Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2019/0527/з |
Дугаар | 221/МА2020/0559 |
Огноо | 2020-10-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2020/0559
“У х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 353 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “У х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 353 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “У х б” ХХК-г төлөөлж Гүйцэтгэх захирал А.Э-ээс гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудал, Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн”-д байршилтай 12604,1 м2 газраас Улаанбаатар хотын банкны эзэмшлийн 10800 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... НИТХТ-ийн 2009 оны 114 дүгээр тогтоолын хавсралтын 7-д заасан Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт хүрээлэн бүхий талбай /1,2га/-д нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкны маргаж буй газар багтсан гэдэг нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар огт тогтоогдохгүй байхад шүүгч хэт нэг талыг барьж, дээрх тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь тус тогтоолд дурдсан газарт нэхэмжлэгчийн маргаж буй газар багтаж байгаа нь тодорхойгүй, хэмжээний хувьд маргаан бүхий газраас зөрүүтэй, мөн цэгүүдийг тэмдэглээгүй зэрэг нөхцөл байдал байсаар байхад шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулалгүй шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3-т заасныг тус тус зөрчиж гаргасан шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн “нэхэмжлэгч уг тогтоолтой маргаагүй” гэж анхан шатны шүүх ор үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Хэрэв 114 дүгээр тогтоолыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох гэж байгаа бол нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасанд нийцсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын банкинд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан байхад анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар газар эзэмших эрх олж авсан боловч энэ хугацаанаас хойш зориулалтын дагуу ашиглаагүй” гэж нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар, хууль зүйн үндэслэлгүй тайлбар хийсэн. Тус захирамжийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А/463 дугаар захирамж гарснаар хүчингүй болгосон тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.7-д заасны дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хугацааг 2014 оноос биш, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон 2017 оноос тоолно. Тухайн газраа 2 жилээс дээш хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх нөхцөл байдал үүсээгүй болно. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй байж, эрхээр хангасан гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч талаас өмгөөлөгч авах хүсэлтийг шүүхэд өмнө нь гаргаж байгаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Өмгөөлөгч авах гэдэг хэргийн оролцогчийн эрх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхэн үед өмгөөлөгч авсан байх ёстой талаар хуульд үүрэгжүүлээгүй, мөн өмгөөлөгч авах хүсэлтийг заавал хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд шүүх хуралдаан дээр гаргах ёстой талаар хуульчлаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “У х б” ХХК нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудал, Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн”-д байршилтай 12604,1 м2 газраас Улаанбаатар хотын банкны эзэмшлийн 10800 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг тус тус баримтлан “эзэмшил, ашиглалтад олгохыг хориглосон байршилд газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээ олгосон, газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр “У х б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Анхан шатны шүүхийн Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн зарим үндэслэл зөв боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож тайлбарласан, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэл тогтоогдсон эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй байжээ. Тодруулбал,
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг газар эзэмших эрхийг хадгалах хуулиар тогтоосон нөхцөл, болзлыг газар эзэмшигч биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгоно гэж ойлгох бол, хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг анхнаасаа хууль тогтоомж зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, тухайлбал маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх олгосон захирамж хууль бусаар гарсан гэж үзвэл уг захирамжийг хүчингүй болгоход хэрэглэнэ.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын А/572 дугаар захирамжид хамт байх боломжгүй дээрх хуулийн зохицуулалтуудыг болон үндэслэлийг хамт баримталсан нь ойлгомжгүй, өөр хоорондоо уялдаа холбоогүй байх боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон, нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх олгосон захирамжийг бус газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон зэрэгт дүгнэлт хийвэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар “У х б” ХХК-ийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноор нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн гэж үзэх бөгөөд хуулиар тогтоосон хугацаанд “Орчны тохижилттой олон давхар газар доорх гараж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах” зориулалтаар газраа ашиглаагүй нь нийтэд илэрхий, нотлох шаардлагагүй, нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн үйл баримт байх тул Нийслэлийн Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч нараас гаргасан “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хугацааг 2014 оноос биш, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон 2017 оноос тоолно, тухайн газраа 2 жилээс дээш хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал үүсээгүй” гэх гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэснээс хойш өмгөөлөгч авах хангалттай хугацаа байсан төдийгүй хэрэгт авагдсан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын итгэмжлэлээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал нь тус компанийн Хуулийн газрын Эрх зүйн хэрэгжилт, хяналтын хэлтсийн захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа нь тус хэлтсийн хуульч байх тул өмгөөлөгч авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэж үзэх боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй.
Иймд “өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Тодруулбал, газар эзэмших эрхийн харилцаанаас үүссэн маргаанд Газрын тухай хуулийг илүү нарийвчилсан зохицуулалт агуулсан гэж үзэх бөгөөд ерөнхий зохицуулалт агуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх шаардлагагүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудал, Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн”-д байршилтай 12604,1 м2 газраас Улаанбаатар хотын банкны эзэмшлийн 10800 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээ дэмжиж үндэслэл заан маргаагүй байх тул энэ талаар тус шүүх дүгнэлт хийгээгүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 353 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д” гэснийг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН