Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00385

 

Т.Д-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 499 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00127 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Т.Д-н нэхэмжлэлтэй

Хариуцагч С.А-д холбогдох,

Түрээсийн төлбөр 8 400 000 төгрөг, мөн шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас учирсан хохирол 5 750 400 төгрөг, нийт 14 150 400 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Д-н гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Д-, хариуцагч С.А-, хариуцагчийн өмгөөлөгч К.Жархынбек, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний эзэмшиж буй Тирлик зах орох замд байрлалтай газарт баригдсан 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 тоот дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай байрыг С.А- нь 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс одоог хүртэл түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж Тил анар дэлгүүрийг ажиллуулж байна. Түрээслэгч С.А- нь гэрээ ёсоор түрээсийн төлбөрийг сарын 200 000 төгрөгөөр тохиролцож, хоёр тал тэгш эрхтэй гэрээ байгуулсан боловч тухайн үед сайн дураар түрээсийн төлбөр төлөөгүй учир Баян-Өлгий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 49 дүгээр шийдвэрээр 2013 оны 12 дугаар сарын 20-ныг дуустал түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан ба түүнээс хойш С.А- нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар болон газар эзэмших эрхийн талаар маргаан гаргаж, Монгол Улсын Иргэний болон Захиргааны хэргийн тус тусын 3 шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж явсаар 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 263 тоот тогтоол гарснаар тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн болно.

С.А- нь Т.Д- миний өмчлөлд байгаа, С.А- түрээсийн гэрээгээр ашиглаж худалдаа үйлчилгээ явуулж буй байрны түрээсийн төлбөрийг шүүхэд маргаж байгаа нэрийдлээр 2013 оны 12 дугаар сарын 20-ноос 2016 оны 09 дүгээр сарын 20-ныг дуустал нийт 33 сар төлөөгүй учир Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн төлбөрт сарын 200 000 төгрөг нэхэмжлэх болно. Хариуцагч С.А-, нэхэмжлэгч Т.Д- бидний хооронд түрээсийн гэрээ байгаа бөгөөд энэхүү гэрээ нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 49 тоот шийдвэр, Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 146 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 71 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2015 оны 718 тоот тогтоол зэрэг хүчин төгөлдөр шүүхийн эрхийн актуудаар батлагдаж байна. Талууд санал тавьж гэрээг цуцлаагүй тул одоо хүртэл хүчин төгөлдөр байна. 

С.А- нь Т.Д- намайг хариуцагчаар татуулж, Иргэний хэргийн болон Захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны, хяналтын шатны удаа дараагийн шүүх хуралдаануудад өмгөөлөгчийн хамт оролцоход гарсан замын зардал, өмгөөлөгчид төлсөн хөлс зэрэг нотлох баримтын хүрээнд батлагдаж байгаа 5 018 900 төгрөгийг давхар нэхэмжилж байна. Хэрэв С.А- нь хууль бус, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаагүй бол Т.Д- миний бие Захиргааны болон Иргэний хэрэгт өмгөөлөгч хөлсөлж авах, Иргэний болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохоор удаа дараа дээрх шүүхүүд байрлаж байгаа Ховд аймаг, Улаанбаатар хотод зардал мөнгө гаргаж очих шаардлага байхгүй байсан. Хариуцагч С.А-гийн хууль бус үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас өөрт учирсан бодит хохирлыг нэгэнт төр хариуцахгүй учир нэхэмжлэл нь хангагдаагүй гэм буруутай этгээд болох С.А- хариуцан арилгах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

...Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар Т.Д- миний үл хөдлөх эд хөрөнгө болох үйлчилгээний байрны түрээсийн төлбөрт 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 33 сард сарын 200 000 төгрөгөөр тооцон 6 600 000 төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас миний эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол болох 5 018 900 төгрөгийн хохирол, нийт 11 618 900 төгрөгийн хохирлыг хариуцагч С.А-гаас гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.

Түүнчлэн би 2016 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан ба түүний хойш 9 сарын төлбөр болон хот руу явсан зардал гээд 2 531 500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд нийт 14 150 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Т.Д-гээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ С.А- түрээсийн гэрээний дагуу 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 33 сарын түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэжээ. Гэтэл миний бие Т.Д-тэй түрээсийн гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Мөн шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлээр тодорхойлсон байх ба нэхэмжлэгч уг заалтыг ойлгоогүй байна гэж үзэж байна. Миний бие иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Т.Д-г хариуцагчаар татуулсан нь үнэн. Харин Захиргааны хэрэгт түүнийг хариуцагчаар татан оролцуулаагүй ба Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар тодорхойлсон. Надаас 5 018 900 төгрөг гаргуулах үндэслэлээ тодорхойлохдоо Т.Д-н эд хөрөнгөнд учирсан хохирол, өмгөөллийн хөлс, замын зардал зэргийг нэхэмжилж байна гэжээ. Би Т.Д-н ямар эд хөрөнгөнд ямар хохирол учруулснаа ойлгохгүй ба энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй болно. Өмгөөллийн болон замын зардлыг нэхэмжлэхдээ гэм хор гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжилсэн байна. Гэтэл би түүний эд хөрөнгөнд гэм хор учруулах үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно. Нэхэмжлэгч Иргэний хуулийн зохицуулалтыг буруу ойлгож шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэхээр байна. Одоогийн хүчин төгөлдөр Монгол Улсын хууль тогтоомжид шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн, хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа төлөө хариуцагч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авахтай холбоотой зардлыг нөхөн төлөх талаар зохицуулалт байхгүй ба нэхэмжлэгч надад хуулиар үүрэг хүлээлгээгүй. Т.Д-н шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авах нь өөрийнх нь эрх бөгөөд түүний эрх эдэлсэнтэй холбоотойгоор гаргасан зардлыг би төлөх үүрэггүй. Монгол Улсын иргэн би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхээ эдэлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үүнийхээ төлөө бусдын өмнө аливаа хариуцлага хүлээхгүй.

Одоогийн байдлаар миний эзэмшиж буй 40 м.кв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Т.Д- мөн болохыг шүүхээс эцэслэн хянан шийдвэрлээгүй ба миний бие Т.Д-д холбогдуулан №000201220 тоот эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй 40 м.кв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн худалдааны байранд талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний зарим хэсэгт буюу түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болон 2 600 000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 15 сард багтах болно хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох зэрэг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан болно.

Иймд дээрх үндэслэлээр Т.Д-н гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул гагцхүү хуульд захирагдаж, түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Т.Амина түрээсийн гэрээний дагуу 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 33 сарын түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, түрээсийн төлбөр шаардсан бөгөөд түүний шаардах эрхийн үндэслэл болгож буй 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуульд заасан хэдэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болно.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.4-т заасны дагуу уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д ...заасны дагуу 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймд миний бие уг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй тул 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие худалдааны байранд талбай түрээслэх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг Ш.Ермек болон С.А- нартай бичгээр байгуулсан болох нь 2006 оны 07 дугаар сарын 20, 2007 оны 10 дугаар сарын 20, 2009 оны 03 дугаар сарын 26, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээгээр нотлогдож байна. Харин нэхэмжлэгч С.А- нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй учир Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус болно гэж маргажээ.

Нарийвчилсан хуулийн зохицуулалт болон Эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан улсын бүртгэлд бүртгэх заалт 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүчингүй болсон учир түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна. Иймд хүчин төгөлдөр гэрээ юм.

Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан шаардлагын хүрээнд байгуулсан учраас 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжтой байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь заалтуудыг зөрчөөгүй.

Иймд нэхэмжлэгч С.А-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 499 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч Молхы-машан овгийн Секейн Аминагаас түрээсийн төлбөр, замын зардал, өмгөөллийн хөлс бүгд 14150400 төгрөг гаргуулахыг хүссэн Ботахара нура овгийн Туртайн Даркейн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан Молхы машан овгийн Секейн Аминагийн 2011 оын 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 350 төгрөгийг, хариуцагч С.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00127 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 499 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 256 350 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Түрээсийн гэрээг” нотлох баримтын хүрээнд зөв үнэлж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д заасныг үндэслэж, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д заасан “гэрээний хугацаа дууссан” хэмээн үзэж “түрээсийн төлбөр нэхэмжилснийг” хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч миний өмчлөлд байгаа 40 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг хариуцагч С.А- нь 2011.10.13-ны өдөр байгуулагдсан “түрээсийн гэрээ”-ний дагуу түрээсийн журмаар ашиглаж байсан бөгөөд түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч, түрээслэгч С.А- нь уг байрыг одоо хүртэл дэлгүүрийн зориулалтаар ашиглаж, “Тил-Анар” нэртэй хувийн дэлгүүр нээж ажиллуулж байгаа юм. Түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч, түрээслэгч С.А- дэлгүүрийн барилгыг түрээсийн гэрээ байгуулан үйлчилгээний зориулалтаар одоо хүртэл тасралтгүй ашиглаж байгаа нь батлагдаж байх тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу түрээсийн гэрээ сунгагдсан хэвээр байгаа юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д заасан заалтыг зохих байранд тавьж хэрэглээгүй явдлыг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Т.Д-, хариуцагч С. Амина бид хоёрын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 (нэг) жилийн хугацаагаар байгуулагдсан тул гэрээний хугацаа 2012 оны 10 дугаар сарын 13-нд дууссан нь үнэн. Энэхүү гэрээний хугацаа дууссан үеэс эхэлж түрээслэгч С.А- нь түрээсийн зүйл болох 40 м2 талбайтай дэлгүүрийн барилгыг өмчлөгч Т.Д- надад хүлээлгэж өгсөн бол Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр Т.Д- миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож болох байсан юм. Харин Түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч, түрээслэгч С.А- нь уг түрээсийн байрыг тухайн зориулалтаар одоо хүртэл ашигласаар байхад Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан гэж шүүх шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл гэрээний хугацаа дуусвар болсоны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 295 дугаар зүйлд заасан заалтуудыг анхан шатны шүүх анхаараагүй, шийдвэрлээгүй орхигдуулсаныг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй явдалд гомдолтой байна. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т заасан “...хожимдуулсан хугацааны турш төлөх хөлс” гэдэг бол миний нэхэмжлэлийн шаардлага болох түрээсийн төлбөр гэсэн үг юм. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д заасныг түрээслэгч С.А- зөрчиж одоо болтол түрээсийн байрыг буцааж өгөхгүй байгаа учир мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар түрээслэгч С.А- нь хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг төлөх хуулийн заалттай байтал давж заалдах шатны шүүх хуулийн энэ заалтыг хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзээд гомдол гаргаж байна. ...Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 294 зүйлийн 294.1.1, 295 дугаар зүйлийн 295.1, 295.4, 296 дугаар зүйлийн 296.1 дэхь хэсэг, мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 326.2 дахь хэсэгт заасан хуулийн заалтуудын харилцан хамаарлыг зөв тайлбарлаж, хэрэглээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс болж “Хууль ёсны бөгөөд үндэслэлтэй” шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж гомдол гаргаж байна.

Т.Д-, С.А- бид хоёрын дунд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээнээс үүдэлтэй маргааны улмаас 2014 оноос одоо хүртэл Захиргааны болон Иргэний шүүхийн 3 шатны нийт 15 удаа шүүх хуралдаан болсоны 13 удаагийн шүүх хуралдаан зөвхөн С.А-гийн үндэслэлгүй гаргасан нэхэмжлэл болон давж заалдах, хяналтын журмаар гаргасан гомдлын үндсэн дээр хийгдэж, С.А-гийн нэхэмжлэл, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Т.Д- миний нэхэмжлэлээр хоёр маргаан шийдэгдэж, нэг нь хангагдаж, хоёр дахь нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2017/00127 тоот магадлалаар хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж сууна. Ингэж хариуцагч С.А-гийн хууль бус, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаснаас болж Т.Д- миний бие шат шатны шүүхэд өмгөөлөгч хөлслөн авч, хөлс төлсөн, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаануудад очиж оролцоход гарсан тээврийн хөлс нэхэмжилснийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан эд хөрөнгийн хохирол гэж үзэж байна.

Хуулиар хэргийн оролцогчид шүүх хуралдаанд оролцох, эрхийг олгосон болохоос үүрэг болгоогүй гэж дүгнэсэн нь холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т хэргийн оролцогчдын үүргийг тодорхойлохдоо, 25 дугаар зүйлийн 25.2.1-д “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй” гэж заасан, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй” гэж заасан, тэр ч байтугай мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д “Мэдэгдэх хуудас хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй бол ...албадан ирүүлж, хариуцлага хүлээлгэнэ” гэж хэргийн оролцогчийн үүрэг болгож заасныг анхан шатны шүүхээс оролцогчийн эрх гэж тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал ба түүнээс болж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж гомдол гаргаж байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй явдал нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна.

Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан байдаг. Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, мөн хуулийн 11.4 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Хохирогч, ...өмгөөлөгчид төлөх зардлыг” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “зардал” гэж тооцсон, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр” тусгасан байх тул С.А-гийн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас Т.Д- миний шүүх хуралдаанд оролцоход гарсан тээврийн хөлс, өмгөөлөгчид төлсөн хөлс зэргийг хариуцагч С.А-гаар төлүүлэх нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан шийдвэрлэхэд бүрэн нийцэж байна.

С.А-гийн үндэслэлгүй нэхэмжлэлээс шууд хамааралтай надаас зардал гарсан тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан эд хөрөнгийн гэм хорын хохирол болно гэж үзэж байна.

Түүнчлэн хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг давхар баримтлах ёстой байтал дан ганц Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Д- нь хариуцагч С.А-д холбогдуулан түрээсийн төлбөрт 8 400 000 төгрөг, шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны хохиролд 5 740 400 төгрөг, нийт 14 150 400 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн шаардлагад тусгагдсан 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, эсхүл дуусгавар болсон бол хариуцагчийг түрээслэгч гэж үзэх, улмаар түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй болно. Зохигчид 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж байсан боловч уг гэрээний хугацаа дууссан байна.

Зохигчид газар эзэмшлийн талаар иргэний болон захиргааны хэргийн шүүхэд маргасан ба нэхэмжлэгчид энэхүү ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзээгүй анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.  

2011 оны түрээсийн гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч дуусгавар болсон түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 499 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00127 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН