Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 280

 

Н.Цэдэнпүрэвт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,                    

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганчимэгийн өмгөөлөгч Ц.Майбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Даваахүү, Б.Шаравжамц,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 563 дугаар магадлалтай, 201524000857 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Цэдэнпүрэв, түүний өмгөөлөгч Ц.Даваахүү, Б.Шаравжамц нарын гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1952 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Пугануйч овогт Нэнжвандангийн Цэдэнпүрэв нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон, бусдад хүнд, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар Н.Цэдэнпүрэвийг тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөнөөс хоёр хүний амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтлийг учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 7 жил 6 сарын хорих ялыг оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Цэдэнпүрэв, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Шаравжамц нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнбилэг, өмгөөлөгч Ц.Майбаяр, Ц.Даваахүү, Б.Шаравжамц нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Цэдэнпүрэв хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний буруутай үйлдлээс болж олон цэрэг гэмтэж, амь насаа алдсан гэдэг байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсанд гомдолтой байна. Анхнаасаа мөрдөн байцаалтын ажиллагаа хэтэрхий нэг талыг барьж, миний эрх зүйн байдлыг дордуулсан. “Зил-131” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Баянзул нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд уг осол гарах үед эрхээ хасуулсан байсан. Энэхүү тээврийн хэрэгслийг “Д” ангиллын жолооны үнэмлэхтэй, туршлагатай мэргэшсэн жолооч жолоодох байтал туршлагагүй жолооч жолоодсоноос зам тээврийн осол гарсан болох нь тодорхой байхад хуулийн дагуу ямар ч арга хэмжээ аваагүйд туйлын гомдолтой байна. “Зил-131” загварын 20-65 ЦАБ улсын дугаартай машиныг би мөргөөгүй, олон цэрэг тээвэрлэж явсныг дарга нар мэдсээр байж, мэргэжлийн ур чадвартай, мэргэшсэн жолоочоор жолоодуулсан  бол зам тээврийн осол гарахгүй, уг осол гарахаас өмнө шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг алдалгүй, түргэн шуурхай авч чадсан бол энэ их гарц хохирол, нөхөж баршгүй хүний амь нас эрсэдсэн асуудал гарахгүй байсан.

н.Ганболд нь “уг осол болсон газар саарал өнгийн “Соната-6” загварын,  машин байхгүй байсан” гэж хэлээрэй, хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөн байцаагч чинь нас барчихсан гэж хэлсэн. Миний машинд зорчиж явсан гэрч н.Сугаржавын болсон бүх явдлыг гэрчилсэн үнэн зөв мэдүүлгийг хавтаст хэргээс зориуд устгасан. Гэрч Г.Бямбажав нь “цагаан өнгийн “Соната-6” загварын машин байсан” гэж худал мэдүүлэг өгсөн. Энэ гэрч болсон явдлыг зохион байгуулалттай худал мэдүүлсэн. Харин гэрч Ц.Мягмаржав нь саарал өнгийн Булган аймгийн дугаартай, “Соната-6” загварын машин байсан талаар үнэн зөвөөр мэдүүлдэг.

Иймд буруутай этгээдэд тохирох хариуцлага хүлээлгэж, хэргийг үнэн зөв хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.     

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг зөв тогтооход хамгийн чухал ач холбогдолтой нотлох баримт болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургийг бэхжүүлж авахдаа Н.Цэдэнпүрэвт танилцуулаагүй, осол болсноос хойш 7 сарын дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гарын үсэг зуруулсан /хх 11/. Дээрх нотлох баримтууд хоорондоо илт зөрүүтэй байхад хоёр машин мөргөлдсөн А цэгийг үндэслэлгүй авч, эдгээр баримтуудыг үндэслэлтэй болгохын тулд 2 дахь хэргийн газрын үзлэгийг өвлийн улиралд прокурор болон талуудыг оролцуулахгүйгээр хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Хууль зөрчиж хийсэн баримтуудыг үндэслэж техникийн шинжээчийн дүгнэлтүүдийг гаргаж, уг баримтаар Н.Цэдэнпүрэвт ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Н.Цэдэнпүрэвийн жолоодож явсан машинтай мөргөлдсөн машины жолооч Д.Баянзул нь 3 дугаар хавтаст өгсөн мэдүүлэгтээ  20-63 ЦАБ улсын дугаартай машинтай сургуульд гарсан боловч тэр нь эвдэрсэн тул 20-65 ЦАБ улсын дугаартай машинаар гарсан гэж мэдүүлдэг. Эдгээр байдлаас дүгнэлт хийхэд тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргаагүй, жолооч Д.Баянзул нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Фото зургийн үзүүлэлт, зорчигч нарын мэдүүлгээс үзэхэд сандал дээр сууж явсан нэг ч хүн байхгүй, зориулалтын сандалгүй машин байсан нь тодорхой байна. Мөн Цэргийн ангийн албан тушаалтнууд болох Л.Даваажаргал, ахмад н.Мэндбилэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар шалгах тогтоол үйлдсэн атлаа энэ ажиллагааг огт хийгээгүй байдаг /1-р хавтас 2, 3/. Хэргийн газрын схем зургаас харахад Д.Баянзулын жолоодож явсан машины тоормозны мөр зорчих хэсэг дээр байхгүй, машин замаас гарч  42.6 метр яваад онхолдож хүмүүс нас барж гэмтсэн, зорчих хэсгээс гарах үйлдлийг Д.Баянзул хийсэн гэдэг нь хангалттай тогтоогдсон. ”Зил-131” загварын машины эвдрэл хоёр машин шүргэлцэх үед үүсээгүй, замаас гарч 42.6 метр явсны дараа онхолдох үед үүссэн. Хэрвээ шүргэлцэх үед үүссэн бол “Зил-131” загварын машин тэр дороо онхолдох байсан. Энэ бүхнээс үзэхэд мөрдөн байцаалтын ажиллагаа, прокурорын хяналт хэт нэг талыг барьж, хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаагүй. Цэргийн ангийн албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2, 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байхад шалгаагүй. Жолооч Д.Баянзул нь Замын хөдөлгөөний дүрмийн 21.3, 21.5, 21.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь осолд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийн газрын үзлэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хийлгэсний дараа цэрэг, цагдаагийн биш хөндлөнгийн байгууллагын шинжлэх ухааны эрдэмтэн, профессорын багаар дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна...” гэв.       

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Шаравжамц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хууль буруу тайлбарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.11 дэх хэсгийг зөрчсөн, өөрөөр хэлбэл тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Д.Баянзулыг зөвхөн автомашин жолоодох, эрхийн үнэмлэхээ биедээ авч яваагүй нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 21.3 дахь хэсгийг зөрчсөн, жолооны эрхээ хасуулсан, “В” ангилалтай байсан зэрэг нь уг зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэжээ. Гэтэл зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн эзэмшлийн 20-65 ЦАБ улсын дугаартай “Зил-131” загварын, автомашиныг жолоодож явсан Д.Баянзул нь мөн Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Түүнчлэн ангийн захирагч буюу сургалт хариуцсан хурандаа Б.Дамба, орлогч хошууч П.Дэлгэрмөрөн нар гэм буруутай болох нь хэрэгт авагдсан гэрч Г.Бямбажав, иргэний нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөн, Г.Гантулга нарын мэдүүлэг болон тээвэрлэгдэж явсан 20 гаруй албан хаагчийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

 Мөн Батлан хамгаалах яамны сайдын 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн А/244 тоот тушаалаар “Цэргийн тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалт зохион байгуулах журам” батлагдсан бөгөөд энэхүү журам нь гурван зэрэглэлтэй ба уг цуваа нь 3 дугаар зэрэглэлд хамаарна. Энэ журмын 5 дугаар хэсэгт  “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” гэж заасан байдаг. Уг журмын 5.1 дэх хэсэгт “Зэвсэгт хүчний хяналт, шалгалт, үнэлгээний газрын Автотехникийн хяналтын алба хамгаалуулагчийг тээврийн хэрэгслээр зорчих үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцан зохион байгуулна”, 5.2 дахь хэсэгт “Хамгаалуулагч тээврийн хэрэгслээр зорчих үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс Төрийн тусгай хамгаалалтын газартай харилцан тохиролцсоны үндсэн дээр шаардлагатай тохиолдолд нийслэлд Замын цагдаагийн газар, орон нутагт тухайн аймгийн Цагдаагийн газар, хэлтэс хөтөч автомашин ажиллуулна”, 4.2 дахь хэсэгт “Зэвсэгт хүчний Хяналт шалгалт үнэлгээний газрын автотехникийн хяналтын албанаас ... Хамгаалалт зохион байгуулах тухай шийдвэрийг хамгаалалт явуулах маршрут, хөтөлбөр, бүдүүвчийн хамт Зэвсэгт хүчний хяналт шалгалт, үнэлгээний газрын Автотехникийн хяналтын албанд 2 хоногийн өмнө урьдчилан хүргүүлнэ”, мөн Зэвсэгт хүчний дотоод албаны дүрмийн “...Цуваа гэж ойрын гэрлээ асааж зохион байгуулалтай цуварч яваа гурав буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно. Цувааг тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл хамгаалан явна. Цувааны эхний болон сүүлийн автомашины дээр харагдахуйц байдлаар цуваа гэж бичсэн байна” гэснийг тус тус зөрчсөн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Тэнхлэгийн дугуй хоорондын зай 140 см орчим, дугуйн өргөн 18 см байгаа нь бага оврын ачааны болон суудлын автомашин байж болно” гэх 4276 тоот дүгнэлт /хх 8-9/, хэрэг учралын газарт үүссэн тоормозны ил мөрийг мөн машины дугуйгаар үүссэн болохыг тогтоох зорилгоор үзлэг хийж “Соната-6” загварын автомашины мөр болохыг тогтоосон материал /хх 204/, шинжээчийн “... “Зил-131”, “Mitsubishi I200” загварын, автомашинуудын зогсоох арга хэмжээ авсныг нотлох баримт тогтоогдохгүй байна” гэсэн 4301 тоот дүгнэлт байна. Эдгээрээс үзэхэд “Зил-131” загварын автомашины жолооч Д.Баянзул нь “Д” ангилалгүйгээр том оврын тусгай зориулалтын автомашин жолоодсон, ард яваа “Соната 6” загварын, автомашинаас өмнө урдаас ирж яваа тээврийн хэрэгслийг харсан мөртлөө жолоодож явсан автомашинаа зогсоох арга хэмжээ аваагүй, “Д” ангиллын автомашин жолоодох эрхгүй хүнээр тусгай зориулалтын автомашин жолоодуулж, ингэхдээ үнэмлэх бичиг баримтыг шалгаагүй байна.

Тухайн үед ангийн захирагчаар ажиллаж байсан Т.Түмэндэмбэрэл, хээрийн сургуулалтыг хариуцаж явсан хурандаа Б.Дамба, орлогч хошууч П.Дэлгэрмөрөн, авто хуягт техникийн офицер Б.Бат-Эрдэнэ нарын үүрэгт ажилдаа хайнга, хариуцлагагүй хандаж жолооч Д.Баянзулыг Замын хөдөлгөөний дүрмийн 21.3, 21.5, 21.7 дахь хэсгийг зөрчиж “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, дадлага туршлагагүй, тогтоосон хэмжээнээс илүү хүн тээвэрлэж явсан, хүн тээвэрлэхэд зориулсан тоноглолгүй тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэсэн, Зэвсэгт хүчний жанжин штабын автомашинаар цуваагаар явах дүрэм журмыг зөрчсөн, Зэвсэгт хүчний дотоод албаны дүрмийг ноцтой зөрчсөн Б.Дамба, хошууч П.Дэлгэрмөрөн, ангийн захирагч Ч.Түмэндэмбэрэл нарын албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Хэргийн материалыг судалж үзэхэд хавтаст хэргийн материалд байгаа хэргийн газарт хийсэн үзлэгээс мөргөлдсөн 2 машины эвдрэлүүд нь 2 машин шүргэлцэх үед үүссэн эвдрэлүүд байх ба энэ нь шинжээчийн үзлэгээр бүрэн нотлогддог. Харин “Зил-131” загварын машины жолооч Д.Баянзул 2 машин анх мөргөлдсөн А цэгээс зогсоох арга хэмжээ авалгүйгээр 42 метр газар зам туулж баруун гар тийш дарж онхолдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогддог. Зам тээврийн ослын улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт үйлдэл буюу хоёр хүний амь нас үрэгдэж, хорин хүн хүнд болон хөнгөн гэмтсэн үйлдлийн шууд шалтгаант холбоо нь хэргийн газрын А цэгээс 42 метр зам туулсны дараа машиныг замын баруун гар тал руу дарж онхолдуулсан нь Д.Баянзулын мэргэжлийн ур чадваргүй, буруутай үйл ажиллагаанаас болж учирсан байх тул түүнд Эрүүгийн хариуцлага оногдуулах нь зайлшгүй байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Шүүх гэм буруутай этгээдүүдэд хууль буруу тайлбарлах аргаар ял завших боломжийг олгосон. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тохирох зүйл хэсэг заалт бүрээр нь нэг бүрчлэн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалтыг зөрчиж гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганчимэгийн өмгөөлөгч Ц.Майбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн Н.Цэдэнпүрэвт холбогдох хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Цэдэнпүрэв нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 52-ын давааны урд замд “Mitsubishi-L 200” загварын 71-05 СЭА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам, Замын Хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Баянзулын жолоодож явсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн эзэмшлийн “Зил-131” загварын 20-65 ЦАБ улсын дугаартай автомашиныг мөргөж зорчигч Г.Мөнх-Оргил, Б.Ариунбат нарын амь нас хохирч, Б.Далхжав, Ц.Баттөмөр нарын биед хүнд, С.Одсүрэнгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Н.Цэдэнпүрэвт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүхээс Н.Цэдэнпүрэвийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөнөөс хоёр хүний амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтлийг учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 7 жил 6 сарын хорих ялыг оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх боломжгүй тул шүүгдэгч Н.Цэдэнпүрэв, түүний өмгөөлөгч Ц.Даваахүү, Б.Шаравжамц нарын гаргасан “Цэргийн ангийн удирдлага нарыг эрүүгийн хариуцлагад татах, хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэж, хөндлөнгийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, Д.Баянзулд хариуцлага тооцох” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 563 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Цэдэнпүрэв, түүний өмгөөлөгч Ц.Даваахүү, Б.Шаравжамц нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ

                                    ШҮҮГЧ                                                   Б.БАТЦЭРЭН

                                    ШҮҮГЧ                                                   Ч.ХОСБАЯР