Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 153/2015/00090/И |
Дугаар | 001/ХТ2018/00239 |
Огноо | 2018-02-08 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2018/00239
Д.Л-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2017/00367 дугаар шийдвэр,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Д.Л-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч З-д холбогдох,
Гэм хорын хохирол 31 785 518 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Д.Л-а, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Ц.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний хүү Л.Лхаасүрэн нь 1993 онд төрсөн, 21 настай. 2011 оны 10 сард аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас авч, Цэргийн албаны комиссын эмч нарын үзлэг сорилд “бие эрүүл” гэж тэнцэн Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123-р ангид цэргийн алба хаахаар хуваарилагдсан.
Хүү Л.Лхаасүрэн нь цэргийн албанд татагдахаас өмнө эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэж үзээгүй, цоо эрүүл хүүхэд байсан юм. 2012 оны 04 сард хүү Лхаасүрэн нь 7 хоногийн чөлөөгөөр гэртээ ирсэн. Бид хүүгээ хүлээж авахад тэр “үг яриа орон гаран, хольж хутгасан” байдалтай бидэнтэй ярилцаж чадахгүй байсан тул эхнэр Даваа хүүгээ аваад Ховд хот руу эмчид үзүүлэхээр явсан. Ховдод ирээд “Ачтан” эмнэлгийн н.Шинэбаяр эмчид үзүүлэхэд “мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай” гэж хэлсэн. Намайг 2012 оны 08 сард 123-р ангид хүүтэйгээ эргэлтээр уулзахад хүү Л.Лхаасүрэнгийн “хэл нь унжсан, өрөөсөн шанаа чих нь хавдартай, чихнээс нь шингэн ус гоожсон” байдалтай байсан. Тухайн үед би энэ талаар 123-р ангийн сувилагч Сүхээ гэдэг хүнтэй уулзаж, хүүгийнхээ талаар асуухад “Л.Лхаасүрэн одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа, өвөл хөлдсөнөөс болж чих нь ийм болсон, одоо гэсэж байгаа.” гэсэн юм. Гэвч н.Сүхээ сувилагчийн надад хэлсэн зүйл худал болохыг би хүүтэй хамт цэргийн алба хаасан Чандмань сумын н.Бэхболд гэдэг цэргээс асуухад “ротын дарга н.Сүхбат зодсоноос болж чих нь мөгөөрс нь хугарч идээлсэн” гэж хэлсэн. Чихний мөгөөрс нь эдгэхгүй ус гоожсон тул эмнэлэгт хэвтсэн байсан. Бид арга буюу 2013 оны 01 сард хүүгээ аваад Солонгосын Тэжан хотын мэдрэлийн эмнэлэгт үзүүлсэн юм. Тус эмнэлгийн эмч нараас “тархины усжилт бий болоод удаан хугацаа өнгөрсөн тул тухайн үед хагалгаа хийх боломжгүй, эхлээд биеийн эсэргүүцэл сайжруулахаар удаан хугацааны эмчилгээ хийлгэсний дараагаар хагалгаа хийх боломжтой талаар надад хэлсэн. Би хүүгээ цэрэгт байхдаа бусдад зодуулж байсан талаар хамт цэргийн алба хаасан нутгийн залуучуудаас асууж сурагласан юм. Цуг цэрэгт явсан хүмүүс Алтай сумын н.Заяа, Чандмань сумын н.Балсан, н.Нямдаваа нараас асууж тодруулахад “Лхаасүрэн нь цэрэгт байхдаа зодуулж байсан. Батальеон Захирагчийн орлогч н.Магнайбаяр нь нэг удаа хэвтэрт ортол нь зодсон. Ротын дарга н.Сүхбат нь бас зодож” байсан талаар надад хэлсэн. Түүнчлэн ротын захирагч н.Лхагвадорж, салаан захирагч н.Бямбасүрэн нар нь бас миний хүүг зодож байсан байх магадлалтай байгаа юм.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар миний хүүг шат шатны олон эмнэлэгт эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал болон эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авсан зардал гэх мэт нийт хохиролд 31 785 518 төгрөгийг хариуцагч З-ас гаргуулан нэхэмжлэгч Д.Л-а надад олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Ховд аймгийн Чандмань сумын иргэн Д.Л-аас тус ангитай холбогдуулж гаргасан иргэний хэрэгт Ховд аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар аймгийн прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л-а нь нэхэмжлэлдээ аймгийн эрүүл мэндийн комиссын үзлэгийн дүн “бие эрүүл” гэж тэнцэн цэрэгт татагдсан гэж байгаа юм. Аймгийн цэрэг татлагын комиссын үзлэгт нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг хэдий ч үзлэгт нарийн мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж ашигладаггүй. Ердийн буюу анхан шатны үзлэгээр тархины дотор гэмтэл илрэх боломжгүй гэдгийг ч эмч нар тайлбарласан. Тухайн үед аав ээж нь ирж уулзах үед ахмад Х.Лхагвадорж, ахлах дэслэгч Ц.Бямбасүрэн нар “танай хүү орондоо шээсэн” гэхэд гэрээсээ тос авч ирж давсгийг нь тосолсон, зүйл сурахгүй байна гэдгийг хэлж байсан. Энэ үед аав Д.Л-а нь ойлгож байна бие султай, муу хүүхэд байгаа юм аргалаад албыг нь хаалгаад өгөөрэй гэж офицер, ахлагч нарт нь хэлдэг байсан. Тэрчлэн Д.Л-а аймагт болдог олон нийтийн арга хэмжээний үед салаа, салбарын офицер, ахлагч нартай таарахдаа зүгээр мэнд устай хүүгээ асуугаад сул доройг нь хэлээд захиад явдаг байсан. Нэхэмжлэгч Д.Л-а нь 2014 оны 01 дүгээр сараас гомдол гарган шалгуулж Цагдаа, Прокурорын шалгалтаар гэрчүүдийн мэдүүлэг Л.Лхаасүрэнг болон бусад цэргүүдийг хэн нэгэн офицер, ахлагч гэмтэл учруулан зодож, цохиж байгаагүй гэдгийг батлан гэрчилсэн байна. Мөн хэд хэдэн гэрчүүд Л.Лхаасүрэнг аавдаа байнга зодуулж, дарамтлуулдаг тухай гэрчилсэн байдаг. Нэхэмжлэгч Д.Л-а хүү Л.Лхаасүрэн цэргийн алба хааж нутагтаа гэр орондоо очоод жил гаруй болоход одоо яриад байгаа гомдлынхоо талаар манай байгууллагад нэг ч удаа мэдэгдээгүй гомдол гараагүйн үнэн болно. Д.Л-а нь хүүхдээ мөнгө хөрөнгө зарцуулж, гадаад дотоодод эмчилгээ хийлгэхдээ тус ангитай ямар нэгэн холбогдолгүй байсан учраас гомдол хүсэлт гаргаагүй гэж үзэж байна. Д.Л-а нь 2013 оны 11 дүгээр сарын 24-нд буюу 01 жил, 01 сар 10 хоногийн дараа анги дээр ах Цэвээнравдан, хүү Лхасүрэнгийн хамт ирж энэ талаар уулзсан болно.
Бид Лхаасүрэнг цэргээс халагдаад жил гаруй болох хугацаанд хаана юу хийж байсан, биеийн эрүүл мэндийн байдал нь ямар байсныг анги байгууллага сайн мэдэхгүй. Гэвч цэргийн албанд ирэхээсээ өмнө аав намайг байнга зоддог ээжийг эзгүйд бүр их зоддог гэж хамт алба хааж байсан цэргүүддээ болон салааны захирагчдаа ярьж байсан нь өнгөрсөн энэ хугацаанд ааваараа зодуулсан байж болзошгүй гэсэн хардалтыг төрүүлж байна. Мөн цэргийн албанд ирэхээс өмнө гэмтэл авсан байх нь ч эргэлзээ төрүүлж байгаа аймгийн эмч нарын үзлэгээр тархины гэмтлийг ердийн болон анхан шатны үзлэгээр тогтоох боломжгүй гэдгийг эмч нар нотолж байгаа юм гэжээ.
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2017/00367 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч З-ас 3 759 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Л-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 406 318 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч З-ас улсын тэмдэгтийн хураамж 75 098 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Л-ад олгож шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2017/00367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Л-ын хариуцагч З-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 34 165 518 /гучин дөрвөн сая нэг зуун жаран таван мянга таван зуун арав найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7, 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 900 төгрөгийг төрийн сангийн 110000321668 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Л-ад, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 098 төгрөгийг төрийн сангийн 110000321668 тоот данснаас гаргуулж З-д тус тус буцаан олгож, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зуйлийн 40.2-т заасан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчиж нэхэмжлэлийн үнийн дүнгээс зөвхөн 3 759 200 төгрөгийн баримтыг үнэлж, үлдэх 30 595 818 төгрөгийн баримтыг үнэлээгүй шалтгаанаа дурдаагүй, эдгээр нотлох баримтын талаар шүүхээс дүгнэлт өгөөгүй орхигдуулсан, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг баримтлан энэ гомдлыг гаргаж байна.
Д.Л-а миний бие нь эрүүл саруул, улсын комиссор орж тэнцээд цэргийн албанд явсан хүүгээ нэг жил болоод халагдаж ирэхдээ хүн ч танихгүй, өмнөх юмаа санадаггүй болоод ирснийг мэдсэн бөгөөд үүнийг нутаг усны олон түмэн ч гэрчилсэн. Бид юуны өмнө хүүгээ эмчлүүлээд эрүүл саруул болгож авъя гэж үзээд удаа дараа үзүүлж эмчлүүлж, Бүгд найрамдах Солонгос улсад хүртэл явсан боловч үр дүнд хүрээгүй хүү маань 2016 оны 06 дугаар сарын 03-нд нас барсан. Бид хүүгээ өвчтэй ч гэсэн амьд сэрүүн байхад нь асуудлыг зохих газарт нь тавьж Цагдаа прокуророор шалгуулж, шүүхэд нэхэмжлэлээ гаргаж явсаар одоо хүрч байна. Гэтэл хэрэгт энэ бүх баримтаа хуульч нарын туслалцаатайгаар бүрдүүлж өгөөд байхад 30 595 818 төгрөгийн баримтыг юу гэж үзсэн ойлгомжгүй орхигдож байгаад гайхаж эргэлзэж байна. Шүүхийн шийдвэрийг уншихад анхан шатны шүүх асуудалд зөв дүгнэлт өгсөн байдаг боловч хохирол гаргуулсан байдал сайн ойлгогддоггүй. Давж заалдах шатны шүүх хохирлын баримтад ямар ч дүгнэлт хийлгүй бүгдийг нь хэрэгсэхгүй болгосон нь хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг боловсрол нимгэн малчин биднийг арай дорд үзсэн хэрэг боллоо гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх үзэхдээ “Цэргийн анги байгууллага, тэнд ажилладаг төрийн албан хаагчдын буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй” гэжээ. 123 дугаар ангийн батальон захирагч Д.Магнайбаяр нь байлдагч Л.Лхаасүрэнг зодож гэмтээж, дүрмийн бус харьцсан үйлдэл нь шалгагдаж тогтоогдсон боловч тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ЭБША явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Ховд аймгийн Прокурорын 2016 оны 08 дүгаар сарын 03-ны 5/108 тоот тогтоолоор тогтоогдсон байна. Энэ тогтоол нь Д.Магнайбаяр гэм бурүугүй гэж үзсэн хэрэг биш бөгөөд тэрээр тухайн үед мөрдөж байсан ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зааснаар гэм буруугийнхаа талаар маргаагүй, гомдол гаргаагүй тул гэм буруутай гэж үзэх ёстой. ...Л.Лхаасүрэнг цэргийн алба хааж байхдаа зодуүлж байсан, эмнэлэгт хэвтэж байсан, бие сэтгэц сул дорой байсныг олон баримт нотолсон байна. Энэ талаар шүүхийн шийдвэр, прокурорын тогтоолд хангалттай дурдсан ба хэрэгт шүүх дүгнэлт өгөх боломжтой байдлаар авагдсан болно. Ийм байхад Цэргийн ангийн удирдлага, командлал, бусад алба хаагчдын гэм бурууг тогтоосон байхыг иргэний шүүх заавал шаардах нь үндэслэлгүй бөгөөд хохирогч иргэдийн хувьд ямар ч боломжгүй зүйл. Цэргийн ангийн зарим хүмүүс зарим гэрчүүд Л.Лхаасүрэнг эцэгтээ байнга зодуулдаг байсан, цэрэгт ирэхдээ өвчтэй ирсэн гэх мэдүүлэг тайлбар өгсөн байдаг боловч дээр дурдсан 1992 оны 05 сарын 04-ний хуулийн дагуу цэргийн албанд тэнцэж алба хаасан, алба хааж байхад нь түүнийг тэнэгрэл, сэтгэцийн эмгэгээр эмчлүүлэх, цэргийн жинхэнэ албанаас халах асуудал огт тавьж байгаагүй нь тийм биш болохыг нотолно. Л.Лхаасүрэн цэргээс халагдаад очихдоо хүн танихгүй, өмнөхөө санахгүй байдалтай ирсэн гэдэг нөхцөл байдал энэ хэрэгт хангалттай нотлогдсон байгаа, энэ нь хэн ч худал хэлж чадахгүй амьдралын бодит үнэн юм. Нөхцөл байдал ийм байгаа, нотлогдож байхад харин Цэргийн анги, түүний төлөөлөгч шүүхийн өмнө цэргийн анги буруугүй “Л.Лхаасүрэн цэргийн албаа идэр эрийн ёсоор хаагаад бие чангарч, цэргийн болон бусад эрдэмд цэгцрээд, бие хүний төлөвшил олоод эрүүл саруул халагдсан” гэсэн ямар баримт гаргасан билээ. Тийм зүйл байхгүй нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 498 дугаар зүйлийн 498.3-т заасан нөхцөл байхгүйг харуулна.
Гэмт үйлдэл, эс үйлдэхүй үүний улмаас үүссэн гэм хор, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой нь тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх үзжээ. Л.Лхаасүрэнг шууд удирдах, харьцах дарга Д.Магнайбаяр зодож гэмтээж байсан байдал тогтоогдсоныг дээр дүрдсан. Хүү Л.Лхаасүрэн нь зодуулсан, эмнэлэгт хэвтсэн, тэр тухайгаа цэргийн албанд байхдаа ярьж байсан, орондоо шээх зэргээр биеийн байдал суларсан, гал зуух казарм хавиар ойр зуур түүнийг байлгадаг байсан зэрэг нөхцөл тогтоогдсон байгаа. Цэрэгт эрүүл мэндээр тэнцэж алба хаасан, халагдаад ирэхдээ хүн сайн танихгүй, өмнөхөө санахгүй дүйнгэ байдалтай ирсэн нөхцөл байдал нотлогдсон байгаа. Цэргээс ирснийх нь дараа түүнийг ар гэр нь эмчилгээнд авч явж боломжийн хирээр эмчлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдсон байгаа. Хэдийгээр шинжээч эмч нар Л.Лхаасүрэн нь тархины усжилт, тэнэгрэл өвчтэй байх ба энэ нь тархины гэмтэл ба өвчний алинаас нь үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Л.Лхаасүрэн цэргийн алба хааж байхдаа гэмтэл авсан гэх эмнэлгийн бичиг баримтгүй учир уг өвчин хэзээ үүссэн, ямар шалтгаанаар үүссэнийг тогтоох боломжгүй гэсэн байдаг боловч энэ нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар үнэлэхэд өвчнийг цэргийн алба хааж байхдаа авсан нь тогтоогдож байгаа болно. Л.Лхаасүрэнг цэргийн албанд ирэхдээ өвчтэй байсан гэх болон цэргийн албанаас халагдахдаа ямар ч өвчин эмгэггүй байсан гэх баримт нотолгоогүй, 3эвсэгт хүчний анги салбар л нотлох боломжтой ийм баримтыг хариуцагч өөрөө гаргаж нэхэмжлэлийг нотлох баримтаар няцаагаагүй, харин ч эсрэгээрээ алба хааж байхдаа зодуулж, гэмтэж эмнэлэгт хэвтэж байсан, халагдаад ирэхдээ өвчтэй болсон байсан байдал тогтоогдсон нь шалтгаант холбоог шууд нотолно.
Хүү Л.Лхаасүрэн нь Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүргээ биелүүлэх явцдаа өвчтэй болж улмаар амь насаа алдсан ба тухайн үед мөрдөж байсан Иргэний цэргийн үүргийн ба цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 10 дахь заалт, мөн тухайн үед мөрдөж байсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /2002 оны 4 сарын 25-ны/ 6 дугаар зүйлийн 6.1.7, 8 дугаар зүйлийн 8.2.4-д зааснаар эмнэлгийн үйлчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авах ёстой. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэсэн заалтуудыг цэргийн анги биелүүлээгүй нь эс үйлдэхүй мөн болно.
...Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 178 дугаар зүйлийн 178.1.3 дахь заалтыг үндэслэн Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны 34 дүгээр магадлалыг хүчингүй болгон Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 00367 тоот шийдвэрт өөрчлөлт оруулан 34 355 018 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжид өмнө төлсөн 373 000 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Нэхэмжлэгч Д.Л-а нь гэм хорын хохирол 31 785 518 төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2017/00367 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйд гомдолтой байна.
...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэжээ.
Хуулийн дээрхи зохицуулалтаас үзвэл, нэгдүгээрт төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад гэм хор учруулсан “гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй түүний улмаас учирсан гэм хор, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо” байгаа болох нь нотлогдон тогтоогдсон байх, хоёрдугаарт “Уг гэм хорыг учруулсан албан хаагч буюу хариуцах эзэн нь тогтоогдсон байх”, гуравдугаарт Уг гэм хорыг арилгасан байгууллага буюу төр нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс /албан хаагчаас/ шаардан гаргуулах боломжтой байх” гэсэн хуулийн урьдчилсан нөхцлүүд тусгагджээ. Гэтэл шүүх үйлдэл, эс үйлдэхүй, гэм хор, шалтгаан холбоо, гэм буруу зэрэгт ач холбогдол өгөхгүйгээр хариуцагч З- нь талийгаач Л.Лхаасүрэнгийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг зөрчсөн, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “байлдагч түрүүчийг эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө цэргийн албанаас чөлөөлж болно” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй гэм буруутай байна гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 153/ШШ2017/00367 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Л-ад 3 795 200 төгрөгийг Зэвсэгт хүчний 123-р ангиас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 406 318 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдсэн, давж заалдах шатны шүүхийн 34 дугаартай магадлалаар хариуцагч Зэвсэгт хүчний 123-р ангиас гэм хорын хохиролд 31 785 518 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээд байдаг. Л.Лхаасүрэн нь цэргийн албанд явахдаа эрүүл саруул явж эмч нарын комиссын үзлэг, сорилд эрүүл мэндээр тэнцэн цэргийн албанд татагдсан атлаа цэргээс халагдаж ирэхдээ мэдрэл сэтгэцийн хүнд өвчтэй болоод ирсэн байхад алба хаасан Зэвсэгт хүчний 123-р анги хариуцлагаас мултарч үлдэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 153/ШШ2017/00367 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, давж заалдах шатны шүүхийн 34 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Л.Лхаасүрэнгийн эрх залгамжлагч Д.Л-а нь хариуцагч З-д холбогдуулан гэм хорын хохиролд 34 355 018 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал шаардлагаа багасгаж, 34 165 518 төгрөг болгожээ.
Хариуцагч шаардлагыг зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийг татгалзсан байна.
Л.Лхаасүрэн нь 2011 оны 10 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын сарын хооронд цэргийн алба хаасан ба цэргээс халагдахад “усан тэнэгрэл” оноштой сэтгэцийн өвчтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Л.Лхаасүрэн нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нас баржээ.
Нэхэмжлэгч тал дээрх сэтгэцийн өвчин Л.Лхаасүрэнд цэргийн алба хааж байх үед бусдад зодуулсны улмаас үүссэн гэж үзсэн бол хариуцагч тал Л.Лхаасүрэнг угаас ийм өвчтэй байсан гэж маргасан байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийжээ.
Тухайлбал, Л.Лхаасүрэн нь цэргийн жинхэнэ албанд татагдахад эмч нарын үзлэгт орж, цэргийн албанд тэнцэнэ гэх эмчийн дүгнэлтийн дагуу Цэрэг татлагын товчооны шийдвэр гарсан нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “цэргийн жинхэнэ албанд татагчдад нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийлгэх” шаардлагад нийцжээ. Энэхүү үйл баримтыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.
Түүнчлэн, Л.Лхаасүрэн цэргийн алба хааж байхдаа гэмтлийн улмаас эмчлэгдэж байсан, батальоны захирагчийн зүгээс түүнтэй цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж байсан зэрэг үйл баримтууд нь баримтаар нотлогджээ.
Талийгаач Л.Лхаасүрэн нь цэрэгт татагдахаас өмнө оюуны хөгжлийн хоцрогдмол байдалтай байсан нь мөн баримтаар тогтоогдсон боловч цэрэгт татагдахаас өмнө “усан тэнэгрэл” онош бүхий сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч байгууллага байлдагчийн эрүүл мэндийн байдал цаашид цэргийн жинхэнэ алба хаахад харшлах эсэхийг цаг тухайд нь дүгнээгүй, улмаар хугацаанаас өмнө цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх эсэх асуудлыг бүрэн эрхийнхээ хэмжээнд холбогдох газарт мэдэгдэж, шийдвэрлүүлээгүй буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах үүрэгтэй.
Нэхэмжлэгчид учирсан гэм хорын хэмжээг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2017/00367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН