Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00267

 

Ж.Д-, С.С-, Д.У-, Д.Б-, Б.С-,

Э.А-, Д.Н-, Ц.Т- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01774 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дүгээр сарын 04-ний өдрийн 2167 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.Д-, С.С-, Д.У-, Д.Б-, Б.С-, Э.А-, Д.Н-, Ц.Т- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ж” ХХК-д холбогдох,

Гэгээнтэн цогцолборын худалдааны хэсгийн барилгын дутуу гүйцэтгэлтэй байгаа гадна тохижилтыг бүрэн гүйцэтгэж дуусгах, барилгын ашиглалтын явцад илэрсэн зөрчил доголдлыг “Ж” ХХК-иар арилгуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Байгальмаагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ж” ХХК-ийн барьсан Гэгээнтэн цогцолборын худалдаа үйлчилгээний хэсгийн барилгаас талбай өмчлөн авахаар тус барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг тус тусдаа байгуулан худалдан авч буй талбайн төлбөрөө гэрээний дагуу төлж гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тус компанид хөрөнгө оруулалт хийсэн. Барилга ашиглалтад орсон үеэс эхлэн захиалагчдын зүгээс компанийн захиргаанд Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг баримтлан хийсэн барилгын зураг ерөнхий төлөвлөгөөнд тусгасан боловч дутуу гүйцэтгэлтэй хийгдсэн гадна тохижилт болон илэрсэн зөрчлийн талаар удаа дараа бичгээр хүсэлт гарган ажлын уулзалт зохион байгуулж эрх бүхий албан тушаалтнуудтай нь уулзаж амаар хүсэлт тавьж байсан боловч “Ж” ХХК-ийн зүгээс Барилгын тухай хуулийг биелүүлж тавьсан асуудлыг шийдвэрлэлгүй, заасан хугацаандаа ажлаа гүйцэтгэхгүй байх зэрэг арга тактик баримталж байгаа ба хугацаа хожиж Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “...гурваас доошгүй жил байна” гэсэн заалтыг яаж ийгээд хэтрүүлж, мөн хуулийн “...заасан хугацаанд хохирлыг барагдуулна.” гэсэн заалтаас бултах гэсэн арга гэж үзэж байна.

Цогцолборыг ашиглалтад оруулахад Худалдааны хэсгийн барилгын зураг төсөлд тусгасан байсан авто зогсоолын талбайд асфальт бетон хучилтыг Монгол орны асфальт бетон хучилттай авто замын хучилтын хийцийн жишиг шаардлагад нийцүүлэн хийгээгүй. Иймд барилгын 2 хэсэгт 1, 2, 3 дугаар давхарт шал, тааз, хананд үүссэн цууралт, хөдөлгөөн барилгын үндсэн хийцэд нөлөөлсөн байх бүрэн магадлалтай тул эрх бүхий мэргэжлийн байгууллагад хандан дүгнэлт гаргуулахыг даалгах, ямар нэг гадны нөлөөгүйгээр зөвхөн барилгад үүссэн ан цав хөдөлгөөний нөлөөллөөр цуурч хагарсан 14 цонхноос шиллээгүй үлдсэн 11 ширхэг цонхны шилийг солиулах, анх барилга ашиглалтад ороход хүлээлгэн өгөөгүй агааржуулалтын тоног төхөөрөмжийн иж бүрдлийг ханган ажиллагаанд оруулах, урсдаг шат, ажиллагаагүй байгаа болон гэмтэлтэй байгаа сантехникийн шугам болон ариун цэврийн тоноглолын гэмтэл доголдлыг арилгуулах, дутуу гүйцэтгэлтэй гадна талбайн тохижилт, авто зогсоолын асфальтан бетон хучилт, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг хууль тогтоомж, стандартын дагуу гүйцэтгэж өмчлөгчид хүлээлгэн өгөх, барилгын бүх зураг төсөл болон бүх төрлийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг өмчлөгчид шилжүүлэхийг “Ж” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Барилгын гадна авто зогсоолын талбайн асфальтан хучилтыг 2017 оны ажлын төлөвлөгөөнд 05 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний хооронд 2-р үеийн асфальтан замыг хийхээр төлөвлөсөн, барилгын агааржуулалтын тоноглолын ажиллагааг хэвийн ажиллагаатай 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн. Нийтийн эзэмшлийн болон өмчлөгчдийн бүх тоолууруудыг тавьж хүлээлгэн өгсөн, 2, 3 дугаар давхрын эрэгтэй писсаурыг хэвийн ажиллагаанд оруулсан. Өмчлөгч тус бүрт нийтийн эзэмшлийн талбай болон барилгыг ерөнхийд нь хүлээлгэн өгсөн, урсдаг шат хэвийн ажиллаж байгаа. Харин цуурч хагарсан цонхнуудыг сольсон ба цуурсан ханыг засварлахаар ажиллаж байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дээр дурдсан ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Мөн нэхэмжлэгч нарын эрхийг хамгаалах Гэгээнтэн орд ГҮТББ ажилладаг бөгөөд уг байгууллага нь тухайн өмчлөгч нарын ашиглалтын зардал, засвар үйлчилгээг хариуцахаар “Ж” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Уг төрийн бус байгууллагын даргаар Ж.Д- нь өөрөө ажилладаг бөгөөд энэ талаараа сайн мэдэж байгаа хэрнээ ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01774 дүгээр шийдвэрээр Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 47 дугаар зүйлийн 46.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-д Гэгээнтэн цогцолбор барилгын дутуу гүйцэтгэлтэй гадна талбайн тохижилт, авто зогсоолын асфальтан бетон хучилт, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг хууль тогтоомж стандартын дагуу гүйцэтгэж өмчлөгчид хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь цуурч хагарсан 14 цонхноос шиллээгүй үлдсэн 11 ширхэг цонхны шилийг солиулах болон урсдаг цахилгаан шатыг ажилд оруулахыг даалгах тухай шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дүгээр сарын 04-ний өдрийн 2167 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01774 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Д-, С.С-, Д.У-, Д.Б-, Б.С-, Э.А-, Д.Н-, Ц.Т- нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

“Гэгээнтэн” хотхоныг Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт барьж, хотхоны орон сууц 2, 3, 4-ийн үйлчилгээний хэсгийг 2014 оны 07-р сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд дангаар өмчлөх өмчлөлийн зүйлийн доголдлын талаар бус, дундын өмчлөлийн талбай болон нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт үйлчилгээтэй холбоотой гомдлын шаардлагыг гаргасан байдаг. Тухайн хотхоны үйлчилгээний талбайн хэсгийн хувьд ашиглалт, үйлчилгээг “Гэгээнтэн Орд” нэртэй ГҮТББ болох СӨХ нь хариуцан ажилладаг ба нэхэмжлэгч Ж.Д- нь өөрөө гүйцэтгэх удирдлага, гишүүнээр 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2 жил гаруй хугацаанд ажиллаж байгаа. Нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа зүйл буюу орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын хувьд СӨХ нь түүний ашиглалт, үйлчилгээг хариуцан арилгах үүрэгтэйг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.3, 5.8, 15.1.1-д тус тус заасан бөгөөд СӨХ нь нэхэмжлэлд дурдсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг өөрөө эсхүл мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж холбогдох зардлыг Иргэний хуулийн 147.3 дахь хэсэгт заасан хэмжээгээр өмчлөгчдөөс тогтмол авч, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын бүрэн бүтэн байдлыг хариуцах тухай хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн зүйлийн хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй субъект нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл байгааг давж заалдах шатны шүүх өөрөө магадлалын хянасан хэсэгтээ тайлбарласан байдаг.

...Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №05/780 дугаартай зөрчил арилгуулах тухай тоотын дагуу манай компани зөрчил арилгах арга хэмжээг авч ажилласан. Мөн манай компани тухайн барилгын хувьд Барилгын тухай хуульд заасан баталгааны хугацаанд хийж гүйцэтгэсэн ажилдаа гарсан аливаа зөрчлийг цаг тухай бүр засварлаж ажилласаар ирсэн. Хэрэв манай компанийг тус зөрчил арилгуулах тухай албан тоотод заасныг гүйцэтгээгүй гэж үзвэл шүүхэд хандахаас өмнө урьдчилан дээд шатны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй. Гэтэл энд заасан ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан дээрх нөхцлүүдийг магадлалын хянасан хэсэгтээ дурдсан, мөн нэхэмжлэлийг анхнаасаа хүлээн авахгүй татгалзах хуульд заасан үндэслэл байсаар байтал давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2167 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ж.Д-, С.С-, Д.У-, Д.Б-, Б.С-, Э.А-, Д.Н-, Ц.Т- нар нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан “Гэгээнтэн” цогцолборын худалдааны хэсгийн барилгын дутуу гүйцэтгэлтэй байгаа гадна тохижилтыг бүрэн гүйцэтгэж дуусгах, барилгын ашиглалтын явцад илэрсэн зөрчил доголдлыг арилгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан байна.

Маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэгч нарын эрх зүйн байдал тодорхой бус, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар зохигчид хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө эвлэрэн хэлэлцсэн талаар шүүхэд мэдэгдээгүй, анхан шатны шүүхэд эвлэрэх боломжтой болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дүгээр сарын 04-ний өдрийн 2167 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 561 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН