Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2012

 

ХХХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/05499 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардалд 838 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХ нь тухайн сууц өмчлөгч ХХХ-аас 838 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч ХХХХ нь одоо оршин суугаа орон сууцаа худалдан авахдаа 5 сарын СӨХ-ны мөнгө төлөөгүй, өртэй байр худалдан авсан байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж заасны дагуу хариуцагч ХХХХ өөрөө хариуцах ёстой.

Миний бие ХХХХын гаргасан хүсэлтийн дагуу Удирдах Зөвлөлд өмнөх оршин суугчийн өрийн асуудлыг танилцуулсан боловч шийдэгдээгүй байсаар өдийг хүрсэн. Хариуцагч ХХХХ нь 2013 оны 9 дүгээр сараас хойш 2014 оны 2 дугаар сар хүртэлх СӨХ-ны төлбөрөө төлж байгаад түүнээс хойшхи төлбөрөө төлөхөө больсон. Хариуцагч нь тухайн байранд өмнө нь амьдарч байсан оршин суугчийг олж мөнгөө авахыг надаас шаардаж байсан. Би өмнө нь амьдарч байсан оршин суугчийг сураглахад Эрдэнэт хот руу нүүгээд явсан байсан. ХХХХ нь “...Би БНСУ-д явж байна. Очоод СӨХ-ны төлбөрөө төлнө” гэж хэлсэн. ХХХ-ны төлбөрөө төлөөгүй хэдэн тооны оршин суугчид асуудал үүсгэж эхэлсэн. СӨХ-нд оршин суугчдаас төлж байгаа үндсэн төлбөр нь 12 600 төгрөг болохыг онцолж хэлмээр байна. Оршин суугч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, СӨХ-ны төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байна. 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр 838 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 8 дугаар сард ХХХ гэдэг хүнээс уг байрыг худалдаж авсан. Тухайн үед ХХХ нь байрны төлбөр төлсөн банкны баримт авчирч өгсөн бөгөөд тухайн үед СӨХ-ны өр байгаагүй. Намайг уг байрыг худалдаж авсны дараа СӨХ-ны өртэй байна гэсэн. Миний бие ХХХийг дуудаж авчраад ХХХХХ-ийн гэрт нь хамт очиж, тэднийг уулзуулаад энэ хүнтэй мөнгөний тооцоогоо хийгээрэй гэж СӨХ-ны даргад хэлсэн.

Миний бие байрны мөнгөө банкаар төлөхөөр хуучин өр нь гарч ирээд дандаа өртэй яваад байсан. Тиймээс СӨХ-ны кассаар төлбөрөө төлж байсан. Би өмнөх айлын өрийн асуудлаар СӨХ-ны Удирдах Зөвлөлд өргөдөл гаргасан боловч асуудал шийдэгдээгүй. Манайх 2014 оны 4 дүгээр сараас хойш СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. Өөрийнхөө амьдарсан хугацааны төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3, 75 дугаар зүйлийн 75.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.1,  16.2 дахь заалтуудыг баримтлан ХХХ-аас дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 707 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24 662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ХХХ-аас 25 518 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХ-нд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 148 дугаар зүйлийн 148.2.1, 148.2.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 15 дугаар зүйлийн 15.3, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн хариуцагч бусдын төлбөрөөр үнэгүй үйлчилгээ авч 2 жил, 9 cap нийт оршин суугчдын эрх ашгийг хохироосон. Нийтийн орон сууцны нэг нэгээсээ хамааралтай байдлыг ашиглан төлбөрөө төлөөгүй оршин суугчийг төлбөрөөс чөлөөлж байгаа нь иргэний үүргээ биелүүлэн цаг хугацаандаа төлбөрөө төлж байсан оршин суугчдын эрх ашгийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

СӨХ нь ашгийн төлөө бус байгууллага бөгөөд сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхолыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан “...хөөн хэлэлцэх хугацаа 6 жил” гэсэн заалт үйлчлэх ёстой.

Өртэй оршин суугчид өрөө цайруулах, төлбөрөөс зайлсхийх зорилгоор суугчдын гарын үсгийг хуурамчаар бүрдүүлэн Баянгол дүүргийн засаг дарга ХХХХ-д өгснөөр 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр А/613 тоот захирамж гарсан байдаг. Захирамжийн талаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд “өр төлбөртэй өрхийг шүүхэд нэхэмжлэл гаргах” гүйцэтгэх захирлын эрхийг түр түдгэлзүүлсэн болно. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т “Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд түр зогсооно” гэж заасан байна. Иймд хэрэгт нотлох баримтаар авагдсан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд шинжээч томилон судалж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан 838 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагч ХХХХ нь 2013 оны 4 дүгээр сараас мөн оны 8 дугаар сар хүртэлх, 2014 оны 4 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардал /цаашид СӨХ-ны төлбөр/-ыг төлөөгүй бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу орон сууцыг худалдаж авахаас өмнөх хугацааны төлбөрийг мөн төлөх ёстой гэжээ.

            Хариуцагч ХХХХ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзахдаа орон сууцыг 2014 оны 08 дугаар сард худалдаж авснаас өмнөх хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөх үндэслэлгүй, харин 2014 оны 04 дүгээр сараас хойшхи хугацааны СӨХ-ны төлбөрийг төлнө гэжээ.

            Хариуцагч ХХХХ нь ХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар эмнэлгийн ХХХХХХ байрны ХХ тоот орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх тул  Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар өмчлөлд шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг магадлаж, уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг бүрэн хариуцна. /хх- 21/

            Орон сууцны хэрэглээний төлбөр нэхэмжилсэн Төрийн банкны баримт,  2016 оны 7 дугаар сарын Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр тооцоо зэрэг баримтаар нэхэмжлэгч нь орон сууцны засвар үйлчилгээний төлбөрт 2013 оны 4 дүгээр сараас мөн оны 8 дугаар сар хүртэлх, 2014 оны 4 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 838 000 төгрөг төлөөгүй болох нь тогтоогджээ. /хх 7-11/

            Иймд Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар ХХХ-аас дээрх СӨХ-ны төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэх эрхтэй.  

            Иймд шүүх нэхэмжлэлийн 707 000 төгрөгийн шаардлагыг хангасан нь зөв болно.

            Харин нэхэмжлэгч ХХХ нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс өмнөх хугацааны СӨХ-ны төлбөрт нэхэмжилсэн 131 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасанд нийцсэн байна.

Дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/613 дугаар захирамж гарснаас хойш нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд СӨХ-ны гүйцэтгэх захирлын шүүхэд нэхэмжлэл гаргах эрх түдгэлзсэн байсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж, 131 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч Засаг даргын шийдвэр нь орон сууцны өмчлөгчдөөс хуулийн дагуу төлөх төлбөрийг шаардахтай холбоотой СӨХ-ны эрх, үйл ажиллагааг зогсоосон гэж үзэх үндэслэлгүй, захирамжид энэ тухай заагаагүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/05499 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ