Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00266

 

Т.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 139/ШШ2017/00308 дугаар шийдвэр,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 218/МА2018/00021 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Т.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Д” ОНӨҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн авто зам, барилга угсралтын ангийг 2013 онд төгссөн. “Д” ОНАҮГазрын халуун усны галчаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний тушаалаар томилогдон ажилд орсон. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орох гэтэл “Д” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий инженер Ч.Баярбат ажиллуулахгүй гэсэн. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа ав гэж дуудсан. Миний бие ажиллах хугацаандаа алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан байсан. Тухайн үед ажлаас халах тушаалыг өгөөгүй. Намайг хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа учир “Д” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Т.А- нь анх 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр галчийн орон тоонд ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулан улирлын чанартай ажиллуулж байсан. Тухайн жилийн галлагааны болон хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр дууссан боловч Т.А-г зуны засварын 3 усан сангийн барилга шинээр барих ажилд үргэлжлүүлэн ажиллуулаад 2016 оны 10 дугаар сарын 01-нд галчаар гэрээ байгуулан ажиллуулсан. Галч Т.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2017 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр дууссан боловч ээлжийн амралтыг олгож, амралтыг дууссаны дараа 06 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, уг тушаалаа өөрт нь гардуулж өгсөн. Энэ гаргасан тушаал шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байна.

Манай байгууллагын хувьд энэ онд хөрөнгө санхүүгийн байдлаас хамааран усан сангийн барилга шинэчлэх ажил хийгдэхгүй, зуны сар ажиллуулах боломжгүй байсан учир гэрээт галч нарыг ажлаас чөлөөлсөн. Т.А-д 10 сард зууханд галчаар авна гэж хэлж байсан. Манай байгууллага өвөл 2 зуухны 12 галч ажилладаг ба зуны сард чөлөөлж, галлагаа эхлэхээр 10 дугаар сарын 01-нээс галчаар гэрээ байгуулан ажиллуулдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 139/ШШ2017/00308 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Шинэ шавь овогт Туяагийн Адъяасүрэн /ЗА90110419/-г “Д” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын зуухны галчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар “Д” орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны олговор 1 296 099 /нэг сая хоёр зуун ерэн зургаан мянга ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар “Д” орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамж 105 856 /нэг зуун таван мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 218/МА2018/00021 дүгээр магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 139/ШШ2017/00308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчөөс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105 856 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Манай байгууллага нь Т. Адъяасүрэнтэй 2015 оны 10 дугаар сарын 01, 2016 оны 10 дүгээр сарын 01-ны өдөр тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэрээнүүд 6 болон 7 сарын хугацаатай байсан. Т. Адъяасүрэнгийн ажлын байр болох галчийн ажлыг улирлын чанартай зөвхөн галлагаа шаардлагатай хугацаагаар, хугацаатай гэрээ байгуулсан болно.

Галчийн ажил нь улирлын чанартай ажил тул хугацаатай гэрээг байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т хөдөлмөрийн гэрээг талууд тохиролцсоноор хугацаатай байгуулах тухай заасан байгаа. Мөн хуулийн 23.2.3-т “...улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар...” гэж заасан байгаа. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзэлгүй нэхэмжлэгчийн талд шийдвэрлэлээ. Тус шүүхүүд маань Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн иргэний хэргийн танхимын зөвлөмжийн нэг дэх хэсгийн 1.3-ийн а/, б/,-д заасныг баримтлаад 3 дахь хэсгийн 3.8-д заасан “Хууль тайлбарласан албан ёсны тайлбар нь хуулийн адил эрх зүйн эх сурвалж болдоггүй байтал шүүх хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн тухай хууль тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолын холбогдох заалтыг үндэслэл болгож байгааг буруу гэж үзнэ” гэснийг анхаарч үзсэнгүй. Энэ нь амьдрал дээр галчийн ажил нь улирлын ажил тул байнгын ажлын байр биш юм. Монгол Улсад байгууллага бүр зуны галлагаагүй байдгыг /4-5 cap/ хүн бүхэн мэднэ шүү дээ. Дээрхи 2 шатны шүүхүүд зөвхөн хөдөлмөрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасныг баримталсан нь буруу гэж үзэж байна. Мөн шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “Хамтын хэлэлцээр” гэснийг баримтлан дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Бид хамтын гэрээ, хэлэлцээр байгуулаагүй, зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Т.А-г Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3-т зааснаар талууд харилцан тохирч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Харин Т.А- нь 2017 оны 10 сард уурын зууханд галчаар авна гэснийг зөвшөөрснөө өөрөө мэдэж байгаа ч манай байгууллагыг хуурч ажлаас гэнэт халсан мэтээр эргэж буцаж яриад байгааг шүүх анхаарсангүй. Анхан шатны шүүхийн 139/ШШ2017/00308 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт заахдаа “Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 2017 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээг үргэлжлүүлэхгүй гэдгээ ажилтан Т. Адъяасүрэнд мэдэгдсэн гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь буруу дүгнэлт гаргасан шүүхийн алдаа болсон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2., 40.5-д заасан ойлголтууд байсан. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр анхан шатны шүүх хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 139/ 2017/00272/И индекстэй иргэний хэрэг үүсгэв” гэснийг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэж байгаа бөгөөд шийдэлд нөлөөлөхгүй болно гэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэхэд эргэлзээтэй. Мөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв боловч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээг үргэлжлүүлэхгүй гэдгээ ажилтан Т.А-д мэдэгдсэн нь тогтоогдохгүй нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болж байгаа мэт дүгнэсэн нь буруу байна” гэсэн болон “Иймд ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож буй анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг давж заалдах шатны шүүх дээрхи байдлаар залруулан дүгнэж байгаа бөгөөд ийнхүү дүгнэсэн нь шийдэлд нөлөөлөхгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив” зэрэг дүгнэлтүүд нь бодит байдал, үнэнд нийцэхгүй, маш бүрхэг, тодорхой биш болжээ.

Иймд магадлал, шийдвэрүүдийг зөвтгөж, хуульд заасан эрхийнхээ дагуу хяналтын журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч “Д” ОНӨҮГ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б\36 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бол хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Байнгын ажлын байр, хөдөлмөрийн гэрээний хугацаа зэрэг эрх зүйн ойлголтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15., 23 дугаар зүйлийн 23.2.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг  зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 139/ШШ2017/00308 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 218/МА2018/00021 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105 856 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН