Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 061

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны хуралдааныг шүүгч М.Риза тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3, 11 дүгээр багийн оршин суугчид Ители овогт Хавалын Назымгүл, Ители Елтох овогт Аханайн Павел нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад ;

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Х.Назымгүлээс гаргасан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай Ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгох, Х.Назымгүлийг нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин болон мэргэжилтний бага цалинтай ажил хийсэн хугацааны цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг тус газрын даргад даалгах тухай,

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч А.Павелээс гаргасан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, эсхүл захиргааны хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг газрын даргад даалгаж, мэргэжилтний бага цалинтай ажил хийсэн хугацааны цалингийн зөрүүг гаргуулж, цалингийн зөрүүд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг тооцож төлөхийг газрын даргад даалгах тухай тай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Х.Назымгүл, А.Павел, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, гуравдагч этгээд Х.Бауыржан, Д.Алтынгүл, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Серигжан, С.Нургайып, Х.Ержан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Х.Назымгүл гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Миний бие 2010 онд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Өлгий сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2013 оноос эхлээд нийгмийн халамж, хүн амын зорилтот бүлгийн хөгжил хариуцсан албаны даргаар томилогдон ажиллаж байсан юм. 2016 оны 8 дугаар сард аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтсийг нэгтгэхдээ намайг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн. 2016 оны 8 сараас хойш мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл би өмнөх ажлаа хийж, албаны даргын цалинг авсан байгаа. Албаны дарга хийж байх хугацаандаа халамжийн сангийн олголт, зохицуулалт, Ахмад настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулиудын хэрэгжилт зэрэг ажлуудыг хийж байсан ба хэлтсээс газарт шилжихдээ өмнөх ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүрэг тэр чигтээ хадгалагдаж ирсэн байгаа. 2016 оны 09 дүгээр сард албаны даргын ажил үүрэгтэй газрын даргын ажил үүргийг хавсран гүйцэтгэж байсан болно.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу би тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллах ёстой байсан боловч томилоогүй тул Баян- Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилоогүй тус газрын даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, уг ажилд томилохыг даалгаж, 2016 оны 11 дүгээр сараас хойшхи хугацааны цалингийн зөрүү гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага тавьсан байгаа. Энэхүү шаардлагаа дэмжиж байгаа ба дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Намайг нийгмийн халамжийн хэлтсийн даргаар биш анх мэргэжилтнээр томилсныг хууль бус гэж үзэж байгаа. Мэргэжилтнээр томилогдох үед уг томилгоо хууль бус болохыг мөн уг шийдвэрийг зөвшөөрөхгүй тухайгаа газрын даргад удаа дараа хэлж байсан ба нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд маргаж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байсан.

Иймд Баян- Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ажилд томилох тухай 14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, цалингийн зөрүүг нэхэмжлэхийн зэрэгцээ ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Учир нь газрын дарга миний зөвшөөрлийг авахгүйгээр өөрөө дур мэдэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн намайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн мэргэжилтнээр томилсон тушаал өгсөн байгаа. Хэрэв шүүхэд өгсөн нэхэмжлэлийг татаж авахгүй бол энэ ажлаас хүртэл чөлөөлөх болно гэж байгаад 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мэргэжилтний ажлаас чөлөөлсөн гэв.

Нэхэмжлэгч А.Павелээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Павел би нийгмийн халамжийн байгууллагад 21 жил тасралтгүй мэргэжилтэн, нийгмийн халамжийн байцаагч, албаны дарга зэрэг албан тушаалуудыг хашиж ирсэн бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дүгээр тушаалаар аймгуудын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн орон тоо бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд уг бүтцээр аймгуудын хэлтсүүд захиргаа хяналтын болон нийгмийн халамж гэр бүлийн хөгжлийн албатай болсон. Энэхүү бүтцийн өөрчлөлт орсноор Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаар бүхий тушаалаар намайг тус хэлтсийн захиргаа хяналтын албаны даргаар томилсон. Гэтэл миний ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн бүтэц зохион байгуулалт нь Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор өөрчлөгдөж, тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй нийлж Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсноор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б\21 дүгээр тушаалын хавсралтаар тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Шинээр баталсан орон тооны бүтцээртус газар нь захиргаа хяналт, нийгмийн халамжийн, хөдөлмөрийн гэсэн гурван хэлтсийн даргатай байхаар батлагдсан. Уг байгууллага шинээр зохион байгуулалтад орсны дараа Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс байх үеийн захиргаа хяналтын албаны даргын албан тушаалын нэр болон чиг үүргийн хувьд хэвээр захиргаа хяналтын хэлтсийн даргын орон тоогоор батлагдажирсэн. Харин нийгмийн халамж гэр бүлийн хөгжлийн албаны даргын албан тушаал нэр үгүй болж, нийгмийн халамжийн хэлтсийн дарга гэсэн нэрээр гүйцэтгэх ажлын чиг үүрэгт өөрчлөлт орж батлагдаж ирсэн.

Шинээр зохион байгуулалтад орсны дараа захиргаа хяналтын хэлтсийн даргын чиг үүрэг өмнөх албаны дарга байх үеийн чиг үүрэгтэй ижил байдлаар хэвээр батлагдсан ирсэн боловч ажил олгогч нь намайг энэ салбарт он удаан жил ажилласан туршлагатай тул Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтад заасанчлан хамгийн их шалгуур хангасан гэж үзэн намайг нийгмийн халамжийн хэлтсийн даргаар ажиллахыг санал болгож миний бие саналыг хүлээж авснаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаар тушаалаар тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилсон.

Гэтэл намайг амралттай байх хугацаанд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаар тушаалаар үндэслэлгүй үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Иймд миний бие эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандан намайг урьд эрхэлж байсан албан тушаал болох Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн билээ. 74 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг баримталсан ба 22.2-т зааснаар төрийн албанд сэлгэн ажиллуулахад надаас зөвшөөрөл аваагүй, би зөвшөөрөөгүй, сэлгэн ажиллуулах байгууллага нь тодорхой бус. Хуулийн 23.3.1-д зааснаар би эмчлүүлэх шаардлагатай гэсэн хүсэлт гараагүй. Мэргэжлийн байгууллага, эмч нарын лавлагаа, шийдвэр гараагүй, би ажил хийх чадвартай болно. Эдгээр шаардлагуудыг харгалзаж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 74 тоот тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.

Нөгөө талаар миний эгүүлэн тогтоолгохыг хүссэн тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд мэргэжилтэн Х.Назымгүл нь тус газар шинээр зохион байгуулалтад орсны дараа би томилогдох ёстой хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Одоогийн байдлаар тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын нэг албан тушаалд томилогдохоор Х.Назымгүл бид хоёр тус тусдаа нэхэмжлэл гаргасан байгаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 болон бусад холбогдох заалтад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, нэг нэхэмжлэлээр хэд хэдэн шаардлага гаргаж болох талаар тодорхой заасан байх тул миний бие дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж байна. Үүнд, миний бие шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн анхны шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 74 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн шаардлага хэвээр байгаа.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар намайг өмнөх ажлын нэр, чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж, батлагдсан захиргаа хяналтын хэлтсийн даргын ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах боломжтойг энэхүү хуулиар зохицуулж өгсөн байгаа.

Одоогоор Х.Назымгүл нь нийгмийн халамжийн хэлтсийн даргаар би томилогдон ажиллах ёстой гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд шүүх нь Х.Назымгүлийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нийгмийн халамжийн хэлтсийн даргаар хоёр хүн зэрэг ажиллах боломжгүй нь ойлгомжтой юм. Иймд шүүх хэрэв Х.Назымгүлийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж, намайг нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй болох тохиолдолд миний бие анхнаасаа захиргаа хяналтын хэлтсийн даргаар томилогдон үргэлжлүүлэн ажиллах боломжтой байгааг дээрх хуулиар тодорхой зохицуулж өгсөн байх тул намайг захиргаа хяналтын хэлтсийн даргаар томилохыг даалгаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Одоогоор би тус газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа ба амьдралын шаардлагаар уг ажлыг хийж байгаа. Би хуульд заасан журмаар хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллах эрхтэй тул мэргэжилтнээр ажилласан хугацааны цалингийн зөрүүг тооцож гаргуулах, цалингийн зөрүүд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг тооцож төлөхийг тус газрын даргад даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдийг байгуулсан Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож шинээр Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрыг байгуулсан болно.

Х.Назымгүлийг Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албаны шалгалт өгсөн, тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч байсныг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б\21 тоот тушаалуудыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон нь ямар нэгэн хууль зөрчөөгүй болно. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн орон тоонд нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан албаны даргын орон тоо байгаагүй тул тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргад томилох боломжгүй байсан.

Нэхэмжлэгч А.Павел мөн аймгийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байгаад тус хэлтсийн даргын Б\32 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь тодорхой байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямдаваа нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б\21 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын шинэ бүтэц орон тоог батлан өгсөн ба Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б\179 дугаар тушаалаар газрын даргаар Б.Сьезхан намайг аймагт шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд би шинэ байгууллагыг шинэ орон тоо бүтцээр хүлээн авч шинээр ажилтан ажилчдыг шалгаруулан авсан.

Ингэхдээ урьд олон жил ажилласан туршлага зүтгэлийг нь харгалзан үзэж А.Павелийг өөрийнх нь хүсэлтээр тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаар тушаалаар томилсон юм.

Гэвч ажлын шаардлага, зарим нөхцөл байдал шалтгаануудаас болж А.Павелийг уг ажлаас чөлөөлж, захиргааны хяналтын хэлтсийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр өөртэй нь ярьж тохиролцсоны дагуу өөрчлөн томилсон юм. А.Павел нь ажилгүй болчихсон байхад түүнийг би ажилд томилсон бөгөөд түүний насан туршид аль нэг байгууллагад дарга хийж байх болно гэж зүтгэх нь зүйлд нийцэхгүй А.Павелийг хэлтсийн дарга байсан Б.Цэрэндорж ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт буюу өөр аль нэг байгууллагад шилжүүлэн ажиллуулах тухай тэрхүү Б\32 тоот тушаалдаа дурдаагүй юм билээ. Ажлын шаардлагын дагуу А.Павелийг мэргэжилтний шинэ албан тушаалд томилсон болохоор шаардлага тавьж ажил гүйцэтгүүлэх болно.

А.Павелийн гаргасан нэхэмжлэлд болсон байдлыг болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйгээ тодорхой байдлаар дурдаж тайлбар өгсөн. А.Павел нь тус газрын захиргаа хяналтын газрын дарга болно гэж шаардлагаа ихэсгэжээ. Томилгоонууд хийгээд ажил жигдрэн, тасралтгүй явчихсан байгаа. Зогсоох аргагүй. А.Павелийн дурдсан хэлтсийн даргаар Х.Назымгүл гэгч ажилтан би дарга болох ёстой гэж шүүхэд зарга үүсгэж явж байгаа. Захиргаа хяналтын хэлтсийн даргаар одоо ажиллаж байгаа албан тушаалтан нь ажил үүргээ хангалттай биелүүлж шаардлагын хүрээнд ажиллаж байгаа тул түүний ажлыг өөр хүнээр солих өөрчлөх боломжгүй.

Төрийн албаны ажлыг зүй ёс журмаараа хийлгүй дарга болох гэж зүтгэж буй дээрх байдлаар шаардлагаа ихэсгэсэн А.Павел болон Х.Назымгүл нарын хүсэлтийг би зөвшөөрөхгүй бөгөөд зөвшөөрлөө гэхэд ерөнхий газар, яамны сайд нь ч зөвшөөрөхгүй юм. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Х.Бауыржанаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Миний бие аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд анх 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаар тушаалаар түр томилогдож, Авилгатай тэмцэх газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05/9677 тоот албан бичгийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот тушаалаар жинхлэн томилогдон ажиллаж байна.

Анх хоёр байгууллага татан буугдаж, Засгийн газрын тогтоолоор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсан үед тус хэлтсийн даргаар томилон ажиллуулах тухай хүсэлтээ аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллага албан тушаалтнуудад гаргаж байсан юм.

Тус газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Назымгүл урьд нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан албаны даргаар ажиллаж байсан тул шинээр байгуулагдсан газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргаар ажиллах ёстой гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Миний бие 2006 онд ШУТИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийг нийгмийн халамж зүйч мэргэжлээр, 2015 онд Идэр дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр тус тус төгссөн. 2010-2015 он хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн бодлого хариуцсан мэргэжилтнээр, 2015-2016 он хүртэл Хөдөлмөрийн хэлтэст ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан салбарын бэлтгэгдсэн залуу боловсон хүчин юм. Тухайн үед аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хэлтсийн дарга нар дандаа мэргэжлийн бус хүмүүс байсан ба халамжийн үйлчилгээ зөвхөн мөнгө тараах биш, 10 багц 69 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл халамжийн уг үйлчилгээнүүд зорилтдоо хүрэхгүй байгаа асуудал байсан учраас мэргэжлийн хүний хувьд намайг нийгмийн халамжийн хэлтсийн даргаар ажиллуулна гэсэн саналыг тус газрын дарга тавьсны дагуу би тухайн албан тушаалыг эрхлэх нэг үндэслэл бүрдсэн юм, одоо 8 дахь сардаа уг албан тушаалд ажиллаж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Д.Алтынгүлээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Павелийг ажил олгогч 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаар тушаалаар Баян- Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилж, дараа нь чөлөөлсөн учраас А.Павел уг албан тушаалд эгүүлэн томилохыг хүсэж нэхэмжлэл гаргасан байсан. Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн анхны шаардлагыг дэмжиж байгаа бөгөөд намайг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн шаардлага хэвээр байгаа болно гэж дурджээ. Үүнээс дүгнэж үзэхэд А.Павел нь анхнаасаа миний одоогийн ажиллаж буй захиргаа, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд маргахгүй байгаа ба харин тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргад эгүүлэн томилогдохыг хүсэж маргаж байгаа нь тодорхой байна.

Тус байгууллагад анх бүтэц, зохион байгуулалт хийж албан тушаалын хуваарилалт хийж байх үед захиргаа, хяналтын хэлтсийн даргаар ажиллах талаар хүсэлт гаргаагүй юм. Намайг тус газрын захиргаа, хяналтын хэлтсийн даргаар томилсон асуудлыг сайн мэдэж надад ажлын амжилт хүсэж баяр хүргэж байсан юм. Хэрвээ тухайн үед маргаан бүхий албан тушаалд маргасан бол би өөр сонголт хийхийг үгүйсгэхгүй байна. Уг албан тушаалд А.Павел маргахгүй байгаад он гараад тухайлбал 2017 оны 02 дугаар сарын 20-ны дотор өөрөөр хэлбэл 3 сар 20 хоногийн дараа шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнгөрүүлсэн гэж үзэж байна. А.Павел нь тухайн албан тушаалд маргаж байгаа бол өөрийн зөрчигдсөн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах шаардлагатай гэж үзвэл 1 сарын дотор Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд эсхүл захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой юм. Ингэхээр А.Павел нь 3 сарын дараа маргаан бүхий албан тушаалд ажиллах тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна. Нөгөө талаас А.Павел нь одоо тус газарт хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр 8 дахь сардаа ажиллаж сар бүр цалин хөлс авч байна. Ингэхээр А.Павелийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй гэж үзнэ. Иймээс А.Павелийн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын захиргаа, хяналтын хэлтсийн даргад үргэлжлүүлэн ажиллуулахыг ажил олгогчид даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Х.Назымгүлийн өмгөөлөгч А.Серигжанаас шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэгч Х.Назымгүл нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба үүнийгээ шүүх хуралдаан дээр дараах байдлаар тодруулсан болно.

Үүнд, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажилд томилохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, уг ажилд томилохыг даалгах, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ажилд томилох тухай 14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Өмгөөлөгч миний бие нэхэмжлэлийн уг шаардлага үндэслэлтэй гэж үзэж, дараах тайлбарыг гаргаж байна.

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 09 дүгээр тогтоолоор аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн чиг үүргийг нэгтгэж, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шинээр байгуулсантай холбогдуулан урьд Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн нийгмийн халамж, хүн амын зорилтот бүлгийн хөгжил хариуцсан албаны дарга Х.Назымгүл, захиргаа, хяналтын албаны дарга А.Павель, Бугат сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн Д.Алтынгүл болон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, мэргэжлийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Бауыржан нарыг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны б/32, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны б/08 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж, шилжүүлсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны б/21 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог дарга, дэд даргаас гадна 3 хэлтэс, сум хариуцсан мэргэжилтэн 19, нийт 45 орон тоотой байхаар баталсан байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заажээ. Нэхэмжлэгч Х.Назымгүлийн хувьд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн б/32 тоот тушаалын дагуу шинээр байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжиж, Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар /хуучин Нийгмийн халамж, хүн амын зорилтот бүлгийн хөгжил хариуцсан албаны дарга/ 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэтэл хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Х.Назымгүлийг тус газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон тухай маргаан бүхий 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр тушаалыг гардуулж өгсөн байна. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа хууль журамд заасны дагуу сонсгох ажиллагаа явуулаагүй, тухайлбал нэхэмжлэгчийг өөр ажилд томилох гэж байгааг түүнд урьдчилж хэлж мэдэгдээгүй, түүний тайлбарыг аваагүй байна. Ингэснээр хариуцагч Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэгч Х.Назымгүл дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй ба ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан, хөдөлмөрлөх эрх нь ноцтой зөрчигдсөн гэж үзэж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу Төрийн албаны зөвлөл болон аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдлоо гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлд тус газрын дарга Б.Сьезхан нь ...хоёр байгууллагад одоогийн байдлаар нийт 65 ажилтан албан хаагч ажилладаг бөгөөд шинэ бүтцээр 45 орон тоотой батлагдсан. Урьд нь ажиллаж байсан хүмүүсийг аль болохоор багтааж ажилд авна ... гэжээ. Хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбараас үзэхэд: ...миний бие Х.Назымгүлийн нэхэмжлэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албаны шалгалт өгсөн, тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч байсныг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/21 тоот тушаалуудыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон нь ямар нэгэн хууль зөрчөөгүй болно.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн орон тоонд нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан албаны даргын орон тоо байгаагүй. Тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргад томилох боломжгүй байсан гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан орон тоо цөөрсөн гэдгийг хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг хэлнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Х.Назымгүлийн урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн нийгмийн халамж, хүн амын зорилтод бүлгийн хөгжил хариуцсан албаны даргын /1 орон тоо/ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг шинэ бүтэц дэх нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод хэвээр хадгалагдан үлдсэн болох нь, мөн уг маргаан бүхий орон тоо анхнаасаа нэг л орон тоо байсан бөгөөд энэ нь шинэ бүтцээр хасагдаагүй, цөөрөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхээс энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасны дараа хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэмэлт тайлбар гаргаж ... Х.Назымгүл ... 2016 онд ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ хийгээгүй тул ...нийгмийн халамж хүн амын зорилтот бүлгийн хөгжил хариуцсан албад ажиллах боломжгүй, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг зөрчсөн ... харин би албан тушаал бууруулан мэргэжилтнээр авсан. Энэ албан тушаалдаа ажиллах хүсэлгүй бол уг мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөхөд ямар нэгэн хуульд харшлахгүй болно гэжээ. Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд хуульчилсан. Дээр дурдсанчлан хариуцагчийн ...2016 онд ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ хийгээгүй ... Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг зөрчсөн ...харин би албан тушаал бууруулан мэргэжилтнээр авсан гэх тайлбар нь нэхэмжлэгч Х.Назымгүлийг албан тушаалаас нь бууруулах үндэслэлд хамаарахгүй байна.

Учир нь, Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлын байрны тодорхойлолт боловсруулах, төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн үүрэг юм. Нөгөө талаар, хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажил олгогчтой байгуулж байсан үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

Засгийн газрын 2007 оны Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл батлах тухай 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаас үзэхэд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын нэгжийн даргын албан тушаал буюу маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн ангилал, ТЗ-7 зэрэглэлд хамаарч байна. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 14.а хэсэгт зааснаар томилох эрх бүхий этгээд нь Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөхөөр зохицуулсан.

Гэтэл хариуцагч төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн ангилалд хамаарах /ТЗ-6/ аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, мэргэжлийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан гуравдагч этгээд Х.Бауыржаныг төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн ангилалд хамаарах /ТЗ-7/ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар шууд томилсон үйлдэл нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөн явдал болсон байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй ч ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн ангиллаас ахлах түшмэлийн ангилалд шууд албан тушаал дэвших эрхгүй юм. Дашрамд хэлэхэд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны б/21 дүгээр тушаалын хавсралтаас үзэхэд гуравдагч этгээд Х.Бауыржаны урьд эрхэлж байсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, мэргэжлийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг шинэ бүтэц дэх хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс дэх 5 орон тоонд хэвээр хадгалагдан үлдсэн болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэгч Х.Назымгүлийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Х.Назымгүлийн өмгөөлөгч С.Нургайыпаас шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг шинээр байгуулагдсан газарт шилжүүлсэн тушаал гаргасан байдаг. Энэхүү тушаалыг хэргийн оролцогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар ажлаас чөлөөлсөн тушаал болохоос шилжүүлсэн тушаал биш гэж маргах боловч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/2 гэсэн албан бичгийг тухайн тушаалд үндэслэснээр шинээр байгуулагдсан газарт ажилтнуудыг цалингийн хамт шилжүүлсэн болох тогтоогдож байгаа юм.

Нөгөө талаар эдгээр албан тушаалтнуудын цалин хөлсийг ерөнхий газарт шилжүүлсэн гэж хариуцагч талаас буруугаар ойлгож байгаа асуудал үүсч байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирсэн 1/2 гэсэн албан бичгийг судалж үзвэл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн албан тушаалтнуудыг шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт цалингийн хамт шилжүүл гэсэн утга, агуулгатай зүйл дурдсан болохоос, ерөнхий газарт шилжүүлэх талаар тусгасан зохицуулалт байхгүй байна. Зөвхөн тушаалын хуулбарыг ирүүлэх талаар дурдсан байгаа. Нэхэмжлэгч Х.Назымгүл нь шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжин ажиллаж байсан нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байгаа юм. Үүнд, нэгдүгээрт аймгийн Халамжийн хэлтсийн дарга Б/32 тоот тушаалдаа ерөнхий газрын даргын 1/2 тоот албан бичгийг үндэслэл болгосон, хоёрдугаарт Х.Назымгүл нь үндсэн албан тушаалын хажуугаар шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж ирсэн байдаг.

Аливаа төрийн байгууллага эзгүй үед тухайн байгууллагын удирдах албан тушаалтнаар даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх зарчимтай. Тийм учраас Х.Назымгүл нь тухайн үед хэлтсийн даргаар ажиллаж байсан гэж үзэж байна. Учир нь, орон тоо нь хасагдаж ажлаас халагдсан эсхүл ямар ч ажилгүй этгээдээр газрын даргын үүргийг гүйцэтгүүлэхгүй гэдэг нь тодорхой асуудал юм. Мөн 2016 оны 8, 9, 10 дугаар сард Х.Назымгүл нь үндсэн цалингаа авч байсан бөгөөд үндсэн цалингийн хамт даргыг үүргийг түр орлон гүйцэтгэсний нэмэгдэл авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Эдгээр байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Х.Назымгүл нь шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар ажил, албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан ажилтныг тухайн байгууллагын бүтэц, орон тоо, өөрчлөгдсөн, шинэчлэн байгуулагдсанаас үл хамаарч тухайн ажилд хэвээр үргэлжлүүлэн ажиглуулахаар зааж өгсөн байдаг юм.

Ажлын байрны тодорхойлолтуудын хувьд авч үзвэл өмнөх ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдсан ба өмнөх ажлын чиг үүрэг нь одоогийн нийгмийн халамжийн хэлтсийн даргын чиг үүрэгтэй 100 хувь таарч байгаа гэдэгт хэн ч мараагүй, хүлээн зөвшөөрсөн гэж бид ойлгож байна. Нэгэнт ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь 100 хувь таарч байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар Х.Назымгүлийг маргаан бүхий орон тоонд томилоогүйд бид маргаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна.

Гуравдагч этгээд Х.Бауыржан болон нэхэмжлэгч А.Павел нар уг орон тоонд ажиллах ёстой гэж маргаж байгаа асуудлын хувьд дараах тайлбарыг хэлье.

Х.Назымгүлийг анх тухайн орон тоонд Төрийн албаны тухай хуулийн дагуу томилсон байвал эдгээр хүмүүс маргаан бүхий орон тоонд ажиллах ёсгүй байсан юм. Ажил олгогчийн хууль зөрчсөн буруутай үйлдлийн улмаас тухайн албан тушаалыг нэг нь гүйцэтгэж байсан, нөгөө нь одоо гүйцэтгэж байгаа. Тийм учраас эдгээр хүмүүсийн эрх ашиг биш, Х.Назымгүлийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч А.Павелийн хувьд миний тушаал үндэслэлгүй гарсан, би ээлжийн амралттай байх үед ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа боловч түүнээс өмнө он, удаан жилийн хугацаанд уг ажлын байранд Х.Назымгүл ажиллаж байсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг Х.Назымгүл илүү хангаж байгаа гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй. Хариуцагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй, хууль бус томилгоо хийсний улмаас хэд хэдэн төрийн албан хаагчийн эрх ашиг нь зөрчигдсөн байна. Эдгээр хүмүүс томилогдохоос өмнө тухайн орон тоо сул орон тоо биш, Х.Назымгүл ажиллаж байсан юм.

Нэхэмжлэгч Х.Назымгүлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэргэжилтнээр томилсон 14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар тайлбарлавал, Х.Назымгүл нь анхнаасаа тухайн орон тоонд ажиллахгүй гэж Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа.

Гэвч хариуцагчийн зүгээс түүнийг мэргэжилтнээр томилж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчиж, түүний эрх ашгийг дордуулж, албан тушаал бууруулсан тул үүнийг эс зөвшөөрч нийгмийн халамжийн хэлтсийн даргаар ажиллах болно гэж маргаж байгаа. Тийм учраас уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч талаас Х.Назымгүл нь газрын даргын шийдвэрийг хүлээн зөвшөөрч мэргэжилтнээр ажиллаж, цалин хөлсийг нь авч, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдсан учраас нэхэмжлэл гаргах эрхгүй гэх агуулгаар тайлбар гаргасан байдаг. Хэрвээ түүнийг төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эдлэх баталгаагаар хангасан бол өнөөдөр нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан ба баталгаагаар хангасан тохиолдолд нийгмийн халамжийн хэлтсийн даргаар ажиллаж байх ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч А.Павелийн өмгөөлөгч К.Ержанаас шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Эхлээд нэхэмжлэгч А.Павелийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах тайлбарыг хэлье. А.Павелийн хувьд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргаар зохих журмын дагуу томилогдон ажиллаж байхад, түүнийг ээлжийн амралттай байх үеэр үндэслэлгүйгээр ажлаас халсан байдаг. Нэхэмжлэгчийн ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн заалтууд нь ч зөрчилтэй, ажлаас чөлөөлөх нөхцөлд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг баримтлан мэргэжилтний ажилд шилжүүлэн томилсон бөгөөд хуулийн уг заалтад зааснаар ажилтныг ажил олгогч хоёр төрлийн үндсэн дээр өөр ажилд шилжүүлэх буюу сэлгэн ажиллуулах талаар зохицуулсан байгаа. Үүнд, нэгдүгээрт тухайн ажилтны өөрийн зөвшөөрлийг авсан байх ёстой, хоёрдугаарт, цалин хөлсийг бууруулахгүйгээр адил хэмжээний албан тушаалд шилжүүлсэн байхыг хуулиар шаарддаг юм. Дээрээс нь А.Павелийг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөх хуулийг заалтыг үндэслэн нийгмийн халамжийн хэлтсийн даргаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй юм. Учир нь, А.Павел ямар нэгэн байдлаар хүсэлт гаргаагүй байхад ажил олгогч өөрийн санаачилгаар албан тушаал бууруулан мэргэжилтнээр томилсон байгаа гэдгийг хэлмээр байна. Тийм учраас ямар нэгэн үндэслэлгүйгээр, төрийн албан хаагчийн баталгааг доордуулсан хууль бус тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймээс нэхэмжлэгч А.Павел нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох, мөн цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд цалин хөлсний үнийн дүнгийн талаарх нэмэлт тайлбар өгсөн байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа юм. Иймд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 74 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн саналтай байгаа.

Хоёрдугаарт, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд гуравдагч этгээдтэй нийлээд гурван хүн маргаж байгаа. Шүүхээс ямар шийдвэр гарахыг бид нар мэдэхгүй, харин нэхэмжлэгч хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зөвшөөрсний дагуу бид дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн байдаг юм. Хэрэв шүүхээс Х.Назымгүлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан эсхүл гуравдагч этгээд Х.Бауыржаны эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан тохиолдолд миний үйлчлүүлэгч А.Павелийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба эдгээр шаардлагыг бүрэн дэмжиж байгаа.

Ажилтны урьд эрхэлж байсан ажил албан тушаал нь хэвээр хадгалагдсан гэдгийг зөвхөн тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээс дүгнэж үзэх боломжгүй, бүтэц зохион байгуулалт, гүйцэтгэх чиг үүргийн талаар ерөнхийд нь авч үздэг. Нэхэмжлэгч Х.Назымгүлийн нэхэмжлэлийн талаар хэд хэдэн зүйлийг дурдаж хэлэхийг хүсэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх учиртай. Х.Назымгүлийг маргаан бүхий орон тоонд томилсон шийдвэрийг ажил олгогчоос гаргаагүй байхад томилоогүй шийдвэр хууль бус болохыг тогтоох гэсэн шаардлага гаргасан нь өөрөө хууль бус юм. Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын үндсэн дээр Х.Назымгүлийг шинээр байгуулсан газарт шилжүүлэн томилоогүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хуучнаар аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаар тушаалд ажлаас чөлөөлсүгэй гэж дурдсан, мөн дээд шатны байгууллагаас ирүүлсэн албан бичигт хүртэл ажлаас чөлөөлөх талаар зөвлөсөн учраас шилжүүлэн томилсон гэж үзэх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч талаас Х.Назымгүл нь тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргаар ажиллаж байх явцад эзгүй байгаа газрын даргын чиг үүргийг хавсран гүйцэтгэж ирсэн гэх тайлбар хэлсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолд эзгүй байгаа албан тушаал гэж ямар албан тушаалыг хэлэх вэ гэдгийг тодорхой заасан байдаг.

Гэхдээ Х.Назымгүлийн маргаж буй нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаал эзгүй байсан гэж үзэх боломжгүй юм. Тухайн үед аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Цэрэндорж ажлаас бүр чөлөөлөгдөж явсан ба тухайн хэлтсийн гүйцэтгэх чиг үүрэг газарт шилжсэн байхад уг албан тушаалыг гүйцэтгэж байсан гэдэг нь өөрөө үндэслэлгүй байна. Эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөө авсан, сургалтад хамрагдсан, жирэмсний болон ээлжийн амралт авсан албан тушаалтны ажлын байрыг эзгүй гэж ойлгохоор зохицуулсан байдаг юм. Х.Назымгүлийг ерөнхий газрын даргын тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүрэгт ажилд түр томилсон байдаг. Харин миний ойлгож байгаагаар Х.Назымгүл нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилогдож 3 сар ажилласан байна. Түүнийг газрын даргаар түр томилсон тушаал одоо хүртэл хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Учир нь, уг тушаалыг хүчингүй болгосон ямар нэгэн эрх зүйн акт гараагүй, энэ талаар ямар ч асуудал яригдаагүй байгаа гэдгийг хэлье.

Тийм учраас Х.Назымгүлийн хувьд хэлтсийн дарга биш газрын даргын албан тушаалд маргах нь зүйтэй байна. Б.Сьезхан газрын даргаар томилогдсон гэж Х.Назымгүл шууд ажлаа хүлээлгэж өгөх биш, түүнийг томилсон тушаалыг хүчингүй болгож, гүйцэтгэх чиг үүргийг хязгаарласан эрхийн акт гарган байж ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх ёстой. Үүнээс үзэхэд өмнөх эрхийн акт хэвээр байж байгаа юм. Нэгэнт А.Павелийг хэлтсийн даргын ажлаас чөлөөлж мэргэжилтний ажилд томилсноор цалингийн ТЗ-7 сүлжээгээр цалинжиж байсан хүнийг ТЗ-5 шатлалаар цалинжуулж эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. Дээрээс нь нэг орон тоонд 3 хүнийг томилох шийдвэр гарахгүй болох нь мэдээжийн асуудал юм. Хэрвээ нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангах боломж бүрдээгүй тохиолдолд түүнийг өмнө нь эрхэлж байсан, чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан албан тушаал болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Х.Бауыржан, Д.Алтынгүл нарын өмгөөлөгч Я.Сьездээс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Х.Бауыржан, Д.Алтынгүл нарын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Х.Бауыржан, Д.Алтынгүл нар нь хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй, өөрөөр хэлбэл Х.Бауыржан нь захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд, Д.Алтынгүл нь нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд маргахгүй байгаа учраас хоёуланг давхар өмгөөлж байгаа. Нэгдүгээрт тухайн байгууллага 65 хүний орон тоотой ажиллаж байгаад 45 хүний орон тоо болж 20-иод албан тушаалтан цомхтголд орох нь гарцаагүй болсон юм.

Өнөөдрийн байдлаар эдгээр 4 албан тушаалтнууд бүгд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт халамж үйлчилгээний чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа, 10-аас доошгүй жил ажилласан төрийн мэргэшсэн албан хаагчид юм. Эдгээр албан тушаалтнуудыг ажил олгогч гудамжинд гаргаагүй гэдгийг онцлон хэлмээр байна. Тийм учраас бололцооны дагуу А.Павелийг хяналт шинжилгээ хариуцсан, Х.Назымгүлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулж байгаа ба Х.Назымгүлийг 2017 оны 03 дугаар сард ажлаас чөлөөлсөн боловч чөлөөлсөн тушаалд маргахгүй явж байгаа. Хүн болгон даргаар ажиллах сонирхолтой байж болно. Гэхдээ тухайн байгууллагын бололцоо ийм л байдалтай байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

А.Павелийн нэхэмжлэлийн талаар түүний нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах эсхүл Д.Алтынгүлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох санал оруулж байгаа. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан ба өргөдлийг нэхэмжлэгч А.Павел нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан байгаа. Мөн хуулийн 14 дүгээр зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар зохицуулсан ба 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг. Гэтэл А.Павел нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тухайн албан тушаалд томилогдсон, хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч мөн бөгөөд эхлээд Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Энэ дээр 60 хоногийн хугацаа байх ёстой ба 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд маргаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн юм. Хуульд эрхээ зөрчсөнийг мэдсэнээс хойш гэсэн зүйл дурдсан ба 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хурал болсон ба уг хуралдаанаар Д.Алтынгүлийг захиргаа хяналтын хэлтсийн даргаар томилсон болохыг байгууллагын дарга танилцуулж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь захиргаа хяналтын хэлтсийн даргын чиг үүрэг өмнөхтэй адил хэвээр батлагдаж ирсэн боловч ажил олгогч намайг энэ салбар он, удаан жил ажилласан туршлагатай тул Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу хамгийн илүү шаардлага хангасан гэж үзэж намайг нийгмийн халамжийн хэлтсийн даргад ажиллахыг санал болгож, миний бие уг саналыг хүлээж авснаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай тушаалаар тус газрын нийгмийн халамжийн хэлтэст томилогдсон гэж нэхэмжлэл дээр тодорхой бичсэн байгааг цохон тэмдэглэмээр байна. Энэ нь нэхэмжлэгч А.Павел нь тухайн үед нийгмийн халамжийн хэлтэст ажиллахыг өөр хүлээн зөвшөөрсөн гэдгийг илтгэж байна. Үүнтэй холбогдуулан хариуцагчийн А.Павелийн нэхэмжлэлд тусдаа гаргасан тайлбар хэрэгт авагдсан байгаа. Уг тайлбарт ... урьд нь олон жил ажилласан туршлагыг харгалзан өөрийн хүсэлтээр Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 73 дугаартай тушаалаар томилсон гэжээ.Тэгэхээр энэхүү хоёр тайлбар маань шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөх ёстой.

Дараагийн асуудал бол хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой. Нэхэмжлэгч хэлтсийн даргаар томилогдох гэж байгаа бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар өөрөө хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой. Нотлох баримт шинжлэн судлуулахад хөрөнгө орлогын мэдүүлгийг гурван хүн гаргасан нь тогтоогдсон ба Авилгатай тэмцэх газраас нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилохдоо ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна гэсэн албан тоот ирүүлсэн байна. Энэ нь тухайн үед А.Павел нь захиргааны хяналтын хэлтсийн даргад маргахгүй байгааг харуулж байна. Хэрвээ маргаантай байсан бол тухайн үед Д.Алтынгүлийн ажиллаж байгаа орон тоонд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой гэж үзэж байна. Нөгөө талаас 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Д.Алтынгүлтэй хамт ажиллаж захиргаа хяналтын хэлтсийн даргаар томилогдсон гэдгийг мэдэж байсан учраас энэ албан тушаалд эрх нь зөрчигдсөнөөс хойш нэг сарын дотор Төрийн албаны салбар зөвлөлд хандсан нь тогтоогдохгүй байна. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар буюу энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлээр уг хуулийн 54 дүгээр зүйлийн 54.8 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана гэснийг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болох саналтай байгаа гэдгийг хэлье. Дараагийн нэг асуудал бол хоёр албан тушаалд зэрэг маргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Х.Назымгүлийн нэхэмжлэлийг шүүх хангасан тохиолдолд гэж шүүхэд урьдчилан болзол тавьж, би нөгөө албан тушаалд очно гэж шаардлага гаргасан нь өөрөө шүүхээс шийдвэр гаргахад бэрхшээл учруулна гэж бодож байна. Ийм учраас аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын захиргаа хяналтын хэлтсийн даргын ажилд томилуулахаар гаргасан нэхэмжлэгч А.Павелийн нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болох ёстой гэдгийг хэлмээр байна.

Хоёрдугаарт, нэхэмжлэгч Х.Назымгүл нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүн байгаа. Үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж 40 хувийн нэмэгдэл авч байсан ба өнөөдөр хүртэл үүрэг гүйцэтгэгчээр томилсон тушаалыг хүчингүй болгож, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байгаа нь түүнийг нийгмийн халамжийн хэлтсийн даргад томилох эсэх асуудал нь эргэлзээтэй байна. Мөн нэхэмжлэгч Х.Назымгүлийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн даргаар томилоход Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргах үүрэгтэй.

Өнөөдрийн байдлаар мэдүүлэг гаргаагүй байна. Хөрөнгө орлогын мэдүүлэг гараагүй хүнийг ажилд томилохыг даалгах нэхэмжлэлийг хангах боломжгүй. Учир нь, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд мэдүүлэг гаргаагүй хүнийг зохих албан тушаалд томилохыг хориглосон заалттай. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалыг өгсөн ба уг ажлаа хийж байгаад 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Гэтэл тухайн ажлаас чөлөөлөгдсөн асуудалд Х.Назымгүл маргахгүй байна. Хэрвээ шүүхээс Х.Назымгүлийн нийгмийн халамжийн хэлтсийн даргад томилуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд өөрөө хохирно. Энэ талаар ажил олгогчийг буруутгахад хэцүү байна, 65 ажилтантай байгууллагын орон тоо цөөрч 45 болсон байхад бололцооны дагуу өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг ажлын байртай болгосон байна.

Гуравдагч этгээд Х.Бауыржаны хувьд хөдөлмөр, халамж байтугай аймгийн Засаг даргын Тамгын газарт бүхэл бүтэн нэг аймгийн хөдөлмөр эрхлэлтийг хариуцан ажиллаж байсан хүний хувьд тухайн байгууллагын ажил үүргийг сайн мэддэг. Дээрээс нь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан учраас ажил олгогч өөрөө бүрэн эрхийн хүрээнд түүнийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргад томилсон байгаа. Гуравдагч этгээд Х.Бауыржан нь хүчээр тушаал, шийдвэр гаргуулаагүй, төрийн жинхэнэ албан хаагч мөн бөгөөд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан нь үнэн, тухайн ажилд томилогдоод 10 дахь сард ажиллаж байгаа. Тийм учраас Х.Бауыржаныг буруутгах ямар ч үндэслэл тогтоогдохгүй байна. Төрийн ажил тасралтгүй явагдах ёстой, гуравдагч этгээдүүд төрийн албанд ажиллах шаардлагыг бүрэн хангасан, төрийн албанд ялангуяа нийгмийн халамжийн салбарт он, удаан жил ажилласан энэ байгууллагыг шалгаад явж байсан хүн, төрийн мэргэшсэн албан хаагч гэдгийг хэлмээр байна. Эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх Төрийн албаны салбар зөвлөл өнөөдөр хүртэл манай аймагт байгуулагдаагүй байгаа. Тийм учраас энэ асуудалд ажилтны буруутай үйл ажиллагаа байхгүй гэж бодож нэхэмжлэгч А.Павель, Х.Назымгүл нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Назымгүл нь тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст нийгмийн халамж, хүн амын зорилтот бүлгийн хөгжил хариуцсан албаны даргаар, нэхэмжлэгч А.Павел нь захиргаа хяналтын албаны даргаар, гуравдагч этгээд Д.Алтынгүл нь Бугат сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр, гуравдагч этгээд Х.Бауыржан нь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, мэргэжлийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байжээ.

Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 09 дугаартай тогтоол гарч өмнө нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс ажиллуулахаар тогтоосон Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол болон уг тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 08 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нэртэй байгууллага ажиллуулахаар тогтоосон байна.

Гэрч Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга байсан Б.Цэрэндоржийн мэдүүлэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2 дугаартай албан бичиг зэргээс үзэхэд холбогдох дээд шатны байгууллагаас нь мэдэгдсэний дагуу Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг ажлаас нь чөлөөлж, тэдгээрийг цалингийн сангийн хамтаар өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт нь шилжүүлж, энэ талаар аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаартай тушаал[1] гарч, харин Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнуудын хувьд тус хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар[2] ажлаас чөлөөлөгдөж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт цалингийн сангийн хамтаар шилжжээ.

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх үүргийг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэж ойлгох бөгөөд дээрх нөхцөл байдлаас үзэхэд эрх бүхий этгээдээс хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээний хүрээнд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн эрхэлж байсан үйл ажиллагааг дуусгавар болгоогүй, тэдгээрийн үйл ажиллагаа, эрх үүргийг нийлүүлэх замаар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нэртэй байгууллагыг шинээр бий болгосон гэж үзэхээр байна.

Энэхүү өөрчлөн байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нэхэмжлэгч Х.Назымгүлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/18 дугаар тушаалаар[3] мөн өдрөөс тус газрын дарга томилогдох хүртлэх хугацаагаар томилж, зөвхөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж, албан хаагчдын цалин хөлс олгохоос бусад эрхийг хязгаарласан байжээ.

Өөрөөр хэлбэл уг тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Назымгүлд албан тушаалын томилгоо хийх эрх олгогдоогүй байх нэхэмжлэгч Х.Назымгүл, А.Павел нар нь тус газрын дарга томилогдох хүртэл ажилласан хугацаанд хуучнаар албаны даргын цалин хөлсийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалаар[4] батлагдсан бүтэц, орон тооноос үзэхэд шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт дарга, дэд даргаас гадна захиргаа хяналтын, хөдөлмөр эрхлэлтийн, нийгмийн халамжийн хэлтэс нэртэйгээр ажиллах 3 хэлтэст нийт 24, сум хариуцсан мэргэжилтний 19, нийт 45 орон тоо батлагдсан байх ба хуучнаар аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн нийгмийн халамж, хүн амын зорилтот бүлгийн хөгжил хариуцсан алба нь нийгмийн халамжийн хэлтэс нэртэйгээр, захиргааны хяналтын алба нь захиргаа хяналтын хэлтэс нэртэйгээр тус тус өөрчлөн байгуулагдаж, Бугат сум хариуцсан мэргэжилтний 1 орон тоо хэвээр, Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, мэргэжлийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдаж батлагдсан нь дээрх шийдвэр болон тус газрын[5] даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдсон.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/179 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар Б.Сьезханыг томилсноор газрын даргын 2016 оны 14 дугаартай тушаалаарнэхэмжлэгч Х.Назымгүлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай тушаалаар нэхэмжлэгч А.Павелийг нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилж /мөн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А.Павелийг нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилсон 73 дугаартай тушаал дахин гаргасан/, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай тушаалаар уг ажлаас чөлөөлж, оронд нь гуравдагч этгээд Х.Бауыржаныг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай тушаалаар нийгмийн халамжийн хэлтсийн даргаар, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай тушаалаар нэхэмжлэгч А.Павелийг хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 71 дугаартай тушаалаар гуравдагч этгээд Д.Алтынгүлийг захиргаа хяналтын хэлтсийн даргаар тус тус томилсон шийдвэрүүдийг гаргажээ.

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын аймаг, нийслэл дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний газар, хэлтсийн орон тоо, зохион байгуулалтын бүтцийг баталсан 2013 оны 09, 2015 оны 12, 2016 оны А/53 дугаартай тушаалуудаас үзэхэд Засгийн газрын 2016 оны 09 дугаартай тогтоол гарах хүртэл тус хэлтэс нь захиргаа хяналтын болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан 2 албатайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн байна.

Аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн захиргаа хяналтын албаны болон нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан албаны даргын орон тоо анх 2013 оны 09 дугаартай дээрх тушаалаар батлагдах үед хэлтсийн даргын 2013 оны 37 дугаартай тушаалаар захиргаа хяналтын албаны даргаар нэхэмжлэгч А.Павел, нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан албаны даргаар нэхэмжлэгч Х.Назымгүл нар томилогдон ажилласан байх ба нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан албаны даргын ажлын байрны нэр нь бүтэц, орон тоо баталсан Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар тушаал гарах үед нийгмийн халамж, хүн амын хөгжил хариуцсан албаны дарга, 2016 оны А/53 дугаартай тушаал гарах үед нийгмийн халамж, хүн амын зорилтот бүлгийн хөгжил хариуцсан албаны дарга нэртэйгээр тус тус өөрчлөгдөж, харин захиргаа хяналтын албаны даргын ажлын байрны нэр хэвээр батлагдаж иржээ.

Нэхэмжлэгч Х.Назымгүл, А.Павел нарын ажиллаж байсан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн албаны даргын ажлын байрууд нь дээрх байдлаар шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоо баталсан шийдвэрээр нийгмийн халамжийн хэлтсийн дарга, захиргааны хяналтын хэлтсийн дарга нэртэйгээр тус тус хэвээр батлагдсан буюу хасагдаагүй, тухайн ажлын байруудын чиг үүргүүд нь хэвээр хадгалагдсан болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтуудаар нотлогдож байна.

Тухайлбал аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас баталсан маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтуудад заасан чиг үүргүүд нь хуучнаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн захиргаа хяналтын албаны даргын болон нийгмийн халамж, хүн амын зорилтот бүлгийн хөгжил хариуцсан албаны даргын хэрэгжүүлж байсан ажлын чиг үүргүүд байгаагийн дээр уг үндсэн чиг үүргийн хүрээнд зарим төрлийн чиг үүргийг нэмж гүйцэтгүүлэхээр байгаа ч энэ тохиолдол нь ...төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэж үзэх үндэслэлд хамаарах юм.

Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/179 дугаартай тушаалаар[6]иргэн Б.Сьезхан нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсноос хойшхи хугацаанд томилох эрх бүхий этгээдийн хувьд нэхэмжлэгч Х.Назымгүлийг нийгмийн халамжийн хэлтсийн даргаар, А.Павелийг захиргаа хяналтын хэлтсийн даргаар томилоогүй эс үйлдэхүйг хууль бус, мөн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарыгүндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь, төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулагдсан. Дээрх байдлаар Засгийн газрын 2016 оны 09 дугаар тогтоол гаргасантай холбогдуулан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаас 2016 оны Б/32 дугаар тушаалын холбогдох хэсгээр нэхэмжлэгч Х.Назымгүл, А.Павел нарыг тус хэлтсийн албаны даргын ажлаас чөлөөлж, шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн, өмнө нь ажиллаж байсан албаны даргын ажлын байруудын чиг үүрэг хэвээр хадгалагдсанаас гадна орон тоо нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр хасагдаагүй хэвээр батлагдсан байхад томилох эрх бүхий этгээдээс маргаан бүхий орон тоонуудад нэхэмжлэгч нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаартомилсон шийдвэр гаргаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчим, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч нарын төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хуульд заасан баталгааг эдлэх эрхүүдийг зөрчиж, нийгмийн халамжийн хэлтэс болон захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргаар Х.Назымгүлийг, захиргаа хяналтын хэлтсийн даргаар А.Павелийг тус тус томилохыг ажил олгогчид даалгаж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Дээрх байдлаар хуульд заасан журмын дагуу аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргаар ажиллах эрхтэй Х.Назымгүлийг томилох эрх бүхий этгээдээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай тушаалаар томилсон нь хууль бус бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгч Х.Назымгүл нь хүчингүй болгохыг хүсэж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байх боловч нэхэмжлэгч мэргэжилтний уг албан тушаалаас 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай тушаалаар чөлөөлөгдсөн, дээрх хугацаанд мэргэжилтнээр ажилласан, мэргэжилтний албан тушаалын цалин хөлсийг авсан зэргээр маргаан бүхий уг шийдвэрийн үйлчлэл хэрэгжиж дууссан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай Ажилд томилох тухай тушаал хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч А.Павелээс гаргасан түүнийг Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай тушаалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газар шинээр байгуулагдах үед нэхэмжлэгч А.Павелийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02,12 дугаар сарын 09-ний өдөр 73 дугаартай тушаалаар тус тус нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилсон байх ба нэхэмжлэгчийг төрийн бусад байгууллагад сэлгэн ажиллуулаагүй, мөн биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлага үүсээгүй байхад энэ талаарх Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг баримталж нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус байгаа ч нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үндэслэлээр дээрх байдлаар нэхэмжлэгч Х.Назымгүл томилогдон ажиллах эрхтэй байсан тул А.Павелийг анх нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилсон шийдвэрүүд нь мөн хууль бус юм.

Иймд нэхэмжлэгч А.Павелийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэсгүй болно.

4. Гуравдагч этгээд Х.Бауыржаны хувьд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалаар хуучнаар Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тоонд байсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, мэргэжлийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан байх тул энэ тохиолдолд уг орон тоонд урьд ажиллаж байсны хувьд тэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд буюу сул ажлын байранд шилжин ажиллах, эсхүл хуулийн уг заалтад заасан бусад баталгааг төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эдлэх эрхтэй юм.

Х.Бауыржаныг маргаан бүхий албан тушаал болох нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилсныг хуулийн 27.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдэлсэн гэж үзэхгүй бөгөөд уг орон тоонд хуулийн 27.2.3-т заасан үндэслэлээр дээрх байдлаар нэхэмжлэгч Х.Назымгүл томилогдон ажиллах эрхтэй байсан утгаар нийгмийн халамжийн хэлтсийн даргын орон тоо нь сул ажлын байр биш болохыг дурьдах нь зүйтэй.

5. Гуравдагч этгээд Д.Алтынгүлийн хувьд түүний урьд ажиллаж байсан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Бугат сум хариуцсан халамжийн мэргэжилтний нэг орон тоо нь тус газрын бүтэц орон тоог баталсан шийдвэрээр хэвээр батлагдсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар гуравдагч этгээд Д.Алтынгүл нь хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Бугат сумын мэргэжилтнээр ажиллах эрхтэй байхад түүнийг мөн зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгч А.Павелийн томилогдон ажиллах эрхтэй захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд анх томилсон нь хууль бус байна.

Мөн гуравдагч этгээд Д.Алтынгүлээс нэхэмжлэгч А.Павелийг мэргэжилтний албан тушаалд томилсон, түүний эрх ашиг зөрчигдөөгүй гэж маргасан боловч А.Павелийг тус газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай тушаал нь тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаартай шийдвэрээр хүчингүй болсон, шүүхийн уг шийдвэр нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон тул энэ талаарх маргаан нь үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээд Д.Алтынгүлийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч А.Павелийн захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалтай холбогдуулж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх маргааны хувьд хуульд заасан журмаар захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрхтэй нэхэмжлэгч А.Павелийг ажил олгогчоос анх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ижил ангилал, зэрэглэлийн албан тушаал болох нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилсноор түүнийг уг албан тушаалаас чөлөөлөх хүртэл эрх ашиг нь зөрчигдөөгүй байна.

Нэхэмжлэгч А.Павель нь анх шүүхэд түүнийг тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай тушаалыг хүчингүй болгох, уг албан тушаалд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан ба энэ талаарх гомдлоо Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хуульд заасан хугацаанд гаргаж, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариу авснаар нэхэмжлэлээ мөн өдөр шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч Х.Назымгүл нь тусдаа нэхэмжлэл гаргах замаар уг албан тушаалд томилогдох эрхтэй гэх үндэслэлээр маргаснаар нэхэмжлэгч А.Павел нь нэхэмжлэлийн анхны шаардлагаа дэмжиснээс гадна хуульд заасан эрхийнхээ дагуу захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг газрын даргад даалгахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байх ба нэхэмжлэгч А.Павелээс гаргасан нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох эсхүл захиргаа хяналтын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах тухай маргаанууд нь өөр хоорондоо холбоотой байна. Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхээс өмнө эрх бүхий этгээдээс захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилоогүйтэй холбогдуулж нэхэмжлэгч салбар зөвлөлд дахин гомдол гаргах шаардлагагүй юм.

Иймд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн өмгөөлөгчийн саналыг үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

6. Томилох эрх бүхий этгээдээс дээрх байдлаар нэхэмжлэгч Х.Назымгүл, А.Павел нарыг хуульд заасан журмаар маргаан бүхий албан тушаалуудад үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байсан тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин болон мэргэжилтний бага цалинтай ажил эрхэлсэн хугацааны цалингийн зөрүүг тооцож гаргуулахтай холбоотойнэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Назымгүл нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн албаны даргаар ажилласан хугацаанд цалингийн сүлжээний ТЗ-7-4 шатлалаар албан тушаалын цалинд 698 795 төгрөг, албан тушаалын цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний зэрэг дэвийн нэмэгдэлд 139 759 төгрөг, 15 хувьтай тэнцэх хэмжээний төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 104 819 төгрөг авснаар түүний нийт цалин хөлс нь 943 373 төгрөг байна. Х.Назымгүл нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар мөн сарын 26-ны өдрөөс эхлэн мэргэжилтнээр томилогдсон байх боловч мөн сард албаны даргын цалингаар цалинжиж, мэргэжилтний цалинг 2016 оны 11 сараас эхлэн авчээ.

Тэрээр мэргэжилтнээр ажилласан хугацаанд сарын цалин хөлсөд үндсэн цалин ТЗ-5-4 шатлалаар 599 237 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 20 хувьд 119 847 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 15 хувиар 89 886 төгрөг буюу нийт 808 970 төгрөгийн цалин хөлс авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийг ажилд томилж, чөлөөлсөн шийдвэрүүдээс үзэхэд нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мэргэжилтнээр ажилласан байх тул мэргэжилтнээр ажилласнаар авсан нийт цалин хөлсийг нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалын цалин хөлсний хэмжээнээс хасч тооцон цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 618.878 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн өдрийг оролцуулж тооцоход ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 089 826 төгрөг буюу нийт 5 708 704 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Х.Назымгүлд олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор болон мэргэжилтний бага цалингаар ажилласан хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт тус тус оногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан журмаар тооцож, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар төлөхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Павелийн хувьд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн албаны даргаар ажилласан хугацаанд цалингийн сүлжээний ТЗ-7-5 шатлалаар албан тушаалын цалинд 733 863 төгрөг, албан тушаалын цалингийн 25 хувьтай тэнцэх хэмжээний зэрэг дэвийн нэмэгдэлд 183 466 төгрөг, 25 хувьтай тэнцэх хэмжээний төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 183 466 төгрөг буюу нийт цалин хөлс нь 1 100 795 төгрөг байна. А.Павел нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажлаас чөлөөлөгдөж, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар мөн сарын 11-ний өдрөөс эхлэн мэргэжилтнээр томилогдсон байх ба хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртлэх хугацаанд ээлжийн амралттай байснаар нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалын цалингаар цалинжиж, мэргэжилтний цалин 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн олгогдсон байна.

А.Павел нь мэргэжилтнээр ажилласан хугацаанд сарын цалин хөлсөд үндсэн цалинд ТЗ-5-5 шатлалаар 628 344 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувьд 157 086 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 25 хувиар мөн 157 086 төгрөг буюу нийт942 516 төгрөгийн цалин хөлс авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч А.Павелийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн өдрийг оролцуулсан хугацааны мэргэжилтний албан тушаалын цалин хөлсийг захиргаа хяналтын хэлтсийн даргын цалин хөлсний хэмжээнээс хасч тооцон, цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорт 1 207 359 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч А.Павелд олгож, цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорт оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг тооцож төлөхийг ажил олгогч болох газрын даргад даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3,106.3.4,106.3.7, 106.3.12, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Назымгүлийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргаар нэхэмжлэгч Х.Назымгүлийг томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг, мөн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай Ажилд томилох тухай тушаал хууль бус байсан болохыг тус тус тогтоож, тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд Х.Назымгүлийг томилохыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, нэхэмжлэгч Х.Назымгүлийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон мэргэжилтний бага цалинтай ажил эрхэлсэн хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт нийт 5 708 704 /таван сая долоон зуун найман мянга долоон зуун дөрөв/ төгрөгийг тус газрын[7] төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 5 708 704 төгрөгийн цалин хөлсөд оногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, төлөхийг тус газрын даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус баримтлан нэхэмжлэгч А.Павелийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд А.Павелийг томилохыг тус газрын даргад даалгаж, А.Павелийн мэргэжилтний бага цалинтай ажил эрхэлсэн хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговорт 1 207 359 /нэг сая хоёр зуун долоон мянга гурван зуун тавин ес/ төгрөгийг тус газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, цалингийн зөрүүд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг тооцож төлөхийг тус газрын даргад даалгаж, үлдсэн хэсэг болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай тушаалыг хүчингүй болгох, тус газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Назымгүл, А.Павел нарт тус тус 70200 төгрөгөөр олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээрзүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давжзаалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 23-26 дугаар хуудас

[2] Хэргийн 21-22 дугаар хуудас

[3]Хэргийн 60 дугаар хуудас

[4] Хэргийн 28-29 дүгээр хуудас

[5] Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

[6] Хэргийн 30 дугаар хуудас

[7] Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар