Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 290

 

                     Ж.Б, Г.О нарт холбогдох

                     эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

цагаатгагдсан этгээд Г.О-ын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Б.Тэнгис,

шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 578 дугаар магадлалтай, 20832197 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Хандсүрэн нарын хамтран гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй,

-Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 124 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн,

-Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 383 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил хорих ял шийтгүүлсэн,

-Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 18 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,  Боржигин овогт Г.О;

2.Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй,

-Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 93 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 7 дугаар сарын 8-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан,

-Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 383 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 7 жил хорих ялаар шийтгүүлсэн, уг ялаас 4 жил 11 сар 4 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж, 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, Шараван овгийн Ж.Б;

Шүүгдэгч Г.О, Ж.Б нар нь бүлэглэж 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин дээд сургуулийн дэргэд байрлах иргэн Ж.Отгон-Эрдэнийн орон байрнаас 980.000 төгрөгийн эд зүйл хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Г.О, Ж.Б нар нь бүлэглэж, үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар 2008 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 8 дугаар гудамжинд иргэн А.Мөнхтогтохын цээжний баруун 8, 9 дүгээр хавирга, зүүн 4, 5 дугаар хавирга, өвчүүний дунд хэсэг, толгойн оройн хэсэг, чихний ар хэсэгт тус тус хутгалж санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Прокуророос Г.О-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар, Ж.Б-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б, Г.О нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь заалтад зааснаар тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Шүүгдэгч Ж.Б-т Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан 2 жил 26 хоногийн хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,

Ж.Б, Г.О нарыг бүлэглэж, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар Ж.Б-ыг 18 жил хорих, Г.О-ыг 16 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Г.О-д оногдуулсан 16 жил хорих ял дээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаартай магадлалаар оногдуулсан 6 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдэлсэн 4 жил 8 сар 28 хоногийн хорих ялыг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Г.О-г онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Б-т оногдуулсан 18 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Г.О-д оногдуулсан 22 жил 1 сарын хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас Г.О-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шараван овогт Ж.Б-г хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-г 15 жилийн хорих ял шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсгүүдэд зааснаар Ж.Б-т оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж, мөн тогтоолын тогтоох хэсэгт “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Г.О-д Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 2 жилийг хасаж,

Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 18 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн Г.О-ын биечлэн эдлэх ялыг нийт 4 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

-Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 1082 хоногийг түүнд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаартай магадлалаар оногдуулсан хорих ялаас “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамааруулж эдлээгүй үлдсэн 4 жил 1 сарын хорих ялаас мөн эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 18 хоногийн хорих ялыг эдэлсэнд оруулан тооцсугай” гэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус оруулж,

-Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-8 дахь заалтуудын Г.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг нэн даруй суллаж,

-Ялтан Г.О, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, ялтан Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ж.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анх намайг Дорноговь аймгаас баригдаж ирэхэд байцаагч нар өмгөөлөгчгүйгээр тал талаас элдэв зүйл асууж эхэлсэн. Тухайлбал намайг хүн амины гэмт хэрэг үйлдсэн, бүх зүйл чинь нотлогдсон, хэргээ хүлээх юм бол шүүх хөнгөрүүлнэ гэх зэргээр тулгасан. Миний бие байцаагдаж байхдаа 2008 онд дээрэм хулгайн гэмт хэргээс оргож яваад хаана байсан, хаагуур явсан зэргээ нэг бүрчлэн санахгүй болохоор ерөнхий багцаагаар ярьсан. ...Миний бие хотод байсан болохоо нотлохын тулд Отгон-Эрдэнийнд амьдарч байсан, гэрээс нь эд зүйлс хулгайлсан гэдгээ хэлсэн... Прокурор Мөнхцэцэг нь зөвхөн О-ын мэдүүлгийн хүрээнд дээрх гэмт хэргийг нотлоод байгаа нь үнэхээр эргэлзээтэй. О нь өөрийн ярьж хэлсэн зүйлээ маш сайн зааж, удаа дараа тогтвортой мэдүүлэг өгч нотолдог гэж үздэг. Гэтэл тэр нь яг юугаар Буянбаатар намайг хүний аминд хүрсэн гэдгийг нотолж байгаа нь ойлгомжгүй. Мэдээж гэмт хэрэг үйлдсэн хүн болсон асуудлаа сайн санаж, заах нь гарцаагүй. 2004 онд миний бие Эксель маркийн автомашинтай байсан ба О нь намайг гуйж унаж сурсан бөгөөд би өөрөө зааж сургасан. Энэ үеэр Ганзориг нь Улаанбаатар хот руу шилжин явсан. Гэтэл прокурор нь намайг машин барьж чаддаггүй гэж мэдүүлсэн юм шиг гүтгэн ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Мөрдөн байцаагч Очиржанцан нь өөрөө үүрэгт ажлаа хийлгүй миний ээжээр гэрч гэгдэх Д.Бэлэгбатыг олж авчруулан будлиан хутгачихаад сүүлд нь хуурамч гэрч гаргаж ирсэн мэтээр миний ээжийг шалгаж, намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Би 2016.11.04-нд батлан даалтанд гармагцаа гэрч гэгдэх Бэлэгбаттай уулзсан ба шал өөр хүн байхаар нь байцаагчид хэлж, хүсэлт гаргасан... Миний бие энэ хэргийг үйлдсэн бол анхнаасаа мэдүүлэг өгөхгүй, эсхүл О шиг үргэлж худал мэдүүлэг өгөөд байж болох байсан. О нь өөрөө энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь өөрийнх нь өгсөн бүх мэдүүлгээс харагдсаар байхад ямар ч хамааралгүй намайг яллаад байгаа нь дэндүү шударга бус байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Хандсүрэн нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Батбаяр хэлсэн саналдаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийг жинхэнэ гардан гүйцэтгэсэн Г.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож ял завшуулсан нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь хариуцлага хүлээлгэнэ, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн. Шүүх хэт нэг талыг баримтлан хууль буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлийг бүхэлд нь өөрчлөн дүгнэх байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Шүүх Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заагдсан зүйлийг тайлбарлахдаа бодит байдлыг үнэлж дүгнэж чадаагүй, Улсын Дээд шүүхийн тогтоолын хянах хэсэгт заагдсан ажиллагааг хийгээгүйгээс болж гэмт хэрэгт ямар ч оролцоо байхгүй Ж.Б-т ял оногдуулсан байна. ...О нь 2000 төгрөг байхгүйгээс болж тэр хүнийг хөнөөсөн гэж мэдүүлж байгаа нь О-ын оюун санаанд анх хүн алах үед болсон сэдэлт зорилгыг нотолж байгаа болохоос Буянбаатарыг буруутгах нотлох баримт биш юм... Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчин Буянбаатарыг тухайн үед хэргийн газар байгаагүй гэдгээ нотолж чадаагүй гэж хууль буруу хэрэглэн тайлбарласнаар түүнийг гэмт хэрэгтэн гэж үзсэн. Буянбаатарыг хэргийн газарт байсан гэдгийг нотлох ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй байсан гэдгийг шүүх сайтар мэдэж байсан боловч  шууд бус дамжмал нотлох баримтуудыг үнэлэн Буянбаатарыг ялласан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ялтан Отгонболдын зохион ярьж байгаа, эх сурвалжаар нотлогдохгүй байгаа мэдүүлгийг шийтгэх тогтоол, магадлалын үндэслэх баримт болгосон. Давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт болсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн шүүгдэгч Г.О-ын мэдүүлгийг үндэслэн шийдвэрээ гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5, 16.3 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг ноцтойгоор зөрчсөн... Г.О-ын мэдүүлэгт би жолоочийн суудлын хажууд буюу баруун гар талд урд суудал дээр сууж явсан, Буянбаатар ард талд сууж явсан гэсэн нь энэхүү гэмт хэргийг Отгонболд өөрөө үйлдсэн болохыг нотлох шууд баримт болсон байгааг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. ...Отгонболд нь хохирогч Мөнхтогтохын баруун хажуугаас дайралт хийсний дараа өөрийн сул байх зүүн гараар түүний баруун гарын бугуйг атган, хохирогчийн баруун хэсэгт өөрийн биений цээжин хэсгээр сандалд шахан дарж хөдөлгөөнгүй болгосон болох нь шинжээч эмчийн “цогцосны баруун гарын бугалганы дотор хэсэг, цээжний баруун хэсэгт арьсны өнгөн давхарганд цайвар шаргал өнгийн дарагдал” гэснээр нотлогдож байгааг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан. Отгонболд нь хэргийн газарт байж хохирогчийг хороосон байгаа нь тогтоогдож байхад яллах баримт болох гарын хээг үгүйсгэсэн үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Г.О-ыг ямар учраас хэрэгт холбогдолгүй болж байгаа талаарх нотлох баримт, тэдгээрийн агуулга зэргийг давж заалдах шатны шүүх дурдаж чадаагүй. Хууль сахиулагчид Г.О-ын гарын алганы хээг 6 жилийн дараа илрүүлснээр энэ гэмт хэрэг илэрсэн болохоос өөр тохиолдолд хэрэг илрэх ямар ч боломжгүй байсныг шүүх анхаарч үзэлгүй Отгонболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байгааг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Г.Хандсүрэн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Прокурор энэ хэрэгт урьд нь нийт 5 удаа яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж, 2 шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай байсан хэрнээ сүүлд Г.О-ыг цагаатгасан тогтоол дээр эсэргүүцэл бичээгүй нь эргэлзээ төрүүлж байна. Г.О-ын хувьд гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь бодит байдал дээр харагддаг. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.О-ын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Г.О-ын хувьд өмгөөлөгч надаас зөвхөн үнэнийг олж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьдаг. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Г.О үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөөр ирсэн. Шүүгдэгчийн мэдүүлгийг шалгах талаар ажиллагаа хангалттай хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Цагаатгагдсан этгээд Г.О-ын өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч нар зөрүүтэй байр суурь илэрхийлж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг үндэслэж зөв дүгнэлт хийсэн. Ж.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Хуульд заасан журмыг баримталж цуглуулсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээнэ үү гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.                   

Шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Б.Тэнгис, Г.Батбаяр, Г.Хандсүрэн нарын саналыг сонсоод

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Хандсүрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Г.О, Ж.Буянжаргал нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсний дагуу шүүгдэгч Г.О, Ж.Буянжаргал нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.О, Ж.Буянжаргал нар нь 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр бүлэглэж Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин дээд сургуулийн дэргэд байрлах хохирогч Ж.Отгон-Эрдэнийн амьдарч байсан байрнаас автомашины хөгжим, сэлбэг, чемодантай хувцас, бэлэг сэлт зэрэг 980.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Ж.Б нь Г.О-ын хамт 2008 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 21-22 цагийн орчимд иргэн А.Мөнхтогтохын жолоодож явсан “Х.Аксент” загварын 26-44 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж Баянзүрх дүүргийн Бөхийн өргөөний арын замаас Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран луу хүргүүлэх үедээ төлбөр тооцооны асуудлаас болж А.Мөнхтогтохтой маргалдаж, улмаар амь хохирогч  А.Мөнхтогтохыг автомашинаа жолоодож явах үед араас нь гэнэт довтолж толгойн орой хэсэг чихний ар хэсэг рүү нь хутгалж, хохирогчийг автомашинаа зогсооход нь автомашины арын хаалгаар бууж тойрон жолоочийн хаалгыг онгойлгон түүний цээжин тус газарт нь хоёр удаа хутгалж онц харгис аргаар санаатай алсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасны дагуу шүүгдэгч Г.О, Ж.Буянжаргал нарын бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хэвээр үлдээж, тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг “танхайн сэдэлтээр” үйлдсэн гэх хүндрүүлэх шинж 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдаагүй тул Ж.Б-ын үйлдлийг “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” буюу мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэхдээ уг хуулийг зөв тайлбарласан байх ба шүүгдэгч Ж.Б-т 15 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.О нь шүүгдэгч Ж.Б-ыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэний дараа амь хохирогчийн цогцосыг зөөвөрлөхөд туслалцсан үйлдэл нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэсэн шинжийг хангахгүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, прокуророос Ж.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж дүгнэв.

Ийнхүү давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.О-ыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй, харин амь хохирогчийн цогцосыг зөөвөрлөхөд оролцсон хэргийн нөхцөл байдал тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ удирдлага болговол зохих хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байх тул зөвтгөж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.О, Ж.Буянжаргал нарт холбогдох прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлж бага бус хэмжээтэй хохирол учруулах” гэмт хэргийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд тогтоогдсон эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн прокуророос Г.О-д холбогдох амь хохирогчийн цогцсыг зөөвөрлөхөд тусалсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад түүнийг Ж.Б-тай бүлэглэж хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн мэтээр эрх зүйн байдлыг нь хүндрүүлсэн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснээс гадна шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлахгүйгээр тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.О, Ж.Буянжаргал нарт холбогдох үйл баримтын маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлд заасны дагуу хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримтын агуулга, уг нотлох баримтыг яагаад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, улмаар эсрэг баримтыг няцаан үгүйсгэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Түүнээс гадна анхан шатны шүүх Г.О-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох үндэслэл бий болоогүй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон, мөн Г.О-д 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх нөхцөлийг үндэслэлгүйгээр үгүйсгэж дүгнэсэн зэрэг хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан бөгөөд тухайн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болохыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5, 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас

                                                ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 578 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон тогтоох нь” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон тогтоох нь”,

магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн ... “ гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан ...”  гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Хандсүрэн нарын хамтран гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ШҮҮГЧ                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                       ШҮҮГЧ                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                          Б.ЦОГТ