Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2020/ДШМ/17

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр                               2020/ДШМ/17                                                                Зуунмод

 

 

И.Б-ид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,

Шүүгдэгч И.Б-,

Нарийн бичгийн дарга У.Золчимэг нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/369  дугаар шийтгэх тогтоолтой И.Б-ид холбогдох 1934003470335 дугаартай 1 хавтас, 236 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг  үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хотон суманд төрсөн, 56 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 19-06 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Баян овгийн Ишгомбын Б-  РД: _____________.

Шүүгдэгч И.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 0858 ДАХ улсын дугаартай “Марк2” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрлийн үнэмлэхтэй байна.", мөн дүрмийн 13.1-д заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино." 13.2.а-д заасан "Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас А.Ганбаатарын жолоодож явсан 4942 УНИ улсын дугаартай “Ниссан тида” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Х.Батаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/369 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Баян Ишгомбын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч И.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-ид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-ийн цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийн эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-ийн 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн 1 жил 6 сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-оос 6 534 300 /зургаан сая таван зуун гучин дөрвөн мянга гурван зуу/ төгрөг гаргуулж,

Дархан-Уул  аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн Шар дэрсний 1-16 тоотод оршин суух хохирогч Боржигон Авгаансамбуугийн Ганбаатар /РД:ТЛ63031971/-д 4 831 000 /дөрвөн сая найман зуун гучин нэгэн мянга/ төгрөг,

Дархан-Уул  аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн Тосгоны 10-5 тоотод оршин суух хохирогч Чонос Хандын Батаа /РД:ТЛ60020262/-д 552 825 /таван зуун тавин хоёр мянга найман зуун хорин тав/ төгрөг,

иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Орхон сумын 9-р цэцэрлэгт 1 150 475 төгрөг /нэг сая нэг зуун тавин мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг тус тус олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар: 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/369 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Баян Ишгомбын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцож 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн залруулгыг шүүхийн шийдвэрт оруулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар давж заалдах гомдолдоо: “Миний үйлчлүүлэгч И.Б-ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэн ирж анхан шатны шүүхээр шийдэгдсэн ба уг гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байна.

И.Б-ийн холбогдсон гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргүүдээс болгоомжгүй үйлдэгддэгээрээ онцлогтой ба хэрэг учрал гарах үед согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал огт тогтоогддоггүй. Харин Эрүүгийн хуулийн 6.5-р зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог.

Үйлдсэн хэргийн улмаас хохирогч А.Ганбаатарт бүгд 4.831.000 төгрөгийн, хохирогч Х.Батаад 552.825 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч 9-р цэцэрлэгт 1.150.475 төгрөгийн, бүгд 6.534.300 төгрөгийн хохирол гаргуулахаар шүүхийн тогтоолд заасныг шүүгдэгч И.Б- нь бүрэн төлж барагдуулсан байна.

И.Б- нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэл, бүрдэл дээр огт маргахгүй байгаа байдал, эхнэр нь группд байдаг ба байнгын асаргаанд байх шаардлагатай байдаг ар гэрийн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг давж заалдах шатны шүүх харгалзан үзэж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №369 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Өөрөөр хэлбэл И.Б-ид оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр заасныг давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7-р зүйл болон 7.1-р зүйлийн аль тохирохоор нь хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар гаргасан саналдаа: Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол бүрэн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд маргаагүй байдлыг харгалзан тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Хохирол төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч И.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 0858 ДАХ улсын дугаартай “Марк2” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрлийн үнэмлэхтэй байна.", мөн дүрмийн 13.1-д заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино." 13.2.а-д заасан "Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас А.Ганбаатарын жолоодож явсан 4942 УНИ улсын дугаартай “Ниссан тида” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Х.Батаагийн эрүүл мэндэд хүндэвтэр, А.Ганбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - шүүгдэгч И.Б-ийн: "...би тэр машиныг гүйцэт түрүүлэх гээд чадахгүй ард нь зөөлөн дагаад явж байсан. Тэгтэл өөдөөс ирж байсан нэг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зөрсөн, дараа нь жижиг саарал тэрэг гэнэт гарч ирээд мөргөлдчихсөн. Нөгөө машин замын хажуу руу өнхрөөд унасан, машины 4 дугуй дээшээ харсан, нэг залуу машины гадна, нэг эмэгтэй машин дотор байсан. Яаж мөргөлдсөнөө санахгүй байна. Би 2017 онд жолооны эрхээ хасуулсан байсан ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." /хх-50, 101/ гэх мэдүүлэг,

            - хохирогч А.Ганбаатарын: "...Явж байтал өөдөөс цагаан өнгийн жижиг тэрэг ирж байсан. Тэгээд гэнэт өөдөөс урсгал сөрөөд орж ирээд мөргөлдсөн. Хохирлоо нэхэмжилнэ" /хх-18, 47/ гэх мэдүүлэг,

            - хохирогч Х.Батаагийн: "2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр өглөө БСШУ-ны яамнаас цэцэрлэгийн гал тогооны хэрэгсэл... эд зүйл аваад Дархан-Уул аймаг руу гарсан. Жаргалант сумын нутагт явж байтал өөдөөс нэг жижиг цагаан өнгийн машин зураас даваад зам голлоод ирээд мөргөөд манай машин замын хажуу руу унасан. Замын хүмүүс эмнэлэг, цагдаа дуудсан. Хохирол нэхэмжилнэ” /хх-23, 44/ гэх мэдүүлэг,

            - Х.Батаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх Шүүхийн шинжилгээний албаны №310 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-65-66/,

            - А.Ганбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх Шүүхийн шинжилгээний албаны №309  дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-65-66/,

            - И.Б- Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а, 13.1, 13.2.а заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн №63 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-90/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-12/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-13-15/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Шүүгдэгч И.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар “...шүүхийн тогтоолд заасан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа байдал, хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролд И.Б-оос 4 831 000 төгрөг гаргуулж А.Ганбаатарт, 552 825 төгрөг гаргуулж Х.Батаад, 1 150 475 төгрөг гаргуулж  Дархан-Уул аймгийн Орхон сумын 9-р цэцэрлэгт тус тус олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч И.Б- дээрх хохирлуудыг бүрэн төлсөн болох нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 24, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, хохирол барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн Дархан-Уул аймгийн Орхон сумын 9-р цэцэрлэгийн 95 дугаартай албан бичиг, хохирогч А.Ганбаатарын тодорхойлолт /хх-229-234/-оор тогтоогдож байна. Иймд хохирогч нарт учирсан хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн  хувийн байдлыг харгалзан И.Б-ид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ингэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шинж болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг бичих шаардлагагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр 2019/ШЦТ/369 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн ШЦТ/369 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын: “Шүүгдэгч Баян Ишгомбын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Баян овогт  Ишгомбын Б- тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч И.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч И.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

- 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-ийн 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн 1 жил 6 сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг дурдсугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар И.Б-ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

             2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.  

            3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч И.Б-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглох хязгаарлалт тогтоосугай.” гэсэн,

          - “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.” гэсэн  нэмэлт заалт тус тус оруулсугай. 

  4. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 5.  Шүүгдэгч  И.Б-  63 /жаран гурав/  хоног цагдан хоригдсон болохыг, шүүхийн шийтгэх тогтоолоор төлбөл зохих 4 831 000 төгрөгийг А.Ганбаатарт, 552 825 төгрөгийг Х.Батаад, 1 150 475 төгрөгийг Дархан-Уул аймгийн Орхон сумын 9-р цэцэрлэгт тус тус төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгч И.Б-ийг нэн даруй сулласугай.

    6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

     ШҮҮГЧИД                                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                         Г.БОЛОРМАА