Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/ШШ2020/0553

 

“З...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Б.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “З...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Геологи хайгуулын хэлтсийн даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 221/ШШ2020/0138 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 22.1.4, 31.1, 33.1, 33.2-т заасныг тус тус баримтлан “З...” ХХК-ийн 2018 оны геологи хайгуулын ажлын тайлан, 2019 онд хийж гүйцэтгэх геологи хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, эдгээр тайлан төлөвлөгөөг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн даргад, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 387 дугаар шийдвэрийн “З...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, **-****** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус даалгаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “З...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

  1. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсгийг тус тус үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажлыг жил бүр хийж гүйцэтгэх үүрэгтэй, мөн хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэснийг нотлох хайгуулын ажлын тайланг хүлээлгэн өгөх үүрэгтэй талаар тодорхой хуульчилсан байхад “З...” ХХК нь энэхүү үндсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нотлогдож байх тул Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах тухай” 387 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн нь буруу бөгөөд хуулийг буруу хэрэглэж зөвхөн нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
  2. Анхан шатны шүүхийн үндэслэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “... Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална ...” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт “... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон ...” гэж зааснаар мөн зүйлийн 56.2 дахь хэсэгт “... Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана ...” гэж заасан нь төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газар жил бүр хэрэгжүүлэн, биелүүлж ажиллах ёстойг анхаарч үзсэнгүй зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч “З...” ХХК л бүх зүйлд буруутай мэтээр хэт нэг талыг барьсан үндэслэл гаргаж шийдвэрээ гаргажээ.

Тухайлбал манай компанийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн **-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа бөгөөд Ашигт малтмал тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх хэсэгт заасны дагуу бол энэ өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн жилийн хайгуулын ажлын төлөвлөгөөг гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлэх ёстой байсан.

Гэтэл тухайн үед сонгон шалгаруулалтаар авсан талбайг бид өмнө нь эзэмшиж байхдаа хийсэн хайгуулын ажлын үр дүнгээр хайгуулын ажлын тайлан бичиж улсын нөөцөд бүртгүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа төрийн захиргааны байгууллагад мэдэгдэн заавал хайгуулын ажлын төлөвлөгөө гаргах шаардлагатай эсэх талаар лавлахад, тэгэх шаардлагагүй бөгөөд нэгэнт хайгуулын ажил хийж дуусгасан үр дүнгийн тайлангаа өгөхөд болно гэснээр /эс үйлдэхүйгээр/ бид хайгуулын ажлын тайлангаа бичиж боловсруулан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн тухайн талбайд илэрсэн шохойн чулууны нөөцийг улсын нөөцөд бүртгүүлсэн дүгнэлт гаргуулсан бөгөөд үүнийг ч нотолж хүлээн авсан тухай Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн н/24 тоот тушаал гарсан байдаг.

2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн н/24 тоот тушаал гарсан өдөр хүртэл энэ хугацаанд болон үүнээс хойших 2018, 2019 онуудын 04 дүгээр сарын 15-ны өдөр гэсэн хугацаануудад Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйл, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах бүрэн боломжтой байсан төдийгүй өөрийн дарга буюу Ашигт малтмал, газрын тосны газрын даргыг хууль зөрчин, цуцлагдах үндэслэл бүрдсэн байж болзошгүй **-****** тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээн авах тухай тушаал гаргуулсан байгааг анхан шатны шүүх анзаарч үзсэнгүй.

Зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч буруутай мэтээр хэт өрөөсгөл дүгнэжээ.

  1. Ашигт малтмал, газрын тосны газар нь хуулиар хүлээсэн чиг үүргээ буюу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь хэсэг, 11.1.14 дэх хэсэг, 31 дүгээр зүйл, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан чиг үүргээ биелүүлж ажиллаагүйгээс болж манай байгууллага зөрчлийн хуулийн дагуу 10 /арав/ сая төгрөгөөр торгуулж, түүнчлэн хайгуулын ажилд зарцуулсан болон өнгөрсөн 3 жилийн хугацаанд **-****** тоот тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн хөрөнгөөрөө шууд хохироод байна.
  2. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасан чиг үүргээ тухайн жил бүрд нь хэрэгжүүлж ажиллаагүй байж зөвхөн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсвэл тайлан төлөвлөгөөтэй холбоотой маргаан гарсан тохиолдол бүрд Зөрчлийн тухай хуулиар торгууль тавьж цаг хугацааны маргааныг шийдэж ирсэн нь буруу байсан уу, эсвэл зөв үйлдэл үү гэдгийг анхан шатны шүүх анзаарч үзэлгүй нотлох баримтыг шинжлэхдээ орхигдуулан гэрчийн мэдүүлэг ч авалгүйгээр шийдвэрээ гаргасан нь хуулийг буруу тайлбарлан хэт нэг талыг баримтлан шийдвэрээ гаргасан гэж гомдол гаргахад хүргэж байна.

Дээрх учир шалтгаануудыг үндэслэн дараах шаардлагыг давж заалдах шатны шүүхэд тавьж байна. Үүнд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4 дэх хэсгийг баримтлан “З...” ХХК-ийн 2018 оны геологи хайгуулын ажлын тайлан, 2019 онд хийж гүйцэтгэх геологи хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтэст, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 387 дугаар шийдвэрийн “З...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, **-****** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус даалгаж зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгч шийдвэрлэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “З...” ХХК-аас ““З...” ХХК-ийн 2018 оны геологи хайгуулын ажлын тайлан, 2019 онд хийж гүйцэтгэх геологи хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, эдгээр тайлан төлөвлөгөөг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн даргад, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 387 дугаар шийдвэрийн “З...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, **-****** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус даалгаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 449 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “З...” ХХК-д Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг “******” нэртэй 671.43 га талбайд ашигт малтмалын хайгуулын **-****** тоот тусгай зөвшөөрөл олгож, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн н/24 дүгээр тушаалаар **-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах “******” нэртэй шохойн чулууны ордын нөөцийг хүлээн авч, ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэжээ.

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл  хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргах баримт бичгүүдийн нэг хэсэг байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар 2019 оны 05 дугаар сарын өргөдөл гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан “... хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”-аас бусад баримт бичгийг бүрдүүлж хүсэлт гаргажээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор”, 48.1.2-т “хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор” үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлэхээр тус тус зохицуулсан боловч мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дутуу ирүүлсэн мэдээ, тайланг шаардах эрхтэй” байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч гаргах үүрэгтэй боловч уг тайлан мэдээ дутуу тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардан авч болохоор зохицуулжээ.

Энэ тохиолдолд 2016 онд тусгай зөвшөөрөл олгосноос хойш тайлан, төлөвлөгөө ирүүлэхийг хариуцагч шаардаж байгаагүй, улмаар нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар 2019 онд өргөдөл гаргаснаасаа хойш 2018 оны геологи хайгуулын ажлын тайлан, 2019 онд хийж гүйцэтгэх геологи хайгуулын ажлын төлөвлөгөөг хариуцагчид хүргүүлэхээр хандахад хүлээн аваагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д нийцээгүй гэж үзэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр “нэхэмжлэгч нь хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэснийг нотлох баримт болон хайгуулын ажлын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгөөгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заасан бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хариуцагч ажлын 10 өдөрт багтааж шийдвэрлэх ёстой байна.

Гэтэл нэхэмжлэгчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ  “хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй” гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргаснаас хойш хариуцагч шийдвэр гаргах хүртэл хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 387 дугаар шийдвэр гарах үндэслэл болсон баримтыг хариуцагчид хүлээлгэн өгөхөөр хандаж байсан нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад шаардагдах баримтыг хариуцагчид хүлээлгэн өгөхөөр хандсаар байхад уг баримтыг нь хүлээн авалгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзах үндэслэл болгосон нь буруу байна.

Нөгөө талаар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХХ-04-07 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч “З...” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж, улмаар нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасан шийдвэр гарч нөөцийг тогтоож, баталгаажуулсан байхад хайгуулын ажлын тайлан ирүүлээгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан болно.

Иймд “З...” ХХК-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл 22.1.2, 22.2, 48 дугаар зүйлийн 48.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “З...” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Геологи хайгуулын хэлтсийн дарга нарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “З...” ХХК-ийн 2018 оны геологи хайгуулын ажлын тайлан, 2019 онд хийж гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож,  тайлан, төлөвлөгөөг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн даргад даалгаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 387 дугаар шийдвэрийн “З...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, **-****** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                   

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ