Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00352

 

К.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2017/00328 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 40 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч К.А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х-ын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б\75 дугаар тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Намайг сахилгын зөрчил гаргасан гэдгийг нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

ХААН банкны захирал нь хуулийн дагуу намайг ажлаас халаагүй гэж үзэж байна. Х-ын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргуулахыг хүсч байна. 99476805 дугаар надад байхгүй. ...Тухайн үед аудитын шалгалтаар ирсэн хүн намайг камерын бичлэгийг ол гэсэн боловч би олж чадаагүй. Учир нь бичлэгийг гүйлгэж үзсэн болохоор завсарт нь үлдсэн байж магадгүй. Би хуурамч баримт бичиг үйлдээгүй, тухайн үеийн камерын бичлэг байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Х-ын Ховд тооцооны төвийн эрхлэгч К.А- нь сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаал нь хуульд нийцэж, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь К.А- нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин сахилгын ноцтой зөрчил гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/231 тоот тушаалаар К.А-т 2 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, өөрт хамааралтай этгээдийн зээлийг холбогдох хороогоор нь шийдвэрлүүлэлгүй олгосон, удирдах ажилтантай зүй бусаар харьцсан, дохиолол хамгаалалтын аюулгүй байдлын ашиглалтын зааврыг мөрдөж ажиллаагүй, теллерийн касст гэнэтийн тооллого хийдэггүй, удирдлагын касс тооцооны хуурамч баримт бүрдүүлсэн зэрэг зөрчил гаргасан.

Уг зөрчлүүд нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хийсэн аудитын шалгалтаар илэрсэн. Нэхэмжлэгч нь Х-ын Ховд тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа кассын үйл ажиллагааны журмыг зөрчсөн. Тооцооны төвийн эрхлэгч нь тухайн тооцооны төвийн кассын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй учраас гэнэтийн тооллогыг сард 2 удаа хийж байх ёстой. Банкны хувьд касс гэдэг нь чухал байдаг учраас түүний аюулгүй байдлыг нь бүрэн хангаж ажиллах ёстой байсан боловч нэхэмжлэгч нь уг үүргээ зохих ёсоор биелүүлж ажилладаггүй мөртлөө удирдлагын кассын хуурамч бичиг баримт үйлдсэн байгаа юм. Тухайн тооцооны төвийн эрхлэгч нь тооцооны төвийн зээлийн хорооны дарга нь байдаг. Зээлийн хорооны дарга нь тухайн тооцооны төвд шийдвэрлэгдэж байгаа зээлүүдийг хороогоороо шийдвэрлэж, зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулдаг эрх мэдэл бүхий албан тушаалтан юм. Нэхэмжлэгч нь уг эрх мэдэл бүхий албан тушаал дээр ажиллаж байхдаа харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн байх бөгөөд үүнийг банкны ажилтны хувьд ёс зүйн ноцтой зөрчилд тооцдог. Нэхэмжлэгч нь харилцагчид зээл олгож, улмаар тухайн зээлээс өөртөө авч ашиглан буцааж төлдөг үйлдэл гаргасан. Үүнд Б.Айбат гэх хүнд 1 500 000 төгрөгийн зээл гаргаж, эргүүлээд уг зээлийг өөрийн дансанд шилжүүлэн авч санхүүгийн асуудлаа зохицуулсан зөрчил гаргасан.

Мөн зээл олгоход ашиг сонирхлын зөрчил үүсч болох эрхлэгчтэй хамаарал бүхий этгээдийн зээлүүдийг тухайн тооцооны төв дээр шийдвэрлэхийг хориглодог бөгөөд салбарын зээлийн хороогоор шийдвэрлүүлэх үүрэгтэй юм. Гэтэл өөртэй нь хамаарал бүхий этгээдүүдэд зээл олгосон байсан. Үүнийг нь тодруулж асуухад нэхэмжлэгч нь ийм журам байдаг гэдгийг мэдээгүй гэх зэрэг хариуцлагагүй хариулт өгч байсан. Мөн зээлийг олгохдоо эрхлэгч нь хяналт тавих үүрэгтэй байхад зээлийг хяналтгүйгээр олгосон зөрчил гаргасан. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг журмын дагуу хийгээгүй юм. Зээлдэгч нь банкнаас авсан зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй ба уг үүргээ биелүүлэхэд эргэн төлөлтийн хуваарийг банк нарийн журмын дагуу гаргаж өгдөг. Гэтэл эргэн төлөлтийн хуваарийг А.Болатбек гэх зээлдэгчид буруу хийж өгөн, эргэн төлөлтийг нь буруу хийлгэж, алдаа гаргасан байна.

Нэхэмжлэгчийн гаргасан эдгээр зөрчлүүд нь аудитын шалгалтаар илэрч, холбогдох нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа юм. Аудитын тайланг нэхэмжлэгчид танилцуулсан бөгөөд зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан юм. Зөрчил гаргасан гэдэг нь нотлогдон тогтоогдсон учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2017/00328 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар хариуцагч ХААН банкны салбарт холбогдох Х-ын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргуулах тухай К.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 40 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2017/00328 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-т заасныг баримтлан К.А-ийн хариуцагч Х-т холбогдуулан гаргасан гомдлыг хангаж, Х-ын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, К.А-ийг Х-ын Ховд тооцооны төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 2 793 488 төгрөгийг Х-аас гаргуулж К.А-эд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар К.А-ийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х-аас 129 845 төгрөг гаргуулж, төрийн сангийн 110000321668 тоот дансанд оруулсугай.” гэж өөрчилж, нэхэмжлэгч К.А- түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг хэрэглээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа тохиолдолд ноцтой зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан байх, мөн сахилгын зөрчилтэй байх хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргасан байхыг хууль шаарддаг. ХААН Банк К.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтад ноцтой зөрчлийг нэрлэн заасан бөгөөд К.А- хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Мөн тэрээр 2016 оны 10 дугаар сарын 03-нд сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд энэ тухай тушаалыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байдаг. Сахилгын шийтгэлтэй байх 1 жилийн хугацаандаа дахин зөрчил гаргасан тул 2017 оны 04 дүгээр сарын 07-нд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл давж заалдах шатны магадлалд энэ тухай огт дүгнээгүй бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байна гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг шүүхээс буруу тайлбарлаж хэрэглэсэн, учир нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон зөрчлүүд нь хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон зөрчлүүдээс ажилдаа хариуцлагагүй хандаж нэгжийн дотоод хяналтын тогтолцоог зохистой түвшинд хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил гаргаснаас Аудитын шалгалтаар үйл ажиллагаа С буюу хангалтгүй үнэлгээтэй шалгагдсан. Дохиолол хамгаалалт, галын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, ашиглалтын зааврыг мөрдөж ажиллаагүй гэх зөрчил нь 2017 оны 03 дугаар сарын 30-нд гарсан, касст гэнэтийн тооллогыг хийгээгүй, тоолсон мэтээр баримтыг хуурамчаар үйлдсэн гэх зөрчил 2017 оны 02 дугаар сарын 13, 03 дугаар сарын 15-нд гарсан байгаа нь 6 сарын хөөн хэлэлцэх хугацаандаа байгааг харуулж байна.

ХААН банк өөрийн татгалзлыг нотлохоор хангалттай нотлох баримтууд хүргүүлсэн. Тухайлбал камерын бичлэг, бичлэгийн агуулга тайлбарласан албан тоот, Алманбекийн тайлбар, касс тоолсон гэх хуурамч баримт, Алманбекийн гарын үсэг бүхий аудитын тайлан, Алманбекийн гаргасан үйлдэл нь зөрчил болохыг зохицуулсан Банкны дотоодын эрх зүйн акт болох Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, зээлийн бодлого, дохиолол хамгаалал, галын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, ашиглалтын заавар, кассын үйл ажиллагааны журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн. Дээрх баримтуудаар Алманбекийн гаргасан зөрчил хангалттай нотлоглож тогтоогдсон байгааг харуулж байгаа бөгөөд тал бүрээс нь харьцуулан үзэж эргэлзээгүй үнэлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 153/ШШ2017/00328 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа тул хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 40 тоот магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг хангасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч К.А- нь Х-ын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б\75 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг хүсч “Хаан банк” ХХК-ийн Ховд салбарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч “Хаан банк” ХХК-ийн Ховд салбар нь нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж маргажээ.

Ажил олгогч “Хаан банк” ХХК-ийн Ховд аймаг дахь салбар нь нэхэмжлэгч К.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б\75 дугаар тушаалаар цуцалжээ. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний тодорхой заалтуудыг үндэслэл болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна. Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3., 131.2.-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж, сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор ногдуулах эрхтэй байна.

Нэхэмжлэгч К.А- нь Х-ын Ховд тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас халагдсан байна.

Ажил олгогч 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/231 тоот тушаалаар К.А-т 2 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба тэрээр сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа банкны харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, өөрт хамааралтай этгээдийн зээлийг холбогдох хороогоор нь шийдвэрлүүлэлгүй олгосон, удирдах ажилтантай зүй бусаар харьцсан, дохиолол хамгаалалтын аюулгүй байдлын ашиглалтын зааврыг мөрдөж ажиллаагүй, теллерийн касст гэнэтийн тооллого хийгээгүй, удирдлагын касс тооцооны хуурамч баримт бүрдүүлсэн зэрэг зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах болжээ.

Уг зөрчлүүд нь аудитын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хийсэн шалгалтаар илэрсэн байна.

Нэхэмжлэгч нь Х-ын Ховд тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа кассын үйл ажиллагааны журмыг зөрчиж, гэнэтийн тооллогыг сард 2 удаа хийж байх үүргээ биелүүлээгүй атлаа удирдлагын кассын хуурамч бичиг баримт үйлдсэн болох нь аудитын дүгнэлтээр тогтоогджээ.

Банкны албан тушаалтан харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэхийг ёс зүйн ноцтой зөрчилд тооцдог ба нэхэмжлэгч нь харилцагчид зээл олгож, улмаар тухайн зээлээс өөртөө авч ашиглан буцааж төлдөг үйлдэл гаргасан байна. Тухайлбал, Б.Айбат гэх хүнд олгосон 1 500 000 төгрөгийн зээлийг өөрийн дансанд шилжүүлэн авч санхүүгийн асуудлаа зохицуулсан зөрчил мөн аудитын тайланд тусгагджээ.

Зээл олгоход ашиг сонирхлын зөрчил үүсч болох, хамаарал бүхий этгээдийн зээлүүдийг тухайн тооцооны төв дээр шийдвэрлэхийг хориглодог ба тухайн зээлийг салбарын зээлийн хороогоор шийдвэрлүүлэх ёстой байтал нэхэмжлэгч К.А- өөртэй нь хамаарал бүхий этгээдүүдэд зээл олгосон болох нь баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь тооцооны төвийн эрхлэгчийн хувьд зээл олголтод хяналт тавих үүргээ хангалттай биелүүлдэггүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг журмын дагуу хийгээгүйгээс зарим зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийг буруу тооцох алдаа гарч байсан байна.

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлүүд нь аудитын шалгалтаар илэрч, нотлох баримтаар тогтоогджээ. Аудитын тайлантай нэхэмжлэгч танилцаж, зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан байх, мөн ажилтан сахилгын зөрчилтэй байх хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргасан байх шаардлагатай.

Зохигч талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7. дахь заалтад ноцтой зөрчлийг нэрлэн заасан байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 03-нд сахилгын шийтгэл хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Сахилгын зөрчил гаргасан үеэс 6 сарын, илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасныг ажил олгогч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон зөрчлүүдээс дохиолол хамгаалалт, галын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, ашиглалтын зааврыг мөрдөж ажиллаагүй гэх зөрчил нь 2017 оны 03 дугаар сарын 30-нд, касст гэнэтийн тооллогыг хийгээгүй, тоолсон мэтээр баримтыг хуурамчаар үйлдсэн гэх зөрчил 2017 оны 02 дугаар сарын 13, 03 дугаар сарын 15-нд гарсан байх ба аудитын тайлан 2017 оны 03 дугаар сарын 31-нд гарчээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч К.А-ийн шаардлагыг хангасан магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх талаар хяналтын журмаар гаргасан  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 40 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2017/00328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 59 645 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН