Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 01266

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/01266

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Д.Хулан, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Бэгз овогтой, Цагааны Оюундарийн нэхэмжлэлтэй,

/Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 57 дугаар байр, 25 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧС70122263/

 

Хариуцагч: Харчин овогтой, Чулуунбаатарын Батцэнгэлд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хд 100 дугаар байр, 3 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧИ76112511/

 

Хариуцагч: Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох,

/Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын зам 3, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9073002074, регистрийн дугаар 1191055/

 

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, хууль бус мэдээллийг няцаалгах, эдийн бус гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранбулаг, түүний өмгөөлөгч Ш.Энхтөр, хариуцагч Ч.Батцэнгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр, хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслийн итгэмжлэгдсэн төлөөлөгчХ.Мөнхжаргал, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, нарийн бичгийн даргаар Б.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Оюундарийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранбулаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Монголын мэдээ суваг”-ийн захирал Ч.Батцэнгэлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ч.Батцэнгэл нь ажлаас чөлөөлсөн тушаалтай танилцсан тэр оройдоо буюу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн оройн 20 цаг 00 минутын “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дундуур Олон нийтийн радио телевизийн тухай хууль болон байгууллагын дотоод дүрэм, журмыг ноцтой зөрчиж, байгууллагын болон хамтран ажиллаж байгаа байгуулага, компаниудын нэр төр, иргэн Ц.Оюундарийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, хэт нэг талыг барьсан, тэнцвэргүй, мэдээллийн үнэн зөвийг шалгаж, нягтлаагүй, баримт нотолгоогүй, илт худал мэдээллийг улс орон даяар цацсанд гомдолтой байна. Иймд Ц.Оюундарийн нэр төр, алдар хүндийг сэргээж, хууль бус мэдээллийг няцааж өгнө үү.

Уг мэдээлэлд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал Ц.Оюундарь нь 2015 оны 01 дүгээр сард тухайн үед эрх барьж байсан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа намынхаа тамгыг ч хүлээлгэн өгөөгүй үедээ МҮОНРТ-д улс төрийн зорилгоор томилогдон ирж, өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд тус байгууллага нь түүхэндээ байгаагүй улс төрчсөн төдийгүй МҮОНРТ-ийн өмчийг үнэгүйдүүлж, уран бүтээлчдийн ажиллах нөхцлийг доройтууллаа. Улсын Их Хурлын сонгуулиар ч МҮОНРТ хэт нэг талыг барьсан. Зөвхөн эрх баригч Ардчилсан намд давуу эрх олгож, үйлчилсэн мэдээллийг цацаж байсан нь үзэгчид, сонгогчдын эрхийг зөрчсөн үйлдэл байлаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг үнэгүйдүүлэх замаар хувьчилаад авчихсан тухайн үеийн эрх баригчдын төлөвлөсөн дараагийн бай нь МҮОНРТ-ийн амин сүнс болсон ММ агентлаг байлаа. Үндэсний мэдээллийн брэнд хөтөлбөр цагийн хүрдийг 50 дугаар суваг руу цөлж, үзэгчид хайгаад ч олдоггүй газар нуухын тулд ажилчдыг нь архичид гэж цоллон, байгууллагын нэр төрийг гутаан доромжилж, үйл ажиллагааг нь доголдуулж байгаад хувьчилж авах хар технологийн далд зорилгоо тэрээр гүйцэлдүүлсэн. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа МҮОНРТ-ийг живж байгаа Титаник гэсэн тэрээр жинхэнэ утгаар нь энэ байгууллагыг живүүллээ. Оюундарийн МҮОНРТ-д учруулсан балаг санхүүгийн зөрчлүүдээр үргэлжилнэ. МҮОНРТ-ийн төв байрны урд жигүүрийн хэсгийг тэр чигт нь хувийн студи, продакшинд түрээслэх нэрээр балгас болголоо. Үүний уршигаар МҮОНРТ-ийн уран бүтээлчид амьсгалах ч зайгүй ажлын байрны хүнд нөхцөлд ажиллаж, уран бүтээлээ хийж байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий захирал Оюундарь нь цаг наргүй ажилладаг уран бүтээлчид, инженер техникийн ажилчдын сард авдаг 540.000 төгрөгийн цалингаас даруй 10 дахин их цалин, урамшуулал авч ирлээ.

1. 2016 он гэхэд байгууллагын төсөв, төлөвлөгөөнд тусгагдаагүй Европийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнийг дамжуулахын тулд 580 мянган евро буюу 1 тэрбум 200 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан. Энэ мөнгийг олохын тулд Төрийн банкинд байгууллагын ажилчдын цалингийн дансыг барьцаалан 1 тэрбум төгрөгийг арилжааны банкнаас өндөр хүүтэй зээлж, үлдсэн 200 сая төгрөгийг уран бүтээл, цалинд зориулагдах сангаас гаргасан байна.

2. Рио-2016 олимпийн наадмыг дамжуулахын тулд 1 сая америк доллар буюу 2 тэрбум гаруй төгрөгийг маркетингийн судалгаагүйгээр зарцуулсан учраас өнөөдөр МҮОНРТ арилжааны банкинд өндөр хүүтэй өрийг үргэлжлүүлэн төлж байна.

3. МҮОНРТ нь Ази-Номхон Далайн орнуудын Өргөн Нэвтрүүлгийн Холбоо АВU-ийн бүрэн эрхт гишүүний хувьд Олимпийн наадмыг дамжуулах эрхийг 1 сая доллароос хэд дахин их хямд авах боломж байсан гэж хардах бүрэн үндэслэл бий. Нөгөө талаас ингэж өндөр үнээр олимпийн эрх худалдан авахаар улайрахдаа байгууллагын ажилчдын цалингийн фондыг барьцаалж өр зээл тавьсан нь МҮОНРТ-ийг дампууруулж, улмаар үнэгүй хувьчилж авах эрх баригчдын санаархалын гар хөл болсон байх ч үндэслэл бий гэсэн хардлага хамт олны дунд ам дамжин яригдсаар ирснийг энд онцлох нь ч зүйтэй.

4. Улсын онц чухал болох объектын үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж баар цэнгээний газар болгохоор “Эвэнт Холл” гэгчийг засварлахын тулд 720 сая төгрөгийг зарцуулаад байна.

5. 190 сая төгрөгөөр бартерийн гэрээ хийж, лэд дэлгэц авна гэж хувь компанитай гэрээ байгуулсан. Гэвч тухайн гэрээлсэн лед дэлгэц нь МҮОНРТ-ийн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр агуулахад хадгалагдаж байна. Энэ ажилд байгууллагаас 40-өөд сая төгрөгийг зарцуулсан санхүүгийн факт, баримт жишээ олон байна.

6.Дээр дурьдсанчилан сонгуулийн үеэр хэт нэг талыг барьж ажиллахдаа Риогийн олимпоор мөнгө босгоно гэсэн шалтгаанаар байгууллагад санхүүгийн 2 тусдаа данс хөтлүүлж асар их хэмжээний мөнгийг оруулж гаргасан баримт ч бий гэсэн мэдээлэл нь Ц.Оюундарийн нэр төр, алдар хүндийг гутаасан.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч МҮОНРТ-ээс эдийн бус гэм хорын хохиролд 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх мэдээллийг цацсан нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмуудыг ноцтой зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан байна гэж Монголын хэвлэл мэдээллийн зохицуулах дээд байгууллага Хэвлэл мэдээллийн зөвлөлийн радио, телевийн ёс зүйн хорооноос дүгнэж шийдвэрлэсэн. Улмаар гарсан зөрчлийн талаар олон нийтэд мэдээллэх, алдаагаа засахыг зөвлөмж болгон хүргүүлсэн боловч уг шийдвэрийг МҮОНРТ-ийн Монголын мэдээ суваг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Олон нийтэд цацсан уг мэдээлэлтэй холбогдуулан Ц.Оюундарийг Улсын Их Хурлын төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний аудитын ерөнхий газар зэрэг байгууллагаас хэдэн сар шалгаж, ажил үүргээ хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдлаас Ц.Оюундарь өөрийн хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Улмаар түүний хамаатан садан, найз нөхөд, танилууд нь түүнийг үнэлэх үнэмлэмж буурсан. Энэ мэдээллийг Зууны мэдээ сонин, Өдрийн сонин, Үндэсний шуудан сонин зэрэг өдөр тутмын сонин хэвлэлд хариуцагч Ч.Батцэнгэл нийтлүүлсэн байна. Зууны мэдээ сонин, Үндэсний шуудан сонин нь өдөрт 5000-6000 хувь хэвлэгддэг бөгөөд нэг бүрийн үнэ 500 төгрөг, МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрт нэг удаа оролцоход 2.000.000 төгрөг, 1 минут нь 1.000.000 төгрөгийн тарифтай. Иймд эдийн бус гэм хорын хохиролд 10.000.000 төгрөгийг хариуцагч МҮОНРТ-ээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Батцэнгэлийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 20.00 цагийн мэдээгээр Ц.Оюундарийн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдохдоо хууль зөрчсөн тухай болон Ерөнхий захирлаар ажиллаж байх үедээ удаа дараа хууль тогтоомж зөрчсөн, хууль бус шийдвэрүүд гаргасан тухай мэдээлэл цацагдсан. Би уг асуудлыг гаргаж тавиагүй бөгөөд МҮОНРТ-ийн 179 ажилтны гарын үсэг зурсан шаардлага 2016 оны 5, 6 дугаар сарын үеэс яригдаж байсан бөгөөд МҮОНРТ-ийн удирдлагууд төдийлөн анхаарахгүй байсан учир ажиллагсдын түр хороо энэ мэдээллийг МҮОНРТ-ээр олон нийтэд мэдээллэх, хэрэв энэ шаардлагыг хүлээн авахгүй бол хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд хүргэнэ гэдэг шаардлагыг надад тавьсан. Иймээс би байгууллагын эрх ашгийн үүднээс МҮОНРТ-ийн ажилтан, ажиллагсдын шаардлагыг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр оруулах зөвшөөрлийг олгосон. МҮОНРТ-ийн ажилчдаас Ц.Оюундарийн талаар гаргасан “...МҮОНРТ бол төсвийн дэмжлэг болон олон нийтээс хураамж авч санхүүждаг байгууллага. Энэ байгууллагын эд хөрөнгө үнэгүйдэх, хөрөнгө мөнгө буруу зарцуулагдах, 1 жил 8 сарын хугацаанд 5 удаа бүтцийн өөрчлөлт хийж, бодлогын алдаа гаргаж жирийн уран бүтээлчдийн ажиллах орчинг доройтуулсан...” гэх агуулга бүхий мэдээлэл нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа. Иймд би Ц.Оюундарийн гаргаж буй нэхэмжлэлийг хариуцах ёсгүй, түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй тул түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч МҮОНРТ-ийн төлөөлөгч Л.Нинжжамцын шүүхэд гаргасан хариу тайлбар болох итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 20.00 цагийн мэдээгээр Ц.Оюундарь нь МҮОНРТ-ийн  Ерөнхий захирлаар ажиллаж байх үедээ удаа дараа холбогдох хууль тогтоомж зөрчиж, хууль бус шийдвэрүүд гаргасан тухай мэдээлэл цацагдсан болно. Уг мэдээлэлд дурдсан асуудлыг манай байгууллагаас гаргаж тавиагүй бөгөөд МҮОНРТ-ийн түр хорооноос уг мэдээллийг олон нийтэд хүргэх шаардлага тавьсаны дагуу “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр “...Ц.Оюундарь нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа удаа дараа холбогдох хууль тогтоомж зөрчиж, хууль бус шийдвэрүүд гаргасан тухай” МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хандсан шаардлага цацагдсан байдаг. Гэвч манай байгууллага нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг цацаагүй болно. МҮОНРТ-ийн ажиллагсдын түр хорооноос гаргасан шаардлагад дурдсан мэдээлэл нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт болон Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийн 3, 4, 6,10-д заасан дүгнэлт болон бусад заалтуудаар тогтоогдсон. Иймд бодит эх сурвалжтай, тухайн дурдсан мэдээллүүд нь бодит байдалд нийцсэн үнэн зөв болох нь төрийн эрх бүхий байгууллагуудаас хийсэн шалтгалтаар тогтоогдсон тул Ц.Оюундариас манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Оюундарийн нэхэмжлэлтэй, Ч.Батцэнгэл, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, хууль бус мэдээллийг няцаалгах, эдийн бус гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч Ц.Оюундарь “...2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн оройн 20 цаг 00 минутын ‘Цагийн хүрд’ мэдээллийн хөтөлбөрийн дундуур Шуурхай мэдээ нэртэйгээр иргэн Ц.Оюундарийн талаар баримт нотолгоогүй, илт худал мэдээллийг улс орон даяар цацсан тул миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хууль бус мэдээллийг няцааж, эдийн бус гэм хорын хохиролд 10.000.000 төгрөгийг Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслээс гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ч.Батцэнгэл болон Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл “...МҮОНРТ-ийн түр хорооноос уг мэдээллийг олон нийтэд хүргэх шаардлага тавьсаны дагуу “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр явуулсан, МҮОНРТ-ийн ажиллагсдын түр хорооноос гаргасан уг шаардлагад дурдсан мэдээлэл нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт болон Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлт болон бусад эх сурвалжаар бодит байдалд нийцсэн мэдээлэл” гэж талууд мэтгэлцжээ.

 

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цаг 00 минутаас эхэлсэн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 20 цаг 16 минутаас 20 цаг 21 минутын хооронд “Шуурхай мэдээлэл” нэртэйгээр “Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал Ц.Оюундарь нь 2015 оны 01 дүгээр сард тухайн үед эрх барьж байсан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа намынхаа тамгыг ч хүлээлгэн өгөөгүй үедээ МҮОНРТ-д улс төрийн зорилгоор томилогдон ирж, өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд тус байгууллага нь түүхэндээ байгаагүй улс төрчсөн төдийгүй МҮОНРТ-ийн өмчийг үнэгүйдүүлж, уран бүтээлчдийн ажиллах нөхцлийг доройтууллаа. Улсын Их Хурлын сонгуулиар ч МҮОНРТ хэт нэг талыг барьсан. Зөвхөн эрх баригч Ардчилсан намд давуу эрх олгож, үйлчилсэн мэдээллийг цацаж байсан нь үзэгчид, сонгогчдын эрхийг зөрчсөн үйлдэл байлаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг үнэгүйдүүлэх замаар хувьчилаад авчихсан тухайн үеийн эрх баригчдын төлөвлөсөн дараагийн бай нь МҮОНРТ-ийн амин сүнс болсон ММ агентлаг байлаа. Үндэсний мэдээллийн брэнд хөтөлбөр цагийн хүрдийг 50 дугаар суваг руу цөлж, үзэгчид хайгаад ч олдоггүй газар нуухын тулд ажилчдыг нь архичид гэж цоллон, байгууллагын нэр төрийг гутаан доромжилж, үйл ажиллагааг нь доголдуулж байгаад хувьчилж авах хар технологийн далд зорилгоо тэрээр гүйцэлдүүлсэн. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа МҮОНРТ-ийг живж байгаа Титаник гэсэн тэрээр жинхэнэ утгаар нь энэ байгууллагыг живүүллээ. Оюундарийн МҮОНРТ-д учруулсан балаг санхүүгийн зөрчлүүдээр үргэлжилнэ. МҮОНРТ-ийн төв байрны урд жигүүрийн хэсгийг тэр чигт нь хувийн студи, продакшинд түрээслэх нэрээр балгас болголоо. Үүний уршигаар МҮОНРТ-ийн уран бүтээлчид амьсгалах ч зайгүй ажлын байрны хүнд нөхцөлд ажиллаж, уран бүтээлээ хийж байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий захирал Оюундарь нь цаг наргүй ажилладаг уран бүтээлчид, инженер техникийн ажилчдын сард авдаг 540.000 төгрөгийн цалингаас даруй 10 дахин их цалин, урамшуулал авч ирлээ. 2016 он гэхэд байгууллагын төсөв, төлөвлөгөөнд тусгагдаагүй Европийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнийг дамжуулахын тулд 580 мянган евро буюу 1 тэрбум 200 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан. Энэ мөнгийг олохын тулд Төрийн банкинд байгууллагын ажилчдын цалингийн дансыг барьцаалан, 1 тэрбум төгрөгийг арилжааны банкнаас өндөр хүүтэй зээлж, үлдсэн 200 сая төгрөгийг уран бүтээл, цалинд зориулагдах сангаас гаргасан байна. Рио-2016 олимпийн наадмыг дамжуулахын тулд 1 сая америк доллар буюу 2 тэрбум гаруй төгрөгийг маркетингийн судалгаагүйгээр зарцуулсан учраас өнөөдөр МҮОНРТ арилжааны банкинд өндөр хүүтэй өрийг үргэлжлүүлэн төлж байна. МҮОНРТ нь Ази-Номхон Далайн орнуудын Өргөн Нэвтрүүлгийн Холбоо АВU-ийн бүрэн эрхт гишүүний хувьд Олимпийн наадмыг дамжуулах эрхийг 1 сая доллароос хэд дахин хямд авах боломж байсан гэж хардах бүрэн үндэслэл бий. Нөгөө талаас ингэж өндөр үнээр олимпийн эрх худалдан авахаар улайрахдаа байгууллагын ажилчдын цалингийн фондыг барьцаалж өр зээл тавьсан нь МҮОНРТ-ийг дампууруулж, улмаар үнэгүй хувьчилж авах эрх баригчдын санаархалын гар хөл болсон байх ч үндэслэл бий гэсэн хардлага хамт олны дунд ам дамжин яригдсаар ирснийг энд онцлох нь ч зүйтэй. Улсын онц чухал болох объектын үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж баар цэнгээний газар болгохоор “Эвэнт Холл” гэгчийг засварлахын тулд 720 сая төгрөгийг зарцуулаад байна. 190 сая төгрөгөөр бартерийн гэрээ хийж, лэд дэлгэц авна гэж хувь компанитай гэрээ байгуулсан. Гэвч тухайн гэрээлсэн лед дэлгэц нь МҮОНРТ-ийн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр агуулахад хадгалагдаж байна. Энэ ажилд байгууллагаас 40-өөд сая төгрөгийг зарцуулсан санхүүгийн факт, баримт жишээ олон байна. Дээр дурьдсанчилан сонгуулийн үеэр хэт нэг талыг барьж ажиллахдаа Риогийн олимпоор мөнгө босгоно гэсэн шалтгаанаар байгууллагад санхүүгийн 2 тусдаа данс хөтлүүлж асар их хэмжээний мөнгийг оруулж гаргасан баримт ч бий. Дэлхийгээр нэг мөнгө тэнэж явна. Түүнийг олж ирээд байгууллагаа өөдөн татна гэсэн амлалтыг нь МҮОНРТ-ийн жирийн ажилтан, ажилтнууд нь мартаагүй байна. Тиймээс богино хугацаанд асар их доройтлыг огцом авчирч санхүүгийн ноцтой хохирол учруулсаар байгаа МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Оюундарийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцохыг хамт олны зүгээс хатуу шаардаж байна. Энэхүү шаардлагаа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, Авилгатай тэмцэх газар, УИХ-ийн Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Аудитын ерөнхий газар шалгуулахаар тус тус хүргүүлсэнээ мэдэгдэж байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл энэ шаардлагыг яаралтай хэлэлцэн ерөнхий захирал Оюундарийг нэн даруй үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй бол хамт олны зүгээс тэмцлээ хурцатгахаа анхааруулж байна. МҮОНРТ-ийн ажилласдын түр хороо” гэсэн мэдээлэл цацагдсан талаар талууд маргаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан CD-ний бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогджээ.

 

1. Үндэсний шуудан сонингийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 215 дугаар хэвлэлд“МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүлэх тухай” гэсэн нийтлэл, Зууны мэдээ сонгингийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 224 дүгээр хэвлэлд “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүлэх тухай” гэсэн нийтлэл, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр цацагдсан уг мэдээлэл нь “МҮОНРТ-ийн ажиллагсдын түр хороо”-ноос гэсэн байх тул хариуцагч Ц.Батцэнгэлийн хувьд уг мэдээлэл, нийтлэлийн үнэн зөв эсэхийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг баримтлан Ц.Батцэнгэлд холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, хууль бус мэдээллийг няцаалгах тухай Ц.Оюундарийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4-т зааснааар Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цаг 16 минутаас 20 цаг 21 минутын хооронд “Шуурхай мэдээлэл” нэртэйгээр нэвтрүүлсэн мэдээлэлд эх сурвалжийг нь “МҮОНРТ-ийн ажиллагсдын түр хороо” гэж заасан байх бөгөөд уг мэдээлэлд дурдсанаар “МҮОНРТ-ийн ажиллагсдын түр хороо” нь дээрх шаардлагуудыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Аудитын ерөнхий газарт шалгуулахаар хүргүүлж, шийдвэрлүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 40 дүгээр “Шаардлагын дагуу авах арга хэмжээний тухай” тогтоол, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар “Үндэсний зөвлөлд чиглэл өгөх тухай” тогтоол, Олон нийтийн Радио, телевизийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос хийсэн шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний тухай 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн танилцуулга, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар “УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд Танилуулга хүргүүлэх тухай” албан бичиг,МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, “Ихмонгол хөлөг аудит” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогджээ.

 

Дээрх үйл баримтын хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь “МҮОНРТ-ийн ажиллагсдын түр хороо”-ны “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд ‘Шаардлага хүргүүлэх тухай’ гэсэн мэдээлэл”-ийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цаг 00 минутаас эхэлсэн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 20 цаг 16 минутаас 20 цаг 21 минутын хооронд “Шуурхай мэдээлэл” нэртэйгээр нэвтрүүлсэн нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Ц.Оюундарийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21 дүгээр зүйлийн 21.9, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оюундарийн “...хууль бус мэдээллийг няцаалгах тухай, эдийн бус гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 21.9, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан Ц.Оюундарийн нэхэмжлэлтэй, Ч.Батцэнгэл, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, хууль бус мэдээллийг няцаалгах, эдийн бус гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Оюундариас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70.200, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД

 

                                    ШҮҮГЧИД                                                                 Д.ХУЛАН

 

                                                                                                                        Д.ЭНХЦЭЦЭГ