| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 188/2017/0173/Э |
| Дугаар | 601 |
| Огноо | 2017-08-10 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | О.Мөнхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 601
Т.Наранбаатарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор О.Мөнхцэцэг,
Хохирогч Ю.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,
Иргэний хариуцагч “Хаан хүнс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр,
Ялтан Т.Наранбаатар, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ю.Мөнхцэцэгийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, ялтан Т.Наранбаатар, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Т.Мөнх-Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Наранбаатарт холбогдох эрүүгийн 201626010638 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Хатгин овогт Төмөртогтохын Наранбаатар, 1983 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2-71 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЛЮ83091731/,
Т.Наранбаатар нь “Хаан хүнс” ХХК-д ажиллаж байх хугацаандаа Ю.Мөнхцэцэгээс мах худалдан авч “Хаан хүнс” ХХК-д нийлүүлж байсан ба 2013, 2014 онуудад “Хаан хүнс” ХХК-аас өгсөн махны төлбөрийг Ю.Мөнхцэцэгт бүрэн төлж итгэл төрүүлэн, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан хүнс” ХХК-д нийлүүлсэн хонь, ямаа, тэмээний махны төлбөрийг “Хаан хүнс” ХХК-аас бүрэн авч Ю.Мөнхцэцэгт төлөхдөө “манай компани мөнгөгүй болсон, орлого муу байгаа, удахгүй зээл авч төлбөрийг чинь барагдуулна” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэж махны төлбөрийг дутуу төлж 35.375.000 төгрөгийн хохирол,
давтан үйлдлээр Ч.Чулуунцэцэгээс 2013, 2014 онуудад мах худалдан авч “Хаан хүнс” ХХК-д нийлүүлж төлбөрийг тухай бүр бүрэн төлж итгэл төрүүлэн, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Хаан хүнс” ХХК-д мах худалдан авна гэж хуурч мэхлэн, итгэл эвдэж 14 тонн хонь, ямааны мах худалдан авсан боловч “Хаан хүнс” ХХК-д нийлүүлэлгүй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бийлэг хүнс” ХХК-ийн хашаанд буулган А.Номинчулуунд зарж борлуулан Ч.Чулуунцэцэгт 23.397.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 58.772.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Т.Наранбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Т.Наранбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Наранбаатараас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Наранбаатарт оногдуулсан 12 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгч Т.Наранбаатарын цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Наранбаатараас 35.375.000 (гучин таван сая гурван зуун далан таван мянга) төгрөг гаргуулан хохирогч Ю.Мөнхцэцэгт, 23.397.000 (хорин гурван сая гурван зуун ерэн долоон мянга) төгрөг гаргуулан хохирогч Ч.Чулуунцэцэгт тус тус олгож, уг хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Наранбаатарыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан Т.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Т.Мөнх-Оргилтой оролцсон. Энэ өмгөөлөгч нь миний хохирол барагдуулах боломжийг хаасан. Энэ нь эрүүгийн хэрэг биш, иргэний хэрэг болохоор хохирол барагдуулж болно гэсэн. Харин эрүүгийн хэрэг үүсгээд ял авсны дараа өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нь өөр зүйл яриад байсан учраас өмгөөлөгчөөсөө татгалзаж өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийг авсан. Хохирол төлбөрийг төлнө, ял шийтгэлийг өөрчилж өгнө үү...” гэв.
Ялтан Т.Наранбаатарын өмгөөлөгч Т.Мөнх-Оргил шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Наранбаатарт холбогдох Ч.Чулуунцэцэг, Ю.Мөнхцэцэг нарыг залилан мэхэлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг хэлэлцсэн. Тухайн шүүх хуралдаанаас шүүгдэгч Т.Наранбаатарыг гэм буруутайд тооцож 12 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн. 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие гардан авсан бөгөөд дээрх шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байна. Тухайн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд буюу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найрууллага 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Иймд дараах зүйлүүдийг анхаарах шаардлагатай байна.
1. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухайд:
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найрууллагын 1.9 дүгээр зүйлийн 1-д “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулиар 148.4-т заасан гэмт хэрэгт хорих ялын хэмжээ 10-15 жилийн хорих ял оногдуулахаар заасан ба 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найрууллагаар манай үйлчлүүлэгчийн үйлдсэн үйлдэлд “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байсан ба шинээр мөрдөгдөх эрүүгийн хуулийн хүрээнд тухайн хохирлын хэмжээ нь их хэмжээний хор хохирол учруулсан болж өөрчлөгдөж байгаа тул эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хэсгээр ял шийтгүүлэх нь эрүүгийн хуулийн “хууль ёсны зарчим”-д нийцнэ гэж үзэж байна. Иймд хуулийг буцаан хэрэглэж эрх зүйн байдал нь дээрдсэн хуулийн хүрээнд ял шийтгүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
2. Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа талаар дүгнээгүй болох нь:
Шүүхээс шүүгдэгчийг Ю.Мөнхцэцэгт анхнаасаа итгэл төрүүлэн тухайн гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь алдаатай байна. Энэхүү дүгнэлт нь хохирогч Ю.Мөнхцэцэгийн “...мөнгөө дутуу өгдөг дараа мах авахаараа өмнөх дутуугаа өгдөг байсан, ...нийт авлага 51.923.000 болж байна 2015.05.20-ны үед 21.807.000 төгрөгний мах надад өгөөд үлдэгдэл авлага 30.120.000 болсон” гэх мэдүүлэгээр үгүйсгэгдэж байна. Шүүгдэгчийн хувьд дутуу төлсөн мөнгөө цаашид өгөхгүй байх зорилго агуулаагүйг шүүх анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн.
Тэгвэл шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ямар боломжууд байгаа талаар санал гаргах нь: Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.6, 3 дахь хэсгүүдээр ял хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд урьд өмнө нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “Ажиллаж байх хугацаандаа хохирогчид төлөх мөнгөө өгөх боломжтой байсан” гэж мэдүүлдэг бөгөөд тухайн ажлаас гарсан тохиолдолд өгч чадахгүй болно гэдгийг ухамсарлаагүй байна. Тухайн ажлыг үргэлжлүүлээд хийгээд байх боломжтой гэж төсөөлсөн нь нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр өөрчлөгдсөн. Хөнгөрүүлэх нөхцөл байдалд дурдаагүй ч шүүх хөнгөрүүлэн ял оногдуулах боломжтой талаар хууль тогтоогч тусгаж өгсөн. Манай тохиолдолд шүүгдэгчийн хувийн байдлыг анхаарч үзэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Мөн шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргадаггүй бөгөөд өөрийн үйлдсэн хууль бус үйлдлээс бусдад учруулсан хохирлоо төлөх тухайгаа хангалттай илэрхийлсэн байдаг. Түүнчлэн хохирогчид өөрийн найзаас зөвшөөрөл авч түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх зэргээр хохиролгүй болгох оролдлогуудыг хийж байсан идэвхитэй үйлдлүүд авагдсан байдаг...” гэжээ.
Ялтан Т.Наранбаатарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Т.Наранбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцон, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ялаар шийтгэсэн. Өмгөөлөгчийн зүгээс үүнтэй маргахгүй боловч 2002 оны Эрүүгийн хууль хүчингүй болж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинэ Эрүүгийн хууль үйлчилж эхэлсэн. Залилан мэхлэх гэмт хэрэг нь залилах гэмт хэрэг болсон. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулсан 2002 оны Эрүүгийн хууль дахь “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэрэг нь шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл буюу “Залилах” гэмт хэрэг болсон ба 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн ялын бодлого нь өөрчлөгдөн хуульчлагдсан. Т.Наранбаатар мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хийсэн хэрэгтээ гэмшсэн, хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Анх надтай түүний ар гэрийнхэн ирж уулзсан. Хохирлыг малаар төлөх боломж байна гэж хэлсэн. Хохирлоо барагдуулах боломж байна гэсэн. Ялтан гэм буруугийн талаар маргахгүй учраас шинэ Эрүүгийн хуульд зааснаар ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч Т.Наранбаатарт оногдуулсан 12 жилийн хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. Би энэ хүсэлтийг гаргахын тулд Т.Наранбаатарын ар гэртэй нь ярилцсан...” гэв.
Хохирогч Ю.Мөнхцэцэгийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Удаа дараа учруулсан хохирлыг бүхэлд нь төлүүлэхээр “Хаан хүнс” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд гаргаад хүсэлтийг хангахгүй байсаар байгаад арай хийж иргэний хариуцагчаар татсан. Гэтэл прокурорын шатанд дахин хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шатанд дахин “Хаан хүнс” ХХК-ийг хариуцагчаар татаж өгөөч гэдэг хүсэлт гаргасан. Шүүгчийн захирамжаар “Хаан хүнс” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Хэрэг эцэслэн шийдвэрлэх үедээ шүүх гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгоод Т.Наранбаатараас хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Т.Наранбаатар нь тухай эд зүйлийг хувьдаа аваагүй. Тус байгууллагын орон тооны ажилтнаар 2010 оноос хойш мах бэлтгэн нийлүүлэх менежерийн үүргийн ажлыг хийж явсан. Хэргийн материалд Т.Наранбаатарын томилогдож байсан албан тушаалын холбогдох бүх баримтууд авагдсан. Энэ хугацаанд хохирогчоос махыг нь бэлтгэн нийлүүлж аваад компанийн няравтаа хүлээлгэж өгч, хохирогч өөрийн ах дүү нартаа хамт авчирч нийт 33 удаагийн үйлдлээр мах нийлүүлсэн. “Хаан хүнс” ХХК-д өгсөн мах нь бүтээгдэхүүн болж ашгаа олчихоод “бид нарт хамаагүй, Т.Наранбаатар та нарыг залилсан байна. Т.Наранбаатар бид нарын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй. Та нараас авсан махны мөнгийг Т.Наранбаатарт өгсөн учраас манай тал хариуцахгүй” гэсэн зүйлийг хэлдэг. Шүүхийн дүгнэлтийг харахаар “Хаан хүнс” компани Т.Наранбаатарт бусдаас мах залилаад ир гэж үүрэг өгөөгүй байна. Т.Наранбаатар мөнгийг өгсөн гэдэг ч тэр баримт нь хэрэгт харагддаггүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэснийг хэрэглэдэггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэснийг мөрдөхгүй, хуулийг гажуудуулж буруу тайлбарлаж байна. Мөнгө өгсөн гэдэг нь ч баримтаар харагддаггүй. Гэм хор бусдад учруулсан хэрэгт шийтгүүлсэн цагаатгагдсан этгээд төрөөс мөнгөө нэхэмжилж гаргуулдаг. “Хаан хүнс” ХХК-иас хохирогчид учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Хохирогч Ю.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Наранбаатар зах дээр ирж надаас мах аваагүй. Би тус компанийн үйлдвэрлэл явуулдаг байранд чанар шалгагч, нярав зэрэг тодорхой хэмжээний албан тушаалтнуудтай харьцаж махаа хүлээлгэж өгөөд дараа нь албан өрөөнд няравтай тооцоогоо нийлүүлж махаа хүлээлгэж өгдөг байсан. Тийм учраас “Хаан хүнс” компани миний хохирлыг барагдуулах боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл миний нийлүүлсэн махаар бүтээгдэхүүн гаргаад ашгаа олсон. Т.Наранбаатар дундаас нь мөнгө идээд байхад яагаад удирдах албан тушаалтнууд нь анхаараагүй вэ, ийм боломж бүрдүүлсэн компанид гомдолтой байна...” гэв.
Иргэний хариуцагч “Хаан хүнс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч тал иргэний хариуцагч “Хаан хүнс” ХХК-иас төлбөр гаргуулах үндэслэлээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргаж байсан. Энэ асуудлыг шийдвэрлээгүй атлаа Т.Наранбаатараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэсэн. Уг тайлбараас үзэхэд хохирогчийн өмгөөлөгч ямар үндэслэлээр анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан гэж үзээд байгаа нь тодорхойгүй. Т.Наранбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “Хаан хүнс” ХХК-иас гаргуулж шийдвэрлээгүй нь хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон. Хохирогч тал анхнаасаа Т.Наранбаатарыг бид нарыг залилсан гээд цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасан. Т.Наранбаатар энэ хүнийг залилсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө гээд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэрэг гэсэн атлаа манай байгууллагаас төлбөрийг гаргуулна гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Хохирогч мах нийлүүлэхдээ Т.Наранбаатарт өөрт нь биш, түүний ажиллаж байгаа “Хаан хүнс” ХХК-д өгч чанарыг нь шинжлүүлж нягтлан няравт хүлээлгэн өгдөг байсан. “Хаан хүнс” ХХК-д мах нийлүүлж байгаа учраас төлбөр төлөх найдвартай гэж ойлгож олон жил харилцаж явсан гэж тайлбар хэлдэг. Манай компани махаа хариуцсан менежерээр дамжуулан худалдан авдаг бөгөөд худалдагч болон иргэнтэй шууд харилцдаггүй бөгөөд тийм боломжгүй байдаггүй. Т.Наранбаатарын тухайд тухайн үед манай компанид хангамжийн менежерээр ажилладаг байсан бөгөөд хохирогч гэх Ю.Мөнхцэцэгээс худалдан авсан махны үнийг тухай бүр нь Т.Наранбаатарт хүлээлгэн өгдөг байсан. Манай компанийн зүгээс шүүгдэгч Т.Наранбаатарыг Ю.Мөнхцэцэг гэдэг хүнийг залилан мэхлээд ир, манай компанийн ашиг сонирхлыг хэрэгжүүлээд манай компани тодорхой хувийг нь аваад, Т.Наранбаатарт тодорхой хувийг нь өгдөг зүйл байхгүй. Т.Наранбаатар өөртөө ашиг хонжоо олох, өөрийн ашиг сонирхлын төлөө бусдыг залилан мэхлэсэн. Мөн хохирогч болон шүүгдэгч нарын хооронд ажлын чиг үүрэгт хамааралгүй хувийн харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаа тогтоогддог. 1 дэх хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан Т.Наранбаатарын “...Ю.Мөнхцэцэгт өгөх мөнгөний дундаас нь авч хэрэглэж байсан. Гэхдээ тухайн үед Ю.Мөнхцэцэгт өөрт нь хэлж байсан. Тэгээд бид 2 хамтарч ажиллаж эхэлсэн. Би хэрэгцээтэй үед Ю.Мөнхцэцэгтэй яриад мөнгө зээлдэг байсан. Тэгээд явсаар байгаад өр нь 28.025.000 төгрөг болсон...”, 2 дугаар хавтаст хэргийн 148 дугаар талд Ю.Мөнхцэцэгийн “...Т.Наранбаатар мөнгөний хэрэг байна. Мөнгө зээлээч гээд хэд хэдэн удаа тодорхой хэмжээний мөнгө зээлж авч байсан. Тэр нь 500.000 юм уу 1.000.000 төгрөг байсан. Тэр зээлсэн мөнгөө буцаан төлдөг байсан. Би тухайн үед “Хаан хүнс” ХХК-д өгсөн махны тооцоо энэ шүү. Хувийн тооцоо энэ шүү гээд харуулдаг байсан. Мөн та компанийн удирдлагуудтай битгий уулз. Би ажлаас халагдах болно. Тийм учраас та үлдэгдэл тооцоог компаниас авч чадахгүй болно. Т.Наранбаатар манай компани мөнгөгүй байна гээд яваад байсан...” гэж мэдүүлдэг. Тэгэхээр энэ баримтаас харахад талуудын хооронд үүссэн энэхүү харилцааны улмаас Ю.Мөнхцэцэгт үүссэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “Хаан хүнс” компани хариуцахгүй. Энэ нь Т.Наранбаатарын ажлын чиг үүрэгт хамааралгүй харилцаа байсан. Ийнхүү Т.Наранбаатарын бусдыг залилан мэхлэсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “Хаан хүнс” компани хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаарх харилцааг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан ажилтны хөдөлмөрлөх үйл явц, хөдөлмөрлөх үүрэгтэй холбоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн өмгөөлөгч энэ асуудлаар “Хаан хүнс” ХХК-ийг хариуцагчаар татъя гэсэн гомдол гаргаж байсан. Тухайн үед манай байгууллагаас холбогдох гомдлоо гаргаад улсын яллагчийн зүгээс хяналт тавьж байсан прокурорын зүгээс залилан мэхлэх гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг “Хаан хүнс” ХХК нь Т.Наранбаатарыг ажиллуулж байснаараа залилан мэхлэх үйлдэл боломжийг нь олгоогүй. Энэ бол тусдаа харилцаа учраас хэрэгсэхгүй болгож, шүүхийн шатанд хүсэлт гаргасныг нь хангаад тайлбар мэдүүлэг аваад хүсэлтийг хэрэгсэхгүй болгож байсан. Хохирогчийн “Хаан хүнс” ХХК-иас шилжүүлсэн мөнгийг Т.Наранбаатар хувьдаа завшаад байна. “Хаан хүнс” компани мөнгийг бүрэн өгч байсан гэдгийг Ю.Мөнхцэцэг өөрөө мэдэж байсан. Манай компани дээр ирж уулзаж байгаагүй. Хэрэв ирээд уулзсан бол Т.Наранбаатар 12 жилийн хорих ял авахгүй, Ю.Мөнхцэцэг өөрөө төлбөрөө авах боломжтой байсан. Тэгэхээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт зааснаар “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн зохицуулалтыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой биш. Хэрвээ тийм байлаа гэхэд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэх асуудал яригдах боломжтой. Иймд өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор О.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Энэ хэрэг нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хамгийн анх эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс өмнөх үйл явдал нь 2014 онд болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хэрэгт иргэний хариуцагчаар “Хаан хүнс” ХХК-ийг яагаад татаад байна вэ гэхээр албан тушаалаар томилсон тогтоол Т.Наранбаатарын ажил үүргийн хуваариар Т.Наранбаатар нь махыг худалдан аваад “Хаан хүнс” ХХК нийлүүлэх үүрэгтэй байсан. Түүний ажил үүргийн тодорхойлолтууд 1 дэх хавтаст хэргийн 192 дугаар талд байгаа. Энд Т.Наранбаатар нь ямар үүрэгтэй вэ гэхээр “Хаан хүнс” ХХК-ийн нягтлан бодогчоос мах авах төлбөрөө бүрэн аваад тэр мөнгөөрөө харилцагч иргэдээс махыг аваад тэр авсан махаа “Хаан хүнс” компани нийлүүлэх ёстой. “Хаан хүнс” ХХК-ийн махны худалдан авалтын зураглал бол 1 дэх хавтаст хэргийн 193 дугаар талд байгаа. Ингэхээр уг байгууллага нь иргэд харилцагч нартай ямар нэгэн харилцаа үүсгэдэггүй. Зөвхөн менежерээр дамжуулж харилцдаг. Менежер зөвхөн махыг аваад буцааж өгөх үүрэгтэй. “Хаан хүнс” ХХК-д аудитын шалгалт оруулж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Энд ямар нэгэн харилцагчид үүсгэсэн санхүүгийн баримт байхгүй байна. Зөвхөн менежертэй үүсгэсэн санхүүгийн баримт байна. Менежертэй үүсгэсэн санхүүгийн баримтаар өглөг авлага тэнцүү “Хаан хүнс” ХХК-д ямар нэгэн өр үүсгээгүй. Авсан махаа “Хаан хүнс” ХХК-д нийлүүлсэн. Харин төлбөрийг хохирогчид төлөөгүй асуудал үүссэн. “Хаан хүнс” ХХК харилцагчтай уулздаггүй учраас Т.Наранбаатар дунд нь иргэдэд өгөх ёстой мөнгийг залилж манай байгуулага орлого, ашиггүй байна гэж хэлээд залилаад байгаа асуудал байгаа. “Хаан хүнс” ХХК-ийн захирал, нягтлан бодогч нарыг гэрчээр байцаахад “бид нар төлбөрийг гүйцэд өгөөд махыг авч байсан. Ямар нэгэн зөрүү үүсээгүй. Захирал нь манайд санхүүгийн ямар нэгэн доголдолд үүсээгүй. Төлбөрийг дутуу төлсөн асуудал нэг ч гараагүй. Менежер дундаас нь мөнгийг завшиж иргэнд хохирол учруулсан байна гэсэн. Тэгэхээр Т.Наранбаатар компаниас авсан мөнгийг иргэнд өгөхдөө залилаад байна. Т.Наранбаатарын өөрийнх нь ажил үүргийн тодорхойлолтоор иргэнтэй харьцах ёстой Харин компани иргэнтэй харьцах ёсгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт Мөнхцэцэг, Чулуунцэцэгээс та анх махыг “Хаан хүнс” ХХК-д нийлүүлэхдээ байгууллагын удирдлагатай уулзаж байсан уу. Удирдлагуудтай гурвалсан уулзалт хийгээд бид та нарт тогтмол мах нийлүүлье, мөнгийг нь Т.Наранбаатар өгч байна. Гэхдээ махаа байгууллагад нийлүүлнэ гэсэн ойлголцол төрж уулзсан зүйл байхгүй. Мах нийлүүлсэн 2-3 жилийн хугацаанд 1 ч удаа уулзаагүй. Зөвхөн Т.Наранбаатартай уулзаад яваад байсан учраас дараа нь хариуцлагыг “Хаан хүнс” ХХК-тай ярина гэдэг асуудал байж болохгүй. Түүнээс хойш залилуулаад олон сар мөнгөө авч чадахгүй байсан учраас компанитай уулзах оролдлогыг хийсэн, гэхдээ оруулахгүй байсан гэдэг. Хэрвээ оруулахгүй байвал цагдаагийн байгууллагад хандах эрх нь нээлттэй байсан. Ажил үүргийн хувиараар “Хаан хүнс” ХХК төлбөрийг хариуцахгүй. Мөн санхүүгийн аудитын дүгнэлтээр ямар нэгэн байдлаар иргэн Ю.Мөнхцэцэгтэй “Хаан хүнс” компани шууд харилцсан харилцаа байхгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт 10-15 жилийн хорих ялтай. Шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар торгох ялтай, мөн 2-8 жилийн хорих ялтай болсон. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй, дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэнэ гэж байгаа. Яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байгаа вэ гэхээр 58.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан. Мөн торгох ялын хэмжээ байна. Энэ хэрэг 2 удаа прокурорын шатанд иргэний журмаар шийдвэрлэнэ гээд хэрэгсэхгүй болж байсан. Т.Наранбаатарт хохирол төлөх боломж байсан. Одоо Т.Наранбаатар торгох ялын санал өмгөөлөгч нь гаргаж байна. Торгох ялыг оногдуулах боломжгүй. Яагаад гэвэл 1 дэх хавтаст хэргийн 80-82 дугаар талд худалдан худалдан авах гэрээ, дараа нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Дараа нь гэрч Энхболорын хашаа байшинг аваад Чулуунцэцэг аваачиж өгсөн. Энхболор хашаа байшингаа авъя гээд иргэний маргаан үүсгэсэн. Т.Наранбаатар нэг хүний хохирлыг барагдуулах гэж нөгөөг залилж дахин хохирол учруулаад байна. 2 жилийн хугацаанд хоёр удаа хэрэгсэхгүй болгоход зээлийн гэрээ байгуулсан хугацаандаа төлөх ёстой байтал төлөөгүй. Хувийн байдлыг нь шалгахад ямар нэгэн хөрөнгө байхгүй. Торгуулийн ялыг Т.Наранбаатар биелүүлж чадахгүй. 12 жилийн хорих ялыг шинэ хуульд зааснаар дүйцүүлж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Т.Наранбаатар нь “Хаан хүнс” ХХК-д ажиллаж байхдаа Ю.Мөнхцэцэгээс мах худалдан авч “Хаан хүнс” ХХК-д нийлүүлж байсан ба 2013, 2014 онуудад “Хаан хүнс” ХХК-иас өгсөн махны төлбөрийг Ю.Мөнхцэцэгт бүрэн төлж, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан хүнс” ХХК-д нийлүүлсэн хонь, ямаа, тэмээний махны төлбөрийг “Хаан хүнс” ХХК-иас бүрэн авч Ю.Мөнхцэцэгт төлөхдөө “манай компани мөнгөгүй болсон, орлого муу байгаа, удахгүй зээл авч төлбөрийг чинь барагдуулна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, махны төлбөрийг дутуу төлж 35.375.000 төгрөгийн хохирол,
Мөн Ч.Чулуунцэцэгээс 2013, 2014 онуудад мах худалдан авч “Хаан хүнс” ХХК-д нийлүүлж төлбөрийг тухай бүр бүрэн төлж итгэл төрүүлэн, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Хаан хүнс” ХХК-д мах худалдан авна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 14 тонн хонь, ямааны мах худалдан авсан боловч “Хаан хүнс” ХХК-д нийлүүлэлгүй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бийлэг хүнс” ХХК-ийн хашаанд буулган А.Номинчулуунд зарж борлуулан Ч.Чулуунцэцэгт 23.397.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 58.772.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ю.Мөнхцэцэгийн “...2013 оны зун “Хаан хүнс” ХХК-ийн менежер Наранбаатар гэх залуу захаас ирж мах авдаг байсан юм. Тухайн үед би түүнд мах өгч байгаад танилцсан. Эхлээд Наранбаатар “Хүчит шонхор” захаас бэлэн мөнгөөр махаа авдаг байсан юм. Тэр нярав, жолооч нарынхаа хамт ирдэг байсан. Ингээд Наранбаатар 2013 оны намраас “бэлэн мөнгө авч явахад хэцүү байна, сүлжмэлийн үйлдвэрт байх манай компаний байранд махаа хүргэж өгч байгаач, нярав, чанар шалгагч нар махаа хүлээгээд авчихна. Харин махны мөнгийг өөрийн чинь дансанд шилжүүлж байх болно” гэж хэлсэн юм. Тэр цагаас хойш бид махаа “Хаан хүнс” ХХК-ийн байранд хүргэж өгдөг, нярав, чанар шалгагч нар нь хүлээж авдаг байсан. Мах авахдаа 2-3 хоногийн зайтай, доод тал нь хоёр тонн түүнээс дээш тэмээ, ямааны мах авдаг. Махны мөнгийг 2-3 хоногийн дотор миний өөрийн Хаан банкны дансанд Наранбаатараас гээд ордог байсан. Заримдаа хуваагаад хийдэг байсан. Ер нь 2014 оны хавраас эхлэн 33 удаагийн буюу нийт 62.687 килограмм 267.902.000 төгрөгийн тэмээ, ямааны мах нийлүүлснээс 215.975.000 төгрөгийг миний дансанд хийсэн. Үүнээс зөрүү 51.927.000 төгрөг дутуу орж ирсэн. Зөрүүгээс суутгая гэж Наранбаатар 21.807.000 төгрөгийн ямааны мах бидэнд өгсөн. 2014 онд нийлүүлсэн махны үлдэгдэл тооцоо 30.120.000 төгрөгийн авлага үүссэн. 2015 оны 9 дүгээр сард 630 килограмм 2.650.000 төгрөгийн ямааны шулсан мах нийлүүлсэн боловч мөнгийг нь өгөөгүй байна. 2015 оны авлага 7.905.000 төгрөг үүссэн. Нийт 38.025.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Наранбаатараас ямар учраас мөнгө дутуу орж байгааг асуухад “компани орлого муутай байгаа, удахгүй Хятад руу мах гаргаж зээл авна. Тэр мөнгөнөөсөө танай хохирлыг барагдуулна, захирал энэ талаар мэдэж байгаа” гэх хариулт хэлдэг байсан. Гэтэл Наранбаатар компаниас манай нийлүүлсэн махны мөнгийг бүрэн авч, миний дансанд шилжүүлэхдээ өөрөө дундаас нь авч биднийг залилсан болох нь өөрийнх нь хэлснээр болон компаний нягтлан бодох Түвшин нарын ярьснаар нотлогдож байгаа юм. Хохирлоо барагдуулж авмаар байна...” /хх-36-37-I/,
“...Тухайн үед Наранбаатар мөнгөний хэрэг болоод байна, түр зуур мөнгө зээлээч гэж хэд хэдэн удаа тодорхой хэмжээний мөнгө зээлж авч байсан. Тэр нь 500.000 төгрөг юм уу 1.000.000 төгрөг л байдаг байсан ба тэр зээлсэн мөнгөө буцааж төлдөг байсан. Би тухайн үед хамтарч ажиллаж байсан учраас Наранбаатарыг хувиараа мөнгө зээлээч гэхээр зээлдэг байсан. Би “Хаан хүнс” ХХК-д өгсөн махны тооцоо энэ шүү, хувийн тооцоо чинь энэ шүү гэж хар дэвтрээ үзүүлдэг байсан. Миний хохирол төлбөрийг барагдуулж өгөхийг хүсэж байна...” /хх-148-II/,
“...Наранбаатарт яагаад мөнгө дутуу хийчихэв гэхээр “компани орлого муутай байна, удахгүй төлнө, захирал нягтлан мэдэж байгаа, манай компани зээл хөөцөлдөж байгаа. Хятад руу адууны мах гаргах гэж байгаа тэгэхээр мөнгийг чинь төлнө” гээд яваад байсан. Тэр хугацаанд байнгын харилцаатай, мах нийлүүлээд л явж байсан. Одоо нийт 38.025.000 төгрөг нэхэмжилж байна, Наранбаатар надад нэг ч төгрөг төлөөгүй...” /хх-180-II/,
“...Тэгээд 2014 оны 3 дугаар сард “Хаан хүнс” ХХК-ийн менежер Наранбаатар нь “Хүчит шонхор” зах дээр ирж надтай уулзаад “манай компанид 3 тонн гаруй ямааны мах хэрэгтэй байна та гурван сарын хугацаатай зээлээр өгөөч, 2014 оны 6 дугаар сард манай компани мөнгөтэй болно, тэгэхээр төлбөрийг чинь төлье” гэхээр нь зөвшөөрч 3 тонн 224 килограмм ямааны махыг нэг килограммыг нь 4.600 төгрөгөөр бодож нийт 14.877.000 төгрөгийн мах өгч, уг махыг тус компанийн нярав Баатар, жолооч Анхаа нар нь ачаад явсан бөгөөд үүнээс хойш 2014 оны 6 дугаар сараас эхлээд бага багаар төлж нийт 3.247.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 11.630.000 төгрөгийг төлөөгүй. Тэгээд 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр мөн “Шонхор зах” дээр ирж уулзаад “манай компанид тэмээний мах нийлүүл гэхдээ нэг тохирох зүйл байна. Манай компани орлого жоохон муу байна, уул уурхайн компаниудад нийлүүлсэн буузны мөнгө орж ирэхгүй байна. Та манай компанид 20-25 сая төгрөгийн зээлтэй явж байж чадах уу” гэхээр нь “чи энэ талаараа захирал, нягтландаа танилцуулсан юм уу” гэсэн чинь “мэдэж байгаа” гэхээр нь “за тэгвэл болж байна” гээд тэмээний мах нийлүүлж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 1 тонн 380 килограмм махыг нэг килограммыг нь 4.500 төгрөгөөр бодож 6.210.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2 тонн 567 килограмм махыг нэг килограммыг нь 4.450 төгрөгөөр бодож нийт 11.423.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 3 тонн 664 килограмм махыг нэг килограммыг нь 4.400 төгрөгөөр бодож, нийт 16.112.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 3 тонн 247 килограмм махыг нэг килограммыг нь 3.800 төгрөгөөр бодож нийт 12.331.000 төгрөг болоод нийт авлага 46.076.000, төгрөг болсноос 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 10 сая төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдөр 9.070.000 төгрөг тус тус шилжүүлээд үлдэгдэл авлага 27.006.000 төгрөг болсон. Тэгээд 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2 тонн 387 килограмм махыг нэг килограммыг нь 3.700 төгрөгөөр бодож нийт 8.832.000 төгрөг, 9 дүгээр сарын 23-ны өдөр 4 тонн 32 килограмм махыг нэг килограммыг нь 3.700 төгрөгөөр бодож 14.918.000 төгрөг нийт 23.750.000 төгрөг болсон. Үүнээс 9 дүгээр сарын 23-ны өдөр 10 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн үлдэгдэл авлага 13.750.000 төгрөг болсон. 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1 тонн 588 килограмм махыг нэг килограммыг нь 3.750 төгрөгөөр бодож 5.955.000 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 тонн 492 килограмм махыг нэг килограммыг нь 3.700 төгрөгөөр бодож 5.520.000 төгрөг болсон бөгөөд нийт 11.475.000 төгрөг болсон. Тэгээд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 14.204.000 төгрөг, 10 дугаар сарын 1-ний өдөр 10 сая төгрөгийг тус тус миний данс руу шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл нийт авлага 28.027.000 төгрөг болсон. Үүний дараа 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 4 тонн 760 килограмм махыг нэг килограммыг нь 3.500 төгрөгөөр бодож нийт 16.660.000 төгрөг болсноос 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 10 сая төгрөгийг миний данс руу шилжүүлээд үлдэгдэл авлага 6.660.000 төгрөг болсон. 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 856 килограмм махыг нэг килограммыг нь 3.700 төгрөгөөр бодож нийт 3.167.000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 4 тонн 798 килограмм махыг нэг килограммыг нь 3.700 төгрөгөөр бодож 17.752.000 төгрөг, нийт 20.919.000 төгрөгийн авлагаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10 сая төгрөг, 10 дугаар сарын 13-ны өдөр 10 сая төгрөгийг тус тус шилжүүлээд үлдэгдэл 919.000 төгрөг болсон. Тэгээд 2014 оны 10 дугаар сарын 13-ны байдлаар нийт авлага 35.606.000 төгрөг болсон. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2 тонн 133 килограмм махыг нэг килограммыг нь 3.600 төгрөгөөр бодож нийт 7.678.000 төгрөг болсон үүнээс 10 дугаар сарын 15-ны өдөр 10 сая төгрөгийг шилжүүлснээр нийт авлага 33.284.000 төгрөг болсон. 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 4 тонн 406 килограмм махыг нэг килограммыг нь 3.550 төгрөгөөр бодож 15.867.000 төгрөг болсон үүнээс 8 сая төгрөгийг миний данс руу шилжүүлж үлдэгдэл 7.867.000 төгрөгийн авлага үлдсэн. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 тонн 612 килограмм махыг нэг килограммыг нь 3.500 төгрөгөөр бодож нийт 9.142.000 төгрөг болсноос 5 сая төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 4.142.000 төгрөг үлдсэн. Мөн 10 дугаар сарын 25-ны өдөр 5 сая төгрөгийг миний данс руу шилжүүлж нийт авлага 40.293.000 төгрөг болж байгаа. Ингээд ямаа, тэмээний мах нийлүүлсэн нийт авлага 51.923.000 төгрөг болж байгаа. Үүнээс 2015 оны 5 дугаар сарын 20-ны үед Наранбаатар нь 21.807.000 төгрөгийн хонь, ямааны махыг надад өгөөд үлдэгдэл авлага 30.120.000 төгрөг болсон. Тэгээд 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 17 тонн 535 килограмм тэмээний махыг нэг килограммыг нь 3.500 төгрөгөөр бодож нийт 62.033.000 төгрөг болсноос 46.808.000 төгрөгийг буцааж аваад үлдэгдэл авлага 15.225.000 төгрөг болсон бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр 9.970.000 төгрөг данс руу шилжүүлээд үлдэгдэл 5.255.000 төгрөгний авлага үлдсэн. Одоо нийт 35.375.000 төгрөгний авлагатай байгаа, энэ мөнгийг нэхэмжилж байна. Наранбаатар надад мөнгө өгөөгүй, гомдолтой байна. Тухайн үед “манай компани одоохондоо мөнгө муутай байна 20-25 сая төгрөгний зээлийн тооцоотой явна шүү, тэгээд боломжтой үедээ буцааж төлнө, би захиралдаа танилцуулсан” гэж хэлсэн учраас би махаа зээлээр үргэлжлүүлэн нийлүүлж байсан. Би өр авлагаа авах талаар компанийн захиралтай уулзах гээд очихоор Наранбаатар уулзуулахгүй “захирал гадагшаа явсан, хуралтай байна, таны наад асуудлыг захирал мэдэж байгаа” гээд байсан. Яг өөрийн биеэр захиралтай нь уулзаж байгаагүй. Би тухайн үед Наранбаатарын найз Сайханбаярт 3.150.000 төгрөгийн ямааны шулсан мах зээлээр өгсөн байсан. Тэр мөнгийг Сайханбаяр өөрөө төлж байгаа учраас Наранбаатараас нэхэмжлэхгүй...” /хх-214-215-II/,
Хохирогч Ч.Чулуунцэцэгийн “...2013 оны 11, 12 сард мах бэлтгэлийн үеэр би Улаанбаатар хотод ирж “Хаан хүнс” ХХК-д хандаж “Өвөрхангай аймгийн малчдын хоршооноос мах борлуулж байна” гэх санал тавихад “манай байгууллагын мах бэлтгэлийн менежер Наранбаатар гэж залуутай 91911538 дугаарын утсаар холбогдоорой” гэж хэлсэн. Тэгээд Наранбаатартай ярьж үнэ хөлсөө тохирон “Хаан хүнс” ХХК-д мах нийлүүлсэн. 2013 оны 11, 12 сараас 2014 оны 11 дүгээр сарын хооронд нийт 3 удаа Наранбаатараар дамжуулан “Хаан хүнс” ХХК-д мах бэлтгэж нийлүүлэн үнэ хөлсөө цаг алдалгүй найдвартай авч байсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 8-аас 9-ний үеэр Наранбаатарын 91911538 “ажлаа хийж байгаа юу” гэж асуухад “хийж байгаа” гэхээр нь “ямар мах бэлтгэж байна, мах авч байгаа юу” гэхэд “Хаан хүнс” ХХК нь хонь, ямааны мах авч байна. Хонины мах 2.800 төгрөг, ямааны мах 2.200 төгрөгөөр авч байна” гэхээр нь би “манай хоршоонд хонины гулууз 499 ширхэг, 10 тонн 681 килограмм мах, ямааны 202 ширхэг гулууз 4 тонн 345 килограмм мах байна” гэж хэлэхэд “манай байгууллага авъя, та зарахаар бол яриарай” гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Цэрэнсамбуутай ярилцаад Наранбаатарт хонь, ямааны махаа зарахаар болоод зарсан мөнгийг нь хэзээ гаргаж өгөх талаар асуухад “мөнгө нь бэлэн байгаа 2-3 тонн хонины махны мөнгө дутах байх, би танд долоо хоногийн дотор үлдэгдэл 2-3 тонн хонины махны мөнгийг шилжүүлнэ” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Улаанбаатар хотод 2015 оны 12 дугаар сарын 11-ний өглөө хонины гулууз 499 ширхэг, 10 тонн 681 килограмм мах, ямааны 202 ширхэг гулууз 4 тонн 345 килограмм мах тээвэрлэн ирээд Наранбаатар руу өглөөний 08 цагийн үед залгаж “Улаанбаатар хотод ирчихлээ, махаа хаана, ямар агуулахад буулгах вэ, танай байгууллагын Амгаланд байдаг агуулах уу, компанийнхаа хашаанд авах уу” гэж асуухад “манай компани хашаандаа байдаг агуулахаа түрээсэлдэг байснаа болиод Сонгинохайрхан дүүргийн Толгойтод хувийн мах бэлтгэдэг газруудаар бэлтгүүлдэг болчихсон болохоор Толгойтод танай махыг аваачиж буулгана” гэж хэлээд “намайг Толгойтын орчим хүлээж бай” гэсэн. Тэгээд Толгойт руу мах ачсан машинаа явуулаад Наранбаатартай уулзахаар “Хаан хүнс” ХХК-ний гадаа очоод хүлээж байтал Наранбаатар 82-42 УНИ улсын дугаартай “Ниссан Санни” загварын жижиг машинтай ирээд “Хаан хүнс” ХХК-руу оролгүй манай нөхөр бид хоёрыг аваад Толгойт руу явсан. Толгойтод “Бийлэг хүнс” нэртэй мах боловсруулах үйлдвэрийн хашаанд байх 40 тоннын хоёр чингэлэгт хонь, ямааны махаа ялгаж жинлээд тус тусад нь буулгасан. Тэгээд уг махыг Номин гэж залуу ажилчдынхаа хамт хүлээн авсан. Тэгээд би махаа хиллээд тоолж тооцоо хийж хүлээлгэж өгч байхад Наранбаатар Номин нар нь хоорондоо машин дотор сууж маш удаан юм ярьж сүүлдээ дарс уугаад манай нөхөр Цэрэнсамбууг дуудаад “бид нар олон жилийн танил хүмүүс бид сайн түншүүд гэж Номинг танилцуулж байсан. Танилцуулж байхдаа “Номин нь мах нийлүүлж борлуудаг хүн, та сайн танилцаад ав” гэж манай нөхөртэй Номинг танилцуулахаар нь бид Наранбаатараас “танай “Хаан хүнс” ХХК аваагүй юм уу, энэ Номин гэх залуу худалдан авч байгаа юм уу, чи тооцоо хийх юм уу, Номин тооцоо хийх юм уу” гэж асуухад Номин гэж залуу “бид махны тооцоог Наранбаатар руу шилжүүлнэ, Наранбаатар та нартай тооцоогоо бодно” гэхэд Наранбаатар “тэгнэ” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр гэрээ хийгээгүй, гарын үсэг ч зуруулж авалгүй салсан. Тэгээд Наранбаатар Номин нар дарсаа уугаад байж байгаад мах буулгаж дуусаагүй байхад махаа буулгаж өгөөд дансныхаа дугаарыг миний утас руу явуулаарай гэж хэлэхээр нь би нийт 15 тонн мах буулгаж байхад “Бийлэг хүнс” ХХК-ийн захирал Цэнгэлмаа гэж эмэгтэй “та нар Наранбаатарыг сайн таних юм уу, наад залуу чинь манай компанид танай махыг нийлүүлнэ гэж ярьж байсан, одоо яагаад Номинд өгөх болсон талаар мэдэхгүй байна. Номин гэж залууд Наранбаатар 4 сая төгрөгийн өртэй шүү дээ, бас манай дүү Дариад Наранбаатар 18 сая төгрөгийн өртэй” гэж надад хэлж байсан. Би тухайн үед юм бодолгүй хонь, ямааны махаа үлдээгээд явсан. Маргааш нь Наранбаатар руу залгаж “хонины гулууз 499 ширхэг, 10 тонн 681 килограмм мах, ямааны 202 ширхэг гулууз 4 тонн 345 килограмм мах буулгасан шүү, хонины мах килограмм нь 2700 төгрөг, ямааны мах килограмм нь 2.200 төгрөгөөр тооцож нийт 38.397.000 төгрөг боллоо шүү мөнгийг нь миний дансанд хийгээрэй” гэж хэлээд Наранбаатарын 91911538 дугаарт дансныхаа дугаарыг явуулсан. Тэгэхэд Наранбаатар “мах хүлээн авсан баримтыг үзлээ, тийм байна, ажлаа зохицуулаад нутаг руугаа буцдаа” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 15.000.000 төгрөгийг миний дансанд хийчихээд “Номин махны мөнгийг шилжүүлээгүй байна, мөнгө орж ирэхээр үлдсэн мөнгийг нь өгье” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Улаанбаатар хотод ирээд Наранбаатартай “Нарантуул-2” зах дээр уулзахад “өнөөдөр таны мөнгийг өгнө, хамгийн сүүлийн өдөр өнөөдөр” гэж хэлээд алга болоод утсаа авахгүй байсан. Утсаа авахаараа хуралтай байна, ажил ихтэй байна, ажил явдал гарлаа, эргээд залгая гэх шалтгаанаар надаас зугтааж байсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр Улаанбаатар хотод ирээд “Хаан хүнс” ХХК дээр очиж “танай компанид мах нийлүүлсэн, нийлүүлсэн махныхаа мөнгийг авъя” гэхэд “танай махыг манай компани аваагүй, Наранбаатартай өөртэй нь ярь” гэсэн тэгээд Наранбаатарыг дуудаж ирүүлсэн. Наранбаатартай уулзахад “мөнгө нь орж ирэхгүй байна, Номин надад мөнгө шилжүүлээгүй байна” гэсэн. Номинтой холбогдоход “Наранбаатарт мөнгийг нь шилжүүлээд өгчихсөн” гэж хэлсэн. Тэгээд Наранбаатарыг ямар нэгэн баталгаа гаргаж өг, чамаас одоо мөнгөө автлаа салахгүй гэхэд Наранбаатар баталгаа гаргаж өгье гэхээр нь “Драгон” төв дээр байдаг нотариат дээр очиж, худалдах, худалдан авах гэрээ хийгээд нийт 23.397.000 төгрөгийн үлдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгнө гэж гарын үсэг зурж, баталгаажуулсан. Тэгээд манай нөхөр бид хоёр Наранбаатарт итгээд Өвөрхангай аймаг руу буцсан. Наранбаатартай уулзаагүй, утсаа тасдаад холбоо барихгүй байж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр манай нөхөр Цэрэнсамбуу Улаанбаатар хотод ирж Наранбаатартай уулзахад “Номингоос мөнгөө аваад үрчихсэн, одоо мөнгө байхгүй, хугацаа өгөөч 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр мөнгийг чинь бүрэн төлнө” гэж хэлээд алга болсон. Тэгээд өнөөдрийг хүртэл гар утас нь холбогдохгүй сүүлдээ утсаа авахгүй байхаар нь Наранбаатарын эхнэр Сайхнаа гэж эмэгтэйтэй 99999812 дугаарын утсаар холбогдож “танай нөхөр Наранбаатарт мах зараад залилууллаа төлж өгөөрэй” гэхэд “Наранбаатараас салсан, надад хамаагүй, чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу” гээд уурлаж байгаад утсаа тасалсан. Тэгэхэд Наранбаатар манай нөхөр рүү залгаж “надаас мөнгө олж авахыг чинь харна аа” гэж хэлсэн байсан. Би гомдолтой байна хохирол болох 23.397.000 төгрөг нэхэмжилж байна...” /хх-39-43-I/,
“...Тухайн үед би нөхөр Цэрэнсамбуугийн хамт хонь, ямааны мах аваад хот руу “Хаан хүнс” ХХК-ний борлуулалтын ажилтан Наранбаатартай утсаар ярьж тохироод авчирч өгсөн. Тэр үед 15.026 тонн хонь, ямааны мах нийлүүлсэн бөгөөд нийт 38.397.000 төгрөг болсон. Түүнээс 15.000.000 төгрөгийг бэлнээр аваад үлдэгдэл мөнгийг удахгүй явуулна гэж тохироод нөхөр бид хоёр буцсан. Тэгээд мөнгө шилжүүлэхгүй болохоор нь нөхөр бид хоёр хот руу буцаж ирээд Наранбаатартай уулзаж мөнгөө авах гэсэн чинь “удахгүй өгнө, итгэхгүй бол гэрээ хийе” гэж хэлээд бид мөнгөө олж авахын тулд гэрээ байгуулсан. Ер нь бол тухайн үед Наранбаатарт авчирсан махаа зарсан боловч Номинчулуун гэх хүн манай махыг хиллэж хүлээн авсан. Тэр хоёр хоорондоо ямар учиртайг мэдэхгүй. Би тэр Номинчулуун гэх хүнийг танихгүй тэр өдөр л уулзсан. Нөхөр бид хоёр урьд нь “Хаан хүнс” ХХК-д 2-3 удаа мах нийлүүлж байсан. Тэгээд Наранбаатарыг танидаг болсон. Одоо Наранбаатараас 23.397.000 төгрөг авах ёстой бөгөөд тэр мөнгөнийхөө оронд хашаа байшингаа барьцаанд өгсөн. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-147-II/,
“...Наранбаатар надад 23.400.000 төгрөгийн өртэй байсан бөгөөд би өрнийхөө оронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32-17а тоот 51.85 метр квадрат талбайтай хувийн хашаа байшинг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан байгаа. Наранбаатарыг 23.400.000 төгрөгөө төлсөн тохиолдолд нэрийг буцаан шилжүүлж өгнө гэж бичгээр хэлцэл хийсэн. Төлөхгүй бол би тэр хашаа байшинг худалдан борлуулж, хохирлоо барагдуулна. Би хохирлоо бэлэн мөнгөөр авмаар байна, гомдолтой байна...” /хх-181-II/,
“...Наранбаатар надад 23.400.000 төгрөгний өртэй байсан бөгөөд өрнийхөө оронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32-17а тоот 51.85 метр квадрат талбайтай хувийн хашаа байшинг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан байгаа. Наранбаатарыг 23.400.000 төгрөгөө төлсөн тохиолдолд нэрийг буцаан шилжүүлж өгнө гэж бичгээр хэлцэл хийсэн байсан. Тэгтэл Наранбаатарын найз гэх Энхболор нь Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж миний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба би энэ асуудлаар иргэний шүүхэд давж заалдаж байгаа одоогоор шийдвэр нь гараагүй байна. Тухайн үед Наранбаатартай утсаар яриад “танай компани мах худалдан авч байгаа юу” гэсэн чинь “авч байгаа” гэхээр нь мах хөдөөнөөс ачиж ирсэн. Тэгтэл миний махыг “Бийлэг хүнс” ХХК-ний хашаанд буулгаад Номинчулуун гэх хүний хамт хүлээн авч байхад Наранбаатарыг Номинчулуун гэх хүнд зарж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Тэр үед Номинчулуунтай танилцаад “хэн нь миний махыг аваад байгаа юм бэ, төлбөрийг нь хэн өгөх юм бэ” гэсэн чинь “таны махны мөнгийг Наранбаатар өгнө, та Наранбаатартай тооцоогоо хийгээрэй” гэж хэлсэн. Би өмнө нь Наранбаатарт 3 удаа хонь, ямааны мах нийлүүлж байсан бөгөөд тухайн үед нь төлбөрийг нь бүрэн авч байсан. Яг хэдэн оны хэдэн сарын хэдэнд, ямар хэмжээтэй мах нийлүүлж байснаа одоо санахгүй байна. Миний хувьд Наранбаатараас хохирлынхоо оронд хашаа байшинг одоогийн байдлаар авсан байгаа. Би Наранбаатараас бэлэн мөнгөө авмаар байна, гомдолтой байна...” /хх-216-II/,
Гэрч С.Пүрэвдоржийн “...Би Чулуунцэцэг гэдэг хүнийг танина. Өвөрхангай аймгаас мах, аарц, түүний эд хот хооронд тээвэрлэж танилцсан. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чулуунцэцэгийн түүхий эд авдаг хашаанд байх агуулахаас хонь, ямааны нийтдээ 15 тонн гаран махыг 48-02 УНУ улсын дугаартай “Хино” загварын ачааны машинд ачиж Улаанбаатар хотод 2015 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед орж ирээд Сонгинохайрхан дүүргийн Орбитын тойрогт очоод мах худалдан авах хүнийг 11 цаг хүртэл хүлээж байгаад гаднаа хаяггүй хойшоо харсан мах боловсруулдаг үйлдвэр бололтой саарал сэндвичин байшинтай хашаанд очиж 40 тоннын хоёр чингэлэгт хонь, ямааны махыг тус тусад нь буулгаж байсан. Ч.Чулуунцэцэгээс хэн гэж хүн мах авсныг би мэдэхгүй...” /хх-57-I/,
Гэрч М.Мөнхбаатарын “...Наранбаатар бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага байхгүй. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байх Наранбаатар надаас 12.137.000 төгрөгийн 5 тонн 58 килограмм тэмээний мах худалдаж аваад төлбөрийг нь хийгээгүй, зээлээр авсан байсан юм. Тэгээд манай найз Номинчулуун Наранбаатараас хонь, ямааны мах аваад төлбөрийг нь хийх үед би тэр мөнгөнөөс нь тэмээний махны мөнгийг суутгаж, бүрэн авсан. Одоо ямар нэг өр авлага байхгүй. Би тэр үед Номинчулуунд бас 9.500.000 төгрөгний өртэй байсан бөгөөд Наранбаатараас мөнгөө аваад Номинчулуунд өрөө төлсөн юм. Би тухайн үед Наранбаатар Номинчулуун хоёрыг хаанаас, хэнээс мах авч байгааг нь мэдээгүй, тэр мах зарсан хүмүүсийг танихгүй. Би Наранбаатарт зарсан тэмээний махны мөнгөний оронд тэр хонь ямааны махнаас нь суутгаж аваад Номинчулуунд өрөө төлсөн. Өөр надад мэдэх юм байхгүй. Тухайн үед Номинчулууны авсан махнаас 2 тонн орчмыг авч яваад зах дээр борлуулаад мөнгийг нь Номинчулуунд өгсөн. Бусад махаа Номинчулуун өөрөө авч үлдсэн...” /хх-151-II/,
Гэрч Д.Даваацэрэнгийн “...Миний ажил үүргийн хуваарь бол захиалгын дагуу орж ирж байгаа махыг жинлэж хүлээн аваад нийт хэдэн килограмм мах авсныг бодож гаргаад нягтландаа тоо хэмжээг нь тайлан хэлбэрээр гаргаж өгдөг байсан. Би мах нийлүүлдэг хүмүүсийг зүс л мэдэхээс сайн танихгүй. Наранбаатар мах худалдаж аваад харилцагч нарыг үйлдвэр рүү явуулдаг байсан. Оюунбаатар махны чанарыг шалгаж авдаг байсан...” /хх-46-47-I/,
Гэрч Ш.Цэрэнсамбуугийн “...Тэгээд 2015 оны 12 дугаар сард Наранбаатартай утсаар яриад “мах авч байгаа юу” гэсэн чинь “авч байгаа, мах байвал аваад ир” гэхээр нь эхнэр бид хоёр хонины гулууз 499 ширхэг буюу 10 тонн 681 килограмм, ямааны мах 4 тонн 345 килограмм мах худалдаж аваад хот руу тээвэрлэж ирээд Наранбаатартай утсаар ярьсан чинь “Бийлэг хүнс ХХК-ний хашаанд аваад ир” гэхээр нь тэнд нь яваад очтол Наранбаатар нэг залуугийн хамт авчирсан махыг хиллэж хонины мах нэг килограммыг нь 2.800 төгрөгөөр, ямааны мах нэг килограммыг нь 2.200 төгрөгөөр бодож нийт 38.397.000 төгрөг болсон бөгөөд “мөнгийг чинь маргааш дансаар чинь шилжүүлнэ” гэж хэлээд төлбөр тооцоо хийгээгүй. Тэгээд маргааш нь манай эхнэрийн дансаар 15.000.000 төгрөг шилжүүлсэн байхаар нь үлдэгдэл мөнгийг нь хэзээ шилжүүлэх юм бэ гэхэд “удахгүй” гээд алга болсон. Одоо Наранбаатар бид хоёрт 23.397.000 төгрөг өгөх ёстой бөгөөд уг төлбөрийн оронд найзынхаа хашаа байшинг барьцаанд тавьж, гэрчилгээг нь манай эхнэрийн нэр дээр шилжүүлсэн. Одоо би тэр барьцаанд авсан хашаа, байшинг зарж үлдэгдэл төлбөрөө авах санаатай байна...” /хх-217-II/,
Гэрч Н.Лхагвадоржийн “...Би 2013 оны зун “Хаан хүнс” ХХК-ийн менежер Наранбаатартай анх танилцсан. Тухайн үед Наранбаатар нь бэлэн мөнгөөр “Хүчит шонхор” захаас хонь, ямаа, тэмээний махыг бөөний үнээр авдаг байсан юм. Эхнэр Мөнхцэцэг бид хоёр бөөндөж авсан махаа Наранбаатарт зарж борлуулдаг байсан. Сүүлдээ 2014 оноос эхлэн “манай үйлдвэр дээр махаа авчирч өгч байгаарай” гэж тохироод үйлдвэр дээр нь махаа авчирч чанар шалгагч Даваа, Баатараа нарт хүлээлгэн өгөөд Наранбаатараас тухайн үед хэдэн килограмм мах өгснөө тооцож төлбөрөө дансаар авдаг болсон. Тухайн үед Наранбаатар махны мөнгийг Мөнхцэцэгийн дансанд бүрэн төлж байгаад сүүлдээ хагас дутуу хийгээд байхаар нь утсаар ярьж хэлэхэд “дараагийн авах махан дээрээ урьд авсан үлдэгдэл мөнгийг чинь нэмээд явуулчихна аа” гээд нэмж мах аваад байдаг байсан. Тэгээд өр нэмэгдсээр байхаар нь Наранбаатараас мөнгөө нэхэхээр “манай компани мөнгөгүй байна, удахгүй зээл аваад үлдэгдэл мөнгийг чинь төлнө, манай захирал мэдэж байгаа” гэж хэлдэг болсон. Сүүлдээ бүр мөнгө өгөхгүй болохоор нь “захиралтай чинь уулзъя” гэхээр “гадагшаа явчихсан байгаа, удахгүй ирэхээр нь уулзуулна” гэж худлаа ярьсаар өдийг хүрч байгаа юм. 2015 оны 10 дугаар сард “Хаан хүнс” компаний захиралтай нь уулзах гэтэл компаний үүдэн дээр Наранбаатар тосож уулзаад Сайханбаяр гэдэг хүнийг манай эхнэр гэж дагуулж ирээд “захирлын эхнэрийнх нь дүү” гэж танилцуулаад нөгөө хүүхэн нь Наранбаатарыг “захиралд нь хэлээд хэрэггүй, би хэлж яриад ажилтай байлгахгүй бол энэ хүн ажлаасаа халагдах болно, өр төлбөрийг нь хамт төлөлцөх болно” гэж хэлээд нотариатаар орж “үлдэгдэл төлбөрийг чинь бүрэн төлнө” гэж манай эхнэртэй гэрээ байгуулсан. Тэгээд одоо болтол өр барагдуулаагүй байгаа. Бид нар тухайн үед Наранбаатарыг залилан мэхэлж байна гэж мэдээгүй, “Хаан хүнс” ХХК-д махаа нийлүүлж байна гэж бодож байсан. Бид менежер Наранбаатартай л харьцаж махаа нийлүүлж, мөнгө төгрөгөө авдаг байсан. Махны төлбөрийг дансаар авч эхэлснээс хойш мөнгө дутуу орж ирээд байдаг болсон. Яагаад дутуу орж байгаа талаар асуухад “компани орлого муу байна, удахгүй зээл аваад мөнгийг чинь бүрэн төлнө” гэж хэлдэг байсан. Тухайн үед компани дээр махаа аваачиж өгөхөөр чанар шалгагч нярав Баатараа, Даваа нар чанарыг шалгаж хиллэж үзээд хүлээж авдаг байсан. Бид хоёр тооцооныхоо дэвтэр дээр тэмдэглэж аваад явдаг байсан. Тэр компани махны чанарыг шалгаж шулж дууссаны дараа хаягдал гологдол гарах эсэхийг үзээд дараа нь мөнгөө шилжүүлдэг байсан учир тухай бүр тооцоогоо хийж авах боломжгүй байдаг. Махны үнийг яг тодорхой мөнгөн дүн хэлэх боломжгүй. Тухайн өдөр зах зээлийн ханш нь хэдэн төгрөг байна түүгээр нь бодож тооцоо хийж өгдөг байсан. Наранбаатар дутуу төлсөн мөнгөө заримдаа төлөөд бага хэмжээний төлбөрийг үлдээгээд дараагийн мах авахдаа бүрэн төлнө гэж дутуу төлж явсаар байгаад одоо өр төлбөртэй болчихсон юм. Наранбаатар “манай компани нь Хятад улс руу бэлэн бууз гаргаад мөнгө нь орж ирэхээр өгнө, манай компани 888 төсөлд хамрагдаж байгаа. Тэндээс мөнгө орж ирэхээр төлнө” гээд худлаа яриад байсан юм байна лээ...” /хх-44-45-I/,
Гэрч Ю.Наранбаатарын “...2013 оны зун “Хаан хүнс” ХХК-ийн менежер Наранбаатар гэх залуу манай зах дээрээс ирж мах авдаг байсан. Бид хонь, ямааны мах хэд хэдэн удаа нийлүүлж байсан. Тэгээд ярьж байгаад компанийнх нь байранд махаа аваачиж өгдөг болсон. Наранбаатар Мөнхцэцэг эгчийн данс руу мөнгөө хийдэг байсан. Мөнгөний тооцоог Мөнхцэцэг эгч сайн мэдэж байгаа. Наранбаатар нийлүүлсэн махны мөнгийг дутуу хийгээд байна гэж Мөнхцэцэг эгч хэлдэг байсан. Бидэнд өгөх ёстой үлдэгдэл мөнгийг Наранбаатар төлнө барагдуулна гэж удаа дараа компанид, цагдаад битгий хэлээч гэж гуйсаар өдий хүрсэн боловч бидний хохирлыг барагдуулаагүй байна. Түүнтэй хамт эхнэр нь болох Сайханбаяр нь мөн ирж уулздаг ба Наранбаатарыг би хариуцна гэдэг. Мөн “Хаан хүнс” ХХК-ийн захирал Эрдэнэбат миний хүргэн ах гэж ярьдаг байсан...” /хх-48-I/,
Гэрч Б.Түвшингийн “...Би 2011 оны 10 дугаар сараас эхлэн “Хаан хүнс” ХХК-д мах хариуцсан тооцооны нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн бөгөөд тэр үед Наранбаатар гэх хүн томилогдож, махны худалдан авалтыг хариуцан ажиллаж эхэлсэн. Тухайн үед Наранбаатарт мах худалдан авахуулахаар бэлэн мөнгийг цохож өгөхдөө би хоёрдугаар гарын үсгийг зурж, захирал нэгдүгээр гарын үсгийг зураад касснаас бэлэн мөнгө олгоод тэрийг Наранбаатар бэлнээр нь авч мах, худалдан аваад компаний чанар шалгагчид шалгуулаад няравт тушаадаг. Тэгээд тухайн менежер нь худалдаж авсан махны мөнгийг хоёроос тав хоногийн дотор хийж дуусгаад дараагийн худалдан авалтынхаа мөнгийг авч явдаг байсан. Манай компаний хувьд зээлээр мах авч байгаагүй дандаа мөнгө өгч махаа авдаг байсан. Наранбаатарын хувьд компанитай ямар нэгэн махны болон бэлэн мөнгөний тооцоо байхгүй, тухайн хугацаандаа авч явсан бэлэн мөнгөндөө махаа бүрэн авчраад тооцоогоо нийлж байсан учраас манай компаний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Түүнээс гадна Мөнхцэцэг гэдэг хүн “танай компани тооцоогоо дутуу хийсэн, үлдэгдэл мөнгөө авъя” гэж нэг ч удаа ирж уулзаагүй. Бид цагдаад шалгагдаж байхад нь мэдсэн. Компаний зүгээс менежер нар цаашаа ямар хүнтэй харьцаж мах худалдан авч байгааг мэдэхгүй. Тухайн өдөр махны ханш хэдэн төгрөг байна тэр ханшаараа худалдан авалт хийгдээд орж ирж байвал тэр тооцоогоор нь бодоод тооцоогоо дуусгаж явдаг байсан. Манай компанийн зүгээс Мөнхцэцэг гэдэг хүнтэй ямар нэгэн гэрээ байгуулж ажиллаагүй, өр авлага байхгүй бөгөөд худалдан авсан махны тооцоог нийлж хийж байгаагүй. Менежер Наранбаатар ямар хүмүүстэй харьцаж махаа худалдан авдаг байсныг мэдэхгүй, Мөнхцэцэг гэдэг хүнийг танихгүй. Манай менежер нарын үүрэг бол тухайн өдрийн ханшаар бэлэн мөнгөөр мах худалдан аваад няравт тушаах ёстой. Хэрвээ урд тооцоогоо дуусгаагүй менежер байх юм бол нэмж мөнгө олгодоггүй ба ямар нэгэн байдлаар тооцоог нь дуусгаж байж дараагийн бэлэн мөнгийг олгодог. 2015 оны 10 сард байх Мөнхцэцэгийн нөхөр гэх Лхагвадорж менежер Наранбаатартай хамт ирж махны худалдан авалтын үлдэгдэл дээр тооцоо нийлэхэд нийлж байна гээд гарын үсэг зураад явсан. Тухайн үед Лхагвадоржид 9.970.000 төгрөгийн зөрүү гараад тэрийг нь данс руу нь шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь менежер Наранбаатар Лхагвадоржтой тооцоо хийсэн байсан...” /хх-50-I/,
“...Танай байгууллагад гарган өгсөн баримтууд нь манай компаний ахлах менежер Наранбаатарын касснаас бэлнээр авсан болон компанийн агуулахад тушаасан махны баримтууд, Наранбаатарын мах худалдаж авсан хүмүүс рүүгээ дансаар мөнгө шилжүүлсэн баримтууд байгаа юм. Манай компанид хуулбар үнэн гэсэн тэмдэг байдаггүй тул шууд хуулбарлаж өгсөн юм. Ер нь бол Наранбаатарыг хэн гэдэг, хэдэн харилцагчаас мах авсныг мэдэх боломж байхгүй бөгөөд тухайн өдрөө харицагч нараасаа авсан махаа нийлүүлээд бөөнд нь тушаадаг байсан учраас мах нийлүүлсэн мөнгөн дүнгээрээ кассанд тооцоо хийж байсан. Харилцагч нарыг нэг нэгээр нь салгаж тооцоо хийж байгаагүй учраас хэн хэдэн төгрөг шилжүүлсэн, хэнээс хэдэн килограмм мах авсан гэх баримтыг гаргаж өгөх боломж байхгүй. Манай компанид чанар шалгагчаар Оюунбаатар, Даваацэрэн гэх хүмүүс ажиллаж байгаад ажлын ачааллыг нь нэмсэн чинь “ингэж ажиллаж чадахгүй” гээд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өөрсдийн хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн. Тэр хоёр хүн Наранбаатарын төлбөр тооцооны асуудлыг огт мэдэхгүй, ажил үүргийн хуваарь өөр байдаг. Ер нь бол Наранбаатарын авчирсан махыг Оюунбаатар хүлээж аваад шулж янзлаад Даваацэрэнд хүлээлгэж өгөөд, Даваацэрэн нь үйлдвэр рүү оруулдаг шат дамжлагаар явдаг байсан...” /хх-149-II/,
“...Ер нь Наранбаатарыг хэдэн харилцагчаас хэдэн төгрөгийн мах авч ирж байгааг мэдэх боломж байхгүй бөгөөд харилцагч бүрийг ялгаж салгах боломжгүй. Манай компанийн зүгээс бэлэн мөнгөөр мах худалдан авдаг, зээлээр мах авч байгаагүй. Компанийн зүгээс Наранбаатарыг Мөнхцэцэгээс хэдэн төгрөгийн хэдэн килограмм мах авч байсныг салгаж баримт гаргаж өгөх боломжгүй. Компанийн зүгээс хэн нэгэн харилцагчид өр төлбөр байхгүй. Менежер нарт бэлэн мөнгө өгч явуулан мах худалдан авахуулдаг. Манай компанид ямар нэгэн хохирол байхгүй. Мөнхцэцэг гэдэг хүн 2013 оноос хойш Наранбаатар зээлээр мах өгч байсан гэх бөгөөд тэр үед Мөнхцэцэг манай компанид өр төлбөрийн тооцоо нийлэх талаар ирж уулзаж төлбөр мөнгөний асуудлаар уулзаж байгаагүй. Наранбаатар Мөнхцэцэг хоёр хоорондоо харилцан тохиролцсон асуудал байж магадгүй. Бид сая цагдаад шалгагдах үед нь энэ талаар мэдсэн...” /хх-163-II/,
Гэрч М.Сайханбаярын “...Би Наранбаатартай хувийн харилцаа холбоо байхгүй, бид эхнэр нөхөр биш зүгээр л найзууд. 2015 оны намар байх Наранбаатар над руу залгаад “Мөнхцэцэг эгч баахан мах бөөндөөд авчихсан чинь мах нь зарагдахгүй муудах гээд байна, чи авчихаач” гэхээр нь би “ястай мах авахгүй” гэтэл “тэгвэл шулаад бэлдээд өгье” гэхээр нь “надад агуулах сав байхгүй” гэсэн чинь “өөрсдөө зоориндоо байлгаж байя” гэхээр нь “тэг тэг” гээд бага багаар авсаар байгаад 2015 оны 12 дугаар сарын үед нийт 630 килограмм ямааны махыг авч цайны газраа хэрэглэж дуусгасан юм. Тухайн үед нэг килограммыг нь 5.000 төгрөгөөр бодож нийт 3.150.000 төгрөг болсон. Тэгэхэд Наранбаатар “боломжтой үедээ мөнгийг нь өгчихөөрэй” гэсэн. Мөнхцэцэг надад бас юу ч хэлээгүй. Ер нь бол зээлээр өгсөн болохоор нь авсан. Тэгээд 2016 оны 2 дугаар сард 500.000 төгрөгийг Мөнхцэцэгийн данс руу шилжүүлсэн, үлдэгдлийг нь төлж дуусгана гэж бодож байгаа. Би тэр махыг авахаас өмнө Мөнхцэцэг болон түүний нөхөр Лхагвадорж нарыг таньдаг байсан. Наранбаатараар дамжуулж танилцаж байсан, ойр дотно харилцаа байхгүй. Манай төрсөн эгчийн нөхөр болох Эрдэнэбат нь “Хаан хүнс” ХХК-ийн захирал байгаа юм. Манай хүргэн ах маш чанга хатуу хүн. Би тэр хүнээс Наранбаатарыг ажлаас нь битгий халаач гэж ярьж чадахгүй. Би тухайн үед Мөнхцэцэгтэй яагаад зээлийн гэрээ байгуулж байгааг сайн мэдээгүй. Наранбаатар надад хэлэхдээ “Мөнхцэцэг эгчтэй зээлийн гэрээ байгуулах болчихлоо, чи зүгээр л гарын үсгээ зураад өгчих би өөрөө зохицуулаад мөнгийг нь төлнө” гээд байхаар нь туслах санаатай гарын үсгээ зурсан юм. Тэр үед Наранбаатарт “танай төрсөн дүү чинь байгаа биз дээ” гэсэн чинь “Мөнхцэцэг чамайг оролцуулж гэрээ хийнэ гээд байна” гээд гуйгаад байхаар нь би гэрээн дээр гарын үсэг зураад өгчихсөн юм. Тэр хоёрын хоорондын төлбөр тооцоо надад ямар ч хамаа байхгүй. Би тэр хоёр хоорондоо ямар наймаа хийж байсныг нь мэдэхгүй, ямар ч байсан махны ченж нар гэдгийг нь мэднэ. Мөнхцэцэг Наранбаатараар дамжуулан “Хаан хүнс” ХХК-д мах шахдаг байсан юм байна лээ. Миний харж байгаагаар Мөнхцэцэг Наранбаатар хоёр хоорондоо маш дотно харилцаатай эгч, дүү болсон хүмүүс л байсан. Тэр Мөнхцэцэг ашигтай болоод л Наранбаатарыг дагаад байдаг байсан байх. Би Наранбаатар болон Мөнхцэцэг нарын хувийн зан байдлын талаар мэдэхгүй, байнгын харилцаа холбоо байхгүй...” /хх-51-52-I/,
Гэрч О.Оюунбаатарын “...Би “Хаан хүнс” ХХК-д 2003 оны 3 дугаар сарын 11-ний өдөр буузны гурил элдэгчээр ажилд ороод 2013 оны 8 дугаар сард чанар шалгагч болоод ажиллаж байгаад 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Наранбаатарын хувьд менежер учраас харилцагч нартай махны үнэ ханшаа өөрөө ярьж тохироод бэлэн мөнгөөр худалдаж авах эрхтэй байсан. Тэгээд 2014 оны намраас мөнгө муутай байсан юм уу мэдэхгүй байна зарим тохиолдолд нэгээс хоёр хоногийн дараа мөнгийг нь шилжүүлэхээр тохирч мах авч байсан. Ер нь бол Наранбаатар хэнээс, ямар хэмжээний мах авахыг өөрөө мэддэг байсан учраас харилцагч нар Наранбаатартай л харьцдаг байсан. Мөнхцэцэг гэх хүнийг манай компанид мах тушааж байсан харилцагч гэдгээр нь танина. Махны ченж нар Наранбаатартай л харьцаж махаа их хэмжээгээр шахдаг байсан байх...” /хх-164-II/,
Гэрч С.Эрдэнэбатын “...Наранбаатар нь манай компанид анх 2009 онд байх няравын ажилд ороод 3 жил орчим ажиллаад хангамжийн менежерийн ажилд томилогдож байсан шиг санаж байна. Манай компаний хувьд 200-300 орчим ажилчидтай үйл ажиллагаа явуулдаг учраас Наранбаатартай өдөр тутам харьцаж байгаагүй. Би Мөнхцэцэг гэх хүнийг танихгүй, надтай уулзаж байгаагүй. Наранбаатарыг манай компанид ажиллаж байх хугацаанд Наранбаатарын талаар ямар нэгэн гомдол, санал, төлбөр тооцооны асуудлаар санал, гомдол тавьж байсан хүн байхгүй. Мөн сар бүр санхүүгийн тайлан гардаг учраас харилцагч нарт төлбөр тооцооны асуудал байвал тухай бүр нь шийдвэрлэж өгдөг байсан. Тийм учраас Наранбаатарын хувьд ажлаас гартал мөнгө санхүүгийн талаар ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Манай компанийн хувьд өдөр тутмын махыг бэлэн мөнгөөр худалдаж авдаг. Тухайн үед санхүүгийн хүндрэлд орсон зүйл байхгүй, харин ч борлуулалт сайтай, боломжийн ашигтай ажиллаж байсан. Наранбаатар Мөнхцэцэг гэх хүнд мөнгийг нь дутуу төлж байгаа талаар хэлээгүй. Наранбаатарыг сүүлд ажлаас гарсны дараа цагдаад шалгагдаж байна гэдгийг мэдээд харилцагч нарт төлбөр тооцоо дутуу хийж явсан гэдгийг мэдсэн. Тэр Мөнхцэцэг гэх хүн үнэхээр төлбөр тооцоогоо дутуу аваад байсан юм бол яагаад энэ талаар компанийн удирдлагуудад хандаагүй юм. Тэр хүнийг ажлаас гарсны дараа энэ асуудлыг сөхөж гаргаж ирснийг ойлгохгүй байна. Би Сайханбаярыг танина, манай эхнэрийн төрсөн дүү нь байгаа юм. Гэхдээ би Сайханбаяртай ажил төрлийн асуудал огт ярьж байгаагүй. Бараг уулзаад байдаггүй. Наранбаатар Сайханбаяр хоёрыг ямар харилцаатайг мэдэхгүй...” /хх-218-219-II/,
Т.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байх “Хаан хүнс” ХХК-д ажилд ороод 2011 оны 9 дүгээр сард хангамжийн менежер болоод том захууд дээр ажилладаг махны ченж болон орон нутгаас орж ирж байгаа махыг хувь хүмүүсээс бэлэн мөнгөөр худалдан авч компанидаа нийлүүлэн ажиллаж эхэлсэн. Тухай бүр нь махныхаа тооцоог хийж, тооцоо нийлж ямар нэгэн төлбөр тооцоогүй ажиллаж байсан. 2013 онд Дэнжийн 1000-ын махны ченж гэх Мөнхцэцэгтэй танилцаж хамтран ажиллаж эхэлсэн. Тэгээд тухайн үед Мөнхцэцэгээс авсан махыг компанидаа нийлүүлж Мөнхцэцэгтэй тооцоо хийхдээ заримдаа зуун хувь өгөөд, заримдаа дутуу төлж, үлдэгдэл мөнгийг дараа өгье гээд би өөртөө зарцуулдаг байсан. Компаниас махны мөнгийг бүрэн авч, Мөнхцэцэгт өгөх мөнгөнөөс дундаас нь авч хэрэглэдэг байсан. Гэхдээ тэр үед нь Мөнхцэцэгт хэлж тодорхой хэмжээний өөрт хэрэгтэй байсан мөнгөө авч үлддэг байсан. Би хэрэгцээтэй үедээ Мөнхцэцэгтэй яриад мөнгө зээлдэг байсан. Тэгж явсаар байгаад одоо 38.025.000 төгрөгийн өртэй болсон. Үүнээс манай найз Сайханбаяр 2.650.000 төгрөгийн мах аваад өгөөгүй байгаа гэсэн юу болсныг мэдэхгүй байна. Энэ 2.650.000 төгрөгийг тэр 38.025.000 төгрөгөөс хасаж тооцох ёстой. Тэгээд намайг ажлаас гарангуут энэ асуудлыг шалгуулсан юм. 2015 оны 10 дугаар сард Мөнхцэцэгийн хүсэлтээр 30.120.000 төгрөгийн өрөндөө зээлийн гэрээ байгуулъя гээд 1 жилийн хугацаатай харилцан тохирч байгуулсан юм. Мөн 2015 оны 10 дугаар сард 15.255.000 төгрөгийн махыг Мөнхцэцэгийн нөхөр Лхагвадоржоос худалдан аваад 9.970.000 төгрөгийг нь Лхагвадорж руу шилжүүлээд үлдэгдэл 5.255.000 төгрөгийг нь би аваад хувьдаа зарцуулсан юм. Ингээд би одоо Мөнхцэцэгт нийт 35.375.000 төгрөгийн өртэй. 2.650.000 төгрөгийг Сайханбаяр төлөх ёстой. Би Сайханбаяртай найз нөхдийн холбоотой байдаг. Ямар нэгэн гэр бүлийн харьцаа байхгүй. Энэ нийт учирсан хохирлыг бөөнд нь аваагүй 2013 оноос хойш хуримтлагдсан өр. Харин компаниас Мөнхцэцэгт өгөх махны мөнгийг бүрэн аваад би цааш нь Мөнхцэцэгтэй тооцоо хийдэг байсан учраас компаний зүгээс ямар нэгэн тооцооны дутагдал гардаггүй байсан. Компаниас бэлэн мөнгө авч гараад, мөнгөндөө тааруулж мах аваад, авсан махаа компанид бүрэн тушаадаг байсан учраас компаний зүгээс ямар нэгэн махны зөрүү тооцоо дутахгүй бүрэн нийлж явдаг байсан. Тухайн үед нийлүүлж байгаа махны ханшийг Мөнхцэцэг мэддэг байсан...” /хх-65-67-I/,
“...Миний хувьд компанид ямар нэгэн хохирол учруулсан зүйл байхгүй. Мөнхцэцэг, Цэрэнсамбуу нараас мах авч компанид нийлүүлж байсан нь үнэн. Би тухайн үед Мөнхцэцэгтэй харилцан тохирч тооцоо нийлж байсан бөгөөд зарим үед компаниас өгсөн мөнгөнөөс Мөнхцэцэгт дутуу төлж, тэр мөнгийг хувьдаа ашиглаж байсан. Гэхдээ энэ талаар Мөнхцэцэгт өөрт нь тооцоон дээрээ тэмдэглэж байгаарай мөнгийг чинь дутуу шилжүүлсэн байгаа гэж хэлдэг байсан. Тухайн үед Мөнхцэцэг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцоод явж байсан. Энэ өр төлбөр бол 2013 оноос эхлэн 2015 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд бага багаар хуримтлагдаад нийт 38.025.000 төгрөг болж байгаа юм. Тухайн үед би Мөнхцэцэгт өгөх ёстой махны мөнгөнөөс заримдаа 2 сая төгрөг заримдаа 500.000 төгрөг гэх мэт авч явсаар байгаад өр хуримтлагдсан юм. Тэгээд бид энэ төлбөрийг барагдуулах талаар гэрээ хийж харилцан тохирч баталгаажуулсан боловч би хугацаанд нь төлж чадаагүй. Би энэ мөнгийг бөөнд нь авсан зүйл байхгүй. Мөн Цэрэнсамбуу гэх хүнээс хонь, ямааны мах худалдан аваад мөнгийг нь дараа өгнө гэж хэлээд дутуу шилжүүлсэн. Тэр хүнд 23.397.000 төгрөгний өртэй бөгөөд оронд нь найз Энхболорын хашаа байшинг нэр дээр нь шилжүүлж өгөөд өрөө төлсөн байгаа. Одоо Цэрэнсамбуу гэх хүнтэй ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй гэж бодож байна. “Хаан хүнс” ХХК-д миний зүгээс өр төлбөрийн асуудал огт байхгүй. Би тухайн үед Мөнхцэцэгт өгөх ёстой махны төлбөрөөс аваад хоол унд, байрны түрээсээ төлж хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Тэр үед Чингэлтэй дүүрэгт хоёр өрөө байр түрээсэлж сард 700.000 төгрөг төлж байсан. Би сард нэг сая төгрөгний цалинтай байсан. Ганц бие амьдарч байсан тул найз нөхөдтэйгээ нийлээд хааяа наргиж, цэнгээд явдаг байсан. Тэр болгонд Мөнхцэцэг, Цэрэнсамбуу нарт мөнгийг нь дутуу төлж явсан. Миний хувьд явцын дунд өрөө төлж барагдуулна гэж бодож байтал компаний зүгээс энэ асуудлыг мэдээд намайг ажлаас халчихсан. Би Мөнхцэцэг, Цэрэнсамбуу нарт учруулсан хохирлын мөнгөн дүнг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа...” /хх-182-183-II/,
“...Би 2013 онд Мөнхцэцэгээс нийлүүлсэн махны мөнгийг бүрэн төлж байгаад 2014 оны 3 дугаар сараас эхлэн төлбөрийг дутуу төлж эхэлсэн бөгөөд тэр үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж, зарцуулж байсан. Яг юунд зарцуулж байснаа санахгүй байна. Өрөө буцааж төлж чадаагүй явсаар өр хуримтлагдаж нийт өр 35.375.000 төгрөг болсон. Энэ өрийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. 2014 оны 3 дугаар сараас эхлэн Мөнхцэцэгийн нийлүүлж байсан махны төлбөрийн үлдэгдэл төлбөрийн хувьдаа ашиглаад өр, авлага үүсэж эхэлсэн учраас Мөнхцэцэгт худлаа хэлж, хугацаа хожиж, хуурч мэхлэж байсан нь үнэн...” /хх-220-221-II/,
“...Би “Хаан хүнс” ХХК-д 2010 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс няраваар ажилласан. Цэрэнсамбуу гэх хүнтэй 2014 онд танилцаж Хаан хүнс ХХК-д мах худалдан авч мөн би Дэнжийн 1000-н зах дээр зарж мөнгийг нь тухай бүрт нь Цэрэнсамбууд өгдөг байсан. 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр Цэрэнсамбуу 94000988 дугаарын утаснаас миний 91911538 дугаарын утас руу залгаж “хонь, ямааны мах байна, мах авч байгаа юу” гэж асуухаар нь “манай компани мах авахгүй байна, өөр газар зарж өгч болно, та үнийн саналаа надад өгчих” гэхэд "дундаж үнэ харж байгаад хэлье” гэхээр нь “та надад өгөхөөр бол залгаарай” гэж хэлчихээд утсаа салгасан. 2015 оны 12 дугаар сарын эхээр Цэрэнсамбуу над руу залгаж “махаа чамд өгөхөөр боллоо” гэхээр нь “хонины гулууз мах дундаж нь 22 килограмм бол нэг килограммыг нь 2200 төгрөгөөр тооцож авахаар байна. Тодорхой хэмжээний махыг зээлээр авна шүү. Та зөвшөөрөөд махаа зарахаар болбол ирэхээсээ хоёроос гурав хоногийн өмнө мэдэгдээрэй, мах буулгах газраа олох хэрэгтэй” гэж хэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 8-аас 9-ний үед “мах өгөхөөр боллоо” гэж хэлэхээр нь “Бийлэг хүнс” ХХК-ийн Номинчулуун гэх хүнд Цэрэнсамбуугийн махыг зарахаар болсон. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Цэрэнсамбуу “Улаанбаатар хотод ирчихлээ, махаа хаана буулгах вэ” гэхээр нь би “Сонгинохайрхан дүүрэгт Толгойт гэх газар байх “Бийлэг хүнс” ХХК-ийн хашаанд буулгана” гэж хэлээд Орбитын тойргоос хойшоо Найрамдал зуслан явах замаас мах ачсан машиныг дагуулаад “Бийлэг хүнс” ХХК-ийн хашаанд очиход Номинчулуун болон мах буулгах грушигүүд байсан. “Бийлэг хүнс” ХХК-ийн хашаанд байх 40 тоннын чингэлэгт махыг буулгасан. Мах буулгахад Номинчулуун, Мөнхбаатар нар Цэрэнсамбуу түүний эхнэр нараас тоолж хүлээж авсан. Би Цэрэнсамбуугаас хонины 10861 килограмм, ямааны 4354 килограмм мах авч, нийтдээ 38.397.700 төгрөг өгөхөөр тохиролцсон. Хоёр хоногийн дараа махны мөнгө болох 15.000.000 төгрөгийг Цэрэнсамбуугийн эхнэр Чулуунцэцэгийн данс руу шилжүүлэхэд “үлдэгдэл 23.397.000 төгрөгийг яасан” гэж асуухаар нь “удахгүй явуулна” гэж хэлсэн. Номинчулуунаас үлдэгдэл 23.397.000 төгрөгийг би авсан. Авахдаа Номинчулууны данснаас Батзориг гэж махны ченж рүү 8.000.000 төгрөгийг шилжүүлээд Мөнхбаатар гэх ченжид 8.000.000 төгрөгийн өртэй байсан болохоор Мөнхбаатарт өгчихөөрэй гээд тэгээд үлдэгдэл мөнгө болох 7.397.000 төгрөгийг бэлнээр тоолж аваад хоёроос гурван удаа бага хэмжээний мөнгөөр архи уусан. Үлдэгдэл мөнгийг нь юунд зарцуулаад дуусгасанаа санахгүй байна. Би Цэрэнсамбууд “Хаан хүнс” ХХК мах худалдан авахгүй байгаа гэж хэлсэн. “Бийлэг хүнс” ХХК-ийн хашаанд мах буулгаж дуусаагүй байхад Номинчулуун гэх хүнд өгч байгаа гэж Цэрэнсамбууд хэлэхэд надад юм хэлээгүй. Зээлээр авах махны мөнгөний тооцоо болон хугацааг тохироогүй. Номинчулуунд хонины мах нэг килограммыг 2600 төгрөгөөр, ямааны махыг 2.200 төгрөгөөр тооцож зарсан. Би дундаас нь мөнгө унагаагаагүй. Номинчулуунд мах олж өгсөн гэж 150.000 төгрөг авсан. Номинчулуун мах худалдан авсан мөнгө гэж нийт 38.397.000 төгрөг өгөхөөр болоод надад 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөнгө өгөх гэхээр нь би Номинчулууны данснаас Цэрэнсамбуугийн эхнэрийн данс руу 15.000.000 төгрөг шилжүүлсэн мөн 8.000.000 төгрөгийг Батзориг гэх махны ченжид өртэй байсан болохоор шилжүүлсэн. Мөнхбаатар ахад 8.000.000 төгрөгийн өртэй байгаа та өгчихөөрэй гэж Номинчулуунд хэлж үлдээгээд үлдэгдэл 7.397.700 төгрөгийг Номинчулуунаас бэлнээр аваад юунд зарцуулснаа санахгүй байна үрээд дуусгасан. Би одоо ажилгүй байгаа, Цэрэнсамбууд төлөх ёстой 23.397.000 төгрөгийг Цэрэнсамбуутай тохиролцоонд хүрч сар сард нь тодорхой хэмжээгээр төлж барагдуулах боломжтой байна. Цэрэнсамбуутай 23.397.000 төгрөгийг төлнө гэж 2015 оны 12 дугаар сарын сүүлээр “Шинэ Драгон” төвийн гурван давхарт байх нотариатын газар гэрээ хийж батлуулсан. Цэрэнсамбуу Номинчулуун нар нь “Бийлэг хүнс” ХХК-ийн хашаанд мах буулгаж байхад танилцсан...” /хх-68-72-I, хх-152, 220-221-II/,
“...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4. дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд компанид төлөх өр төлбөр байхгүй. Би Мөнхцэцэг, Чулуунцэцэг нарт учруулсан хохирлын мөнгөн дүнг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа...” /хх-244-245-II, хх-26-27-III/ гэх мэдүүлгүүд болон хохирогч Ю.Мөнхцэцэг, шүүгдэгч Т.Наранбаатар нарын хохирлын тооцоо нийлсэн баримт /хх-249-250-II/, хохирогч Ю.Мөнхцэцэгийн хохирлын тооцоо бүхий баримт /хх-230-244-I/, М.Сайханбаяраас Ю.Мөнхцэцэгт ямааны махны үнэ болох 2.650.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна гэх баталгаа /хх-245-I/, Т.Наранбаатарыг ажилд томилох тушаал, хөдөлмөрийн гэрээ /хх-186-190-I/, “Хаан хүнс” ХХК-ний ахлах менежерийн ажлын байрны тодорхойлолт /хх-186-187-II/, “Хаан хүнс” ХХК-ний хангамжийн менежерийн ажлын байрны тодорхойлолт /хх-188-II/, “Хаан хүнс” ХХК-ийн албан бичиг, санхүүгийн баримтууд /хх-1-133-II/, “Хаан хүнс” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 198 дугаар албан бичиг, хавсралт /хх-192-229-I/, “Пантер Мидланд аудит” ХХК-ийн дүгнэлт /хх-236-238-II/, “Хаан” банкны депозит дансны хуулга /хх-83-I/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх Т.Наранбаатарын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.Наранбаатар нь иргэн Ю.Мөнхцэцэг, Ч.Чулуунцэцэг нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, махны төлбөрийг дутуу төлж залилан өөртөө авч, бусдад нийт 58.772.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасан “Бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг болж хуульчлагдсан байх ба шүүгдэгч Т.Наранбаатарыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч Т.Наранбаатарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Мөн Т.Наранбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “Хаан хүнс” ХХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх ба уг хэрэг нь ажилтны хөдөлмөрлөх үйл явц, хөдөлмөрлөх үүрэгтэй холбоогүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Мөн хохирогч нь Т.Наранбаатарын гэмт үйлдэлд илтэд болгоомжгүй хандсан, нөгөөтэйгүүр хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийлгүй Т.Наранбаатарт хууль бус үйлдлээ үргэлжлүүлэх боломж олгосноос гэм хор учирсан байх тул энэ талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. “Хаан хүнс” компани болон Т.Наранбаатар нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, хохирогч Ю.Мөнхцэцэгийн өмгөөлөгч Г.Энхтүвшин болон ялтан Т.Наранбаатар, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Т.Мөнх-Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтын “Шүүгдэгч Т.Наранбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Хатгин овогт Төмөртогтохын Наранбаатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Наранбаатараас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жил хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Т.Наранбаатарт 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Наранбаатарт оногдуулсан 12 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Наранбаатарт оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж,
- 4 дэх заалтын “Шүүгдэгч Т.Наранбаатарын цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Наранбаатарын цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Ю.Мөнхцэцэгийн өмгөөлөгч Г.Энхтүвшин болон ялтан Т.Наранбаатар, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Т.Мөнх-Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ц.ОЧ
Д.МЯГМАРЖАВ