Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 887

 

 

 

 

 

 

 

 

   2019        11          18                                   2019/ШЦТ/887

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

хохирогч Ж.Ганхуяг,

хохирогч Ж.Ганзориг,

шүүгдэгч А.Э , түүний өмгөөлөгч Г.Баасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овгийн А.Э од холбогдох эрүүгийн 1910002850503 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хатгин овгийн А.Э , 1972 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Зотол мандал ХХК-ны захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7 дугаар баг, Нарлаг, 6 дугаар байр 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч А.Э  нь 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Зуун билэг дунд сургуулийн 201 тоот өрөөнд байрлах “Стар Кредит” банк бус санхүүгийн байгууллага дотор иргэн Ж.Ганхуягаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 63 тоотод байрлах 2 өрөө 51.61 м2 байрыг 90.000.000 төгрөгөөр бодож, байрны гэрчилгээ гарсны дараа зээлд хамруулж, үлдэгдэл төлбөрөө авна гэж итгүүлэн, байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан залилж, 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би Ж.Ганзоригийг 2008 оноос хойш танина. 2015 оны хавар хамт Дундговь аймгийн наадамд хамт явсан. Энэ хугацаанд байр авах саналыг Ж.Ганзориг тавьсан. Би тэр байранд эхнэртэйгээ хамт амьдрах эсвэл охиныхоо гэр бүлийг оруулах санаа байсан. Тухайн байрыг улсын комисс хүлээж аваагүй боловч айлууд нь орчихсон байсан. Би Жайка олон улсын байгууллагаас зээл авах зорилгоор төсөл боловсруулж Ж.Ганзоригтой хамтарсан. Тэр зээл авах үйл ажиллагаа 3 сар болж бүтсэн. Би банк бус санхүүгийн байгууллагад 25 сая төгрөгийн зээлтэй байсан нь  үнэн. Ганзориг надад санал тавихдаа одоо надад мөнгө байхгүй байна. Би таны банк бус санхүүгийн байгууллагын өрийг чөлөөлж тухайн мөнгийг байрны урьдчилгаанд тооцож байя гэсэн. Би зөвшөөрсөн. Ганзоригт 2017 оны цагаан сар хүртэл нэг ч төгрөг авахгүй гэж тохирч түлхүүр хүлээлгэж өгсөн. ББСБ-д хамт очиж барьцаанд байсан ордероо авч. Ганзориг аав ээж дүү нараа амьдруулсан. Ганзориг хэлэхдээ манайх хөдөө байсан тул агаар таарна гэсэн. Үнийн хувьд бол харилцан тохирсон. Шинэ дэлхий ХХК-д бүргэд хаалга болон паркетин шалыг би нийлүүлсэн. Бартераар авсан 97 сая төгрөгийн байр гэдгийг хэлсэн. Байрыг 90 сая төгрөгөөр авах саналыг Ж.Ганзориг гаргасан. 2016 оны эхээр гэрээгээ өөрийнхөө нэр дээр шилжүүлэх тухай хэлсэн. Би түүнийг зөвшөөрч бичгээ явуулсан. Албан тоотод гарын үсэг зурж хоосон хэвлэмэл хуудас өгч явуулаад  бичих агуулгыг хэлсэн. Тэр хооронд ямар ч үйл ажиллагаа болоогүй 2017 оны цагаан сар хүртэл бид мөнгөний асуудалгүй байсан. Би тухайн байрандаа байнга очдог байсан. Эцэг эхийг нь таньдаг тул орж гарах тохиолдол их байсан. 2017 оны цагаан сар болж би Солонгос улсаас ирсэн. Тэр хугацаанд эхнэр болон би үлдэгдэл мөнгөө авъя гэсэн боловч байрны ордер гараагүй учир өгөхгүй гэсэн. Би “Шинэ-дэлхий” ХХК-д очиж уулзсан. Уулзаад материалтай танилцахад миний явуулсан бичиг баримт дээр хуурамч бичиг баримт боловсруулж өгсөн байсан. Ж.Янжиндуламд мөнгө төгрөгийн тооцоогүй болно гэж бичсэн байсан. Иймд би “Шинэ дэлхий” ХХК-д хүсэлтээ гаргаж өгсөн. Гэрээ өөр хүний нэр дээр байсан учир гэрээгээ өөрийн нэр дээр шилжүүлсэн. Ж.Янжиндулам гэж байсныг өөрийн нэр дээр болгосон. Ордер гаргаж өгөхгүй байсан учир би шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэрийг үндэслэж Хан-Уул дүүргээс ордер авсан. Би байрны ордероо авчихлаа одоо мөнгөө өг гэсэн. Одоохондоо мөнгөний боломжгүй байна. Яармагийн урд байгаа дүүгийнхээ нэр дээр байгаа газраа зарж мөнгөө өгнө гэж ярьж байсан. Би итгэсэн. Дахин 6 сар хүлээсний эцэст мөнгөө өгөөгүй. Хятадаас Ганзориг ирээд би худалдаж аваахаа болилоо та байраа зар тэгээд миний 30 сая төгрөгийг өг гэсэн. 4 жил амьдарчхаад би хуучин байртай хоцроод 30 сая төгрөг өгнө гэдэг хохиролтой байсан. Гэсэн  ч бид ярилцан байрыг хамт зарах гэж бид 2 оролдож байсан. 2018 онд манай эгч мөнгө байна уу туслаач гэж асуусан. Би эгчдээ ордероо өгсөн. 2019 онд цагдаагаас дуудаж энэ нөхцөл байдлыг танилцуулсан. Ж.Ганхуяг хохирогчоор мэдүүлэг өгсөн гэж хэлсэн...” гэв.

Хохирогч Ж.Ганхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Уг нь манай ах Эрдэнэцогттой 2015 оны 03 дугаар сард ярьж тохироод мөнгө өгсөн, тэгтэл нөгөө хүн нь Шинэ дэлхий ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээгээ манай нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлээд бараг нэг жил өнгөрсөн. Гэтэл байрны ордер өөр хүний нэр дээр гарсан байсан. Эрдэнэцогттой ярилцаад шийдэж болох байсан ч тэгээгүй....” гэв.

Хохирогч Ж.Ганзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эрдэнэцогт ахтай нэг нутаг гээд танилын холбоотой. Надад Эрдэнэцогт нь анхнаасаа л ордер нь гараагүй байр авахыг санал болгосон. Гэхдээ надад бол ордерыг нь өөрөө гаргаж өгнө гэсэн. Ингэхдээ ББСБ-д байгаа байраа чөлөөлөх хэрэгтэй, чөлөөлөөд дараа нь өөр том зээл авах шаардлагатай гэсэн. Ордер гарсан хойно үлдэгдэл төлбөр төлнө гэж байсан. Гэтэл одоо намайг бүгдийг санаачилсан юм шиг ярьж байна. Асуудал яагаад үүссэн бэ гэвэл намайг хятад улсад байхад шүүхийн шийдвэрийнхэн ирж байр хураана гэсэн. Би сандраад Эрдэнэцогттой ч ярьсан. Ордер миний нэр дээр гарж байж зээл гарах боломжтой. Би шүүхийн захирамж гаргасан гээд байсан. Шүүхийн шийдвэрийнхэн 2-3 удаа ирсэн. Манай байр гээд байхад гаргаж үзүүлэх юу ч байгаагүй. Би олон удаа Эрдэнэцогт ахад эвлэрэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Гэтэл өөрөө хуулийн дагуу явна гэсэн...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

Хохирогч Ж.Ганзориг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Би Эрдэнэцогт гэх хүнийг нэг нутгийн хүн гэдгээр нь танина. ...Би Эрдэнэцогтын байрыг яагаад авах болсон бэ гэвэл Эрдэнэцогт миний машинд суугаад Дундговь аймаг руу явсан юм. Замдаа Эрдэнэцогт ах нэг том зээл авах гээд байгаа юм, тэгээд нисэхэд нэг байр ашиглалтанд орж байгаа бөгөөд тэрийгээ зарчихвал зээл бүтэх гээд байна. Хамгийн гол нь надаас ордер нь гараагүй байрыг хэн ч авахгүй байна, мөн уг баригдсан байрыг улсын комисс хүлээж авахгүй байгаа. Харин чи уг байрыг худалдаж аваад ахдаа тус болооч, надад итгээд авчих би байрны ордерийг гаргаж өгнө, найдвартай гэж хэлсэн. ...Тэгээд дараа нь Улаанбаатар хотод ирсний дараа өөрөө надтай холбогдоод миний байрыг авчих тэгэх үү гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би таны байрны урдхан талд баригдаж байгаа Буянт-Ухаа-1 хорооллыг сонирхож үзсэн, метр квадрат нь 1.280.000 төгрөгийн үнэтэй, гэтэл таны байр арай үнэтэй байна гэж хэлсэн чинь өөрөө надад худалдах нөхцлөө амаар танилцуулсан. Юу вэ гэвэл миний байр бол 51.61 м2 талбайтай 2 өрөөтэй. Би 1 м2-г нь 1.800.000 төгрөгөөр үнэлнэ, тэгэхээр 92 сая орчим болно, хоёулаа тэгшлээд 50 сая төгрөгөөр тохиръё, тэгэхээр чи надад урьдчилгаа 30 хувьд нь 30.000.000 төгрөг өгчих. Би одоо Стар кредит ББСБ-д 25.000.000 төгрөгийн өртэй байгаа, барьцаанд нь байр тавьчихсан байгаа, тэрийг яаралтай суллах хэрэгтэй байна, тэгээд цаашаа өөр нилээд их хэмжээний зээл авахад ашиглах хэрэгтэй байна. харин байрны ордер гарах хүртэл чамаас нэг ч төгрөг нэхэхгүй, ордер гарсны дараа би чамайг ипотекийн 8 хувийн зээлэнд хамруулж өгөөд банкнаас үлдсэн 53.000.000 төгрөгийг гаргуулж авна гэж хэлсэн. ...Тэгээд ах дүү нартайгаа ярьж байгаад 30.000.000 төгрөгийг бүрдүүлэхээр болоод миний төрсөн дүү Ж.Ганхуяг 25.000.000 төгрөг гаргаад, би өөрөөсөө 5 сая төгрөг гаргаад өгсөн. Тэгээд би А.Э ын өгсөн дансруу нь шилжүүлсэн. ...Эрдэнэцогт анх хэлэхдээ би нисэхэд баригдсан байранд захиалга өгөөд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан, одоо тэр гэрээг таны нэр дээр шилжүүлэн өгнө гэж хэлсэн. Гэхдээ тэр дор нь шилжүүлээгүй бараг 1 жилийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэцогт өөрөө албан бичиг хийж өгөөд гэрээгээ шилжүүлсэн. ...Тэр гэрээг өөрийн төрсөн дүү Ж.Янжилхамын нэр дээр шилжүүлсэн. Дүүгийнхээ нэр дээр шилжүүлсний учир нь бид нар анх байр авахаар ярилцаж байх үед дүү Янжинлхам нэр дээр зээлгүй байгаа, дээрээс нь аав, ээжтэй хамт амьдрах учраас үлдсэн зээлээ ипотекийн зээл гарсаны дараа төлөөд явна гэж тохирсон байсан учраас дүүгийнхээ нэр дээр гэрээ байгуулахаар болсон. Тэгээд байранд ороод хэсэг хугацаанд амьдарсан. Шинэ дэлхий ХХК-аас байрны ордер гаргаж өгөх ёстой байтал удаад байсан. Гэтэл гэнэт Төрийн банкнаас хүмүүс ирээд энэ байр зээлийн барьцаанд хураагдсан, 65.000.000 төгрөгийн зээл аваад зээлээ эргээд төлөгдөөгүй ураас хураагдаж байгаа, одоо зээл нь 80 орчим сая төгрөг болсон. Зээл аваад нэг ч удаа мөнгөө төлөөгүй байна гэж манай дүү Янжинлхамд хэлсэн байсан. Мөн удалгүй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирээд битүүмжлэх тогтоол өгөөд явсан байсан. Би тэр үед Хөх хотод явж байсан бөгөөд ирээд Эрдэнэцогтын гэрт нь очсон. Намайг очиход эхнэртэйгээ хоёулаа байж байсан. Би болсон асуудлын талаар хэлээд юу болоод байгаа талаар асуутал байрны ордер гараад тэрийг хүнд тус болох гээд эхнэрийнхээ эгчийн нэр дээр шилжүүлж өгсөн, тэр банкны барьцаанд тавиад зээл авсан ч эргэж төлж чадахгүй байгаа юм байна, гэхдээ ямарч асуудалгүй ээ би тэр мөнгийг нь төлөх асуудлыг шийднэ гэж хэлсэн. ...Эрдэнэцогт байрны ордер гарсан гэж надад нэг ч удаа хэлээгүй, мэдээгүй байхад гэв гэнэт ордероо аль хэдийн нэр дээрээ гаргаад тэрийг өөр хүний нэр дээр шилжүүлээд надаас 30.000.000 төгрөг, банкнаас 60.000.000 төгрөгийг авсан байна...” гэх мэдүүлэг /хх 8-9/,

Хохирогч Ж.Ганхуяг нь мөрдөн шалгах ажиллагааы үед мэдүүлэхдээ: “...Манай ах Ганзориг нутгийн ах байрыг нь аваач, одоохондоо ордер гараагүй байна, ордер гараагүй байрыг хэн ч авахгүй байна, надад итгээд авчих гэхдээ эхлээд 30 хувийг нь өгчих үлдсэн мөнгийг нь ордер гарсаны дараа авна тэр болтол ямарч мөнгө төгрөг нэхэхгүй. Мөн ордер гарсаны дараа Эрдэнэцогт ах ипотекийн 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэнэ тэр байранд аав, ээжийг оруулах уу гэхээр нь зөвшөөрөөд би өөрөөсөө 25.000.000 төгрөг гаргаад, ах Ганзориг 5.000.000 төгрөг гаргаад дээрх мөнгийг нь өгсөн, сүүлд нь асуухад хамт банк бус санхүүгийн байгууллага дээр очоод зээлийг нь дарсан гэж байсан. Харин 5.000.000 төгрөгийг Эрдэнэцогтын дансруу шилжүүлсэн. ...Уг нь манай ах Эрдэнэцогттой 2015 оны 03 дугаар сард ярьж тохироод мөнгө өгсөн, тэгтэл нөгөө хүн нь Шинэ дэлхий ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээгээ манай нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлээд бараг нэг жил өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх 12-13/,

Гэрч Ж.Янжинлхам нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай төрсөн ах Ганзориг надад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58-63 тоот 2 өрөө байрны түлхүүрийг 2015 оны 3 дугаар сард өгсөн. Энэ байранд та нар аав, ээжтэй хамт амьдарна, байр авлаа гэж хэлсэн. Ахын хэлснээр байранд 2015 оны 6 дугаар сарын үед нүүж орсон. Хүн амьдраагүй шинэ байр байсан. Дараа нь бараг жилийн дараа манай ах надад Зотол мандал ХХК гэсэн толгойтой, доороо тамгатай А.Э  гэх хүний гарын үсэгтэй албан бичиг өгсөн. Мөн А4 хэмжээтэй бичгийн цаасанд хар өнгийн балаар манай компанийн танай компанитай бартерийн худалдаагаар Хан-Уул дүүргийн нисэх орчим баригдсан орон сууцнаас 2 өрөө байрыг авахаар гэрээ байгуулж авсан билээ. Уг байрыг Ж.Ганзоригт шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн бичигтэй цаастай хамт өгсөн. Тэр бичгийг Эрдэнэцогт гэдэг энэ байрыг надад зарсан хүн бичиж өгсөн. Чи Шинэ дэлхий ХХК-тай очоод гэрээ байгуул гэснээр Алтанхуяг гэх захиралтай нь уулзаад 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байр захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Гэтэл саяхан манайд Төрийн банкнаас хүмүүс ирээд энэ байр зээлийн барьцаанд хураагдана, зээл авсан хүн зээлээ төлөөгүй гэж хэлсэн. Бид нар өөрсдөө мэдээгүй байхад байрны ордер аль хэдийнээ өөр хүний нэр дээр шилжсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 21/,

Гэрч Л.Алтанхуяг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Шинэ дэлхий ХХК-ны захирлаар ажилладаг, манайх 1997 онд байгуулагдсан, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Болсон асуудлын талаар гэвэл 2014 онд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 давхар 89 айлын орон сууцны барилга бариад 2015 оны сүүл үеэр бариж дуусгасан. Дээрх барилгыг барих явцад манай нутгийн дүү Эрдэнэцогт налтай өөрөө ирж уулзаад би Орчлон констракшинд барилгын материал нийлүүдэг юм. Танай баригдаж байгаа барилга дээр бүргэд хаалга, паркетан шал нийлүүлэе төлбөрийн бартерийн шугмаар авъя гэж хэлсэн. Тэгхээр нь би Эрдэнэцогтыг ажил хэргийн шугамаар угаасаа таньж мэддэг байсан, дээрээс нь манай нутгийн дүү болохоор зөвшөөрөөд материалыг нь авахаар болоод хоорондоо 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №14-07 дугаартай орон сууц захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулсан. ...Би орон сууц ашиглалтанд орсоны дараа байрны ордерыг түүний нэр дээр шилжүүлэхээр болсон. Тэгтэл Эрдэнэцогт 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр №0812 дугаартай “Зотолмандал ХХК” гэсэн албан бланканд “манай компани нь танай компанитай бартерийн худалдаагаар Хан-Уул дүүргийн нисэх орчимд баригдсан орон сууцнаас 2 өрөө сайрыг авахаар гэрээ байгуулж авсан билээ. Уг байрыг Жамбалсамбуу овогтой Янжинлхамд шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна. Төлбөр тооцооны асуудал дууссан болно” гэж гараараа бичээд “Зотол Мандал ХХК”-ны тамгыг дараад, Эрдэнэцогт өөрөө гарын үсэг зураад баталгаажуулсан албан тоот ирүүлсэн. Тэгтэл удалгүй Эрдэнэцогт надруу яриад наад миний байранд орно гэсэн хүмүүс надад мөнгөө өгөөгүй, тийм учраас та надад байрны ордероо гаргаж өг гэж хэлсэн. Тэгхээр нь чи юу яриад байгаа юм бэ чи өөрөө албан тоот бичээд утсаар яриад энэ хүн рүү байрыг шилжүүл, тооцоо дууссан гэсэн биз дээ гэж хэлсэн чинь үгүй тийм юм байхгүй наад хүмүүс чинь надад 30.000.000 төгрөг өгсөн. Үүнээс 25.000.000 төгрөгийг миний авсан зээлийг хааж өгсөн, харин 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Цаан нь дахиад 60.000.000 төгрөг өгөх ёстой байсан хэдий ч өгөөгүй учраас би байрны ордер авмаар байна гэх хэлхээр нь тэгвэр чи надтай чимий хүсэлтээр гэрээ байгуулсан Янжинлхам гэх хүнийг уулзуул, наад хүнээ олоод өг, тэр хүнтэй байгуулсан гэрээ яах болж байна гэж хэлсэн чинь наад хүүхэд чинь одоо Бээжин рүү сургуульд явсан, байхгүй байгаа гэж хэлсэн. ...Тэгээд би Эрдэнэцогттой үл ойлголцох асуудал үүсээд байж байтал нэг мэдэхэд Эрдэнэцогт намайг шүүхэд өгсөн. Намайг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дуудаад шүүх хурал болсон. Хурал дээр Эрдэнэцогт угаасаа манайд хэлсэнээрээ бараагаа нийлүүлсэн юм чинь гэж бодоод нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд хэргийг хэрэгсэхгүй болоод шийдэгдсэн. Ингээд шүүгчийн захирамж гарсан учир би аргагүй байдалд ороод ордерийг нь Эрдэнэцогтын нэр дээр гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 23-24/,

Гэрч Г.Дагиймаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 9 дүгээр давхарын 63 тоотод байрлах манай хүргэн А.Э ын 2 өрөө байрыг 2018 оны 2 дугаар сарын 10-ны үед өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Шилжүүлэн авах болсон шалтгаан нь Эрдэнэцогтын эхнэр Нансалмаа миний төрсөн дүү бөгөөд дүүдээ эгч нь банкнаас зээл авах гэсэн чинь заавал барьцаа хөрөнгө хэрэгтэй гээд байна барьцаанд тавьчих үл хөдлөх хөрөнгө байна уу гэж асуусан чинь ямар ч гэсэн нөхөртэйгээ ярья гэж хэлсэн. Би эхлээд дүүтэйгээ ганцаарчлан уулзсан. Нансалмаагийн овог минийхээс өөр байгаагийн шалтгаан нь бага байхад хүүхэдгүй эхнэр, нөхөр 2 үрчилж авсан. ...Эрдэнэцогт дээрх нисэхэд байрлалтай 2 өрөө байрыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Байраа шилжүүлж өгөөд тэрний маргааш нь банкны зээл гарсан юм. Тэгээд би 60.000.000 төгрөгийг зээлээ аваад хүнд өртэй бйасан учраас өглөгөө өгөөд дууссан...” гэх мэдүүлэг /хх 29-32/,

Гэрч А.Нансалмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай эгч Даагиймаа нисэхийн байраа түр өгөөч банкнаас зээл аваад хувийн бизнестээ хөрөнгө оруулах хэрэгтэй байна гэсэн. Манай эгч хувиараа машины тос билүү тиймэрхүү юм зардаг хоёр ч газар лангуу ажиллуулж байсан бөгөөд тэрэндээ хөрөнгө оруулалт хийнэ гэж хэслэн. Тэгээд нисэхийн байрны ордерийг эгчийн нэр дээр шилжүүлж өгөөд Төрийн банкнаас байр барьцаалж зээл авсан. Хэдэн төгрөгийг зээл авсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 34-35/,

Хохирогч Ж.Ганзориг болон гэрч А.Э  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 37-39/,

Гэрч Ж.Янжинлхам болон гэрч Л.Алтанхуяг нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 40-41/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №ХУ-219-344 дүгээр тайланд: “...Үнэлэгдэж буй хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 63 тоотод байрлах 2 өрөө 51.61 м2 талбайтай орон сууц нь зах зээлийн хандлагаар тооцсоныг 100 хувйн ач холбогдолтойд тооцон 2015 оны байдлаар нийт 87.737.000 төгрөгөөр, 2019 оны байдлаар 70.729.159 төгрөгөөр тус тус үнэлэгдлээ...” гэх тайлан /хх 45-56/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 7/2153 тоот албан бичиг /хх 74/,

Зотолмандал ХХК-тай байгуулсан Хас банкны зээлийн гэрээ, дансны хуулга /хх 76-88/,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01780 дугаар захирамжийн хуулбар /хх 90-91/,

Төрийн банкны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 19/1190 тоот албан бичиг /хх 93/,

Стар кредит ББСБ-ын 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 2019/30 тоот албан бичиг, зээлийг гэрээний хуулбар /хх 95-99/,

Шүүгдэгч А.Э ын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 107-109/,

Дундговь аймгийн Зотолмандал ХХК-н Шинэ дэлхий ХХК-д гэсэн хоосон бланкны хуулбар /хх 112/,

Манай компани танай компанитай бартерийн худалдаагаар Хан-Уул дүүргийн нисэх орчимд баригдсан орон сууцнаас 2 өрөө байрыг авахаар гэрээ байгуулан авсан билээ. Уг байрыг Жамбалсамбуу овогтой Ганзоригт шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна гэсэн гар бичвэр /хх 113/,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 114-116/,

Шинэ дэлхий ХХК болон иргэн Ж.Янжинлхам нарын хооронд байгуулсан “Шинэ дэлхий ХХК-ны Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “89” айлын шинэ орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх тухай 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №15-65 дугаар гэрээ” /хх 117-119/,

Шүүгдэгч А.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Дагиймаа манай эхнэрийн төрсөн эгч байгаа юм. Дагиймаа эгч би бизнес хийх гэсэн юм туслаач гэсэн. Тэгэхээр нь надад мөнгө байхгүй та түр хэрэглэх юм бол гээд байрны ордероо өгөөд явуулсан. Гэтэл Дагиймаа эгч буцаж ирээд банкнаас зээл авах гэсэн чинь байрны ордер заавал миний нэр дээр байх шаардлагтай гэсний дагуу гэрээ хийж түр шилжүүлж өгсөн. Гэхдээ энэ байрыг Дагиймаад зарсан асуудал байхгүй. Татвар бага төлөхийн тулд гэрээний дүнг 10 сая төгрөгөөр хийж байсан...” гэх мэдүүлэг /хх 208-209/,

Гэрч Д.Одгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...А.Э  нь манайхаас анх зээл авахдаа ганцаараа ирж байсан. Харин зээлээ хаахдаа манайхаар өмнө нь үйлчлүүлж байсан Ганзориг гэх залуу болон өөр нэг хүнтэй хамт явж байсан. Тухайн залууг би танихгүй, Ганзориг, Эрдэнэцогт нарыг танина...” гэх мэдүүлэг /хх 210/, 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 203/, иргэний үнэмлэхийн хуулбар, Дундговь аймгийн Зотолмандал ХХК-ны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаар албан тоот /хх 138/, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000602317 дугаар гэрчилгээний хуулбар /хх 133/, Шинэ дэлхий ХХК-тай холбогдох баримтууд /хх 168-177/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Э  нь 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Зуун билэг дунд сургуулийн 201 тоот өрөөнд байрлах “Стар Кредит” банк бус санхүүгийн байгууллага дотор иргэн Ж.Ганхуягаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 63 тоотод байрлах 2 өрөө 51.61 м2 байрыг 90.000.000 төгрөгөөр бодож, байрны гэрчилгээ гарсны дараа зээлд хамруулж, үлдэгдэл төлбөрөө авна гэж итгүүлэн, байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан залилж, 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хохирогч Ж.Ганзоригийн “...Эрдэнэцогт байрны ордер гарсан гэж надад нэг ч удаа хэлээгүй, мэдээгүй байхад гэв гэнэт ордероо аль хэдийн нэр дээрээ гаргаад тэрийг өөр хүний нэр дээр шилжүүлээд надаас 30.000.000 төгрөг, банкнаас 60.000.000 төгрөгийг авсан байна...” гэх мэдүүлэг /хх 8-9/, хохирогч Ж.Ганхуягийн “...Эрдэнэцогт ах ипотекийн 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэнэ тэр байранд аав, ээжийг оруулах уу гэхээр нь зөвшөөрөөд би өөрөөсөө 25.000.000 төгрөг гаргаад, ах Ганзориг 5.000.000 төгрөг гаргаад дээрх мөнгийг нь өгсөн, сүүлд нь асуухад хамт банк бус санхүүгийн байгууллага дээр очоод зээлийг нь дарсан гэж байсан. Харин 5.000.000 төгрөгийг Эрдэнэцогтын дансруу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 12-13/, гэрч Ж.Янжинлхамын “...Тэр бичгийг Эрдэнэцогт гэдэг энэ байрыг надад зарсан хүн бичиж өгсөн. Чи Шинэ дэлхий ХХК-тай очоод гэрээ байгуул гэснээр Алтанхуяг гэх захиралтай нь уулзаад 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байр захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Гэтэл саяхан манайд Төрийн банкнаас хүмүүс ирээд энэ байр зээлийн барьцаанд хураагдана, зээл авсан хүн зээлээ төлөөгүй гэж хэлсэн. Бид нар өөрсдөө мэдээгүй байхад байрны ордер аль хэдийнээ өөр хүний нэр дээр шилжсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 21/, гэрч Л.Алтанхуягийн “...Тэгээд би Эрдэнэцогттой үл ойлголцох асуудал үүсээд байж байтал нэг мэдэхэд Эрдэнэцогт намайг шүүхэд өгсөн. Намайг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дуудаад шүүх хурал болсон. Хурал дээр Эрдэнэцогт угаасаа манайд хэлснээрээ бараагаа нийлүүлсэн юм чинь гэж бодоод нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд хэргийг хэрэгсэхгүй болоод шийдэгдсэн. Ингээд шүүгчийн захирамж гарсан учир би аргагүй байдалд ороод ордерыг нь Эрдэнэцогтын нэр дээр гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 23-24/, гэрч Г.Дагиймаагийн “...Эрдэнэцогт дээрх нисэхэд байрлалтай 2 өрөө байрыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Байраа шилжүүлж өгөөд тэрний маргааш нь банкны зээл гарсан юм. Тэгээд би 60.000.000 төгрөгийг зээлээ аваад хүнд өртэй байсан учраас өглөгөө өгөөд дууссан...” гэх мэдүүлэг /хх 29-32/, гэрч А.Нансалмаагийн “...нисэхийн байрны ордерыг эгчийн нэр дээр шилжүүлж өгөөд Төрийн банкнаас байр барьцаалж зээл авсан. Хэдэн төгрөгийг зээл авсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 34-35/, хохирогч Ж.Ганзориг болон гэрч А.Э  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 37-39/, гэрч Ж.Янжинлхам болон гэрч Л.Алтанхуяг нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 40-41/, дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №ХУ-219-344 дүгээр тайлан /хх 45-56/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 7/2153 тоот албан бичиг /хх 74/, Зотолмандал ХХК-тай байгуулсан Хас банкны зээлийн гэрээ, дансны хуулга /хх 76-88/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01780 дугаар захирамжийн хуулбар /хх 90-91/, Төрийн банкны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 19/1190 тоот албан бичиг /хх 93/, Стар кредит ББСБ-ын 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 2019/30 тоот албан бичиг, зээлийг гэрээний хуулбар /хх 95-99/, Дундговь аймгийн Зотолмандал ХХК-н Шинэ дэлхий ХХК-д гэсэн хоосон бланкны хуулбар /хх 112/, манай компани танай компанитай бартерын худалдаагаар Хан-Уул дүүргийн нисэх орчимд баригдсан орон сууцнаас 2 өрөө байрыг авахаар гэрээ байгуулан авсан билээ. Уг байрыг Жамбалсамбуу овогтой Ганзоригт шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна гэсэн гар бичвэр /хх 113/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 114-116/, Шинэ дэлхий ХХК болон иргэн Ж.Янжинлхам нарын хооронд байгуулсан “Шинэ дэлхий ХХК-ны Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “89” айлын шинэ орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх тухай 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №15-65 дугаар гэрээ” /хх 117-119/, шүүгдэгч А.Э ын  “...Дагиймаа эгч буцаж ирээд банкнаас зээл авах гэсэн чинь байрны ордер заавал миний нэр дээр байх шаардлагатай гэсний дагуу гэрээ хийж түр шилжүүлж өгсөн. Гэхдээ энэ байрыг Дагиймаад зарсан асуудал байхгүй. Татвар бага төлөхийн тулд гэрээний дүнг 10 сая төгрөгөөр хийж байсан...” гэх мэдүүлэг /хх 208-209/, гэрч Д.Одгэрэлийн “...А.Э  нь манайхаас анх зээл авахдаа ганцаараа ирж байсан. Харин зээлээ хаахдаа манайхаар өмнө нь үйлчлүүлж байсан Ганзориг гэх залуу болон өөр нэг хүнтэй хамт явж байсан...” гэх мэдүүлэг /хх 210/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч А.Э од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Энэ гэмт хэргийг улмаас учирсан хохирол болох 30.000.000 төгрөгийг шүүгдэгч А.Э оос гаргуулан хохирогч Ж.Ганхуягт 25.000.000 төгрөг, хохирогч Ж.Ганзоригт 5.000.000 төгрөгийг тус тус олгуулав.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч А.Э од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгин овгийн А.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э од 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э оос 30.000.000 /гучин сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Ганхуяг /ЗА85122318/-д 25.000.000 төгрөг, хохирогч Ж.Ганзориг /ЗА81042810/-т 5.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Э од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг талууд эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН