Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2016/02664/И |
Дугаар | 5434 |
Огноо | 2016-10-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 5434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 41 дүгээр гудамж, 695 тоотод оршин суух, Бичээч овогт Давгын Сэдэд /РД: ХЖ42100714/,
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 41 дүгээр гудамж, 695 тоотод оршин суух, Дархан овогт Дондовын Цэцэгмаа /РД: ХЖ55111607 нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотод оршин суух, Чонос овогт Сумъяагийн Нямхишиг /РД:ХА73020401,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотод оршин суух, Чонос овогт Сумъяагийн Сарангэрэл /РД: УК92011200/ нарт холбогдох,
Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай байрны өвлөгчийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа, хариуцагч С.Нямхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар Ц.Энхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг барьцаалж, 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, дараа нь 12 сарын хугацаатай 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, мөн 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж зээлүүлсэн. Мөн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн, дараа нь 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 16 сарын хугацаатай зээлийн гэрээг сунгаж, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон ба дээрх хоёр гэрээг тус тусд нь байгуулж, нотариатаар батлуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн. Гэтэл Ц.Энхтуяа нь үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй байхдаа буюу 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Ц.Энхтуяа нь С.Нямхишигээс С.Сарангэрэлийг үрчилж авсан байдаг. С.Нямхишиг нь эх Ц.Энхтуяагийн байрны өв тогтоогдоогүй учир барьцаанд байгаа байрнаас үндсэн зээл, түүний хүүг төлөхгүй гэдэг. С.Нямхишиг нь өөрийн эцэг Б.Сумъяагийн байрны өвийг буруу тогтоосон гэж уг эрхийг сэргээлгэх гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээсээ 2015 оны 11 дүгээр сард татгалзсан байдаг. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч 536.1-д зааснаар гомдлын шаардлага гаргаж, түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргана гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ц.Энхтуяа нь нас барснаас хойш 2 жил 4 сарын хугацаа өнгөрсөн, түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг хэн хууль ёсны дагуу өвлөн авсан эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Иймд хэн өвлөн авсан нь тодорхойгүйгээс болж Ц.Энхтуяагийн барьцаанд тавьсан байрнаас зээлийн төлбөрийг барагдуулах боломжгүй байна. Ц.Энхтуяаг нас нарснаас хойш дээрх орон сууцыг С.Нямхишиг нь эзэмдэн авч, ашиглаж байна. Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээж авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно. Мөн зүйлийн 527.2-т зааснаар өвдөгч ямар нэгэн нөхцөл зааж болзол тавьж өвлөгдөх эд хөрөнгийг түр хүлээн авах эрхгүй гэж заасан тул Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх үндэслэлээр Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцны өвлөгчийг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Сарангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч С.Нямхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Энхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцны өвлөгчийн асуудал шийдэгдээгүй байгаа бөгөөд уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл, өвлөгчийн асуудлаар шүүхэд хандсан байгаа. Шүүх шийдвэрлэсний дараа өв хүлээн авсан хэмжээгээр зээлийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Би энэ байран дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргаад Ц.Энхтуяад оногдох хэсгийг Д.Сэдэд гуайд төлъе гэсэн. Өвлөх эрх нь сэргээгдэхгүй байсан ч Сарангэрэл гэдэг хүүхэд миний төрсөн хүүхэд. Миний хүүхдийг 17 настай байхад өвлөх эрхийн гэрчилгээнд оруулаагүй байсан. Нотариатч Энхээ өөрөө Сарангэрэлийг оролцуулаагүй нь үнэн. Баттай нотлох баримтгүйгээр гэрчилгээг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байгаа. Миний хувьд энэ байрны өвлөгч нарыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар нь хариуцагч С.Нямхишиг, С.Сарангэрэл нарт холбогдуулан, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг дээрх орон сууцын өвлөгчийг тогтоолгох тухай болгож өөрчилжээ.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц.Энхтуяагийн барьцаанд тавьсан байрнаас зээлийн төлбөрийг барагдуулах боломжгүй байх тул Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцны өвлөгчийг тогтоолгох” гэж тодорхойлсон бол хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...өвлөгч тогтоогдсон тохиолдолд өв хүлээн авсан хэмжээгээр зээлийн төлбөрийг төлөх боломжтой” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нар нь Ц.Энхтуяатай 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд барьцаад Ц.Энхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг барьцаалсан нь зээлийн болон барьцааны гэрээ, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 12/7580 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байна. /хх 55-74 дүгээр тал/
Ц.Энхтуяа 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан нь Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 00/004969 дүгээр нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна. Түүнчлэн, Б.Сумъяа болон Ц.Энхтуяа нар нь 1995 оны 3 дугаар сарын 1-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртүүлсэн байх бөгөөд Б.Сумъяагаар С.Нямхишиг, С.Мөнхтуяа, С.Мягмарсүрэн, С.Сарангэрэл нар овоглосон нь Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 00/004972, 00/004973, 00/004974, 00/004977 дугаар төрсний болон 00/004982 дугаар гэрлэлтийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.
Маргааны зүйл болж буй дээрх орон сууцыг Ц.Энхтуяа нь 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн өв залгамжлах эрхийн гэрчилгээний үндсэн дээр Б.Сумъяагаас өвлөн авсан байх бөгөөд С.Нямхишиг, С.Мөнхтуяа, С.Мягмарсүрэн, С.Сарангэрэл нар нь дээрх өв залгамжлалыг олгосон нотариатч Б.Энхээд холбогдуулан, уг гэрчилгээг хүчингүйд тооцуулах, мөн орон сууцыг өвлөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь “орон сууцыг өвлөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн болохыг тогтоолгох” шаардлагаасаа татгалзаж, харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас “2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/00264 дүгээр захирамжаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд мөн зүйлийн 515.2-т зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээдэг. Түүнчлэн, мөн зүйлийн 515.3-т зааснаар өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэдэг.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, тэдгээр нь байхгүй буюу өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нь хууль ёсны өвлөгч болдог. Харин мөн хуулийн 522 дугаар зүйлийн 522.1-д зааснаар иргэн нь хуульд зааснаар өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг буюу хэд хэдэн иргэн, түүнчлэн төр буюу хуулийн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болдог.
Гэтэл нэхэмжлэгч нар нь Ц.Энхтуяагийн өвлөгдөх эд хөрөнгө болох дээрх орон сууцны өвлөгчийг тогтоолгохоор шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасантай нийцэхгүй байна.
Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргах бөгөөд мөн зүйлийн 536.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болдог.
Хавтаст хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар Ц.Энхтуяагийн өвийг хэн хүлээн авсан нь буюу Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцны өвлөгчийн асуудал шийдвэрлэгдээгүй байхад хариуцагч С.Нямхишиг, С.Сарангэрэл нарыг өвлөгч гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь өвлөгч нараас өвийг хүлээн авсан хэмжээнд өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгэлийн талаар гомдлын шаардлага гаргах эрхтэйгээс бус өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгийг тогтоолгохоор шаардлага гаргах эрхгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нар өвлүүлэгчийн өвийг хүлээн авсан этгээдээс өвлүүлэгчийн үүргийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.Нямхишиг, С.Сарангэрэл нарт холбогдох, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцны өвлөгчийг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН