| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2016/0321/Э |
| Дугаар | 582 |
| Огноо | 2017-08-03 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | П.Мөнхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 582
Б.Хишигжаргалд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Мөнхцэцэг,
ялтан Б.Хишигжаргал /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч О.Одхүү, П.Одонтунгалаг, Г.Энхтүвшин,
хохирогч Б.Батсайхан, түүний өмгөөлөгч Ж.Батхүү,
иргэний хариуцагч Т.Энхжаргалын өмгөөлөгч Т.Алдармаа, Б.Цэцэнбилэг,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Хишигжаргал, түүний өмгөөлөгч О.Одхүү, П.Одонтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Хишигжаргалд холбогдох 201301020514 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Хунтайж овогт Батмөнхийн Хишигжаргал, 1967 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш, хүмүүжлийн ажлын арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 20 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: МЭ67030606/,
Б.Хишигжаргал нь шунахайн сэдэлтээр 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Украйнская кухня” зоогийн газарт хохирогч Б.Батсайханд “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцаагаа зарж шилжүүлэхээр тохиролцож түүнээс 10 хувийн хувьцаатай тэнцэх 100.000 ам.долларыг авч хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж буюу 139.483.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Хишигжаргалын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Хун тайж овогт Батмөнхийн Хишигжаргалыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.Хишигжаргалд 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Хишигжаргалд оногдуулсан 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсаргагдсан “Туушин Тээвэр зуучлал” ХХК-ийн агуулахын хяналтын камерийн бичлэг 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Хишигжаргалын цагдан хоригдсон 156 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Хишигжаргалаас 139.483.000 төгрөгийг гаргуулан хохирогч Өртөө овогт Батбаярын Батсайханд олгож,
Б.Хишигжаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.
Ялтан Б.Хишигжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
1. Б.Хишигжаргал миний бие өөрт холбогдох 201301020514 дугаартай эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байгаа үндэслэл шалтгаанаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ тодорхой тайлбарлаж, нотлох баримтаар нотолсон билээ. Мөн энэхүү гомдолдоо хавсралтаар илгээж буй илтгэлдээ тодорхой дурдсан болно. Энэ илтгэлийг миний бие анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгөх мэдүүлэг болгон хичээнгүйлэн бэлтгэсэн ба хамарсалтай нь энэ илтгэлийг минь тавихыг зөвшөөрөөгүй тул энэ удаад энэ гомдлынхоо гол тайлбар болгон илгээж байна.
2. Энэ хэргийн хамгийн гол оролцогч, хам хэрэгтнээр татагдах ёстой байсан гэрч Э.Анар яагаад сугарч үлдсэнийг ойлгохгүй байна. Э.Анар гэгч хэн бэ, энэ хүнд яагаад хууль үйлчлэхгүй байгаа вэ. Э.Анар нь энэ хэрэгт хамгийн их хамааралтай, хамгийн гол оролцоотой хүн гэдгийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд хангалттай нотолсон байдаг. Хэрвээ энэ хэргийг “хэрэг мөн” гэж үзэж байгаа бол энэ хэргийг анх сэдсэн, санаачилсан, зохион байгуулсан, гардаж гүйцэтгэсэн, зуучилсан гэх Э.Анар нь ямар эрх дархтай хүн болоод түүний талд хуулийг ашигтайгаар хэрэглээд байгаа вэ. Шүүх бүрэлдэхүүн нь хэт нэг талыг барьж, намайг ганцааранг минь хүчээр буруутгаж, яллаж байгаа нь шудрага бус байна.
3. Улсын яллагчийн 204 тоот яллах дүгнэлтийг хуулийн үндэслэлтэй гэж үзсэн нь шудрага үнэнд нийцэхгүй байна. Улсын яллагч Г.Батбаярын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн 204 тоот яллах дүгнэлтийг сайтар судалж үзвэл уг яллах дүгнэлтэд иш үндэс болгон нотлох баримтаар авсан гэх мэдүүлгүүд нь бүгд “цагаатгах” талын нотлох баримтууд байсан. Үүнийг Б.Хишигжаргал миний бие шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ маш тодорхой дурдсан, нотлох хэд хэдэн баримтуудаар няцаасан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн няцаасан нотлох баримтуудыг огт үнэлж үзээгүй. Энэ нь уг яллах дүгнэлтээр Б.Хишигжаргал намайг үнэхээр буруутгаж болох эсэхийг огт харгалзаж үзээгүй гэж хэлж болно.
4. Давж заалдах шатны шүүхийн 493 тоот магадлалын биелэлт бүрэн дүүрэн хангагдаагүй байхад шүүх шийтгэх тогтоол гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж болохоор байна. Б.Хишигжаргал надад холбогдох 201301020514 дугаартай эрүүгийн хэрэг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж 493 тоот магадлалаар нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Хэрвээ байцаагч, прокурорууд нь 493 тоот магадлалыг үнэхээр сайн биелүүлсэн бол Б.Хишигжаргал миний бие гэм буруугүй болж цагаатгах, эсхүл Э.Анар хэрэгт хам хэрэгтнээр татагдаж, хамт шүүгдэх байсан. Харамсалтай нь байцаагч прокурор, шүүх бүрэлдэхүүн нь бүгд 493 тоот магадлалын биелэлт хангагдаагүй байхад Б.Хишигжаргал надад ийм өндөр ялыг хүчээр тулгаж, оноож байгаа нь дээд шатныхаа шийдвэрийг үл ойшоож, үл хүндэтгэж байгаагийн нэг ноцтой хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
5. Б.Хишигжаргал надад 100.000 ам.долларыг бүхлээр нь тулгаж, ял шийтгэл оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт цугларсан татвар, аудит, шүүх шинжээчийн болон хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд, банк, үл хөдлөх хөрөнгийн лавлагаанууд, компани хоорондын гэрээ хэлцэлүүдээр уг 100.000 ам.долларын зарцуулалтыг баттай нотолж компанийг иргэний хариуцагчаар татаж шалгахыг 493 тоот магадлалд хүртэл тусгасаар байхад шүүх бүрэлдэхүүн Э.Анарын шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн 50 хуудас өгсөн, үнэн, худал нь баттай нотлогдоогүй, эргэлзээтэй мэдүүлгээр дээрх бүх нотлох баримтуудыг үгүйсгэж, иргэний хариуцагчийг энэ хэргээс үндэслэлгүйгээр гаргасан нь ямар их ашиг сонирхол цаана нь нуугдаж байгаагийн илэрхийлэл юм. Иймд 100.000 ам.долларыг миний бие бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
6. Э.Анарын гэмт олон үйлдлийг илт хаацайлсан уг шийтгэх тогтоолыг эрс эсэргүүцэж байна. Хохирогч гэх Б.Батсайхан нь өөрийгөө бодитойгоор хохирсон гэдгээ, түүнд мөнгө зээлүүлсэн гэх гэрч Ш.Цогт нь 100.000 ам.долларын эх үүсвэрийг баттай тогтоож чадаагүй гэх үндэслэлээр уг хэрэг нь прокурор Ш.Алтанцэцэгийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 406 тоот тогтоолоор “хохирогч нь тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж хэрэг хэрэгсэхгүй болж байсан. Энэхүү 100.000 ам.доллар нь Э.Анараас эх үүсвэртэй. Э.Анарын мөнгө гэдэг нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдсоныг миний бие болон миний өмгөөлөгч нар нотолж, тайлбарласан ч шүүх бүрэлдэхүүн Э.Анарын тухай ярих эсхүл Э.Анартай холбон ярих зэрэгт байнга яриа таслах, хүлээн авахгүй байгаагаа илэрхийлсэн, түүнийг илт хаацайлж байсан нь илт нэг талыг барьж ажилласан гэж хэлэх үндэслэлтэй. Мөн миний хүү, хохирогч болох Б.Өсөхбаярын гомдлоор үүссэн Э.Анарт холбогдох 200.000 ам.долларын хэрэг нь надад холбогдох хэрэг дотор байдаг ба шүүх бүрэлдэхүүн миний хүү Б.Өсөхбаярын болон миний өмгөөлөгч нарын зүгээс тавьсан хэргийг тусгаарлуулах хүсэлтийг хангаагүй, хэргийг нь огт тусгаарлаагүй байж уг шүүх хуралдаанаар огт хамааралгүй хэрэг гэж шийдвэр гаргасан нь илт нэг талд идэвхитэй үйлчилж байгаагаа харуулж, шийтгэх тогтоолд зориудаар Э.Анарыг гэм буруугүй гэж тусгасанаас үзэхэд тодорхой байна. Миний хүү Б.Өсөхбаяр нь Э.Анарт 70 хувиа өгсөн ч амласан 200.000 ам.доллараа одоо болтол авч чадахгүй хохирсоор байна. Энэ мэтчилэн дурьдаад байвад 322 тоот шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, эрс эсэргүүцэх олон шалтгаан байдаг.
Б.Хишигжаргал надад холбогдох энэхүү хэрэг нь анхан шатны 5 дахь, давж заалдах шатны 2 дахь удаагийн шүүх хурлаар хэлэлцэгдэх гэж байгаа. 4 жил 5 сар сунжирч буй уг хэргийг анхнаасаа ашиг сонирхол өндөртэй, хэт нэг талыг барьж шалгасаар ирсэн нь энэ олон удаагийн шүүгчийн захирамж, тогтоол, магадлалуудын даалгаврыг биелүүлдэггүй, үл ойшоодог байсантай холбоотой. Энэ бүгдийн эцэст Б.Хишигжаргал миний бие эрүүл мэнд, нэр хүнд, мөнгө санхүүгээрээ маш их хохирол амсаж, хамгийн их хохирч байгаа билээ. Баянзүрх дүүргийн прокурор, байцаагч нар хуулиа барьж, шударга үнэний талд бат зогсож, шударга ажиллаж чадсан бол миний бие өнөөдөр үндэслэлгүйгээр удаа дараа цагдан хоригдож, эрүүл мэндээрээ хохирохгүй байсан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү.” гэв.
Ялтан Б.Хишигжаргалын өмгөөлөгч П.Одонтунгалаг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Залилах гэмт хэргийн ойлголт шинж нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэг гэж ойлгохоор заасан. Б.Хишигжаргалын хийсэн үйлдэл, эс үйлдлийн хувьд залилах гэмт хэргийн хуурч, эсхүл цахим хэрэгсэл ашиглаж, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан ойлголт тухайн гэмт хэргийн шинжид байхгүй байна. Учир нь Б.Хишигжаргал тухайн компанийн хувьцаа байсан. Тэгэхээр байхгүй хувьцааг байгаа мэтээр хэлж, зарна гэж мөнгө аваагүй. Мөн цахим хэрэгсэл ашиглах, сүсэг бишрэлийг далимдуулах зэрэг асуудлууд яригдахгүй гэж бодож байна. Харин бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэдэгт Б.Хишигжаргалд ямарч төөрөгдөлд оруулж, өмнөх харилцааг ашиглах гэсэн боломж байгаагүй. Яагаад гэхээр аливаа итгэл үнэмшил нь хүний хийж буй үйлдэл үйл ажиллагаанаас шалтгаалдаг. Тэгэхээр хохирогч Батсайхан өмнө нь Б.Хишигжаргалтай уулзаад хувьцаа худалдаж авч, өгдөг харьцаатай байж байгаад уг харилцааг ашиглаж, түүний итгэлийг урвуулан ашигласан байх юм бол Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болох байсан гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуульд итгэл эвдэж, залилан мэхлэх аргаар гэдэг ойлголтод бүх гэмт хэргийн шинжийг хамааруулсан заасан байсан бол Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд 6 нөхцөл зааж ял шийтгэл оногдуулахаар заасан байгаа учраас Б.Хишигжаргалд холбогдох үйлдэл эс үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байгаа учраас гэмт хэрэг хэрэгсэхгүй болох үндэслэл байна гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд гэм буруугийн талаар хувьцаагаа бусдад зараагүй байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр уг асуудлыг хэлэлцүүлээгүй нь хэргийн субъектив санаа зорилго нь харагдаж байна гэж дүгнэсэн. Хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа хэрхэн зарах, бусдад шилжүүлэх, борлуулах, бэлэглэх зэрэг нь “Компанийн тухай” хуулиар зохицуулагдана. Хаалттай компанийн хувьд хувьцаагаа бусдад зарж, шилжүүлэх асуудал нь тэргүүн ээлжинд бусад хувьцаа эзэмшигчдээ мэдэгдэхээс бусдад зарж борлуулах эрхийг хязгаарлаагүй. Тэгэхээр бусад хувьцаа эзэмшигч нарт хувьцаагаа зарах талаар санал хүргүүлээгүй нь залилан мэхлэх санаа зорилготой байсан болохыг харуулж байна гэж шүүх дүгнэсэн. Гэтэл гэрч Анар Б.Хишигжаргалын хувьцаагаа худалдах талаар мэдэгдлийг хувьцаа эзэмшигч нарт е-майлээр явуулсан боловч гэвч худалдан авах санал ирүүлээгүй гэдэг. Өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах талаар компанидаа мэдэгдэнэ. Компани гэдгийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт гүйцэтгэх удирдлагыг итгэмжлжлгүйгээр хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх удирдлагад мэдэгдэхийг хэлнэ. Хэрэв гүйцэтгэх удирдалагыг багаар хэрэгжүүлж байгаа тохиолдолд багт нь мэдэгдэхийг хэлнэ. Тэгэхээр Анар мэдэгдсэн. Анар бусад хувьцаа эзэмшигч нартай мэдэгдсэн. Мөн Батсайхан гэх хүнийг Анар авчирч Б.Хишигжаргалын хувьцааг худалдах талаар гаргасан саналыг компанид мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан үйл баримт шалтгаант холбоогоор нотлогдож байна. Тэрнээс Анараас өөр хүн Батсайханг авчирсан бол компанийн бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн эсэхийг үйл баримтын хувьд нотлохыг хуулийн дагуу шалгах байсан. “Компанийн удирдлага нэг бүрийн хувьцааг хэдэн төгрөгөөр худалдан борлуулахаар санал ирүүллээ. Та бүхэн худалдан борлуулахаар ирүүлсэн саналыг хүлээн авахаар бол саналаа хэд хоногийн дотор мэдэгдэнэ үү” гэсэн мэдэгдлийг хувьцаа эзэмшигч нартай мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв хувьцаа эзэмшигч хариу ирүүлээгүй, худалдаж авах эрхээ хэрэгжүүлээгүй, хувьцаа эзэмшигчийн хувьцаагаа худалдах эрхийг хуульд зааснаар хязгаарлах эрхгүй юм. Б.Хишигжаргалд хувьцаагаа хуульд зааснаар худалдах эрхтэй. Харин уг мэдэгдлээ компанидаа хүргүүлсэн. Компани хувьцаа шилжүүлэх асуудлыг хэрхэн зохион байгуулж шийдвэрлэхийг компанийн үүрэг юм. Хэрэв худалдах худалдан авах гэрээ байгуулж мөнгийг хувьцааны эрхээ шилжүүлсэнгүй гэж байгаа бол дүрэмд өөрчлөлт орж Б.Хишигжаргалын эзэмших хувьцааны хувь өөрчлөлт орж байгаа учраас хувьцаа эзэмшигч нар хуралдах асуудлыг хэлэлцэх үед хувьцаа эзэмшигч нарийн хуралыг гүйцэтгэх удирдлага зарлан хуралдуулах, хурлаас шийдвэр гарч улсын бүртгэлд бүртгүүлж шийдвэр гаргах нь гүйцэтгэх удирдлагын хуульд зааснаар хүлээх үүрэг юм. Иймд компанийн гүйцэтгэх үүрэгтэй холбогдуулж Б.Хишигжаргалыг яллах үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй байна. Өмнө шүүх хуралдаанаар хууль хэрэглээний талаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж Б.Хишигжаргалд холбогдох хэрэг үнэхээр залилангийн гэмт хэрэг мөн үү, Б.Хишигжаргал хувьцаа эзэмшигч байсан. Мөн компанийн орлого зарлагын асуудлын талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нягтлан бодох бүртгэлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Анх бараа 400 гаруй ам.доллараар бараа ирэхэд Оюунгэрэлээс 250.000 ам.доллар зээлсэн. Урьдчилгаа мөнгө гэж 116.480 ам.доллар өгсөн байдаг. Б.Хишигжаргалыг бусдад хохирол учруулсан гэх 100 гаруй ам.доллароос 64.000 ам долларыг бараа захиалахдаа хэрэглэсэн юм бол захиалсан бараа нь ирээд 1 тэрбум гаруй төгрөг болж байхад бусад бүтээгдэхүүн захиалахдаа Оюунгэрэл, урьчдилгаа авсан компаниуд шигээ яагаад буцаагаад өгчихөөгүй юм бэ. Өнөөдөр 10 жилийн хорих ялыг Б.Хишигжаргал эдлэж байхад түүний ял эдлэж хүн хохироосон гэх 100.000 ам долларыг бүтээгдэхүүн захиалж 1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж ашиг гарган хуваан авсан хүмүүс завшиж байгаа нь хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх, шудрага ёсны зарчим алдагдаж Б.Хишигжаргалын гэм буруутай гэх шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай тохироогүй болохыг нотлож байна. Оюунгэрэл зээлсэн мөнгөө авсан, бүтээгдэхүүн захиалахдаа урьдчилгаа авсан компаниудынхаа мөнгийг төлсөн юм бол Батгэрэл юун мөнгө аваад байгаа юм бэ. Анараас хувьцаа авсан мөнгөө борлуулалтын орлогоос нь сүүлд суутган авсан бөгөөд харин энэ дундаас Э.Анар хувьцаагаа зарж Батгэрэлээс авсан мөнгөө компанийн борлуулалтын орлогоос төлсөн. Энэ асуудлыг шүүх бодитой дүгнээгүй. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь хохирол, төлбөрийн талаар шийдвэр гаргах нь нэг өөр зүйл. Шүүх гэм буруутай гэж үзээд хохирлыг Б.Хишигжаргалаас гаргуулахаар заасан. Уг компанийн үйл ажиллагаанд 64 ам.доллар ороод тэрбум төгрөг олох санхүүгийн эх үүсвэр болсон байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт иргэний хариуцагчийн үйлдэл холбогдлыг заагаагүй атлаа хохирлыг Б.Хишигжаргалаас гаргуулахаар заасан. Ялыг нь Б.Хишигжаргал үүрч ямбыг нь хуулийн этгээд эдэлж ашиг олсоныг шүүх зөвтгөж дүгнэсэн. Буруутай үйлдэл хийсэнд ял шийтгэл оногдуулах нь нэг асуудал боловч ашиглаад байгаа үйлдлээс хохирол гэмт хорыг арилгах иргэний хариуцагч байгаа эсэх гэмт хэргийн улмаас олсон мөнгийг хэн авч захиран зарцуулсан талаар шүүх тогтоох ёстой байхад Б.Хишигжаргалаас гаргуулахаар заасан гомдолтой байна. Хохирогчийн хэрхэн хохироосон бэ гэхээр хохирогчийн хүсэл эрмэлзлэл нь “Кан Повер Монголиа Интерпрайс” ХХК-ны 15 хувь гэж яригддаг. Гэхдээ 10 хувийн хувьцаа байсан. Тэрнээс та яасан сайхан сэтгэлтэй хүн бэ, таны компаний автомашиныг авъя гэж өгсөн мөнгө биш юм. Хохирогч хувьцаа авахын тулд мөнгөө өгсөн. Уг хувьцаа нь одоо хүртэл Б.Хишигжаргалд байгаа. Уг хувьцааны эрхийг одоо шилжүүлээд өгөх гэхээр шилжүүлэх боломжгүй. Яагаад гэхээр хувьцаа эзэмшигч нарын хурал хуралдахгүй байгаа учраас Улсын бүртгэлийн газар бүртгүүлэх хуулийн үндэслэл бүрдэхгүй байгаа. Харин одоо хохирогч онцгой эрх чинь цуцлагдсан учраас 10 хувийн хувьцааг авахгүй гэдэг. Хохирогч хувьцаа худалдах, худалдан авах харилцаанаас татгалзаж байгаа үйл баримт мэт яригддаг. Гэхдээ анхны хэлцэл нь хувьцаа худалдах, худалдан авах хэлцэл байсан юм бол хохирлыг хувьцаа шилжүүлэхээр шүүх шийдвэрлэх ёстой. Харин хэлцэлийн хувьд хүлээн зөвшөөрч залилан мэхлэх гэмт хэрэг биш иргэд хоорондын хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж талуудын хооронд хийсэн тэгш гэрээ гэж үзэж, гэрээнээсээ татгалзсан гэж үзэх юм бол Иргэний хуулийн 205 дугаар зйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”. Тэгэхээр хохирогчид одоо ашигтайгаар шийдвэрлэх гээд байна уу, тухайн үед хувьцаа шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал бүрдсэн бол мөнгөн хэлбэрээр хохирлыг гаргуулах асуудал яригдана. Гэтэл хувьцаа одоо хүртэл 1 гаруй хугацаа түдгэлзсэн, хувьцаа эзэмшигч нарын хурал зарлагдахгүй байна. Хэрэв хувьцаа эзэмшигч нарын хурал зарлагдахгүй байвал шүүх хувьцааг шийдвэрлэх боломжтой. Тэгсэн тохиолдолд хохирол төлбөргүй болно. Эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцоод хохирол, төлбөр төлөгдсөн тохиолдолд хуульд зааснаар ялын хэмжээ яригдана. Тухайн үед хүссэн хохирогчийн ашиггүй болсонд мөнгө гаргуулан шийдвэрлэсэн. Ашигтай ч байсан ашиггүй ч байсан хохирогч хувьцаа авах гэж байсан. Шүүх хувьцааг гаргуулахаар даалгасан байхад шүүхийн шийдвэрийг үндэслээд Улсын бүртгэл хийгдэх хууль зүйн үндэслэлтэй болно. Иргэний эрх зүйн харилцаагаар хувьцаа худалдаж авсан байхад хувьцааг шилжүүлэхгүй байхад тухайн компаний хувьцаа эзэмшигчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлэх ёстой байтал талуудын маргааныг үндэслэн залилан мэхэлсэн гэж үзэж удаа дараагийн шүүх хуралдаанаар ял шийтгэл оногдуулсан шийдвэр үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэж өгнө үү. 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар Б.Хишигжаргалд 11 жилийн хорих ял оногдуулсан. Гэхдээ Б.Хишигжаргалын хувьцаа өөрт нь байгаа, өөр хэн нэгэнд зараагүй байхад эмэгтэй хүний эрх чөлөөг 10 жил 6 сар хорих хэмжээний илтэт залилан мэхэлсэн гэмт хэрэг мөн эсэхэд дүгнэлт хийнэ үү.” гэв.
Хохирогч Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй. Гомдолтой байгаа. Хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Б.Батсайханы өмгөөлөгч Ж.Батхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтан болон ялтны өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Яагаад гэвэл уг хэрэг анхан шатны шүүхээр 2 удаа давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2 дахь удаагаа хэлэлцэж байна. 15 хавтастай хэрэг байдаг. Давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалын дагуу нэмэлт мөрдөн байцаалтаар хангалттай шалгагдаж тогтоогдсон учир хэргийн дахин шалгах үндэслэл байхгүй. Хохирогч Б.Батсайханд ялтан Б.Хишигжаргал 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцаагаа зарж шилжүүлэхээр тохиролцож түүнээс 10 хувийн хугацаанд тэнцэх 100.000 ам.доллар хүлээн авснаа зөвшөөрдөг боловч хохирогч Б.Батсайхантай тохиролцсоны дагуу хувьцааны эрхийг шилжүүлэлгүй авсан. 100 ам.доллараа буцааж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Компани тухай хуульд зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд хувьцаа эзэмшигч нарт өөрийн хувьцааг худалдах талаар саналыг мэдэгдэж, саналыг авч өөрийн хувьцаагаа худалдан борлуулах эрх үүсэх байхад хувьцаа эзэмшигч нарт урьдчилан мэдэгдэлгүйгээр Б.Батсайханаас 100 ам.доллар өөртөө авснаар уг хэрэг төгс үйлдэгдсэн. Б.Хишигжаргалын санаа сэдэлт бүрэн тогтоогдсон. Компанийн хувьцаа эзэмшигчидын хурал 14 удаа болсон боловч Б.Батсайханд хувьцаа шилжүүлэх талаар нэг үг өгүүлбэр ч байхгүй. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Гэтэл Б.Хишигжаргал би санаачлага гаргасан Анараас болж хэрэгт холбогдсон, түүний буруу гэдэг. Б.Батсайханаас 100 ам.доллар авсан нь үнэн, уг мөнгөө компанидаа оруулна уу, дэлгүүрээс бараа худалдаж авсан эсэх нь өөрийнх нь асуудал. Хавтаст хэрэгт Анарыг холбогдуулан шалгаад хэрэгсэхгүй болгосон байдаг. Б.Хишигжаргалд холбогдох эрүүгийн хэрэгт Анар гэрчээр оролцсон. Сүүлийн шүүх хуралдааны шатанд мөн гэрчээр оролцож болсон процессийн талаар тодорхой хэлдэг. 100 ам.долларыг Цогт гэх хүнээс 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр авсан гэсэн гараар бичсэн зээлийн гэрээ 3 дугаар хавтаст хэргийн 227 дугаар талд байдаг. Өмгөөлөгч П.Одонтунгалаг хэллээ Компанийн тухай хуульд зааснаар Б.Хишигжаргал хувьцаагаа худалдах тухайгаа хувьцаа эзэмшигч нартай хэлэлгүйгээр 100 ам.долларыг өөрөө авч зарцуулсан. Нэн тэргүүнд хувьцаа эзэмшигчидээ мэдэгдэх байсан боловч 14 удаагийн хурал болон цахимаар явуулсан гэх захидлуудад хувьцаа зарах талаар огт бичигдээгүй байсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирол, төлбөрийг барагдуулж өгнө үү.” гэв.
Иргэний хариуцагч Т.Энхжаргалын өмгөөлөгч Б.Цэцэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хариуцагчтай холбоотой гомдлын үндэслэл яригдаагүй. Гэхдээ давж заалдах шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч хязгаарлагдмал эрхтэй оролцдог. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар тайлбар хийхгүй. Тухайн хэргийн хувьд иргэний нэхэмжлэлийг Т.Энхжаргалд холбогдуулж гаргасан зүйл байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд ямар үндэслэлээр тайлбар хийх эсэх нь тодорхойгүй. Нэгэнт иргэний нэхэмжлэл гаргаагүй учраас хэнд Т.Энхжаргал хичнээн төгрөгийг хариуцаж, ямар үндэслэлээр төлөх ёстой гэдэг асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Иргэний нэхэмжлэл байхгүй тохиолдолд иргэний хариуцагчаар Т.Энхжаргалыг татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд Т.Энхжаргалаас хэн хэчнээн төгрөгийн хохирол нэхэмжлээд байгаа талаар тодруулахад хэн ч хохирол төлбөр нэхэмжлээгүй байсан. Иймд Т.Энхжаргалд холбогдох хэсэгт хийсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гаргасан гэж үзэж байна.” гэв.
Прокурор П.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн талаар хэргийн оролцогч нар тодорхой ярьсан учраас дахин ярих нь илүүч байх гэж бодож байна. Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу хэргийн зүйллэл л зөв гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Б.Хишигжаргал 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцаагаа зарж шилжүүлэхээр тохиролцож түүнээс 10 хувийн хугацаанд тэнцэх 100.000 ам.доллар буюу 139.483.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон санхүүгийн баримт мөн гэрч нарын мэдүүлгээр хэргийн үйл баримт хангалтай нотлогдсон. Тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйл ангиар зүйлчилсэн үндэслэлтэй гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Хишигжаргал нь шунахайн сэдэлтээр 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Украйнская кухня” зоогийн газарт хохирогч Б.Батсайханд “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцаагаа 150.000 ам.доллараар зарж шилжүүлэхээр харилцан тохиролцож түүнээс компанийн 10 хувийн хувьцаатай тэнцэх 100.000 ам.долларыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч тухайн өдрийн ханшаар 139.483.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Батсайханы анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2012 оны 8 дугаар сарын дундаас найз Э.Анартай уулзаад ажил төрлийн талаар асуухад бензиний чанар сайжруулах талаар томоохон бизнест орсон талаараа хэлж байсан. Одоо хөрөнгө оруулагч нарыг хайж байгаа тухайгаа хэлж байсан. Би тэр бүтээгдэхүүнээс нь авч автомашиндаа хэрэглэж байхад автомашины шатахуун их хэмнэж их ашигтай юм шиг надад санагдсан. Ийм учраас би Э.Анараас эдний компаний хувьцааны талаар асууж байхад Э.Анар өөрөө 70 хувийн хувьцаа, Б.Хишигжаргал эгчийг 30 хувийн хувьцаа эзэмшдэг талаараа хэлсэн. Э.Анар өөрийн хувьцаанаасаа зарах сонирхол байхгүй. Гэхдээ би Б.Хишигжаргал эгчээс асууж үзье гэж хэлж байсан. Тэгээд хэд хоногийн дараа Б.Хишигжаргал эгч 15 хувийн хувьцаагаа 150.000 ам.доллароор зарахыг зөвшөөрч байна гэж хэлсэн. Би 2 өдрийн дотор 100.000 ам.долларыг олоод Б.Хишигжаргал эгчид аваачиж өгсөн. “Украйнский кухня” гэх газарт Э.Анар, Б.Хишигжаргал эгч бид гурав байхад би өөрийн гараараа Б.Хишигжаргал эгчид өгсөн. Б.Хишигжаргал эгч “иргэний үнэмлэхээ аваад ирээрэй” гэж хэлсэн. Би иргэний үнэмлэхээ өгөхөд “дүрмийн сандаа өөрчлөлт оруулна” гэж хэлээд байлгаж байсан. Би мөнгөө өгсөн учраас өдөр болгон шахуу тус компаний ажилд нь оролцоод явж байсан. Бүх хөдөө явах ажилд болон автомашингүй учир өөрийнхөө машинаар явдаг байсан. Тэгээд Анараас “би албан ёсоор танай компаний хувьцаа эзэмшигч болох асуудал юу болсон бэ” гэсэн чинь “он гараад хувьцаа эзэмшигч нарын хурал хийнэ тэрэн дээр шийдэгдэнэ” гэж хэлсэн. Хурал болсны дараа Анартай ярихад Б.Хишигжаргал эгч хувьцаа эзэмшигч нарын хурал дээр хувьцаагаа зарж байгаа тухай ярьсангүй чи өөрөө энэ талаар Б.Хишигжаргал эгчтэй уулзах хэрэгтэй байх гэж хэлсэн. Би тэгээд маргааш өдөр Б.Хишигжаргал эгчтэй очиж уулзахад “Оюунгэрэл гуай намайг битгий хувьцаагаа зар гэсэн би хувьцаагаа зарахаа болилоо” гэж хэлсэн. Би “тэгвэл мөнгөө авмаар байна” гэж хэлэхэд “мөнгийг чинь тэгж байгаад л өгнө” гэж хэлдэг болсон. Тэрнээс хойш би энэ хүнтэй удаа дараа холбогдож үзсэн. Тэгэхэд “шүүх, цагдаагаараа яваад олоод аваарай” гэж хэлсэн. Тэрнээс хойш 4 жил гаран болж байна. Анх энэ хүн Автоплаза дээр 50.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулж лангуу түрээслэж заръя гэсэн саналыг Цогтоор дамжуулж Анарт санал тавьж байсан. Энэ саналыг тавьснаас хойш 4-5 сарын дараа нэгж хувьцаа 10.000 ам.долларын үнэтэй болгосон. Ийм хэмжээний үнэтэй болсон байсны дараа гүйцэтгэх захирал Анар нь “Петровис” ХХК-тай 1 сая долларын гэрээ байгуулсан. Надад хувьцаагаа зарна гэж мөнгө авсанаас хойш “Петровис” ХХК-тай гэрээ хийгдсэн. Ингэхээр Б.Хишигжаргал хувьцаагаар зарах шаардлагагүй болж эхэлсэн. Тэгэхдээ миний мөнгийг өгөх сэтгэл байсан үгүйг мэдэхгүй байна. Тэгээд бараа бүтээгдэхүүн ирээд хүлээлгэж өгөөд маргааш өдөр Б.Хишигжаргал эгчтэй уулзаад шууд цагдаагийн газар өргөдөл гаргасан. Тэгэхэд энэ хүн өөрөө тамга тэмдэгээ аваад зугтсан. Тэгээд бусад хувьцаа эзэмшигч нар нь хурлаа хийгээд ажлаа үргэлжлүүлсэн. Би Б.Хишигжаргал эгчтэй олон удаа уулзаж байгаагүй. Одоо бол Анар бүх зүйлийг нураасан болж харагдуулаад бүх зүйлийг компаний ажилтай холбогдуулж ярьж байна. Бурхан бүтээсэн мөнгө огт худлаа. Гэрэлт-Од гэх хүнд 36 сая төгрөг Хишигжаргал эгч өөрөө өгсөн гэсэн. Надтай хоёр дахь удаагаа уулзахад Хишигжаргал бурхан бүтээх талаараа анх хэлсэн. Би тухайн үед 300.000-400.000 төгрөг хандив болгож өгсөн. Мөн 36.000 ам.долларыг Монгол мөнгөнд шилжүүлээд 36 сая төгрөгийг өгсөн гэж хэлж байна. Бурхан бүтээсэн талаар ор үндэслэлгүй зүйл хэлээд байна. Бид нар салхинд гарах талаар ярилцаж байсан. Тэгсэн энэ хүн “бурхан бүтээсэн хүрээд ир” гэж хэлсэн. Би 100.000 ам.долларыг хувьцаа эзэмшигч болох гэж өгсөн. Надаас мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Сүүлдээ Анараас авсан гэж хэлсэн. Гэхдээ би өөрөө өгсөн. Одоог хүртэл мөнгө аваагүй байна.” гэх мэдүүлэг /хх16, х1-45/,
хохирогч Б.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эхлээд би Э.Анарт “танай компаний хувьцаанаас чинь авъя” гэхэд “Б.Хишигжаргал эгчийн хувьцаанаас асууж өгье” гэсэн. Дараа нь Б.Хишигжаргал эгч “хувьцааныхаа 15 хувийг 150.000 ам.доллараар зарна” гэж байна гэсэн санал тавьсан. Би мөнгөө олчихлоо гэж Э.Анар руу 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр залгасан. Тэгсэн намайг “Украинская кухня” гэдэг газарт хүрээд ир” гэсэн. Би эхлээд 15 хувийн хувьцааны 150.000 ам.долларыг бүтнээр нь бэлдэж чадсангүй 100.000 ам.доллар бэлдчихлээ, 50.000 ам.доллларыг нь хэд хоногоос олоод өгөхийг бодъё гэж хэлсэн. Б.Хишигжаргал нь “дүүдээ их баярлалаа, хамтран ажиллахаар боллоо” гэсэн. Тэгээд хоорондоо гар барилцаад тохиролцсон гэж бодсон. Би 100.000 ам.долларыг өөрийнхөө гараар Б.Хишигжаргалд өгсөн. Б.Хишигжаргал нь “өнөө маргаашгүй чамайг компанийхаа хувь эзэмшигч болгочихно” гэж хэлэхэд нь би итгэсэн.” гэх мэдүүлэг /хх1, х112-127/,
гэрч Э.Анарын мөрдөн байцаалтанд өгсөн “...Хоёр хүний хувь эзэмшигчтэй компани байхад Б.Батсайхан манай компаний хувийг сонирхож эхэлсэн. Тэгэхээр нь би “өөрийнхөө хувиа зарахгүй, харин Б.Хишигжаргал эгч 15 хувиа зарна гэж байна лээ, чамайг уулзуулъя” гэж хэлсэн. 2012 оны 9 дүгээр сарын эхээр энэ хоёрыг “Украинская кухня” ресторанд уулзуулж, тэд ярилцаж тохироод 100.000 ам.долларыг Б.Батсайхан, Б.Хишигжаргал эгчид бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг /хх1, х158-163/,
гэрч Ш.Цогтын мөрдөн байцаалтанд өгсөн “...Б.Хишигжаргал нь “нано технологиор бүтээгдсэн түлш хэмнэх бүтээгдэхүүн оруулж ирэх гэсэн юм, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гээд тухайн үед 50.000 ам.доллар нэхэж байсан. Тэгээд судлаад байхдаа Э.Анарт санал болгоод бид хоёр хамт бүтээгдэхүүнээ туршиж байхад боломжийн болж хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд үйл ажиллагаа явуулах гээд бүх зүйл болох гэж байхад компаний хувьцаанаас найз Б.Батсайхан авъя гэж санал ирээд Б.Хишигжаргал эгчид мөнгө хэрэгтэй байсан учраас хувьцаагаа зарахаар болсон. Б.Батсайхан нь Б.Хишигжаргалд хувьцааны мөнгө болох 100.000 ам.долларыг өгчихсөн. Б.Хишигжаргалын гарт Голомт банкны бор тортой мөнгө байсан.” гэх мэдүүлэг /хх1, х164-168/,
гэрч Т.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн “...2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ТУЗ-ийн гишүүд хуралдаж тус компаний гүйцэтгэх захирлаар намайг томилсон тогтоол гарсан. Эхний хуралд Эрдэнэтуяа гэх хүнийг гүйцэтгэх захирлаар томилох асуудал ярихад Б.Хишигжаргал өөрөө хүлээн зөвшөөрөөгүй учраас хурлыг хойшлуулсан. Хоёр дахь хурлаар намайг гүйцэтгэх захирал болгосон. Компаний дүрэмд хэрвээ хувьцаа эзэмшигч хувьцаагаа зарах бол эхний ээлжинд компаний хувьцаа эзэмшигч нарт албан ёсоор албан бичгээр хандаж гарын үсгээр баталгаажуулж зөвшөөрөл авдаг. Тэгэхлээр тийм хувьцаа зарах асуудал болоогүй, яригдаагүй, одоо л сонсож байна. ТУЗ-ийн гишүүдийн хурал дээр Батсайхан гэсэн хүний талаар огт яригдаагүй. Эхний хурал дээр Эрдэнэтуяа, Батсайхан, Даваадорж гэх хүмүүсийн анкет орж ирж байсан. Харин Анар нь тухайн үеийн хурал дээр Эрдэнэтуяа, Даваадорж нарт өөрийнхөө 9 хувийн хувьцааг зарах гэж байна гэж албан ёсоор бичгээр хүсэлт гаргаж ирсэн. Компаний дүрмийн дагуу зөвшөөрч бид нар гарын үсэг зурж өгсөн. Батсайхан гэдэг хүний талаар яриа байгаагүй, албан ёсоор хандаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх1, х170-173/,
Монгол банкны ам.долларын лавлагаа /хх1, х56/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх1, х66/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Б.Хишигжаргал нь цагдаагийн байгууллагад анхнаасаа өгсөн болон сэжигтэн, яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлгүүддээ /хэргийн 2 дахь хавтасны 23-35 дахь тал/ хохирогч Б.Батсайханд “Кан повер Монголия” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцааг зарж шилжүүлэхээр харилцан тохиролцож түүнээс 100.000 ам.долларыг 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг боловч харилцан тохиролцсоны дагуу компанийн хувьцааг шилжүүлээгүй, хэрэв хэлцлээсээ буцаж байгаа бол түүнээс авсан мөнгийг буцааж өгөх үүрэгтэй байтал мөнгийг өгөхгүйгээр “Найз Э.Анар нь миний хувьцааны 15 хувийг 240.000 ам.доллараар зарна гэж амласан. Урьдчилгаа 100.000 ам.доллар өгсөн. Иймээс Б.Батсайхан хувьцаанаас минь авна гэвэл үлдэгдэл 140.000 ам.доллар болон компанид тушаасан 64.000 ам.долларыг хамт өгвөл хувьцааг албан ёсоор шилжүүлж өгнө...Би 100.000 ам.долларыг аваад бичиг баримтыг шилжүүлж өгөхөөр хувьцаа эзэмшигдийн хурлыг хуралдуулахыг шаардсан боловч хойшлуулсаар байсан, хурал дээр намайг хувьцаа зарахыг зөвшөөрөөгүй... Маргааныг Б.Батсайхантай гэрээ хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг хүсэж байна” гэх мэтээр өөр өөр байдлаар шалтаг тайлбар хийж өдийг хүрсэн байна.
Түүнчлэн “Кан повер Монголия” ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч нарт тэргүүн ээлжинд худалдах эсэх асуудлыг санал болголгүйгээр хохирогч Б.Батсайханд зарж 100.000 ам.долларыг авсан, энэ талаараа компанийн Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж, мэдэгдэх ёстойг, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг зөрчсөн болохоо мэдсэн атлаа хувьцааг зарж борлуулах боломжгүй болмогц түүгээр шалтаглаж мөнгийг эргүүлж төлөхгүй байх гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсээр байгаа Б.Хишигжаргалын үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Ялтан Б.Хишигжаргал, түүний өмгөөлөгч О.Одхүү, П.Одонтунгалаг нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” тухай давж заалдах гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Хишигжаргалын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Мөн анхан шатны шүүх ялтан болон түүний өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж тодорхой нотлох баримтуудад тулгуурлан няцаасан нь үндэслэлтэй болжээ. Тухайлбал, ялтан Б.Хишигжаргалын гомдолд дурдсан “Компанийн хувьцааг шилжүүлэхэд өөрөөс шалтгаалах санаачлагыг гаргасан боловч Э.Анар хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаагүй, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүйгээс хувьцаагаа шилжүүлж чадаагүй, 100.000 ам.долларыг хувьдаа хэрэглээгүй компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, 100.000 ам.доллар нь хохирогч Б.Батсайханы мөнгө биш Э.Анарын мөнгө байсан” гэх зэрэг тайлбар тус бүрийг хэрэгт авагдсан гэрч Э.Анар, Ш.Цогт, хохирогч Б.Батсайхан нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад баримтуудыг үндэслэн тодорхой дүгнэлтүүдийг хийсэн байна.
Б.Хишигжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу ялтны хувьд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бүрджээ.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмын үүднээс ялтан Б.Хишигжаргал нь бусдын их хэмжээний мөнгийг залилан мэхэлж авч, өнөөдрийг хүртэл буцаан төлж барагдуулаагүй байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар түүнд 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хун тайж овогт Батмөнхийн Хишигжаргалыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцсугай” гэснийг “Хун тайж овогт Батмөнхийн Хишигжаргалыг залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.Хишигжаргалд 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Батмөнхийн Хишигжаргалыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Хишигжаргалд оногдуулсан 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Батмөнхийн Хишигжаргалд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2. Ялтан Б.Хишигжаргал, түүний өмгөөлөгч О.Одхүү, П.Одонтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Ц.ОЧ