Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 94

 

М.Гэрэлмаагийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

           

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2016/00306 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой баг, 1-40 тоотод оршин суух Мянгат овогт Мягмарсүрэнгийн Гэрэлмаагийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

            Хүсэлтийн агуулга: “Миний бие нь 1981 оны 9 сарын 1-нд Хүнсний үйлдвэрийн техникийн сургуульд элсэн орж 1982 оны 6 сарын 30-нд төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн хүнсний үйлдвэрт 1994 оны 12 сарын 31 хүртэл бэлтгэгч хэвчин, зуухчинаар хүнд нөхцөлд  ажилласан. Халуун хортой хүнд нөхцөлд зуухчин хийж байсан. 1982 оноос 2003 оны 4 дүгээр сар хүртэл Улсад нийт 21 жил ажилласан. 2003 оноос 2010 он хүртэл 7 жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2016/00306 дугаар шийдвэрээр: “1. Иргэний   Хэрэг   Шүүхэд  Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мянгат овогт Мягмарсүрэнгийн Гэрэлмааг 1982 оны 7 сарын 13-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт бэлтгэгч, хэвчин, зуухчинаар хүнд нөхцөлд ажиллаж байсан байдлыг  тогтоосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

            Хүсэлт гаргагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “ 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгохоор онцгой ажиллагааны журмаар хүслэт гаргасан. 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 306 дугаар шийдвэрээр М.Гэрэлмаа намайг 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн хүнсний үйлдвэрт хэвчин, бэлтгэгч, зуухчинаар ажиллаж байсныг тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасны дагуу нэхэмжлэлээ буцаан татах хүсэлтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хүсэлт гаргагч нь 1982 оны 7 дугаар сарын 22-ноос  2003 оны 04 дүгээр сар  хүртэл   Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд нормчин /бэлтгэгч, хэвчин, зуухчин/-аар нийт 21 жил  ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, ажиллаж байсан байдлаа нотлохоор тухайн үед нээлгэж, бичилт хийгдсэн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн архивын 2016 оны 03 дугаар сарын 11-ны  351 тоот лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1987 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар  тушаал,  түүний хавсралт, 1988 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 67 дугаар тушаал,1994 оны 12 дугаар сарын 20-ны 62 дугаар тушаал, 1983-1985 онуудад шагнагдсан баярын бичгүүд, сайшаалын үнэмлэхүүд, хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг 3 ширхэг 1983-1987 оны 5 жилийн цалингийн тодорхойлолт, түүнчлэн хамт ажиллаж байсан 4 хүний тодорхойлолт зэргийг шүүхэд ирүүлсэн байхаас гадна С.Алтанцэцэг, Б.Бат-Энх нарыг шүүх гэрчээр асууж мэдүүлэг авсан байна.

Дээрх шаардлагын дээр үзгээр “зуухчны” гэсэн шаардлагыг хүсэлт гаргагч хэзээ нэмж бичсэн нь тодорхойгүй, шүүхэд анх хүсэлт гаргахад энэ шаардлага байсан эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ы өдрийн 1339 дүгээр  захирамжид хүсэлт гаргагч дээрх хүсэлтийн шаардлагын агуулга огт тусгагдаагүй байна. /хх-ийн 29 дүгээр тал/ Мөн шүүх хуралдааны тэмдэглэлийг судлахад   хүсэлт гаргагч нь нарийн боовны  цехэд бэлтгэгч, хэвчин, зуурагч гээд бүх дамжлага дээр ажиллаж байсан бас зуухчинаар ажиллаж байсан гэж тайлбарлажээ. Шүүх хүсэлт гаргагчийг хэд оны хэдээс хэдэн хүртэл Хүнсний үйлдвэрт бэлтгэгч, хэвчин, зуурагч, зуухчинаар нийт хэдэн жил хөдөлмөрийн ямар нөхцөлд ажиллаж байсан  болон шаардлагаа нэмэгдүүлж байгаа эсэх  талаар   тодруулаагүй атлаа түүнийг 1982 оны 7 дугаар сарын 13-наас 1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт бэлтгэгч, хэвчин, зуухчинаар хүнд нөхцөлд  ажиллаж   байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Хүсэлт гаргагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчлөөгүй байхад шүүх түүний шаардлагыг нэмэгдүүлж, зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

Энэ талаар хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.д зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж хэрэгт ач холбогдолтой , хамааралтай  үнэн зөв талаас нь үнэлээгүй байна.

            С.Алтанцэцэг, Б.Батэнх, Ц.Насандэлгэр, Х.Оюунбилэг нар нь  /хэргийн 14-21 хуудас/  М.Гэрэлмааг Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд нормчин /бэлтгэгч, хэвчин, зуухчин/-аар нийт 21 жил ажиллаж байсныг тодорхойлжээ.

Гэтэл шүүх С.Алтанцэцэг, Б.Бат-Энх нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч уг мэдүүлэг нь хүсэлт гаргагчийн шаардлагын зорилгыг нотлох хэмжээнд үнэлэх боломжгүй     байна. Шүүх  хэрэгт цугларсан  баримтыг эх хувьтай нь тулгаж үзлэг хийх, М.Гэрэлмааг Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд ажиллаж байсан талаар тодорхойлолт ирүүлсэн  хүмүүсийг гэрчээр асууж тодруулах, баримтыг үнэлэх цуглуулах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний гаргасан тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх зохицуулалт байхгүй боловч тэдгээр хүмүүсийг гэрчээр асууж эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нотлох баримтад үнэлдэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикийг шүүх хэрэгжүүлэх боломжтой байсан энэ тохиолдолд дээрх  хүмүүсийг гэрчээр асуулгах тухай хэргийн оролцогчийн хүсэлт байх шаардлагагүй бөгөөд онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх онцлог байдлыг харгалзан шүүх санаачилгаараа гэрчээр асууж хүсэлт гаргагчийн шаардлага бүрийг тодруулж асуух боломжтой  байжээ.

Тодорхойлолт ирүүлсэн хүмүүст хууль сануулан гэрчээр асууж  М.Гэрэлмаатай хамт     Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд  ажиллаж байсан талаар   бодит байдлыг тогтоож, шаардлагатай бол дээрх хүмүүсийн хөдөлмөрийн дэвтрүүдийг харьцуулан судлаж бичгийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой байжээ.

Хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолдоо  М.Гэрэлмаагийн ажиллаж байсан байдлыг тогтоохдоо хүнсний үйлдвэрийн бус металл төмөр боловсруулах үйлдвэрийн   бэлтгэгч, зуухчнаар    тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар  дагуу нэхэмжлэлээ буцаан татан авах хүсэлтэй байна гэжээ. Энэхүү  хүсэлтийг давж заалдах шатны шүүх хэрэгжүүлэх боломжгүй, харин анхан шатны шүүх хэрэгжүүлэх боломжтой байжээ.

  Анхан шатны шүүх хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хуульд зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хүсэлт гаргагчийн төлсөн 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг түүнд буцааж олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Ховд дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны  өдрийн 306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хүсэлт гаргагч М.Гэрэлмаад давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                        Н.ТУЯА