Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 578

 

Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

ялтан Г.Отгонболд /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, С.Сүхболд,

ялтан Ж.Буянбаатар /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Отгонболд, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, ялтан Ж.Буянбаатар, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарт холбогдох 20832197 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигин овгийн Гонгорын Отгонболд, 1985 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 127-3-41 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЕЙ85091719/,

- Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн,

- Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 383 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58,1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 18 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 1 сарын хугацаагаар тогтоосон.

2. Шараван овгийн Жигжидийн Буянбаатар, 1985 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Баруун Буянт-Ухаа 3-5 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЕС85030211/,

- Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 93 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шүүгчийн 125 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 13 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 43 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 383 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, уг ялаас 4 жил 11 сар 4 хоногийн хорих ялыг биечлэн эдлээд, 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүгчийн 8 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 26 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан.

1. Г.Отгонболд нь 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Ж.Буянбаатартай бүлэглэж, давтан үйлдлээр, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин дээд сургуулийн дэргэд байрлах иргэн Ж.Отгон-Эрдэнийн орон байранд нэвтэрч 980.000 төгрөгийн эд хөрөнгийг нь хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

Ж.Буянбаатартай бүлэглэж, үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар 2008 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 8 дугаар гудамжны баруун хэсэгт байрлах дулааны төмөр хоолойн орчим иргэн А.Мөнхтогтохын цээжний баруун 8, 9 дүгээр хавирга, зүүн 4, 5 дугаар хавирга, өвчүүний дунд хэсэг, толгойн оройн хэсэг, чихний ар хэсэгт тус тус хутгалж санаатай алсан,

2. Ж.Буянбаатар нь 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Г.Отгонболдтой бүлэглэж, давтан үйлдлээр, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин дээд сургуулийн дэргэд байрлах иргэн Ж.Отгон-Эрдэнийн орон байранд нэвтэрч 980.000 төгрөгийн эд хөрөнгийг нь хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

Г.Отгонболдтой бүлэглэж, үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар 2008 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 8 дугаар гудамжны баруун хэсэгт байрлах дулааны төмөр хоолойн орчим иргэн А.Мөнхтогтохын цээжний баруун 8, 9 дүгээр хавирга, зүүн 4, 5 дугаар хавирга, өвчүүний дунд хэсэг, толгойн оройн хэсэг, чихний ар хэсэгт тус тус хутгалж санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Г.Отгонболдод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар, Ж.Буянбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Буянбаатар, Г.Отгонболд нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ж.Буянбаатарт холбогдох хэргээс 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 26 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Шараван овогт Жигжидийн Буянбаатар, Боржигон овогт Гонгорын Отгонболд нарыг бүлэглэж, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар Ж.Буянбаатарыг 18 жил хорих ялаар, Г.Отгонболдыг 16 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор Г.Отгонболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журмлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 16 жил хорих ял дээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаартай магадлалаар оногдуулсан 6 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдэлсэн 4 жил 8 сар 28 хоногийн хорих ялыг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Отгонболдыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Буянбаатарт оногдуулсан 18 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Г.Отгонболдод оногдуулсан 22 жил 1 сарын хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ж.Буянбаатарын цагдан хоригдсон 964 хоногийг, Г.Отгонболдын цагдан хоригдсон 1027 хоногийг тус бүрийн биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, Ж.Буянбаатар нь хохирогч Ж.Отгон-Эрдэнэд төлөх төлбөргүйг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бор хүрэн өнгийн товч 1 ширхэг, “VATANG” гэсэн бичигтэй шаргал өнгийн тунгалаг, шилтэй, эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл 1 ширхэг, “NIVEA” гэсэн бичигтэй цайвар ягаан өнгийн шилэн савтай, эмэгтэй хүний уруул өнгөлөгч 1 ширхэг, цагаан саарал өнгийн гадартай гоо сайхны харандаа 1 ширхэг, нэг удаагийн цаасан аяга 1 ширхэг, хэлхээтэй түлхүүр 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар талийгаачийн толгойноос авсан үс болон жолоочийн хажуу талын суудал, автомашинаас авсан нийт 24 ширхэг /боодол/ гэх үсийг хэрэгт хавсарган үлдээж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Отгонболдоос 530.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Отгон-Эрдэнэд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Аюушцэрэнгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөлөөгч нь уг хэрэгтэй холбоотой хохирлын баримтаа бүрдүүлэн нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс гаргуулахаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Ж.Буянбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Буянбаатар миний бие 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр анх тус хүн амины хэргийн улмаас сэжигтнээр татагдаж, Дорноговь аймгийн Сайншанд сумаас баривчлагдан цагдан хоригдсоноос хойш өнөөдрийг хүртэл уг хүн амины хэрэгт шалгагдаж улмаар удаа дараа яллагдаж гэмтэн болж байгаад туйлын их гомдолтой байна. Учир нь Г.Отгонболд нь намайг уг хүн амины гэмт хэргийг үйлдсэн хэмээн гүтгэж, намайг дээрхи гэмт хэргийг гардан үйлдсэн мэтээр худал мэдүүлгүүд зохион мэдүүлдэг. Г.Отгонболд нь үргэлж худал мэдүүлэг өгдөг болох нь өөрийнх нь өгсөн олон удаагийн тогтворгүй, зөрүүтэй мэдүүлгүүдээс тодорхой харагддаг билээ. Тухайлбал Т.Отгонболд нь анх сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ 2008 оны цагаан сараар хаана, юу хийж явсан талаар асуусан мөрдөн байцаагчийн асуултанд тэрээр “тухайн үеийн цагаан сараар Ж.Буянбаатар бид хоёр Дорноговь аймгийн айраг суманд Буянбаатарын ээж Пагмын ажиллуулдаг жоншны газар нь жонш олборлож байгаад 2008 оны 3 дугаар сарын 8-нд Говьсүмбэр аймгаас тухайн үед дээрмийн хэргээс оргож явсан хэргийн улмаас баригдсан” гэх буюу “Улаанбаатар хот руу яваагүй” гэж мэдүүлсэн байдаг. Дээрхи мэдүүлгийг Г.Отгонболд нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны хүртэл өгч мэдүүлсэн буюу бид хоёрыг нүүрэлдүүлэн байцаах хүртэл өгсөн юм. Харин нүүрэлдэж байцаалт өгсөнөөс хойш буюу анх яллагдагчаар өгсөн мэдүүлгээ гэнэт өөрчилсөн бөгөөд намайг дээрхи хүн амины гэмт хэргийг үйлдсэн болгож өөрчлөн, Г.Отгонболд нь өөрөө огт оролцоогүй, зөвхөн “Ж.Буянбаатарын нөлөөнд автсан, айж цочирдсон” хэмээн мэдүүлсэн байдаг. Тухайн үед Нийслэлийн цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нар болох хошууч Мэндбаяр, хошууч Товуудорж, хошууч Очиржанцан, ахмад Бишрэлт нар нь бараг өдөр бүр цагдан хорих 461 дүгээр анги дээр ирж Ж.Буянбаатар надаас өмгөөлөгчгүйгээр байцаалт авдаг байсан. Миний бие анх мэдүүлэг өгч эхлэхдээ л өөрийнхөө болон Г.Отгонболдын хаана, юу хийж явсан талаараа үнэн зөвөөр тогтвортой мэдүүлэг өгсөн юм. Мөн уг хүн амины гэмт хэрэгт намайг сэжигтнээр байцааж байсан дээрхи нэр дурдагдсан мөрдөн байцаагч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг удаа дараа ноцтой зөрчиж байсан бөгөөд намайг хэл үгээр доромжилж, дарамталж, хөтөлж байцаасан. Нэг хэрэгт шалгагдаж буй Г.Отгонболдтой хууль бус аргаар нүүрэлдүүлж байцаасан зэрэг нь уг гэмт хэргийг дэндүү ээдрээтэй буюу намайг хүн амины гэмт хэрэг үйлдсэн мэт болгож, нөгөө талаар улсын яллагч, хяналтын прокурорт яллах дүгнэлт үйлдэх нөхцөл бүрдүүлж буй нь хэт нэг талыг барих буюу яллах талыг баримталж байгаад маш их гомдолтой байна. Учир нь намайг анх байцаасан дээрх нэр дурдагдсан мөрдөн байцаагч нар нь “чи 2008 оны цагаан сараар Улаанбаатар хотод байсан гэдгээ юугаар, яаж нотлох юм бэ, энэ яриад байгаа зүйлсээ Г.Отгонболдтой нүүрэлдээд хэлж чадах уу” гэх зэргээр үргэлж асуудаг байсан юм. Миний бие Улаанбаатар хотод 2008 оны цагаан сараар Г.Отгонболдын хамт байсан гэдгээ нотлохын тулд сар шинийн нэгэнд эд зүйлс хулгайлсан айлаа болон хоноглосон буудал, траншейн буюу дулааны хонгилд хоноглож байсан гэдгээ бүгдийг нь хэлж ярьж, зааж өгч байсан. Гэтэл яг нүүрэлдэн байцаалт өгдөг өдөр дээрхи нэр бүхий мөрдөн байцаагч нар нь намайг мөрдөн байцаалтын тусгай өрөөнд оруулаад “за Ж.Буянбаатараа, чи одоо Г.Отгонболдтой нүүрэлдэн байцаалт өгөх болно. Нүүрэлдэхдээ Г.Отгонболдын уурыг дээд цэгтээ тутал нь хүргээд, бидэнд яриад байгаа зүйлсээ тэр чигээр нь нэг ч үг орхигдуулалгүй яриарай. Тэгж чадна биз дээ, үнэхээр чиний хэлээд байгаа чинь үнэн л юм бол одоо л харагдана. Бас Г.Отгонболд ямар нэг юм хэлнэ, тэгээд л чамайг дүгнэнэ ойлгов уу” гэж хэлээд намайг нэг өрөөнд ор гэж заасан ба хошууч Мэндбаяр, Товуудорж, ахмад Бишрэлт нар өөр өрөөнд үлдсэн. Би заасан өрөөнд нь ороход хошууч Очиржанцан байцаагч, Отгонболдын хамт сууж байсан. Тэгтэл байцаагч Очиржанцан надаас шууд асуулт тавьж эхэлсэн. Уг асуултууд нь “...Ж.Буянбаатараа, Г.Отгонболд та хоёр 2008 оны цагаан сараар хаана байсан бэ” гэж асуухад нь би хариулахдаа “тэр үед бид хоёр Улаанбаатар хотод байсан ба Г.Отгон-Эрдэнийн гэрээс эд зүйлс авсан болон зочид буудалд хоносон, траншейнд хоносон, цагаан сарын шинийн нэгэнд айлаас эд зүйлс хулгайлсан” зэргээ нэг бүрчлэн ярьтал байцаагч Очиржанцан нь Г.Отгонболдоос “Ж.Буянбаатарын ярьж байгаа үнэн үү” гэж асуутал Г.Отгонболд хэсэг түгдэрсэнээ “Ж.Буянбаатараа чи бид хоёр тэр үед хот яваагүй биз дээ, Дорноговь аймгийн айраг суманд ээжийн чинь жоншны газар л бууз салаатыг нь хийгээд байж байсан биш бил үү” гэх зэргээр мэдэн будилж эхлэхээр нь миний бие байцаагч нарын хэлж өгсөнчлөн шууд уурыг нь хүргэе гэж бодоод Г.Отгонболдын өөдөөс нь “чи муу худалч новш минь хэрэг төвөг хийсэн юм бол үнэнгээ хэлээч, яачихсан болоод ингэж мэдэн будилж худлаа яриад байгаа юм бэ” гэхэд байцаагч Очиржанцан нь “за Ж.Буянбаатараа боллоо, одоо явж болно” гэж хэлээд намайг гаргасан. Гэтэл Г.Отгонболд нь аргагүйн эрхэнд мэдүүлгээ өөрчилж, улмаар надад хорсож намайг уг хүн амины гэмт хэргийг үйлдсэн болгож мэдүүлсэн. Миний хэлсэн бүх зүйлийг тэр чигээр нь мэдүүлж байснаа яг 2008 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө буюу өөрийнхөө гарч явсан хэсэг дээр “Ж.Буянбаатар надтай хамт явсан” болгон өөрчлөөд бас намайг “шинийн нэгний өдөр айлаас бүхэл бүтэн хонины ууц хулгайлсан ба зочид буудалд очоод архиа уугаад согтож унтаад босоод иртэл Ж.Буянбаатар хар иштэй хутгаар мах идээд сууж байснаа хоёулаа танай аавынд очиж золгоё” гээд цуг явсан мэтээр ямар ч авцалдаагүй худал мэдүүлсэн ба маш олон удаа зөрүүтэй, тогтворгүй мэдүүлэг өгсөн байдаг. Ингэж ярьж мэдүүлж байсан атлаа мөрдөн байцаагчийн асуусан “чи үнэхээр өөрөө уг хэргийг үйлдээгүй, Ж.Буянбаатар үйлдсэн юм бол урьд нь яагаад хоёр сар гаран болоход энэ талаар хэлээгүй юм бэ” гэж асуухад “Ж.Буянбаатар бид хоёр хар багын найзууд ба Ж.Буянбаатарыг өөрөө хийсэн хэргээ хүлээх байх гэж бодсон юм” гэж мэдүүлдсэн. Тэгсэн атлаа өөрт нэг мэдүүлэгтээ Ж.Буянбаатар нь “намайг байнга дарамталдаг ба үргэлж дарамталдаг, зоддог, хэрвээ уг хэргийн талаар цагдаад хэлэх юм бол хоёулаа 25 жилийн ял авна шүү дээ” гэх зэргээр дандаа худал мэдүүлэг өгдөг. Мөн миний төрсөн өдрөөр буюу 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр миний бие Ж.Буянбаатар нь Г.Отгонболдыг тахир соёот дахь хорих 429 дүгээр ангид ял эдэлж байхад нь гар утсаар холбогдож “нөгөө хэргийн чинь талаар цагдаа нар мэдчихсэн юм шиг байна. Юу ч болсон мэдэхгүй чигээрээ л байгаарай” гэсэн утгатай зүйлс ярьсан мэтээр худал мэдүүлсэн. Энэ нь ч ор үндэсгүй бөгөөд худал яриад байгаа нь мөн л тогтоогддог. Учир нь тухайн үед Г.Отгонболд нь үнэхээр гар утастай байсан бөгөөд над руу болон найз нөхөд рүүгээ ярьдаг талаар нь миний бие анх мэдүүлэг өгөхдөө л энэ талаар хэлж, мэдүүлж байсан. Гэхдээ Г.Отгонболдын хэлж, мэдүүлсэн шиг тийм зүйл огт байхгүй. Гэтэл хяналтын прокурор Н.Мөнхцэцэг нь яллах дүгнэлтдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт дээрхи мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд авч хэлэлцэн намайг яллаж буй нь хууль бус үйлдэл ба үндэслэлгүй нотлох баримт юм. Учир нь Г.Отгонболдын болон миний найз нар болох Б.Батдэмбэрэл, Г.Эрдэнэбаяр нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болох Батдэмбэрэлийн “Г.Отгонболд нь Ж.Буянбаатартай утсаар ярьж байсан. Г.Отгонболд хааяа найзуудтайгаа утсаар залгаж ярьдаг байсан. Хэргээ задлана, намайг чирнэ гээд байна, одоо яах вэ, Г.Отгонболд намайг чирэх юм биш биз гэж хэлж байсан. Тухайн үед миний санаж байгаагаар Түвшинбат, Ганзориг хоёр байсан. Бид нар “Оргил” худалдааны төвийн ойролцоо явж байсан” гэж мэдүүлдэг, Г.Эрдэнэбаярын “2013 оны 3 дугаар сарын 2-ны өдөр буюу найз Ж.Буянбаатарын төрсөн өдрөөр Ж.Буянбаатар, Батдэмбэрэл нартай хамт Ж.Буянбаатарын гэрт архи хувааж уун хоол идчихээд бид бүгд гарцгаасан” гэсэн хоёр мэдүүлэг байдаг. Үнэхээр 2013 оны миний төрсөн өдрөөр буюу 3 дугаар сарын 2-ны өдөр Батдэмбэрэл, Эрдэнэбаяр, Ганзориг, Түвшинбат бид нар хоолны газар сууж байхад Г.Отгонболд нь ганц худаг буюу цагдан хорих 461 дүгээр ангиас гар утсаар залгаж яриад “найз нь   12 жилийн онцгой дэглэмтэй ял авчихлаа, яаж ийж байгаад хэргээ задалчихмаар байна, яах вэ” гэж ярьж байсан. Гэтэл мөрдөн байцаагч Очиржанцан нь дээрхи хоёр найзаас мэдүүлэг авахдаа 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдөр буюу Ж.Буянбаатарын төрсөн өдрөөр хаана байсан, юу хийж байсан талаар асуухдаа он зөрүүлж асуусан байдаг. Тухайлбал 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдөр миний төрсөн өдрөөр дээрхи хүмүүс хамт байсан нь үнэн ба Г.Отгонболд утсаар ярьсан нь ч үнэн юм. Харин 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр миний төрсөн өдрөөр бол Батдэмбэрэл огт байгаагүй ба Эрдэнэбаяр, Түвшинбат, Ганзориг, Эрдэнэбилэг нар л байсан юм. Гэтэл мөрдөн байцаагч Очиржанцан нь Батдэмбэрэл, Эрдэнэбаяр нараас асуулт тавихдаа бүхэл бүтэн нэг жилийн өмнөх буюу 2013 оны төрсөн өдөртэй андуурч, хольж байсан байдаг. Миний бие байцаагч Очиржанцанд хандаж “та 2013 он гээд асуучихсан байна шүү дээ, гэтэл “Г.Отгонболд чинь төрсөн өдрийн талаар асуудал ярихдаа 2014 оны асуудал ярьдаг шүү дээ, энэ хүмүүс чинь 2013 оны гэж асуухаар 2013 оны зүйл ярина шүү дээ” гэтэл “за тэгж байгаад засчихна, дахиад Дорноговь орох ажил байгаа, тэгэхдээ дахин байцаахаас” гэж хэлж байсан. Тухайн үедээ миний бие нэг их ач холбогдол өгөлгүй орхисон юм. Мөн танилцсан болоод л гарын үсгээ зурсан. Гэтэл улсын яллагч дээрх асуудалд хэтэрхий дөвийлгөн авч хэлэлцэж буйд гомдолтой байна. Учир нь уг хүн амины хэргийг 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр сэргээх хүсэлтийг прокурорын газарт гаргасан байдаг. Гэтэл миний бие 2014 оны 3 дугаар сард ба 3 дугаар сарын 2-ны өдөр яаж уг хэргийн талаар мэдэж, Г.Отгонболдын хэлсэнчлэн түүн рүү утсаар холбогдож “нөгөө хэргийн чинь талаар цагдаа нар мэдчихсэн юм шиг байна. Юу ч болсон мэдэхгүй чигээрээ л байгаарай” гэж хэлэх вэ. Тийм бол Нийслэлийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын цагдаа нар юм уу, прокурорын газраас надад хэлсэн болж таарах гээд байна. Миний бие 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр баригдаж ирэх хүртлээ ийм хэрэг гарсан гэж төсөөлөөгүй явсан. Мөн Г.Отгонболд нь арай дэндүү худал хэлж, дуртай үедээ худал мэдүүлэг өгч байгаа нь дэндүү харамсмаар байна. Тухайлбал сая сүүлд болсон 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанд хүртэл миний нодилон жил хүнтэй тоглоод бичиж байсан захиаг хүртэл гаргаж ирэн “Ж.Буянбаатар намайг байнга доромжилдог, одоо бүүр толгойлогчоо гэж бичээд байгаа” гэж хэлж байсан. Миний бие анхнаасаа л сэжигтнээр байцаагдаж байхдаа намайг Г.Отгонболдтой шинийн нэгний орой хамт яваагүй, траншейнд хоносон гэдгийг гэрчлэх гэрчийг эрж олуулах хүсэлтийг удаа дараа мөрдөн байцаагч нарт гаргаж байсан боловч миний хэлсэнийг үл тоож “чиний тэр хэлээд байгаа хоёр траншейны архичид чинь энэ олон жил өнгөрчихөөд байхад юу боллоо гэж амьд байх юм, байлаа гэхэд хаа байсан 6, 7 жилийн өмнөх юмыг яаж санах юм бэ” гээд миний гаргасан хүсэлтийг авч хэлэлцдэггүй байсан. Сүүлд нь буюу 2015 онд Улсын Дээд шүүхийн тогтоолоор уг хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцахад нь миний бие дахин хүсэлт гаргаж Билгээ гэх 45-48 насны баруун бил үү зүүн нүдэндээ үүл хурсан мэт нүдтэй намхавтар биетэй эрэгтэй хүнийг болон хамт байсан эмэгтэй хүнийг нь ч тодорхой дүрслэн хэлж олуулах хүсэлт гаргасан. Гэтэл мөрдөн байцаагч хошууч Очиржанцан нь өөрийнхөө хийх үүрэгт ажлаа хийхийн оронд миний төрсөн ээж Ш.Пагмаар дээрхи шинж тэмдэг бүхий хүмүүсийг эрж олоодох гэж хэлсэн байдаг. Миний ээж Пагма нь өндөр настай хөгшин хүн байдаг бөгөөд хот газар мэдэхгүй, хүн танихгүй. Бараг таарсан хүн болгоноосоо “Билгээ” гэх 45-48 насны хүнийг асууж явсаар төмөр зам хавиас Д.Бэлэгбат гэх хүнийг олсон байдаг. Тухайн үед ээж Пагма нь уг Д.Бэлэгбат гэх хүнийг яг мөн байна гэж бодоод байцаагчийн хэлсэнчлэн цуг 2008 оны цагаан сарын шинийн нэгэнд хамт байсан нь тогтоогдвол танай хүү гарна гэж хэлсний дагуу уг Д.Бэлэгбат гэх хүнээс “та миний хүү Ж.Буянбаатартай хамт байсан гээд хэлээд өгөөч” гэж гуйсны дагуу Д.Бэлэгбат,  Хүүхэнбаатар нар нь миний ээжийг өрөвдөөд Ж.Буянбаатар надтай цагаан сарын шинийн нэгэнд хамт байсан болж мэдүүлсэн байдаг. Тухайн үед миний бие Ж.Буянбаатар нь цагдан хоригдож байсан бөгөөд “нөгөө гэрчийг чинь олсон, энэ зураг нь мөн үү” гэж мөрдөн байцаагч Очиржанцан нь надад гар утсан дээр дарсан бүдэгхэн зураг үзүүлсэн. Миний бие уг зургийг хараад төстэй байхаар нь “мөн юм шиг байна” гэж хэлсэн. Тухайн үед миний бие “ашгүй дээ, гэрч маань олдож дээ” гэж баярлаж явснаас цаашгүй ба цагдан хоригдож байх хугацаандаа Д.Бэлэгбат гэх хүнтэй нэг ч удаа уулзаж үзээгүй. Харин 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр батлан даалтад гараад нөгөө Д.Бэлэгбат гэх хүнд баярласан талархаснаа илэрхийлэх гээд олоод очтол шал өөр хүн байсан. Миний бие байцаагчид “нөгөө Д.Бэлэгбат гээд байгаа гэрч чинь биш байна шүү дээ, сүүлд нь янз бүрийн юм болвол яах юм бэ, жинхэнэ Билгээг олуулмаар байна” гэхэд “тэгвэл хүсэлтээ бичгээр гарга” гэж хэлсэний дагуу миний бие хүсэлт гаргаж Билгээ гэх нэртэй хүнийг хайж явсан ба Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу 120 мянгат хавиар хог, лааз түүдэг хүмүүсээс асууж сураглахад “Билгээ гэх хүн 2013 онд нас барсан юм аа, та нарын яриад байгаа хүн бараг мөн байх. Энэ хавиар хог, лааз түүдэг байсан ба хамт амьдардаг хүүхэнтэйгээ явдаг байсан юм. Нөгөө хүүхэн нь ч харагдахаа больсон” гэж 2, 3 хүн ярьж байсан юм. Ингээд миний бие байцаагчид “одоо яах вэ” гэж хэлтэл “би энэ талаар тэмдэглэл хөтөлж хавтаст хэрэгт хавсаргаж хийнээ. Өөр арга байхгүй, ядаж бүтэн нэр болон нас барсан өдрийг нь мэдсэн бол цагдаагийн архиваас хайж болох л юм. Тийм болохоор өөр ямар ч арга байхгүй” гээд эрэл мухардаж буцсан юм. Мөн гэрч гэгдэх С.Алтангэрэл гэх хүний хавтаст хэргийн материалд сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь Т.Отгонболдын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдтэй их төстэй байдаг нь “энэ хэдэн хүн хамт явсан юм биш байгаа” гэх хардалт төрүүлдэг. Гэтэл яагаад прокурорын газраас С.Алтангэрэл  болон Бадрал нарыг уг хүн амины хэрэгт хамааралгүй болгож хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байдаг. Учир нь С.Алтангэрэл нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “би уг гэмт хэргийн талаар анх цагдан хорих байранд байхдаа хүмүүсийн хоорондоо ярьсан ярианаас мэдэж авч, өөрөө хийж үйлдсэн болж мэдүүлсэн” гэдэг. Тэгвэл С.Алтангэрэл нь өөрөө биш юм аа гэхэд уг хүн амины хэргийн талаар мэддэг, эсвэл хэргийг үйлдсэн хүн нь түүнтэй хамт хоригдож байсан гэх хардлага төрдөг. Тэгсэн атлаа огт байгаагүй намайг чухам яагаад өдийг хүртэл ямар нотлох баримтад үндэслэн яллаад байгааг гайхаж байна. Зөвхөн Отгонболдын олон удаагийн худал, тогтворгүй мэдүүлэгт үндэслэн намайг яллаад байгаа нь дэндүү шударга бус ба хууль бус үйлдэл юм. Миний бие уг хүн амины гэмт хэрэгт хэлмэгдсэний улмаас маш их зүйлээр хохирч байна. Тухайлбал миний ар гэрийн байдал туйлдаж гүйцсэн бөгөөд нэн ядуу өрхийн тоонд ортлоо доройтсон. Миний аав жигжид нь Монгол Улсын төмөр замд насаараа ажилласан ба 36 жил ажиллаад 2002 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Одоогоор хоёр нүд нь хараагүй бөгөөд бусдын асрамжид байдаг. Мөн миний ээж Пагма нь өндөр настны тэтгэвэрт ба группэд байдаг. Миний аав Жигжидийг асрахын хажуугаар Дорноговь аймгийн төмөр замын вокзал дээр оройны вагонуудад хоол цай хийж заран амьжиргаа залгуулдаг. Миний бие хэдийгээр урьд өмнө нь 4 удаагийн ял шийтгүүлсэн боловч өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэг хүндрэл учруулж үзээгүй. Энэ удаад ч мөн адил болсон явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн ба ямар ч хүндрэл бэрхшээл учруулаагүй юм. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, надад холбогдох хүн амины хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Ялтан Г.Отгонболд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Отгонболд миний бие Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Харин Г.Отгонболд миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж байгаа нь хуулийн үнэн бодит нөхцөл байдалд нийцээгүй байгаа тул гомдол гаргаж байна.

Г.Отгонболд миний бие 2008 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө найз Ж.Буянбаатарын хамт Бөхийн Өргөөний замын эсрэг талын Сансар зочид буудлаас гарч төв замаас жижиг цагаан өнгийн такси барьж Г.Отгонболд миний бие аавынд очих зам заахын тул автомашины урд сууж, Ж.Буянбаатар ард сууж 3, 4 дүгээр хорооллын хойд талын Зүүн нарангийн замаар өгсөөд дөнгөж гүүр гараад явж байхад Ж.Буянбаатар нь ахаа 2000 төгрөг өгчихье гэтэл жолооч ах “та хоёр ийм байсан юм бол яах гэж такси барьсан юм” гээд хоорондоо маргалдсан. Тэгтэл Ж.Буянбаатар нь жолоочийн хүзүү хавьд нь цохиод авах шиг болоход автомашин огцом тоормозлоод зогссон. Ж.Буянбаатар автомашинаас бууж жолоочийн талаар ирж хаалгыг нь онгойлгоод түүний цээж рүү 2-3 удаа цохиод авсан. Миний бие тухайн үед Ж.Буянбаатарыг жолооч ахыг хутгалж байна гэж үнэхээр бодоогүй юм. Дээрээс ирж явсан автомашины гэрэлд хутга барьсан байхыг хараад Ж.Буянбаатарыг “яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд намайг “дуугүй бай” гээд орилоод байсан. Миний бие мөрдөн байцаалтын явцад болсон хэрэг явдлыг хуулийн дагуу үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн болно. Г.Отгонболд миний биеийг Ж.Буянбаатартай урьдчилан үгсэн тохирч хүний амь нас санаатайгаар хамтарч үйлдээгүй гэдгийг мөрдөн байцаалтын шатанд гэрч нар болон Ж.Буянбаатарын өөрийнх нь өгсөн байцаалтууд хамааралгүй гэдгийг нотлож байна. Миний бие тухайн цаг үед Ж.Буянбаатарыг хүний амь нас хөнөөснийг цаг алдалгүй мэдээллэж чадаагүй учир нь Ж.Буянбаатар бид хоёр Дорноговь аймагт эрүүгийн гэмт хэрэгт холбогдоод оргон зайлж явсан багын найзыгаа өрөвдөөд Ж.Буянбаатараас айгаад хэлж чадаагүй нь миний буруу байсан. Одоог хүртэл чин сэтгэлээсээ харамсаж явдаг. Гэрч үнэхээр хамгийн харамсалтай нь чин шударга бус зан чанар гаргаж мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Буянбаатар зааж хэлж байгаа субъект бүгдээ санаатайгаар мушгин гуйвуулах ба өөр өөр гэрч гаргаж худал мэдүүлж байгаа нь доорхи нэр бүхий гэрч нарын мэдүүлгээс нотлогдож байгаа болно.

1. Г.Отгонболд миний биеийг автомашин барьдаг гэж гүтгэснийгээ 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн анхан шатны шүүх хурал дээр Т.Ууганбаяр мэдэж байгаа гэж худал ярьдаг. Тухайн худал ярьсан зүйл нь нотлогдоод ирэхээр Г.Эрдэнэбаяр гэрчилнэ гэж дахин худал ярьдаг юм.

2. Ж.Буянбаатар нь 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Г.Отгонболд надтай огт яриагүй мэтээр байцаалт өгсөөр байсан. Гэтэл “Жи-Мобайл” утасны яриа хоорондын лавлагаа гарч ирж худал яриад байгаа нь нотлогдоод ирэхээр ярьсан байж магадгүй гэж үнэнгээ хүлээдэг юм.

3. Ж.Буянбаатар нь 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн шүүх хурал дээр хохирогч Ж.Отгон-Эрдэнийн гэрээс авсан чемодантай эд зүйлсийг траншейнд аваачиж орхисон мэтээр худал байцаалт өгдөг юм. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Отгон-Эрдэнийн гэрээс авсан чемодантай эд зүйлсийг авах гэж дахин “Сансар” зочид буудалд очсон мэтээр худал ярьдаг.

4. Т.Ууганбаяр нь мэдүүлэгтээ Ж.Буянбаатар нь би наана чинь хутгалуулчихаад үхэх гээд хэвтэж байна, хаана байгаа талаараа ярихгүй худлаагаасаа согтуурхаж байгаад утсаа салгачихлаа гэсэн байдаг. Гэтэл Ж.Буянбаатар нь тухайн цаг үед хэнд ч хутгалуулаагүй болно.

5. Хохирогч Ж.Отгон-Эрдэнэ мэдүүлэгтээ Ж.Буянбаатар над руу утсаар залгаж ярихдаа уучлалт гуйгаад маргааш юмнуудыг чинь аваачаад шидчихье гээд хэлж байсан ба бид хоёр хүн алчихлаа гэл үү, амиа хорлох гээд байж байна гэж ярьсан байдаг. Энэ нь Ж.Отгон-Эрдэнийн гэрээс авсан эд зүйлээ хашаа давуулж шидээгүй ба амиа хорлоогүй болно.

6. Ж.Буянбаатар нь Г.Отгонболд намайг эхнэр Уранцэцэгтэйгээ хардсаны улмаас хүн амины хэрэгт гүтгэж байна гэж худал байцаалт өгч шүүхийн хэлэлцүүлэгт болон өргөдөл бичсэн байдаг. Гэтэл шинэчилсэн мөрдөн байцаалтад манай эхнэр Б.Уранцэцэгийг байцааж, шалгаж Ж.Буянбаатарын худал яриад байгааг нь дахин нотолдог юм.

7. Хохирогч Ж.Отгон-Эрдэнэ мэдүүлэгтээ “Миний эд зүйлсээс томоохон эд зүйл гэвэл бөгсөө жаахан давсан урттай, хүрэн өнгийн хар захтай 2 энгэр нь зөрж товчлогддог энгэр хэсэгтээ 4 бил үү 6 ширхэг том товчтой куртка шинээрээ байсан. Надад үзүүлсэн товч чинь миний куртикны товчтой их төстэй байна. Яг мөн эсэхийг нь баттай хэлж чадахгүй байна. Уг товчийг бараг мөн байж магадгүй гэж бодож байна. Учир нь их харж байсан товч шиг санагдаж байна” гэжээ. Энэ байдал нь тухайн хүн өөрийн эзэмшлийн зүйлээ ямар ч үед олдог.

8. Ж.Буянбаатар нь ар гэрийнхэнтэйгээ болон өмгөөлөгч нартайгаа үгсэн хуйвалдаж хуурамч гэрч Дунгаа овогтой Д.Бэлэгбат гэгчийг гаргаж байсан нь нотлогдсон болно. Гэтэл Ж.Буянбаатар нь анх Д.Бэлэгбатын зургийг хараад яг мөн байна гэж удаа дараа байцаалт өгсөн байдаг. Гэтэл үнэнд гүйцэгдээд Д.Бэлэгбат зохиомол гэрч болох нь нотлогдоод ирэхээр “энэ Д.Бэлэгбат биш байна” гээд дахиад 2, 3 Д.Бэлэгбат гэгчийг байцаалгаж амьдрал дээр огт байгаагүй хүнийг асуулгаж, хайлгаж байгаад нас барсан мэтээр байцаалт авахуулсан байдаг.

Ингэж Г.Отгонболд намайг хүн амины хэрэгт гүтгэж амьдралаар минь тоглож, дахин дахин худал хуурмаг байцаалт өгч, хуурамч гэрч гаргаж, ар гэр, эцэг, эх, үр хүүхдийг минь амьдралын хагацал эдлүүлж сэтгэл санааны гүн хямралд оруулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн анхан шатны шүүхийн 250 дугаар шийтгэх тогтоолд Г.Отгонболд миний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг өөрчилж, хойно урд нь оруулж ойлгомжгүй болгон бичиж байгаа нь анхан шатны шүүх хэт нэг талыг баримталж яллаж байгаа нь учир дутагдалтай болно. Г.Отгонболд миний бие тухайн хүн амины хэрэгт санаатай ба танхайн сэдэлтээр гэм буруутай үйлдэлд оролцоогүй болно. Харин гэм буруутай үйлдлийг үйлдэхэд цуг байсан буюу чин шудрагаар цаг хугацаа алдалгүй мэдээллэж чадаагүйдээ чин сэтгэлээсээ маш их гэмшиж явдаг. Надад оногдуулж байгаа ялын хэмжээ болон зүйл ангийн зүйлчлэл бүр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Иймд миний эцэг, эх, ар гэр, үр хүүхэд болон миний цаашдын амьдралыг харгалзаж үзэж миний гэм буруутай үйлдэлд тохирсон зүйл заалтаар зүйлчилж, хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Ялтан Г.Отгонболдын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Отгонболдын бусадтай бүлэглэж, иргэн Ж.Отгон-Эрдэнийн гэрээс эд зүйл хулгайлсан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боллоо. Г.Отгонболдын бусадтай  бүлэглэж, үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр иргэн А.Мөнхтогтохыг хутгалж, онц харгис хэрцгийгээр алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Отгонболдод прокуророос Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар ял сонсгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамласан. Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ” гэжээ. Г.Отгонболд нь Ж.Буянбаатартай хамтран оролцож хүний амь нас хохироогоогүй. Ер нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр бүлэглэж хүний амь насыг хохироогоогүй. Эдгээр нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Г.Отгонболд нь хүн амины хэргийг үл мэдээлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэх ёстой гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. Тэрээр 2008 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Ж.Буянбаатар бид хоёр Бөхийн өргөөний хажуу талын “Сансар” буудлаас аавынд очихоор такси барьж 3 дугаар хорооллын Зүүн Нарангийн гүүрний ойролцоо явахад ийм асуудал болсон гэдэг. Г.Отгонболд яллагдагчаар байцаагдахдаа “...Ж.Буянбаатар бид хоёр Отгон-Эрдэнийн гэрээс эд зүйл хулгайлсан. Ингээд буудалд ирж хоносон. Маргааш өглөө нь Чингис зочид буудлын харалдаа хойшоо гэр хороолол руу явсан. Замд хашаан дотроо үүдний амбартай хоёр гэрийн зүүн талын гэрийн цоожийг эвдэж орсон. Бид хоёр хөргөгчнөөс 4-5 шил нэрмэл архи, ширээн дээр байсан нэг архийг авсан. Ж.Буянбаатар нь гэрт байсан үхрийн өвчүүг шуудайд хийж авсан. Буудалд ирээд Буянбаатар нь айлаас авсан хутгаар мах идэж байсан. ...Энэ хутгыг олох юмсан. Буянбаатар хэрэг гарах үед Отгон-Эрдэнээс авсан бор куртикийг өмсчихсөн байсан” гэж мэдүүлжээ. Яллагдагч Г.Отгонболдын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2014 оны 6 дугаар сарын 24, 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрүүдийн тэмдэглэл, 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэмт хэргийн газар дээр авсан гэрэл зургууд хэрэгт авагджээ. Мөн яллагдагч Г.Отгонболдын полиграфийн сорилын дүн байна. Хохирогч Ж.Отгон-Эрдэнэ “Буянбаатар над руу залгаад “бид хоёр хүн алчихлаа гэл үү, амиа хорлох гэж байна гэл үү”, эдгээрийн аль нэгийг хэлсэн. Би хүрэн өнгийн куртикээ хулгайд алдсан. Үүнийг Г.Отгонболд, Ж.Буянбаатар нар хулгайлсан. Гэмт хэргийн газраас олдож эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн товч нь миний хулгайд алдсан куртикны товчтой төстэй байсан” гэж мэдүүлжээ. Мөн гэрч П.Ууганбаяр “Ж.Буянбаатар над руу залгаад утсаар ярихдаа “би хутгалуулчихаад хэвтэж байна гэл үү” иймэрхүү зүйл хэлж байсан” гэж мэдүүлжээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч Х.Туяа “Талийгаачийг солгой гартай хүн хутгалах боломжтой” гэжээ. Г.Отгонболд нь баруун гараараа юм хийдэг, солгой хүн биш юм. Хохирогч Мөнхтогтохын жолоодож явсан автомашин нь 21 дүгээр сургуулийн ард, сургууль коток хоёрын хооронд байсныг олж тогтоосон. Энэ тухай гэрч С.Батжанцан, А.Доржпалам, М.Саруулбуян нар тодорхой мэдүүлдэг. Хохирогч Мөнхтогтохын автомашиныг Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 8 дугаар гудамжнаас 21 дүгээр сургууль хүртэл хэн жолоодож явсныг тогтоох явдал хамгийн чухал юм. Шүүгдэгч Отгонболд нь автомашин барьж явж чаддаггүй гэж мэдүүлдэг. Энэ тухай гэрч Б.Түвшинбат “Би Г.Отгонболдын машин барьж явахыг хараагүй” гэж мэдүүлжээ. Ж.Буянбаатар хэргийн талаар худал мэдүүлсэн. Энэ нь зарим гэрч нарын мэдүүлгүүдээр батлагдаж байна. Тухайлбал гэрч Д.Бэлэгбат: “Би тэр хөгшиний хэлснээр цаасан дээр бичиж өгч, мөрдөн байцаалтад худал мэдүүлэг өгсөн. Үнэндээ Ж.Буянбаатар гэдэг хүнийг танихгүй, урьд нь ч уулзаж байгаагүй” гэж, гэрч Б.Хүүхэнбаатар “Намайг Д.Бэлэгбат ахын хамт жижүүрийн өрөөнд байхад нэг танихгүй настай эмэгтэй ирж, Д.Бэлэгбат ахтай уулзсан. Тэр эмэгтэй “миний хүүд тус болооч, траншейнд хамт байсан” гэж хэлж өгөөч гээд гуйгаад байхаар Д.Бэлэгбат ах цаасан дээр энэ тухай бичиж өгсөн. Тухайн үед тус болж байна гэж бодсон” гэжээ. Г.Отгонболд тухайн үед, цаг хугацаанд нь бусдын үйлдсэн хүн амины гэмт хэргийг мэдээллээгүйдээ маш их гэмшиж харамсдаг. Хамгийн гол нь “хэргийн үнэн зөвийг олох юмсан” гэж байнга ярьдаг. Энэ тухай өмгөөлөгчдөө хэлж, туслалцаа авахыг ихэд хүсдэг юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох” шаардлагыг хангасангүй. Тухайлбал яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ялгаж салгасангүй. Ер нь Г.Отгонболдод холбогдох эрүүгийн хэргийн “...Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад нэг талыг буюу хэт яллах талыг барьж, гүйцэд биш хийсэн, дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” зэргээр хэргийн байдалтай нийцэхгүй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1, 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь заалтуудыг зөрчлөө. Түүнчлэн түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал /хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/, уг гэмт хэргийг хэн үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг тогтооход онцгойлон ач холбогдол өгч, анхаарсангүй. Г.Отгонболд урьд хорих ял шийтгэгдэж, ял эдэлж байсан. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96/А/ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 12 жил 1 сарын хорих ял шийтгүүлснийг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор буюу Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 18 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг, нийт 6 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэж байжээ. Тэрээр 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлснээс хойш өдий хүртэл тасралтгүй цагдан хоригдож ял эдэлж байна. Г.Отгонболд нь “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаагүй байх тул “Өршөөл үзүүлэх тухай” 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас хуульд заасан хоёр жилийн хорих ялыг өршөөн хасах хууль зүйн үндэслэлтэй. Энэ тухай гарсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 59 дүгээр магадлалыг анхаарна уу. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх /онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон/ заалтыг хүчингүй болгоогүй байна. Энэ нь хир үндэслэлтэй болох, засч залруулах боломжтой эсэхийг нягтлана уу. Шинээр мөрдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.2 дахь хэсэгт “Танхайн сэдэлтээр” хүнийг алах, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох, хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх зэрэг томьёоллууд байхгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...оногдуулсан ялуудын нийт хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заажээ. Г.Отгонболд хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, урьд нь тодорхой хэмжээгээр цагдан хоригдсон, биеийн эрүүл мэндийн байдлын хувьд сайнгүй, сүрьеэ өвчтэй, бие нь байнга хөлөрч халуурдаг. Гэвч биеэ эмчлүүлэх боломж олдохгүй байна. Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудад бүхэлд нь дүгнэлт хийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу Г.Отгонболдод холбогдох хүн амины хэргийг хэрэгсэхгүй болгох, боломжгүй бол гэмт хэргийг үл мэдээлснээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.” гэв.

Ялтан Ж.Буянбаатарын өмгөөлөгч Г.Батбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “2008 оны 2 дугаар сарын 8-ны 22 цагийн орчим гарсан энэ гэмт хэрэгт Ж.Буянбаатар ямар ч холбогдолгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тухайн гэмт хэрэгт Ж.Буянбаатар холбогдолтой болох нь тогтоогдсон баримт байхгүй. Ганцхан Г.Отгонболдын мэдүүлгээр явдаг. Г.Отгонболдын мэдүүлэг маш тогтворгүй, 2008 оны 2 дугаар сарын 8-ны өглөө үйлдсэн хулгайн гэмт хэргийн талаар яриагүй. Үүнийг Ж.Буянбаатар ярьж байж энэ хулгайн гэмт хэрэгт тогтоогдон. Айлаас хонины ууц хутгатай тэвэрч гарсан гэж ярьдаг боловч энэ талаар айл цагаан сараар хонины ууцаа алдсан гэх тэмдэглэл байхгүй. Гэхдээ тэндээс хэдэн ширхэг хонины толгой аваад гарсан байдаг. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар талд эр бэлгийн эс илэрсэн талаар нарийвчлан тогтоогоогүй. Энэ 1 дүгээр хавтаст хэргийн 154-158 дугаар талд байгаа Алтангэрэлийн мэдүүлэгтээ нийцэж байгаа. Тухайн эмэгтэй автомашин дотор эр эмийн ажил хийсэн гэдэг нь нотлогддог. Гэтэл үүнийг эцэслэн шалгаагүй, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд гол нотлох баримт байсан. Мөн 5 дугаар хавтаст хэргийн 150 дугаарт талд байгаа полиграфийн шинжилгээгээр Ж.Буянбаатар энэ гэмт хэргийн үйлдээгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Харин Г.Отгонболд үйлдсэн байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн 2000 төгрөгөөс болж тухайн этгээдийн амь насыг хороосон гэж Г.Отгонболд хэлдэг. Тухайн үед 2000 төгрөгөөс болж алсан гэдэг боловч гэмт хэргийн үйлдээд Бөхийн өргөөний тэнд автомашиныг авчирч орхих явцдаа Г.Отгонболд “би нүдээ аниад чимээгүй суугаад байсан. Би тэндээс 1 ч төгрөг аваагүй, 1 ч үйлдэл хийгээгүй, хохирогчийг Ж.Буянбаатар өргөж чирээд ийш тийш нь оруулаад байсан” гэж ярьдаг. Гэтэл энэ нь өөрөө Бөхийн өргөө хажуу талын хүнсний дэлгүүрээс 1 шил архи авч, буудал орж архи уусан гэж ярьж байгаагаар түүний өгсөн мэдүүлэг нь худал болох нь нотлогддог. Учир нь 2000 төгрөгөөс болж ямар ч мөнгөгүй байсан хүний амь нас хохироож байгаа нь гэнэтхэн зочид буудлын мөнгөтэй болоод, мөн дэлгүүрээс архи худалдаж авч байгаа нь энэ гэмт хэргийг Г.Отгонболд үйлдсэн болохыг нотлож байна. Г.Отгонболд эхэндээ цустай хувцасны тухай яриагүй байсан. Сүүлд хэрэг мөрдөн байцаалтад буцсаны дараагаас Ж.Буянбаатарын цустай хувцас хэрхэн алга болсон талаар ярьж эхэлдэг. Ингэж ярихдаа “бид нарын хоносон зочид буудалд үл таних залуучууд орж ирээд ямар гоё куртик вэ гээд гэмт хэргийн газраас олдсон товчны эд материал болох куртикийг гуйсаар байгаад өмсөөд гарч явсан. Гэтэл нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцдэггүй. Мөн тухайн зочид буудалд цагаан сарын шөнө хонохын тулд төлбөрийг урьдчилан төлөх ёстой байсан. Гэтэл үүнийг төлөх мөнгө байгаагүй болох нь харагдаж байна. Ж.Буянбаатарыг хамгийн гол цагаатгах гэрч бол Д.Бэлэгбатыг энэ хүн биш байна гэж хэлсэн. Ингэж хүсэлтээ гаргаж бичиж өгснөөр эх нь гэрч, хохирогчид мөнгө өгч худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгт холбогдсон. Ямар ч хүн эхийгээ гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг хүсэх боловч үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх ёстой гэсэн чин сэтгэлийн үүднээс хэрэгт мэдүүлсэн. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг энэ гэмт хэрэгт холбогдуулах үндэслэл байхгүй. Г.Отгонболдын хувьд энэ гэмт хэрэгт холбогдуулснаар энэ гэмт хэргийг илчилж өгсөн, мөн нуун дарагдуулсан гэдгээр өөр зүйл ангиар ял авах боломжтой байгаа учраас Ж.Буянбаатарт энэ гэмт хэргийн гэм бурууг тохож байна. Ийм учраас Ж.Буянбаатар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Отгонболд яагаад автомашин барьж явсан гарын хээ илэрдэггүй юм бэ гэхээр Ж.Буянбаатар бээлийтэй байсан гэж мэдүүлдэг. Дараагийн шүүх хуралдаанд бүх гарынхаа хээг арчиж арилгачихаад орж ирлээ гээд араас Ж.Буянбаатар зочид буудалд орж ирсэн гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгээр тухайн гарын хээг яаж арилгасан талаар худал яриад байгаа нотлож байна.” гэв.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан, шүүх дүгнэлтийг зөв хийсэн. Өмгөөлөгч нарын гаргасан гомдолд дурдагдсанаар хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй. Зөвхөн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээр хэргийг нотолсон. Г.Отгонболдын мэдүүлгээр хэргийг нотолж байгаа нь үндэслэлгүй гэсэн байдлаар гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, 3 дахь хэсэгт Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульчилсан. Үүний дагуу  цуглуулж бэхжүүлсэн баримтууд дээр Г.Отгонболдын үйлдсэн гэмт хэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Тухайлбал Г.Отгонболд автомашин жолоодож чаддаггүй, Бөхийн өргөөний гаднаас автомашин бариад аавынх руугаа явсан. Буцахдаа Ж.Буянбаатар автомашин ин жолоодсон гэж ярьдаг. Хэргийн газрын үзлэг, тэмдэглэлд дурдагдсанаар шууд нотлох баримтуудаар нотлогдсон. Мөн автомашин жолоодож чадахгүй гэдэг асуудал ярьдаг боловч сүүлд нөхөн шалгасан байдлаар Ж.Буянбаатар нь B ангиллын автомашиныг 2003 онд жолоодож сурсан. Автомашин жолоодох эрхийн үнэмлэх авсан байдаг. Г.Отгонболдын яриад байгаа мэдүүлгийн эх сурвалжууд хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой нотлогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт нотлох баримтын тухай заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн байдаг. Үүний дагуу шүүх шийтгэх тогтоолдоо дүгнэлтээ бусад нотлох баримтуудыг тусгаж, бусад байдлаар нотлогдсон байдлыг дурдаж өгч гэмт хэрэг үйлдсэнийг дүгнэж бичсэн байдаг. Шийтгэх тогтоол өөрөө үндэслэлтэй зөв гарсан. Ж.Буянбаатарын хувьд бол гэмт хэрэг хийсэн талаар ямар ч баримт байхгүй гэж өмгөөлөгч нь ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нотлогдоогүй бол хэрэгсэхгүй болгох гэж бий. Гэвч Ж.Буянбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь Г.Отгонболдын мэдүүлгийг шалгасан ажиллагаа, Ж.Буянбаатарын мэдүүлж байгаа зарим нотлох баримтууд, мэдүүлгүүд нь өөрөө үгүйсгэгдэж байгаа бусад нотлох баримтуудаар харагддаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлж шалгасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг шалгаж, түүнийг үнэлэх, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар шалгаж бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтуудыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг гаргах  зэрэг аргуудаар нотлох баримтыг шалгасан. Иймд Ж.Буянбаатарын Д.Бэлэгбаттай Хамт траншейнд байсан гэх мэдүүлэг нь худал байсан гэдэг нь гэрч Д.Бэлэгбат болон Хүүхэнбаатар, Наранчимэг нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Хэдийгээр сэжигтэн яллагдагч шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй боловч мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтаар тогтоогдож байвал нотлох баримтын хэмжээнд авч үзнэ гэсэн. Үүний дагуу шүүх дүгнэж шийдвэрээ гаргасан.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Г.Отгонболд, Ж.Буянжаргал нар нь 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр бүлэглэж, давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин дээд сургуулийн дэргэд байрлах иргэн Ж.Отгон-Эрдэнийн түрээслэн амьдарч байсан орон байранд түр хугацаагаар хоног төөрүүлж байхдаа түүнийг эзгүй, ажилдаа явсан байхыг далимдуулан гэрт байсан автомашины хөгжим, сэлбэг, чемодантай хувцас, бэлэг сэлт зэрэг 980.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг нь хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Отгон-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тэр хоёрыг “гэрт очоод амраад байж бай, түлхүүр дэлгүүрт байгаа шүү” гэж хэлээд явуулсан. Ажлаа тараад найз нарын хамт орой 19 цагийн үед ирэхэд гэрийн хаалга онгорхой, гэрт байсан өдөр миний контейнерээс авч ирж тавьсан хөгжим, чемодантай хувцас, бэлэг сэлт зэргийг бүгдийг нь юу ч үгүй аваад явсан байсан. Тэгэхээр нь би найз нарынхаа хамт Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарыг гадуур хайгаад олоогүй. Орой гэртээ байж байтал шөнийн 1, 2 цагийн үед Ж.Буянбаатар над руу утсаар залгаж ярихдаа надаас уучлалт гуйгаад “маргааш юмнуудыг чинь аваачаад хашаа давуулаад шидчихье” гэж хэлж байсан ба “бид хоёр хүн алчихлаа” гэл үү, “амиа хорлох гэж байна” гэл үү тэр хоёрын нэгийг л хэлсэн. Тэгээд “амиа хорлох гээд хэвтэж байна” гээд уучлалт гуйж ярьж байгаад утсаа салгачихсан. Би уг утас руу нь буцаагаад залгатал утас нь холбогдохгүй байсан. Би Япон улсад байхдаа өөртөө худалдаж авч байсан хөгжим 1 ширхэг, автомашины хөгжим 2 билүү 3 ширхэг, автомашины жижиг сажиг сэлбэгүүд байсан. Яг ямар сэлбэг байсныг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар “Тоёота Гранд Марк 2” загварын автомашины өндгөн тулгуур болон автомашины ойр зуурын гангараа чимэглэл байсан шиг санагдаж байна. Чемодантай хувцаснууд болон миний өмсөж байсан цагаан болон хар өнгийн кет байсныг мөн манай найз нарын хувцаснуудаас зарим нэгийг авч явсан байсан. Үүнд: Эрдэнэцогтын хар урт хавар, намрын пальто, Алтансүхийн богино хүрэн өнгийн нэхий дээл, Эрдэнэнэмэхийн "АсНдаз" фирмийн цагаан өнгийн биеийн тамирын хослол зэргийг, миний эд зүйлсээс томоохон нь эд зүйл гэвэл бөгсөө жаахан давсан урттай хүрэн өнгийн хар үстэй захтай, хоёр энгэр нь зөрж товчлогддог энгэр хэсэгтээ 4 билүү 6 ширхэг том товчтой куртик шинээрээ байсан. Мөн миний өмсдөг байсан 2-3 ширхэг фудвольк, хар өнгийн жинсэн өмд   зэрэг миний өмсдөг байсан бүх хувцсыг чемодандаа хийгээд цоожилчихдог байсныг чемодантай нь тэр чигээр нь аваад явчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх1, х219-220, х222-224/,

гэрч П.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр хоёр Ж.Отгон-Эрдэнэтэй утсаар холбогдоод ажил дээр нь очиж уулзаж улмаар түүний хөлсөлж байсан байранд нь хамт байж байхдаа Ж.Отгон-Эрдэнийн Япон улсаас авч ирсэн гэрийн хөгжим, автомашины хөгжим, сэлбэг болон гангараа болох эд зүйлийг нь чемодантай байсан хувцасуудынх нь хамтаар хулгай хийгээд аваад явчихсан байсан. Энэ талаар Ж.Отгон-Эрдэнийг ярихаар нь би мэдсэн. Ж.Отгон-Эрдэнэ надад “танай хоёр найз чинь ямар хөгийн амьтад вэ, хүн өөрсдийг нь гэж бодоод мөнгө төгрөг өгөөд гэртээ хүртэл байлгаж байхад хүний тус мэдэхгүй хулгай хийгээд байхдаа яадаг байна аа” гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х227-228/,

эд зүйлийн үнэлгээ /хэргийн 2 хавтасны 171/,

шүүгдэгч Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарын хэргээ хүлээн мэдүүлсэн “...2008 оны 1 дүгээр сарын 28-наас 29-ний хооронд Дорноговь аймгаас Улаанбаатар хотод ирээд Ууганбаяртай уулзаад Отгон-Эрдэнийн утсыг аваад ажил дээр нь ирсэн. Тэгээд Отгон-Эрдэнийн гэрт нь амьдрах болсон. 2 дугаар сарын 5-ны өдөр Отгон-Эрдэнэ “Японоос ачуулсан ачаа ирнэ, буулгаад өгөөч” гэхээр нь Ж.Буянбаатар бид хоёр очоод ачааг нь буулгаж өгсөн. Отгон-Эрдэнэ 40.000 төгрөг өгөөд “хувцас авч өмсөөрэй” гэсэн. Тэгээд буцаж Отгон-Эрдэнийн гэрт очоод архи авснаа уугаад, хөгжмийг нь асаах гэж байгаад шатаачихсан. Тэгээд хөгжим, чемодонтай эд зүйл, машины эд хэрэгсэл зэргийг аваад гарсан...”, “...Отгон-Эрдэнийн гэрт байж байгаад гэрээс нь эд зүйлийг нь авч яваад “Нарантуул”, “Өгөөмөр” зах ороод эд зүйлийг нь зарсан. Мөнгөөрөө архи дарс аваад зочид буудалд орсон...” гэх мэдүүлгүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Гэвч тэдний үйлдсэн гэмт хэргийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон байна.  

2. Ж.Буянбаатар, Г.Отгонболд нар нь 2008 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 21-22 цагийн орчимд иргэн А.Мөнхтогтохын жолоодож явсан “Х.Аксент” загварын 26-44УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж Баянзүрх дүүргийн Бөхийн өргөөний арын замаас Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран луу хүргүүлэх үедээ   Ж.Буянбаатар нь “Таксины мөнгөнд 2000 төгрөг л өгнө” гэх төлбөр тооцооны асуудлаас болж жолооч А.Мөнхтогтохтой маргалдаж “Мөнгөгүй юм бол яах гэж таксигаар үйлчлүүлсэн юм бэ” гэж хэлэхэд нь түүнийг автомашинаа жолоодож явах үед араас нь гэнэт довтолж түүний толгойн орой хэсэг чихний ар хэсэг рүү нь хутгалж, хохирогчийг автомашинаа зогсооход нь автомашины арын хаалгаар бууж тойрон жолоочийн хаалгыг онгойлгон түүний цээжин тус газарт нь хоёр удаа хутгалж онц харгис аргаар санаатай алсан байх бөгөөд улмаар автомашиныг жолоодон явж Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 8 дугаар гудамжны баруун хэсэгт байрлах дулааны төмөр хоолойд амь хохирогчийн цогцсыг нууж орхин, улмаар автомашиныг жолоодон буцаж Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 21 дүгээр сургуулийн арын мөсөн гулгуурын талбайн орчимд орхисон үйл баримт тогтоогдсон байна.

Энэ нь шүүгдэгч Г.Отгонболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Баянзүрх захын баруун талд байрлах улаан тоосгон байшинд байрлах зочид буудалд орсон. Тэр буудлын ресепшин охин гитар сонирхоод байхаар нь бид хоёр зараад орой нь сансар зочид буудалд орсон. Маргааш нь “Өгөөмөр”, “Нарантуул” зах дээр Отгон-Эрдэнийн гэрээс авсан эд зүйлүүдээ зарсан...Тэгээд орой сэрэхэд Ж.Буянбаатар мах идээд сууж байсан ба шөнө манай аавынх руу явахаар болоод гарсан. Төв замаас жижиг цагаан тэрэг бариад би урд талд нь Ж.Буянбаатар хойно суусан. Тэгээд гудамжинд явж байхдаа 2.000 төгрөг байна гэхэд анхнаасаа хэлэхгүй яасан юм гэхэд араас Ж.Буянбаатар жолоочийн хүзүү хавьцаа цохих шиг болоход автомашин зогссон. Тэгээд жолоочийг хоёр суудалын голоор хойш нь татаад арын суудалд хэвтүүлсэн. Тэгээд Ж.Буянбаатар автомашин бариад явж байгаад намайг буулгачих гэхээр нь үгүй гэхэд туслаач гэхээр нь буулгалцсан. Тэгээд 13 дугаар хороолол орж автомашиныг орхиод яаж байгаа юм гэхэд харин тиймээ гэж байсан. Тэгээд Хан-Уул орж траншейнд хоёр ахтай архи ууж хэд хоноод Ж.Буянбаатарын ээжтэй нь утсаар яриад Дорноговь аймаг ороод баригдсан.” гэх мэдүүлэг /хх7, х81-91/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Аюушцэрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Талийгаачийн биед олон тооны гэмтэл учирсан. Тэр Алтангэрэл гэж хүн худал мэдүүлсэн нь үнэн болсон. Оршуулгын зардал 5.000.000 төгрөг, тэтгэмжийн зөрүү 2.123.000 төгрөг нийт 7.123.000 төгрөг нэхэмжилж байна. Хэргээс мултрах гэж их олон арга хэрэглэж байна. Талийгаач автомашиныхаа суудлын голоор багтахаар хүн. Энэ хоёр хүн хамтран үйлдсэн гэж би үзэж байгаа тул хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх7, х81-91/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нөхөр маань “манай нэг жижүүр 2, 3 хоног улирч гарч байгаа. Түүнд аяга хоол цай аваачиж өгөөд ирье гээд бэлэн бууз, чанасан төмс, лууван аваад өөрийн хувийн 26-44 УБВ улсын дугаартай, цагаан өнгийн “Хьюндай Аксент” загварын автомашинтайгаа гэрээсээ 19 цаг 45 минутын үед гарч явсан. Нөхрийгөө ирэхгүй болохоор нь ажил руу нь 319038 дугаарын утсанд холбогдож ярихад Чинчулуун гэдэг харуул нь аваад “надад хоол авч ирж өгчихөөд 1 тамхи татчихаад л харина” гээд гараад явсан гэж хэлсэн. Би нөхрийнхөө 91167212 дугаарын утас руу залгахад “холбогдох боломжгүй байна” гээд байсан. Ингээд өглөө 5 цагийн үед граж руу нь очиж үзэхэд ганц цоожоор цоожлогдсон дотор нь автомашин байхгүй байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэг, цагдаа, журмын хашаа зэргээс асууж, мөн хамт ажилладаг Цэдэвээ, Батсүмбэр нараас асууж сурагласан боловч нөхөртэй маань уулзаагүй гэцгээсэн. Манай нөхөр гэрээсээ гарахдаа эрүүл, гадуураа хар өнгийн, 3 канттай биеийн тамирын, дотортой цамцтай, хар хөх өнгийн дотортой жинсэн өмдтэй, хагас түрийтэй хар өнгийн өвлийн гуталтай гарсан. Зүүн гарныхаа ядам хуруунд хар шигтгээтэй, монетон бөгжтэй байсан. Гар утас нь скайтелийн дэлгэгддэг, саарал утастай, өөрийнх нь болон миний жолоочийн үнэмлэх, мөн өөрийнх нь иргэний үнэмлэх, албаны автомашины гэрчилгээ болон бусад баримт бичиг байсан. Харин автомашинд нь байдаг цэнхэр өнгийн ноосон малгайгаа өмссөн байсан эсэхийг би мэдэхгүй байна. Биедээ мөнгө төгрөггүй гарсан байх. Золголтын мөнгө, хөөргөө гэртээ орхисон байсан.” гэх мэдүүлэг /хх1, х24-29, х217-218/,

гэрч Ж.Жаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...цагдаа нар ирж зогсоод манай гэрийн урд байдаг төмрийн хогнууд дээр ирээд юм хараад тойроод яваад байсан. Тухайн үед яг цаг хэд болж байсныг би мэдэхгүй. Хувцсаа өмсөөд гарч яваад очтол манай гэрийн урд байдаг төмрийн хогонд дунд байх төмөр трубан дунд нэг туранхайвтар улаан майктай, хар өмдтэй эрэгтэй бололтой хүн нас барсан байсан.” гэх мэдүүлэг /хх1, х34/,

гэрч Б.Чинчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...өчигдөр орой 20 цагийн үед байх Мөнхтогтох над дээр орж ирээд золгоод, хоол авчирлаа гээд цэнхэр тагтай цагаан савтай бууз, төмс, лууван авчирч өгсөн. Авч ирсэн хоолыг нь саванд султгаж, савыг нь угаачихаад л өгсөн. Гарахад нь би “одоо харих уу” гэхэд “ингээд харилаа” гээд л 5 минут орчим болоогүй гараад явсан.” гэх мэдүүлэг /хх1, х35/,

гэрч С.Батжанцангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би урд шөнө 5 цагийн үед сургуулийн хойд талын гадна хаалгаа онгойлгож харахад сургуулийн ард мөсөн талбайн наана, хойд хаалганы хажууд цагаан өнгийн жижиг автомашин зогсож байсан. Ажиглаж харахад дотор кабины гэрэл нь асаалттай, харин дотор нь хүн байсан эсэхийг би мэдээгүй. Тухайн үед нэг их юм бодоогүй буцаад л орсон. 06 цагийн үед цонхоор харахад цагаан өнгийн Аксент маркийн 26-44 УНВ улсын дугаартай автомашин байсан бөгөөд дотор кабины гэрэл нь унтарсан дотор нь хүн байхгүй байх шиг байсан. Ингээд өглөө нь би ажлаа хүлээлгэж өгөөд 09 цаг 25 минутын үед ажлаас гарч явахад нөгөө машин байж л байсан” гэх мэдүүлэг /хх1, х39/,

гэрч А.Доржпаламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...06 цагийн үед байх Батжанцан надад “сургуулийн гадна нэг цагаан тэрэг ирээд хоночихсон байна” гэж хэлсэн. Би ч нэг их юм бодоогүй энэ хавийн хүмүүсээс нэг нь л ирж автомашинаа тавьсан юм байхдаа гэж бодож байсан.” гэх мэдүүлэг /хх1, х40/

гэрч М.Саруулбуянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...өчигдөр орой 23 цагийн үед байх 21 дүгээр сургуулийн ард цагаан өнгийн жижиг суудлын автомашин зогсож байсан ба тэр машины ард 3-4 хүн хоорондоо юм яриад зогсож байсан. Тэгээд 5-6 минутын дараа би цасаа цэвэрлэж дуусахад тэр хүмүүс байхгүй болчихсон байсан. Харин тэр автомашин нь байсан. Өнөөдөр өглөө би сургуулиас ус авах гээд тэр машины хажуугаар гарсан. Яг тэр газар нь цагаан машин зогсож байсан болохоор өчигдрийн автомашин мөн гэж бодож байна. Угаасаа тийшээ автомашин ороод байдаггүй.” гэх мэдүүлэг /хх1, х49-51, х55/,

гэрч Г.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2008 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа дээрх 20832197 тоот иргэн Мөнхтогтох бусдад хутгалагдсан байдалтай нас барсан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан. Уг хэргийг 2008 оны 12 дугаар сарын 9-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад 2008 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх3, х121-122/,

шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун зүүн ховдлын хатгагдсан шарх гэмтэл шууд үхэлд хүргэсэн. Энэ нь 8, 9 дүгээр хавирганы түвшин дэх цээжний хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээсэн. 4, 5 дугаар хавирганы түвшин дэх гэмтэл нь үхэлд шууд хүргээгүй. Талийгаачийг ямар байрлалтай байхад хутгалсаныг тогтоох боломжгүй. Харин хажуу тал болон эгц урдаас доороос дээш, баруунаас зүүн чиглэлтэй үүссэн шарх гэмтэл учирсан байна. Хутганы ажлын хэсгийн өргөн 1.5-3.0 см орчим өргөн, ажлын хэсгийн урт 15-18 см орчим байх боломжтой. Үүнээс урт байхыг үгүйсгэхгүй. Үхэлд хүргэсэн гэмтлийг авсан тохиолдолд ямар нэг үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй.” гэх мэдүүлэг /хх1, х79-80/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...талийгаач А.Мөнхтогтохын цогцост цээжний баруун 8, 9 дүгээр хавирганы түвшин дэх цээжний хөндий рүү нэвтэрсэн, доороос дээш, баруунаас зүүн тийш чиглэлтэй, зүрхний зүүн баруун ховдлын ар хана хатгагдсан, үнхэлцэгийн хөндий дэх цусан бүлэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн 4, 5 дугаар хавирганы түвшин дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч, элэгний зүүн дэлбэнг хатгагдаж, дээрээс доош, зүүнээс баруун тийш чиглэл бүхий хатгагдсан шарх, өвчүүний дунд хэсэгт босоо байрлалтай, зүсэгдэж хатгагдсан, цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх, цээжний хөндий дэх 600 мл цусархаг агууламж, толгойн орой хэсэг чихний ар хэсгийн хатгагдсан шарх, цус хуралт, зулгаралт, нүүрний зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх болон өвчүүний голын, толгойн орой чихний арын зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, харин нүүр чихний арын хэсгийн зулгаралт цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун зүүн ховдлын хатгагдсан шарх гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ. Шүүх химийн шинжилгээгээр этилийн спирт илрээгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Мөнхтогтох АВО системээр 01 бүлгийн цустай байна. Шүүх эмнэлгийн хэлтэст уг цогцос ирэх үедээ хөлдүү байсан тул нас барсан хугацааг тогтоох боломжгүй.” гэх 237 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х74-75/,

“...хохирогч А.Мөнхтогтохын 26-44 УБВ автомашинаас илрүүлэн бэхжүүлсэн гэх 6 ширхэг гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд “2008-6283-БГД” бүртгэлийн дугаараар “1-6” гэж дугаарлан бүртгэгдсэн байна. “2” гэж дугаарласан гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд “МЫ004000000416”, “МЫ005110001134”, “МЫ000710012436”, “2511873” дугааруудаар 4 удаа бүртгэгдсэн Гонгор овогтой Отгонболдын зүүн гарын алга хэсгийн хээтэй тохирч байна. Харин 1, 3, 4, 5, 6 гэж дугаарласан гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд байгаа гарын хээний дардсууд болон гарын мөрүүдтэй тохирохгүй байна.” гэх 1341 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х180/,

“...2008-6283-БГД” дугаар дээр бүртгэлтэй байгаа талийгаач А.Мөнхтогтохын унаж явсан 26-44 УБВ улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгээр илрүүлсэн 6 ширхэг мөрөөс 1 мөр нь нэгдсэн санд бүртгэлгүй Гонгор овогтой Отгонболдын гараар дарагдсан байна.” гэх 2307 тоот шинжээчийн дүгнэлт /хх2, х30/,

гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х4-11/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х12-13, х14-16, х17/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х22/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх5, х151-152/, туршилт хийсэн тэмдэглэл /хх5, х154-156/,гэрэл зургийн үзүүлэлт /хх5, х157-159/, эд зүйлийн үнэлгээ /хх2, х171/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх5, х154-159/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Ж.Буянбаатар нь “...Би энэ гэмт хэргийг үйлдээгүй. ...2008 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Г.Отгонболдын мэддэг “120 Мянгат”-д байдаг траншейнд очиж хоносон...Г.Отгонболд “аавтайгаа уулзмаар байна” гэхээр нь маргалдаад Г.Отгонболд гараад явчихсан ба араас нь гараад дуудахад байхгүй байсан ба ойрхон траншейнд эмэгтэй, эрэгтэй хоёр хүн архи уугаад сууж байхаар нь өөрийнхөө траншейнд очиж үлдсэн нэрмэлээ авч ороод танилцаад, архинаас нь хувааж уугаад тэндээ согтоод унтсан. Шөнө өөрийнхөө траншейнд ороход Г.Отгонболд ирээгүй байсан. Тэгээд маргааш нь ирээд “яасан” гэхэд “замдаа согтуу хүнтэй таараад эд зүйлийг нь аваад, архи уугаад орцонд хоноод ирж байна” гээд 40.000 төгрөг өгөхөөр нь архи, эд зүйл авсан. Тэгээд ээж рүү залгахад “хотод ирсэн байна, хүрээд ир” гэхээр нь ээжийн найзынд 2 хоноод сар гаран жоншны уурхайд ажилласан. Тэгээд Чойр орж байгаад баригдсан.” гэж мэдүүлж /хх7, х81-91/, давж заалдах гомдол гаргасан боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Тухайлбал, 2008 оны 2 дугаар сарын 08-ны шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 8 дугаар гудамжинд амь хохирогч А.Мөнхтогтох нь бусдад хутгалагдсан байдалтай нас барж цогцос нь олдсон, түүний унаж явсан “Х.Аксент” загварын 26-44УБВ улсын дугаартай автомашиныг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн арын мөсөн гулгуурын талбай орчмоос олсон бөгөөд уг автомашинаас илэрсэн гарын мөр дотроос №4 дугаартай гарын мөр нь шүүгдэгч Г.Отгонболдын гарын мөртэй тохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Мөн шүүгдэгч Г.Отгонболдын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараагийн өгсөн “...Бид хоёр манай аавын гэр лүү явж байх замд Буянбаатар жолоочтой “2000 төгрөг өгнө” гэж маргасан. Тэгээд толгой руу нь цохьсон... Жолооч машинаа зогсооход бууж очоод цээж рүү нь 2-3 удаа цохисон...Жолоочийн цогцосыг зөөхөд би өргөлцсөн...” гэх зэргээр хэргийн талаар тогтвортой, тодорхой мэдүүлсэн мэдүүлгүүд нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд, гэрч Ж.Жаргал, Б.Чинчулуун, С.Батжанцан, Ц.Сүх-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр давхар нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Буянбаатарын үйлдсэн гэмт хэрэг дээрх байдлуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон учир түүний давж заалдах шатны шүүхэд гаргасан “Гэм буруугүй” талаар маргасан гомдол болон өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Хандсүрэн нарын гаргасан “...Ж.Буянбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ж.Буянбаатарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх байдлаар шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тодорхойлжээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Отгонболдыг “Ж.Буянбаатартай бүлэглэж, үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар ...иргэн А.Мөнхтогтохын цээжний баруун 8, 9 дүгээр хавирга, зүүн 4, 5 дугаар хавирга, өвчүүний дунд хэсэг, толгойн оройн хэсэг, чихний ар хэсэгт тус тус хутгалж санаатай алсан” гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх мөн түүнийг “бүлэглэж, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэм буруутай гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалт болон хэргийн жинхэнэ байдалтай нийцэхээргүй байна.

Учир нь Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарт холбогдох 20832197 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Буянбаатар нь амь хохирогч А.Мөнхтогтохтой гэнэт үүсэн маргааны явцад түүнийг хутгалж амь насыг нь хохироосон болох нь нотлогдон тогтоогдсон бөгөөд харин Г.Отгонболд шүүгдэгч Ж.Буянбаатарыг гэмт хэрэг үйлдсэний дараа амь хохирогчийн цогцосыг зөөвөрлөхөд туслалцсан талаар мэдүүлсэн Г.Отгонболдын мэдүүлгүүдийг үгүйсгэсэн баримт хэрэгт цуглараагүй байна. Өөрөөр хэлбэл Г.Отгонболдын үйлдэлд бусдыг гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Отгонболдод холбогдох “Ж.Буянбаатартай бүлэглэж, үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар 2008 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 8 дугаар гудамжны баруун хэсэгт байрлах дулааны төмөр хоолойн орчим иргэн А.Мөнхтогтохын цээжний баруун 8, 9 дүгээр хавирга, зүүн 4, 5 дугаар хавирга, өвчүүний дунд хэсэг, толгойн оройн хэсэг, чихний ар хэсэгт тус тус хутгалж санаатай алсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Буянбаатарын үйлдлийн “Г.Отгонболдтой бүлэглэсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал гэмт хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй, “танхайн сэдэлттэй” гэх хүндрүүлэх шинж шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдаагүй тул түүний үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Г.Отгонболд нь урьд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 18 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 1 сарын хугацаагаар ял шийтгүүлсэн бөгөөд ШШГЕГазрын Хорих 409 дүгээр ангиас түүнийг          “2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар ялын 4 жил 4 сар 26 хоногийг биечлэн эдэлсэн” талаар тодорхойлолт ирүүлсэн /хэргийн 6 дугаар хавтасны 170 дахь тал/ бөгөөд харин энэ хэрэгт өнөөдрийг хүртэл нийтдээ 1082 хоног цагдан хоригдсон тооцоо гарч байна.

Мөн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай захирамжаар “Г.Отгонболдод 2015 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх асуудлыг холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь тодорхой болно” гэсэн үндэслэлээр уг асуудлыг шийдвэрлэлгүй, прокурорын саналыг хэрэгсэхгүй болгожээ. /хэргийн 6 дахь хавтасны 167-169 дэх тал/.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасантай нийцүүлэн шүүгдэгч Г.Отгонболдын Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 2 жилийг хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх байдлуудаас үзэхэд Г.Отгонболд нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас Өршөөлийн хуулиар 2 жилийг хасаж үлдэх 3 жил 1 сарын хорих ял, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 18 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэж тооцох ба 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Ж.Буянбаатартай хамт шалгагдсан энэ хэрэгтээ шүүгчийн зөвшөөрлөөр 1082 хоног цагдан хоригдсон байх ба дээрмийн гэмт хэрэгтээ хорих ангид 1 жил 11 сар 18 хоног ял эдэлжээ.

Энэхүү тооцоог үндэслэн Г.Отгонболдын энэ хэрэгт өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 1082 хоногийг түүний өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, дээрх ялыг эдэлж дууссанд тооцохоор шийдвэрлэлээ.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 592 дугаар магадлалаар Г.Отгонболдод холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон атлаа Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96А дугаар шийтгэх тогтоолоор түүнийг “Онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцсон” заалтыг хүчингүй болгоогүй хэдий ч нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлалыг энэхүү магадлалаар өөрчлөх боломжгүй болохыг дурдаж, харин түүнийг онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцогдсон гэж дүгнэхгүйгээр 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах нь түүний эрх зүйн байдалд ашигтай гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас Гонгорын Отгонболдод 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шараван овогт Жигжидийн Буянбаатарыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Жигжидийн Буянбаатарыг 15 жилийн хорих ял шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсгүүдэд зааснаар Ж.Буянбаатарт оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

мөн тогтоолын тогтоох хэсэгт “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Гонгорын Отгонболдод Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын        8-ны өдрийн 592 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 2 жилийг хасаж,

Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 18 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн Г.Отгонболдын биечлэн эдлэх ялыг нийт 4 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гонгорын Отгонболдын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 1082 хоногийг түүнд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаартай магадлалаар оногдуулсан хорих ялаас “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамааруулж эдлээгүй үлдсэн 4 жил 1 сарын хорих ялаас мөн эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 18 хоногийн хорих ялыг эдэлсэнд оруулан тооцсугай” гэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-8 дахь заалтуудын Г.Отгонболдод холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.

3. Ялтан Г.Отгонболд, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, ялтан Ж.Буянбаатар, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл Гонгорын Отгонболдод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ц.ОЧ