Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 212/МА2017/00127

 

Д-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Өмирбек даргалж, шүүгчид М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 499 дүгээр шийдвэртэй, Д-гийн нэхэмжлэлтэй, А-д холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагч А, хариуцагчийн өмгөөлөгч К.Ж /онлайнаар/, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 8400000 төгрөг, мөн шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас учирсан хохирол 5750400 төгрөг, нийт 14150400 төгрөгийг гаргуулах тухай. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: “Миний эзэмшиж буй “Т зах орох замд байрлалтай” газарт баригдсан 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 тоот дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай байрыг А нь 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс одоог хүртэл түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж “ТИА” дэлгүүрийг ажиллуулж байна. 

Түрээслэгч А нь гэрээ ёсоор түрээсийн төлбөрийг сарын 200000 төгрөгөөр тохиролцож, хоёр тал тэгш эрхтэй гэрээ байгуулсан боловч тухайн үед сайн дураар түрээсийн төлбөр төлөөгүй учир Баян-Өлгий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 49 дүгээр шийдвэрээр 2013 оны 12 дугаар сарын 20-ныг дуустал түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан ба түүнээс хойш А нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар болон газар эзэмших эрхийн талаар маргаан гаргаж, Монгол Улсын Иргэний болон Захиргааны хэргийн тус тусын 3 шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж явсаар 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 263 тоот тогтоол гарснаар тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн болно. 

 

1. А нь Д миний өмчлөлд байгаа, А түрээсийн гэрээгээр ашиглаж худалдаа үйлчилгээ явуулж буй байрны түрээсийн төлбөрийг шүүхэд маргаж байгаа нэрийдлээр 2013 оны 12 дугаар сарын 20-ноос 2016 оны 9 дүгээр сарын 20-ныг дуустал нийт 33 сар төлөөгүй учир Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн төлбөрт сарын 200000 төгрөг нэхэмжлэх болно. 

Хариуцагч А, нэхэмжлэгч Д бидний хооронд түрээсийн гэрээ байгаа бөгөөд энэхүү гэрээ нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 49 тоот шийдвэр, Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 71 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 718 тоот тогтоол зэрэг хүчин төгөлдөр шүүхийн эрхийн актуудаар батлагдаж байна. Талууд санал тавьж гэрээг цуцлаагүй тул одоо хүртэл хүчин төгөлдөр байна. 

 

2. А нь Д намайг хариуцагчаар татуулж, Иргэний хэргийн болон Захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны, хяналтын шатны удаа дараагийн шүүх хуралдаануудад өмгөөлөгчийн хамт оролцоход гарсан замын зардал, өмгөөлөгчид төлсөн хөлс зэрэг нотлох баримтын хүрээнд батлагдаж байгаа 5018900 төгрөгийг давхар нэхэмжилж байна. 

Хэрэв А нь хууль бус, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаагүй бол Д миний бие Захиргааны болон Иргэний хэрэгт өмгөөлөгч хөлсөлж авах, Иргэний болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохоор удаа дараа дээрх шүүхүүд байрлаж байгаа Ховд аймаг, Улаанбаатар хотод зардал мөнгө гаргаж очих шаардлага байхгүй байсан. Хариуцагч А-гийн хууль бус үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас өөрт учирсан бодит хохирлыг нэгэнт төр хариуцахгүй учир нэхэмжлэл нь хангагдаагүй гэм буруутай этгээд болох А хариуцан арилгах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. А-гийн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг задалбал:

А. Өмгөөллийн гэрээ, бэлэн мөнгөний тасалбараар нотлогдож байгаа өмгөөллийн хөлс 2500000 төгрөг

Б. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2014 оны 10 дугаар сарын 09-нд оролцож ирэхэд хувийн Ланд-105 маркийн машинд зарцуулсан 70 л дизель түлшний үнэ 136500 төгрөг, Рысжан ХХК-ны 5 дугаар ШТС-ын түгээгчийн тодорхойлолт, Давж заалдах шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 115 тоот магадлалаар,  

В.2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр болсон Давж заалдах шатны шүүхийн хуралдаанд Ховд аймагт чиглэлийн таксигаар явж ирсний зардал хоёр талын 40000 төгрөг, жолооч Б-ийн тодорхойлолт, Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 71 тоот магадлалаар, 

Г.2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч н.Энхжаргалын хамт оролцож ирэхэд гарсан Д миний Өлгий-Улаанбаатар хооронд автобусны зардал нэг тал 81000 төгрөгөөр (81000х2)=162000 төгрөг, өмгөөлөгч н.Энхжаргалын онгоцны зардал болох хөлсөнд бэлэн шилжүүлсэн 700000 төгрөг, бүгд 862000 төгрөг  нотлох баримт, бэлэн мөнгөний шилжүүлэг, хот хоорондын зорчих тасалбараар, 

Д.2015 оны 10 дугаар сарын 05-нд болсон Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд Ховд аймаг дамжиж, Улаанбаатар хотод очсон тухай Өлгий-Ховд хооронд таксинд 40000 төгрөг, онгоцны зардал 593400 төгрөг, бүгд 633400 төгрөг (Таксины жолоочийн тодорхойлолт. онгоцны тийз, бэлэн мөнгөний ордер),

Е. 2016 оны 4 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоход гарсан өмгөөлөгчийн газраар ирсэн зардалд 85000 төгрөг бүгд 685000 төгрөг,  

 

3. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хот хоорондын чиглэлийн автобусны зардал хоёр талд 81000 x 2 =162000 төгрөг төлсөн нь тасалбар, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 263 тоот тогтоол зэргээр нотлогдох болно.

Энэхүү Иргэний болон захиргааны хэргийн шүүхэд өмгөөллийн хөлс болон замын зардалд хувиасаа бүгд 5018900 төгрөг гарсан. Энэ хохирол бас А-гийн үндэслэлгүй хууль бус нэхэмжлэл гаргасны улмаас Д миний эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол билээ. Бусад замын хүнс, буудал, хот доторх такси гэх зэргийн зарлагуудыг тооцоонд оруулсангүй.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар Д миний үл хөдлөх эд хөрөнгө болох үйлчилгээний байрны түрээсийн төлбөрт 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 33 сард сарын 200000 төгрөгөөр тооцон 6600000 төгрөг, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас миний эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол болох 5018900 төгрөгийн хохирол нийт 11618900 төгрөгийн хохирлыг хариуцагч Агаас гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ..

 

Хариуцагчийн тайлбарт: “Д-гээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэл нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй үзэж байна. Үүнд: 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ А түрээсийн гэрээний дагуу 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 33 сарын түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэжээ. Гэтэл миний бие Д-тэй түрээсийн гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Мөн шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлээр тодорхойлсон байх ба нэхэмжлэгч уг заалтыг ойлгоогүй байна гэж үзэж байна. 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ А намайг хариуцагчаар татуулж, иргэний болон захиргааны хэргийн давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авахад зарцуулсан 5018900 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. Миний бие иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Д-г хариуцагчаар татуулсан нь үнэн. Харин Захиргааны хэрэгт түүнийг хариуцагчаар татан оролцуулаагүй ба Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар тодорхойлсон. Надаас 5018900 төгрөг гаргуулах үндэслэлээ тодорхойлохдоо Д-гийн эд хөрөнгөнд учирсан хохирол, өмгөөллийн хөлс, замын зардал зэргийг нэхэмжилж байна гэжээ. Би Д-гийн ямар эд хөрөнгөнд ямар хохирол учруулснаа ойлгохгүй ба энэ талаар ямар ч нотлох байхгүй болно. Өмгөөллийн болон замын зардлыг нэхэмжлэхдээ гэм хор гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжилсэн байна. Гэтэл би түүний эд хөрөнгөнд гэм хор учруулах үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно. Нэхэмжлэгч Иргэний хуулийн зохицуулалтыг буруу ойлгож шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэхээр байна. 

Одоогийн хүчин төгөлдөр Монгол Улсын хууль тогтоомжид шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн, хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа төлөө хариуцагч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авахтай холбоотой зардлыг нөхөн төлөх талаар зохицуулалт байхгүй ба нэхэмжлэгч надад хуулиар үүрэг хүлээлгээгүй. Д-гийн шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авах нь өөрийнх нь эрх бөгөөд түүний эрх эдэлсэнтэй холбоотойгоор гаргасан зардлыг би төлөх үүрэггүй. Монгол Улсын иргэн би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхээ эдэлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үүнийхээ төлөө бусдын өмнө аливаа хариуцлага хүлээхгүй. 

Одоогийн байдлаар миний эзэмшиж буй 40 м.кв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д мөн болохыг шүүхээс эцэслэн хянан шийдвэрлээгүй ба миний бие Дд холбогдуулан №000201220 тоот эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй 40 м.кв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн худалдааны байранд талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний зарим хэсэгт буюу түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 15 сард багтах болно хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох зэрэг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан болно. 

Иймд дээрх үндэслэлээр Д-гийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул гагцхүү хуульд захирагдаж, түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

А-гийн сөрөг нэхэмжлэлд: “Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Т.А түрээсийн гэрээний дагуу 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 33 сарын түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, түрээсийн төлбөр шаардсан бөгөөд түүний шаардах эрхийн үндэслэл болгож буй 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуульд заасан хэдэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болно. 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Хуульд өөрөөр заагаагүй түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.”, 318.4-т “Энэ хуулийн 3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан бөгөөд уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус болно. 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тус тус хуульд заасны дагуу 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймд миний бие уг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй тул 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 499 дүгээр шийдвэрээр: 

“1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч А-гаас түрээсийн төлбөр, замын зардал, өмгөөллийн хөлс бүгд 14150400 төгрөг гаргуулахыг хүссэн Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан А-гийн 2011 оын 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256350 төгрөгийг, хариуцагч А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.” гэж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч А-гийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 499 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг хариуцагч А би эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.  

Д-гийн нэхэмжлэлтэй, А надад холбогдох иргэний хэрэгт миний гаргасан “2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох” сөрөг нэхэмжлэлийг “гэрээг бүртгүүлээгүй байдалд зөвхөн түрээслүүлэгчийг буруутгах боломжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж тус тус заасны дагуу түрээсийн гэрээ нь хууль болон гэрээнд заасан хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасны үндсэн дээр хүчин төгөлдөр болох ёстой. 

2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээний 4-т талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор заасан байх ба дээрх Иргэний хуулийн зохицуулалтын дагуу энэ нь хуульд заасан болон талуудын хэлэлцэн тохирсон хэлбэр юм. Уг хэлбэрийн шаардлагыг бүрэн хангаагүй тул 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно. 

Анхан шатны шүүхийн шийдвэрээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 318 дугаар зүйлийн 318.3, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтуудыг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэл болж байна. 

Иймд Баян-өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 499 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч А-гийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

Нэхэмжлэгч Д-гийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 499 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр “эс зөвшөөрч” давж заалдах гомдол гаргаж байна.

Түрээслүүлэгч Д, түрээслэгч А бид хамгийн сүүлд “Түрээсийн гэрээг” 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 499 тоот шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 -т зааснаар “Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ” гэснийг зөрчсөнөөс болж, шүүх “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” учир шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй” болж чадаагүй гэж гомдол гаргаж байна. Үүнд:

 

Нэг: “Түрээсийн төлбөр нэхэмжлэснийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргах нь:

1.Анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 499 тоот шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт “нэхэмжлэгч Д нь нотлох баримтаар гаргаж өгсөн Атай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээгээр Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 40м2 үйлчилгээний байрыг А-д нэг жилийн хугацаатай түрээсээр ашиглуулахаар гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа 2012 оны 10 дугаар сарын 13-нд дуусвар болсон байна. Иргэний хуулийн 318  дугаар зүйлийн 318.5-т зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-т зааснаар гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусвар болсон” гэж дүгнэсэн нь “нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй” гэж гомдол гаргаж байна. 

Анхан шатны шүүхээс “түрээслүүлэгч” Д, “түрээслэгч” А бид хоёрын дунд байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “түрээсийн гэрээ”-г нотлох баримтаар зөв үнэлсэн мөртлөө Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д заасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээний журам”-ыг баримталсан нь зөв боловч, тухайн маргаан бүхий харилцаанд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-т зааснаар “Гэрээний хугацаа дууссан” гэж үзэж “Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь “хууль хэрэглээний алдаа” гаргасан гэж үзэж байна. 

Учир нь: Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д: “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” зааснаар талуудын хооронд уг түрээсийн гэрээг албан ёсоор “цуцлаагүй” бөгөөд гэрээний зүйл болох “түрээсийн байр”-ыг түрээслэгч А нь одоо хүртэл зориулалтын дагуу “ашиглаж” анхан шатны шүүх “буруу дүгнэж” шийдвэрлэсэн байна.

2.Шүүхийн энэхүү “хууль бус, үндэслэлгүй” шийдвэрээс болж, Д миний Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасан “эзэмшлийн эд хөрөнгийн үр шимийг хүртэх” мөн хуулийн 101  дүгээр зүйлийн 101.1-т заасан “өмчлөх эрх”, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрх” тус тус давхар зөрчигдөж байна.

3. Нэхэмжлэгч Д миний бие 2013 онд түрээслэгч А нь “түрээсийн төлбөр” төлөхгүй, болохоор миний “өмчлөх эрхэд” саад учруулсан гэж үзээд Аг “албадан нүүлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх ба Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 49 тоот шийдвэрийн 2 дахь заалтаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан “албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Энэ шийдвэр одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 49 дүгээр шийдвэрийн энэхүү заалт нь “түрээслэгч Д надаас үл хамаарах” хэлбэрээр “түрээсийн гэрээний хугацааг сунгасан” явдал болж байна. Өөрөөр хэлбэл шүүхээс “түрээсийн гэрээг” цуцлах боломжгүй болгосон. 

Хэрэв Д миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А-г “албадан нүүлгэсэн” бол хүссэн хүсээгүй “түрээсийн гэрээ цуцлагдах” байсан. Хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн Сум дундын 2 дугаар  шүүхийн 2014 оны 49 дүгээр шийдвэрийг байхад “хэрэгт ач холбогдолтой талаас” үнэлгээгүй байна. “Түрээслэгч” А нь “түрээслүүлэгч” Д намайг ноцтой гомдоож, миний “өмчлөх эрхэд” удаа дараа халдаж, шүүхэд төрөл бүрээр “үндэслэлгүй” нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэгч Д миний бие “түрээслэгч Аг албадан нүүлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 онд дахин гаргасан боловч одоо хүртэл шийдвэрлэгдээгүй шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байгаа. 

Энэ нь “түрээслүүлэгч” Д миний түрээсийн байрыг чөлөөлөх тухай шаардлага гаргаж байсан болохыг нотлох ба энэ шаардлагыг “шүүгчийн захирамж” гаргаж “түдгэлзүүлсэн” шүүгч Б.Мангилик нь “анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнд” орсон мөртлөө 2017 оны 7 дугаар 18-ны өдрийн 499 тоот шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт буруу дүгнэлт гаргаж “шаардах эрхийг” нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй мэтээр тусгасныг зөвшөөөрөх боломжгүй байна. 

Хариуцагч А нь 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-г Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэснийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56  дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар “хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж маргаад байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх тухай” хуулийн зохицуулалт нь “2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт болж орж ирсэн” учир зохигчдын маргаж буй түрээсийн гэрээ байгуулах үед уг зохицуулалт байгаагүй, хуулийг буцаан хэрэглэх боломжгүй талаар дүгнээгүй, энэ төрлийн харилцааг зохицуулж буй “хуулийн нарийвчилсан зохицуулалт” болох эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2 -т заасан “түрээсийн гэрээг бүртгүүлэх” хэсгийг “2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон” болохыг анхан шатны шүүхээс “дүгнэлт” хийж шийдвэрт тусгаагүй явдал нь “хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэснийг” илтгэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар 18-ны өдрийн 499 тоот шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1, 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар 2013 оны 12 дугаар сарын 20-ноос 2016 оны 9 дүгээр сарын 20-ны дуустал 33 сарын “түрээсийн төлбөр” 6.600.000 (зургаан сая зургаан зүүн мянган) төгрөгийг төлүүлж өгнө үү.

 

Хоёр: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргах нь:

1.Д, А бид хоёрын дунд “Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ”-нээс үүдэлтэй маргааны улмаас 2014 оноос одоо хүртэл Захиргааны болон Иргэний шүүхийн 3 (анхан, давж заалдах, хяналтын) шатны нийт 15 удаа шүүх хуралдаан болсоны 13 удаагийн шүүх хуралдаан зөвхөн Агийн “үндэслэлгүй гаргасан” нэхэмжлэл болон давж заалдах, хяналтын журмаар гаргасан гомдлын үндсэн дээр хийгдэж, А-гийн нэхэмжлэл, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, “хэрэгсэхгүй” болж шийдвэрлэгдсэн. 

Д миний нэхэмжлэлээр хоёр маргаан шийдэгдэж, нэг нь “хангагдаж”, хоёр дахь нэхэмжлэлийг (түрээсийн төлбөр, гэм хор нэхэмжилсэн) 2017 оны 7 дугаар сарын 18 -ны өдрийн анхан шатны шүүхийн 499 тоот шийдвэрээр “хэрэгсэхгүй” болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж сууна.  

Ингэж хариуцагч А-гийн “хууль бус, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаснаас” болж Д миний бие шат, шатны шүүхэд өмгөөлөгч хөлслөн авч, хөлс төлсөн, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаануудад очиж оролцоход гарсан “тээврийн хөлс” нэхэмжилснийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасан “эд хөрөнгийн хохирол” гэж үзэж байна.

2.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 499 тоот шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт: “Нэхэмжлэгч Д шүүх хуралдаанд оролцсон нь ... хуульд заасан эрхийг эдэлсэн ба үүнийг хариуцагчийн гэм буруутай үйлдлээс учирсан хохирол гэж үзэж боломжгүй. Хуулиар хэргийн оролцогчид шүүх хуралдаанд оролцох, эрхийг олгосон болохоос “үүрэг болгоогүй” гэж дүгнэсэн нь холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “хэргийн оролцогчдын үүргийг” тодорхойлохдоо 25 дугаар зүйлийн 25.2.1-т “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй” гэж заасан, мөн хуулийн 25.2.3-т “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй” гэж заасан, тэр ч байтугай мөн хуулийн 77.9-д: “Мэдэгдэх хуудас хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй бол ... албадан ирүүлж, хариуцлага хүлээлгэнэ” гэж “хэргийн оролцогчийн үүрэг” болгож заасныг анхан шатны шүүхээс “оролцогчийн эрх” гэж тайлбарласан нь “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” явдал ба түүнээс болж “үндэслэлгүй” шийдвэр гаргасан гэж гомдол гаргаж байна.

3. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т: “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан байдаг. Тэгвэл Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2  дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт: “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Хохирогч, ... өмгөөлөгчид төлөх зардлыг” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “зардал” гэж тооцсон, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр” тусгасан байх тул А-гийн “үндэслэлгүй нэхэмжлэл” гаргасны улмаас Д миний шүүх хуралдаанд оролцоход гарсан “тээврийн хөлс, өмгөөлөгчид төлсөн хөлс” зэргийг хариуцагч Агаар төлүүлэх нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан шийдвэрлэхэд бүрэн нийцэж байна. 

Хэрэв нэхэмжлэгч А удаа дараа “үндэслэлгүй нэхэмжлэл” гаргаагүй байсан бол Д миний бие “шүүхэд дуудагдаж, шүүх хуралдаанд зардал гаргаж” оролцох ёсгүй байсан. А-гийн “үндэслэлгүй нэхэмжлэл”-ээс шууд хамааралтай надаас зардал гарсан тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасан “эд хөрөнгийн гэм хорын хохирол” болно гэж үзэж байна. 

Түүнчлэн хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг давхар баримтлах ёстой байтал дан ганц Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг” зөвшөөрөхгүй байна. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 499 тоот шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

 

Хариуцагч А-гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Түрээсийн төлбөрийн талаар Д бид хоёрын хооронд байгуулагдсан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан ба 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон тул үүнээс хойш А би түрээсийн төлбөр төлөх үүрэггүй. А миний бие уг түрээсийн гэх байранд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй, өмчлөлийн талаар маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа болно. Нэхэмжлэгч давж заалдах гомдлынхоо гол үндэслэлээ Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэж заасныг анхан шатны шүүх хэрэглээгүй гэж тайлбарлажээ. 

Уг зохицуулалт нь маргааны үйл баримтад хамааралгүй бөгөөд А би уг түрээсийн байрыг ашиглахгүй байгаа тул төлбөр төлөх үүрэггүй. 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлын талаар:

А би шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Д-гийн эд хөрөнгөд гэм хор учраагүй бөгөөд Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасан эрх зүйн зохицуулалтад өмгөөлөгчийн хөлс, хэргийн оролцогчоос шүүх хуралдаанд оролцох, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарч байгаа зардал огт хамаарахгүй. Анхан шатны шүүх хуралдаанд “нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс өмгөөлөгчийн хөлс, тээврийн зардлыг нэхэмжлэх шаардах эрхтэй болохоо нотолж, тайлбарлаж чадаагүй”-г дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхээ хэрэгжүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасны төлөө Дгийн өмнө үүрэг, хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болгож буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон ба уг хуулийг буцаан хэрэглэх, төсөөтэй хэрэглэх үндэслэл байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж, түүний давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна. 

 

Нэхэмжлэгч Д нь хариуцагч А-д холбогдуулан “Түрээсийн төлбөр 8400000 төгрөг, мөн шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас учирсан хохирол 5750400 төгрөг, нийт 14150400 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргаж, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээг  хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүсжээ. 

 

Зохигчдын хооронд 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж нэхэмжлэгч Д-гийн өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 40 м.кв үйлчилгээний барилгыг А-д нэг жилийн хугацаагаар түрээслүүлж гэрээний хугацаа 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусаж тухайн хугацааны түрээсийн төлбөрийг авсан байна. Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд түрээсийн төлбөр 8400000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ хугацаанд түрээсийн гэрээ байгуулсан нь тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээний хугацаа нь дууссан, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1.-д зааснаар дуусгавар болжээ. Энэ хугацаанд зохигчид тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийн талаар болон түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан бөгөөд тухайн хугацаанд уг барилгыг түрээсэлж байсан талаар нотлох баримтгүй, дахин түрээсийн гэрээ байгуулаагүй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5.-д “...түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1.-д зааснаар гэрээний хугацаа сунгагдсан байхад шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэх боловч зохигчид 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ дууссанаас хойш уг эд хөрөнгийн талаар маргаж өнөөдрийг хүртэл шүүхэд маргаан байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1.-д зааснаар гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн А-д холбогдуулан Агийн хууль бус, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасны улмаас Захиргааны болон иргэний хэрэгт өмгөөлөгч хөлсөлж авах, иргэний болон захиргааны хэргийн давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохоор очиж, буцсан унааны зардалд нийт 5750400 төгрөг, А-гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Д нь давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохоор Улаанбаатар хот, Ховд аймагт очсон, ирсэн замын зардал болон өмгөөлөгчид төлсөн хөлс зэрэг нь нэхэмжлэгч хуульд заасан эрхээ эдэлсэн ба хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй. Хуулиар хэргийн оролцогчид шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авах эрхийг олгосон болохоос үүрэг болгоогүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “хуулиар хэргийн оролцогчид шүүх хуралдаанд оролцох, эрхийг олгосон болохоос үүрэг болгоогүй гэж дүгнэсэн нь холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2., 25.2.1., 25.2.3., 77 дугаар зүйлийн 77.9.-д хэргийн оролцогчийн үүрэг болгож заасныг оролцогчийн эрх гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн  гэх боловч хуулиар давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаан зохигчид заавал оролцох үүрэг хүлээгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д “...шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл...хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэнэ”, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.2., 175 дугаар зүйлийн 175.2.-д “....шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж зааснаас үзэхэд зохигчид давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох эрхтэй болохоос үүрэг хүлээгээгүй байна гэж дүгнэв.

 

 Хариуцагч А-гийн Д-тэй байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 40 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор гэрээнд тохиролцжээ.

 

Зохигчид уг түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.-д “...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар гэрээний аль нэг талын гаргасан мэдүүлгээр бүртгэл хийгдэхээр байгаа тул уг гэрээг бүртгүүлээгүйд түрээслүүлэгчийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 499 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 499 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 256350 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ