Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00307

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01266 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2225 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Б-, М-д холбогдох,

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, хууль бус мэдээллийг няцаалгах, эдийн бус гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранбулаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн захирал Ч.Б-ийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ч.Б- нь ажлаас чөлөөлсөн тушаалтай танилцсан тэр оройдоо буюу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн оройн 20 цагийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн дундуур Олон нийтийн радио телевизийн тухай хууль болон байгууллагын дотоод дүрэм, журмыг ноцтой зөрчиж, байгууллагын болон хамтран ажиллаж байгаа байгууллага, компаниудын нэр төр, иргэн Ц.О-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, хэт нэг талыг барьсан, тэнцвэргүй, мэдээллийн үнэн зөвийг шалгаж, нягтлаагүй, баримт нотолгоогүй, илт худал мэдээллийг улс орон даяар цацсанд гомдолтой байна. Иймд Ц.О-ийн нэр төр, алдар хүндийг сэргээж, хууль бус мэдээллийг няцааж өгнө үү.

...Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч МҮОНРТ-ээс эдийн бус гэм хорын хохиролд 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх мэдээллийг цацсан нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмуудыг ноцтой зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан байна гэж Монголын хэвлэл мэдээллийн зохицуулах дээд байгууллага Хэвлэл мэдээллийн зөвлөлийн радио, телевизийн ёс зүйн хорооноос дүгнэж шийдвэрлэсэн. Улмаар гарсан зөрчлийн талаар олон нийтэд мэдээллэх, алдаагаа засахыг зөвлөмж болгон хүргүүлсэн боловч уг шийдвэрийг МҮОНРТ-ийн Монголын мэдээ суваг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Олон нийтэд цацсан уг мэдээлэлтэй холбогдуулан Ц.О-ийг Улсын Их Хурлын төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний аудитын ерөнхий газар зэрэг байгууллагаас хэдэн cap шалгаж, ажил үүргээ хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдлаас Ц.О-ь өөрийн хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Улмаар түүний хамаатан садан, найз нөхөд, танилууд нь түүнийг үнэлэх үнэлэмж буурсан. Энэ мэдээллийг Зууны мэдээ сонин, Өдрийн сонин, Үндэсний шуудан сонин зэрэг өдөр тутмын сонин хэвлэлд хариуцагч Ч.Б- нийтлүүлсэн. Зууны мэдээ сонин, Үндэсний шуудан сонин нь өдөрт 5000-6000 хувь хэвлэгддэг бөгөөд нэг бүрийн үнэ 500 төгрөг, МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрт нэг удаа оролцоход 2 000 000 төгрөг, 1 минут нь 1 000 000 төгрөгийн тарифтай. Иймд эдийн бус гэм хорын хохиролд 10 000 000 төгрөгийг хариуцагч МҮОНРТ-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн мэдээгээр Ц.О-ийн МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдохдоо хууль зөрчсөн тухай болон ерөнхий захирлаар ажиллаж байх үедээ удаа дараа хууль тогтоомж зөрчсөн, хууль бус шийдвэрүүд гаргасан тухай мэдээлэл цацагдсан. Би уг асуудлыг гаргаж тавиагүй бөгөөд МҮОНРТ-ийн 179 ажилтны гарын үсэг зурсан шаардлага 2016 оны 5, 6 дугаар сарын үеэс яригдаж байсан бөгөөд МҮОНРТ-ийн удирдлагууд төдийлөн анхаарахгүй байсан учир ажиллагсдын түр хороо энэ мэдээллийг МҮОНРТ-ээр олон нийтэд мэдээллэх, хэрэв энэ шаардлагыг хүлээн авахгүй бол хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд хүргэнэ гэдэг шаардлагыг надад тавьсан. Иймээс би байгууллагын эрх ашгийн үүднээс МҮОНРТ-ийн ажилтан, ажиллагсдын шаардлагыг Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр оруулах зөвшөөрлийг олгосон. МҮОНРТ-ийн ажилчдаас Ц.О-ийн талаар гаргасан ...МҮОНРТ бол төсвийн дэмжлэг болон олон нийтээс хураамж авч санхүүждэг байгууллага. Энэ байгууллагын эд хөрөнгө үнэгүйдэх, хөрөнгө мөнгө буруу зарцуулагдах, 1 жил 8 сарын хугацаанд 5 удаа бүтцийн өөрчлөлт хийж, бодлогын алдаа гаргаж жирийн уран бүтээлчдийн ажиллах орчинг доройтуулсан... гэх агуулга бүхий мэдээлэл нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа.

Иймд би Ц.О-ийн гаргаж буй нэхэмжлэлийг хариуцах ёсгүй, түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй тул түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн мэдээгээр Ц.О-ь нь МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх үедээ удаа дараа холбогдох хууль тогтоомж зөрчиж, хууль бус шийдвэрүүд гаргасан тухай мэдээлэл цацагдсан болно. Уг мэдээлэлд дурдсан асуудлыг манай байгууллагаас гаргаж тавиагүй бөгөөд МҮОНРТ-ийн түр хорооноос уг мэдээллийг олон нийтэд хүргэх шаардлага тавьсаны дагуу Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр ...Ц.О-ь нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа удаа дараа холбогдох хууль тогтоомж зөрчиж, хууль бус шийдвэрүүд гаргасан тухай МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хандсан шаардлага цацагдсан байдаг. Гэвч манай байгууллага нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг цацаагүй болно. МҮОНРТ-ийн ажиллагсдын түр хорооноос гаргасан шаардлагад дурдсан мэдээлэл нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт болон Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийн 3, 4, 6, 10-д заасан дүгнэлт болон бусад заалтуудаар тогтоогдсон.

Иймд бодит эх сурвалжтай, тухайн дурдсан мэдээллүүд нь бодит байдалд нийцсэн үнэн зөв болох нь төрийн эрх бүхий байгууллагуудаас хийсэн шалгалтаар тогтоогдсон тул Ц.О-иас манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01266 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 21.9, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан Ц.О-ийн нэхэмжлэлтэй, Ч.Б-, М-д холбогдох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, хууль бус мэдээллийг няцаалгах, эдийн бус гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70 200, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2225 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01266 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.О-иас төлсөн 70 200 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Ц.О-ь МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа удаа дараа хууль тогтоомж зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасан тухай мэдээлэл 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр МҮОНРТ-ийн 20.00 цагийн хүрц мэдээллийн хөтөлбөрөөр “шуурхай мэдээлэл” нэртэйгээр, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” зэрэг өдөр тутмын хэвлэл, мздээллийн хэрэгслээр цацагдсан байдаг. Ц.О-ь нь эдгээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр МҮОНРТ-ийн цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр гарсан “Шуурхай мэдээлэл” гэх мэдээлэлтэй холбогдуулж тухайн үед MVOHPT-ийн “Монголын мэдээ суваг”-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Б- болон МҮОНРТ-ийг хариуцагчаар дурдаж, нэхэмжлэл гаргасан байдаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хэнд холбогдуулж, хаанаас гаргасан, ямар мэдээлэлд үндэслэж нэхэмжлэл гаргасан болохыг тодруулж, уг нэхэмжлэлийн шаардлага, түүнд холбогдох тайлбар, бусад нотлох баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх уг нөхцөл байдлыг зөвөөр үнэлж дүгнэлгүй “...нэхэмжлэгч нь МҮОНРТ-ийн Цагийн хүрд хөтөлбөрөөр гарсан мэдээлэл, Үндэсний шуудан, Зууны мэдээ, өдрийн сонинд хэвлэгдсэн нийтлэл зэргийг алинтай нь холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болох дээрх мэдээ, нийтлэлд бичигдсэн зүйлийн агуулга адил эсэх, аль хэвлэл мэдээллийн гарсан мэдээ, нийтлэлд бичигдсэн зүйлүүд иь хариуцагчид хамааралтай зэрэгт дүгнэлт хийгээгүй буруутай...”   гэж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад нийцээгүй, илт үндэслэл муутай болсон гэж үзэж байна.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрпэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалсан бөгөөд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн CD бичлэг нь цаасан хэлбэрээр гаргаж өгсөн хуулбартай дүйцэж байгааг тогтоож үзлэг хийсэн тул шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хэргийн оролцогч нар бичлэгийг сонсох шаардлагагүй талаар хүсэлтээ илэрхийлсний дагуу Цагийн хурд хөтөлбөрийн дундуур нэвтрүүлсэн бичлэгийн бичвэрийг шинжлэн судалсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлээ “...Цагийн хүрд хөтөлбөртэй холбоотой CD бичлэгт 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийж, тэмдэглэл хөтлөн бэхжүүлэн авсан байх боловч мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлуулаагүй буюу уншиж сонсгох ажиллагааг хийгээгүй...” гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтуудыг хангалттай гаргаж өгсөн болно. Гэтэл давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж “...МҮОНРТ-ийн ерөнхий захиралтай холбоотой зөрчлүүд нь хэдий үед гарсан болох, нэхэмжлэгч Ц.О-ийн ажиллаж байх үед үүссэн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд хариуцагч ...өөрийн буруугүй гэдгээ нотлох үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй...” гэж шийдвэрлэсэн нь шүүх уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадсан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна.

Иймд дурдсан тайлбар, үндэслэлүүдийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн 2225 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.О-ь нь Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Монголын мэдээ сувгийн захирал Ч.Б-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлд 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр илт худал мэдээлэл цацсан гэж нэхэмжлэлдээ дурджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хамтран хариуцагчаар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийг татах хүсэлт гаргасныг шүүх хангаж,  уг хэрэг хоёр хариуцагчтай болсон байна.   

Нэхэмжлэгч Ц.О-ь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээс гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Ч.Б- болон Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз дээрх шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзан мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.О-ь нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Шуурхай мэдээ, Зууны мэдээ, Өдрийн сонин, Үндэсний шуудан зэрэг сонинд “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр цацагдсан мэдээллийг нийтлүүлсэн талаар дурдсан боловч эдгээр сонины газар, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хариуцагчаар татаагүй, шаардлагаа өөрчлөөгүй байхад давж заалдах шатны шүүх “Цагийн хүрд” хөтөлбөр, сонинд хэвлэгдсэн нийтлэлийн алинтай нь холбогдуулж нэхэмжлэл гаргасныг тодруулаагүй нь буруу гэх дүгнэлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх “Цагийн хүрд” хөтөлбөрийн тухайн маргаанд холбоотой хэсгийн CD бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлийг анхан шатны шүүх хуралдааны үед шинжлэн судлаагүй гэж үзсэн нь бодит байдалд нийцээгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалсан, хэргийн оролцогчдын хүсэлтээр зарим нотлох баримтыг тусгайлан судалсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байна.

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтэд тусгагдсан зөрчил дутагдлууд нэхэмжлэгч Ц.О-ьд хамааралтай эсэх нь тодорхойгүй гэж давж заалдах шатны шүүх үзжээ. Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтийг хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ нотлох зорилгоор шүүхэд гаргасан байх ба анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй, бодит байдалд нийцсэн мэдээлэл гаргасан болохоо нотолсон тул гэм хор арилгах үүрэггүй гэж үзжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтээс өөр дүгнэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д зааснаар дүгнэлт хийгээгүй гэж үзэж, дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1., 168.3.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээдэг байна. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр тус байгууллагын ажиллагсдын түр хорооны мэдэгдлийг нэвтрүүлсэн нь  бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2225 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН