Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 110/2020/0022/з |
Дугаар | 221/МА2020/0560 |
Огноо | 2020-09-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2020/0560
Х.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Б-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.17, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/157 дугаар захирамжийг хүчингүй болгож, аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоонд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог тусгаж батлах шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Аймгийн Засаг дарга А.Г нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр тогтоол гарсны дараа Х.Б-ын өмнө ажиллаж байсан маргаан бүхий Биеийн тамир, спортын газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хасаж, өөр орон тоо нэмж бүтэц баталсан А/157 тоот захирамжийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргажээ. Аймгийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэн аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тоог батлахдаа нэхэмжлэгч Х.Б-ын өмнө ажиллаж байсан Биеийн тамир, спортын газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог ямар ч судалгаагүй, үндэслэлгүйгээр хасаж, зөвхөн Х.Б-ын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа маргаанд тааруулан, нэхэмжлэгчийг ажлаар хангахгүй гэсэн санаа зорилгоор хандсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “намайг ажлаас чөлөөлөгдөх үед сул байсан, миний өмнө ажиллаж байсан хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хассан нь хууль бус гэж маргажээ” гэж шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт зөвхөн дурдаад орхисон болохоос биш эрх зүйн гол маргааны талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шаардлага тус бүрт хууль зүйн дүгнэлт хийх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх “...хэрэв уг орон тоог баталсан тохиолдолд нэхэмжлэгч нь уг албан тушаалд шууд томилогдох эрх зүйн боломж үндэслэл нь тодорхой бус..” гэж нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, иргэний хэргийн маргааны үйл баримтад дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч “аймгийн биеийн тамир спортын газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог тусгаж батлах шийдвэр гаргахыг даалгах” 2 дахь шаардлагыг хариуцагч хэрхэн ямар үндэслэлээр татгалзаж байгаа нь тодорхойгүй, шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж чадаагүй, нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар хууль зүйн үндэслэл, дүгнэлт тодорхойгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон атлаа Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “......” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын эрх зүйн алдаа гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/157 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1, 11.1.1, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 35 дугаар тушаал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спортын газрын дүрэм, бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байна.
Нэхэмжлэгч Х.Б дээрх захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоонд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог тусгаж батлах шийдвэр гаргахыг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “урьд нь миний ажиллаж байсан хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог иргэний хэрэг шүүхэд хянагдаж байхад хасч өөр орон тоо нэмж баталсан нь хууль бус, хөнгөн атлетик бол хүүхдээс эхлээд хөгшин хүн хүртэл хичээллэдэг бүх нийтийн спорт” гэж маргажээ.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.17 “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 65.1.8 “тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Засаг дарга нь аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тоог баталсан нь хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Үлгэрчилсэн дүрэм, бүтэц батлах тухай” 35 дугаар тушаалаар аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газрын үлгэрчилсэн дүрэм болон бүтцийг баталсан байх бөгөөд энэ бүтцээр аймгийн Биеийн тамир, спортын газарт Спорт тоглоомын төрлийн дасгалжуулагчид, Халз тулааны төрлийн дасгалжуулагчид, Үндэсний спортын төрлийн дасгалжуулагчид, Өвлийн спортын төрлийн дасгалжуулагчид, Хэмжигдэхүүнтэй спортын төрлийн дасгалжуулагчид байх шаардлагатай гэж ойлгохоор байна.
Харин дээр дурдсан ерөнхий спортын төрлүүдээс аль спортын нарийвчилсан төрлийг сонгож дасгалжуулагчийн орон тоог тогтоох нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “хүн амын нягтаршил, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн иргэний идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг бий болгох, спортын барилга байгууламж, заал, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх” гэж заасан аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах бөгөөд энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь шийдвэр гаргах ажиллагаа зохих журмын дагуу явагдсан эсэх, холбогдох хуулийн зөрчил үүссэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэнэ.
Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/157 дугаар захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтцэд волейбол, бөх, бокс, хүндийн өргөлт, таеквондо, сагсан бөмбөг, бялдаржуулахын дасгалжуулагчийн орон тоог баталж, хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хассан нь дээр дурдсан Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 35 дугаар тушаал болон холбогдох хуулийг зөрчөөгүй байх бөгөөд тухайн аймаг, орон нутагт хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх болон энэ төрлийн спортын дасгалжуулагч зайлшгүй шаардлагатай эсэх нь захиргааны хэргийн шүүхийн хяналтанд хамаарахгүй.
Түүнчлэн, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Б-ын нэхэмжлэлтэй, аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдох хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь иргэний хэргийн хариуцагч бус, мөн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн аймгийн Засаг даргыг буруутгах, хууль зөрчсөнд тооцох үндэслэл болохгүй байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/157 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй, энэ шаардлага хангагдаагүй тул аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоонд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог тусгаж батлах шийдвэр гаргахыг даалгахыг хүссэн нэхэмжлэл хангагдах боломжгүй.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч Х.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан эрхээ хамгаалуулахаар иргэний хэргийн шүүхэд хандахад энэ магадлал саад болохгүйг дурьдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН