Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1001

 

                         

   2019        12         03                                   2019/ШЦТ/1001                                            

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0388/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн      17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1809034830962 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Шинэ цамхаг” ХХК-д ахлах мужаан ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 83 дугаар гудамж 127 тоотод оршин суудаг гэх, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010.08.19-ний өдрийн №252 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид ял шийтгэгдсэн, мөн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.05.21-ний өдрийн №180 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 capын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн Б.Б /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баярлах “Бүрт” төвд байрлах “Буян билүүт” барьцаалан зээлдүүлэх газарт нэвтэрч, сейфний хаалгыг хөшиж эвдэн 26 иргэний барьцаанд тавьсан 46 нэр төрлийн алт, алтан, мөнгөн, монетон ээмэг, бөгж, гинж, гар утас, мөнгөн аяга, хөөрөг, бэлэн 1.200.000 төгрөг хулгайлсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн;

2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Чимэддаваагийн HTC маркийн гар утсыг утсаар чинь яриад өгье гэж худал хэлж шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б-н шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн: “...хулгайн хэрэг гарахаас өмнө би тэр дэлгүүрээр орж худалдан авалт хийж байсан. Агааржуулагчийн дэргэд гэрлүүд байсан. Тэгээд цагдаад би тэр дэлгүүрээр намайг орсон бичлэгийг хараад шалгаж өгөөч ээ гэж хэлж байсан. Зааланд байгаа кондейшн дээр байсан гарын алганы хээгээр яллаж байгаа. Тэр цонхоор орж гарахдаа татаж гарах боломжгүй. Ганц алганы хээ гарсан хэрвээ татаж гарсан бол хурууны хээ ч байх ёстой байсан. Хулгай  орсон ломбарданд миний хурууны хээ байхгүй байгаа. Хэрэв хулгай хийсэн бол гарахдаа ганцхан бээлийгээ тайлаад гарна гэсэн юм байхгүй. Би хулгайн гэмт хэргийг үйлдээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.  Урьд нь би насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдэж, 3 жилийн хорих ял аваад гарч ирсэн. Дараа нь 6 сар баривчлагдсан... Залилангийн гэмт хэрэг үйлдсэнээ бол хүлээн зөвшөөрч байгаа, хохирол 120.000 төгрөгийг төлнө...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ч.Дуламсүрэн, Ж.Чимэддаваа нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, криминалистикийн шинжээчийн 03/430 дугаартай дүгнэлт зэрэг болно.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 100 айл орчимд байрлах Бүрт төвийн 1 дүгээр давхарт абажур, гэрэлтүүлэг чимэглэлийн бөөний худалдаа эрхэлдэг Сондор дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж  уг дэлгүүр дотор барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Буянбилүүт” ХХК-ийн ломбардны  сейфний хаалгыг хөшиж эвдэн тус ломбарданд нэр бүхий 26 иргэний барьцаанд тавьсан 46 нэр төрлийн алт, алтан, мөнгөн монетон ээмэг, бөгж, гинж, гар утас, мөнгөн аяга, хөөрөг зэрэг үнэт эдлэлүүд болон бэлэн 1.200.000 төгрөг хулгайлж, хохирогч Чулуунбатын Дуламсүрэнд 26.884.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,  мөн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруул тэнгэр-2 хорооллын 57 VIP караокед хохирогч Жанчивын Чимэддаваатай хамт үйлчлүүлж байхдаа түүний HTC маркийн гар утсыг нь “утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж авч залилан 120 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Ж.Чимэддаваагийн мэдүүлэг: …2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Б.Б гэх залуу надтай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Саруул тэнгэр 2” хорооллын “57” гэх караокед уулзахаар болж, бид 18 цагийн үед уулзаад 1 цаг орчим дуулсан ба Б.Б нь пиво захиалаад ирье гээд миний гар утсыг надаас гуйхаар нь би өгөөд явуулсан чинь тэр чигээрээ алга болсон. Тэгээд надтай уулзаагүй холбоо бариагүй бөгөөд миний гар утсыг өгөхгүй алга болсон тул би одоо гомдолтой байна. Надаас гуйгаад утсаар ярих хэрэгтэй байна гээд байсан болохоор би итгээд гар утсаа өгсөн юм. “НТС” маркийн шаргал өнгийн гар утас байсан юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234-236 тал/

Эд зүйлийн үнэлгээ: HTC маркийн гар утас 120.000 төгрөг /2хх-ийн 22-23 тал/

Хохирогч Ч.Дуламсүрэнгийн: “2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 09 цагийн үед “Сондор” гэрэлтүүлэг гэрлийн дэлгүүрийн эзэн гэх Зоригхүү над руу залгаад ломбард чинь хулгай орсон байна гэж хэлэхээр нь сандраад гэрээсээ гараад очсон чинь манай ломбард дотор байсан сейфний хаалгыг хөшиж онгойлгоод дотор байсан барьцааны ...26 хүний эд зүйлс алдагдсан байна. Манай барьцаалан зээлдүүлэх газар 17 хүний эд зүйлийн хохирлыг барагдуулсан байгаа. 9 хүний эд зүйл хугацаа дуусаад хураагдсан тул манай өмч болсон. Нийт манай барьцаалан зээлдүүлэх газар 26.884.900 төгрөгийн хохирлын хэмжээ тогтоогдсон. ...би барьцаанд эд зүйл тавьсан байсан иргэдийн хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо өөрийнхөө хохирлыг хулгай хийсэн хүнээс гаргуулан авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34, 38-39 тал/,

Гэрч О.Мягмардоржийн: “...Надад Б.Б гэх залуу өөрийгөө Баттөр гэж танилцуулж байсан юм. ...2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс засварын ажил яг эхэлсэн. Тэгээд манай гэрийн засварын ажлыг дутуу хийж надад барилгын материалын хохирол учруулаад 2018 оны 8 дугаар сарын сүүл хэсгээр зугтаж алга болсон. Би 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр эхнэр Бэрцэцэг, Б.Б гэх залуугийн хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” төвийн гэрлийн дэлгүүр орж эд зүйл худалдан аваад засвар хийсэн гэртээ очиж буулгаж өгөөд 16 цагийн үед зуслангийн гэр рүүгээ явсан. Б.Б манай гэрт засвар хийгээд хоёр залуугийн хамт үлдсэн. Тэр хэд оройн цагаар хаана юу хийж байсан талаар би мэдэхгүй байна. ...Б.Б нь миний итгэлийг маш их болсон, би Б.Б гэх залууд маш их итгэж байсан. Гэтэл хэлсэн үгэндээ хүрэхгүй нэг ажил хийж дуусгана гэж хэлээд дуусгаагүй байдаг. Би заримдаа гэртээ очиж ажил ямар байдалтай явж байгааг шалгахаар Б.Б байхгүй байдаг. Тэгээд надад ээжийгээ үхсэн гэж хэлээд мөнгө төгрөг авч байсан. ...Надад алга болохынхоо өмнөх өдөр сюрприз барина гэж хэлээд үлдсэн ба маргааш нь очиход багаж хэрэгслээ аваад алга болсон байсан. ...Надад анх Б.Б манай гэрийн засварыг 10 хоногийн дотор хийж дуусгана гэж хэлсэн боловч сар гаран хийж байгаад дуусгалгүй алга болсон. Миний бодлоор өдөр шөнөгүй хийсэн бол 10 хоногтоо дуусгах байсан бөгөөд хаана юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй байсан. Нэг өдөр гэртээ очсон чинь тэр гурав унтаж байсан бөгөөд заримдаа архи уусан байдалтай байдаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 239-242 тал/,

Гэрч А.Мөнхжингийн: “...Б.Б шөнийн цагаар ажил хийдэг сонин зуршилтай ажил хийдэг Б.Б шөнө ажил хийгээд өглөө бид хоёрыг босоход хийнэ гэсэн ажлаа бага зэрэг хийсэн байдаг байсан. ...Би 2018 оны 7 дугаар сараас Б.Быг мэдэж эхэлсэн. Сайнбаяр бид хоёрын ажлын хөлс болох 1.500.000 төгрөг өгөөгүй алга болсон. ...Анх Б.Б бид хоёрт ах нь баян, мөнгө төгрөг олдог санаа зоволтгүй, ажлын хөлсийг нь хангалттай өгнө гэж байсан боловч худлаа хэлээд алга болсон...” гэх мэдүүлэг /2хх-ийн 2-4 тал/,  

Эд зүйлийн үнэлгээ 46 нэр төрлийн эд зүйлийн үнэлгээ 26.884.900 төгрөг /1-р хх-ийн 103-104 тал/,

Криминалистикийн шинжээчийн 03/430 дугаартай дүгнэлтэд: 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах барьцаалан зээлдэх газраас эд зүйлс алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр шинжээч, цагдаагийн дэслэгч Ө.Цэвээндоржийн илрүүлж бэхжүүлсэн 2,5,6,7 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 7 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь папилон санд MN000610006208, MN000410006757, MN0000ШШГ03286, MN000510004661, MN005210003359, MN000210020578, МN0000СБД00512 гэсэн дугаараар тус тус бүртгэгдсэн Баатарсүрэнгийн Б.Бын зүүн гарын алганы дардастай тохирч байна. 2, 5, 6 гэж дугаарласан гарын мөрүүд нь нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардсууд болон холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ. /1-р хх-ийн 75-76 тал/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл: “Сүхбаатар дүүргийн 10-р хороо, “Бүрт” төвийн 1-р давхарт байрлах “Сондор” гэрлийн дэлгүүр дотор баруун хананд байрлах вакум цонхоор яллагдагч Б.Б гарах боломжтой боломжгүйг тогтоох зорилгоор цонхны наад талын хана хийсэн хавтанг авч вакум цонхыг хэмжиж үзэхэд 160*140 см хэмжээтэй вакум цонх байх бөгөөд баруун тал 40*160 хэмжээтэй салхивч хэсэг байрлах ба уг салхивч хэсгээр хулгайч орж ирсэн гэх бөгөөд вакум цонхны салхивчаар Б.Б гарах, орох бүрэн боломжтой байва. Вакум цонхны гадна хаалт ришортик гарч, орох боломжтой байх бөгөөд эвдсэн хэсэг 44*70 хэмжээтэй байна. Вакум цонхоор орж ирсэн хүн хөргөх төхөөрөмж хэсэгт хүрэх боломжтой, боломжгүйг тогтоох боломжгүй байна. Уг хөргөгч төхөөрөмж хулгайч орж ирэх хэсэгт байрлаж байна.” /2хх-ийн 156-157 тал/ зэрэг нотлох баримтуудаар болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь бусдын орон байранд нэвтэрч хулгай хийгээгүй гэж мэдүүлдэг, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтуяа нь уг үйлдэл нотлогдож тогтоогдохгүй байна гэж өмгөөлөл явуулж байгаа боловч хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг болон мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн тэмдэглэл, криминалистикийн шинжээчийн дүгнэлт зэргээс харахад шүүгдэгч  Б.Б нь үйл ажиллагаа явуулах зориулалттай, цонхны төмөр сараалжин хамгаалалттай, камертай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх бүрэн боломжтой байна.

Тухайн хэрэг гарсан гэх Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Бүрт” төв доторх агааржуулагч дээрээс илэрсэн гарын мөр нь Б.Бын зүүн гарын алганы хээний дардастай хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байгаа бөгөөд шүүгдэгч Б.Б нь “хэрэг болдог гэх өдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр засвар хийлгэсэн Б.Бэрцэцэг, О.Мягмардорж нартай цуг явж, тухайн дэлгүүрээс гэрэл, абажур авсан” гэж мэдүүлдэг боловч энэ нь бусад байдлаар нотлогдохгүй, тухайн үед агааржуулагч дээр ямар байдлаар хүрсэн байж болох нь мөн тодорхойгүй байна. Харин вакум цонхыг онгойлгож дотогш орох үед агааржуулагч дээр хүрсэн байх бүрэн боломжтойн дээр энэ нь бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул Б.Быг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бын бусдыг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Бын хувьд өөрийн хүч хөдөлмөрөөр бус бусдын эд хөрөнгийг хулгайлж ашиг хонжоо, мөнгө олж, амар хялбараар амьдрах гэсэн шунахай зан  байдал нөлөөлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Бад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт өгч байгаа гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Хохирол төлбөрийн хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 26.884.900 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Дуламсүрэнд, 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Чимэддаваад тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэтуяа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.

 

Шүүгдэгч Б.Бын хувьд үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдыг залилах гэмт хэргүүдийг үйлдсэн бөгөөд хохирол төлбөрөө төлөөгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдыг эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар    1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биеэр эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н урьдчилан цагдан хоригдсон 229 /хоёр зуун хорин ес/  хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-с 26.884.900 /хорин зургаан сая найман зуун наян дөрвөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Дуламсүрэн                  /РД: ХМ51072160/-д, 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ж.Чимэддаваа /РД:ЗЕ90120300/-д тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР