Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 569

 

         Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 01-40 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, ПЮ63122361 тоот регистрийн дугаартай, Мянгат овогт Мягмарсүрэнгийн Гэрэлмаагийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Гэрэлмаа, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Хүсэлт гаргагч М.Гэрэлмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын хүнсний техник мэргэжлийн сургуульд суралцаж, 1982 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төгссөн. Тэгээд захирлын тушаалаар Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны боловсон хүчний мэдэлд шилжүүлсэн. 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины тасагт хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажилд орсон. Архины цехэд өдөр бүр тогтмол химийн материал болох ковиустай содын уусмалаар шил угааж ариутгаж мөн архины цехэд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсан. Хүнсний үйлдвэрийг хүнсний Алтайн буян ХК болтол ажилласан. 1982 оны 06 дугаар сарын 05-наас эхлэн ажилласан гэж бодож байсан боловч сар, өдрөө андуурсан байна. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир архивын лавлагаа авах гэтэл миний нэр дээр баримт гарч ирээгүй. Иймд намайг 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Хүсэлт гаргагч М.Гэрэлмаа нь 1982-2003 оны 04 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд нормчин, бэлтгэгч, хэвчин, зуухчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

         -М.Гэрэлмаагийн 1982 онд нээлгэсэн ажлын тухай мэдээний талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

         -М.Гэрэлмаагийн Хүнсний буян ХК-д ажиллаж байсан 1983-1987 оны цалингийн түүвэр,

         -Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 351 дугаартай лавлагаа,

         -Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1987 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаартай Сайшаан шагнах тухай тушаалын хуулбар,

         -Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1988 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 67 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар,

         Ховд аймгийн Хүнсний буян ХК-ний 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар,

         -М.Гэрэлмаагийн 1983, 1984, 1985 онуудад шагнагдаж байсан гэх баярын бичгүүд,

         -Гэрч С.Алтанцэцэгийн М.Гэрэлмаа бид хоёр 1982 онд Ховд аймгийн хүнсний үйлдвэрийн талх нарийн боовны тасагт хамт ажилд орсон. Үйлдвэр тараад хувьчлагдаад Алтайн буян ХХК болсон. Бид 2003 он хүртэл хамт ажилласан гэх мэдүүлэг,

         -Гэрч Б.Бат-Энхийн М.Гэрэлмаа нь 1982 онд сургууль төгсөж ирээд манай цехэд норомчноор ажилд орсон. Тэр цагаас хойш бид хоёр 2003 он хүртэл ажилласан гэх мэдүүлэг,

         -Гэрч С.Эрдэнэцэцэгийн М.Гэрэлмаа нь Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд 1982-1995 онд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсан. Дамжлага болгон дээр хүн байхгүй үед ажилладаг байсан. Би тус хүнсний үйлдвэрт 1983 онд сургууль төгсөж ирээд ажилласан ба М.Гэрэлмаа бид хоёр 20 гаруй ажил хамт ажилласан гэх мэдүүлэг,

         -Гэрч С.Рагчаагийн Би 1977-1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд бригадын дарга, цехийн дарга зэрэг ажил хийж байсан. М.Гэрэлмаа нь Хүнсний үйлдвэрийн архины цехэд 1982-1995 онд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсан. Бид хамт 13 жил ажилласан гэх мэдүүлэг,

         -Гэрч Ц.Цэрэнчимэдийн би 1977-1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт архи ундааны цехэд бригадын дарга, бэлэн бүтээгдэхүүний лаборант, худалдагч зэрэг ажлыг хийж байсан. М.Гэрэлмаа нь 1982 онд сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд 1982-1995 онд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

         Хүсэлт гаргагч М.Гэрэлмаа нь 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, түүнчлэн аймгийн архивын тасгаас М.Гэрэлмаад холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 351 дугаартай лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч М.Гэрэлмаагийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн М.Гэрэлмааг 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

         Хүсэлт гаргагчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

         Хүсэлт гаргагч М.Гэрэлмаа нь хэрэгт Ховд аймгийн Алтайн буян ХК-ний 2003 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай тушаал хавсаргасан байх ба энэхүү тушаал нь хэрэгт ач холбогдолгүй, мөн Х.Оюунбилэг, Б.Бат-Энх, С.Алтанцэцэг, Ц.Насандэлгэр нарын тодорхойлолтуудыг хавсаргасан байх ба уг тодорхойлолтууд нь канондсан, гарын үсэг нь эргэлзээтэй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мянгат овогт Мягмарсүрэнгийн Гэрэлмааг 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн архины цехэд хольц бэлтгэгч, эх хөрөнгөчин, ариутгагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

         2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МАРИНА