| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0208/Э |
| Дугаар | 741 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 268.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 741
2019 08 06 2019/ШЦТ/741
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Б.Бүжинлхам,
Гэрч Ц.Саранцэцэг,
Хөндлөнгийн гэрч Л.Мөнхбат, Л.Ганзориг,
Шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,
Шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос П.А-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт, Ж.О-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601000232 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, менежер, эдийн засагч мэргэжилтэй, “Номт панда” цэцэрлэгт эрхлэгч, “AC inspection Asia Assayers” ХХК-д оффис менежер ажилтай, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, П.А,
Монгол Улсын иргэн, 1961 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, , ам бүл 2, хүүгийн хамт ял шийтгэлгүй, Ж.О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч П.А нь өөрт холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосны төлөө хяналтын прокурор Ж.О-т Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Соната маркийн 5800 УНЕ улсын дугаартай автомашин дотор 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөгийн хахууль өгсөн,
Яллагдагч Ж.О нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа өөрийн хяналт тавьж байсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний төлөө тухайн хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдсан П.А-с 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Яаралтай түргэн тусламжийн орчим түүний эзэмшлийн Соната маркийн 5800 УНЕ улсын дугаартай автомашинд 1.000.000 төгрөгийн, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөгийн, нийт 1.800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 05 дугаар сард П.А-д холбогдох хэрэг миний хяналтанд ирсэн. 2015 оны 07 дугаар сард П.А шүүхээр орж 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн. Уг хэрэг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болж мөрдөн байцаалтанд буцсан. Хэрэгт Бат-Эрдэнэ прокурор хяналт тавьж байсан ба 2016 оны 09 дүгээр сарын эхээр мөрдөн байцаагчаас хэргийг өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгох санал ирсэн. Би мөрдөн байцаагчийн саналыг харгалзан 09 дүгээр сарын 16-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би Амаржаргалд эргээд холбоотой байгаарай гэж хэлсэн. 09 дүгээр сарын 27-28-ны үед хэргийг архивласан. Ингээд би П.А-тай ярихдаа хэрэгт хяналт тавьж дууссан гэж хэлсэн. 03-ны өдөр манай өрөөнд П.А орж ирэхэд бид хоёр энгийн зүйлийг ярьсан. Би хүүхэдтэйгээ хоёулаа байдаг, эхнэрээсээ салсан тухай хэлээд хоёулаа дотно харилцаатай байж болох уу гэх зэрэг яриа өрнөсөн. Энэ үед П.А утсаараа машины рулийн аппарат авах талаар яриад надад хандаж “би Буянт Ухаагаас явдаг, надад 15-тай ориг дугуй хэрэгтэй байна. Япон дугуй авах юмсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш явж авъя гэж хэлсэн. П.А надад дургүй байсныг би сүүлд нь мэдсэн. Би цаашид найз нөхдийн дотно харилцаатай байя л гэж бодсон. Би энэ дээр алдаа гаргасан байна. Техникийн зах дээр техник зардаг Чука гэх хүн рүү ярихад “маргааш хүрээд ир, би одоо хөдөө явж байна. Таны авах гэж байгаа дугуй, рулын аппаратыг хямдхан олоод өгье” гэж хэлсэн. Маргааш нь П.А-тай 1 сая төгрөгийн талаар ярьсан. Япон дугуй, запас дугуйтай 5 дугуй нь 1.000.000 төгрөг байдаг юм байна гэж хэлсэн. Надад ямар нэгэн байдлаар мөнгө аваад ир гэж ярьсан зүйл байхгүй. Би өөрөө мөнгийг нь нэмээд болгочихье гэж хэлж байсан. Өөрөө мөнгө нэмж өөртөө хахууль өгнө гэж байхгүй. Ингэж байсаар байгаад 16 цаг болсон. Би дотроо уулзах дургүй байгаа юм байна гэж бодсон. Би 16 цагт “Прокурор 2016” тестийн шалгалтай байсан болохоор П.А-тай холбогдоогүй. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Батбаатар, Ж.О хоёрыг дагуулаад техникийн зах гарсан. Би дугуйг асууж байгаад япон дугуйг 800.000 төгрөгийн үнэ ханштай байгааг мэдээд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр П.А-тай утсаар ярьсан. 1.000.000 төгрөгөөс 200.000 төгрөг хасаад 800.000 болгочихлоо гэж ярьсан байгаа. Энэ нь хахуулийн 1.000.000 төгрөг биш, дугуйны 800.000 төгрөгийн талаар ярьсан байдаг. 11 дүгээр сарын 03-ны өдөр манай өрөөнөөс гарсанаас хойш бид хоёрын дунд болсон яриаг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр Эрүүгийн Цагдаагийн газраас бичиж тэмдэглэсэн байдаг. 11 дүгээр сарын 07-ны өдөр уулзахаар болоод утсаар ярихад цаана нь хүүхэд дуугарч байсан. 16 цаг өнгөрөөд 17 цаг болох гэж байсан, техникийн зах хаах гэж байсан учир 11 дүгээр сарын 08-ны өдөр уулзахаар болсон. Миний машин эвдэрчихсэн байсан болохоор ирээд авчих гэж түүнд хэлсэн. Тэгээд намайг ирж аваад бид хоёр энгийн зүйлийг ярьсан. Миний санаж байгаагаар П.А Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх дээр ажилтай гэж байсан. Би бас ажлаа амжуулчихаад П.А-тай хамт явж дугуйгаа үзье гэж хэлсэн. Ингээд намайг ажил руугаа ороход 3 хүн баривчилсан. Авилгатай тэмцэх газарт миний биед үзлэг хийсэн. Миний биеэс 806.000 төгрөг гарч ирсэн. Автобусны мөнгө болох 2500 төгрөгийг тусад нь халаасандаа хийсэн байсан. 806.000 төгрөг миний өмсөж байсан пиджакны зүүн талын халаасанд байсан. Би хөндлөнгийн гэрч нарын хажууд энэ мөнгийг өглөө гэрээсээ гарахдаа Сэлэнгэ аймгийн Атараа гэх айлаас өвлийн идэшээ авах гэж гарсан мөнгө гэж хэлсэн. Мөн намайг гэрээсээ аваад гарсан гэдгийг манай эгч гэрчилнэ. Манай хүү тухайн үед 12 настай байсан. Би өөрийн эгч Саранцэцэгт манай хүүг 10 цагаас спортын төв ордонд дугуйланд хүргэж өгөөд, авчих гэж хэлсний дагуу манай эгч өглөө нь манай гэрт ирсэн байсан. Манай гэрийн Онгоны бумбан дээр байсан мөнгөнөөс эгчдээ 10.000 төгрөгийг өгөөд 806,000 төгрөгийг аваад гарсан. Энэ нь ямар учиртай юм бэ? гэхээр би Голомт банкны данснаас 600 долларыг аваад солиулахад 1.500.000 төгрөг арай хүрэхгүй мөнгө авсан. Энэ мөнгөнөөсөө 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар их дэлгүүрээс хүүдээ хувцас аваад үлдсэн мөнгө нь 800.000 төгрөг байсан. Би жил бүр идэш хоолоо авдаг. 2015 онд идэш авсан дансны хуулга хэрэгт байгаа. Надад П.А-д хэргийг чинь шийдвэрлэж өгнө гэж эсхүл хувийн байдлаар ярьж байсан зүйл байхгүй. 11 дүгээр сарын 03-ны өдөр анх удаа хувийн байдлаар харьцаж байсан. Ямар нэгэн байдлаар шантаачилсан зүйл байхгүй. Би дотно харилцаатай болъё гэж ярьж байсан нь үнэн, үүнийг П.А ч гэсэн мэдэж байгаа. Би уг хэргийг зохион байгуулалттайгаар хийж байгаа гэж бодож байна. Энэ нь Эрүүгийн Цагдаагийн газрын Ганбат, Сэргэлэн нар юм. Би Баярсайханы хэрэг дээр хяналт тавьж байгаад яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 2016 оны 09 дүгээр сараас эхлэн Эрүүгийн Цагдаагийн газраас Баярсайхан нарын үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болсон тогтоолыг ирүүл гэсэн бичиг ирсэн. 10 дугаар сарын 16-ны өдөр миний ажлын өрөөнд дадлагын оюутан Намсрай, Долгормаа нар байхад Ганбаяр, Сэргэлэнбаатар хоёр орж ирээд “ямар учраас Баярсайханы хэргийг хэрэгсэхгүй болгодог юм, бид нар хөдөлмөрөө үнэлүүлмээр байна” гэж надруу дайрч давшилсан. Тэгэхэд би 2 оюутнаа өрөөнөөс гаргаад тэр хоёрт гомдол саналаа гарга гэж хэлсэн. Тэр хоёрыг гарсны дараа би өрөөнөөсөө гарч туслах Мөнхнаран, орлогч Хасбаатар нарт энэ тухай хэлсэн. Маргааш нь Улсын Ерөнхий Прокурорын газрын дотоод хяналт шалгалтаас Баярсайханы хэрэг дээр танилцуулга ирүүл гэсэн. Би танилцуулга хүргүүлсэн. Үүний дараа “Өнөөдөр” сонинд нийтлэл гарсан. Би Авилгатай тэмцэх газарт очиход над руу дайрч, давшилаад байсан Сэргэлэнбаатар ирсэн байсан. 11 дүгээр сарын 07-ны өдөр Ганбаяр нь Авилгатай тэмцэх газарт намайг П.А-с 1.500.000 төгрөг авсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулна гэсэн ганцхан тогтоол явуулсан байсан. Ямар нэгэн материал, тайлбар мэдүүлэг авсан зүйл байхгүй байсан. “11 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн газарт” гэж хаягласан Амаржаргалын гараар бичсэн тайлбар нь 11 дүгээр сарын 08-ны өдөр бичсэн гэдэг нь ойлгомжтой. Яагаад гэхээр 11 дүгээр сарын 08-ны өдөр болсон үйл явдлын талаар бичигдсэн байсан. Тэр тайлбар дээр он, сар, өдөр байгаагүй. Би тэгж таамаглаж байгаа юм. 11 дүгээр сарын 07-ны өдөр материалаа өгсөн байхад 11 дүгээр сарын 08-ны өдөр П.А Эрүүгийн цагдаагийн газарт бичгээр тайлбар гаргаж байгаа нь утгагүй. 1.500.000 төгрөг өгсөн гэдгийг П.А мэдүүлсэн зүйл огт байхгүй. 1.500.000 төгрөг гэдэг хаанаас гаргасан тоо вэ? гэхээр энэ нь миний банкиар 600 долларыг солиулсан мөнгийг хэлээд байгаа юм. Биед, гэрт, ажил дээр гээд хаана ч гэсэн үзлэг, нэгжлэг хийсэн, намайг дагаад, хяналт тавьсан байсан учраас энэ хүний биеэс 1.500.000 төгрөг гарч ирнэ гэдгийг мэдэж байсан учраас Ганбат 1.500.000 төгрөгийн хахууль авсан гэж өргөдөл гаргасан. Ганбаяр, Сэргэлэнбаатар нар нь яагаад “хөдөлмөрөө үнэлүүлье” гээд байгаа юм гэхээр Баярсайханы хэрэг дээр эхний мөрдөн байцаагч Билгүүн нь Авилгатай тэмцэх газарт ажиллахаар явсан. Албаны дарга байсан Дамдинсүрэн мөн адил Авилгатай тэмцэх газрын Албаны даргаар дэвшсэн. Үүнээс болж над руу дайрч давшилсан нь үнэн. Миний ярьсан хэлсэн мэдүүлэг болгон нэртэй устай, эзэнтэй. Миний ярьсан мэдүүлэг анхнаасаа одоог хүртэл өөрчлөгдөөгүй. Миний хэргийг шалгахаар 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэг миний яриад байгааг маргаангүйгээр тогтоох бүрэн боломжтой байсан. 11 дүгээр сарын 04-ний өдөр П.А манай ажил дээр ирж мөнгө өгсөн үгүйг тогтоохын тулд камерын бичлэгийг шалгах хэрэгтэй байсан. Түргэн тусламжийн төвийн гарах хаалганы камер ажиллаж байсан. Нэгдүгээр эмнэлгийн өргөтгөлийн камер ч гэсэн байгаа. Энэ камерыг шалгахад л болно. П.А-ын машин 5800 гэсэн дугаартай. 11 дүгээр сарын 04-ний өдөр 5 дахь өдөр байсан. 5 дахь өдөр 5800 гэсэн дугаартай машин явахгүй, дугаарын хязгаарлалтай. Би “Алтай” хотхонд ажилтай гэж бодож байсан. “Алтай” хотхоноос Багшийн дээд хүртэл яваад ирэхэд төвийн бүх камерт бүртгэгдэх бүрэн боломжтой. Уг камерын бичлэгийг шалгах хэрэгтэй байсан. Мөрдөн байцаалт зөвхөн нэг талыг баримталсан. Миний бичгээр гаргаж өгсөн 3 хүсэлтийг өнөөдрийг хүртэл хангаагүй. 09 дүгээр сарын 07-ны өдөр албан тушаал түдгэлзүүлэх шүүх хурал болоод 10 дугаар сарын 06-ны өдөр шүүгчийн захирамж гарсан. Нэг сарын хугацаанд түдгэлзүүлсэн. 10 дугаар сарын 07-ны өдөр захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагааг хийгдээгүй учир түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгож би өөрийн ажлаа хийж эхэлсэн. Гүйцэтгэх ажиллагааны материал нь 11 дүгээр сарын 07-ны өдөр гэхэд байгаагүй. Бид өөрсдөө нэхэж байж авсан. Баярсайхан нарын хэрэг дээр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Яагаад гэхээр би эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол дээр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдсон баримтаар гэсэн байгаа. П.А-с 1.800.000 төгрөг авсан гэдэг хэрэг дээр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй. Гүйцэтгэх ажиллагааны материал 2017 оны 11 дүгээр сард гарч ирсэн. Шууд монтажилсан бичлэг байсан. Үүн дээр дугуй, техникийн зах гэдэг яриа шууд арилсан байсан. Хасаад үлдээсэн байгаа нь “би өөрөө мөнгө нэмээд болгочихье” гэдэг яриа л үлдсэн. Нууц ажиллагааны магадлагааг хасуулах саналыг гаргаж байна. Нууц ажиллагааны магадлагааг нөхөж гүйцэтгэх боломжгүй. Энэ гүйцэтгэх ажиллагааны материал нь миний өрөөнд орж ирж над руу дайрч байсан Сэргэлэнбаатар, Ганбат нарын оролцоотой хийгдсэн материал байсан. Энэ хэрэгт хувийн сонирхолтой, надад нөлөөлөх гэж оролдож байсан хүмүүсийн гүйцэтгэсэн гүйцэтгэх ажиллагааны магадлагааг нотлох баримтаас хасаж өгөхийг хүсэж байна. Би 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гарсан Хувьсгалт намын байр шатсан хэрэгт хяналт тавьж байсан. 07 дугаар сарын 01-ний өдрийн хэрэгт би яллах дүгнэлт үйлдэж байсны эцсийн хор нь юу байх вэ гэхээр Улсын Ерөнхий прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурор, Тамгын газрын дарга, дүүргийн прокурорт цагдаагийн хүмүүс томилогдсон. Үүнээс эхлээд надад аюултай нөхцөл байдал үүссэн. Миний хэрэг дээр хяналт тавьж байсан Энхболд дүүргийн прокурорын газар 6 сар ажиллаад Нийслэлийн прокурор руу шилжсэн. Надад ямар нэгэн үйлдсэн хэрэг байхгүй. Би бусдаас хахууль аваагүй. Миний хэрэг бол зохиомол” гэв.
Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаагч Мөнхцэцэгтэй сүүлд уулзахад “бүтэнсайн өдөр буюу амралтын өдөр над руу хүн залгаад Эрүүгийн цагдаагийн газраас ярьж байна гэж хэлснээ чи Амаржаргалыг шалгаж байсан билүү” гэхэд нь “би шалгаж байсан, хэрэг нь дууссан” гэж хэлэхэд “аан заа” гээд утсаа салгасан гэж надад хэлсэн. Тэгэхээр миний шалгагдаж байсан хэргийг ашиглаад энэ хүн дээр хэрэг үүсгэсэн байх гэж бодож байна. Надад Мөнхцэцэг байцаагч яах аргагүй тэгж хэлсэн. Хэрэг дуусахаас өмнө би Ж.О гуайтай шүүх хурал дээр тааралдсан. Мөн хэрэг шүүх рүү шилжиж байхад тааралдсан. Би миний хэргийг хэрэгсэхгүй болгоод өгөөч гэж хэлж байгаагүй. Бид хоёр удаан уулзалдаж байгаагүй, хальт таараад л өнгөрдөг байсан. 11 дүгээр сарын 08, 03, 04-ний өдөр гэж хэрэгт дурдсан байгаа. Надад ямар нэгэн шалгагдаж байсан хэрэг байхгүй. Миний хэрэг хоёр шатны прокуророор шалгагдаад дууссан байсан. Би ямар нэгэн хэрэгт шалгагдаагүй байхад энэ хүнд яах гэж хахууль өгөх юм бэ. Энэ талаар Давж заалдах шатны шүүх хуралд орсон гурван шүүгч “хэрэг шийдэгдээд дууссан байхад энэ хоёр хүн нэгэндээ яагаад хахууль өгөөд байгаа юм бэ, энэ хахууль мөн үү” гэж тодорхой хэлж, асууж байсан. Би хэн нэгэнд ямар нэгэн хахууль өгсөн зүйл байхгүй. Хамгийн гол нь би тэр үед ямар ч хэрэгт шалгагдаж байгаагүй. Намайг 11 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө Авилгатай тэмцэх газраас ирээд хүмүүс аваад явсан. Явж байхдаа миний хажууд сууж байсан Авилгатай тэмцэх газрын хүн “та хоёр уулзаад яваад байх хүн мөн үү” гэж хэлж байсан. Би хүн шүү дээ. Намайг Ж.О гэх хүнтэй уулзаж болохгүй гэж заасан хуулийн заалт байхгүй. Би ээж, 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Би чинь Монгол Улсын иргэн хүн. Яагаад миний ар гэр, бусад асуудал энд яригдахгүй байгаа юм бэ. Прокурор та ч гэсэн ингэж болохгүй шүү дээ. Миний эсрэг, намайг унагах гээд байгаа юм шиг надад санагдаж байна. Авилгатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхөд “авилгын хэрэгт холбогдсон хүнд өмгөөлөгч үнэтэй байдаг. Чи дийлэх юм уу? гэж асууж байсан. Ийм хэрэгт холбогдуулан Ж.О гэх хүнийг гүтгэхдээ яагаад заавал намайг оролцуулаад байгаа юм бэ, би Ж.От хахууль өгөөгүй” гэв.
Гэрч Ц.Саранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай дүү утсаар яриад “та манай хүүхдийг дугуйланд нь хүргээд өг” гэж хэлсэн. 07 цаг өнгөрөөгөөд дүүгийндээ очсон. Манай дүү ажилдаа явах гээд зогсож байсан. Онгоны хайрцагнаас мөнгө аваад надад 10.000 төгрөг өгөөд та таксигаар явчих гэж хэлсэн. Би байнга таксигаар явдаг юм. Тэгээд дүү үлдсэн мөнгөө пиджакны кармандаа хийгээд хар куртикаа өмсөөд гарсан. Манай дүү “идэшээ авна” гэж хэлсэн. Өнгөрсөн жил идэшээ 750.000 төгрөгөөр авсан болохоор нь дараагийн идэш нь 800,000 гаруй төгрөг л болох байх гэж бодсон. Би тоолж үзсэн зүйл байхгүй. Би бодохдоо 800.000 төгрөг байсан байх л гэж бодсон...” гэв.
Гэрч Л.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед энэ Ж.О гэх хүнээс биед байгаа зүйлсийг нь хурааж авсан. Тэгээд хажууд нь байгаа зүйлийг хараад гарын үсэг зурсан. 600.000-700.000 төгрөг байх шиг байсан. Идэшний мөнгө гэж хэлж байсан...” гэв.
Гэрч Л.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед Ж.Оаас мэдүүлэг авч байгаа юм шиг байсан. Би юу болсныг мэдээгүй, ойлгоогүй. Мөнгө төгрөг гаргасан байсан. Надад ямар мөнгө гэдгийг тайлбарлаагүй. Бичлэг хийж байсан. Би Ж.О гэдэг хүнийг огт танихгүй. Намайг дуудаж оруулж ирээд сууж бай гэж хэлсэн. Би хараад сууж байсан. Надад тухайн үед эрх, үүрэг танилцуулаагүй. Би бичиг баримтаа өгөхөд гарын үсэг зуруулсан. Би энэ хүнд холбогдох шүүх хуралдаанд Замын-Үүдээс Улаанбаатар хотод ирж буцсан унааны зардлын баримт, ажлаас чөлөөлөгдсөн баримт, цалингийн тодорхойлолт, нийт 543.800 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.
Эрүүгийн 201601000232 дугаартай хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хүний биед нэгжлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 18-24, 28-34 дүгээр хуудас/, гэрч Ц.Сувдаа /1хх-ийн 44 дүгээр хуудас/, А.Энхтайван /1хх-ийн 48-49 дүгээр хуудас/ нарын мэдүүлэг, П.А-ын Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргаж өгсөн мэдүүлэг /1хх-ийн 64-66 дугаар хуудас/, П.А-ын биед нэгжлэг хийсэн тухай тогтоол, тэмдэглэл, /1хх-ийн 102-10З дугаар хуудас/, П.А-ын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 78-84 дүгээр хуудас/, Ц.Сувдаагийн “Капитрон” банкны зээлийн дансны хуулга /1хх-ийн 94 дүгээр хуудас/, П.А-ын гар утасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 105-110 дугаар хуудас/, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 335, 336 дугаартай “яллагдагчийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай”, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1761 дугаартай “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолууд /2хх-ийн 103 дугаар хуудас, 5хх-ийн 236-240 дүгээр хуудас/, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 371 дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 381 дугаартай “гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолууд /5хх-ийн 241-246 дугаар хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/218 дугаартай “хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай” прокурорын тогтоол /5хх-ийн 247-248 дугаар хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/34 дугаартай “Прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол /5хх-ийн 249-250 дугаар хуудас/, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/4551 дугаартай албан бичиг /1хх-ийн 16 дугаар хуудас/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06/8077 дугаартай албан бичиг /1хх-ийн 17 дугаар хуудас/, нэгжлэг хийх тухай тогтоол /1хх-ийн 18 дугаар хуудас/, хүний биед нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 19-24 дүгээр хуудас/, эд мөрийн баримт, түүнийг хадгалах тухай тогтоол /1хх-ийн 35-36 дугаар хуудас/, П.А-ын “Авлигатай тэмцэх газарт” өгсөн тайлбар /1хх-ийн 85-88 дугаар хуудас/, П.А-ын “ХААН” банкны харилцах дансы хуулга /1хх-ийн 66 дугаар хуудас/, Ц.Сувдаагийн нэр дээрх “Капитрон” банкны зээлийн дансны хуулга /1хх-ийн 94-96 дугаар хуудас/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 100-101 дүгээр хуудас/, хүний биед нэгжлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 102-104 дүгээр хуудас/, эд зүйлд (гар утсанд) үзлэг хийсэн тухай тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 105-110 дугаар хуудас/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Т.Төгөлдөр-Анандын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар /1хх-ийн 111-116 дугаар хуудас/, А.Түвшин-Амгалангийн нэр дээрх Төрийн банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар /хх-ийн 117-119 дүгээр хуудас/, Төрийн банкны зарлагын мэдүүлгийн хуулбар /1хх-ийн 120 дугаар хуудас/, П.А-ын нэр дээрх ХААН банкны депозит дансны хуулга /1хх-ийн 121 дүгээр хуудас/, Ц.Сувдаагийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны хуулга /1хх-ийн 122 дугаар хуудас/, Капитрон банкны Ц.Сувдаагийн нэр дээрх тэтгэврийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх-ийн 124 дүгээр хуудас/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 125-149 дүгээр хуудас/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 152-153 дугаар хуудас/, нэгжлэг хийх тухай тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 224-233 дугаар хуудас/, үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 106-111 дүгээр хуудас/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 112, 159-160 дугаар хуудас/, эд мөрийн баримт түүнийг хадгалах тухай тогтоол /2хх-ийн 113 дугаар хуудас/, Скайтел ХХК-аас гаргаж өгсөн 90127772 дугаарын яриа, мессежны жагсаалт /2хх-ийн 180-182 дугаар хуудас/, Жи Мобайл ХХК-аас гаргаж өгсөн 98359835 дугаарын яриа, мессежний дэлгэрэнгүй жагсаалт /2хх-ийн 183-184 дүгээр хуудас/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бүртгэлийн хуулбарын хамт /Зхх-ийн 110-111 дүгээр хуудас/, ХААН банкнаас ирүүлсэн 1 ширхэг СD /1хх-ийн 152 дугаар хуудас/, Ж.О-ын гэрт болон ажлын албан өрөөнд нэгжлэг хийснийг баримтжуулсан СD 2 ширхэг /1хх-ийн 224 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /5хх-ийн 221 дүгээр хуудас/, Прокурорын зөвшөөрөлтэй явуулсан гүйцэтгэх ажиллагааны үр дүнгийн танилцуулга /Маш нууц 6хх-ийн 1-10 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр / Маш нууц 6хх-ийн 17-22 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /4хх-ийн 188-189 дүгээр хуудас/, Ж.О-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /4хх-ийн 191-192, 200, 215-221, 224-229, 248 дугаар хуудас/, П.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /4хх-ийн 230-247 дугаар хуудас/ зэрэг болно.
Улсын яллагчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 80 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт П.А-ын үйлдсэн “өөрт холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосны төлөө хяналтын прокурор Ж.О-т Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Соната маркийн 5800 УНЕ улсын дугаартай автомашин дотор 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөгийн хахууль өгсөн” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар,
Ж.О-ын үйлдсэн “Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа өөрийн хяналт тавьж байсан эрүүгийн 20935612 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний төлөө тухайн хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдсан П.А-с 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Яаралтай түргэн тусламжийн орчим түүний эзэмшлийн Соната маркийн 5800 УНЕ улсын дугаартай автомашинд 1.000.000 төгрөгийн, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөгийн, нийт 1.800.000 төгрөгийн хахууль авсан” гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дээрхи баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байна гэж шүүх үзлээ. Тухайлбал:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр Ж.О, П.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүй байна.
Тодруулбал авилга буюу хахууль өгөх гэмт хэргийн нэг шинж нь өгөгч, авагч талуудын харилцан сонирхол байдаг, өөрөөр хэлбэл хахууль өгч байгаа этгээдийн тавьж байгаа хүсэл, шаардлага байх бөгөөд хахууль авагч хахууль өгөгчийн хүсэлт болгосон санал шаардлагыг хүлээн авч гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийх, өөрт олгогдсон эрх хэмжээг зориудаар биелүүлэхгүй байх гэх зэрэг түүний ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэхгүй байх буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийдгээрээ нийгэмд аюултай үйлдэл бий болдог.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А болон Ж.О нарын субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй байна. Энэ нь П.А өөрт холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосны төлөө хяналтын прокурор Ж.О-т 1.800.000 төгрөгийн хахууль өгсөн гэх, Ж.О хяналтын прокуророор ажиллаж байхдаа өөрийн хяналт тавьж байсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний төлөө тухайн хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдсан П.А-с нийт 1.800.000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.
Эдгээр үйл баримт тогтоогдож буй эсэх болон ямар нотлох баримтуудыг үндэслэл болгож буй талаар тусгаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 7-т зааснаар нууц ажиллагааны магадлагаа, 6-р хавтаст хэргийн 222-238 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг нотлох баримтад тооцоогүйг дурдах нь зүйтэй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д ”Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.О-ын өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан “нууц ажиллагааны магадлагаа”-г ...ашиг сонирхлын зөрчилтэй мөрдөгч нар хууль бусаар нөхөн үйлдсэн нь нотлох баримт бэхжүүлэх, цуглуулах хуульд заасан журмыг зөрчиж авагдсан тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж тайлбарласан ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гар утсыг нууцаар чагнах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй байх тул нотлох баримтад үнэлэх үндэслэлгүй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно ” гэсэн заалтыг зөрчжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар нотолбол зохих байдал буюу шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүйн улмаас гэм буруутайд тооцоход эргэлзээ гарч байх тул шүүгдэгч Ж.Оыг хээл хахууль авсан, П.А-ыг хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.А энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.О энэ хэргийн улмаас 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт Ж.Оын биеэс хураагдсан 808.500 /найман зуун найман мянга таван зуун/ төгрөг, “Юнитель” ХХК-ийн 88484048 Ж.О гэсэн бичиглэл бүхий сим карт 1 ширхэг, “Мобиком” ХХК-ийн 95248466 дугаарын сим картны гэр 1 ширхэг, “Нокио” маркийн хар өнгөтэй гар утас 1 ширхэг, /дотроо 99038448 дугаартай/, “Нокио” маркийн хар өнгөтэй гар утас 1 ширхэг /дотроо 90127772 дугаартай/, “Самсунг” маркийн дэлгэгдэж онгойдог хар өнгийн гар утас сим картны хамт, цэнэглэгч 1 ширхэг, “Нокио” маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, “Жи мобайл” гэх бичиглэлтэй хар саарал өнгийн утас сим картны хамт, “VK Mobile” гэх бичиглэл бүхий дэлгэгдэж онгойдог гар утас 1 ширхэг, Е0349861, Е1690422 дугаартай гадаад паспорт 2 ширхэг зэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.От буцаан олгож, нэгжлэгийн үеийн бичлэг бүхий 2 ширхэг сиди, ХААН банкнаас ирүүлсэн 1 ширхэг сиди, нууц ажиллагааны магадлагаа, 16543, 16605 гэсэн тоо бичсэн 2 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсарган үлдээж, Ж.Оын нэр дээрх Голомт банкны 1205018685 тоот ам.долларын хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс 3.000 ам.долларын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 5, 36.6, 36.9, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.А-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан хахууль өгсөн гэмт хэрэг,
шүүгдэгч Ж.О-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т заасан хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож тэднийг тус тус цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4-т зааснаар гэрч Л.Ганзоригоос нэхэмжилсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 143.800 /зуун дөчин гурван мянга найман зуун/ төгрөгийг төр хариуцахыг дурдаж, ажилгүй байсан хугацааны цалинтай холбогдох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
3. Энэхүү цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт Ж.Оын биеэс хураагдсан гэх 808.500 /найман зуун найман мянга таван зуун/ төгрөг, “Юнитель” ХХК-ийн 88484048 Ж.О гэсэн бичиглэл бүхий сим карт 1 ширхэг, “Мобиком” ХХК-ийн 95248466 дугаарын сим картны гэр 1 ширхэг, “Нокио” маркийн хар өнгөтэй гар утас 1 ширхэг, /дотроо 99038448 дугаартай/, “Нокио” маркийн хар өнгөтэй гар утас 1 ширхэг /дотроо 90127772 дугаартай/, “Самсунг” маркийн дэлгэгдэж онгойдог хар өнгийн гар утас сим картны хамт, цэнэглэгч 1 ширхэг, “Нокио” маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, “Gmobile” гэх бичиглэлтэй хар саарал өнгийн утас сим картны хамт, “VK Mobile” гэх бичиглэл бүхий дэлгэгдэж онгойдог гар утас 1 ширхэг, Е0349861, Е1690422 дугаартай гадаад паспорт 2 ширхэг зэргийг шүүгдэгч Ж.От буцаан олгосугай.
4. Нэгжлэгийн үеийн бичлэг бүхий 2 ширхэг сиди, ХААН банкнаас ирүүлсэн 1 ширхэг сиди, нууц ажиллагааны магадлагаа, 16543, 16605 гэсэн тоо бичсэн 2 ширхэг сиди зэргийг хэрэгт тус тус хавсаргасугай.
5. Энэхүү цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.О, П.Анарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
6. Энэ хэргийн улмаас шүүгдэгч П.Ацагдан хоригдоогүй, шүүгдэгч Ж.О 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсон ба цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт Ж.Оын нэр дээрх Голомт банкны 1205018685 тоот ам.долларын хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс 3.000 ам.долларын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.О, П.Анарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ