Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 972

 

 

 

 

 

 

 

 

 

2019         11          20                                   2019/ШЦТ/972       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч  С.Эрдэнэтуяа,

Гэрч Б.Эрдэнэболд,

Гэрч Э.Бадмаараг,

Шүүгдэгч /хохирогч/ Д.О, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

Шүүгдэгч /хохирогч/ П.О, түүний өмгөөлөгч Т.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О, П.О нарт холбогдох эрүүгийн 1909016000599 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хоёр хүүхэд, эгч, эгчийн охины хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а хэсэг улиастай гудамж 117 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Монгол улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмчилгээний судалгааны арга зүйч мэргэжилтэй, “Степ” тоглоомын газрын эзэн ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 25 байр 26 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч П.О нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 25 дугаар байрны 26 тоот өөрийн гэртээ хохирогч Д.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж уруул орчимд, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 20 дугаар байранд байрлах тоглоомын газарт хохирогч П.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж тархи доргилт, баруун шанаанд зулгаралт, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч П.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хаалга дуугарахаар нь хартал Бадмаараг хүүхдээ аваад ирсэн байсан. Би “сургууль орчихоод удахгүй ирнэ” гэж хэлээд гараад явсан. Утас нь дуугарахад би хажууд нь байсан. Утасны цаанаас хадам ээж нь “чи надад итгэхгүй байгаа юм уу” гэж хэлж байсан. Оюунтуяа надад “сүүлийн үед Бадмаараг гэр рүүгээ явчихдаг боллоо, би  хүүхдээ охиноо авмаар байна” гэхээр нь “танай манай хүүхэд яагаад өмчлөөд байгаа юм бэ, чи битгий орилж хашгираад бөөгөөрөө далимдуулаад бай ингэж болохгүй” гэж хэлсэн. Тэгтэл “чам шиг балиар заваан янханаар хүүхдээ харуулахгүй” гэж хэлсэн. Би уурлаад гуйлгачингаар нь дуудсан. Бадмаараг орж ирээд “та намайг салгана гэж хэлсэн юм уу” гэхээр нь би тэгж хэлээгүй гэсэн. Тэгээд байж байхад Эрдэнэболд орж ирээд би Эрдэнэболдыг суулгаад “би та хоёрыг салгана гэж хэлээгүй танай ээж яагаад худлаа ярьсан юм бэ” гэж хэлсэн. Эрдэнэболд тантай ярих юм байхгүй гэж хэлсэн. Бадмаараг огт дуугараагүй. Би “ээжийгээ дууд” гэхэд ээж нь үүдэнд энд байсан болохоор шууд орж ирсэн. Би тэрэнд “Чи яагаад худлаа хэлсэн юм бэ” гэж хэлсэн чинь Бадмаарагыг Оюунтуяа маш хүчтэй алгадсан. Тухайн үед Бадмаараг нэг ч үг дуугараагүй. Оюунтуяа охин авах гэж байхад нь Бадмаараг түрүүлж очоод охиноо аваад тэврэхэд нь булаацалдаад татаж чангаагаад байсан. Эргэж хараад намайг түлхсэн би газар унасан. Би гараас нь татаж чангаасан. Санаатайгаар зодоогүй. Хүүхэд рүү дайраагүй бол би татаж чангаахгүй байсан. Оюунтуяа “Хадаг яндараа тавиад авсан юм чинь зодох эрх нь байна алсан болно” гэж хэлсэн. Цагдаа хүлээгээд байж байсан болохоор гарахад нь саад болж гэрийнхээ хаалгыг түгжсэн. Хоёулаа адилхан болчихъё чи миний хүүг зод гэж хэлсэн. Тэгээд өөрөө хүүгээ дагуулаад өөр эхнэр авч өгнө гэж хэлээд гараад явсан...” гэв.

 

Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хэрэг болсон. 2019 оны 4 дүгээр сарын 15-нд манайд согтуу хүн ирсэн нь үнэн. Би архи уугаагүй байсан. Би охиноо 1 сартайгаас нь хардаг байсан. Анх жирэмсэн байхад нь ээжээс нь илүү хүлээж авсан. 2019 оны 4 дүгээр 15-ны орой би охиндоо “маргааш охиноо аваад салхинд гарна” гэж хэлсэн чинь охин дургүй байсан. Манай хүү өглөө нь охиноо аваад явсан. Миний хүү олон удаа явах юм бол ан цав гарна. Худ ураг болоод 1 жил болж байна. Би яг өөрийн охин шиг хүлээж авсан. Тэр өдөр яагаад манайхыг гуйлгачин гэж хэлсэн. Хүү “намайг доромжилж байна гээд” дуудсан. Миний хүү надад Бадмаараг Маргад хоёрыг аваад овоондоо гаръя гэж хэлсэн. Би оронгуутаа Бадмаарагыг охиноо авчих явъя гэж хэлсэн. Би 2 хүүхдээ аваад явъя гэсэн чинь өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаа хүлээж байна гэсэн. Би миний охиныг Зүүнбаян битгий явуулаарай гэж хэлээд гаргасан. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бидэнд хэлэхгүй явуулсан байсан. Оюунчимэг нь миний биеийн баруун гарын шуу хэсгээс чимхсэн. Тэгээд миний үснээс зулгаагаад чирээд байхаар нь би гэрээс нь гарахгүй гээд орон дээр суухад гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. Би Оюунчимэгийг үсдэж алгадсан нь үнэн...” гэв.

 

Хохирогч П.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 17-нд Эрдэнэболд манайд ирэхэд би хэлсэн. Эрдэнэболд манай биллъярдны газар очоод “би хүн ална, эсвэл би өөрийгөө ална “ гээд байсан. Тэгээд Эрдэнэболд над руу залгаад уйлаад байсан. 2019 оны 4 дүгээр сарын 24-ны 17 цагийн үед би Бадмаараг руу залгаж асуухад “би гэртээ байна, гарах гэсэн айгаад байна” гэж надад хэлсэн. Энэ хүмүүс байна гэж хэлсэн. Бадмаараг айгаад хүүхдээ аваад ирье “агаа доор байгаа бол агаагаар вокзал руу хүргээд өг” гэж хэлсэн. Тэр хооронд Эрдэнэболд орж ирээд бүх өрөөгөөр нэгжиж үзээд орилж хашгираад байхаар нь Бадмаараг байхгүй гэж хэлсэн. Оюунтуяа, эгчтэйгээ, Эрдэнэболд нар орж ирээд намайг шууд үсдэж, алгадаад зодсон. Тэр гичийг нь очиж авна гэж хэлээд намайг үснээс бариад гаргаж ирсэн. Үснээс дараад нэг гараараа үснээс нөгөө гараараа гарнаас барьсан байсан. Өрөөнд тоглож байсан хүүхдүүд салгах гэж оролдсон. Биллъярдны ширээний бөмбөг над руу шидэх гээд, цохиураар цохих гээд бас хүүхдээ авах гэж байхад намайг дахиад зодсон. Хүүхдийн дугуйг бас эвдээд, тэнд байсан бүх юмыг эвдээд байсан. Би гомдолтой байна...” гэв.

 

Гэрч Б.Эрдэнэболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай ээж өмнөх өдөр нь “охиныг аваад салхинд гарчихаад ирье” гэж хэлэхэд Бадмаараг орой нь уурлаад байсан. Манай ээж эгч 2 хоорондоо маргалдсан талаар хэлсэн. Би “эхнэр хүүхдээ авах гэж ирлээ” гэхэд “ээжийг танай хар авгай” гээд байсан. Манай ээж гаднаас орж ирээд охиныг авах гэтэл урдуур нь ороод явуулахгүй байсан. Манай ээжийг үсдээд хавирга руу нь өшиглөөд байсан. Бас чимхээд байсан. Намайг “хүүхдийнхээ хууль ёсны эцэг нь биш, гуйлгачин” гэж хэлээд байсан...” гэв.

 

Гэрч Э.Бадмаараг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө гэртээ ирсэн. Миний гар утас дуугараад сургууль дээр байсан учир утсаа авах боломжгүй байсан. Утсаа харахад манай хадам ээжээс “манайханыг гуйлгачин” гэж хэлсэн гэсэн мессеж ирсэн байсан. Намайг гэртээ ирэхэд “нөхөр хүүхдээ бодож байгаа бол такси бариад гэртээ ир” гэж хэлсэн. Гэртээ ирээд эгчээс “юу болсон бэ” гэхэд “намайг доромжилоод байхаар нь тэсэхгүй гуйлгачин” гэж хэлсэн гэсэн. Нөхөр охин бид хоёрыг авч явахаар ирсэн. Манай эгч Эрдэнэболдод чанга дуугаар “би танай ээжид салгана гэж хэлээгүй” гэж хэлсэн. Намайг газар сууж байгаад босоход хадам ээж орж ирээд намайг алгадсан. Тэгээд маргаан болсон. Хадам ээж “би охиноо авна” гээд дайрсан. Би охиноо тэврээд цаана нь сууж байхад хадам араас зулгаагаад байсан. Тэврээд зогсож байхад бас араас зууралдаад байсан. Ах гаднаас орж ирээд ингэж асуудлыг шийдэж болохгүй гээд цагдаа дуудсан. Тэгээд хадам ээжийг араас нь татсан хадам шкаф руу унасан...” гэв.

 

Эрүүгийн 1909016000599 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ач охиноо авах гээд хүү Эрдэнэболдын хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 25 дугаар байрны 26 тоотод Оюунчимэгийн гэрт очсон. Би Оюунчимэгийн гадна хүлээгээд хүү Эрдэнэболд эхнэр Бадмаараг, ач охиныг маань авах гээд түрүүлээд орсон. Удалгүй хүү Эрдэнэболд нь намайг Оюунчимэгийн гэрт ороод ир гэхээр нь ороод Оюунчимэг нь надтай хэрүүл хийж эхэлсэн. Би ач охин Маргадыг авч явах гээд Бадмаарагтай булаацалдаж байхад Оюунчимэг нь миний биеийн баруун гарын шуу хэсгээс чимхээд байсан. Тэгээд үснээс зулгаагаад чирээд байхаар нь би гэрээс нь гарахгүй гээд орон дээр суугаад байсан чинь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. Манай хүү Эрдэнэболд болон Оюунчимэгийн нөхөр нь салгасан. Би “миний охиныг битгий явуул гэж хэллээ биздээ” гэж орилоод Оюунчимэгийн сууж байсан сандалыг өшиглөөд “танай гэрт зодуулж байхад би хөдлөөгүй, би чамд зодуулаад гарсан шүү” гэж хэлсэн. Манай хүү Эрдэнэболд, миний төрсөн эгч Оюунтүлхүүр нар намайг Оюунчимэг рүү ойртуулаагүй. Тэр үед хэрүүл хийгээд зогсож байсан. Чи өмнө намайг зодсон биз дээ гэж хэлээд хөхөрсөн гараа харуулаад одоо би чамайг ийм болгон гэж хэлээд дайраад өөрийг чинь адилхан үстэж зулгаан гэж хэлээд Оюунчимэгийн үснээс зулгаагаад чамайг Зүүн Баян авч явна гэж хэлээд үүд рүү чирэхэд тэнд байсан хүүхдүүд намайг тайвшир гэж хэлээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч П.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 25 дугаар байрны 26 тоотод гэртээ унтаж байхад манай охин Бадмаараг 9 сартай охинтойгоо гэрт орж ирсэн. Бадмаараг “манай охиныг хараад өгөөч” гэж хэлсэн. Оюунтуяа над руу залгаад хэл амаар доромжлоод байхаар нь би “гуйлгачин цайралчихаад чи одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй охины нөхөр Эрдэнэболд гэрт орж ирээд Бадмаарагийг “охиноо аваад явъя” гээд ууртай байдалтай хэлэхээр нь “та нар юу яриад байгаа юм бэ, би та хоёрыг салгах талаар яриагүй, ээжтэй чинь нүүр тулмаар байна” гэж хэлсэн. Эрдэнэболд ээжтэйгээ утсаар яриад “та ороод ир” гэж хэлсэн. Оюунтуяа гэрт орж ирээд манай охин Бадмаарагийн нүүрэн тус газарт нэг удаа алгадсан. Оюунтуяа “чи яагаад хөхүүл эмэгтэй хүнийг алгадаж байгаа юм бэ” гэж хэлэхэд “зодох эрх нь надад байна, алсан ч миний дур” гэж хэлсэн. Оюунтуяа хүүхдийг нь булаацалдаад хүүхдийн гар хөлнөөс татаад байхаар нь “чи хүүхдийн гар хөлөө гэмтээлээ” гэж хэлээд Оюунтуяаг болиулах гээд гарнаас нь бариад татаад дийлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-13 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Оюунчимэгийн гэрт ороход манай хүүг загнаж зандарсан байдалтай байсан. Би “юу болоод байгаа талаар асуухад” Оюунчимэг намайг “гуйлгачинаар” дуудаж 2 дүү болон охиныг нь өгөхгүй гээд над руу салаавч гаргасан. Би бэрийн байгаа өрөөнд явж ороод ач охиноо авах гэсэн чинь надад өгөхгүй байж байтал Оюунчимэг орж ирээд намайг араас үсдэж аваад өшиглөөд байхаар нь би нэг удаа түлхэж унагасан. Би гарахгүй гээд байж байтал Оюунчимэг миний хөл толгой руу цохиж маажсан. Би бэр охиноо авах гэж ороод Оюунчимэгт зодуулсандаа гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

 

Хохирогч П.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 20 дугаар байранд байрлах тоглоомын газарт ажлаа хийж байхад Оюунтуяа хүү Эрдэнэболд, эгч Түнгээ нарын хамт гаднаас орж ирсэн. Оюунтуяа нь сандал өшиглөөд үснээс зулгааж чирээд ажлын өрөөнөөс гаргаж “тэр гичий чинь хаана байна, Зүүнбаян руу чинь чамтай хамт явж тэр гичийг чинь чамтай хамт ална” гэж хэлсэн. Тоглоомын газарт тоглож байсан хүүхдүүд гарч ирээд Оюунтуяаг “та одоо больчих” гэж хэлэхэд та нарт ямар хамаатай юм бэ гээд хараагаад байсан. Оюунтуяа миний баруун шанаа хэсэг рүү гараараа цохиод үсдэж чирэхэд тоглоом тоглож байсан хүүхдүүд болиулсан. Оюунтуяа манай охин Бадмаарагийг доромжлоод зодоод байхаар нь зөрүүлээд маргалдсан. Би гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Толгойгоо үзүүлээд 120.000 төгрөгөөр зураг авахуулсан. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Эрдэнэболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр манай ээж Оюунтуяа манай хүүхэд Маргадыг тахил хийдэг уул руу авч явна гэж ярьж байсан. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө 9 цагийн үед манай ээж Оюунтуяа утсаар яриад Бадмаарагийн эгч Оюунчимэг нь манай гэр бүлийг “гуйлгачин, манай охинд юу авч өгсөн юм бэ гэх мэтээр доромжилоод байна” гэж хэлэхээр нь ажиллаж байсан газраасаа гарч яваад гэртээ хариад ээжтэй уулзсан. Бадмаарагтай гар утсаар яриад “одоо хүүхдээ аваад гэртээ хүрээд ирээ эсвэл би очоод та хоёрыг авмаар байна” гэж хэлээд ээжийн хамт гэрээс гарсан. Би эхнэр хүүхдээ авах гээд Оюунчимэг гэдэг хүний гэрт очсон. Оюунчимэг нь намайг загнаад байхаар нь “би хэрүүл хийх гэж ирээгүй эхнэр хүүхдээ авах гэж ирлээ” гэж хэлэхэд Оюунчимэг намайг загнаад дайраад байхаар нь “манай ээж гадаа машинд сууж байгаа би дуудаад оруулаад ирчихье” гэж хэлээд ээжийг дуудаад Оюунчимэгийг гэрт оруулаад ирсэн. Оюунчимэг нь ээжтэй хэрүүл хийгээд дайраад байсан. Манай ээж охиныг авах гэтэл Бадмаараг өгөхгүй гээд булаалцаад байхаар нь ээж Бадмаарагийг нэг удаа нүүрэн тус газарт гараараа алгадсан. Оюунчимэг нь манай ээжийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хавирга руу нь хөлөөрөө өшиглөж, үснээс нь үсдэж дайрахаар нь би салгах гээд ороод Оюунчимэг, ээж Оюунтуяа хоёрыг гараараа түлхээд холдуулсан. Оюунчимэг нь ээжийг чимхээд, эсвэл хөлөөрөө хөл рүү өшиглөөд байсан. Манай ээж тэр үед хариу үйлдэл хийгээгүй зүгээр зодуулаад байсан. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ээж Оюунтуяа, ээжийн эгч Оюунтүлхүүр нарын хамт Оюунчимэгийн ажил дээр очсон. Оюунчимэг Бадмаараг та нараас айгаад хүүхдээ аваад хөдөө явсан гэж хэлсэн чинь манай ээж Оюунчимэгийн сууж байсан сандлыг өшиглөөд авахаар нь би ээжийг “боль” гээд холдуулсан. Оюунчимэг ээжийн өдөж уурлуулаад байхаар нь ээж Оюунтуяа нь Оюунчимэгийн нүүрэн тус газарт нэг удаа алгадсан. Дараа нь үснээс 3 удаа үсдэж зулгаагаад одоо хоёулаа Зүүнбаян руу явна гэж хэлээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Бадмаараг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 07 цагийн үед өөрийн хүүхэд Маргадын хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 25 дугаар байрны 26 тоотод оршин суудаг эгч Оюунчимэгийн гэрт нь нөхөр Эрдэнэболдын машинаар хүргүүлээд очсон. Оюунчимэг эгчид “охиныг харж байгаарай” гэж хэлээд гэрээс гарах тэгтэл манай хадам ээж Оюунтуяа нь залгаж “манай охин Маргадыг тахил хийдэг овоо руу авч явах гэж байсан чи надаа итгэхгүй байгаа юм уу 8 сар хүртэл охиныг чинь харсан биз дээ” гэж хэлээд уйлаад байхаар нь чимээгүй сонсож байгаад хадам ээждээ “би өнөөдөр эгчийндээ хувцасаа угаагаад орой нөхрийгөө ажлаас тарахаар нь хамт гэртээ харина” гэж хэлсэн. Сургууль дээр байх үед хадам ээж миний гар утас руу залгаад байсан. Тэр үед би утсаа аваагүй над руу бас мессеж бичсэн байсан. Эгчийн гэр рүү явах хугацаанд нөхөр, хадам ээж хоёр миний утас руу залгаад байсан. Тэр үед хадам ээжтэй ярихад “танай эгч Оюунчимэг та хоёрыг салгана гэж хэлээд дайраад байна” гэж хэлэхээр нь би эгчийн хажууд байхгүй болохоор юу болсныг мэдэхгүй байна гэж хэлсэн. Би эгчийн гэрт ирээд эгч Оюунчимэгээс юу болсон талаар асуухад “би эхлээд хэрүүл маргаан хийгээгүй зүгээр ярьж байсан дараа нь ярих хугацаандаа хэрүүл хийсэн” гэж ярьсан. Удалгүй нөхөр Эрдэнэболд нь эгчийн гэрт орж ирээд “Бадмаараг аа явахгүй юм уу” гэж асуухаар нь би нөхөртөө юм хэлээгүй. Оюунчимэг эгч манай нөхөрт “би танай ээжид та хоёрыг салгана гэж хэлээгүй яагаад худлаа яриад байгаа юм бэ, ээжийгээ дууд” гэж хэлсэн. Эрдэнэболд ээжийгээ дуудахад хадам ээж Оюунтуяа гэрт ороод ирсэн. Хадам ээж гаднаас орж ирснээ манай эгч Оюунчимэг рүү “яагаад миний хүүхдийг загнаад байгаа юм бэ” гэж ууртай хэлсэн. Оюунчимэг нь “би салгана гэж хэлээгүй байхад чи яагаад худлаа хэлээд байгаа юм бэ” гэж хэлээд тэр хоёр хэрүүл хийгээд эхэлсэн. Би чимээгүй тэр хоёрын хоорондоо юм ярьж байсныг сонсож газарт сууж байгаад газраас босоод ирэхэд хадам ээж Оюунтуяа миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа алгадсан. Эгч Оюунчимэг нь “юу болоод байна яагаад хүүхэд алгадаж байна” гэж хэлээд босч ирэхээр нь эгчийнхээ урдуур ороод зогсоход хадам ээж, эгч хоёр хоорондоо маргалдаад байсан. Хадам ээж Оюунтуяа “би хүүхдээ авна” гэж хэлээд хүүхэд унтаж байсан өрөө рүү явахаар нь би хурдан гүйгээд хүүхдээ тэвэрч аваад орны цаана очоод буруу тийшээ хараад суусан. Хадам ээж охиноо авна гэж хэлээд татаж охиныг минь гэмтээх гээд байсан. Манай эгч Оюунчимэг хадам ээжийг надаас холдуулах гээд хадам ээжийн гараас нь зуураад татаад байсан. Эгчийн нөхөр Бямбасүх нь гаднаас орж ирээд “больцгоо ингэж болохгүй хэл амаар шийдэж болохгүй юм бол цагдаагаар асуудлыг шийдүүлнэ” гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хадам ээж охиныг өг гэж хэлээд дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

 

Гэрч Х.Бямбасүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүүхдээ хүргэж өгчихөөд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 25 дугаар байрны 26 тоот гэртээ ирэхэд эхнэр Оюунчимэг, хүү Зоригт, охин Бадмаараг охинтойгоо, хүргэн Эрдэнэболд, түүний ээж Оюунтуяа нар байсан. Оюунтуяа Бадмаарагийн хүүхдийг булааж авах гээд гар хөлнөөс нь татаад зулгаагаад байсан. Би Эрдэнэболдод “яах гэж ээжийгээ дагуулж ирээд эхнэр, хүүхдийг минь зодуулаад байдаг юм бэ” гэж хэлсэн. Эрдэнэболд бид хоёр Бадмаарагаас Эрдэнэболдын ээжийг салгаад би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Оюунчимэг Оюунтуяаг зодож байсны хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 20 дугаар байранд байрлах бильярдын газарт найз Тэмүүжинтэй тоглох гээд орсон. Хүмүүсийн орилох чимээ гарахаар нь гайхаад дуу гараад байгаа газарт очтол Оюунчимэг гэдэг эгчийг 178 см орчим өндөртэй, том нүдтэй, бор царайтай, өмсөж явсан хувцасыг нь санахгүй байна үл таних эмэгтэй хүн үснээс нь зулгаасан чирээд бие рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-122 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Тэмүүжин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 20 дугаар байранд байрлах билльярдын газар найз Мөнхбатын хамт тоглож байхад зүс мэдэх Эрдэнэболд нилээд нас тогтсон 2 эгчийн хамт гаднаас орж ирсэн. Билльярд ажилуулдаг Оюунчимэг эгчийн өрөө рүү ороод юм шидээд байх шиг байсан. Удалгүй хүмүүсийн орилох чимээ гараад очтол Оюунчимэг эгчийг 170-178 орчим өндөртэй, бор царайтай, махлах биетэй эмэгтэй үснээс нь гараараа зулгаачихсан чирээд өрөөнөөс гаргаж ирсэн. Мөнхбат салгах гэж оролдоод байсан. Оюунчимэг эгчийн жаахан хүүхэд өрөөнөөс гарч ирээд “ээжээ миний зүрх өвдөөд байна” гээд уйлаад байхаар нь би хүүхдийг өөр өрөөнд оруулж тайвшруулаад сандал дээр суулгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 123-125 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Оюунтүлхүүр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Монгол 3 дугаар сургуулийн тэнд Эрдэнэболдтой уулзаад Бадмаарагийн эгчийнх нь ажил болох билльярдын газар очсон. Эрдэнэболд, Оюунтуяа нар машинаас буугаад түрүүлээд орсон. Намайг араас нь ороход Оюунтуяаг Эрдэнэболд тэвэрсэн байдалтай Оюунтуяа Бадмаарагийн эгч гэх хүнтэй хэрүүл хийгээд зогсож байсан. Оюунтуяа бүр уурлаад Бадмаарагийн эгчийн үснээс зулгаагаад үсдэж чирээд би энийг Зүүнбаян руу авч явна гээд хэлээд байхаар нь би хажуу талаас нь Зүүнбаян руу аваад явчих тайван бай Оюунтуяа гэж хэлсэн. Дараа Бадмаарагийн эгчийг Зүүнбаян руу нь явчих гэж хэлсэн. Бид тэнд байсан хоёр хүүхдийн хамтаар Оюунтуяаг Бадмаарагийн эгчээс салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 126-128 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Т.Сэлэнгэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Д.Огийн биед уруул орчимд, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэсэн гэмтлүүд нь олон тооны цус хуралт, зулгаралтууд болон зарим цус хуралт, зулгаралтууд нь хэмжээ нь том байна. Толгой өвдөж байна гэсэн зовиуртай байна. Бүх гэмтлүүд нь нийлээд Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Ц.Оюунтуяагийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх шинэ гэмтлүүд байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131-133 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5176 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

1. П.Оийн биед тархи доргилт, баруун шанаанд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4768 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

1. Д.Огийн биед уруул орчимд, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд “...хохирогч Д.О хэрэг болох үед зодуулж биед гэмтэл авсныг харуулсан зурагнуудыг өгснийг хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134-135 дугаар хуудас/,    

 

Шүүгдэгч Д.Огийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148 дугаар хуудаас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр хуудас/, шүүгдэгч П.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 149 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.О нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 12-13 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 25 дугаар байрны 26 тоот өөрийн гэртээ хохирогч Д.Ог “хүүхэд өгч явуулахгүй, Э.Бадмаарагыг алгадлаа” хэмээн маргаан үүсгэж маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хүч хэрэглэж “...уруул орчимд, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Үүнд:

 

- 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /гомдол гаргасан Д.О/,

 

- Цагдаагийн байгууллагад Д.Огаас гаргасан өргөдөл, гомдол,

 

- Хохирогч Д.Огийн “...Оюунчимэг намайг “гуйлгачинаар” дуудаж охиныг нь өгөхгүй гээд над руу салаавч гаргасан. Би бэрийн байгаа өрөөнд явж ороод ач охиноо авах гэсэн чинь надад өгөхгүй байж байтал Оюунчимэг орж ирээд намайг араас үсдэж аваад өшиглөсөн. Би гарахгүй гээд байж байтал Оюунчимэг миний хөл толгой руу цохиж маажсан...” гэсэн мэдүүлгээр,

 

- Гэрч Б.Эрдэнэболдын “...Оюунчимэг нь манай ээжийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хавирга руу нь хөлөөрөө өшиглөж, үснээс нь үсдэж дайрсан. Оюунчимэг нь ээжийг чимхээд, хөлөөрөө хөл рүү өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлгээр,

 

- Гэрч Э.Бадмаарагийн “...би хурдан гүйгээд хүүхдээ тэвэрч аваад орны цаана очоод буруу тийшээ хараад суусан. Эгч Оюунчимэг хадам ээжийг надаас холдуулах гээд хадам ээжийн гараас нь зуураад татаад байсан...” гэсэн мэдүүлгээр,

 

- Шүүгдэгч П.Оийн “...Оюунтуяаг болиулах гээд гарнаас нь бариад татаад дийлэхгүй байсан...” гэсэн мэдүүлгээр,

 

- Шинжээч эмч Т.Сэлэнгийн “...Д.Огийн биед уруул орчимд, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэсэн гэмтлүүд нь олон тооны цус хуралт, зулгаралтууд болон зарим цус хуралт, зулгаралтууд нь хэмжээ нь том байна. Бүх гэмтлүүд нь нийлээд Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.Оюунтуяагийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх шинэ гэмтлүүд байна...” гэсэн мэдүүлгээр

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4768 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Д.Огийн биед уруул орчимд, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

 

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 20 дугаар байранд байрлах тоглоомын газарт 18-19 цагийн орчим хохирогч П.Оийг “хүүгийн нялх хүүхдийг дураараа хол явууллаа, энэ байдлаа хэлсэнгүй” хэмээн уурлан маргалдаж улмаар түүний биед хүч хэрэглэн эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун шанаанд зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

- Хохирогч П.Оийн мэдүүлэг,

 

- Гэрч Б.Эрдэнэболд, гэрч Д.Оюунтүлхүүр, гэрч М.Мөнхбат, гэрч Б.Тэмүүжин нарын мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Д.Огийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5176 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. П.Оийн биед тархи доргилт, баруун шанаанд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудаар 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Д.О нь ач охин болох өөрийн хүү Б.Эрдэнэболдын хүүхдийг агаарт авч гарах зорилгоор хүүхэд байгаа газар болох худ ургийн холбоотой П.Оийн гэрт очиж  “хүүхэд өгөх өгөхгүй” талаар хоорондоо маргалдан бэр Э.Бадмаарагийн тэвэрч байсан хүүхдийг авах гэж оролдох үед П.О нь уг үйлдлийг болиулахаар Д.Од хүч хэрэглэн түүний нүүр, цээж, баруун бугалга, зүүн гуян тус газарт хүч хэрэглэн зодсон байх ба үүнээс улбаалан 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Д.О нь П.Оийн ажлын газарт очиж “нялх хүүхдийг хөдөө хол явуулахгүй гэсэн атлаа явуулсан” гэж маргаан үүсгэж түүний толгой, баруун шуу хэсэгт хүч хэрэглэн зодож мөн хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

П.О, Д.О нар бие биенийхээ олон хэсэг газарт удаа дараа цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож тийнхүү цохих үед тэдгээрийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас бие биедээ хөнгөн гэмтэл учруулан тус тусын эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.О, П.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.О, П.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Д.Огийн биед учирсан гэмтэл нь биеийн гадаргуун 1%-д хүрээгүй байхад хөнгөн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, П.О нь хүүхдээ хамгаалах зорилгоор аргагүй хамгаалалт хийсэн тул П.Оийг гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Учир нь хохирогч Д.Огийн бие махбодид гэмтлийн зэрэг тогтоосон Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №4768 дугаартай дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий шинжээч гаргахдаа хууль, журамд заасан нөхцлийг хангаагүй гэх эргэлзээ бий болоогүй, шинжээч дүгнэлтээ давхар нотолж үндэслэл бүхий мэдүүлгээ өгсөн тул өмгөөлөгчийн гаргасан таамаг бүхий саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Мөн түүнчлэн хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Д.О нь ач охиноо авах зорилгоор Э.Бадмаараг руу хандаж очиж байгаа үйлдэл нь тэдгээрийн эрүүл мэнд, амь насанд тулгарсан довтолгоон биш тул П.Оийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл Д.О санаа зорилго болон үйлдлийн хувьд бэр Э.Бадмаараг, ач охин нарын амь нас, эрүүл мэндэд нь халдаж цохиж хүч хэрэглэсэн аливаа үйлдэл хийгээгүй, түүнээс тэдгээрт бодитоор гэм хор учруулах эрсдэлт нөхцөл байдал агуулаагүйг анхаарах нь зүйтэй.     

 

Шүүх хуралдаанд харилцан бие биедээ хохирогч Д.О, П.О нараас “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгч тус бүрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.О, П.О нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн харицлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр тус тус шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.О, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.О, П.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцсугай.

             

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.О, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Д.О нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН