Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00238

 

Д.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Ж-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.П-, Ш.Т- нарт холбогдох,

6 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.П-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Иргэн Д.Жаргалсайхан би А.П-, Ш.Т- нарт мөнгө зээлсэн, бид зээлийн гэрээндээ хугацаа тогтоогоод гэрээ байгуулаад гарын үсгээ зурсан байсан. Энэ хүмүүсээс зээлийн гэрээний хугацаандаа тариа, ногоогоо хурааж дуусахаар нь зээлсэн мөнгөө авах гэсэн боловч өгөөгүй тул үндсэн зээл 4 000 000 төгрөгийг хүү 2 080 000 төгрөгийн хамт нэхэмжилж байна. Зээлийн гэрээнд хүү тохироогүй боловч зээл төлөх талаар харилцан тохирч тогтоосон хугацаанд мөнгийг нь төлөхгүй бол 4 хувийн хүү тооцно гэж тохирч бичгээр үйлдэн бүгдээрээ хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Энэ гэрээ хэрэгт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П- шүүхэд гаргасан тайлбартаа:

...Манайх ногоо тарьдаг, жаахан малтай тэрийгээ маллаж амьдардаг. Би 4 000 000 төгрөг авсан нь үнэн. Зээлсэн мөнгөө төлөх болонгуут Д.Ж-гийн нөхөр нь орж ирээд та хоёр энэ жил ногоо тариад яах юм бэ. Ногоо тариад хэрэггүй. Бид хоёр бүх зүйлээ авъя та хоёр манай ногоог тарьж өг. Та хоёрыг манайх өргүй болгоё гэж хэлэхээр нь бид хоёр өөрийнхөө ногоогоо тарихаа болиод энэ хоёр хүнд зорьж ногоог нь бүтэн хаваржингаа тарьж, бүтэн зунжингаа усалж, хор цацаж, ургуулж бүхэл бүтэн 1000 шуудай төмс авч өгсөн.

Бид хоёрын төлөхгүй гээд дайраад байгаа ганцхан шалтгаан нь тэр. Бид нар тэрнээс цалин мөнгө юу ч үгүй хоцорч байгаа. Энэ хүний тэрэг техникээр нь төмс ногоог нь хурааж өгсөн. Бүх зүйлийг нь далд хийж өгсөн. Нэг ч зүйл талбай дээр үлдээгээгүй. Тийм учраас манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа юм гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар хариуцагч Ш.Т-, А.П- нараас 4 650 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 430 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид А.П-, Ш.Т- нараас 89 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-д олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 142 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн: 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч А.П-, Ш.Т- нараас 4 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 080 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.П-, Ш.Т- нараас 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.П-гээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 89 350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг хууль зөрчиж үнэлсэн. Давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн гэх зээлийн гэрээг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэсэн мөртлөө хуулийг буруу хэрэглэж хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан.

Давж заалдах гомдолдоо өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэсэн үндэслэлээр гомдлоо гаргасан боловч давж заалдах шатны шүүх “хариуцагч өмгөөлөгч авах хүсэлтээ бичгээр гаргаж байгаагүй, ...өмгөөлөгч авах эсэхийг шүүхээс тодруулсан байх тул ...тайлбар үндэслэлгүй байна” гэж тайлбарлаж байгаа нь хуулийг илт зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь миний бие анхан шатны шүүх хурал дээр 4-5 удаа өмгөөлөгч авч хуулийн зөвлөгөө авмаар байна гэхэд хангалттай хугацаа байсан авахгүй яасан юм бэ гээд хүсэлтийг минь хангаагүй, миний хүсэлтийн талаар нэхэмжлэгч талаас асуухад хангалттай хугацаа байсан шүүх хурлыг хойшлуулахгүй хиймээр байна гэж байсан. Энэ бүх шүүхийн буруу ажиллагаанаас болж миний өмгөөлөгч авах өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрх ноцтой зөрчигдөөд байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн эрхийнхээ хэмжээнд үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Хэргийн оролцогч хууль эрх зүйн мэргэжлийн туслалцаа авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг төлөөлүүлэн өмгөөлөгч оролцуулах эрхтэй ба энэхүү эрхийг нь шүүхээс хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Ж- нь хариуцагч А.П-, Ш.Т- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 080 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар зээлийг хүлээн зөвшөөрсөн боловч төлбөрийг бүрэн төлсөн гэж маргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг татгалзаж буй байдлаа баримтаар нотлоогүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь шүүх танилцуулсан байна.

Шүүх зохигчдын хоорондох гэрээний харилцааг тодорхойлох зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, хэлбэр, агуулга, хүүгийн талаар тохиролцсон гэж үзэх эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийснийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Харин бичгийн нотлох баримт болох зээлийн гэрээг шүүх тодорхой үнэлж, шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэхдээ “нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэж нэр томъёоны хувьд алдаатай тусгасныг тэмдэглэх нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН