Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 594

 

Д.Алтан-Өлзийд холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Баясгалан,

хохирогч Х.Мядагбадам, түүний өмгөөлөгч Л.Азжаргал,

ялтан Д.Алтан-Өлзий, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Д.Алтан-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201726020541 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Алтангэрэл овогт Дүгэржавын Алтан-Өлзий, 1977 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 7 дугаар гудамжны 725 тоотод оршин суух /РД:ИО77101703/,

Д.Алтан-Өлзий нь 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 0 тоотод Х.Мядагбадамтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.Алтан-Өлзийгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Алтан-Өлзийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Д.Алтан-Өлзий нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Алтан-Өлзийгөөс 1.920.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Мядагбадамд олгож, Х.Мядагбадамын гэм хорын хохирлоос 880.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Д.Алтан-Өлзийд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Алтан-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр найз С.Амгаланбаатар нь “Ярих юм байна, хүрээд ирээч” гэж дуудаад байхаар нь 13 цагийн үед ажлаасаа гараад гэрт нь очтол тэрээр согтуу байсан ба намайг явах гэтэл “Намайг унтахаар минь яв л даа” гээд явуулахгүй байсан. Түүнийг буйдан дээрээ хэвтэж байхад гаднаас эхнэр Х.Мядагбадам нь орж ирсэн. Би энэ үед утсаар яриад сууж байсан. С.Амгаланбаатар урьд нь эхнэрээсээ салсан тухайгаа надад ярьдаг байсан. Мөн манай найз хүүхэн Оюунчимэгтэй хамтран амьдарч байгаад ах дүү нарт нь хөөгдөж байсан. Надад С.Амгаланбаатартай унтаж хэвтэх шалтгаан, дотно харьцаа байгаагүй. Ингээд Х.Мядагбадам нь уурлан над руу дайрч, миний үсийг туг тугаар нь зулгааж, төмрөөр нүүр, хүзүү, хоолой руу хатгаж, хавирга руу өшиглөж хугалсан. Мөн өмсөж явсан нэхий дээлийг маань үзүүртэй төмрөөрөө урж хэрчиж хаясан ба цүнхийг минь шүүрч аваад дотор нь байсан нөхөр бид хоёрын бичиг баримтууд, виза карт зэргийг урж, хугалж шидээд, гар утас, 16.000 төгрөг зэргийг булаан авсан. Цүнх болон гар утасгүй болсон учраас би гэртээ харьж чадахгүйд хүрсэн. Ингээд тэднийхээс гараад Сансарт байдаг нагац эгчийнх лүүгээ алхаад явж байтал эргүүлийн цагдаатай таарсан. Цагдаа намайг гадуур хувцасгүй, цамц нь урагдаж цус болсон, нүүр ам нь хавдаж, зүсэгдсэн байхыг хараад юу болсон талаар асуухад нь айлд очоод зодуулсан тухайгаа хэлж чадалгүй “Дээрэмдүүлчихлээ” гэж худлаа хэлсэн... алхаж явтал нэг хүү, охин хоёр ирээд Гэмтлийн эмнэлэгт намайг хүргэж өгсөн. Эмчид үзүүлээд цээжний зургаа авахуулахад зүүн талын хоёр хавирга хугаралттай байсан. Харин толгойныхоо зургийг авахуулж чадаагүй. Би ар гэрийнхэндээ айлд очиж зодуулсан тухайгаа хэлж чадаагүй. Бас л дээрэмдүүлчихсэн гэж худлаа хэлснээр ийм байдалд орж Х.Мядагбадам болон гэрчүүдэд гүтгэгдсэндээ гомдолтой байна. Х.Мядагбадамын нүүр амыг нь би санаатай самардсан зүйл болоогүй. С.Амгаланбаатар нь намайг харж байхад Х.Мядагбадамыг үсдэж алгадаад, түлхэж унагаагаад, хөлөөрөө цээжин дээр нь дэвсээд байсан. Х.Мядагбадамд учирсан гэмтлийг С.Амгаланбаатар учруулсан байхад цагдаа, прокурор, шүүх хэт нэг талыг барьж намайг буруутгаж байгаад гомдолтой байх тул С.Амгаланбаатарын үйлдлийг шалгуулж, хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна. Үүнээс гадна Х.Мядагбадам нь миний цүнхэнд байсан гар утсыг авч над руу залган хэл амаар доромжилж, миний гар утасны дэлгэцийг санаатайгаар хагалж гэмтээсэн, мөн бичиг баримтуудыг хугалж, урж хаячихаад одоо болтол өгөхгүй байгаа. Би энэ талаарх гомдлоо цагдаа, прокурорт гаргаж өгсөн боловч шалгаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Алтан-Өлзийгийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Алтан-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Х.Мядагбадамын баруун хацар, хамрын нуруу, зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Гэрч Д.Болортуяагаас “С.Амгаланбаатар ах босч ирээд Х.Мядагбадамын нүүр лүү алгадаад, жижиг модон сандал авч цохих гэхэд нь О.Өнөрхүслэн бид хоёр сандлыг авсан” гэж, гэрч О.Өнөрхүслэнгээс “С.Амгаланбаатар ах босч ирээд Х.Мядагбадам эгчийн зүүн хацар луу нэг алгадахаар нь Д.Болортуяа бид хоёр болиулсан” гэж тус тус мэдүүлсэн. Харин хохирогч Х.Мядагбадам нь өргөдөл, гомдол, мэдүүлэгтээ “Манай нөхөр намайг унагааж байгаад цээжин дээр хөлөөрөө дэвсээд байсан” гэсэн байдаг. Иймд Х.Мядагбадамд учирсан гэмтлийг С.Амгаланбаатар учруулсан болох нь харагдаж байхад Д.Алтан-Өлзийг хохирогчид гэмтэл учруулсан мэтээр шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Х.Мядагбадам тухайн үед орж ирээд Д.Алтан-Өлзийг учир зүггүй зодож, үсдэн, хавирганд нь гэмтэл учруулсан бөгөөд Д.Алтан-Өлзий мөрдөн байцаалтын шатанд гомдол гаргах гэтэл С.Амгаланбаатар “би Х.Мядагбадамыг гомдолгүй гэж хэлүүлнэ. Чи битгий энэ тухайгаа яриарай” гэж хэлж, хуурсан байдаг. Д.Алтан-Өлзий прокурорын шатанд хууртснаа мэдээд гомдлоо гаргасан. С.Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр татсан боловч танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ танхайн хэрэгт хохирогч Х.Мядагбадамаас мэдүүлэг авахдаа Үндсэн хуульд заагдсан гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь сануулж гарын үсэг зуруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Д.Алтан-Өлзий нь “би эд зүйлс, бичиг баримтаа алдсан. Миний цүнхэнд байсан бичиг баримтыг Х.Мядагбадам урж, тасдсан. Мөн миний гар утсыг авч шидсэн” гэж гомдол гаргасан. Энэ гомдлоос үзэхэд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан нь харагдаж байна. Гэтэл мөрдөн байцаагч, прокурор өөрийн санаачлагаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй, гомдлыг нь авч хэлэлцээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.7-д заасныг зөрчсөн үндэслэлүүдээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв. 

Хохирогч Х.Мядагбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв гарсан гэж үзэж байна. Би 15 цагийн үед гэртээ орсон. Ингээд хэрэг явдал 15 цагаас оройн 20 цаг хүртэл үргэлжилсэн. Намайг гэртээ ороход Д.Алтан-Өлзий миний нөхөртэй хэвтэж байсан. Ингээд би хөнжлийг нь татаж аваад “Юу болоод байгаа юм бэ, нялх хүүхэдтэйгээ ороод ирэхэд чи ингээд хэвтэж байж болохгүй шүү дээ” гэж хэлэхэд С.Амгаланбаатар босч ирээд намайг түлхээд, угзрахад нь би унахдаа Д.Алтан-Өлзийг татчихсан. Гэтэл Д.Алтан-Өлзий намайг үсдэж авсан. Энэ үед хажуу өрөөнд байсан хоёр дүү орж ирээд салгаад, Д.Алтан-Өлзийд 1000 төгрөг өгөөд явуулсан. Хувцас, цүнх нь байхаар нь би “Энэ юу вэ” гээд татахад цүнхэн дотор байсан зүйлүүд нь асгарсан. Тэнд 20-иод ломбардны бичиг байхаар нь би урчихсан. Өөр зүйл ураагүй. Бичиг баримтын жижиг хавтсыг манай хүүхэд минийх юм байх гэж бодоод миний цүнх рүү хийсэн байсныг би мэдээгүй байсан. Цагдаагийн хэлтэс дээр очоод байцаагчид “Хүний юмыг миний цүнх рүү хийсэн байна” гэж хэлээд өгсөн...” гэв.

Хохирогч Х.Мядагбадамын өмгөөлөгч Л.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв гарсан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Ялтны гаргасан давж заалдах гомдолд дурдсан зүйл хавтаст хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт яригдаагүй асуудал. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэргийн материалыг судлахад, 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 0 тоотод ... Д.Алтан-Өлзий нь С.Амгаланбаатартай хамт унтаж байхад С.Амгаланбаатарын эхнэр гэх Х.Мядагбадам нь гаднаас орж ирэн “Чи хэн бэ, яагаад нөхөртэй маань унтаж байгаа юм” гэж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар харилцан үсдэлцэх явцдаа Д.Алтан-Өлзий нь Х.Мядагбадамыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь дараах:

- хохирогч Х.Мядагбадамын  “...2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүүхдээ авахаар хадам аавын гэрт нь ортол жирэмсэн хүүхэн, эгчийнх нь охин нар байсан. Би ариун цэврийн өрөө орох гэтэл дүү нь “00-ын өрөөнд манай найз охин байгаа” гэхээр нь 30 минут хүлээсэн боловч гарч ирэхгүй болохоор нь тэднийхээс гарч явсан. Тэдний хажуу талын сургуульд гар утсаа цэнэглээд орхисон тул түүнийгээ аваад хүүхдээ авахаар буцаад ортол С.Амгаланбаатар, Д.Алтан-Өлзий хоёр нэг хөнжилд орсон хэвтэж байсан. Би хөнжлийг нь сөхөөд “Юу болж байгаа юм бэ” гэхэд С.Амгаланбаатар босож ирээд “Чамд хамаагүй” гэхээр нь би түүнийг алгадсан. Тэр босож ирээд намайг түлхэж унагааж, бид хоёр хоорондоо зодолдсон. Гэтэл Д.Алтан-Өлзий орны буланд утсаараа оролдоод суугаад байхаар нь би утсыг нь булааж аваад халаасандаа хийсэн. Д.Алтан-Өлзий надтай хэрэлдээд явахгүй байхаар нь түүний цүнхийг нь булааж аваад дотор нь байсан эд зүйлсийг нь шидээд, бичгийг нь урсан. С.Амгаланбаатар намайг түлхэхэд би унах гээд байсан болохоор Д.Алтан-Өлзийгөөс татахад тэр “Чи яах гээд байгаа юм бэ” гээд намайг үсдээд авсан. Тэгээд бид хоёр үсдэлцсэн. Тэр миний нүүрийг хумсаараа урж цус гаргасан. Мөн түүний хумсных нь мөрөөр 5 ширхэг гүн сорви үүссэн тул би цалингийн зээл авч гоо сайхны газраар сорви арилгуулах эмчилгээ хийлгэж 2.800.000 төгрөгийг төлсөн. Миний хохирлыг төлвөл гомдол саналгүй...” /хх-96/,

- гэрч Д.Болортуяагийн “...С.Амгаланбаатар ах өглөө 09 цагийн үед Д.Алтан-Өлзий гэх эмэгтэйтэй хамт манайд орж ирсэн... тэр хоёр буцаж орж ирэхдээ 0,5 литрийн хэмжээтэй архи авч ирсэн. Тэр хоёр архиа уучихаад нэг орон дээр хэвтэж байсан. 15 цагийн үед С.Амгаланбаатарын эхнэр гэх Х.Мядагбадам орж ирээд тэр хоёр хамт унтаж байхаар нь хөнжлийг нь татаж сэрээгээд С.Амгаланбаатарт “Чи энд заваараад байж байх юм” гэж хэлсэн... Х.Мядагбадам Д.Алтан-Өлзий нар хоорондоо маргалдаад, үсдэлцээд хоёр биенийгээ хэл амаар доромжлоод байхаар нь хажуу талын өрөөний түрээслэгч охин О.Өнөрхүслэн бид хоёр тэднийг салгасан... тэгээд Д.Алтан-Өлзийг гаргаж явуулахад удалгүй дахин орж ирээд Х.Мядагбадамтай маргалдаад зодолдоод, нүүрийг нь маажаад, үснээс нь зулгаагаад байсан... тэр хоёр 3-4 цаг хоорондоо зодолдсон. Х.Мядагбадам эгчийн маажуулсан нүүрнээс нь цус гарч байсан. Д.Алтан-Өлзийгийн биед бол ил харагдах гэмтэл байгаагүй... Х.Мядагбадам эгчийн биед учирсан гэмтлийг Д.Алтан-Өлзий л учруулсан. С.Амгаланбаатар ах болохоор Х.Мядагбадамын нүүр лүү нь нэг удаа гараараа алгадсан...” /хх-22-23/,

- гэрч О.Өнөрхүслэнгийн “...тухайн өдөр 17 цагийн үед С.Амгаланбаатар ах найз эмэгтэйн хамт орон дээр хамт унтаж байсан. Тэр үед гаднаас С.Амгаланбаатарын эхнэр Х.Мядагбадам орж ирэхээр нь би 00-ын өрөө лүү орсон чинь бөөн хэрүүл шуугиан болоод байхаар нь гараад хартал Х.Мядагбадам тэр эмэгтэйтэй маргалдаад хоёр биенийхээ үснээс зулгаагаад байж байсан... С.Амгаланбаатар ах орон дээр хэвтэж байснаа босож ирээд Х.Мядагбадам эгчийн зүүн хацар лүү нь нэг удаа алгахаар нь Д.Болортуяа эгч бид хоёр С.Амгаланбаатар ахыг болиулаад сандал дээр суулгасан... Х.Мядагбадам эгч нөгөө эгчтэй үүдэнд зодолдоод тэр эгч Х.Мядагбадам эгчийн нүүрийг нь маажаад хаясан... Х.Мядагбадам эгч тэр эгчийн цүнхийг нь ураад дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаж, шидээд байсан...” /хх-24/,

- ялтан Д.Алтан-Өлзийгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сард С.Амгаланбаатар гэх залуутай танилцаад түүнээс хойш уулздаг болсон. 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр С.Амгаланбаатар нь над руу залгаад “Хүрээд ир” гэхээр нь очтол тэрээр архи уусан байсан ба намайг явуулахгүй байсан... энэ үед гаднаас эхнэр нь орж ирээд учир зүггүй над руу дайраад үснээс зулгаагаад өөрөө газар унаад өгөхөөр нь би салаад явсан... хохирогч Х.Мядагбадамын нүүрэнд үүссэн зулгаралтыг би учруулсан нь үнэн...” /хх-36/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2158 тоот “...Х.Мядагбадамын биед баруун хацар, хамрын нуруу, зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-26/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрчилдөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Ялтан Д.Алтан-Өлзийгийн давж заалдах гомдолд дурдсанаар хэрэг гарсан өдөр Х.Мядагбадам нь түүний биед гэмтэл учруулсан гэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй. Түүнчлэн Х.Мядагбадам нь Д.Алтан-Өлзийгийн цүнхэнд байсан зарим баримт бичгийг урж гэмтээсэн боловч эдгээр баримт бичиг нь ямарваа байгууллага, иргэнд хэрэглэгдэх чухал зүйл байсан эсэх талаарх баримтгүйгээс гадна, Д.Алтан-Өлзий нь энэ талаар хэрэг бүртгэлтийн шатанд гомдол гаргаж байгаагүй байна. Иймээс гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн талаар маргасан ялтан Д.Алтан-Өлзийгийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрх байдлуудыг үндэслэн Д.Алтан-Өлзийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүх Д.Алтан-Өлзийд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний гадна, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хохирогчид учирсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг үндэслэн тухайн хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулсныг хуульд нийцсэн гэж үзлээ.

Д.Алтан-Өлзийд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Ялтан Д.Алтан-Өлзийд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж заасан ба давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад Д.Алтан-Өлзийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дуусчээ.

Харин ялтан Д.Алтан-Өлзийд холбогдох дээрх гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжид нийцэж байх ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар ял шийтгэлийн төрөл, хэмжээг хөнгөрүүлсэн хэдий ч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг заасан байна.

           Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Д.Алтан-Өлзийд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Д.Алтан-Өлзийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

            Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч Д.Алтан-Өлзийд ял шийтгэл оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.