Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 605

 

Б.Ундралд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Баясгалан,

ялтан Б.Ундрал, түүний өмгөөлөгч Э.Уянгасайхан, Д.Дарханбаатар,

хохирогч Г.Ган-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Ундралд холбогдох 201626022926 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Хатиган овгийн Бат-Эрдэнийн Ундрал, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, ЭХЭМҮТ-д яаралтай тусламжийн тасагт эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байсан, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 80-19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХБ87101207/,

Б.Ундрал нь ЭХЭМҮТ-д эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.Ган-Эрдэнэд соруурын аргаар үр хөндүүлэх мэс ажилбар хийх үедээ өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс        Г.Ган-Эрдэнийн умайн хана, нарийн гэдэс цоорч бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Ундралд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Хатиган овогт Бат-Эрдэнийн Ундралыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундралыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундралд оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн үр хөндөлтийн соруур, 6мм хошуу зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

шүүгдэгч Б.Ундрал нь хохирогч Г.Ган-Эрдэнэд 2.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

хохирогч нь гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагчаас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ундралд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундралд оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Ган-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ганзүрхийн Ган-Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмч Б.Ундралаар соруулах аргаар үр хөндүүлэх мэс ажилбар хийлгэсэн боловч эмчийн хариуцлагагүй ажиллагааны улмаас хана, нарийн гэдэс цоорч миний биед хүнд гэмтэл учирсан. Үүний улмаас 2 удаа хүнд хагалгаанд орж, саваа авахуулан дахин үр хүүхэдтэй болох боломжгүй болсон. ...Мөрдөн байцаалтын шатанд дараах ажиллагааг дутуу хийсэн, ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна.

1. Гэмт хэргийн зүйлчлэл тохироогүй. Бусдын биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулан, улмаар ЭХО-д 2 удаа харуулж, бие маш зовиуртай байхад хойшлуулашгүй арга хэмжээ авч эмчилгээ хийлгүй гэрт буцаасан. Албан ажилдаа хайнга хандаж хүнд гэмтэл учруулсан байхад хүндэвтэр ангилалд багтах зүйл хэсгээр зүйлчилсэн.

2. Хохирогчийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй. Миний бие түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байгаад мэс засалд орсноос хойш гэртээ байж, ажил хийх боломжгүй 5 сар байснаас уут зүүж гэрээс 2 сар гарах боломжгүй байсан. Тиймээс нөхөр Батзоригийн цалингаар амьдарч ирсэн. Цалингаасаа банкны зээл, байрны түрээс төлдөг байсан тул хоол, ундандаа ч хүрэхгүй байсан. Иймд мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч аваагүй. Гэтэл эмч Б.Ундрал нь 2 өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож, хуулийн мэдлэггүй миний хувьд эрх ашиг сонирхолоо бүрэн хамгаалж чадаагүйд гомдолтой байна.

3. Хохирол нөхөн төлүүлэх, хохирлын хэмжээ тогтоох ажиллагаа огт хийгдээгүй. Мөрдөн байцаалтын явцад надад “хохирол төлбөр нэхэмжлэх нотлох баримтуудаа гаргаж өг” гэсэн тул сар бүр “Түц” түрээслэсэн төлбөр болох 500.000 төгрөгийн гүйлгээ хийсэн “Хаан” банкны баримтын дансны хуулга, дүүргийн татварын албанд сар бүр орлого тухай бүр тодорхойлох боломжгүй учир уг банкнаас оноосон сар бүр 70.000 төгрөг төлсөн баримт зэргээ гаргаж өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд цагаатгах болон яллах, бусад хохирлын хэмжээг тогтоох ажиллагааг хийх ёстой байхад хохирол тогтоох, нөхөн төлүүлэх ажиллагаа огт хийгдээгүй. Жишээ нь Таван шар, Геологийн төв орчмын “Түц” хэдэн төгрөгөөр түрээслэгддэг, сард хэдэн төгрөгийн орлого олдог болохыг тогтоох боломжтой байтал “сард олдог орлого тодорхойгүй, иргэний журмаар шийдвэрлүүл” гэж орхигдуулсан. Өөрөө хохирч, бие махбодь, сэтгэл санааны хувьд их хохирч байгаа миний хувьд байнга шүүхээр явах үнэхээр хүндрэлтэй байна.

4. Ял шийтгэл хэт хөнгөдсөн. Миний бие 2 удаа хүнд хагалгаанд орж, саваа авахуулан дахиж хүүхэдтэй болох боломжгүй болж, маш ихээр өвдөлт мэдэрч бие махбодь, сэтгэл санаа, 10 сар орчим ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй эдийн засгаар хохирсон байтал оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байгаад гомдолтой байна. Иймд хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Ялтан Б.Ундрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үр хөндөлтийн мэс заслыг харж хийдэггүй, гарын баримжаагаар хийдэг. Хохирогчид үр хөндөлтийн мэс заслын улмаас ийм явдалд тохиолдсонд харамсаж байна. Би харамсаж гэмшиж байгаа илэрхийлж 2.000.000 төгрөг, 6 сар хэрэглэх уут, мэс засалд хэрэглэх багаж, материал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн. Нийт эм тарианы мөнгө 968.400 төгрөг болсон. Улсын 1 дүгээр эмнэлэг болон ЭХЭМҮТ-ийн мэс заслын тасагт хэвтэж байх хугацаанд нь өдөр болгон эмч нартай нь уулзаж санаатай тавьж, хөдөлмөрийн чадвар нь сэргэх хүртэл чадах хэмжээндээ тусалсан гэж бодож байна. Би эх барихын эмч болоход 10 жил сурсан. Одоогийн байдлаар ажлаа хийгээгүй байгаа. 2 жил эмчлэх эрх,1 жилийн тэнсэж хянан харгалзах ялтай. Энэ нь миний амьдралд хүнд цохилт, том сургамж болсон. Г.Ган-Эрдэнийн гэр бүлд харамсаж байгаа дахин илэрхийлье. Надар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Ялтан Б.Ундралын өмгөөлөгч Э.Уянгасайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзсэн. Энэ гэмт хэргийн субъект бол эмч, эмнэлгийн ажилтан болох тодорхой субъектыг зааж өгсөн учраас хэргийн зүйлчлэл тохирсон. Хохирогчийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа тодорхой хугацаанд явагдсан. Энэ хугацаанд хохирогчоос тайлбар мэдүүлэг авах болгондоо өмгөөлөгчтэй байцаалт өгөх эсэхийг асуусан. Өмгөөлүүлэх эрхээр хангуулах нь хохирогчийн өөрийнх нь эрх байсан. Тухайн үед өмгөөлөгч авах хсэүлт гаргаж байгаагүй. Шүүх хуралдаанд олон удаа хойшлоход тухай бүрт хохирогчийг өмгөөлөгч авах эсэх талаар асуусан. Хохирол тогтоох ажиллагаа хийгдээгүй гэсэн. Энэ талаар хавтаст хэрэгт тодорхой баримтууд авагдсан. Хохирлын талаар шүүхийн хийсэн дүгнэлт үнэн зөв гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Эрх зүйн байдал дээрдсэн гэдэг утгаар шинэ хуулийг хэрэглэх шаардлага гарвал шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн байдлыг хөнгөрүүлэх байдлуудыг харгалзан үзнэ үү.” гэв.

Ялтан Б.Ундралын өмгөөлөгч Д.Дарханбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2002 оны Эрүүгийн хуульд энэ зүйл анги нь хорих ялтай байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ундралд албадан ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналтай байна. Эхийн хамт амьдардаг, одоо ажлаа хийх боломжгүй байна.” гэв.

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Б.Ундралын үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөнд хүнд хохирол учирсан бол албадан ажил хийлгэх, торгох ялын санкцтай, хорих ял байхгүй. Анхан шатны шүүхээс түүнд 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ундралд албадан ажил хийлгэх, эсхүл торгох ял оногдуулах ял шийтгэвэл үүнийгээ зохих ёсоор биелүүлэхгүй бол хорих ялаар сольж болно. Тэгэхээр Б.Ундралд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулаад түүнийг 1 жилийн хугацаагаар тэнссэн нь түүний эрх зүйн байдлын хувьд ашигтай. Шинэ хууль түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж чадахгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Ундрал нь ЭХЭМҮТ-д Эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд иргэн       Г.Ган-Эрдэнэд өөрийнх нь хүсэлтээр соруурын аргаар үр хөндүүлэх мэс ажилбар хийх үедээ өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Г.Ган-Эрдэнийн умайн хана, нарийн гэдэс цоорч бие махбодид нь хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Б.Ундралын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвд яаралтай түргэн тусламжийн тасагт 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр ажиллаж байсан. Байгууллагын дотоод журмын дагуу үйлчлүүлэгчийн хүсэлтээр үр хөндөлтийн мэс ажилбар хийсэн. 2014 оны Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн даргын тушаалын дагуу сувилагч Эрдэнэцэцэг, Тунгалаг нар хохирогч Г.Ган-Эрдэнэд үр хөндөлтийн аргын талаар тайлбарлаж өгсөн. Тэгээд үр хөндөлтийн аргыг хохирогч Г.Ган-Эрдэнээр өөрөөр нь сонгуулаад үр хөндөлтийн эрт болон хожуу үеийн хүндрэлийн талаар тайлбарлаад баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан. Тэгээд үр хөндөлтөд шаардлагатай үтрээний үрэвсэл тогтоосон шинжилгээ, мөн ЭХО-р жирэмсний хугацааг тогтоосон шинжилгээг хийлгэсэн. Тухайн үед намайг үзэхэд хохирогчийн биеийн байдал хэвийн, умай эмгэг өөрчлөлтгүй байсан. Намайг ажиглахад үйлчлүүлэгч их сандарсан байсан учраас би үгээр тайвшруулсан. Тэгээд орон дээр гаргаад үр хөндөх ажилбар хийсэн. Манай эмнэлэг ММ554582005 стандартын дагуу үр хөндөлтийг хийдэг. Ингээд зохих авиа нөхцөлийг бүрдүүлээд дотуур үзлэг хийхэд умай нь арагшаа байрлалтай, ЭХО шинжилгээгээр 7, 8 долоо хоногтой жирэмсэн байсан. Ингээд үтрээнд үрэвслийн толь тавиад умайн хүзүүг харахад улаалттай, шархлаатай, хуучин өрөвслийн үлдэцтэй байсан. Умай 4 см онгойдог эрхтэн, хэвийн үедээ хаалттай байдаг, төрөх болон сарын юм ирэх үед умайн хүзүү нээгддэг. Үр хөндөлт хийх үед умайн хүзүүг нээх шаардлагатай учраас зориулалтын тэлэгчээр тэлдэг. Энэхүү тэлэгч нь умай дотор байгаа ургийг авахад нэмэлт үүрэг болж өгдөг учраас тэлэх шаардлага гардаг. Үүний дараа 7 мм-ийн хошуу хийж соруулахад үйлчлүүлэгч ёолсон учраас болиод 6 мм-ийн хошууг умайн хөндийд оруулаад вакум соруулаар соруулахад үйлчлэгч их хэмжээний өвдөлтэй байсан тул ажилбарыг зогсоож биеийн байдлыг нь ажиглахад хэвийн байсан. Тэгээд ЭХО-д харахад умай дотор урагтай, умайн эргэн тойрон хүрээ нь жигд байсан. Хэрвээ цоорсон бол умайн ард болон урд цусан шингэн үүссэн байх ёстой. Мөн умайн дотор салстад эвдэрсэн бүтэц харагдаагүй. Хэрэв умай цоорсон бол 6 шинж илрэх ёстой. Энэ нь үтрээгээр, мөн шээсээр цус гарна, даралт буурна, пүлс ихсэнэ, аарцгаар өвдөлт өгөх шинжүүд илэрдгээс нэг л шинж нь илэрсэн учраас ЭХО-ны эмчийг дуудаж дахин харуулсан. ЭХО-ний эмч хараад хэвийн байна гэсэн учраас үйлчлүүлэгчийн хажууд би байж байгаад 30 минут ажигласан. Энэ үед ямар нэгэн өвчин намдаах эм хэрэглээгүй. Ингээд үр хөндөлтийн дараагийн ажилбарыг хийхээр болсон. Тэгээд эмийн үр хөндөлтийн арга руу шилжүүлсэн. Ингээд 4 цаг хянаад маргааш өглөө нь дахин уулзахаар болоод жижүүр эмчид захиж үлдээгээд гэрт нь буцаасан. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өглөө 9 цагт намайг ажилдаа ирэхэд Мөнхбаяр эмч өрөөндөө дуудуулсан гэхээр нь очиход Мөнхбаяр, Батсайхан эмч нар хамтарсан үзлэг хийхэд үр хөндөлт хийлгэсэн Г.Ган-Эрдэнийн умай цоорсон байж магадгүй яаралтай хэвлийг нээж шалгая гэсэн. Би туслах эмчээр хагалгаанд ороход умай ар ханаараа цоорсон, нарийн гэдэс нь гэмтсэн байсан. Хагалгаа 3 цаг үргэлжилж халгалгаанд авагдсан материалыг эдийн шинжилгээнд явуулсан. Эдийн шинжилгээний хариу 5 хоногийн дараа гарсан. Шинжилгээгээр умай ар ханаараа зүүн тийшээ 1.5 см цоорсон, умайд ураг байгаагүй, эхэс байсан. Умайн хүзүүнд үрэвсэлтэй, хуучин үрэвслийн үлдэц болох уйланхай, хурц үрэвслийн өөрчлөлттэй байсан. Гэдэсний шинжилгээгээр гэдэс нь 1.5 см хэмжээгээр цоорсон байсан. Би ураг хэзээ, хаана гарсан гэдгийг тогтоолгомоор байна.” гэх мэдүүлэг /хх1, х227-236/,

хохирогч Г.Ган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2016 оны 10 дугаар сарын 20-ний өглөө эмнэлэгт очиж үзүүлээд холбогдох шинжилгээнүүдийг хийлгээд хүүхдээ авахуулаар болсон. Тэр өдөр 13 цагийн үед Б.Ундрал эмч ирсэн. Тэгээд үзээд болохоор байна, орон дээр гар гэсэн. Мэс ажилбар хийж байгаа үед эхлээд гайгүй байснаа цаашаа маш их өвдөлт өгсөн. Тэгэхээр нь би “одоо больё” гэж хэлэхэд ажилбарыг зогсоогоод “та буугаад ир ЭХО-д харуулъя” гэсэн. Тэр хооронд Б.Ундрал эмч хоёр удаа намайг ЭХО-д харахдаа умай цоорсон гэдгийг мэдээгүй. Тэгээд “та дахиж орон дээр гарахгүй юм байгаа биз дээ, эм хийчихье” гэж сувилагчтайгаа яриад эм хийгээд намайг сувилагчдаа орхиод явсан. Би 16 цаг өнгөртөл эмнэлэг дээр байсан. Сувилагч нь эмээр үр хөндөж байгаа учраас базалж өвддөг гэж хэлсэн. Тухайн үед маш их өвдөөд байхаар нь эмэндээ өвдөж байгаа юм байна гэж би ойлгосон. Тэгээд манай нөхөр 16 цаг өнгөрч байхад намайг аваад гэртээ харьсан. Б.Ундрал эмчийн утасны дугаарыг надад өгсөн байсан. Би гэртээ харьсан хойно орой тэсэх аргагүй өвдөөд байхаар нь Б.Ундрал эмч рүү 7, 8 удаа залгахад утсаа аваагүй. Сүүлдээ тэсэхээ байгаад түргэн дуудсан. Түргэний эмч ирэхэд би үр хөндүүлсэн гэж хэлсэн. Тэгтэл түргэний эмч намайг газар гишгүүлэхгүй өргөөд үүрээд автомашинд оруулахад маш их өвдөлттэй байсан. Тэгээд эмнэлэгт очоод өглөө нь эмч нар үзээд хагалгаанд орохоор болсон. Би эхлээд яагаад хагалгаанд орох болсон юм бол гээд гайхсан. Сүүлд нь надад мэс ажилбарын улмаас умай нь цоорсон байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд хагалгаанд оруулахдаа эхлээд бүсэлхийнээс доош мэдээ алдуулж хийсэн, дараа нь яаралтай бүтэн унтуулж хагалгаа хийнэ гэж эмч нар хэлж байсан, нэг сэрэхэд тасагт очсон байсан. Нарийн гэдэс давхар цоорсон байсныг Мөнхбаяр эмч надад дараа нь хэлсэн. Б.Ундрал эмч “би нарийн гэдэс цоорсныг мэдээгүй” гээд байх юм. Тэгэхээр би өөрөө гэдсэн дотроо гараа хийж байгаад цоолсон юм шиг яриад байна. Дараа нь Б.Ундрал эмч эмнэлэгт орж ирэхдээ надаас уучлалт гуйгаагүй. Хэд хэдэн удаа орж ирж цэвэрлэгээ хийсэн. Би эмч хүн учраас Б.Ундрал эмчийг “уучлаарай” гэж хэлэх байх гэж бодсон чинь надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Би бүтэн өвөлжингөө нарийн гэдэс цоорхой, баасны ууттай явж байсан. Өвөл байсан болохоор гайгүй байсан, зун байсан бол үнэхээр хэцүү байх байсан. Би Б.Ундрал эмчээс болоод хоёр ч удаа хагалгаанд орсон. Би сэтгэл санааны хувьд үнэхээр их гомдолтой байна. Б.Ундрал эмчид танаас болоод ингэсэн гэж би нэг ч удаа хэлж байгаагүй. Ундрал эмч бүтэн өвөлжингөө над дээр нэг ч удаа ирээгүй, нөхөр нь баасны уут авчирч өгөөд явдаг. Би өөрөө Б.Ундрал эмч рүү утсаар залгаад “та ядаж нэг удаа ч гэсэн уучлалт гуйгаад ярьж болдоггүй юм уу” гэж хэлж байсан. Эмч хүн байж хүнийг хайрлах энэрэх сэтгэл байхгүй, үнэхээр хэнэггүй хүн. Тэгээд нарийн гэдсийг би цоолоогүй гээд байх юм. Би эмчилгээний зардал, баримтаар гарсан хохирлыг авсан. Ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого 30.000.000 төгрөг нэхэмжилж байсан боловч одоо 10.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх1, х227-236/,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Х.Цогзолмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогчийн нэхэмжилж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд манай байгууллагын эрх ашиг хөндөгдөж байна. Б.Ундрал эмчийг манай байгууллага ажиллуулж байсан. Дээрх асуудал нь гэмт хэргийн шинжтэй асуудал мөн үү, үгүй юу гэдгийг тогтоох ёстой. Иргэний хариуцагчийн хувьд тодорхой хэмжээний хохирол нөхөн барагдуулах асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Эрсдэлтэй тусламжийн улмаас хохирогчид тодорхой хэмжээний хүндрэл гарсан. Гэхдээ хохирогчийн биед учирсан гэм хорыг эмчлүүлж арилгасан. Б.Ундрал эмч хохирогчийн биед учирсан гэмтлийг эрүүл болтол нь эмчилгээнд гарсан эмнэлгийн зардлуудыг өөрөөсөө гаргаж байсан. Миний хувьд хохирогчийн эрүүл мэндийн гомдол барагдсантай санал нэг байна. Харин 1.300.000-1.500.000 төгрөгийн орлого ордог байсан гэж байна. Дээрх хугацааны орлогыг нөхөн төлүүлнэ гэсэн асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй, санал нийлэхгүй байна. Хохирогчийн өдөрт 1.300.000-1.500.000 төгрөгийн орлого орж байсан талаар хавтаст хэрэгт авагдсан баримт байхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх мэдүүлэг /хх1, х227-236/,

хохирогч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний сарын тэмдэг сар бүрийн 20-ний үеэр тогтмол ирдэг мөчлөгтэй ба 2016 оны 8 дугаар сард миний сарын тэмдэг ирээгүй болохоор нь 2016 оны 10 дугаар сарын эхээр жирэмсний тестээр шалгаж үзэхэд би бие давхар болсон байсан. Тэгээд би нөхөр Батзоригтой энэ талаар ярилцаад энэ удаад үр хөндүүлэхээр болсон юм. ...2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр ЭХЭМҮТ-н амбулторид очиж сувилагчид энэ тухайгаа хэлээд шаардлагатай мазокийн шинжилгээг энэ өдрөө тус эмнэлэгт өгсөн. ...Ажилбар эхлээд 5 минут ч болоогүй байхад миний үтрээгээр маш их өвдөлт өгөхөөр нь би ёолж орилоход Б.Ундрал ажиллагаагаа үргэлжлүүлээд үтрээгээр соруулаад байсан. Намайг ёолоод байхаар Б.Ундрал эмч сүүлдээ за за болъё, болъё юм гарсангүй гэж хэлээд намайг орноос буулгаад хэвлийгээр эход хараад ураг хөндөгдөөгүй байна гэж хэлсэн. Тэгээд би амрах өрөөнд ороод 5-10 орчим минут хэвтсэний дараа Б.Ундрал эмч намайг дахин дуудаж хэвлийгээр эход хараад “ураг хөндөгдөөгүй байна, одоо чи дахиж ухуулахгүй юм байгаа биз дээ” гэж хэлэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. Тэгээд Б.Ундрал эмч зулбуулдаг гэх 2 ширхэг эмийг миний үтрээ рүү хийгээд гарч явсан. ...17 цаг болж байхад сувилагч надад “эмэндээ базалж өвддөг шүү тэгж байгаад доошоо 2-3 удаа цусархаг нөж гарчих юм бол гайгүй болчихно ямар нэг зүйл болвол энэ дугаар руу яриарай” гэж хэлээд Б.Ундрал эмчийн утасны дугаарыг өгч явуулсан. Гэртээ 17 цаг өнгөрч байхад ирээд 00 цаг хүртэл миний хэвлийгээр тасралтгүй маш хүчтэй базалж өвдөөд байхаар нь сүүлдээ тэсэлгүй эмнэлгийн түргэн тусламж дуудаад түргэний автомашинаар ЭХЭМҮТ-д ирсэн. Хүлээн авахын эмч намайг хэвлийгээр эход хараад чи ямар их оройтож ирдэг юм бэ гэж хэлсэн. Тэгээд намайг 4 дүгээр давхарт эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн 7 дугаарын өрөөнд хэвтүүлээд өвчин намдаах тариа хийсэн. Би тариа хийлгээд 6 цаг болтол жаахан унтсан. Өглөө ажил цуглахад нэрийг нь мэдэхгүй эрэгтэй эмч намайг хэвлийн болон үтрээний эхогоор хараад “яаралтай хагалгаанд орох шаардлагатай” гэж хэлээд 9 цагийн үед хагалгаанд орсон. Хагалгаанд орохдоо бүсэлхийнээс доош мэдээ алдуулалт хийгээд хагалгааны орон дээр миний гэдсийг зүсээд нэг эмч нь за болохоо байлаа эмч дуудаарай бүтэн унтуулахгүй бол болохгүй нь гэж хэлээд намайг бүтэн унтуулсан. Манай гэрийнхний яриагаар намайг 14 цагийн үед хагалгаанаас гарсан гэж хэлсэн. Хагалгааны дараа би эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгчээс үр хөндүүлэх ажилбарын улмаас миний сав цоорсон, нарийн гэдэс цоорсон байсныг мэдсэн. ...Үр хөндүүлэх ажилбар хийлгэхээс өмнө миний биед ямар нэг өвчин зовиур байгаагүй. ...Үр хөндүүлэх ажилбар хийлгэж байхад миний үтрээгээр татаж чангааж байгаа юм шиг маш их өвдөлт өгсөн. Ажилбар зогссоны дараа үтрээгээр, хэвлийгээр маш их өвдөж байсан. ...2016 оны 10 дугаар сарын 20-ний өдрөөс өмнө огт ЭХЭМҮТ ороогүй, 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр ЭХЭМҮТ ороод л тэр өдрөө ажилбарт орсон. ...Хагалгаагаар би саваа авахуулсан, нарийн гэдэс наашаа гарчихсан байнгын баасны ууттай, хагалгааны сорвитой, үе, үе хэвлийгээр час хийж өвдөж байна. ...Би гомдолтой байна. Би Батзориг гэх хүнтэй 7, 8 сар гаруй хугацаанд хамтран амьдарч байна. Миний одоо байгаа 2 хүүхдийн эцэг нь нас барчихсан. Талийгаач нөхрөөсөө хойш Батзоригтой гэр бүл болоод амьдарч байсан. Гэтэл Б.Ундрал эмчийн буруутай үйл ажиллагааны улмаас би дахин хүүхэд төрүүлэх боломжгүй боллоо.” гэх мэдүүлэг /хх1, х9-12/,

гэрч М.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 16 цаг 50 минутаас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 8 цаг 00 минут хүртэлх хугацаанд ЭХЭМҮТ-д ахлах жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2 цаг өнгөрч байхад Батсайхан эмч намайг утсаар дуудаад “хүлээн авах дээр ирээд хүн үзээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд Ган-Эрдэнийн өөрийнх нь хэлж байгаа зовиур, үр хөндүүлэх ажилбарт орсон гэснийг мөн өөрсдийн бодит үзлэгийг үндэслээд үр хөндүүлэх ажилбарын явцад умайн хана цоорсон байж болзошгүй гэсэн онош тавьсан.” гэх мэдүүлэг /хх1, х15/,

гэрч Ч.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хэвлийг тэмтрэхэд эмзэглэл ихтэй байсан тул би умайн бүрэн байдал алдагдсан байж магадгүй гэж үзээд хэвлийг нээж шалгах шийдвэр гаргасан. Мөн өвчний түүх дээрээс эхог харахад хэвлийн доод хэсэг, умайн ар, өврөөр сул шингэнтэй, умай дотроо хөврөлттэй байсан. Тэгээд Батсайхан эмч, Б.Ундрал эмч нарын хамт 9 цаг өнгөрч байхад яаралтай журмаар хагалгаанд орсон. Ган-Эрдэнийн хэвлийг нээж харахад умай дотроо 1 сартай жирэмсэн байж болох хэмжээтэй, умайн зүүн ар ханаар 1-1.5 см орчим хэмжээтэй цоорсон, цааш үргэлжлүүлэн нарийн гэдсийг шалгахад нарийн гэдэсний хана 1 см орчим хэмжээтэй цоорсон, дотроо агууламж нь урссан байдалтай байхаар нь зөвлөх эмч Дашзэвэгийг дуудаж үзүүлээд умайг авах шийдвэр гаргаад Ган-Эрдэнэд “хагалгаа өргөжих тал руугаа боллоо шүү” гэж хэлээд бүтэн унтуулга хийсэн. ...Миний бодлоор 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн соруурын аргаар хийгдсэн үр хөндүүлэх ажилбарын улмаас умайн хана, нарийн гэдэс цоорсон байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх1, х16/,

гэрч Б.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хагалгаагаар Ган-Эрдэнийн хэвлийг нээж үзэхэд Ган-Эрдэнийн умай ар ханандаа 1.5 см орчим цоорсон байсан. Цаашлаад хэвлийг шалгахад нарийн гэдсэнд цоорол үүссэн байсан. ...Би бодохдоо 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн үр хөндүүлэх ажилбарын улмаас умайн хана цоорсон байхыг үгүйсгэхгүй.” гэх мэдүүлэг /хх1, х18/,

гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 21-ний өглөө цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна, намайг ажил дээрээ байхад манай эмнэлгийн мэс заслын эмч Ишдорж миний утас руу залгаад “эх нялхсаас яаралтай дуудлага ирлээ, би хагалгаатай байна чи очоод зөвлөгөө өгөөд шийдчих” гэж хэлэхээр нь би тэр даруй ЭХЭМҮТ рүү очиж хагалгааны нэгдсэн тасаг руу ороход Мөнхбаяр эмч, Батсайхан эмч нар Ган-Эрдэнэ гэх хүнд хагалгаа хийж байсан. Энэ үед Мөнхбаяр эмч надад энэ хүн 2016 оны 10 дугаар сарыи 20-ний өдөр үр хөндүүлэх ажилбарт орсон ба уг ажилбарын улмаас умайн хана, нарийн гэдэс нь цоорсон байна, бид умайг нь авчихсан гэж хэлээд цоорсон гэх нарийн гэдсийг надад харуулсан. ...Ган- Эрдэнийн нарийн гэдсийг өөрөө шалгахад нарийн гэдэсний доод хэсэгт 1 см орчим хэмжээтэй цоорсон байсан ба хэвлийд бохир өнгөртэй байсан. ...Соруурын аргаар үр хөндүүлэх ажилбар хийлгэх үед умайн хана, нарийн гэдэс цоорох боломжтой. Нарийн гэдэс цоорсон хүнд тэр дор нь маш их хэмжээний өвдөлт өгдөг. Эмнэлгийн хэллэгээр кинжалны буюу хутгалуулж байгаа юм шиг хурц өвдөлт өгдөг гэж үздэг. ...Нарийн гэдэс цоорсон хүний биед ямар нэг өвчин зовиур илрэхгүй далд явна гэсэн ойлголт байхгүй.” гэх мэдүүлэг /хх1, х20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Ган-Эрдэнийн биед умай, нарийн гэдэсний цооролт, умайг бүхэлд нь авах, нарийн гэдсийг тайрч, залгах мэс заслын дараах байдал хэвлийн хөндийн шингэн хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр үүссэн шинэ гэмтэл байна. Соруурын аргаар үр хөндөх ажилбар хийгджээ. Үр хөндөх ажилбарын үед умай, нарийн гэдсийг цоолсон байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.5.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх 15291 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х27-28/,

Хяналт шалгалт хийсэн тухай 12-06/447 танилцуулгын 3 дахь заалтын “...Эмчийн оношилгооны ур чадвар дутмагаас үр хөндөлтийн үеийн хүндрэлийг оношилж, тусламж үзүүлээгүй, ажилбарын дараа үйлчлүүлэгчийг гэрт нь буцааснаар хүндрэлийг хожуу оношлоход хүргэсэн. ...Яаралтай тусламжийн их эмч Б.Ундрал 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 13 цагт үр хөндөлтийн мэс ажилбарын үед техникийн алдаа гарч умай цоорч, гэдэс гэмтсэн үр хөндөлтийн цогц үйлчилгээг дутуу хийгдсэн нь иргэний гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эмчлэгч эмч Б.Ундрал нь эмчийн оношилгооны ур чадвар дутмагаас үр хөндөлтийн дараах хүндрэлийг цаг тухайд оношилж, тусламж үзүүлээгүй, ажилбарын дараа үйлчлүүлэгчийг гэрт буцааснаар хүндрэлийг хожуу оношлоход хүргэсэн.” гэх дүгнэлт /хх1, х58-62, х65-69/,

Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалт хийсэн тухай “...8.1-д Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Ундрал нь эхийг 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 13 цагт үзээд, эхийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, үр хөндөлтийн ажилбарын явцад техникийн алдаа гаргаж умай цоолж хүндрэлийг оношлоогүй байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын “Эмнэлэгийн мэргэжилтний баримитлах ёс зүйн хэм хэмжээ”-г шинэчлэн батлах тухай 2013 оны 446 тушаалын 3.3 дахь заалтыг, эрүүлийг хамгаалах технологи үр хөндөлтийн тусламж үйлчилгээ МЫ55488:2005 стандартын 14.1 дахь хэсгийг, 8.2-т Үйлчлүүлэгчид үр хөндөлтийн өмнө, дараа зөвлөлгөөг бүрэн дүүрэн тайлбарлаж хэлээгүй, мэс засал /мэс ажилбар хийлгэх зөвшөөрлийн хуудсанд эрсдэл, хүндрэлийг зөв оновчтой тусгаагүй, халдвараас сэргийлэх зорилгоор ажилбараас өмнө /30 мин/ антибиотик хэрэглээгүй, өвдөлт намдаах ямар арга сонгосон талаар тэмдэглээгүй, хүндрэл гарсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэн эмнэлэгт хэвтүүлэн хянаж эмчлээгүй зэрэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3, эрүүл мэндийн сайдын “Эмнэлэгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээ”-г шинэчлэн батлах тухай 2013 оны 446 тушаалын 3.3, 4.3 дахь заалтыг, Эрүүлийг хамгаалах технологи үр хөндөлтийн тусламж үйлчилгээ МЫ55488:2005 стандартын 9.1, 9.3, 11.1, 12.2.1, 18.2, 18.5, 18.5.2 дахь хэсгийг, 8.3-т Их эмч Б.Ундрал нь үр хөндөх ажилбарын үед хүндрэл гарсныг оношилж чадаагүй, тасгийн эрхлэгч, ахлах эмч нарт хэлж хамтарсан үзлэг хийгээгүй, хийж буй ажилбарын үйл ажиллагаанд тавьсан хяналт хангалтгүй, багаар ажиллаж чадаагүй, эхэд эрсдэл хүлээгдэж байгааг тооцоогүй, үр хөндөлтийн цогц үйлчилгээг стандартын дагуу хийгээгүй байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хөдөлмөрийн дотоод журмын 1.6.1.а, захирлын журам батлах тухай 2014 оны 524 тушаалын 3 дугаар хэсгийн 3.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.” гэх танилцуулга /хх1, х65-69/,

Эрүүл мэндийн яамны Эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн шинжээч Э.Энхцэцэгийн “...Мэс ажилбарын үед нэг удаагийн үйлчлэлээр умай цоорч нарийн гэдэс гэмтсэн байна. Мэс ажилбарын үед нэг цаг хугацаанд үүссэн. Нэг удаагийн хүчин зүйлээр үүссэн байх магадлалтай. Эхийн хүсэлтээр, соруурын аргаар үр хөндөлт хийсэн байна. Үр хөндөлт хийх явцад умай, Нарийн гэдэс гэмтсэн байна. Эмч Б.Ундрал нь умай цоорсон гэж сэжиглээгүй, өөр эмчид үзүүлж, зөвлөгөө аваагүй гэрт нь зөвлөгөө өгөөд буцаасан байдал нь эмчийн туршлага, ур чадвар сул, нимгэн байгааг харуулж байна. Гэмтлийн ямар зэрэг гэдгийг нарийн мэргэжлийн эмч тогтоох. Эдгээр гэмтлийг эрт илрүүлж оношлоогүй, яаралтай тусламжийг цаг хугацаанд нь оновчтой авч чадаагүй тохиолдолд эмэгтэйн амь насанд аюул учирч болно. Умай цоорох хүндрэл нь үр хөндөлтийн үед үүсэх бөгөөд илрэх шинж тэмдэг нь умай хаагуур цоорсноосоо хамаараад янз бүр байдаг тул бүрэн оношлогдоогүй, өөрөөр хэлбэл эмч оношоо тавих туршлагагүйн улмаас эхийг 4 цаг хянаад гэрт нь буцаасан нь хүндрэлийг хожуу оношлоход хүргэсэн зэргээс үзэхэд Үр хөндөлтийн тусламж үйлчилгээ ММ35488:2005 үйлчилгээний стандартыг бүрэн мөрдөөгүй ажилласан байна. Соруурын аргаар үр хөндөлт хийх явцад умай цоорох эрсдэлтэй гэж үздэг. Энэ хүндрэл нь үр хөндөлтийн явцад 0.03-0.5 хувь тохиолдоно. Ялангуяа умай нь урагшаа ба арагшаа хэт нугаралттай байхад умайн хүзүүний дээгүүр гэмтэх нь 5-15 хувь тохиолддог байна.” гэх 02 тоот дүгнэлт /хх1, х157-159/,

гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх1, х4/, Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх1, х50-51/, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн төрсний дараах тасгийн их эмчийн ажлын байрны тодорхойлолт /хх1, х54-56/, Эхийн ноцтой хүндрэлийн хэлэлцүүлэг №11/2016 /хх1, х58-62/, Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга /хх1, х65-69/, Захирлын тушаалын хуулбар /хх1, х74/, Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх1, х77-87/, Эрүүл мэндийг хамгаалах технологи үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний стандарт /хх1, х109-113/, Монгол улсын стандарт /хх1, х114-119/, Үр хөндөлтийн түүх /хх1, х121-126/, Өвчний түүх /хх1, х128-133/, Хохирлын баримт /хх1, х134-138/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Хохирогч Г.Ган-Эрдэнийн гаргасан “...Б.Ундралын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь буруу, ял шийтгэл тохироогүй” тухай давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Ундралын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу ялтны хувьд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг заавал буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрджээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмын үүднээс ялтан Б.Ундрал нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн улмаар учруулсан хохиролд Г.Ган-Эрдэнэд бэлнээр 2.000.000 төгрөг болон мэс засалд шаардагдах эмчилгээний багаж, шаардлагатай бусад хэрэгслийг хувийн зүгээс өгч байсан зэрэг хувийн байдлуудыг харгалзан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийн нэг жилийн хугацаагаар хасаж гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Хатиган овогт Бат-Эрдэнийн Ундралыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Хатиган овогт Бат-Эрдэнийн Ундралыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундралыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Бат-Эрдэнийн Ундралыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж гурван мянган нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж,

мөн тогтоох хэсэгт “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ундрал нь торгох ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй” гэсэн нэмэлтийг оруулсугай

2. Хохирогч Г.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ундралд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.МЯГМАРЖАВ

                                                                                                Ц.ОЧ