Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 328

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт оршин суух, Ители овогт Кендебайгийн Алманбек /ПЭ80040411/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХААН банкны Ховд салбарт холбогдох

ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 153/2017/00227/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, нэхэмжлэгч К.Алманбек,нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.Алманбек шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б\75 дугаар тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Намайг сахилгын зөрчил гаргасан гэдгийг нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. ХААН банкны захирал нь хуулийн дагуу намайг ажлаас халаагүй гэж үзэж байна. ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргуулахыг хүсч байна.... 99476805 дугаар надад байхгүй....Тухайн үед аудитын шалгалтаар ирсэн хүн намайг камерийн бичлэгийг ол гэсэн боловч би олж чадаагүй. Учир нь бичлэгийг гүйлгэж үзсэн болохоор завсарт нь үлдсэн байж магадгүй. Би хуурамч баримт бичиг үйлдээгүй, тухайн үеийн камерийн бичлэг байгаа....гэв.

Хариуцагч байгууллагын захирал Ч.Төрбат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул шүүхэдболон шүүх  хуралдаан гаргасан тайлбартаа:ХААН банкны Ховд салбарын Ховд тооцооны төвийн эрхлэгч К.Алманбек нь сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаал нь хууль нийцэж, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь К.Алманбек нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин сахилгын ноцтой зөрчил гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/231 тоот тушаалаар К.Алманбект 2 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг сахилгын шийтгэлийг яагаад ногдуулсан бэ гэхээр нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор чөлөө авалгүй ажил тасалж сахилгын зөрчил гаргасан учраас цалинг 20 хувиар бууруулах сахилгын зөрчил гаргасан юм. Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, өөрт хамааралтай этгээдийн зээлийг холбогдох хороогоор нь шийдвэрлүүлэлгүй олгосон, удирдах ажилтантай зүй бусаар харьцсан, дохиолол хамгаалалтын аюулгүй байдлын ашиглалтын зааврыг мөрдөж ажиллаагүй, теллерийн касст гэнэтийн тооллого хийдэггүй, удирдлагын касс тооцооны хуурамч баримт бүрдүүлсэн зэрэг зөрчил гаргасан. Уг зөрчлүүд нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хийсэн аудитын шалгалтаар илэрсэн. Нэхэмжлэгч нь ХААН банкны Ховд салбарын Ховд тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа кассын үйл ажиллагааны журмыг зөрчсөн. Тооцооны төвийн эрхлэгч нь тухайн тооцооны төвийн кассын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй учраас гэнэтийн тооллогыг сард 2 удаа хийж байх ёстой. Банкны хувьд касс гэдэг нь чухал байдаг учраас түүний аюулгүй байдлыг нь бүрэн хангаж ажиллах ёстой байсан боловч нэхэмжлэгч нь уг үүргээ зохих ёсоор биелүүлж ажилладаггүй мөртлөө удирдлагын кассын хуурамч бичиг баримт үйлдсэн байгаа юм. Тухайн тооцооны төвийн эрхлэгч нь тооцооны төвийн зээлийн хорооны дарга нь байдаг. Зээлийн хорооны дарга нь тухайн тооцооны төвд шийдвэрлэгдэж байгаа зээлүүдийг хороогоороо шийдвэрлэж, зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулдаг эрх мэдэл бүхий албан тушаалтан юм. Нэхэмжлэгч нь уг эрх мэдэл бүхий албан тушаал дээр ажиллаж байхдаа харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн байх бөгөөд үүнийг банкны ажилтны хувьд ёс зүйн ноцтой зөрчилд тооцдог. Нэхэмжлэгч нь харилцагчид зээл олгож, улмаар тухайн зээлээс өөртөө авч ашиглан буцааж төлдөг үйлдэл гаргасан. Үүнд Б.Айбат гэх хүнд 1,500,000 төгрөгийн зээл гаргаж, эргүүлээд уг зээлийг өөрийн дансанд шилжүүлэн авч санхүүгийн асуудлаа зохицуулсан зөрчил гаргасан. Мөн зээл олгоход ашиг сонирхлын зөрчил үүсч болох эрхлэгчтэй хамаарал бүхий этгээдийн зээлүүдийг тухайн тооцооны төв дээр шийдвэрлэхийг хориглодог бөгөөд салбарын зээлийн хороогоор шийдвэрлүүлэх үүрэгтэй юм. Гэтэл өөртэй нь хамаарал бүхий этгээдүүдэд зээл олгосон байсан. Үүнийг нь тодруулж асуухад нэхэмжлэгч нь ийм журам байдаг гэдгийг мэдээгүй гэх зэрэг хариуцлагагүй хариулт өгч байсан. Мөн зээлийг олгохдоо эрхлэгч нь хяналт тавих үүрэгтэй байхад зээлийг хяналтгүйгээр олгосон зөрчил гаргасан. Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг журмын дагуу хийгээгүй юм. Зээлдэгч нь банкнаас авсан зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй ба уг үүргээ биелүүлэхэд эргэн төлөлтийн хуваарийг банк нарийн журмын дагуу гаргаж өгдөг. Гэтэл эргэн төлөлтийн хуваарийг А.Болатбек гэх зээлдэгчид буруу хийж өгөн, эргэн төлөлтийг нь буруу хийлгэж, алдаа гаргасан байна. Нэхэмжлэгчийн гаргасан эдгээр зөрчлүүд нь аудитын шалгалтаар илэрч, холбогдох нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа юм. Аудитын тайланг нэхэмжлэгчид танилцуулсан бөгөөд зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан юм. Зөрчил гаргасан гэдэг нь нотлогдон тогтоогдсон учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.Алманбек нь ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор ажилтан гомдлоо шүүхэд гаргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь сахилгын зөрчил гаргаагүй, нотлох баримт байхгүй гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн тайлбар гаргаж тус тус маргасан.

К.Алманбек нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ХААН банкны Орон нутгийн Иргэдийн банкны Ховд салбарын Ховд тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /ХХ-ийн 4-6, 47-50 дугаар тал/ зохигчийн тайлбар зэргээр тогтоогдов.

Нэхэмжлэгч К.Алманбекийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан, нэгжийн дотоод хяналтын тогтолцоог зохистой түвшинд хэрэгжүүлж ажиллаагүй, ажлын байрны давуу талаа ашиглан өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, өөрт холбоотой этгээдийн зээлийг холбогдох шатны зээлийн хороогоор шийдвэрлэлгүй олгосон, удирдлага дах ажилтанд зүй бус шаардлага тавьж журам зөрчсөн үйлдэл хийлгэсэн, дохиолол хамгалалт, галын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, ашиглалтын зааварыг мөрдөж ажиллаагүй, теллерийн касст гэнэтийн тооллого хийдэггүй, удирдлагыг касс тоолсон хуурамч баримт бүрдүүлсэн, удирдлага дахь ажилтнаар журмын дагуу ажиллуулах, хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй болон үйлдлээр гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 тоот тушаал /ХХ-ийн 4 дүгээр тал/, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Б/75 дугаар тушаал гаргаж, К.Алманбекийг ХААН банкны Орон нутгийн Иргэдийн банкны Ховд салбарын Ховд тооцооны төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээрзүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалтыг үндэслэжээ.

Ажил олгогч нь К.Алманбектэй 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж, талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг хөдөлмөрийн гэрээний 5.7-д нэрлэн заажээ.

Нэхэмжлэгч К.Алманбек нь ажлын байдлын тодорхойлолтод заасан 2017 оны 02 дугаар сарын 13, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрүүдэд теллерийн касст гэнэтийн тооллого хийдэггүй, удирдлагыг касс тоолсон хуурамч баримт бүрдүүлсэн, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 7.45 цагт Ховд тооцооны төвийн эрхлэгч К.Алманбекийн дохиоллын 99476805 дугаарын утас холбогдох боломжгүй байсан. Эрхлэгчээс тодруулбал Утасны цэнэг дууссан байна гэх тайлбар өгч байлаа зөрчлүүдийг гаргасан болох нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд ХААН банкны Ховд салбарын харъяа Ховд тооцооны төвд хийсэн иж бүрэн аудитын тайлангийн /ХХ-ийн 52-54 дүгээр тал/ нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 99476805 дугаар надад байхгүй...Тухайн үед аудитын шалгалтаар ирсэн хүн намайг камерийн бичлэгийг ол гэсэн боловч би олж чадаагүй. Учир нь бичлэгийг гүйлгэж үзсэн болохоор завсарт нь үлдсэн байж магадгүй. Би хуурамч баримт бичиг үйлдээгүй, тухайн үеийн камерийн бичлэг байгаа гэж тайлбарлах боловч 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд ХААН банкны Ховд салбарын харъяа Ховд тооцооны төвд хийсэн иж бүрэн аудитын тайланд тусгагдсан зөрчлүүдийг үгүйсгэх, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлүүд нь ажлын байрны тодорхойлолтын 2.21-д ....бэлэн мөнгөний касс дах мөнгө, үнэт зүйлд гэнэтийн болон тогтмол шалгалтыг сард 2-оос доошгүй удаа биечлэн хийж үнэлэлт, дүгнэлт өгч баримтжуулж хадгалах, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02/286 тоот тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан Дохиолол хамгаалалт, галын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, ашиглалтын зааврын 2.2.2.-д Дохиоллын системтэй холбогдсон банкнаас тавьж өгсөн гар утас мөн ажилтан /захирал, эрхлэгч, ахлах теллер, эдийн засагч, теллер Код ашиглагч эрх бүхий ажилтан/ нь ажлын бус цагаар ямар ч үед өөрийн гар утсаа салгахгүй байж, гар утасны хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж бэлэн байдалд байдалд байлгах үүрэгтэй гэх заалтыг зөрчиж сахилгын зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээний 5.7.25.-д Ажил үүргийн онцлогтой холбоотой утас болон харилцаа холбооны хэрэгсэл байнгын нээлттэй байх ажилтан утсаа унтраасан байх... гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзлээ. /ХХ-ийн 47-50, 105-110 дугаар тал/

Харин ажил олгогчийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Б/75 дугаар тушаалд дурдсан хугацаандаа хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан, нэгжийн дотоод хяналтын тогтолцоог зохистой түвшинд хэрэгжүүлж ажиллаагүй, ажлын байрны давуу талаа ашиглан өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн, өөрт холбоотой этгээдийн зээлийг холбогдох шатны зээлийн хороогоор шийдвэрлэлгүй олгосон, удирдлага дахь ажилтанд зүй бус шаардлага тавьж журам зөрчсөн үйлдэл хийлгэсэн, удирдлага дахь ажилтнаар журмын дагуу ажиллуулах, хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй болон үйлдэл гаргасан гэх зөрчлүүд нь ажилтан нь уг сахилгын зөрчлүүдийг гаргаснаас хойш зургаан сар өнгөрсөн байхад зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэл болгосон нь ажил олгогчийн буруу болно.

К.Алманбек нь ХААН банкны Ховд салбарын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б/231 дугаар тушаалаар Үндсэн цалинг 2 сарын хуагцаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл /ХХ-ийн 39 дүгээр тал/ хүлээсэн байх ба уг тушаалд нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдлоо.

Нэхэмжлэгчийг сахилгын шийтгэл хүлээгээд 1 жил хэтрээгүй байхад сахилгын зөрчил гаргасан нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч К.Алманбекийг сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээний 5.7.25.-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэн хариуцагч ХААН банкны салбарт холбогдох ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргуулах тухай К.Алманбекийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар хариуцагч ХААН банкны салбарт холбогдох ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргуулахтухай К.Алманбекийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ