Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Боржигоны 5-7 тоотод оршин суух, Шинэ шавь овогт Туяагийн Адъяасүрэн /ЗА90110419/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах, ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн  газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 сарын 20-ны өдөр 139/2017/00272/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Адъяасүрэн, хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбаатар, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Т.Адъяасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн авто зам, барилга угсралтын ангийг 2013 онд төгссөн. ‘’Дундговь-Ус’’ ОНАҮГазрын халуун усны галчаар 2015 оны 10 сарын 01-ний тушаалаар томилогдон ажилд орсон. 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орох гэсэн чинь ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий инженер Ч.Баярбат ажиллуулахгүй гэсэн. Гэтэл 2017 оны 06 сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа ав гэж дуудсан. Миний бие ажиллах хугацаандаа алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Тэгээд 2017 оны 06 сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан байсан. Тухайн үед ажлаас халах тушаалыг өгөөгүй. Намайг хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа учир ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргын 2017 оны 06 сарын 02-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Адъяасүрэн нь анх 2015 оны 10 сарын 01-ний өдөр галчийн орон тоонд ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулан улирлын чанартай ажиллуулж байсан. Тухайн жилийн галлагааны болон хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 04 сарын 31-ний өдөр дууссан боловч Т.Адъяасүрэнг зуны засварын 3 усан сангийн барилга шинээр барих ажилд үргэлжлүүлэн ажиллуулаад 2016 оны 10 сарын 01-нд галчаар гэрээ байгуулан ажиллуулсан. Галч Т.Адъяасүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2017 оны 04 сарын 31-ний өдөр дууссан боловч ээлжийн амралтыг олгож, амралтыг дууссаны дараа 06 сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, уг тушаалаа өөрт нь гардуулж өгсөн. Энэ гаргасан тушаал шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байна. Манай байгууллагын хувьд энэ онд хөрөнгө санхүүгийн байдлаас хамааран усан сангийн барилга шинэчлэх ажил хийгдэхгүй, зуны сар ажиллуулах боломжгүй байсан учир гэрээт галч нарыг ажлаас чөлөөлсөн. Т.Адъяасүрэнд 10 сард зууханд галчаар авна гэж хэлж байсан. Манай байгууллага өвөл 2 зуухны 12 галч ажилладаг ба зуны сард чөлөөлж, галлагаа эхлэхээр 10 сарын 01-нээс галчаар гэрээ байгуулан ажиллуулдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Адъяасүрэн нь ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн  газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлж захирал Д.Ганбаатар нь ‘’Туяа овогтой Адъяасүрэн нь анх 2015 оны 10 сарын 01-ний өдөр галчийн орон тоонд ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улирлын чанартай ажиллуулж байсан. ...Галч Т.Адъяасүрэнтэй байгуулсан галчийн хөдөлмөрийн гэрээ 2017 оны 04 сарын 31-ний өдөр дууссан боловч ээлжийн амралтыг олгож, амралт дууссаны дараа 06 сарын 02-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гаргаж өөрт нь гардуулж өгсөн. Гаргасан тушаал шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байна’’ гэж маргажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 2017 оны 04 сарын 31-нд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээг үргэлжүүлэхгүй гэдгээ ажилтан Т.Адъяасүрэнд мэдэгдсэн гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн  газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан ‘’Дундаж цалин хөлс тодорхойлох журам’’-ын 7.а-д зааснаар ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан бөгөөд сүүлийн 3 сарын цалин /2, 3, 4/ 1706152 төгрөг 1 сарын дундаж цалин 568717 төгрөг ажлын 21,5 өдөр, 1 өдөрт 26451 төгрөг, нийт ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 06 сарын 02-ноос 2017 оны 08 сарын 16-ныг хүртэл ажлын 49 хоног, нийт 1296099 төгрөгийг хариуцагч ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагч тус гомдолд төлөх 70200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1296099 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 35656 төгрөг, нийт 105856 төгрөгийг хариуцагчаас гаргуулж төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Шинэ шавь овогт Туяагийн Адъяасүрэн /ЗА90110419/-г ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын зуухны галчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар  ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны олговор 1296099 /нэг сая хоёр зуун ерэн зургаан мянга ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Адъяасүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамж 105856 /нэг зуун таван мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.БАЯРДАВАА