Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 14

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Н” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Засаг дарга,

            Хариуцагч: Үнэлгээний хороонд тус тус холбогдох

            “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр зөвлөмж, мөн “Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамж /уг үнэлгээний хороо байгуулагдсан захирамж олдохгүй байгаа/-аар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар зөвлөмжүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2020/0010/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Нөхөрлөл залуусын нэгдэл” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын болон хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ю нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” НҮТББ-аас нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр зөвлөмж, Мөн “Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамж /уг үнэлгээний хороо байгуулагдсан захирамж олдохгүй байгаа/-аар байгуулагдсан” үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар зөвлөмжүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 04 сарын 23-ны өдөр гаргасан.

Уг нэхэмжлэлийн бүрдүүлбэртэй холбоотой шүүгчийн захирамжид туссан асуудлын хүрээнд өмнө нь манай “Н” НҮТББ нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байсан ба 2015 оны 02 дугаар сарын 25-нд байгуулагдсан бөгөөд, өнөөг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс жишээ дурдвал зөвхөн нийтийн эрх ашгийг хамгаалах асуудлаар захиргааны хэргийн шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 128/ш32019/2745 дугаартай хэрэгт нэхэмжлэл гаргаж хүлээж авч байсан ба уг асуудал нь нийтийн эрх ашгийг хамгаалах асуудлын хүрээнд Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй яг адил ба нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэрд нэмэлтээр “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн” 2019 оны 04 сарын 26-ны өдрийн дугаар 128/ш32019/2745 тоот шүүгчийн захирамжийг хуулбарлан гаргаж өгч байна. Жич: Өмнө нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг хуульд заасан үндэслэлээр гаргаж авах боломжгүй учир “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны” шүүхээс 2019 оны 04 сарын 26-ны өдрийн дугаар 128/ш32019/2745 тоот шүүгчийн захирамжийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж авах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч “Н” НҮТББ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай А/158 дугаартай захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо, мөн өдрийн А/154 дугаартай захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо болон аймгийн Засаг даргыг хариуцагчаар татсан. Энэ үнэлгээний хороогоор 31, 32 дугаар зөвлөмжүүдийг гаргасан байх бөгөөд уг зөвлөмжүүдийг илт хууль бус болохыг тогтоож өгөөч гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийг гаргах болсон гол шалтгаан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байгаа ба ийм учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан байгаа. Ш.А гэх хүнийг төрийн бус байгууллагын гишүүн ба зөвшилцсөнөөр гэж Үнэлгээний хороо байгуулсан захирамжид бичсэн байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна.

Хууль тогтоох байгууллага хуулийг баталж нийгмийн харилцааг зохицуулж өгдөг. Хуулиар тогтоосон хэлбэрийг хэрэгжүүлэхдээ хууль бус үйлдэл гаргаж байгаа нэг арга хэлбэр боллоо. Хуулиар тогтоосон хэлбэр гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.4 дүгээр зүйлд худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах хуулийн хэлбэр өөрөө байгаа юм. Энэ хэлбэрийг бол хууль тогтоогч нар батлахдаа та нар хоёр төрийн бус байгууллага оруулаа гээд батлаад өгсөн хуулийг зөрчөөд байгаа юм. Хариуцагч тал Ш.А-ийг төрийн бус байгууллагын гишүүн биш гэдгийг хүлээн зөвшөөрч байгаад баяртай байна. Энэ хэлбэрийг анхнаасаа зөрчиж байгаа нь хууль бус үйлдэл юм. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.8 дугаар зүйлд Үнэлгээний хорооны дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай гишүүд Үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглүүлж гарын үсэг зурна гэсэн байдаг. Засаг даргын захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо нэг гишүүн байхгүй байна. Ингээд үнэлгээний хороо зөвлөмж гаргахад бүх гишүүд нь гарын үсэг зураагүй юм. Хуралдаа ороогүй гишүүнийхээ саналыг авах ёстой. Эсрэг саналтай гишүүн байж болно гэсэн байгаа. Эсрэг саналтай байх юм бол түүнийг тэмдэглээд олонхоо дагна. Бусдаар бол оролцоогүй бол гэсэн агуулга хуулинд байхгүй. Зөвлөмж илт хууль бус болж таарч байна. Хариуцагч өөрөө тэр гишүүний талаар тайлбарлалаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.8 дугаар зүйлийг яагаад зөрчсөн талаараа хариу тайлбар хийх байх. Төр хууль баталдаг, баталсан хуулийг бүгд даган биелүүлэх ёстой. Гэтэл энэ хуулийг бид зөрчөөд байна. Төрийн байгууллага хуулийг л биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байна. Хуулиар тогтоосон хэлбэрийг хэрэгжүүлэхдээ хууль бус үйлдэл хийхийг шаардсан. Аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн А/154, А/158 дугаартай захирамжаар Үнэлгээний хороо байгуулахдаа “Б” төрийн бус байгууллагын гишүүн Ш.А гээд зөвшилцсөнөөр гэж байна. Гишүүн биш хүнийг яагаад хууль бус үйлдэл хийхийг шаардсан бэ? гэдэг дээр тайлбар авмаар байна. Урд гаргасан саналаа дэмжиж байна.

Үнэлгээний хороо байгуулах тухай гээд энэ Засаг даргын захирамжийг хэлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хууль тийм байх ёстой гэж хэлж болохгүй байх. Төрийн байгууллага хууль журмыг мөрдөх үүрэгтэй. Ийм учраас тус хуулийн 47.8 дугаар зүйлийг уншаад өгчихье гэж бодож байна. Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна гэсэн байдаг. Түрүүний тайлбарлаад байгаагаар бол үнэлгээний дүгнэлтэд бүх гишүүд гээд хуулиар заагаад өгчихсөн байгаа юм. Тэр хүмүүст эсрэг саналтай хүн байх юм бол тэгнэ ингэнэ гээд мөн заагаад өгчихсөн. Засаг даргын захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 31, 32 дугаар захирамж нь өөрөө илт хууль бус болохыг Захиргааны ерөнхий хуульд заагаад өгчихсөн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.5 дугаар зүйлд зааснаар хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж би ойлгож байгаа. Учир нь өнөөдөр хариуцагч хариу тайлбар хийхдээ зөвшилцсөнөөр биш энгийнээр гэж байна. Тэгэхээр үүнийгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Төрийн бус байгууллагын гишүүн биш хүнийг үүн дээр бол гишүүн гэсэн байна. Энэ хүнийг хууль бус үйлдэл хийхийг шаардсан. Хуулиараа ил тод байдлыг хангаад энэ хүнийг иргэнээр гэсэн бол надад маргах зүйл алга. “Б” төрийн бус байгууллагад Ш.А гэх хүн гишүүнээр байгаагүй, одоо ч байхгүй. Төрийн байгууллага бол хуулиа дээдлэх, чандлан сахиж биелүүлэх ёстой. Энэ чиг үүргээ хэрэгжүүлээч дахин ийм зөрчил дутагдал битгий гаргаасай гэж хүсээд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-т Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна гэсэн байгаа. Тэрнээс биш хуралд оролцсон юм уу? тухайн хуралд гэсэн зүйл байхгүй. Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гээд хуульчлаад өгчихсөн байхгүй юу. Энэ хүнийг оруулснаараа ямар хохирол учраад байгаа юм бэ? гэж асуугаад байна. Хохирол, хор уршиг маш их учирсан. Төрийн албан тушаалтнууд хууль бус захирамж гаргадаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Төр өөрөө ямар чадамжгүйгээ харуулж байна. Үнэлгээний хороогоо ахлаж байгаа хүн нь гишүүнийхээ сертификатыг шалгадаггүй. Төрийн бус байгууллагын гишүүн эсэхийг мэдэхгүй томилдог төрийн нийтлэг зарчим харагдаж байна. Энэ нь төрийн байгууллагын алдаа. Үнэхээр энэ зөвлөмжөөс үүдэж хор уршиг учирсан нь дараа, дараагийн асуудал байх гэж би бодож байна. Өнөөдөр зөвхөн зөвлөмжтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас. Үүн дээр цэг тавих нь зүйтэй байх. Хуулиар тогтоосон хэлбэрийг хэрэгжүүлэхдээ хууль бус үйлдэл хийхийг шаардаад байгаа юм. Өнөөдөр бид хууль зөрчөөд байна. Анхнаасаа илт хууль бус үйлдлийг л би илт хууль бус болохыг нотлуулах гээд байгаа юм” гэжээ.

     Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын хүлээн авах боломжгүй байна. Үүнд: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас манай аймагт эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн БСШУСЯ/201902059 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 320 суудал, (Өвөрхангай, Арвайхээр сум) ажлын тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаар захирамжаар байгуулсан. 1. Үнэлгээний хороог байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийг удирдлага болгон худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Д-г, нарийн бичгийн даргаар Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Э-г, Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.М, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Ц.Н, Боловсрол, соёл, урлагийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ч, төрийн бус байгууллагын төлөөллөөр “Тогтвортой-Амьжиргаа III” төслийн Өвөрхангай аймаг дахь зохицуулагч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Т.Н, иргэн, хувийн хэвшлийг төлөөлүүлэн Ш.А нарыг томилсон. Албан хаагчдын төлөөллүүд нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн ба бүгд АЗ гэрчилгээтэй, үнэлгээний хороодод тухай бүр томилогдон ажилладаг албан хаагчид, судалгаанд хамрагдсан иргэд байдаг болно. 2. Дээрх үнэлгээний хороо нь байгуулагдсан цагаасаа хуулийн хугацаанд ажиллаж, улмаар 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас манай аймагт эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн БСШУСЯ/201902059 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 320 суудал, (Өвөрхангай, Арвайхээр сум), БСШУСЯ/201902053 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 320 суудал (Өвөрхангай, Хархорин сум) ажлуудын тендерийн урилгыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д нээлттэй тендер шалгаруулалтын журмын дагуу 30 хоног нээлттэйгээр зарлан мэдээллэж 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээлтийг хийсэн байдаг. -БСШУСЯ/201902059 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 320 суудал, (Өвөрхангай, Арвайхээр сум) ажлын тендерт Багахөгшин ХХК, Бакоконстракшн ХХК-иудын түншлэл        -БСШУСЯ/201902053 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 320 суудал (Өвөрхангай, Хархорин сум) ажлын тендерт Химонконстракшн ХХК материалаа ирүүлснийг тус бүрийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүн хууль, журмын дагуу хянан үзээд шаардлагад нийцсэн тул 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31, 32 дугаар дүгнэлтийг гарган ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалт, үнэлгээний хороодын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31, 32 дугаар дүгнэлтийг үндэслэн "Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай" 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/232, 234 дүгээр шийдвэрүүдийг /захирамж/ гаргасан. Дээрх шийдвэрүүд нь хуулийн хүрээнд гарсан. Аливаа хууль зүйн бус үйлдэл, бусдад давуу байдал олгосон гэх зэрэг асуудалгүй болно. Мөн үнэлгээний хороонд хууль бусаар ажилласан гэх үнэлгээний хорооны гишүүн Ш.А нь хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтын АЗ гэрчилгээ олгох сургалт, шалгалтанд хамрагдан эрх авсан орон нутагт ажиллах боломжтой гэж аймгийн судалгаанд ирүүлсэн хүмүүсийн жагсаалтаар аймгийн үнэлгээний хороодод ажиллаж ирсэн иргэн юм. Тухайн маргаан үүсгэсэн тендер сонгон шалгаруулалтын үнэлгээ, зөвлөмж гаргах өдрийн хуралдаанд үнэлгээний хорооны гишүүн Ш.А нь эзгүй байсан учир хуралдаанд оролцоогүй байна. Зөвлөмж дүгнэлтийг үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулан захиалагчид хүргүүлдэг учир Ш.А-ийн зүгээс ямар нэг ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн эсэхийг нь тогтоох боломжгүй юм. Мөн нэхэмжлэлийн шаардлагад өгүүлсэн “Б” ТББ нэрийг ашигласан эсэх маргааныг бид тодорхойлох, тогтоох боломжгүй бөгөөд Үнэлгээний хороонд ажиллах иргэд нь ямар нэг аж ахуйн нэгж нэрээр АЗ гэрчилгээг авдаггүй иргэн өөрийн нэрээр сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авч ажилладаг. 3. БСШУСЯ/201902053 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 320 суудал (Өвөрхангай, Хархорин сум) ажлын тендерийн батлагдсан төсөвт 3.500.000.000 /гурван тэрбум таван зуун сая) төгрөг, БСШУСЯ/201902059 Сургуулийн барилга, 320 суудал, (Өвөрхангай, Арвайхээр сум) ажлын тендерийн батлагдсан төсөвт өртөг 3 000.000.000 (гурван тэрбум) төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас манай аймагт эрх шилжүүлсэн. Улсын төсөвт батлагдахдаа төсөвт өртөг зөрүүтэйгээр батлагдсан ба захиалагч талд хамааралгүй болно. Дээрх барилгуудыг батлагдсан зураг төсвийн дагуу, чанартай гүйцэтгэж гэрээт хугацаандаа ашиглалтанд хүлээлгэн өгсөн бөгөөд шат шатны хяналтын байгууллагуудаар шалгагдаж, одоогоор ямар нэгэн зөрчил дутагдалтай зүйл гараагүй болно” гэв.

Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооноос шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“Н” НҮ төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагын хүлээн авах боломжгүй байна. Үүнд: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас манай аймагт эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн БСШУСЯ/201902059 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 320 суудал, (Өвөрхангай, Арвайхээр сум) ажлын тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаар захирамжаар байгуулсан. 1.Үнэлгээний хороог байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Д-г, нарийн бичгийн даргаар Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Э-г, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Б.М, Ц.Н, Боловсрол, соёл, урлагийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ч, төрийн бус байгууллагын төлөөллөөр “Тогтвортой-Амьжиргаа III” төслийн Өвөрхангай аймаг дахь зохицуулагч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Т.Н, иргэн, хувийн хэвшлийг төлөөлүүлэн Ш.А нарыг томилсон. Албан хаагчдын төлөөллүүд нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн ба бүгд АЗ гэрчилгээтэй албан хаагчид болно. 2. Дээрх үнэлгээний хорооны бүрэлдэхүүн хуралдаж 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас манай аймагт эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн БСШУСЯ/201902059 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 320 суудал, (Өвөрхангай, Арвайхээр сум), БСШУСЯ/201902053 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 320 суудал (Өвөрхангай, Хархорин сум) ажлуудын тендерийн урилгыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д нээлттэй тендер шалгаруулалтын журмын дагуу 30 хоног нээлттэйгээр зарлан мэдээллэж 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутад нээлтийг хийсэн байдаг.               -БСШУСЯ/201902059 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 320 суудал, (Өвөрхангай, Арвайхээр сум) ажлын тендерт Багахөгшин ХХК, Бакоконстракшн ХХК-иудын түншлэл -БСШУСЯ/201902053 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 320 суудал (Өвөрхангай, Хархорин сум) ажлын тендерт Химонконстракшн ХХК материалаа ирүүлснийг тус бүрийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүн хууль, журмын дагуу хянан үзээд шаардлагад нийцсэн тул 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31, 32 дугаар дүгнэлтүүдийг гарган ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалт, үнэлгээний хороодын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31, 32 дугаар дүгнэлтийг үндэслэн "Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай" 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/232, 234 дүгээр шийдвэрүүдийг /захирамж/ гаргасан. Дээрх захирамжуудад хууль бус зүйл үгүй болно. Үнэлгээний хороо хуралдах үед гишүүн Ш.А нь эзгүй байсан учир үнэлгээний хорооны хуралдаанд оролцоогүй, үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж захиалагчид хүргүүлдэг. Ш.А нь үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хурал болох өдөр эзгүй байсан учир хуралдаанд оролцоогүй байна. 3. БСШУСЯ/201902053 тендер шалгаруулалтын дугаартай Сургуулийн барилга, 320 суудал (Өвөрхангай, Хархорин сум) ажлын тендерийн батлагдсан төсөвт 3.500.000.000 /гурван тэрбум таван зуун сая) төгрөг, БСШУСЯ/201902059 Сургуулийн барилга, 320 суудал, (Өвөрхангай, Арвайхээр сум) ажлын тендерийн батлагдсан төсөвт өртөг 3 000.000.000 (гурван тэрбум) төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас манай аймагт эрх шилжүүлсэн. Улсын төсөвт батлагдахдаа төсөвт өртөг зөрүүтэйгээр батлагдсан ба захиалагч талд хамааралгүй болно” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга болон Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“Ш.А нь хуулиараа бол худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн А3 сертификаттай байгаа. Бид үүнийг үндэслэж Үнэлгээний хорооны гишүүнээр томилсон. Тухайн үед “Бүтээлч хөгжлийн хөтөч” төрийн бус байгууллагыг байгуулна гэж байсан учраас тэр нэршлээр нь оруулсан байгаа. Ш.А нь худалдан авах ажиллагааны хуулиараа бол худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн А3 сертификаттай учраас иргэнийхээ хувьд ч тэр хувийн хэвшлийг төлөөлөөд Үнэлгээний хорооны гишүүнээр томилогдох бүрэн боломжтой. Тухайн Хархорин, Арвайхээр суманд баригдсан 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны хуралд Ш.А эзгүй байсан учраас оролцоогүй, тэрээр эцсийн үнэлгээнд нөлөөлсөн, санал өгсөн зүйл огт байхгүй.

Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Ш.А-ийг оруулсан. Ш.А худалдах, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн учраас худалдах, худалдан авах ажиллагаанд иргэнийхээ хувьд орох эрхтэй. “Бүтээлч хөгжлийн хөтөч” төрийн бус байгууллагыг албан ёсоор бүртгээгүй, байгуулагдаагүй байхад Ш.А-ийг Үнэлгээний хорооны гишүүнээр оруулсан нь бидний буруу. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд “Тогтвортой амьжиргаа-3” төслийн зохицуулагч Н гэж төрийн бус байгууллагыг төлөөлсөн хүн оролцсон байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор иргэн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оруулна гэсэн болохоос хоёр төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна гэсэн зүйл байхгүй. Үнэлгээний хорооны дүгнэлтэд бүх гишүүд гарын үсэг зурах ёстой гэж хэлж байна. Үнэлгээний хорооны дүгнэлт өөрөө хоёр хэлбэртэй явж байгаа. Хурлын тэмдэглэл буюу дүгнэлт, хурлын тэмдэглэлийг үндэслээд дарга, нарийн бичиг хоёр гарын үсэг зураад захиалагчид санал зөвлөмж дүгнэлтээ хүргүүлдэг. Хурлын тэмдэглэл дээр бүх гишүүд гарын үсэг зурж байгаа. Шалтгаантай, оролцох боломжгүй хүмүүсийг ирц нь хүрч байгаа тохиолдолд оролцуулахгүйгээр явж байгаа. Сангийн сайдын 2014 онд баталсан журмаар Үнэлгээний хорооны гишүүдийн 80-аас дээш хувийн ирцтэй бол Үнэлгээний хороо хурал хийх боломжтой. Тэр дагуу хууль журмын хүрээндээ хурлаа хийсэн. Энэ журмаараа шийдэгдээд явж байгаа асуудал шүү дээ.

Ш.А-ийн төрийн бус байгууллагын гэрчилгээг үзэлгүй Үнэлгээний хороонд томилсон нь бидний буруу болж байгаа. Ш.А нь энэ чиглэлээр мэргэшсэн сертификаттай, эцсийн шийдвэр гаргах ажиллагаанд оролцоогүй. Өөрөө хэлж байх шиг байна. Эсрэг саналтай байсан бол тэмдэглүүлэх ёстой байсан гэж. Ш.А Үнэлгээний хорооны хуралд огтоосоо оролцоогүй. Хурлын тэмдэглэл дээр байгаа тэр хүнийг эзгүй байсан, түүнд утсаар мэдэгдсэн. Оролцохгүй гэсэн учраас хурлыг эхлүүллээ гээд. Ийм л зүйл болсон” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“Үйлчлүүлэгчийнхээ тайлбарыг дэмжиж байна. Яагаад гэвэл Ш.А-ийн гол эрх нь А3 эрхийн сертификаттай байгаад юм. Энэ хоёр зөвлөмжийг гаргахад нийтийн эрх ашиг юугаар хохирсон юм бэ? Ямарваа нэг зүйлийг хууль бус гэж үзэж байгаа бол хортой үр дагавар гарсан байх ёстой. Тэр үр дагаврууд нь юу юм бэ? гэхээр Ш.А тэнд томилогдсоноос болж нийгэмд учирсан хохирол байхгүй. Мөн Ш.А тэр хуралдаануудад оролцоогүй. Үнэлгээний хороо хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Аль нэг гишүүн төлөөлж бие даасан шийдвэр гаргадаггүй. Хамтын шийдвэрийг дарга, нарийн бичгийн дарга хоёр баталж гарын үсэг зурдаг. Тухайн өдрийн хуралдаанд тэр хүн оролцоогүй байдаг. Тэр хүн ирээгүйгээс болж хурал хойшлох шалтгаан байхгүй. Олонхынхоо ирцээр хурлаа хийгээд ажлаа зохион байгуулаад явна. Тийм учраас Ш.А-ийн ямар нэгэн оролцоо энд байхгүй. Хамгийн гол нь Ш.А Үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсоноос болж нийгэмд ийм ийм хор уршиг учирсан гэх бодитой үр дагавар байхгүй. Илт хууль бус гэдэг чинь гаргасан байгууллага нь тодорхой бус илэрхий алдаатай байх, биелүүлэх чиг үүрэг нь тодорхойгүй байх, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг хийхийг шаардах зэрэг илтэд утга агуулгын хувьд алдаатай байхыг хэлээд байгаа. Тэгэхээр тэр хүн Үнэлгээний хороонд орсноор ямар ч муу үр дагавар байхгүй юм. Үүнийг бид бас ойлгох ёстой юм шүү. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн боломжгүй байна.

Хуулиа дээдлэх ёстой гэсэн нэхэмжлэгчийн тайлбартай санал нэг байна. Хуулийг үзэмжээрээ, санаан зоргоор хэрэглэж болохгүй. Хуулийг ян тан биелүүлэх ёстой. Ш.А тэр Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилогдсон явдал бол хоёр талтай харагдаж байна. Нэгдүгээрт гэрчилгээтэй байсан иргэнийг гишүүнээр оруулж хувийн хэвшлийг төлөөлж байсан. Хоёрдугаарт төрийн бус байгууллагын нэрийг ашигласан явдал нь тэр шийдвэрийг гаргасан хүний буруу юу? гэвэл бас биш юм. Хэрэв буруутай гэж үзвэл тэр нэрийг ашигласан хүний буруу байна уу? гэхээс биш төрийн байгууллагын буруу гэж энд байхгүй шүү дээ. Мэдээлэл гаргаж өгсөн хүн өөрөө л буруутай шүү дээ, тэр хүн үнэхээр ТББ-ын гишүүн мөн эсэхийг мэдэхгүй харин өөрөө л би ийм ТББ-ын гишүүн гэж мэдээллээ өгсөн байгаа. Үүнийг анхаарч үзэж ёстой гэж бодож байна. Ч.А өмгөөлөгчтэй арай өөр санал бодолтой байгаа нэг зүйл байна. Хуульд хорооны бүх гишүүд гарын үсэг зурна. Эсрэг саналтай байгаа бол тайлбараа хийнэ гэж байгаа. Хуралд оролцсон гишүүд л гарын үсэг зурж тухайн хуралд оролцож эсрэг саналынхаа тайлбарыг бичнэ үү болохоос биш огт хуралд оролцоогүй хүнд хамаарахгүй ойлголт гэж би үзэж байна. Гэхдээ би бүгдийг мэддэг хүн бол биш л дээ. Эцсийн эцэст хууль бус үйл ажиллагаанд хэн нэгний эрх ашиг хохирсон байх ёстой байдаг. Тийм байх ёстой болохыг хуулиар шаарддаг. Тэгвэл энэ хоёр тендертэй холбоотой хэний эрх ашиг яг яаж хохирчхоод байгаа юм. Тэр нь гол байтал тийм зүйл байхгүй байгаа юм. Ш.А оролцоод эсрэг санал өгөөд за ямар ч санал өгдөг бай Үнэлгээний хорооны хуралд нь оролцоод тэгээд шийдвэр гараад үйл явдал цаашаа явсан бол нийгэмд хохиролтой байдал үүсч болохыг үгүйсгэхгүй. Гэтэл Ш.А тэр өдрийн Үнэлгээний хорооны хуралд оролцоогүй. Түүний санал тусгагдсан зүйл огт байхгүй. Цаашид ийм зөрчил дутагдал гаргахгүй байх гэсэн нэхэмжлэгч талын саналтай санал нэг байна” гэв.

Гэрч Ш.А шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

“Би өөрөө тендерийн үнэлгээний хороонд орж ажиллах эрх бүхий сертификаттай. 2017 онд анх энэ сертификатаа авч байсан. Тийм учраас тендерийн үнэлгээний хороонд орж ажилласан. Харин энэ Үнэлгээний хорооны зөвлөмж гарахад ямар нэг байдлаар оролцоогүй. Хөдөө ажилтай байсан учраас хуралд нь оролцож амжаагүй. Тухайн үед над руу утсаар ярьж Үнэлгээний хороо хуралдана ирж оролцоорой гэж хэлж байсан. Найзуудаараа нийлж анх 2016 оны сүүлчээр “Б” гэх нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байгуулах гээд тухайн үедээ фэйсбүүк аккаунт хүртэл нээж хөгжүүлээд явж байгаад манай найзууд бичиг баримтаа хөөцөлдөж авна гээд миний холбогдох бичиг баримтуудыг авч байсан. Тэгээд төрийн бус байгууллагаа байгуулсан юм байх гэж бодсон боловч байгуулаагүй байсан юм байна лээ. Байгуулах гээд явж байх тэр үетэй зэрэгцээд А3 сертификат олгох сургалт зарлагдсан байсан. Зар харж байгаад сургалтанд хамрагдсан. Би “Б” ТББ байгуулагдсан болохыг бүүр сүүлд л мэдсэн. Нөгөө найзуудыгаа байгуулсан л юм байх гэж бодсон. Худалдан авах газраас төрийн бус байгууллагын гэрчилгээ гэж шаардаагүй. Иргэн, төрийн бус байгууллагын аль нь ч орж болно гэж хуулиндаа заасан байдаг учраас би орж байсан. Бид ТББ-ынхаа нэрийг нь хүртэл шүүлгэчихсэн байсан. Би тухайн өдрийн Үнэлгээний хорооны хуралд оролцоогүй учраас энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Тухайн үед сургалтанд суухад иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл байж болно гэсэн. Тийм учраас тухайн үед байгуулах гэж байсан “Б” төрийн бус байгууллагынхаа нэрээр үнэлгээний хороонд орсон. Иргэн миний нэр дээр А3 худалдан авах ажиллагааны гэрчилгээ нь байдаг. Би “Б” ТББ-ын гишүүн биш. Надаас ТББ-ынхаа гэрчилгээгээ аваад ир гэж асууж, хэлж ярьж байгаагүй” гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н” НҮТББ-аас Өвөрхангай аймгийн Засаг дарга болон Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр зөвлөмж, мөн “Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамж /уг үнэлгээний хороо байгуулагдсан захирамж олдохгүй байгаа/-аар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар зөвлөмжүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарт тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр зөвлөмжөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх Сургуулийн барилга /320 суудал, Өвөрхангай Арвайхээр сум/-ын ажлын гүйцэтгэгчээр “Багахөгшин” ХХК, “Бако констракшн” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн материал[1], мөн 32 дугаар зөвлөмжөөр[2] улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх Сургуулийн барилга /320 суудал, Өвөрхангай Хархорин сум/-ын ажлын гүйцэтгэгчээр “Химон констракшн” ХХК-ийн ирүүлсэн материалиудыг тус тус шаардлага хангасан гэж үзсэн байна.

 “Н” НҮТББ-аас дээрх 31, 32 дугаар зөвлөмжүүдийг хуульд нийцээгүй, хуулийн холбогдох зүйл заалтууд ноцтой зөрчигдсөн гэж үзэж илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан болно.

Маргаан бүхий захиргааны акт болох 31, 32 дугаар зөвлөмжүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7 дахь хэсгүүдэд нэрлэн заасан 7 үндэслэлийн аль нэгэнд хамаарч байж гэмээн сая илт хууль бусад тооцогдох хуулийн зохицуулалт үйлчилж байна.

Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан тул 31, 32 дугаар зөвлөмжүүд нь илт хууль бус гэж маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж хуульчлан заасан.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх тохиолдлуудыг нэрлэн заасан байна. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэж заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд захиргааны акт нь чиглэсэн этгээддээ хандаж хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардаж байгаа бол тухайн акт илт хууль бус болохыг тус хуулийн 47.1.5 дахь хэсэгт тодорхой хуульчлан зааж өгч журамлан зохицуулсан байна.

31, 32 дугаар зөвлөмж нь сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэх боломжтой этгээдийг шийдвэр гаргаж, гэрээ байгуулах эрх олгох эрх бүхий албан тушаалтан болох Засаг даргад санал болгож зөвлөсөн шинжтэй байх бөгөөд энэ нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан утга агуулгыг агуулаагүй дүгнэж зөвлөсөн утга агуулгатай гэж үзэхээр байна.

Харин зөвлөмжүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна.”, 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэж заасантай нийцжээ.

Хэдийгээр нэхэмжлэгчээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д заасны дагуу үнэлгээний хорооны бүх гишүүд 31, 32 дугаар зөвлөмжид гарын үсэг зурж баталгаажуулах ёстой байсан гэж маргаж байгаа хэдий боловч Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.2-т “Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэж Үнэлгээний хорооны үйл ажиллагааг тухайлбал үнэлгээний хорооны хурлын ирцийн талаар нарийвчлан зохицуулж, тус хууль эрхийн актад Үнэлгэний хорооны ирцтэй холбоотой асуудлыг тодорхой заажээ.

Иймд 85.5 хувийн ирцтэй хуралдаж гаргасан 31 дүгээр зөвлөмж, 85.7 хувийн ирцтэй хуралдаж гаргасан 32 дугаар зөвлөмжүүдийг илт хууль бус гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 Нэхэмжлэгчээс Үнэлгээний хорооны гишүүнээр иргэн Ш.А-ийг “Б” ТББ-ын гишүүн ба зөвшилцсөнөөр гэж оруулсан нь хууль бус үндэслэлгүй тул уг Үнэлгээний хорооноос гаргасан зөвлөмжүүд нь илт хууль бус, Үнэлгээний хороо байгуулахдаа хууль зөрчсөн гэх агуулгаар тайлбар хийж, хууль зөрчиж байгуулагдсан Үнэлгээний хорооны зөвлөмж нь илт хууль бус байх үр дагавартай гэж маргаж байгаа болно.

Дээрх дурьдаж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8,  Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.2-т заасанчлан хууль, эрхийн актад тусгагдсан үндэслэлүүдээр үнэлгээний хорооны шийдвэрийг илт хууль бус гэж үзэх боломжгүй байх ба Үнэлгээний хорооны гишүүн Ш.А нь 31, 32 дугаар зөвлөмжүүдийг гаргахад оролцоогүй болох нь баримтаар нотлогдон тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй байна.

Харин Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/154, А/158 дугаар захирамжуудаар тус тус байгуулсан Үнэлгээний хороо маргаан бүхий захиргааны актууд болох 31, 32 дугаар зөвлөмжүүдийг гаргасан бөгөөд уг Үнэлгээний хорооны гишүүнээр иргэн Ш.А-ийг “Б” ТББ-ын гишүүн ба зөвшилцсөнөөр гэж Үнэлгээний хороонд оруулсан байх бөгөөд шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч Ш.А-ийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э болон хариуцагчийн өмгөөлөгч П.А нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох иргэн Ш.А-эд Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2017.02.16-ны өдөр олгосон гэрчилгээ[3], “Б” НҮТББ-аас тус шүүхэд ирүүлсэн 2020.07.07-ны өдрийн 20/01 тоот албан бичиг[4] зэрэг баримтуудаар иргэн Ш.А нь “Б” ТББ-ын гишүүн биш, уг ТББ нь Үнэлгээний хорооны хурал болсон 2019.04.15-ны өдрөөс хойш 2 сар 13 хоногийн дараа буюу 2019.06.28-ны өдөр байгуулагдсан[5] атал “Б” ТББ-ын гишүүн ба зөвшилцсөнөөр гэж Үнэлгээний хороонд иргэн Ш.А-ийг гишүүнээр оруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, баримт нотолгоотой байна.

Тус захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь 31, 32 дугаар зөвлөмжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай маргаан бөгөөд нэхэмжлэгчээс Үнэлгээний хороо байгуулсан Засаг даргын захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянаж маргаан бүхий захиргааны актууд болох 31, 32 дугаар зөвлөмж нь хууль зүйн үндэслэлтэй байсан эсэхэд дүгнэлт өгсөн болно.

Захиргааны хэргийн шүүх нь Үнэлгээний хороо байгуулсан Засаг даргын захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад уг захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэх, захирамж хууль зүйн үндэслэлтэй байсан эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэх эрх хэмжээгүй юм.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” НҮТББ-ын Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр зөвлөмж, мөн “Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамж /уг үнэлгээний хороо байгуулагдсан захирамж олдохгүй байгаа/-аар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар зөвлөмжүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


[1] 1-р хавтаст хэргийн 149-152 дахь тал.

[2] 1-р хавтаст хэргийн 247-250 дахь тал.

[3] 1-р хавтаст хэргийн 80, 167 дахь тал.

[4] 2-р хавтаст хэргийн 12-15 дахь тал.

[5] 2-р хавтаст хэргийн 13, 15 дахь тал.