Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1237

 

Б.Б-т холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяагийн өмгөөлөгч Д.Тунгалаг,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Онолтуяа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 620 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-т холбогдох эрүүгийн 1903007580371 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Харалган овгийн Б.Б-, 1989 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Б.Б- нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа цогцолборын баруун хойд замд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 45 минутын үед “Daewoo Solar-50” загварын 75-67 УБ улсын дугаартай экскаваторыг жолоодон явахдаа, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд “Toyota Prius” загварын 73-96 УБЯ улсын дугаартай автомашины хажууд зогсож байсан иргэн С.Тэнгэрийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцон Б.Б- нь 21.770.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлснийг тэмдэглэж, иргэний хариуцагч С.Эрдэнэбаяраас гэм хорын хохиролд 11.198.845 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяад олгож, нэхэмжлэлээс үлдэх 7.305.440 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №567961 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “...авто ослын улмаас хүний амь нас хохирсонд маш их харамсаж, өөрийн гэм буруугаа бүрэн хүлээж байна. Би эхнэр, 1 нас 7 сартай хүүгийн хамт лизингээр авсан хашаа байшинд амьдардаг. Лизингийн үлдэгдэл 17,0 сая төгрөг төлөх ёстой. Эхнэр маань 7 сартай жирэмсэн учир хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэмж нэхэмжилсэн 11,2 сая төгрөгийг цаашид төлж барагдуулахын сацуу боломжтой бүх хэлбэрээр түүний зовлонг нимгэлэхийг хичээх болно. Иймд надад оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Онолтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. Миний үйлчлүүлэгч Б.Б- ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээн тэтгэдэг ба эхнэр, бага насны хүүгийн хамт амьдардаг. Эхнэр нь 8 сартай жирэмсэн. Б.Б- анхнаасаа өөрийн гэм бурууг хүлээсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулахаар тал бүрээсээ хичээж төлсөөр ирсэн байдаг. Мөн тэрээр урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болно. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад түүний ар гэрийн зүгээс шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан 11.200.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяагийн төрсөн дүү Б.Хүдэрчулуунд төлж барагдуулсан. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Б-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү. ...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяагийн өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд заасан хохирлын мөнгийг бүрэн хүлээж авсан. Б.Сарантуяатай байнга холбоотой байгаа. Шүүгдэгч Б.Б-ын хувьд гэм буруугийн талаар маргахгүй байгааг үйлдсэн хэрэгтээ гэмшсэн гэж ойлгож байна. Хэдийгээр энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөнгөн төлбөрөөр нөхөн төлсөн байх боловч Б.Сарантуяагийн хувьд цаашид үр хүүхэд төрүүлэх боломжгүй, мөн сэтгэл санаанд учирсан хохирол арилах, тухайн хүний орон зайг нөхөх боломжгүй байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б- нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа цогцолборын баруун хойд замд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 45 минутын үед “Daewoo Solar-50” загварын 75-67 УБ улсын дугаартай экскаваторыг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд “Toyota Prius” загварын 73-96 УБЯ улсын дугаартай автомашины хажууд зогсож байсан иргэн С.Тэнгэрийг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэдийгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөнгөн төлбөрөөр төлсөн байх боловч Б.Сарантуяагийн сэтгэл санаанд учирсан хохирол арилах боломжгүй байгаа. Анхан шатны шүүх Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 45 минутын үед, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа цогцолборын баруун хойд замд, иргэн С.Эрдэнэбаярын эзэмшлийн 75-67 УБ улсын дугаартай, “Daewoo Solar-50” загварын экскаваторыг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.” гэсэн заалтыг зөрчин зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд 73-96 УБЯ улсын дугаартай, “Toyota Prius” загварын автомашины хажууд зогсож байсан иргэн С.Тэнгэрийг мөргөсний улмаас С.Тэнгэр нь биедээ хүнд зэргийн гэмтэл авч, улмаар эмнэлэгт хүргэгдэн амь нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

             Шүүгдэгч Б.Б- нь “...2019 оны 6 дугаар сарын 26-ны өглөө 75-67 УБ улсын дугаартай экскаваторыг аваад 10 цаг 45 минутын орчим Нисэхийн цагаан хаалга өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чигт зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхад “Зил 130” загварын автомашин зам дээр зорчих хэсгийн 1 дүгээр эгнээг бүтэн хаагаад 2 дугаар эгнээг хагас хаагаад хойшоо харсан байрлалтай хөндлөн зогсчихсон байсан. Би уг автомашиныг тойрч эсрэг урсгал руу ороод өөрийнхөө явж байсан эгнээнд шилжиж орох үед урд талд нэг “Prius” загварын автомашин зогсож байсан ба ард талд хоёр залуу зогсож байгаа харагдсан. Өөр хүн харагдаагүй. Тэгээд уг автомашины хажуугаар нэлээн зайтай өнгөртөл ард талд нь зогсож байсан хоёр залуу хашгирахаар нь зогсоход гүйж ирээд “Хүн дайрчихлаа шүү дээ, хөлөн дээр нь гараад зогсчихлоо, ухраач” гэхээр нь би арагшаа ухарч зогсоод, экскаватороос буугаад иртэл нэг залуу зам дээр бүсэлхийнээс доошоо экскаваторын доор орсон байрлалтай хэвтэж байсан. Нөгөө хоёр залуутай хамт таталцаж гаргаад замын гадна талд аваачиж хэвтүүлээд, түргэн тусламж болон цагдаа дуудсан. ...” /1хх 104-105, 153/ гэж зам тээврийн осол гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд түүний мэдүүлэг нь тухайн цаг хугацаанд уг замаар зорчиж байсан;

             гэрч Х.Гэндэнсүрэнгийн “...надад түс хийх чимээ сонсогдохоор нь “Prius” загварын автомашин дээр яваад очиход ... уг автомашины жолооч хүүхэд экскаваторын баруун талын хоёр дугуй хэсэгт биеийн тал нь орсон байдалтай хэвтэж байсан. ...” /1хх 102-103/,

             гэрч Т.Отгонбилэгийн “...нүдний буланд экскаватор орж ирж байгаа харагдсан. Идэрээ, Тэнгэр хоёр луу экскаватор их ойртоод ирэхээр нь би тэр хоёрыг гараараа татаж авах гэтэл Идэрээ гарт баригдаад татаж авсан. Харин Тэнгэр экскаваторт мөргүүлээд унасан. Экскаватор түүний дээгүүр урд дугуйгаараа гараад зогссон. ...” /1хх 106/,

          насанд хүрээгүй гэрч Б.Идэрбатын “...гэнэт Отгонбилэг миний араас татахад би автомашины ар хэсэг рүү унасан. Тэгэхэд хажуугаар экскаватор орж ирээд автомашины хажуугаар зөрсөн. Босож ирээд харахад экскаваторын баруун хойд дугуйны урд талд Тэнгэр биеэ хумчихсан хэвтэж байсан. ...” /1хх 107-108/,

            иргэний хариуцагч С.Эрдэнэбаярын “...75-67 УБ улсын дугаартай, “Daewoo Solar-50” загварын механизм нь миний эзэмшлийнх нь юм. Уг механизм нь хэвийн ажиллагаатай байсан. Надад өөрт механизм жолоодох эрх байхгүй учир үеэл дүү Б.Б-аар бариулж ажилд явуулдаг байсан. ...” /1хх 100/ гэсэн мэдүүлгүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-9, 10-14/, амь хохирогч С.Тэнгэрийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 7993 дугаартай дүгнэлт /1хх 115-116/, талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 1507 дугаартай дүгнэлт /1хх 123-128/, осол гаргасан тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын шинжилгээ хийсэн “Автотээврийн үндэсний төв”-ийн шинжээчийн 051150 дугаартай дүгнэлт /1хх 136-139/, зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 306 дугаартай дүгнэлт /1хх 144-145/ зэргээр нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүхээс тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцлийг хуульд нийцүүлэн тогтоосон байна.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяагийн гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон, үүнээс шүүгдэгч Б.Б-ын төлсөн хэсгийг хасаж, үлдэх төлбөрийг иргэний хариуцагч С.Эрдэнэбаяраар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд заасанд нийцжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүх дээрх заалтуудыг хэрэглэхдээ хохирогчийн гомдол санал, хор уршиг арилсан байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Хэдийгээр шүүгдэгч Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлыг нөхөн төлсөн байх боловч энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хор уршиг арилах боломжгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяа гомдолтой байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Б-ын эдэлбэл зохих үндсэн болон нэмэгдэл ялын хэмжээ нь гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа нарын гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 620 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                     ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

                                     ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН