Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1688

 

                

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

Хохирогч Б.Янжиндулам,

Шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нт холбогдох 1906 01381 0808 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1973 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Жавхаа” салонд үсчин ажилтай, ам бүл 8, хадам эцэг, эхнэр, 4-22 насны 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн гудамжны 3в хэсгийн 643 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Э овогт Нын Н /РД:УА73072417/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.Н нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 211 дүгээр цэцэрлэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Янжиндуламыг “өмд угаасангүй” гэсэн шалтгаанаар өмдөөрөө толгой руу нь 2 удаа ороолгож, зүүн гуянд нь 2-3 удаа өшиглөж, зүүн хацар руу нь баруун гараараа нэг удаа алгадан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед дээд уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 3 дугаар шүдний хугарал зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

“... 2019 оны 01 дүгээр сарын 26-нд ажил дээр бүх нийтийн цэвэрлэгээ хийж байхад согтуу ирээд “Автобусны мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар зодсон. Бусадтай ямар ч шалтгаангүй хардаж хэл амаар байнга доромжилдог. 2018 онд бусадтай хардаж намайг зодоод 10 хоног шүүхээр баривчилгаанд явсан. Урьд өмнө нь ч байнга хардаж зоддог... Байнга уудаг өдөр бүр согтуу байдаг...” гэх мэдүүлэг,

“2018    оны 06 дугаар сарын 04-ний өдөр ... 211 дүгээр цэцэрлэгт эхнэр Б.Янжиндуламд агсам тавьж, хэл амаар доромжилж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан ...” гэх зөрчилд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 887 дугаартай шийтгэврээр шийтгэл оногдуулсан /хх.98/,

“2019    оны 07 дугаар сарын 18-ны өдөр ... гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Янжиндуламыг хардаж ... зодсон, бага насны хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн...” гэж 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1516 дугаартай шийтгэврээр шийтгэл оногдуулсан /хх.97/,

2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар гэртээ танхайрсан, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нөхөр агсан тавьсан, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэртээ агсан тавьсан зэргээр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Янжиндуламыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Янжиндуламын өгсөн: “Манай нөхөр өдөр болгон багадаа 200 граммын архи уудаг. Ер нь бол үнэртүүлсэн байдалтай байдаг. Байнга бэлэн мөнгөтэй харилцдаг учир архи уугаад байдаг юм. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр битүүний өдөр байсан учир манайх хагас өдрөөр ажиллах байсан. Би тухайн өдрийн өглөө 8 цаг өнгөрөөд ажил дээрээ очсон. 09 цагийн орчим манаач “танай нөхөр ирсэн, чамайг дуудаж байна” гэж хэлсэн. Намайг гараад очиход “миний өмдийг угаасангүй, хулгайч нохой шиг гэтлээ, гичий чинь“ гэж хэлээд өмдөөрөө миний нүүр ам руу ороолгосон. Тэр үед манай ахлах тогооч “чи одоо болиоч, байнга л эхнэрээ зодож байх юм” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэж хариулсан. Өмнө нь хамт ажилладаг хүүхэн “үс засаад өгөөч” гэж гуйхаар нь би ажлын хүүхний үсийг засаад дуусч байх үед манай нөхөр ирээд “худлаа ярьлаа” гэж хэлсэн. Ажлын хүүхэн машинтай учир намайг гэрт хүргэж өгнө гэсэн юм. Би ажлын хүний машины урд сандалд суугаад нөхөртөө “суувал суугаач” гэж хэлэхэд гараараа нүүрийн зүүн талд уруулын дээд хэсэгт цохисон. Тухайн үед халуу дүүгээд явсан. Манай ажлын хүүхэн цагдаа дуудах уу гэж асуухаар нь би “хэрэггүй” гэж хэлсэн. Тухай өдөр намайг цохисон учир нүүр аймаар хавдсан. Би хүргэн дүүгээ дуудаж, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Аав намайг “байнга л зодуулж байх юм” гэж хэлсэн. Өмнө нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч архи уусан ирээд хэрүүл хийсэн. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн урьд өдөр нь манай ажил дээр дээлтэй монгол гэх өдөрлөг болсон. Намайг гэртээ харихад нөхөр намайг “хаашаа яваад ирсэн юм бэ” гэж хэлээд ажлын газрын манаач нартай хардсан. Маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр намайг ажлын хувцас сольдог өрөөнд байх үед гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Янжиндуламын өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би өглөөний 09 цагт 211 дүгээр цэцэрлэг болох ажил дээрээ ирсэн. Тэгээд ангидаа ороод сууж байтал цэцэрлэгийн жижүүр Амаржаргал ирээд “Янжиндуламаа нөхөр чинь доор нэг давхарт ирсэн дуудаж байна” гэсэн. Тэгэхээр нь би 1 давхарт буугаад очтол манай нөхөр Н согтуу зогсож байсан. Би Ныг яасан, яагаад ирсэн юм бэ? гэж асуутал Н халааснаасаа шар өнгийн өмд гаргаж ирээд “чи өмд угаасангүй” гэж хэлээд өмдөөрөө миний толгой руу 2 удаа ороолгосон. Би ажлынхаа хүмүүсээс ичсэндээ манай өрөө рүү оръё гээд Ныг дагуулаад өрөөндөө орсон. Өрөөнд ороод би уурласандаа Нын зүүн хацар луу нь баруун гараараа нэг удаа алгадсан чинь Н баруун хөлөөрөө миний зүүн гуянд 2-3 удаа өшиглөөд шар өмдөөр толгой руу 2 удаа ороолгож байхад, манай цэцэрлэгийн тогооч болох Нарантуяа, Жагдалмаа 2 өрөөний хаалгаар орж ирсэн. Тэгээд Жагдалмаа Нт “чи одоо болиоч ээ өчигдөр хүртэл эхнэрээ хувцас солидог   өрөөнд   цохиж   зодоод   байсан   биз дээ”   гэж   хэлээд   Нарантуяа, Ныг дагуулаад өрөөнөөс гарсан. Тэгээд би өрөөгөө цоожлоод гал тогоонд ороод ажлынхаа газрын хүмүүсийн үсийг янзалж өгч байгаад 12 цагийн үед ажлынхаа хойд хаалгаар Жагдалмаа, Нарантуяа 2 той хамт гараад, зогсоол дээр байсан Нарантуяагийн машины урд суудлын зүүн талд сууж байтал, хаалга онгойлгоод “хаачих гээд байгаа юм” гэж хэлээд Н миний дээд уруул руу 1 удаа цохисон /яг аль гараараа цохисныг санахгүй байна/. Тэр үед миний шүд унасан болохоор амнаас маш их цус гарч байсан. Машины жолоон дээр сууж байсан Нарантуяа “цагдаа дуудаад өгчихье” гэж хэлэхэд Н зугатаасан. Манай ажлын газрын тогооч Жагдалмаа, Нарантуяа 2 байсан...” гэх мэдүүлэг /хх.8-10/,

          “... Бид 2-т гэрлэлтийн баталгаа байхгүй. Нэг гэрт хамт амьдраад 17 жил болж байна. 4 хүүхэдтэй, Том нь эмэгтэй 14 настай Нарансолонго, 10 настай эрэгтэй Эрхэс, 4 настай эрэгтэй Анар, Ананд гэсэн хүүхдүүдтэй. Н бараг л архины хамааралтай болсон өдөр болгон архи уудаг. Архи уусан үедээ намайг байнга хэл амаар доромжилж гар хүрдэг. Нилээн согтуу байсан өглөө намайг ажил руу явах үед гэртээ архи уугаад үлдсэн... 2019 оны 01 дүгээр сарын 26-нд ажил дээр бүх нийтийн цэвэрлэгээ хийж байхад согтуу ирээд “Автобусны мөнгө өгсөнгүй” гэх шалтагаар зодсон. Бусадтай ямар ч шалтгаангүй хардаж, хэл амаар байнга доромжилдог. 2018 онд бусадтай хардаж намайг зодоод 10 хоног шүүхээр баривчилгаанд явсан. Урьд өмнө нь ч байнга хардаж зоддог... Байнга уудаг, өдөр бүр согтуу байдаг. 2-3 удаа эрүүлжүүлэгдэж байсан. 2018 онд баривчилгаанд явж байсан...” гэх мэдүүлэг /хх.14-16/,

“... Нөхөр болох Н нь архи их уудаг. Архи уусан үедээ хааяа намайг хардаад хэл амаар доромжлоод байдаг. Харин 5 хүүхэддээ агсам согтуу тавьж цохиж зодож байгаагүй... Архи уусан үедээ ер нь зан араншингийн хувьд өөр өөр байдаг. Ихэвчлэн шууд унтаад өгдөг заримдаа болохоор хэл амаар доромжилдог. Би архи уусан үед нь шууд цагдаа дуудаад өгчихдөг юм... Өмнө нь намайг цохиж зодож байгаагүй” гэх мэдүүлэг /хх.89-90/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2074 дугаартай: “... Б.Янжиндуламын биед дээд уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 3-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Нын хувийн байдлын талаар гэрч М.Гүнжидмаагийн өгсөн мэдүүлэг /хх.91-92/,

“2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар гэртээ танхайрсан, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэртээ агсан тавьсан, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэртээ агсан тавьж эрүүлжүүлэгдсэн, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б.Янжиндуламыг зодсон” зэрэг цагдаагийн асап сангийн лавлагаа /хх.93-96/,

 “2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ... гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Янжиндуламыг хардаж ... зодсон, бага насны хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн...” гэх зөрчилд шийтгэл оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1516 дугаартай шийтгэврийн хуулбар /хх.97/,

 “2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ... 211 дүгээр цэцэрлэгт эхнэр Б.Янжиндуламд агсам тавьж, хэл амаар доромжилж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан ...” гэх зөрчилд шийтгэл оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 887 дугаартай шийтгэврийн хуулбар /хх.98/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Нын яллагдагчаар өгсөн: “... Би хохирогч Б.Янжиндуламын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 211 дүгээр цэцэрлэгийн машины зогсоол дээр, эхнэр болох Янжиндуламтай маргалдаад уураа барьж чадалгүй би зүүн гараараа Янжиндуламын зүүн уруул хэсэгт 1 удаа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

“... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан өөрчилсөн тогтоолтой холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би хүлээн зөвшөөрч байна... надад урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй... Би өөрийн сайн дурын үндсэн дээр энэ мэдүүлгийг өгч байна, хэн ч албадаж тулгаагүй болно...” гэх мэдүүлэг /хх.138-140/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх.28/,

Хохирогч Б.Янжиндуламын гаргасан хүсэлтүүд /хх.42, 142/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.Н нь:

2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар гэртээ танхайрч, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэртээ эхнэр Б.Янжиндуламд тус тус агсан тавьсан,

2018      оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 211 дүгээр цэцэрлэгт эхнэр Б.Янжиндуламд агсам тавьж, хэл амаар доромжилж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан,

2019 оны 01 дүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 211 дүгээр цэцэрлэгт эхнэр Б.Янжиндуламыг ажил дээрээ бүх нийтийн цэвэрлэгээ хийж байхад нь согтуу ирж “Автобусны мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар зодсон,

2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн гудамжны 3в хэсгийн 643 тоот гэртээ эхнэр Б.Янжиндуламыг бусадтай хардаж зодсон, бага насны хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэргээр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Янжиндуламыг байнга зодож, харгис хэрцгий харьцан, догшин авирлаж, тарчлаасан,

2019 оны 02 дугаар сарын 04-ний Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 211 дүгээр цэцэрлэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Янжиндуламыг “өмд угаасангүй” гэсэн шалтгаанаар өмдөөрөө толгой руу нь 2 удаа ороолгож, зүүн гуянд нь 2-3 удаа өшиглөж, зүүн хацар руу нь баруун гараараа нэг удаа алгадан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед дээд уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 3 дугаар шүдний хугарал зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Янжиндуламын өгсөн: “... Н халааснаасаа шар өнгийн өмд гаргаж ирээд “чи өмд угаасангүй” гэж хэлээд өмдөөрөө миний толгой руу 2 удаа ороолгосон... Н баруун хөлөөрөө миний зүүн гуянд 2-3 удаа өшиглөөд шар өмдөөр толгой руу 2 удаа ороолгож байхад, манай цэцэрлэгийн тогооч болох Нарантуяа, Жагдалмаа 2 өрөөний хаалгаар орж ирсэн... Нарантуяагийн машины урд суудлын зүүн талд сууж байтал, хаалга онгойлгоод “хаачих гээд байгаа юм” гэж хэлээд Н миний дээд уруул руу 1 удаа цохисон /яг аль гараараа цохисныг санахгүй байна/. Тэр үед миний шүд унасан болохоор амнаас маш их цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.8-10/,

          “... Н бараг л архины хамааралтай болсон өдөр болгон архи уудаг. Архи уусан үедээ намайг байнга хэл амаар доромжилж гар хүрдэг... 2019 оны 01 дүгээр сарын 26-нд ажил дээр бүх нийтийн цэвэрлэгээ хийж байхад согтуу ирээд “Автобусны мөнгө өгсөнгүй” гэх шалтагаар зодсон. Бусадтай ямар ч шалтгаангүй хардаж, хэл амаар байнга доромжилдог. 2018 онд бусадтай хардаж намайг зодоод 10 хоног шүүхээр баривчилгаанд явсан. Урьд өмнө нь ч байнга хардаж зоддог... Байнга уудаг, өдөр бүр согтуу байдаг. 2-3 удаа эрүүлжүүлэгдэж байсан. 2018 онд баривчилгаанд явж байсан...” гэх мэдүүлэг /хх.14-16/,

“... Нөхөр болох Н нь архи их уудаг. Архи уусан үедээ хааяа намайг хардаад хэл амаар доромжлоод байдаг...” гэх мэдүүлэг /хх.89-90/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2074 дугаартай: “... Б.Янжиндуламын биед дээд уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 3-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.22/,

“2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар гэртээ танхайрсан, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэртээ агсан тавьсан, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэртээ агсан тавьж эрүүлжүүлэгдсэн, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б.Янжиндуламыг зодсон” зэрэг цагдаагийн асап сангийн лавлагаа /хх.93-96/,

“2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ... гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Янжиндуламыг хардаж ... зодсон, бага насны хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн...” гэх зөрчилд шийтгэл оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1516 дугаартай шийтгэврийн хуулбар /хх.97/,

“2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ... 211 дүгээр цэцэрлэгт эхнэр Б.Янжиндуламд агсам тавьж, хэл амаар доромжилж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан ...” гэх зөрчилд шийтгэл оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 887 дугаартай шийтгэврийн хуулбар /хх.98/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Нын яллагдагчаар өгсөн: “... Би хохирогч Б.Янжиндуламын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 211 дүгээр цэцэрлэгийн машины зогсоол дээр, эхнэр болох Янжиндуламтай маргалдаад уураа барьж чадалгүй би зүүн гараараа Янжиндуламын зүүн уруул хэсэгт 1 удаа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

“... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан өөрчилсөн тогтоолтой холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.138-140/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Янжиндуламын өгсөн: “... Намайг гараад очиход “миний өмдийг угаасангүй, хулгайч нохой шиг гэтлээ, гичий чинь“ гэж хэлээд өмдөөрөө миний нүүр ам руу ороолгосон... Би ажлын хүний машины урд сандалд суугаад нөхөртөө “суувал суугаач” гэж хэлэхэд гараараа нүүрийн зүүн талд уруулын дээд хэсэгт цохисон. Тухайн үед халуу дүүгээд явсан... Тухайн өдөр намайг цохисон учир нүүр аймаар хавдсан... Аав намайг “байнга л зодуулж байх юм” гэж хэлсэн. Өмнө нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч архи уусан ирээд хэрүүл хийсэн. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн урьд өдөр нь манай ажил дээр дээлтэй монгол гэх өдөрлөг болсон. Намайг гэртээ харихад нөхөр намайг “хаашаа яваад ирсэн юм бэ” гэж хэлээд ажлын газрын манаач нартай хардсан. Маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр намайг ажлын хувцас сольдог өрөөнд байх үед гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тарчлаах шинжийн нэг үндсэн арга бол байнга зодох замаар бие махбодийн өвдөлт болон сэтгэцийн зовлон шаналал учруулан хүч хэрэглэсэн үйлдэл мөн. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт эрх зүйн эсрэг үйлдлийг гурав ба түүнээс дээш үйлдэхийг ойлгоно. Тарчлаах шинжтэйгээр байнга зодох нь зөвхөн хүч хэрэглэсэн үйлдлийг тодорхой үе шаттайгаар олон дахин үйлдэнэ гэсэн хэрэг биш, харин энэ нь хохирогчийн хувьд түүнийг зүгээр нэг бие махбодийн өвдөлт бус мөн түүнийг доромжлон гутааж, сэтгэцийн зовлон зүдгүүрт оруулах байдлаар гэмт этгээдээс түүнтэй харилцах талаар тогтоосон зан үйлийн шугамын дотоод нэгдэл, тэдний уялдаа холбоо юм.

Харгис хэрцгий харьцаж догшин авирлах гэдэгт бусдын амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг алдагдуулсан, бусдад хүч хэрэглэсэн, балмад үйлдлээ зориуд удтал үргэлжлүүлсэн, бүдүүлэг авир гаргаж бусдыг сэтгэл санааны шаналалд оруулсан, танхайрах явцдаа бусдын бие махбодид гэмтэл учруулсан, эд хөрөнгө эвдэж хохирол учруулсан зэрэг үйлдлүүдийг хамааруулж болно.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт Н.Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Н.Ныг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон хүндррүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг Н.Н үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгч мэтгэлцсэн тайлбар нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн талаар мэдэж болзошгүй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй гэх боловч хохирогчийн мэдүүлэг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт /хх.22/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх.93-96/, шүүхийн шийтгэврийн хуулбарууд /хх.97-98/ зэрэг бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Н.Нын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Янжиндулам нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Н.Ныг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, тэдгээр ялыг тусад нь эдлүүлэх, хорих ялаа эдэлж дууссаны дараа нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх, мөн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоон шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Нт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Н.Нт торгох ял оногдуулах, мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч уг гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд тэдгээр хүсэлтийг хангах шаардлагагүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Нт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э овогт Нын Ныг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Н.Нт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.            

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Н.Нт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

6. Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Н.Н урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Янжиндулам нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                                   С.ӨСӨХБАЯР