Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2019/0852/З |
Дугаар | 221/МА2020/0569 |
Огноо | 2020-10-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2020/0569
“Э д о у” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Оюумаа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 462 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Э д о у” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 462 дугаар шийдвэрээр: Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э д о у” ХХК-иас Оюуны өмчийн газарт холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Тасалбар түгээх машин” бүтээлд бүтээгдэхүүний загварын гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, “Э д о у” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн анхдагч огноотой, 30-2017-0003477 дугаартай “Тасалбар түгээх машин” (ТТМ) нэртэйгээр өгсөн бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг хүлээн авч, бүтээгдэхүүний загварын патент олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Манай тасалбар зардаг машин өөрийн гэсэн олон онцлог шинжийг агуулсан бүтээл бөгөөд шинжээчийн адил төстэй гээд байгаа бүтээгдэхүүний загвараас өндөр, өнгө, хийц загвар бүгд өөр байтал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ямар үйлдвэрийн, хэдэн онд оюуны өмчийн бүртгэлд бүртгүүлсэн бүтээлийг “Э д о у” ХХК хуулбарласан гэдгийг шинжээч шүүхэд нотлох учиртай байсан. Хэрэв ижил төсөөтэй гэх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн бүтээлүүд бүртгэлгүй байх аваас манай бүтээл Монголдоо анхдагч огноотойгоор бүртгэгдэн Монгол Улсын хуульд заагдсан эрхийн хүрээнд хамгаалагдах боломжтой гэж үзэж байна. Манай компанийн бүтээгдэхүүнийг бидний хүссэн загвараар үйлдвэрлэж өгсөн “Sh L K S So.LTD” ХХК-тай харилцсан цахим шуудангийн баримтыг шүүхэд гарган өгсөн байгааг шүүх анхаарч судална гэдэгт итгэж байна. Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бүтээгдэхүүний загварын гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “Э д о у” ХХК нь Оюуны өмчийн газарт холбогдуулан “Оюуны өмчийн газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Тасалбар түгээх машин” бүтээлд бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн анхдагч огноотой, 30-2017-0003477 дугаартай “Тасалбар түгээх машин” (ТТМ) нэртэйгээр өгсөн бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг хүлээн авч, бүтээгдэхүүний загварын патент олгохыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Маргаан бүхий Бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзсан 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.4.3-т тус тус заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр “Э д о у” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн анхдагч огноотой, мэдүүлгийн бүртгэлийн 30-2017-0003477 дугаартай, Тасалбар түгээх машин (ТТМ) нэртэй бүтээгдэхүүний загварт патент олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.
Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт бүтээгдэхүүний загварыг хамгаалахад харгалзан үзэх шинж чанаруудыг тодорхойлсон байх бөгөөд 5.2.1-д “бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг “шинэ” гэж үзнэ” гэж заасан бол 5.4 дэх хэсэгт бүтээгдэхүүний загварт тооцохгүй үндэслэлүүдийг тодорхойлж, 5.4.3-т “бусад этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахаар бол” гэж зохицуулсан байна.
Бүтээгдэхүүний загвар гэж бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг ойлгох бөгөөд бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт Патентын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шинжээч мөн чанарын шүүлт хийж дээрх хуулийн 5 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан эсэхийг тогтоох үүрэгтэй.
Хариуцагч Оюуны өмчийн газрын шинжээч “Э д о у” ХХК-ийн мэдүүлэгт 9 сарын хугацаанд мөн чанарын шүүлт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ижил төстэй бүтээгдэхүүн илэрсэн байх ба энэ тохиолдолд Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д “мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь хууль зөрчөөгүй, дээрх үндэслэлээр патент олгохоос татгалзсан нь хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д “оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн патент олгох эсэх талаар шийдвэр гаргана” гэж заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, интернэт орчинд хандалт хийн хайхад ижил төстэй бүтээгдэхүүн илэрсэнийг “нийтэд илэрхий” гэж үзэх бөгөөд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Тасалбар түгээх машин”-ыг өндрийн хэмжээ болон өнгийг өөрчилж, дээр нь 3 ширхэг антенн байрлуулан хажуудаа бариултай загвараар тус улсад захиалан хийлгэснийг “шинээр зохион бүтээсэн өвөрмөц шийдэл” гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн, Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах 1994 оны хэлэлцээрийн 25 дугаар зүйл: Хамгаалалт эдлэх шаардлага 1-д “Гишүүд нь шинэ болон эх загвар болох бие даан үүссэн бүтээгдэхүүний загварт хамгаалалт олгоно. Хэрэв загвар нь урьд танил болсон загварууд буюу тэдгээрийн онцлог шинжийн хослолоос мэдэгдэхүйц ялгарахгүй бол гишүүд загваруудыг шинэ биш ба эх загвар биш гэж үзэж болно” гэж бүтээгдэхүүний загварыг хамгаалахад тавигдах “шинэ байх”, “эх загвар байх” шаардлагуудыг тодорхойлж өгсөн байх тул маргаан бүхий акт үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр патент олгохоос татгалзсан тохиолдолд /бусдын загварыг хуулбарласан гэж үзээгүй/ өөр улс оронд оюуны өмчийн хамгаалалт хийлгэсэн эсэх, бүтээгдэхүүний загвараар бүртгэгдсэн эсэхийг шалгаж тогтоох шаардлагагүй.
Харин бүтээгдэхүүний загварыг хамгаалахад харгалзан үзэх шинж чанарын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр патент олгохоос татгалзсан атлаа бүтээгдэхүүний загварт тооцохгүй байх үндэслэлийг хамт баримталсан нь буруу, тусдаа зохицуулалт бүхий ойлголт байх тул Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.3 “бусад этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахаар бол” гэж заасныг хэрэглэх ёсгүй байжээ.
Гэвч маргаан бүхий шийдвэрт баримталсан Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан үндэслэл зөв тул татгалзсан шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхөөргүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ямар үйлдвэрийн, хэдэн онд оюуны өмчийн бүртгэлд бүртгүүлсэн бүтээлийг “Э д о у” ХХК хуулбарласан гэдгийг шинжээч шүүхэд нотлох учиртай байсан, ижил төсөөтэй гэх бүтээл бүртгэлгүй байх аваас манай бүтээл Монголдоо анхдагч огноотойгоор бүртгэгдэн Монгол Улсын хуульд заагдсан эрхийн хүрээнд хамгаалагдана” гэх гомдлыг хангаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй орхигдуулсаныг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 462 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.2.1” гэснийг “Патентийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 11 дүгээр зүйлийн 11.9” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.Оюумаа
ШҮҮГЧ О.НОМУУЛИН