Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 620

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ын Б-т холбогдох эрүүгийн 19030 0758 0371 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Уранбайгаль /томилолтоор/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С, хохирогчийн өмгөөлөгч Н.Одгэрэл, шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улааанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ын Б- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа цогцолборын баруун хойд замд 2019 оны 6 сарын 26-ны өдөр 10 цаг 45 минутын үед Daewoo Solar-50 маркийн 75-67 УБ улсын дугаартай экскаваторыг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд Тоёота Приус маркийн 73-96 УБЯ улсын дугаартай автомашины хажууд зогсож байсан иргэн C.Т-ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                                         

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ын өгсөн: 

“...Би 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 10 цаг 45 минутын орчим хххх улсын дугаартай экскаватортой Яармагийн зам дээр зүүнээс баруун чигтээ ажил хийх гэж явж байсан. Нэгдүгээр эгнээнд Зил 130 маркийн машин хөндлөн зогсчихсон, арын хэсэг нь 2 дугаар эгнээнд орсон маягтай зогсож байсан. Түүнээс болоод зам дээр нилээн түгжрэлтэй, ачаалал ихтэй байсан. Би бусад машины адил тойрч гараад буцаад нэгдүгээр эгнээндээ шилжихэд приус машины хойд талд 2 хүүхэд зогсож харагдсан. Хажуугаар нь гартал хүн орилсон. Би зогсоод буугаад хартал приусны жолооч нь мөргүүлсэн байсан. Би түргэн тусламж болон цагдаа дуудсан. Түргэн ирээд талийгаачийг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан юм.

Би том оврын тээврийн хэрэгслийг 2006 оноос барьж байна. Урьд өмнө нь осол гаргаж байгаагүй. Ахынхаа уг машиныг 7 хоногийн хугацаанд барьсан байсан юм. Тухайн үед Нисэхийн урд айлын газрыг тэгшлэхээр явж байсан. Би болсон явдалд гэмшиж байна. Надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 21.770.000 төгрөгийг төлсөн. Шинээр гаргаж өгсөн баримттай хохирлыг төлж барагдуулна.

Би тухайн үед ойролцоогоор 10 км цагийн хурдтай явж байсан. Тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч болох байсан. Намайг машины хажуугаар гарахад хоёр хүн машины ард зогсож байсныг бол харсан. Харин амь хохирогч харагдаагүй. Тэдний хажууд нь байсан хүн буюу талийгаач экскаваторын шанага суманд дарагдаад харагдаагүй. Би амь хохирогчийг хараагүй. Машины ард зогсож байсан хоёр хүн “та манай найзыг машиныхаа эвдрэлыг шалгаж байхад дайрчихлаа” гээд орилоод байсан.

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15.0 сая төгрөгийг төлсөн байсан. 5.000.000 төгрөгийг даатгалын компаниас гаргаж өгсөн ба шүүхийн шатанд би үлдэгдэл 1.770.000 төгрөг, нийт 21.770.000 төгрөгийг хохиролд тооцон бэлнээр төлсөн байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шинээр гаргасан нэхэмжилж буй 18.504.285  төгрөгийг төлнө. Осол хэрэг гаргаж хүний амь хохироосон явдалд маш их харамсаж, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гийн өгсөн:

“...Хэрэг болох үед би Швейцарь Улсад байсан. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дүүгээсээ “хүүхэд чинь осолд орчихлоо” гэсэн дуудлага авсан. Би 6 дугаар сарын 27-ны өдөр билет захиалж 6 дугаар сарын 28-ны өглөө Монголд буусан. Эмнэлэг дээр ирэхэд миний хүү ухаангүй, маш хүнд гэмтсэн байсан. Би ээж, дүү нартайгаа хамт сахиж, эм тариа яаралтай эмчилгээ хийлгэж байсан. Тэр үед 2 удаа дотор болон тархины хагалгаанд орсон. Тэрнээс өмнө хэсэг хугацаанд ухаан ороод, 2 дахь хагалгаандаа орсныхоо дараа дахин ухаан ороогүй. Тэрнээс хойш 10 хоног Гэмтлийн эмнэлэгт байж байгаад нас барсан. Бид нар оршуулгын үйл явдлыг бэлдэж эхэлсэн. Би одоо зарим зүйлийг санахгүй байна. Яагаад гэвэл ухаан санаа орж гараад хэцүү байсан. Шүүгдэгчийн зүгээс хохиролд төлсөн 21.770.000 төгрөгийг хүлээн авсан байгаа. Оршуулах үйл ажиллагаатай зарим баримт орхигдсон байсан тул нэмж 18.504.285 төгрөг нэхэмжлэл гаргаж байна.  

Залуу хүүхэд гэнэтийн байдлаар нас барсан болохоор буян сайн хий гэж хэлсэн. Шинээр гаргаж өгсөн баримтыг буяны ажил хийхэд зарцуулсан. Эмээ нь зүрх муутай болохоор одоо биеийн байдал нь муу байгаа. Өнөөдөр шүүх хуралд дагуулж ирж зүрхэлсэнгүй. Эмээ нь одоо 60 настай. Миний хүү эмээтэйгээ амьдардаг байсан.

...Хүү минь миний амьдрал дээр ирсэн ганц алаг үр билээ. Энэ амьдралын минь гэрэл гэгээ, утга учир, ирээдүйн зорилго минь байсан үр минь. Миний хүү Т нь авъяастай, тусархуу, олны хайрыг татсан найз нөхөд олонтой, эрүүл саруул хүү байсан. Миний хүү нь авъяас чадвараараа орсон сургууль бүрээс шилдэг сурагч медаль, орсон тэмцээн бүрээс медаль авч намайгаа баярлуулж, амьдралын амтыг наддаа мэдрүүлж, ээж хүн байхын жаргалыг бэлэглэдэг онцгой үр байсан. Эмээ, өвөөгийнхөө анхны зээ хүү болж мэндэлсэн амин үр минь байсан.

Би хүүгээ бага байхад нь эцгээс нь салаад өөр дээрээ хүүгээ авч, амьдралын эрхээр гадаад руу гарч хар ажил хийж, хүүгээ юугаар ч дутаахгүй гэсэндээ сайн гэсэн хувийн сургуулиудаар мэдлэг боловсрол эзэмшүүлж төгсгөсөн билээ. Ээжийн үр нь сургуулиа төгсөөд сайн мэргэжилтэй болоод, ээжийгээ жаргаана гэж хэлдэг байсан. Эмээ өвөө дээрээ өссөн. Өвөө нь хорвоогийн мөнх бусыг үзээд, эмээтэйгээ хамт хоёулаа үлдсэн. Ээж, хүү хоёроо тэжээхийн тулд улам их хөдөлмөрлөх үүрэг надад ноогдсон. Хүүтэйгээ байнга утсаар ярьж бие биенээ санагалздаг байсан. Бас боломж гарахаар цөөн өдрөөр хүү дээрээ ирж элгээ дэвтээгээд эргээд л явна. Хүүгээ өөр дээрээ авсан боловч “эмээ минь ганцаараа хэцүү байгаа, би харж хандах ёстой” гээд эргээд Монгол руугаа ирж эмээтэйгээ цуг амьдарч байсан. Монголдоо амьдарна гэж хэлдэг байсан. Ганц хүү минь байсан болохоор эрийн цээнд хүрч хүнтэй суух болохоор олон хүүхэд гаргаарай, ээж нь дүүтэй болгож чадаагүй, миний хүү гаргаж өгөөрэй гэж хэлдэг байлаа.

Миний болоод ээжийн минь энэ уй гашуу үхэн үхтэл минь сэтгэл зүрхтэй минь хамт байж үхэхийн цагт үгүй болох зовлон билээ. Энэ хэргийг хийсэн хүн ганц удаа ч болов өөдөөс минь хараад, уучлалт гуйж гэмшээгүй болохоор өр зүрх минь эмтэрч сууна. Санамсаргүй гэж хэлээд дараа нь хэдэн хүний алаг үр, хань ижил, энэ яваа насаа амьдын хагацлаар туулах вий дээ гэж бодоод уучилж өршөөе гэж бодсон боловч гэмээ хүлээж ирсэн удаа байхгүй болохоор хуульд зааснаар шийтгэлийг нь оноож өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний хувьд эрүүл мэндийн байдлаас шалтгаалж дахин хүүхэд төрүүлэх боломжгүй байсан бөгөөд ганц хүүхдээ өдий зэрэгт хүргэчихээд хэн нэг хүний болгоомжгүй байдлаас амь насыг нь алдсандаа туйлын их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19030 0758 0371 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-9х, 10-14х/,

 

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 18х/,

 

3. Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 24-27х/,

 

4. Ц овогт С-ийн Т 2019 оны 7 сарын 06-ны өдөр нас барсныг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нас барсны бүртгэлийн 3775 дугаарт бүртгэж, №000ххххх дугаартай гэрчилгээ олгосон баримт /хэргийн 40х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 7 сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 7993 тоот:

1. C.Т-ийн биед баруун зулай, чамархай яс, суурь ясны их далавч, урагшаа духны хажуу, баруун нүдний ухархайн дээд хана, суурь ясны бага далавч хүрсэн нийлмэл хугарал, ухархайн дотор хана 1.5 см өргөн хэсэг этмоид хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун дух, духны хажуу хэсгийн хатуу бүрхүүл дээрхи цус хуралт, баруун зулай, баруун чамархайн суурийн ар хэсэг, баруун дух, зүүн дух, зүүн чамархай, зүүн зулайн тархины эдийн няцрал, аарцагны цагираг тасарсан хугарал /Мальгены хугарал/, бүсэлхийн 5-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, хэвлийн гялтангийн ар ханын цус хуралт, бүдүүн гэдэсний чацархайн язралт, хэвлийн хөндийн цус хуралт /450 мл/ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д, 3.1.3-д, 3.1.12-д, 3.1.15-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 115-116х/,

 

6. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1507 дугаартай дүгнэлтэд:

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний онош:

1/. Үндсэн гэмтэл, эмгэг өвчин: Авто осол: Хавсарсан гэмтэл: Гавал тархины гэмтэл: баруун чамархай ясны цөмөрсөн ба шугаман хугарал, суурь яс болон баруун ухархайн дээд хана, самалдаг ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсэг, суурь ясны баруун урд хонхор орчмын хатуу хальсан дээрх цусан хураа, 2 тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн тархины эд дэх цусан хураа ба тархины эдийн зөөлрөл /маляци/, баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэн ба суурийн урд хэсэг, зүүн тал бөмбөлгийн суурийн дунд ба ар хэсгийн тархины эдийн няцралууд, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн эдэд 2х2 см цусан хураатай, бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт ба тархины эдийн зөөлрөл, баруун чамархайн хуйх ба баруун чамархайн булчин, баруун чамархай ясны гадна хальсны цус хуралт.

Хэвлийн битүү гэмтэл: бүдүүн гэдэсний гадна хана ба чацархайн цус хуралт, хэвлийн гялтангийн арын зайн цусан хураа, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, аарцаг ясны Мальген хэлбэрийн далд хугарал, хугарал орчмын булчин, зөөлөн эдийн их хэмжээний цус хуралт, бага аарцгийн хөндий дэх цус хуралдалт, бүсэлхийн 5-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, хугарал орчмын булчингийн цус хуралт. Тархины хатуу хальсан дээрх цусан хурааг авч, тархи дарагдлыг чөлөөлөх мэс засал ба хэвлийн хөндийн эрхтнүүдийг шалгах мэс заслын дараах байдал /2019.7.02 ба 2019.6.28/. Баруун нүдний дээд доод зовхи, баруун чихний дэлбэн, баруун гарын сарвуу, хуухнагны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун мөр, цээж, зүүн өвдөгний зулгаралтууд, баруун ташаа, хэвлий, зүүн хөлийн шагай орчмын цус хуралт, зулгаралт. 2 уушигны зогсонгишлын хатгалгаа.

Дүгнэлт:

1. C.Т-ийн цогцост дээрх оношинд бичигдсэн хавсарсан гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай, шинэ гэмтэл бөгөөд нэг цаг хугацаанд үүссэн байх тул дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй.

4. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.

5. Талийгаач ГССҮТ-ийн 08420 дугаартай өвчний түүхэнд бичсэнээр 2019.7.06-ны өдрийн 18 цаг 50 минутанд нас барсан байна.

6. Талийгаач АII бүлгийн цустай байна.

7. Талийгаач эмнэлэгт 10 хоног эмчлэгдсэн тул цусанд спирт илрүүлэх боломжгүй болно.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 123-128х/,

 

7. ШШҮХ-ийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн шинжилгээний 3827 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Т 19/эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 117-118х/,

 

8. ШШҮХ-ийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн шинжилгээний 3828 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн Тийн гэх цусанд АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 120-121х/,

 

9. ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас баримт /хэргийн 20х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гийн өгсөн:

“...Миний хүү 2000 оны 02 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгт хүмүүжээд, Төмөр замын 88 дугаар сургуульд элсэн орж 4 дүгээр анги хүртэл суралцсан. Дараа нь Жаргалан гээд хувийн сургуульд 9 дүгээр анги хүртэл суралцаж байгаад Швейцарь Улсад 6 сарын хугацаанд над дээр очиж ирж байгаад Их засаг их сургуулийн дунд сургуульд суралцаж 2019 онд төгссөн юм.

Би Швейцарь Улсад сурдаг учраас хүү маань манай ээж М.О-ийн асрамжид байдаг байсан, гэхдээ би зуны амралтаараа Монголд ирдэг байсан. Мөн хүүтэйгээ өдөр болгон гар утсаар холбоотой байдаг байсан. Би 2019 оны 6 сарын 26-ны өдөр хүүгээ осолд орсоныг мэдээд, 6 сарын 28-ны өглөө 05 цагт Улаанбаатар хотод ирсэн.

Хүү маань 10 хоног Гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад нас барсан. Миний хүү осолд орохоосоо өмнө эрүүл саруул хүүхэд байсан, урьд өмнө осолд орж байгаагүй. Би маш их гомдолтой байна. Миний ганц хүү байсан, буяны зардал бүрдүүлж байгаа. Мөн эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Жолоочид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Э-ын иргэний хариуцагчаар өгсөн:

“...Daewoo Solar 50 маркийн ххх УБ улсын дугаартай механизм нь миний эзэмшлийнх юм. Уг механизм хэвийн ажиллагаатай байсан. Надад өөрт механизм жолоодох эрх байхгүй учир үеэл дүү Б.Баар механизмаа бариулж ажилд явуулдаг байсан. Тэрээр надаас сард 1.6 сая төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд миний механизмийг бариад 7 хоног л болж байсан, гэхдээ Б.Б урьд нь 2006 оноос хойш механизм барьж байгаа.

Уг механизм нь жолоочийн хариуцлагын даатгалтай, хязгааргүйгээр хийлгэсэн байгаа. Тухайн ослоос болж механизмд хохирол учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би иргэний хариуцагчийн хувьд боломжоороо гарсан бодит зардлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 100х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Г-гийн гэрчээр өгсөн:

“...Би өнөөөдөр 10 цаг өнгөрч байхад Нисэхийн замаар баруунаас зүүн тийш 2 дугаар эгнээгээр явж байгаад үргэлжилсэн цагаан шугам давж эргэж байгаад санаандгүй өөдөөс 1 дүгээр эгнээнээс ирж байсан саарал өнгийн Т.Приус маркийн автомашинтай мөргөлдсөн. Би өөрийн автомашины зүүн урд купер хэсгээрээ, харин Т.Приус автомашины зүүн хойд талын хэсгээр шүргэлцсэн. Би машинаа зогсоогоод, даатгал дуудсан байсан.

Би Приус маркийн машин дээр очиход машин дотор 3 эрэгтэй залуухан хүүхдүүд байсан. Би тэр хүүхдүүдтэй уулзаад, өөрийн буруугаас осол гаргасан гэдгээ хэлсэн. Тэгээд буцаад машин дээрээ очоод даатгал ирж байгаа эсэхийг мэдэх гээд очсон байхад надад түс хийх чимээ сонсогдохоор нь Приус маркийн машин дээр яваад очиход машины урд талд буюу 2 дугаар эгнээнд экскаватор зогсож байсан ба хоёр машины голд Приус машины жолооч хүүхэд хэвтэж байсан.

Гэхдээ тэр хүүхэд экскаваторын баруун талын хоёр дугуй хэсэгт биеийн тал нь орсон байдалтай хэвтэж байсан байх. Би сайн санахгүй байна. Тэгээд экскаваторын жолооч 103-т дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд Приус машины жолооч хүүхдийг аваад явсан, түүний дараа Цагдаагийн алба хаагч ирсэн. Тухайн ослыг Приус машинд байсан 2 залуу харсан байх. Тэр 3 осол болох үед машинаасаа буугаад ирсэн байсан. Экскаваторын жолооч ганцаараа явж байсан. Өөр харсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 102-103х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.О-ийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 6 сарын 26-ны өглөө гэртээ унтаж байхад манай найз Т, И хоёр залгаад уулзалдахаар болж, тэр хоёр манайд ирсэн юм. Т нь И-гийн аавын машиныг унаад явж байсан. Бид 3 хороололд цайны газарт цай уугаад гараад ирэхэд нэг үл таних эгч Нисэх яаралтай яваад өгөөч гэхээр нь тэр эгчийг суулгаад бид 3 Яармагийн замаар явж байхад Зил 130 машин гэнэт эргэж орж ирээд хажуу талаас мөргөсөн.

Бид машинаа зогсоогоод Зил 130 машины жолоочтой уулзсан. Тэгэхэд нөгөө яарч явсан эгч буугаад яваад өгсөн юм. Зил 130 машины ах өөрөө буруугаа хүлээгээд даатгалаа дуудаж төлүүлэхээр тохиролцсон. Тэгээд тэр ах машин руугаа, бид 3 Игийн аавын машины эвдрэлийг харахаар зам дээр гарч зогссон. Би машины ард талд зогсож байсан, харин И, Т хоёр машины зүүн хойд талд зогсож байсан.

Ойролцоогоор зам дээр бид 2 минут зогссон байх, тэгтэл нүдний буланд экскаватор орж ирж байгаа харагдсан. Би И, Т хоёр луу харахад тэр хоёр руу экскаватор их ойртож ирж байхаар нь би шууд тэр хоёрыг гараараа татаж авах гэтэл И гарт баригдаад татаж авсан, харин Т экскаваторт мөргүүлээд унасан. Экскаватор машин түүний дээгүүр урд дугуйгаараа гараад зогссон. Тухайн экскаватор нь машинтай их ойрхон явж байсан.

Тухайн хэргийн газарт цагдаа нар үзлэг хийж байхад машин, экскаватор зогсож байсан байдлаар экскаватор хажуугаар орж ирээд зогссон. Машинтай ойрхон зайд явж байсан юм. Би ослын дараа Тийг газарт хэвтэж байхад нь тэврээд замын хажууд хэвтүүлэхэд хажуугаар нь арай хийж орж байсан.

Экскаваторын жолооч эрэгтэй бууж ирээд цагдаад дуудлага өгсөн. Эхлээд эмнэлгийн машин ирээд эмч Тийг үзээд эмнэлэг рүү авч явсан. Түүнтэй хамт эмнэлэг рүү И явсан. ...Надад ямар нэгэн машины дуу чимээ болох сигналдах, тоормослох чимээ сонсогдоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 106х/,

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Б.И-ын гэрчээр өгсөн:

“...Тухайн осол хэрэг гарахын өмнөх өдөр би байрны найз Тийн хамт таксинд явахаар манай аав Б-ээс түүний машиныг гуйж авсан. Тэгээд түүний машинаар бид хоёр шөнөжин таксинд яваад ойролцоогоор 20.000 төгрөг хийсэн. Шөнө ер нь унтаагүй, яваад л байсан, гэхдээ би машин бариагүй. Надад жолооны үнэмлэх байхгүй.

Бид хоёр өглөө таксинд явсаар байгаад 08 цагийн үед О рүү чат бичээд уулзалдахаар болоод түүний гэр болох Дэнжийн 1000 руу очсон. Тэндээсээ хороололд орж цайны газарт орж хоол идсэн. Тэгэхэд нэг үл таних эгч тааралдаад “Нисэх яваад өгөөч” гэхээр нь бид Нисэх рүү явсан. Т машиныг бариад явж байсан. Тэгэхэд замд том машин эргэж орж ирээд манай машины ар хэсгээс шүргэхэд машинд сууж явсан эгч яарч байсан болохоор яваад өгсөн.

Том ачааны машинаас нэг ах бууж ирээд бид нартай уулзсан. Тэр ах өөрийн буруугаас осол гаргаснаа, мөн даатгалтай гэдгээ хэлсэн. Тэгээд бид нар жоохон ярилцаж байгаад салсан. Тэр ах машин руугаа яваад өгсөн, бид 3 машиныхаа сэвийг харах гээд зам дээр гарч зогссон. Тэр үед манай машины аваарын гэрэл ассан байсан юм.

Машины ард О, харин машины зүүн хойд талд Т бид хоёр зогсож байсан. Тэгтэл гэнэт О миний араас хурдан татаж би машины ар хэсэг рүү болсон. Тэгэхэд хажуугаар экскаватор орж ирээд машины хажуугаар зөрсөн, би О-ийг татах үед газарт гараа түшээд суусан байсан, босож ирээд харахад машины урд талд экскаватор зэрэгцээд зогсож байсан ба түүний баруун хойд дугуйны урд талд нь Т биеэ хумчихсан хэвтэж байсан. О түүнийг тэвэрч өргөөд л замаас гаргаж тавьсан ба тэрээр ухаангүй байсан.

Экскаваторын жолооч ах болон О нар цагдаа, түргэн тусламж дуудсан. Эхлээд эмнэлгийн машин ирээд эмч Тийг үзээд, эмнэлэг рүү авч явсан. Би эмнэлгийн машинд суугаад түүний хамт эмнэлэг рүү явсан.

...Би Тийг мөргүүлж байхыг хараагүй, яагаад гэвэл О намайг экскаваторт мөргүүлэхээс сэргийлж араас татахад машины ар хэсэг рүү унасан, гэхдээ би гэмтээгүй.

Надад ямар нэгэн машины сигналдах, тоормослох чимээ сонсогдоогүй. Тухайн осол гэнэт болсон. Зам дээр Т, О бид 3 зогсож байсан, харин Зил 130 машины жолооч ах машин дээрээ байсан. Машиныхаа хаана байсныг нь мэдэхгүй байна, өөр тэр хавиар хүн байхгүй байсан.

Т өөрөө Ниссан Санни маркийн машинтай юм, түүний машин нь эвдэрчихсэн болохоор машинаа засварлах мөнгийг хийхээр манай ааваас машиныг нь гуйж аваад бид хоёр таксинд явсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 107-108х/,

 

15. Сонгинохайрхан дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 051150 дугаартай:

1. Daewoo Solar 50 маркийн хххх УБ улсын дугаартай SL50W0150 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Гэрэл цацруулаг байхгүй, урд салхины шил хагархай, тулгуур эд ангийн хувьд тос гоожилттой, хөргөлтийн систем ажиллахгүй, жолооны механизмын хувьд бэхэлгээ чангалгаа стандартын шаардлага хангахгүй гэх эвдрэл, гэмтэлтэй байна.

3. Гэрэл цацруулаг байхгүй, урд салхины шил хагархай, тулгуур эд ангийн хувьд тос гоожилттой, хөргөлтийн систем ажиллахгүй, жолооны механизмын хувьд бэхэлгээ чангалгаа стандартын шаардлага хангахгүй гэх гэмтлүүдийн хувьд уг осолд нөлөөлөх эсэхийг шинжээч тогтоох боломжгүй юм.

4.5.6-р асуултын хувьд Daewoo Solar 50 маркийн хххх УБ улсын дугаартай механизм нь өндөрийн хязгаар хэтэрсэн учир шинжээч дүгнэлт гарган дээрхи асуултанд хариулах боломжгүй юм.” гэсэн дүгнэлт, техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 136-139х/,

 

16. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 306 дугаартай тоот:

1. Daewoo Solar 50 маркийн хххх УБ улсын дугаартай механизмийг жолоодон явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: Арав. “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч С-гийн Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сгийн асуултын хариулт: Daewoo Solar 50 маркийн 75-67 УБ улсын дугаартай механизмийг жолоодон явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас уг осол гарсан байх үндэслэлтэй байна. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №051150 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан гэмтлүүд нь тухайн зам тээврийн осолд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 144-145х/,

 

17. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гаас гаргасан амь хохирогчийг оршуулахтай холбоотой гаргасан зардлын тооцоо /хэргийн 50-98х, 172-189х/,  

 

18. Шүүгдэгч Б.Б-аас хохирогчийн хууль ёсны төлөлөгч Б.С-д хохирол, сэтгэл санааны нөхөн төлбөрт 2019 оны 9 сарын 18-ны өдөр 15.000.000 төгрөг нөхөн төлсөн тухай баримт /хэргийн 190х/,

 

19. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 6 сарын 26-ны өглөө Яармагт байдаг “Виктория таун” хотхоны гаднах зогсоол дээрээс хххх УБ улсын дугаартай экскаваторыг аваад Морингийн даваа руу ажил хийхээр явсан. Тэгээд 10 цаг 45 минутын орчим Нисэхийн цагаан хаалга өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чигт зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхад “Сод монгол” ШТС-ын харалдаа замын эсрэг талд буюу миний явж байгаа эгнээнд осол гарсан бололтой Зил 130 маркийн автомашин зам дээр зорчих хэсгийн 1 дүгээр эгнээг бүтэн хаагаад 2 дугаар эгнээг хагас хаагаад хойшоо харсан байрлалтай хөндлөн зогсчихсон байсан. Миний урд талд явж байсан машинууд бүгд эсрэг сөрж саадыг тойрч гарч байсан. Би ч гэсэн уг Зил 130 маркийн машиныг тойроод эсрэг урсгал руу ороод өөрийнхөө явж байсан эгнээндээ ороод дахин 1 дүгээр эгнээ рүү шилжиж орох гээд харахад урд талд нэг приус маркийн автомашин зогсож байсан ба ар талд 2 залуу зогсож байгаа харагдсан.

Өөр хүн харагдаагүй, тэгээд уг машины хажуугаар нилээн зайтай өнгөртөл ар талд нь зогсож байсан 2 залуу хашгирахаар нь зогсоход гүйж ирээд “хүн дайрчихлаа ш дээ, хөлөн дээр нь гараад зогсчихлоо, ухраач” гэхээр нь би арагшаа ухарч зогсоод, экскаватороос буугаад иртэл хойд талын дугуйны урд талын зам дээр нэг залуу хэвтэж байсан ба цээжин бие нь урагшаа харсан буюу зам дээр бүсэлхийнээс доошоо экскаваторын доор орсон байрлалтай хэвтэж байсан.

Нөгөө 2 залуу татаад гаргаж байхаар нь би очоод хамт таталцаж гаргаад замын гадна талд аваачиж хэвтүүлээд, түргэн тусламж болон цагдаа дуудсан. Түргэн тусламж ирээд нөгөө залууг эмнэлэг рүү аваад явсан, дараа нь цагдаа нар ирээд хэргийн газарт үзлэг хийсэн.

...Уг осол болсон зам нь эсрэг чигийн 4 эгнээ зам байсан. Зил 130 маркийн автомашин зүүнээсээ баруун чигийн зорчих хэсгийг хааж зогссоноос болоод замын түгжрэл ихтэй, тэр эгнээгээр явж байсан машинууд урсгал сөрөөд, нөгөө чигээс ирж байсан машинууд нь хүлээж зогсоод байсан. Цаг агаар тогтуун байсан.

Хохирогч надад огт харагдаагүй, хохирогчтой хамт явж байсан 2 залуугийн хэлснээр бол намайг яг хажуугаар нь өнгөрөх үед машиныхаа хажууд замын зорчих хэсэг дээр зогсоод Зил 130 маркийн машинд мөргүүлсэн хэсгээ хараад тонгойгоод зогсож байсан гэсэн.

Миний урд талд явсан байсан автомашинуудад таглагдаад уг приус маркийн машин харагдаагүй ба би 2 дугаар эгнээгээс 1 дүгээр эгнээ рүү шилжих үед уг машиныг харсан юм. Миний жолоодож явсан экскаваторын кабины баганд таглагдаад яг тухайн үед тонгойсон байсан хүн огт харагдаагүй. Экскаватор нь 20 км/цагаас илүү хурдтай явдаггүй юм. Би тухайн үед 10 орчим км/цагийн хурдтай явсан байх. Миний жолоодож явсан экскаватор манай хамаатаны ах С.Э-ын эзэмшлийн механизм байгаа, хэвийн ажиллагаатай байсан. Би ВСДМ ангилалын жолооны үнэмлэхтэй, 2016 онд экскаватор жолоодох ангилалаа авсан.

...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 104-105х, 153х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч П.Баярмаа /хэргийн 111х/, гэрч Э.Цолмон /хэргийн 112х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 155х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 156х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа цогцолборын баруун хойд замд 2019 оны 6 сарын 26-ны өдөр 10 цаг 45 минутын үед Daewoo Solar-50 маркийн 75-67 УБ улсын дугаартай иргэн С.Э-ын эзэмшил өмчлөлийн экскаваторыг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд Тоёота Приус маркийн 73-96 УБЯ улсын дугаартай автомашины хажууд зогсож байсан C.Т-ийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан ба уг ослын улмаас C.Т- нь биедээ “...баруун зулай, чамархай яс, суурь ясны их далавч, урагшаа духны хажуу, баруун нүдний ухархайн дээд хана, суурь ясны бага далавч хүрсэн нийлмэл хугарал, ухархайн дотор хана 1.5 см өргөн хэсэг этмоид хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун дух, духны хажуу хэсгийн хатуу бүрхүүл дээрхи цус хуралт, баруун зулай, баруун чамархайн суурийн ар хэсэг, баруун дух, зүүн дух, зүүн чамархай, зүүн зулайн тархины эдийн няцрал, аарцагны цагираг тасарсан хугарал /Мальгены хугарал/, бүсэлхийн 5-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, хэвлийн гялтангийн ар ханын цус хуралт, бүдүүн гэдэсний чацархайн язралт, хэвлийн хөндийн цус хуралт /450 мл/...” бүхий гэмтэл авч, улмаар эмчлүүлж байгаад дээрх хүнд гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгчийн Б.Б-ын дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолвол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ. 

 

Хэргийн шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

Хэргийн шүүгдэгч Б.Б нь зам тээврийн осолд холбогдох үед жолоодон явсан Daewoo Solar маркийн 75-67 УБ улсын дугаартай экскаватор механизм нь С.Э-ын эзэмшил, өмчлөлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, шүүгдэгч Б.Б нь тухайн тээврийн хэрэслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөр жолоодон хөдөлгөөнд оролцсон ба сар тутамд 1.600.000 төгрөгийн цалин хөлстэйгээр  ажил гүйцэтгэж байсан нь хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон С.Э-ын:

“...Daewoo Solar 50 маркийн хххх УБ улсын дугаартай механизм нь миний эзэмшлийнх юм. Уг механизм хэвийн ажиллагаатай байсан. Надад өөрт механизм жолоодох эрх байхгүй учир үеэл дүү Б.Б-аар механизмаа бариулж ажилд явуулдаг байсан. Тэрээр надаас сард 1.6 сая төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд миний механизмийг бариад 7 хоног л болж байсан, гэхдээ Б.Б урьд нь 2006 оноос хойш механизм барьж байгаа. Уг механизм нь жолоочийн хариуцлагын даатгалтай, хязгааргүйгээр хийлгэсэн байгаа. Тухайн ослоос болж механизмд хохирол учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би иргэний хариуцагчийн хувьд боломжоороо гарсан бодит зардлыг төлж барагдуулна.” гэсэн /хэргийн 100х/ мэдүүлэг, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт /хэргийн 154х/ баримт болон шүүгдэгчийн ийн мэдүүлгээр тус тус нотлогдсон тул тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч, ашиглагч С.Э-ын зөвшөөрснөөр шүүгдэгч нь осол хэрэг болох тухайн цаг хугацаанд жолоодон явсан гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч С.Э-ыг /хэргийн 99х/ 2019 оны 7 сарын 03-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт иргэний харицагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан журам, зохицуулалтад нийцсэн, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааж хуульчилсан. 

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд тус тус зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах, гаргасан нэхэмжлэлээс татгалзах эрхтэй.

Зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирсон C.Т-ийг оршуулахтай холбоотой гарсан зардлын нийт 21.769.660 төгрөгийн дүн бүхий баримт, хохирлын тооцоог хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт гаргаж өгсөн ба шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 15.000.000 төгрөг, хэрэг шүүхэд хянан хэлэлцэх шатанд 6.770.000 төгрөг тус тус нөхөн төлсөн /хэргийн 190х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ баримттай байна.

 

Хэрэг шүүхэд хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гаас амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардлаас орхигдсон зардал 6.580.000 төгрөг, Швейцарь Улсад ирж очих тийзний болон тийз буцаалтын торгууль 7.507.955 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 3.000.000 төгрөг, буян хийж 108 лам хооллож, 108 хүүхдийн гар цайлгасан гэх зардлын 4.305.440 төгрөг, нийт 18.504.285 төгрөг тус тус нэхэмжлэн, уг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримтууд хэмээн “Айр травел” ХХК-ийн 6.063.400 төгрөгийн үнийн дүн бүхий 2019 оны 10 сарын 07-ны өдрийн, бэлэн мөнгөн орлогын баримт баримт 1 ш, “Улаанбаатар-Москва, Москва-Женев” чиглэлийн аялалын онгоцны электрон тийз 2 ш, 2019 оны 9 сарын 13-ны өдрийн тийзний буцаан олголт, Монгол банкнаас зарласан 2019 оны 10 сарын 10-ны өдрийн ханшийн лавлагаа, амь хохирогчийг оршуулахтай холбоотой 6.580.000 төгрөгийн зарлагын баримт 1 ш, өмгөөллийн хөлстэй холбоотой 3.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий бэлэн мөнгөний орлогын баримт 2 ш, буян хураах үйл ажиллагаатай холбоотой 108 лам хооллосон 398.000 төгрөгийн үнийн дүн бүхий орлогын баримт 1 ш, 108 хүүхдэд буян үйлдсэн 3.367.440 төгрөгийн үнийн дүн бүхий орлогын баримт 1 ш зэргийг тус тус хэрэгт гаргаж өгснөөс өмгөөлөгчийн зардал 3.000.000 төгрөг, буян хурааж лам, хүүхэд хооллож гар цайлгасан гэх шашны зан үйлтэй холбоотой зардлын 4.305.440 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардлаас орхигдсон зардал болон хохирогчийн хууль ёсны  төлөөлөгчийн Швейцарь Улсаас Монгол улсад ирж буцах онгоцны тийз, тийз буцаалтын зардлын 11.198.845 /арван нэгэн сая нэг зуун ерөн найман мянга найман зуун дөчин тав/ төгрөгийг хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан С.Э-аас гаргуулж, нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Учир нь: “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан тул уг зам тээврийн ослын улмаас үүссэн гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Бт шилжүүлэн өгсөн иргэний хариуцагч С.Э- нь хариуцан арилгах үүрэгтэй.   

 

Түүнчлэн хохирогчийн хууль төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 3.0 сая төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг  болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм. 

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл шаардлагад хамаарахгүй тул өмгөөллийн зардал нэхэмжилсэн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. 

 

Мөн зам тээврийн осол хэргийн хохирогч C.Т нь 2019 оны 7 сарын 06-ны өдөр нас барсныг 2019 оны 07 сарын 08-ны өдөр нас барсны бүртгэлийн 3775 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон баримт хэргийн 40 дүгээр талд авагдсан бөгөөд амь хохирогчийг хөдөөлүүлснээс хойшхи тодорхой хугацааны дараа буюу 2019 оны 10 сарын 04, 05-ны өдрүүдэд буян хийж хүүхэд, лам хооллосон, гар цайлгасан гэх шашны зан үйлтэй холбоотой гарсан /хэргийн 229-230х/ 3.762.440 төгрөгийн үнийн дүн бүхий зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт орж тооцогдохгүй юм.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлээс эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авсны зардал төлбөр болон буян хурааж лам, хүүхэд хооллож гар цайлгасан гэх шашны зан үйлтэй холбоотой гарсан зардалд хамаарах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хариуцагч С.Э нь шаардлагатай гэж үзвэл гэм буруутай этгээд Б.Б-аас өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 156-р талд авагдсан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн “хөнгөн” ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн төлбөрийг тодорхой хэмжээнд нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь  заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх, мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг тодорхой хэмжээнд нөхөн төлж барагдуулсныг /амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан бусад зардал/ тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Бт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.  

 

Эрүүгийн 1903007580371 дугаартай хэрэгт хавсарган ирүүлсэн Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B,C,D,E,M ангиллын №567961 дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                        ТОГТООХ нь:

 

1. Х овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-т мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

 

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцон Б.Б нь 21.770.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлснийг тэмдэглэж, иргэний хариуцагч .... оршин суух хаягтай, /РД:/ Б овогт С-ын Э-аас гэм хорын хохиролд 11.198.845 /арван нэгэн сая нэг зуун ерөн найман мянга найман зуун дөчин тав/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:/, Ц овогт Б-ийн С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7.305.440 /долоон сая гурван зуун таван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №5хххх1 дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгосугай.

 

8. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дотор гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   С.БАЗАРХАНД