Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2016/05499

 

2016 оны 10 сарын 24 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05499

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энэрэл хотхон, 4 дүгээр байр, 0 тоотод байрлах, Энэрэл-3 Сууц Өмчлөгчдийн Холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энэрэл хотхон, 2 дугаар байр, 3 тоот хаягт оршин суух, Согоо овогт Бүрэнтөгсийн Ундрал /РД: НЫ89032371/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 838.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг, хариуцагч Б.Ундрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэрэл-3 СӨХ нь тухайн сууц өмчлөгч Б.Ундралаас 838,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч Б.Ундрал нь одоо оршин суугаа орон сууцаа худалдан авахдаа 5 сарын СӨХ-ны мөнгө төлөөгүй, өртэй байр худалдан авсан байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж заасны дагуу хариуцагч Б.Ундрал өөрөө хариуцах ёстой. Миний бие Б.Ундралын гаргасан хүсэлтийн дагуу Удирдах Зөвлөлд өмнөх оршин суугчийн өрийн асуудлыг танилцуулсан боловч шийдэгдээгүй байсаар өдийг хүрсэн. Хариуцагч Б.Ундрал нь 2013 оны 9 дүгээр сараас хойш 2014 оны 2 дугаар сар хүртэлх СӨХ-ны төлбөрөө төлж, байгаад түүнээс хойшхи төлбөрөө төлөхөө больсон. Хариуцагч нь тухайн байранд өмнө нь амьдарч байсан оршин суугчийг олж мөнгөө авахыг надаас шаардаж байсан. Би өмнө нь амьдарч байсан оршин суугчийг сураглахад Эрдэнэт хот руу нүүгээд явсан байсан. Б.Ундрал нь Би БНСУ-д явж байна. Очоод СӨХ-ны төлбөрөө төлнө гэж хэлсэн. Энэрэл-3 СӨХ-ны төлбөрөө төлөөгүй хэдэн тооны оршин суугчид асуудал үүсгэж эхэлсэн. СӨХ-нд оршин суугчдаас төлж байгаа үндсэн төлбөр нь 12.600 төгрөг болохыг онцолж, хэлмээр байна. Иргэн хүн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, СӨХ-ны төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байна. 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр 838.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Ундрал шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 8 дугаар сард н.Төмөрчөдөр гэдэг хүнээс уг байрыг худалдаж авсан. Тухайн үед н.Төмөрчөдөр нь байрны төлбөр төлсөн банкны баримт авчирч, өгсөн бөгөөд тухайн үед СӨХ-ны өр байгаагүй. Намайг уг байрыг худалдаж, авсны дараа СӨХ-ны өртэй байна гэсэн. Миний бие н.Төмөрчөдөрийг дуудаж, авчраад Г.Эрдэнэчимэгийн гэрт нь хамт очиж, тэднийг уулзуулаад Энэ хүнтэй мөнгөний тооцоогоо хийгээрэй гэж СӨХ-ны даргад хэлсэн. Би байрны мөнгөө банкаар төлөхөөр манайх хуучин өр нь гарч, ирээд дандаа өртэй яваад байсан. Тиймээс СӨХ-ны кассаар төлбөрөө төлж байсан. Би өмнөх айлын өрийн асуудлаар СӨХ-ны Удирдах Зөвлөлд өргөдөл гаргасан боловч асуудал шийдэгдээгүй. Манайх 2014 оны 4 дүгээр сараас хойш СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. Өөрийнхөө амьдарсан хугацааны төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ нь хариуцагч Б.Ундралаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 838.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хариуцагч Б.Ундрал нь Би уг байрыг 2013 оны 8 сард худалдаж авсан. 131.000 төгрөгийг өртэй байсныг мэдээгүй, би хариуцахгүй. Манайх 2014 оны 4 сараас хойшхи төлбөрийг төлөхөд татгалзахгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй гэж заасан байна. Иймд нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ нь өмчлөгч Б.Ундралаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй  байна.

Хариуцагч нь СӨХ-ны төлбөрийн өртэй байрыг худалдаж авсан гэдгээ мэдээгүй байсан гэх боловч нягтлан шалгах үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул Сууц Өмчлөгчдийн Холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж зааснаар түүний татгалзал үндэслэлгүй байна.

Гэхдээ нэхэмжлэгч нь 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрт 838.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан тул 2013 оны 4 дүгээр сараас 2013 оны 8 дугаар сар хүртэлх 131.000 төгрөгийг шаардах эрх байхгүй байна.

Иймд хариуцагч Б.Ундралаас 2014 оны 4 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сар дуустал хугацааны төлбөрт 707.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж 21.518 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3, 75 дугаар зүйлийн 75.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь заалтуудыг баримтлан Б.Ундралаас дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 707.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Ундралаас 21.518 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.МӨНХЦЭЦЭГ