Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2020/0571

 

“Н з н” НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А /цахимаар/, өмгөөлөгч Н.Нямжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э /цахимаар/, өмгөөлөгч П.А /цахимаар/ нарыг оролцуулан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Н з н” ТББ-ын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг дарга болон Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н з н” НҮТББ-ын “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр зөвлөмж, мөн Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамж /уг үнэлгээний хороо байгуулагдсан захирамж олдохгүй байгаа/-аар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар зөвлөмжүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн итггэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Маргааны үндсэн шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Бараа ажил үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна” гэсэн байх ба мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т зааснаар Үнэлгээний хороог байгуулахдаа “Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна” гэж заасан байна. Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу “Б х х” ТББ-ын гишүүн Ш.А “зөвшилцсөнөөр” гэж дурьдан “үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжид оруулсан нь худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах хуулиар тогтоосон хэлбэрийг хэрэгжүүлэхдээ илт хууль бус үйлдэл хийж, хууль бусаар ТББ-ын нэрийг ашиглан, тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр зөвлөмж, мөн Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамж /уг үнэлгээний хороо байгуулагдсан захирамж олдохгүй байгаа/-аар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар зөвлөмжүүдийг илт хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Нэхэмжлэгч “Н з н” НҮТББ нь “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр зөвлөмж, мөн Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан /тодорхойгүй/ Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар зөвлөмжүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлийг анхааралгүй нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Тодруулбал,

“Н з н” НҮТББ нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан байх ба энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна”, 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх” гэж заасныг хангах учиртай.

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ...”, 4 дүгээр зүйлийн 1-д “Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэж заасан бол 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт төрийн нийтийн зориулалттай өмчид хамаарах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тодорхойлж өгчээ.

 Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан  “нийтийн өмчийг хамгаалах асуудлаар” гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар тодорхой нэрлэж заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хамгаалах асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж ойлгохоор байна.

Гэтэл нийтийн бус төрийн өөрийн өмчтэй холбоотой, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагддаг харилцаа буюу Сургуулийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэртэй маргасныг нийтийн өмчид хамааруулан буруу ойлгож хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн, “Н з н” НҮТББ-ын дүрэмд “Хүн амын тодорхой бүлэг давхаргын эрх ашгийг хамгаалах, байгаль орчин нийтийн эрүүл мэнд, нийтийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд туслах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, халуун сэтгэлийн аян, соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах, дэмжих” гэж зорилгоо тодорхойлсон бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд туслах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, халуун сэтгэлийн аян, соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах, хүн амын тодорхой бүлэг давхаргын болон байгаль орчин нийтийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах, дэмжих” гэж үйл ажиллагааны чиглэлээ тогтоосон байх бөгөөд дээрх дүрмийн зорилго болон үйл ажиллагааны чиглэлд нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх тусгагдаагүй, хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байгааг дурьдах нь зүйтэй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.      

          Хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тул маргаан бүхий захиргааны актын агуулга болон хууль зүйн үндэслэлтэй холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.   

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаар тогтоолоор Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчид буцаах тухай” 40 дүгээр захирамжийг хүчингүй болгохдоо “...ойлгомжгүй, шийдлийн хувьд уялдаагүй” гэх үндэслэл заан дахин шийдвэрлүүлэхээр буцаасан атал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зөв үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн алдаа гаргасныг анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Н з н” НҮТББ-ын нэхэмжлэлтэй “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр зөвлөмж, мөн Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан /тодорхойгүй/ Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар зөвлөмжүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                          Б.Тунгалагсайхан   

                ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН