Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/369

 

  2019           12            10                                           2019/ШЦТ/369  

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогч Х.Ганбаатар, Х.Батаа, 

Иргэний нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Баттогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар, 

Шүүгдэгч И.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б И Б-д холбогдох эрүүгийн 1934003470335 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б И Б, 1963 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хотон суманд төрсөн, 56 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 19-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 63060579 регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч И.Б-ийн өгсөн: Би 2019 оны 5 дугаар сарын 09-ний өглөө Дархан аймагт өөрийн хүү Батсүхийн гэрт байж байгаад 11 цагийн үед өөрийн бэр охин Хонгорцэцэгийн Марк-2 тээврийн хэрэгслийг аваад Улаанбаатр хот руу гарсан. Архангай аймаг руу гэр рүүгээ явах гээд гарсан. Тэгээд замдаа Төв аймгийн нутагт орж ирээд 124-н даваа уруудаад засмал зам дээр явж байхад миний урд том ачааны тэрэг явж байсан. Тэгээд би тэр машиныг гүйцэт түрүүлэх гээд чадахгүй ард нь зөөлөн дагаад явж байсан. Тэгтэл өөдөөс ирж байсан нэг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зөрсөн дараа нь жижиг саарал тэрэг гэнэт гарч ирээд мөргөлдчихсөн. Би тухайн үед хамгаалалтын бүсээ зүүсэн байсан. Тайлах гэтэл тайлагдахгүй байхаар нь бүсээ дээгүүрээ татаад тайлсан. Нөгөө машин замын хажуу талд өнхрөөд унасан байсан. Намайг очход нэг залуу гадаа нь зогсож байсан. Машин дотор нэг эмэгтэй хүн байсан. Машины 4 дугуй нь дээшээ харсан байсан. Тэгээд би тэр залуутай цуг нөгөө эмэгтэйг татаж гаргасан. Тэгээд тэр залуу намайг чиний буруу гээд дайраад байхаар нь би цаашаа өөрийн машин дээрээ очоод сууж байтал нэг цагаан машин ирээд юу болсон бэ таныг эмнэлэгт хүргээд өгье гэхээр нь би тэр машинд суугаад явчихсан. Тэгээд би шууд Улаанбаатар хот ороод Драгоны хажууд буугаад тэндээс нэг том автобусанд суугаад Их наранд манай хамаатны эмэгтэй Лхам гэдэг айлд очоод тэндээ байж байсан. Манай хүүхдүүд ирсэн. Тухайн үед би машиндаа ганцаараа явж байсан.  Өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэл хэрхэн яаж гарч ирсэн талаар мэдэхгүй байна. Би урд машинаа гүйцэт түрүүлэх гээд 2 удаа дарж өөдөөс машин ирж байгаа эсэхийг харсан. Тэгээд би эсрэг урсгалаас машин ирж байсан болохоор өөрийн урсгалдаа явж байсан. Тэгээд яаж мөргөлдсөнөө санахгүй байна. Би 60 км/цагийн хурдтай явсан.  Өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэл их хурдтай шувуу шиг ороод ирсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би жолоо барихын урьд орой нь 22 цагийн үед унтаад өглөө 08 цаг өнгөрөөгөөд сэрсэн. Хэргийн газраас миний өөрийн биеийн байдал бага зэрэг хүндэвтэр, ухаан санаа орж гараад ам, хамраас цус гараад ухаан алдах гээд байсан ба би машин дээрээ очиж хажууд нь сууж байтал нэг танихгүй замын машин ирээд та зүгээр үү эмнэлэгт дөхүүлж өгөх үү гэхээр нь бие өвдөөд байсан болохоор суугаад явчихсан. Нөгөө машины хүмүүс хэвийн байх шиг болохоор нь би гайгүй байх гэж бодоод машинаа үлдээгээд явчихсан. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл манай бэр Хонгорцэцэгийн нэр дээр байдаг. Би жолоо барих эрхгүй би эрхээ 2017 онд Архангай аймагт хасуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

            Хохирогч А.Ганбаатарын өгсөн: Би 2019 оны 5 дугаар сарын 09-ны өглөө Улаанбаатар хотоос Дархан аймаг орох Дархан-Уул аймгийн Орхон сумын 9-р цэцэрлэгийн эрхлэгч Батаагийн хамт Төв аймаг Жаргалант сумын нутагт явж байсан. Явж байтал өөдөөс цагаан өнгийн жижиг тэрэг ирж байсан. Тэгээд гэнэт өөдөөс урсгал сөрөөд орж ирээд мөргөлдсөн. Тэгээд нэг мэдсэн машин дээш харчихсан мшин дотроо байсан. Миний хажууд дарга авраарай гээд байсан. Би бүсээ сугалаад гарах гэтэл хаалга онгойхгүй байсан. Тэгээд цонхоо онгойлгоод өөрөө гараад дараа нь  даргыг гаргасан. Тэгээд замын машин зогсоод зүгээр үү гээд хүмүүс ирээд тэр хүмүүс цагдаа, эмнэлэг дуудсан байх. Цагдаа нар болон эмнэлгийн хүмүүс ирээд тусламж үзүүлсэн. Мөн даргын хүүхдүүд ирээд Улаанбаатар хот руу аваад явсан. Миний өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэл эхлээд харахад цаган өнгийн жижиг тэрэг байсан дараа нь засмал зам дээр марк 2 байсан. Би тухайн үед нээх анзаараагүй жигд хурдтай явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг хараагүй, машин нь хоосон хүн байгаагүй би ойр хавиар хайсан. Би 80 км/цагийн хурдтай явсан. Машинд манай сумын цэцэрлэгт Боловсролын яамнаас өгсөн хөлдөөгч, нарны дэлгэц аккумлятор, аяга, таваг, миний өөрийн нэг бүр нь 20 000 төгрөгийн үнэтэй 20 шил зөгийн бал зэрэг байсан ачиж явсан. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл миний хүргэн дүү Ганболдын нэр дээр байгаа би худалдаж авсан нэр дээрээ шилжүүлээгүй байгаа. Би гомдолтой байна. Надад эмчилгээний болон бусад тээврийн хэрэгслийн хохиролд нийт 4 500 000 төгрөг болсон бөгөөд баримтаар нь гаргаж өгсөн. Мөн зөгийн балны 400 000 төгрөгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

            Хохирогч Х.Батаагийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 9-ны өдөр өглөө БСШУ яамнаас очиж цэцэрлэгийн гал тогооны хэрэгсэл болох хөлдөөгч, нарны зай хураагуур, дэлгэц, аккумлятор 25 ширхэг аяга, 25 ширхэг таваг зэрэг эд зүйл аваад Дархан-Уул аймаг руу гарсан. Замдаа Бамбарууш зоогийн газар орж хоол идээд хөдөлсөн. Тэгээд Жаргалант сумын нутагт явж байтал өөдөөс нэг жижиг цагаан өнгийн машин зураас даваад зам голлоод ирээд мөргөөд манай машин замын хажуу руу унасан. Тэгээд нэг мэдсэн машин дээшээ хараад бүснээс дүүжлэгдсэн байсан. Тэгтэл нэг халзан толгойтой хүн ирээд 2 цонхоор хараад байж байснаа яваад өгсөн. Би цонхоо онгойлгоод гаргаач гэж хэлсэн. Тэгээд жолооч хаалгаа онгойлгоод гараад дараа нь намайг гаргасан. Би өөрөө босох гэтэл хөл нуруу өвдөөд босож чадахгүй байсан. Гараад газар хэвтэж байтал ирээд та 2 яаж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм гэсэн чинь яваад өгсөн. Тэгээд замын хүмүүс ирээд эмнэлэг цагдаа дуудсан. Миний сууж явсан тээврийн хэрэгсэл тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явсан талаар би хэлж мэдэхгүй байна. Ослын улмаас нурууны сэртэн яс хугарсан, шагайны үе мултралттай. Гурван сар гаруй хэвтэрийн байдалтай байсан. Эрүүл мэндийн улмаас ажлаа эрхэлж чадахгүй, тэтгэвэр гарсан. Миний тэтгэвэрт гарах нас болоогүй 2020 оны 11 дүгээр сард гарах байсан. Эмчилгээний зардалд 218 119 төгрөг, бусад зардалд 605 806 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 5 180 846 төгрөг нийт 6 004 771 төгрөг нэхэмжилж байна. 7 сар болж байхад ядаж нэг удаа яаж байна гэж асуугаагүй, хэргийн газрыг хаяад явсан зэрэгт гомдолтой байна. Би өөрөө зөгийн аж ахуй эрхэлдэг бөгөөд урьд нь өөрөө явдаг байсан бол одоо хүн хөлсөлж явуулж байгаа учир хүн хөлсөлсөн өдрийн 20 000 төгрөгөөр 12 удаа явуулсан нийт 240 000 төгрөг тус тус нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймээс би дээрхи хохирлын мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэгийн өгсөн: Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас 74 670 000 төгрөгний үнэ бүхий зүйлийг төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 692 тоотоор олгогдсон. Осол болох машинд 2 670 000 төгрөгний үнэ бүхий тоног төхөөрөмж явж байсан. Тухайн үед Капитал зууч эд хөрөнгийн үнэлгээгээр 1.115.475 төгрөгний бараа материал эвдэрсэн гэх үнэлгээ тогтоогдсон байгаа. Энэ хэрэг 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдөр болсон. 2019 оны санхүүгийн тайлан блансаар Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу би 1 115 475 төгрөгийг тайлан балансад орлогоор тусгасан байгаа. Төсвийн байгууллага нь өр авлагаа тухайн ондоо барагдуулсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд ямар ч байсан манай байгууллагад учирсан 1 115 475 төгрөгийг санхүүгийн тайлан гарахаас өмнө эхний ээлжинд барагдуулж дуусгахыг хүсэж байна. Тухайн үед Улаанбаатар хотод 21 хоногийн сургалтад явсан байсан. Манай нярав төлөөлөөд газар дээр нь очиж тогтоосон байдаг. Одоо аккумлятор ажиллахгүй байгаа. Хөлдөөгч нь ажиллахгүй байгаа. Хагарсан 25 аяга нь ороогүй байна. Шүүх ажиллагааны явцад нэмээд дахиад дутуу байгаа зүйлээ нэхэмжилмээр байна гэх мэдүүлэг,  

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Мөнхөөгийн өгсөн: Би Дархан-Уул аймгийн Орхон сумын 9 дүгээр Цэцэрлэгт нярав ажилтай. Манай байгууллагад БСШУ яамнаас хүүхдийн сурах орчин бүрдүүлэхэд зориулж гал тогооны тоног төхөөрөмж, аяга, таваг өгсөн. Уг эд зүйлийг манай байгууллагын эрхлэгч авч ирж яваад зам тээврийн осолд орж манай байгууллагад эд хөрөнгийн хохирол учирсанаас үүдэн би байгууллагаа төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Миний хувьд эд зүйлийн үнэлгээний материалтай танилцсан үнэлгээтэй холбоотой ямар нэг хүсэлт байхгүй. Хөлдөөгчөө ажиллуулж үзээд хэвийн байх юм бол ямар нэг санал хүсэлт байхгүй. Миний зүгээс байгууллага төлөөлж байгаа учир уг эвдэрсэн эд зүйлсээ яаралтай гаргуулан авч хүүхдүүдийн сурах орчинг бүрдүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх 34-35/,

Иргэний нэхэмжлэгч Л.Хонгорцэцэгийн өгсөн: Би Б  гэх хүний төрсөн хүү Б.Батсүхийн гэр бүлийн хүн байгаа юм. 0858 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай хадам аавын эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд зээл авах гээд миний нэр дээр шилжүүлэн зээл авч байсан. Одоогоор “Нэт Капитал” ББСБ-ийн нэр дээр байдаг. Сар бүр зээлийн төлбөрөө тогтмол төлж байгаа. Дээрхи “Нэт Капитал” ББСБ-д анх осолд ороод мэдэгдэж байсан. Нэт Капитал” ББСБ нь Дархан-Уул аймагт байрладаг. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 52/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.5.17-ний өдрийн 310 дугаартай дүгнэлт: “1.Х.Батаагийн биед L2, L4-р нугалам, зүүн шагай ясны хугарал, зүүн 12-р хавирганы хугарал, зүүн бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.5.6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна." гэжээ /хх 65-66/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019.05.10-ний өдрийн 309 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.А.Ганбаатарын биед цээжинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх 28/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019.05.17-ний өдрийн 313 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.И.Б ийн биед өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.5.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх 73/,

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019.6.17-ний өдрийн 63 дугаартай дүгнэлт: “1.2.Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад 4942 УНИ улсын дугаартай Ниссан тида маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Ганбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэв. 3.Хавтаст хэргийн материалтай танилцахад 0858 ДАХ улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч И.Б  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. 4.Хавтаст хэрэгтэй танилцахад 0858 ДАХ улсын дугаартай Тоёота марк2 тээврийн хэрэгслийн жолооч И.Б  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а дахь хэсэгт заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрлийн үнэмлэхтэй байна.", мөн дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино." 13.2.а-д заасан "Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв. 5.Хавтаст хэргийн материалтай танилцахад 0858 ДАХ улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч И.Б  нь Монгол улсын Замын хөдөлгшөөний дүрмийн 3.1.а, 13.1, 13.2.а дахь заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэв. 6.Хавтаст хэргийн материалтай танилцахад осол хэрэг гарахад цаг агаар болон замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв.” гэжээ /хх 90/,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-12/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх 13-15/, Капитал зууч ХХК-ны үнэлгээний тайлан /хх 54-55/, зарлагын баримт, эд хөрөнгийн жагсаалт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 58-63/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 83-84, 139/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 105/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч И.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг орох чиглэлийн хатуу хучилттай асфальтан замд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 0858 ДАХ улсын дугаартай Марк2 /Toyota MarkII/ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрлийн үнэмлэхтэй байна.", мөн дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино." 13.2.а-д заасан "Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн А.Ганбаатарын жолоодож явсан жолоодож явсан 4942 УНИ улсын дугаартай Ниссан тида /Nissan tida/ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд 4 142 000 төгрөгийн хохирол, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Батаагийн эрүүл мэндэд хүндэвтэр, А.Ганбаатарын эрүүл мэндэд хөнгөн, эд хөрөнгөнд 1 550 475 төгрөгийн,  хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч И.Б-ийн өгсөн: "Тэгээд замдаа Төв аймгийн нутагт орж ирээд 124-н даваа уруудаад засмал зам дээр явж байхад миний урд том ачааны тэрэг явж байсан. Тэгээд би тэр машиныг гүйцэт түрүүлэх гээд чадахгүй ард нь зөөлөн дагаад явж байсан. Тэгтэл өөдөөс ирж байсан нэг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зөрсөн дараа нь жижиг саарал тэрэг гэнэт гарч ирээд мөргөлдчихсөн. Би жолоо барих эрхгүй бөгөөд эрхээ 2017 онд Архангай аймагт хасуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг,

 

            хохирогч А.Ганбаатарын өгсөн: "Би 2019 оны 5 дугаар сарын 09-ны өглөө Улаанбаатар хотоос Дархан аймаг орох Дархан-Уул аймгийн Орхон сумын 9-р цэцэрлэгийн эрхлэгч Батаагийн хамт Төв аймаг Жаргалант сумын нутагт явж байсан. Явж байтал өөдөөс цагаан өнгийн жижиг тэрэг ирж байсан. Тэгээд гэнэт өөдөөс урсгал сөрөөд орж ирээд мөргөлдсөн." гэх мэдүүлэг,

            хохирогч Х.Батаагийн өгсөн: "2019 оны 5 дугаар сарын 9-ны өдөр өглөө БСШУ яамнаас очиж цэцэрлэгийн гал тогооны хэрэгсэл болох хөлдөөгч, нарны зай хураагуур, дэлгэц, аккумлятор 25 ширхэг аяга, 25 ширхэг таваг зэрэг эд зүйл аваад Дархан-Уул аймаг руу гарсан. Замдаа Бамбарууш зоогийн газар орж хоол идээд хөдөлсөн. Тэгээд Жаргалант сумын нутагт явж байтал өөдөөс нэг жижиг цагаан өнгийн машин зураас даваад зам голлоод ирээд мөргөөд манай машин замын хажуу руу унасан." гэх мэдүүлэг,

            Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Мөнхцэцэгийн өгсөн: "Хөлдөөгч сайн ажиллахгүй байгаа тул хөлдөөгчөө нэхэмжилмээр байна." гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Мөнхөөгийн өгсөн: "Би Дархан-Уул аймгийн Орхон сумын 9 дүгээр Цэцэрлэгт нярав ажилтай. Манай байгууллагад БСШУ яамнаас хүүхдийн сурах орчин бүрдүүлэхэд зориулж гал тогооны тоног төхөөрөмж, аяга, таваг өгсөн. Уг эд зүйлийг манай байгууллагын эрхлэгч авч ирж яваад зам тээврийн осолд орж манай байгууллагад эд хөрөнгийн хохирол учирсан. Хөлдөөгчөө ажиллуулж үзээд хэвийн байх юм бол ямар нэг санал хүсэлт байхгүй. Миний зүгээс байгууллага төлөөлж байгаа учир уг эвдэрсэн эд зүйлсээ яаралтай гаргуулан авч хүүхдүүдийн сурах орчинг бүрдүүлэх хүсэлтэй байна." гэх мэдүүлэг /хх 34-35/,

Иргэний нэхэмжлэгч Л.Хонгорцэцэгийн өгсөн: "Би Б  гэх хүний төрсөн хүү Б.Батсүхийн гэр бүлийн хүн байгаа юм. 0858 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай хадам аавын эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд зээл авах гээд миний нэр дээр шилжүүлсэн." гэх мэдүүлэг /хх 52/,

            Хохирогч Х.Батаагийн эрүүл мэндэд L2, L4-р нугалам, зүүн шагай ясны хугарал, зүүн 12-р хавирганы хугарал, зүүн бугалга, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.5.17-ний өдрийн 310 дугаартай дүгнэлт /хх 65-66/, хохирогч А.Ганбаатарын эрүүл мэндэд цээжинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019.05.10-ний өдрийн 309 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 28/, И.Б  нь Монгол улсын Замын хөдөлгшөөний дүрмийн 3.1.а, 13.1, 13.2.а дахь заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019.6.17-ний өдрийн 63 дугаартай дүгнэлт /хх 90/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-12/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх 13-15/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч И.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Г.Баттогтох шүүгдэгч зам тээврийн ослын газраас зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлээр зүйлчлэгдэнэ, шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл 100% ББС байгууллагад шилжсэн, өөр хүний нэр дээр байхад иргэний хариуцагчийг тогтоогоогүй зэрэг мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах  саналыг гаргасан.

 

Өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь: Өмгөөлөгч Г.Баттогтох нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хохирогч Х.Батаагийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх бөгөөд дээрх хүсэлтийн талаар мөрдөн байцаалт болон гэм буруугийн шүүх хуралдаан зарлах хүртэл ямар нэг хүсэлт гаргаагүй.

 

Шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хүлээн авснаас хойш хэргийн оролцогч нараас ЭХХШт хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хүсэлт ирүүлээгүй тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдаан зарласан. Ослын газраас зугтаасан гэх үйлдэл нь ослын улмаас шүүгдэгч И.Б ийн эрүүл мэндэд  өвчүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон /хх 73/, шүүгдэгчийн мэдүүлэгт осол гарсаны дараа хохирогч нар дээр очиж маргаан үүссэн үүний дараа замын унаа таарч эмнэлэгт хүргэж өгөх үү гэсний дагуу машинаа ослын газар орхиж замын унаанд дайгдаж Улаанбаатар хот явсан талаарх түүний өгсөн: "Нөгөө машин замын хажуу талд өнхрөөд унасан байсан. Намайг очход нэг залуу гадаа нь зогсож байсан. Машин дотор нэг эмэгтэй хүн байсан. Машины 4 дугуй нь дээшээ харсан байсан. Тэгээд би тэр залуутай цуг нөгөө эмэгтэйг татаж гаргасан. Тэгээд тэр залуу намайг чиний буруу гээд дайраад байхаар нь би цаашаа өөрийн машин дээрээ очоод сууж байтал нэг цагаан машин ирээд юу болсон бэ таныг эмнэлэгт хүргээд өгье гэхээр нь би тэр машинд суугаад явчихсан." мэдүүлэг авагдсан. Зам тээврийн ослын улмаас хэн аль нь сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орсныг үгүйсгэх боломжгүй тул шүүгдэгчийг ослын газрыг орхиж зугтаасан гэж үзэх үндэслэлгүй байна.  

 

Мөн шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл түүний эзэмшлийнх талаар, зээл авахын тулд хүүгийнхээ эхнэрийн нэр дээр шилжүүлсэн талаар гэрч Л.Хонгорзулын мэдүүлгээр тогтоогдсон "Би Б  гэх хүний төрсөн хүү Б.Батсүхийн гэр бүлийн хүн байгаа юм. 0858 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай хадам аавын эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд зээл авах гээд миний нэр дээр шилжүүлэн зээл авч байсан. Одоогоор “Нэт Капитал” ББСБ-ийн нэр дээр байдаг. Сар бүр зээлийн төлбөрөө тогтмол төлж байгаа. Дээрхи “Нэт Капитал” ББСБ-д анх осолд ороод мэдэгдэж байсан. "Нэт Капитал” ББСБ нь Дархан-Уул аймагт байрладаг." /хх 52/ бөгөөд энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан NET CAPITAL банк бус санхүүгийн байгууллагын 2019.9.02-ны өдрийн NC-03/368 албан тоот, 2019.3.11-ний өдөр 3 000 000 төгрөгийн зээл авсан Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөл шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбар /хх 38-43/ зэргээр тогтоогдож байна. Тиймээс машины эзэмшигчийг тогтоон иргэний хариуцагчаар тогтоолгох өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй гэж үзлээ. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хэн байх, зээлийн барьцаанд байгаа зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд ажиллагаанд ач холбогдолгүй юм. Үүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, оролцогч нарын хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Батаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Ганбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд материалын хохирол, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Орхон сумын 9-р цэцэрлэгт 1 150 475 төгрөгийн эд материалын хохирол учирсан гэжээ.

 

Хохирогч А.Батаа нь эрүүл мэндийн хохиролд 218 119 төгрөг, бусад зардалд 605 806 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 5 180 846 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирлын 552 825 төгрөгийн /хх 28-30/ хохирлын баримт авагдсан байх тул үүнийг хангах үндэслэлтэй гэж үзэв. Харин ажилгүй байсан хугацааны цалин гэх 5 180 846 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ганц цалингийн тодорхойлолтоор тооцох боломжгүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхив.

 

Хохирогч А.Ганбаатар нь машины үнэлгээ хийлгэсэн гэх 180 000 төгрөг, машины үнэлгээний төлбөрт 4 142 000 төгрөг, эмчилгээний зардалд 411 703 төгрөг, 20 ширхэг зөгийн балын нэг бүрийн үнийг 20 000 төгрөгөөр тооцож 400 000 төгрөг нийт 5 133 703 төгрөг нэхэмжилснээс 4 831 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн 21-р хуудсанд авагдсан эмчилгээний зардал гэх 411 703 төгрөгийн баримт хавсаргасан гэх боловч 391 259 төгрөгийн баримт авагдсан үүнээс 129 000 төгрөгийг хангаж 12 259 төгрөгийн баримт нь өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүн авсан байх тул хэрэгсэхгүй болгож, Хаан банкнаас АТМ-с уншуулж авсан 250 000 төгрөг нь юунд зарцуулсан нь тодорхойгүй тул хэлэлцэхгүй орхив.  

 

 

Иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Орхон сумын 9-р цэцэрлэгт учирсан эд материалын хохиролд үнэлгээгээр тогтоосон 1 150 475 төгрөг /хх 55/-ийг гаргуулж, ажиллахгүй болсон гэх аккумлятор, хагарсан 25 аяга, 1 ширхэг хөлдөөгчөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч И.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбаатараас шүүгдэгч И.Б-ийн насны байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэх бүрэн боломжтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгах талаар заасан. Үүн дээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ давхар зааж өгөх бүрэн боломжтой гэх санал тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ямар нэг баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх үндэслэл гэж үзэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч И.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч И.Б-ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хэдий ч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолно." гэж заасан байх тул шүүгдэгч И.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялаа эдэлж дууссаны дараа тоолохыг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн 11934003470335 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б И Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч И.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б ид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-ийн цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-ийн 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн 1 жил 6 сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-оос 6 534 300 /зургаан сая таван зуун гучин дөрвөн мянга гурван зуу/ төгрөг гаргуулж,

Дархан-Уул  аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн Шар дэрсний 1-16 тоотод оршин суух хохирогч Боржигон Авгаансамбуугийн Ганбаатар /РД:ТЛ63031971/-д 4 831 000 /дөрвөн сая найман зуун гучин нэгэн мянга/ төгрөг,

Дархан-Уул  аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн Тосгоны 10-5 тоотод оршин суух хохирогч Чонос Хандын Батаа /РД:ТЛ60020262/-д 552 825 /таван зуун тавин хоёр мянга найман зуун хорин тав/ төгрөг,

иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Орхон сумын 9-р цэцэрлэгт 1 150 475 төгрөг /нэг сая нэг зуун тавин мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг тус тус олгосугай.    

7.Эрүүгийн 1934003470335 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ