ядраад байна чи хүрээд ирээч гэж намайг дуудсан. Тэгэхээр нь би гэрээс 11 цагийн үед гараад шинэ нисэх онгоцны буудлын ойролцоо замын унаанд суугаад очтол Б.Х 6 тооны адуу тогтоочихсон сууж байсан." гэх мэдүүлэг /хх 39-40/,
Гэрч Б.Дашлхагвын өгсөн: "Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Өгөөмөрийн ам” гэх газар засмал замын урд талд цэргийн ангийн урдхан зүүн тийшээ давдаг гүвээний тэнд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны орой адуугаа харах гээд явж байтал зайдан морь унасан эрэгтэй хүн нийт 5 тооны адуу туугаад явж байхаар нь сэжиг бүхий санагдсан. Тэгээд очиж уулзаад тэр хүнээс “хаанаас юун адуу хаашаа авч явж байгаа юм бэ” гэж асуухад “Манай найз адуугаа гүйлгээд олж аваад намайг дуудаад би адууг нь Налайх оруулах гэж явна” гэж байсан. ...Тэгэхээр нь тар залууд “холбогдох утас байна уу, адууны эзэн гээд байгаа найзыгаа дуудчих, чи мориндоо мордчих, тэр хойд айл руу очоод утсаар нь нөгөө хүнээ дуудчих” гэхэд мориндоо зайдан мордоод зугтаасан. Тэгэхээр нь сэжигтэй санагдаад цагдаад дуудлага өгсөн." гэх мэдүүлэг /хх 48-49/,
Гэрч А.Өлзийдэлгэрийн өгсөн: "Манай найз Дашлхагва бид хоёр 2019 оны 9 дүгээр сарын 05-ны орой Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг засмал замын урд талд цэргийн ангийн урдхан зүүн тийшээ давдаг гүвээний тэнд Дашлхагвын адууг харах гээд явж байтал зайдан морь унасан хүн 5 тооны адуу туугаад явж байсан. Тэр залуутай уулзаад “хаанаас юун адуу тууж байгаа юм бэ” гэж асуухад тэр залуу “манай найз адуугаа гүйлгээд олж аваад, би адууг нь Налайх оруулах гэж явна” гэж байсан. ...Тэгэхээр нь тэр залууг “адууны эзэн гээд байгаа найзыгаа дуудчих” гэхэд мориндоо мордоод зугтаасан. Тэгэхээр нь сэжигтэй санагдаад Дашлхагва цагдаад дуудлага өгсөн." гэх мэдүүлэг /хх 50-51/,
Гэрч Г.Цэрэндуламын өгсөн: "Х хааяа манай гэрээр орж гардаг. Хааяа утсаар ярьж байгаа харагддаг. Намайг гэртээ байж байхад 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө 08-09 цаг өнгөрч байхад миний 89927393 дугаарын утас руу Х утастаад “Тулгаатай ярья” гээд ярьсан. Тэгсэн чинь Баттулга ярьчхаад “Х-ийн машин нь эвдэрсэн гэнээ намайг ирээд авчих гэнэ” гээд гарсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 06-ны орой гэртээ ирсэн. Би Баттулгаас “чи хаашаа алга болчихдог юм бэ, сураг чимээгүй алга болчихлоо” гэсэн чинь Баттулга “Төв аймаг дээр байж байгаад ирлээ, Х алдсан адуугаа ачиж ирж байгаад машин нь эвдэрчхээд, намайг туугаад явж бай гэхээр нь би адууг нь туугаад ирж байтал цагдаа ирээд шалгана гээд Төв аймгийн Цагдаа дээр байж байгаад ирлээ” гэсэн." гэх мэдүүлэг /хх 45/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Аймгийн Прокурорын байгууллагын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Х-ийг санаатай үйлдлээр бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутай тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч П.Нэргүй нь 6 тооны адуугаа хүлээн авсан болох нь хавтаст хэргийн 12-р хуудсанд авагдсан 6 тооны адууг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр, мөн гэмт хэргийн улмаас учирсан унааны зардлаа авсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирог чид 350 000 төгрөг өгсөн гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч П.Нэргүй үүнтэй маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар миний үйлчлүүлэгч гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөр байхгүй тул улсын яллагчийн оногдуулсан ялыг багасгаж 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулаж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "би аавынхаа адууг хайж яваад андуураад хохирогч П.Нэргүйгийн адууг туугаад ирчихсэн байсан." гэх мэдүүлгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байх тул гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /Улаанбаатар хотын Налайх дүүрэгт оршин суудаг атлаа Налайх дүүргээс Төв аймгийн Өндөрширээт сум орж улмаар бусдын эд хөрөнгөд халдаж Налайх дүүрэг хүртэл бусдын малыг туусан/ зэрэгт дүгнэлт хийн түүнд улсын яллагч болон өмгөөлөгч нарын нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019.11.07-ний өдрийн 48 дугаар тогтоолоор битүүмжилсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Х-ийн эзэмшлийн 562 500 /таван зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны 5 настай соёолон морийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын төсөвт оруулж,
Эрүүгийн 1934007590417 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т Б Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019.11.07-ний өдрийн 48 дугаар тогтоолоор битүүмжилсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Х-ийн эзэмшлийн 562 500 /таван зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны 5 настай соёолон морийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын төсөвт оруулсугай.
5.Эрүүгийн 1934007590417 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ