Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 188

 

Д.О, П.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Эрдэнэтуяа,

            шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Д.Чинзориг,

            шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Г.Даваахүү,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/972 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.О гаргасан давж заалдах гомдлоор Д.О, П.Онарт холбогдох эрүүгийн 1909016000599 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Харьд овгийн Д.О нь, 1980 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хоёр хүүхэд, эгч, бүл дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а хэсэг, Улиастай гудамжны 117 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ГЙ80082400/,

 

2. Сайхан зуслан овгийн Пүрэвдоржийн П.О, 1977 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмчилгээний судалгааны арга зүйч мэргэжилтэй, “Степ” тоглоомын газрыг ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 25 байрны 26 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЕП77012820/,

 

П.Онь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 26 тоот өөрийн гэртээ хохирогч Д.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж, “уруул орчимд, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Д.О нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 20 дугаар байранд байрлах тоглоомын газарт хохирогч П.П.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж, “тархи доргилт, баруун шанаанд зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.О, П.Онарын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Харьд овогт  Д.О, Сайхан зуслан овогт П.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.П.О, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Д.О нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Одавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Сэлэнгийг биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч гэм буруугийн шүүх хуралдаанд эмч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байхад даргалагч шүүгч “...шинжээч эмчийг заавал оролцуулах шаардлагагүй...” гэх тайлбар өөрөө гаргаж, ирц бүрдээгүй байхад шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хийсэн. Шинжээч эмч хэрвээ шүүх хуралдаанд оролцсон бол энэхүү гомдлын 3 дахь хэсэгт дурдсан асуудлаар асуулт асууж хариу авах байсан юм.

2. Манай өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан эхлэх үед Д.О-ийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.6-д заасан хуулийн шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг хууль зүйн тодорхой үндэслэлгүйгээр хангаагүй.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтад “...Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өнгөц шарханд гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно...” гэж заасан байх ба Д.Огийн биед үүссэн гэх гэмтэл дээрх хэмжээнд хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь буруу байна гэх үндэслэлээр, мөн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн гэрч Э.Бадмаараг, гэрч Б.Эрдэнэболд нарын мэдүүлэг маш их зөрүүтэй, эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байгаа үндэслэлээр, мөн Д.Огийн зүгээс Э.Бадмаарагийг цохьсон, улмаар хүүхдийг нь булааж авахаар оролдсон зэрэг нөхцөл байдалд Д.Огийн балмад авир, бодит довтолгооныг таслан зогсоох гэж оролдохдоо хүч хүрэхгүйн эрхэнд түүний гарнаас татсаныг аргагүй хамгаалалтад тооцох үндэслэлтэй гэж манай өмгөөлөгч мэтгэлцсэн боловч анхан шатны шүүгч огт анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасныг тус тус эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. ...” гэв.

 

            Шүүгдэгч П.О-ийн өмгөөлөгч Г.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс гарсан шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт: Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. П.О нь хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцогдож байгаа. Гэтэл бодит байдал хөнгөн гэмтэл учруулаагүй. Мөн хавтас хэргээс гэм буруутай болох нь тогтоогддоггүй. Харин эсрэгээрээ Д.О-ийн хийсэн довтолгооныг таслан зогсоох гэсэн оролдлогын үр дүнд түүний биеэс татаж чангаах үйлдэл хийсэн. Мөн Д.О-ийн хүү Эрдэнэболд тухайн үед гар хөлөөс нь чангааж байсан тул тэрхүү гэмтлийг учруулсан байх боломжтой гэж үзэж байна. Иймээс П.П.Оийг хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Гэмтэл учруулсан байлаа гэхэд үүнд гэмтлийн зэрэг тогтоогдох эсэх нь тодорхойгүй. Бидний зүгээс шинжээч эмчийн дүгнэлтэд эргэлзэж байсан учир шинжээч эмчийг шүүх хуралдаанд тайлбар авах зэргээр оролцуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч шинжээч гэм буруугийн шүүх хуралдаанд ирээгүй. Бидний зүгээс хурлын ирц бүрдээгүй гэдэг үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шинжээчийн дүгнэлтэд шинжилгээний аргачлал, явц, үр дүн, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт зэргийг тусгана” гэсэн байхад асуултаа тавилгүй шууд хариулаад явсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан. Гэтэл үүнийг анхан шатны шүүхээс “ноцтой зөрчил биш, юун сүртэй юм бэ” гээд хүсэлтийг хангаагүй. Хэрэв шинжээч эмч шүүх хуралдаан оролцсон бол “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтад “...Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өнгөц шарханд гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэснийг үндэслэн Д.Огийн биеийн гадаргуу хэдэн сантиметр квадрат талбайтай юм, одоо үүссэн байгаа гэмтлүүд нь түүний 1 хувьд хүрч байгаа юу гэдгийг асуух гэж байсан юм. Иймээс шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулах шаардлагатай байсан юм. Мөн ямар нэг эмнэлзүйн шинж илрээгүй гэдэг нь тухайн хүнд ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн үг. Тэгэхээр үнэхээр эмчилгээ хийлгэсэн юм уу, эсхүл эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан эсэх нь тодорхойгүй байсан. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр Эрдэнэболд, Бадмаараг гэх мэт гэрчүүдийн мэдүүлэг маш их зөрүүтэй байсан. Миний хувьд гэрч Эрдэнэболдын мэдүүлэгт маш их эргэлзэж байна. Учир нь тухайн хүний гаргаж байгаа араншин болон анхан шатны шүүх хуралдаанд П.П.От үг хэлэх боломж гарахад Эрдэнэболд уурлаад шүүх хуралдааны танхимаас гарсан зэрэг үйлдлээс харахад хувийн сонирхолгүйгээр, хөндлөнгийн байр суурьнаас үнэн бодит зүйлийг ярих гэрч мөн гэдэгт эргэлзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байдал нь 100 хувь Эрдэнэболдын мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэсэн байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, процессын шинжтэй алдааг залруулах шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүх рүү буцааж, эсхүл П.П.Оийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч П.О“Д.О-ийн өмгөөлөгч заналхийлж намайг үг хэлүүлээгүй” гэж байна. Гэтэл ийм зүйл огт болоогүй. Шүүх хуралдааны тэмдэглэл дээр ярьсан зүйлүүд бүгд бичигдсэн байгаа. Харин хохирогчийн хувьд хууль сануулж үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж хэлсэн. Өөрөөр заналхийлж, эцсийн үгээ хэлж байхад нь саад болсон зүйл байхгүй. Мөн шинжээч эмчийн хувьд П.О болон түүний өмгөөлөгч нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд “хэргийг прокурорт буцаая” гэхэд шүүгч “заавал буцаах шаардлагагүй. Хэрэв шаардлагатай бол шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулахаар захирамж гаргая. Гэхдээ заавал оролцуулна гэсэн үг биш шүү” гэж тайлбарлаж хэлж байсан. Шүүхээс шинжээч эмчийг мэдэгдэх хуудсаар дуудахад ажлын шаардлагаас болж ирж чадаагүй. Тэгээд шинжээч эмчийн өөрийн өгсөн мэдүүлэг хавтас хэрэгт байгаа тул шинжлэн судлах замаар шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ гэсэн. Үүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой зөрчил байхгүй. Мөн П.О олон түүний өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах талаар дурддаг. Хавтас хэрэгт шинжээч томилсон тогтоол нь шинжээчийн дүгнэлтийнхээ урд талын хуудсанд байгаа. Шинжээчийн дүгнэлтэд асуултыг заавал бичнэ. Бичихгүй бол шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэсэн хууль байхгүй. Иймээс шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах гэсэн өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй байсан. Мөн өмгөөлөгч Г.Даваахүү нь Д.О-ийн биед нийт гадаргуун 1 хувиас бага хэмжээний гэмтэл учирсан гэж өөрөө дүгнээд байгаа юм. Шинжээчийн дүгнэлтээр Д.О-ийн биед есөн тооны гэмтэл учирсан байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт “шинжлүүлэгчийн эрүүл мэндийг сарниулаагүй” гэж байгаа. Сарниулаагүй бол гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэж үзэхээр байна. Үүнийг анхан шатны шүүх хуралдаан дээр ч мөн ярьсан. Гэтэл шүүгдэгч П.О болон түүний өмгөөлөгч ойлгохгүй, 1 хувь гэдэгт маш их ач холбогдол өгдөг. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4768 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн. Тэгэхээр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан л бол биеийн гадаргуун 1 хувь хүрээгүй ч гэсэн гэмтлийн зэрэг тогтоогдоно гэсэн үг. Мөн гэрч Эрдэнэболдын мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүх шийдвэр гаргасан гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд ганцхан гэрч Эрдэнэболд оролцоогүй. Гэрч Бадмаараг ч мөн шүүх хуралдаанд оролцсон. Эдгээр хүмүүсийн мэдүүлгийг үнэлж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Эрдэнэболдыг хэрэгт хувийн сонирхолтой, шүүх хуралдааныг орхиж явсан гэж байна. Үүнд Эрдэнэболд нь өөрөө шүүхээс “би энэ худлаа ярьж байгааг сонсож чадахгүй” гээд зөвшөөрөл авч гарсан. Учир нь П.О нь байнга худлаа ярьж хүмүүсийг гүтгэдэг. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Урьдчилсан хэлэлцүүлэгт П.О болон түүний өмгөөлөгч нь шинжээч эмчийг оролцуулах хүсэлт гаргасан. Үүнийг шүүх хүлээн авч “шинжээч эмчийг оролцуулъя. Гэхдээ шинжээч эмч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл болохгүй” гэдгийг тайлбарлаж өгч байсан. Дараагийн шүүх хуралдаанд шинжээч эмч шүүх хуралдаанд ирээгүй. Иймээс шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй холбоотой мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан байгаа тул дүгнэлт, мэдүүлэг зэргийг үндэслэн шүүх хуралдааны үргэлжлүүлэх боломжтой гэж үзэн үргэлжлүүлсэн. Мөн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шинжилгээ хийх явцад шинжээч уг хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг олж тогтоосон бол энэ талаар асуулт тавигдаагүй байсан ч дүгнэлтэд заана” гэсэн байна. Тэгэхээр заавал асуулт тавиагүй зүйлд хариулсан байна гэж үзэн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй, хууль зөрчсөн байна гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн шүүхийн шатанд өгсөн Эрдэнэболд, Бадмаараг нарын өгсөн мэдүүлэг ноцтой зөрүүтэй байна гэж байна. Анхан шатны шүүх ганц Эрдэнэболдын мэдүүлгээр бус хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсны үр дүнд хэргийг шийдвэрлэсэн. Мөн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.5 дахь хэсэгт “шинжлүүлэгчийн биед энэ журмын 2.2, 2.4 дэх хэсэгт заасан шалгуур шинжүүдийн аль нэг нь илэрвэл гэмтлийн зэрэг тогтоох хангалттай үндэслэл болно” гэсэн байна. Шинжээчийн дүгнэлтээс харахад Д.О-ийн биед есөн тооны гэмтэл учирсан. Шинжээч эмч үүнийг тайлбарлахдаа “гэмтэл тогтоогдсон хэсгийн талбай том байх тул бүх гэмтэл нийлээд гэмтлийн зэргийг хангаж байна” гэсэн байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч П.О гаргасан давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

П.О нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 26 тоотод орших өөрийн гэртээ хохирогч Д.О-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж, “уруул орчимд, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Д.О-ийн хохирогчоор мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр П.Оийн гэрт ороход манай хүүг загнаж, зандарсан байдалтай байсан. Би юу болоод байгаа талаар асуухад О намайг гуйлгачинаар дуудаж, 2 дүү болон охиныг нь өгөхгүй гээд над руу салаавч гаргасан. Би бэрийн байгаа өрөөнд явж ороод ач охиноо авах гэсэн чинь надад өгөхгүй байж байтал П.О орж ирээд намайг араас үстэж аваад өшиглөөд байхаар нь би нэг удаа түлхэж унагасан. Би гарахгүй гээд байж байтал П.О миний хөл толгой руу цохиж маажсан. Би бэр охиноо авах гэж ороод П.О-т зодуулсандаа гомдолтой байна...” /хх 20-23/,

П.О яллагдагчаар мэдүүлсэн “...Д.О хүүхдийг нь булаацалдаад хүүхдийн гар хөлнөөс татаад байхаар нь “чи хүүхдийн гар, хөл гэмтээлээ” гэж хэлээд Д.Ог болиулах гээд гарнаас нь бариад татаад дийлэхгүй байсан. ...” /хх 9-13/,

 гэрч Б.Эрдэнэболдын “...2019 оны 4 дүгээр сарын 16-нд ...би эхнэр хүүхдээ авах гээд П.О гэдэг хүний гэрт очсон. П.О нь намайг загнаад байхаар нь “би хэрүүл хийх гэж ирээгүй, эхнэр хүүхдээ авах гэж ирлээ” гэж хэлэхэд П.О намайг загнаад дайраад байхаар нь “манай ээж гадаа машинд сууж байгаа би дуудаад оруулаад ирье” гэж хэлээд ээжийг дуудаад П.Оийг гэрт оруулаад ирсэн. П.О нь ээжтэй хэрүүл хийгээд дайраад байсан. Манай ээж охиныг авах гэтэл Бадмаараг өгөхгүй гээд булаалцаад байхаар нь ээж Бадмаарагийг нэг удаа нүүрэн тус газарт гараараа алгадсан. П.О нь манай ээжийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хавирга руу нь хөлөөрөө өшиглөж, үстэж дайрахаар нь би салгах гээд ороод П.О, ээж Д.О хоёрыг гараараа түлхээд холдуулсан. П.О нь ээжийг чимхээд, хөлөөрөө хөл рүү нь өшиглөөд байсан. Манай ээж тэр үед хариу үйлдэл хийгээгүй зүгээр зодуулаад байсан. ...”  /хх 36-38/,

 гэрч Э.Бадмаарагийн “...Эрдэнэболд ээжийгээ дуудахад хадам ээж Д.О гэрт ороод ирсэн. Хадам ээж гаднаас орж ирснээ манай эгч П.О рүү “яагаад миний хүүхдийг загнаад байгаа юм бэ” гэж ууртай хэлсэн. П.О нь “би салгана гэж хэлээгүй байхад чи яагаад худлаа хэлээд байгаа юм бэ” гэж хэлээд тэр хоёр хэрүүл хийгээд эхэлсэн. Би чимээгүй тэр хоёрын хоорондоо юм ярьж байхыг сонсож газарт сууж байгаад босоход  хадам ээж Д.О миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа алгадсан. Эгч П.О нь “юу болоод байна, яагаад хүүхэд алгадаад байна” гэж хэлээд босч ирэхээр нь эгчийнхээ урдуур ороод зогсоход хадам ээж, эгч хоёр хоорондоо маргалдаад байсан. Хадам ээж Д.О “би хүүхдээ авна” гэж хэлээд хүүхэд унтаж байсан өрөө рүү явахаар нь би хурдан гүйгээд хүүхдээ тэвэрч аваад орны цаана очоод буруу тийшээ хараад суусан. Хадам ээж охиноо авна гэж хэлээд татаж охиныг минь гэмтээх гээд байсан. Манай эгч П.О хадам ээжийг надаас холдуулах гээд хадам ээжийн гараас нь зуураад татаад байсан. Эгчийн нөхөр Бямбасүх нь гаднаас орж ирээд “больцгоо ингэж болохгүй хэл амаар шийдэж болохгүй юм бол хуулийн байгууллагаар асуудлыг шийдүүлнэ” гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хадам ээж охиныг өг гэж хэлээд дайраад байсан...” /хх 39-41/,

 

гэрч Х.Бямбасүхийн “...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүүхдээ хүргэж өгчихөөд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 26 тоот гэртээ ирэхэд эхнэр П.О, хүү Зоригт, охин Бадмаараг охинтойгоо, хүргэн Эрдэнэболд, түүний ээж Д.О нар байсан. Д.О Бадмаарагийн хүүхдийг булааж авах гээд гар, хөлнөөс нь татаад зулгаагаад байсан. Би Эрдэнэболдод “яах гэж ээжийгээ дагуулж ирээд эхнэр, хүүхдийг минь зодуулаад байдаг юм бэ” гэж хэлсэн. Эрдэнэболд бид хоёр Бадмаарагаас Эрдэнэболдын ээжийг салгаад би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. П.О Д.Ог зодож байсныг хараагүй...” /хх 42-44/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “1. Д.Огийн биед уруул орчимд, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх 51/ гэх 4768 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

уг шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Т.Сэлэнгийн “...Д.О-ийн биед “уруул орчимд, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэсэн гэмтлүүд нь олон тооны цус хуралт, зулгаралтууд болон зарим цус хуралт, зулгаралтууд нь хэмжээ нь том байна. Толгой өвдөж байна гэсэн зовиуртай байна. Бүх гэмтлүүд нь нийлээд Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.Д.О-ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх шинэ гэмтлүүд байна...” /хх 131-133/ гэсэн мэдүүлэг зэрэг,

 

 Д.О нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 20 дугаар байранд байрлах өөрийн ажиллуулдаг тоглоомын газартаа хохирогч П.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж, “тархи доргилт, баруун шанаанд зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан учруулсан болох нь:

П.О хохирогчоор мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 20 дугаар байранд байрлах тоглоомын газарт ажлаа хийж байхад Д.О хүү Эрдэнэболд, эгч Түнгээ нарын хамт гаднаас орж ирсэн. Д.О нь сандал өшиглөөд, үснээс зулгааж чирээд, ажлын өрөөнөөс гаргаж “тэр гичий чинь хаана байна. Зүүнбаян руу чинь чамтай хамт явж тэр гичийг чинь чамтай хамт ална” гэж хэлсэн. Тоглоомын газарт тоглож байсан хүүхдүүд гарч ирээд Д.Ог “та одоо больчих” гэж хэлэхэд та нарт ямар хамаатай юм бэ гээд хараагаад байсан. Д.О миний баруун шанаа хэсэг рүү гараараа цохиод үстэж чирэхэд тоглоом тоглож байсан хүүхдүүд болиулсан. Д.О манай охин Бадмаарагийг доромжлоод зодоод байхаар нь зөрүүлээд маргалдсан. Би гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Толгойгоо үзүүлээд 120.000 төгрөгөөр зураг авахуулсан. Гомдолтой байна...” /хх 32-35/,

Д.О-ийн яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр П.Оийн ажил гэх газарт шууд ороод миний охиныг битгий явуул гэж хэлээ биз дээ гэж орилоод П.О-ийн сандлыг өшиглөөд танай гэрт зодуулж байхад би хөдлөөгүй шүү, би чамд зодуулаад гарсан шүү гэж хэлсэн чинь манай эгч, хүү нар ойртуулаагүй хэрүүл хийгээд зогсож байсан. ...Би “Чи өмнө намайг зодсон биз дээ” гэж хэлээд хөхөрсөн гараа харуулаад одоо би чамайг ийм болгоно гэж хэлээд дайраад, өөрийг чинь адилхан үстэж зулгаана гэж хэлээд П.О-ийн үснээс зулгаагаад чамайг “Зүүнбаян авч явна” гэж хэлээд үүд рүү чирэхэд тэнд байсан хүүхдүүд намайг тайвшир гэж хэлээд салгасан...” /хх 5-6/,

гэрч Б.Эрдэнэболдын “...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ээж Д.О, ээжийн эгч Оюунтүлхүүр нарын хамт П.Оийн ажил дээр очсон. П.О “Бадмаараг та нараас айгаад хүүхдээ аваад хөдөө явсан” гэж хэлсэн чинь манай ээж П.Оийн сууж байсан сандлыг өшиглөөд авахаар нь би ээжийг “боль” гээд холдуулсан. П.О ээжийг өдөж уурлуулаад байхаар нь ээж Д.О нь П.О-ийн нүүрэн тус газарт нэг удаа алгадсан. Дараа нь үснээс 3 удаа үстэж зулгаагаад “одоо хоёулаа Зүүнбаян руу явна” гэж хэлээд байсан...”  /хх 36-38/,

 гэрч М.Мөнхбатын “...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 20 дугаар байранд байрлах бильярдын газарт найз Тэмүүжинтэй тоглох гээд орсон. Хүмүүсийн орилох чимээ гарахаар нь гайхаад дуу гараад байгаа газарт очтол П.О гэдэг эгчийг 178 см орчим өндөртэй, том нүдтэй, бор царайтай “өмсөж явсан хувцасыг нь санахгүй байна” үл таних эмэгтэй хүн үснээс нь зулгааж, чирээд бие рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан...” /хх 120-122/,

 гэрч Б.Тэмүүжингийн “...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 20 дугаар байранд байрлах билльярдын газар найз Мөнхбатын хамт тоглож байхад зүс мэдэх Эрдэнэболд нилээд нас тогтсон 2 эгчийн хамт гаднаас орж ирсэн. Билльярд ажилуулдаг П.О эгчийн өрөө рүү ороод юм шидээд байх шиг байсан. Удалгүй хүмүүсийн орилох чимээ гараад очтол П.О эгчийг 170-178 орчим өндөртэй, бор царайтай, махлах биетэй эмэгтэй үснээс нь гараараа зулгаачихсан чирээд өрөөнөөс гаргаж ирсэн. Мөнхбат салгах гэж оролдоод байсан...” /хх 123-125/,

 гэрч Д.Оюунтүлхүүрийн “...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Монгол 3 дугаар сургуулийн дэргэд Эрдэнэболдтой уулзаад Бадмаарагийн эгчийнх нь ажил болох билльярдын газар очсон. Эрдэнэболд, Д.О нар машинаас буугаад түрүүлээд орсон. Намайг араас нь ороход Д.О-г Эрдэнэболд тэвэрсэн байдалтай Д.О Бадмаарагийн эгч гэх хүнтэй хэрүүл хийгээд зогсож байсан. Д.О бүр уурлаад Бадмаарагийн эгчийн үснээс зулгаагаад үстэж чирээд “би энийг Зүүнбаян руу авч явна” гэж хэлээд байхаар нь би хажуу талаас нь “Зүүнбаян руу аваад явчих, тайван бай Д.О” гэж хэлсэн. Бид тэнд байсан хоёр хүүхдийн хамтаар Д.Ог Бадмаарагийн эгчээс салгасан...” /хх 126-128/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “1. П.О биед тархи доргилт, баруун шанаанд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх 47/ гэх 5176 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.О 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Д.О-ийн биед халдаж, “уруул орчимд, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь,

 шүүгдэгч Д.О-ийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч П.О биед халдаж, “тархи доргилт, баруун шанаанд зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” гэх гэмт хэргийн шинжтэй байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгон оногдуулсан нь Д.О, П.О нарын гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, гэмт хэргийн шалтгаан, тэдний гэм буруудаа дүгнэлт хийж байгаа хувийн байдал зэрэгт  тохирсон байна.  

 

Шүүгдэгч П.О“...шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.6-д заасан хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр нотлох баримтаас хасуулах, Д.О-ийн балмад авир, бодит довтолгооныг таслан зогсоохоор хүч хүрэхгүйн эрхэнд түүний гарнаас татсаныг аргагүй хамгаалалт тул шийдвэрийг эс зөвшөөрч байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Даваахүүгийн гаргасан “шинжээч эмч Т.Сэлэнгийг шүүх хуралдаанд оролцуулах тухай” хүсэлтийг хүлээн авч, шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба “2019.11.19-22-ны хооронд дараалан үзлэгийн хувиартай тул шүүх хуралд оролцох боломжгүй байна.” /хх 166/ гэсэн хариуг ирүүлсэн байна. Шинжээч эмч Т.Сэлэнгэ нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцоогүй байх ба хавтас хэрэгт 2019.4.16-ны өдрийн 4768 дугаартай дүгнэлт, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нь ... шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно.” гэж зааснаар хийсэн шинжээч эмч Т.Сэлэнгээс авсан мэдүүлэг зэргийг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.   

 

Мөн Д.О-ийн ач охиноо авах зорилгоор түүний Э.Бадмаараг руу хандаж байгаа үйлдлийн эсрэг П.О санаатай хийсэн Д.О-ийн бие махбодид гэмтэл учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй. Түүнчлэн, Э.Бадмаарагийн болон П.О амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгооныг Д.О хийсэн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.О гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/972 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.О гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                  ШҮҮГЧ                                              М.АЛДАР

 

          ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ