Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00384

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 513 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 44 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Б, Ж.С- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 2 987 316.52 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.С-эгийн үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, хариуцагч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Г.Б нь манай банкнаас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1100014537 тоот зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 365 хоногт 25,2% хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2-р баг 1-р хэсэг 17-р байр 17 тоотод байрлах ГД-000125140, Y-1317000537 дугаартай 37,78 мкв талбайтай, 1987 онд ашиглалтад орсон 3 өрөө орон сууцыг тавьсан. Зээлдэгч банктай байгуулсан 1100014537 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн бусад үүрэг, хариуцлагаа зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа болно. Банкны зүгээс зээлийн төлбөрийг төлөх, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ 2016 оны 12 дугаар сарын 02-ноос хойш төлөлгүй өнөөдрийн байдлаар 183 хоног хугацаа хэтэрч 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгчтэй байгуулсан 1100014537 тоот зээлийн дагуу төлбөл зохих үндсэн зээл 2 584 055.52 төгрөг, хүү 361 994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39 228 төгрөг, нийт 2 985 277.52 төгрөг төлөхөөр болсон байна.

Зээлдэгчтэй байгуулсан 1100014537 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн нийт төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах, барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.3-т Зээлийн нийт төлбөр, банкинд учирсан хохирол, холбогдох зардлыг бусад эд хөрөнгөөрөө бүрэн хариуцах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу зээлдэгчийн өмчлөлийн эд хөрөнгөөр зээлийн үүргийг гүйцэтгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн төлж барагдуулсан. Нийт 20 540 000 төгрөг төлсөн байдаг. Би Хнаас эхнэртэйгээ хамт бичил бизнесийн зээл авсан. Тухайн үед Хны хүмүүс бидэнтэй хууль ёсоор байгуулсан гэрээгээ илтэд хууль бусаар гуйвуулсан. Миний төлсөн 5 040 000 төгрөгний хүү хоёрыг нэмэхээр 180 000 төгрөгийн хүү гараад байгаа. Гэтэл яагаад ийм хэмжээний мөнгийг яаж гаргаад, гэрээний ямар заалтыг үндэслээд, энэ хөнгөлөлттэй зээлийг олгосныхоо дараа гэнэт ингэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Миний хувьд тухайн үед зээлийн болон барьцааны гэрээ байгуулан гэрээтэй танилцан гарын үсэг зурсан. Манай хүн ч бас гарын үсэг зурсан. Тэр үед зээлийн эргэн төлөлтийн хуваарь байгаагүй. Зээл авсны дараа л эргэн төлөлтийн хуваариа өгсөн. Эхлээд өгдөггүй юм байна лээ. Тэгээд ч гэрээний нөхцлийг өөрчилж байгаа юм бол зээлдэгч Г.Б, барьцаалуулагч Ж.С- нарыг дуудаж тайлбарлах ёстой.

Миний авсан зээлийн гэрээнд ...зээлийг 365 хоногт 25.2 хувийн хүүтэй, гээд таслал тавьсан байгаа юм. Мөн зээлийн гэрээний 1.2.3-т зээлийн гэрээний ерөнхий хугацаа гэж зээлийн гэрээний 1.1-д заасан хугацааг хэлнэ гэж байгаа. Тэгээд 1.1 дэх хэсгийг уншихаар 20 000 000 төгрөгийн зээлийг 365 хоногт 25,2 хувийн хүүтэй гээд таслал тавьж, 36 сараасаа тусгаарласан байгаа нь тухайн 365 хоногт хүү тооцох учиртайг зааж өгсөн байгаа юм. Миний маргаж байгаа гол зүйл бол зээлийн гэрээний ерөнхий хугацаа гэж 1.1-д зааснаар ойлгогдож байгаа ба энд 365 хоногт 25,2 хувийн хүү төлнө гэж заасан байгаа болохоос нийт зээл авсан 36 сарын хугацаанд зээлийн хүү төлнө гэж заагаагүй байгаа юм. Хэрвээ 36 сарын хугацаанд зээлийн хүү төлөх байсан бол 3 жилдээ хүү төлнө гэж тайлбарлах боломжтой байсан. Гэтэл банк энэ талаар огт тайлбарлаагүй, харин ч 365 хоногт л 25.2 хувийн хүү төлнө, гэдгийг л тайлбарлаж, надад зээл олгосон. Би энэ гэрээний дагуу л үүргээ биелүүлсэн. Бүр 36 сараасаа өмнө буюу гэрээнд зааснаас өмнө гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байгаа.

Хнаас зээл авахаас өмнө миний хөөцөлдөж байсан Органик Монгол хөтөлбөр нь 1 хувийн хүүтэй зээл олгож байсан юм. Тэгтэл манай эхнэр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлттэй зээл олгогдохоор болж тэр зээл нь Хаар дамжин олгогдохоор болсон байсан. Тэгээд л бид Хнаас зээл авсан юм. Би шинээр өгсөн баримтандаа 25 040 000 төгрөг төлсөн гэсэн баримт өгсөн. Гэтэл энэ хүн 25,2 хувийн хүүтэй, 3 жилийн зээл нэхэх юм бол би энэ банкинд 15 120 000 төгрөгийг хүү бодож төлөх ёстой байгаа юм. Энэ талаараа банк гэрээнийхээ 4.5-д ...зээлдэгч зээлийг гэрээнд заасан хугацаанаас өмнө төлөхийг гэрээ зөрчсөнд тооцно гэж зааснаараа манайхыг зээлийн үндсэн төлбөр 20 000 000 төгрөг, 365 хоногийн хүү 5 040 000 төгрөгийг төлчихөөд байхад ийм хариуцлага хүлээлгэн илүү 2 сая гаруй төгрөг нэхээд байгаа нь үндэсгүй юм. Ийм авцалдаагүй, өөрсдийн дураар бидний зөвшөөрөлгүй хулгайгаар мэдэгдэхгүй нэмсэн, зээлийн гэрээнд заагдаагүй, эргэн төлөлтийн хуваарь хийчихээд одоо биднээс илүү мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байгаа юм. Банкны зүгээс эргэн төлөлтийн хуваарь нь гэрээний салшгүй нэгэн хэсэг байна гэчихээд өөрсдөө ингэж өөрчилчихөөд биднийг ингэж бухимдалд оруулаад байгааг ойлгохгүй байна.

Харин ч манайх зээлийг 6 сарын өмнө төлж барагдуулсан, одоо банкинд ямар ч өр төлбөргүй тул барьцаанд байгаа миний эхнэр Ж.С-эгийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөө чөлөөлүүлэхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч Ж.С- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Хууль ёсны, хууль ёсоор үүргээ хүлээсэн, эрх үүргээ баталгаажуулсан хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.С- миний бие нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үндсэн гэрээгээр шууд заагдсан үүргээ хууль ёсны эрх үүргийнхээ дагуу 5 сарын өмнө урьтаж үндсэн гэрээний 4-5 дугаар хуудасны 4.3 дугаар заалтын дагуу зээлийн төлбөр 20 сая төгрөг, үндсэн хүү 5 040 000 төгрөг, нийт 25 040 000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр болгон бүрэн төлсөн. Гэрээгээр олгогдсон хууль ёсны үүргээ бүрэн төлж барагдуулчихаад Хны тус салбараас барьцаалуулагч миний бие нь өөрийн барьцаалуулсан Ү-1317000537 улсын бүртгэлийн дугаартай ордероо нэхсэн боловч тус салбар нь үүргээ биелүүлээгүй гэж татгалзаж байна. Гэрээний нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэх ба харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулсан банк болон аль нэг барьцаалуулагчийн харилцан тохиролцож энэхүү гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт бусад барьцаалуулагчид хамаарахгүй гэж заасан буюу 6.4-т банк болон аль нэг барьцаалагч харилцан тохиролцож, гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах нь бусад барьцаалуулагчийн эрх ашиг, сонирхлыг хөндөхөөр бол барьцаалуулагч нь бусад барьцаалуулагчид энэ тухай мэдэгдэнэ гэж заажээ. 6.5-д гэрээний хавсралтууд, нэмэлт нөхцөл болон нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна гэж тус тус заасан байдаг ба нийт 15 заалтыг Хны салбар нь өөрийн санаачлагаар үндсэн гэрээнд өөрчлөлт ороогүй ноцтойгоор зөрчиж, барьцаалагч миний үндсэн гэрээгээр шууд заагдсан эрх, үүргийг эс хүндэтгэн гэрээ хүчин төгөлдөр байхад миний зөвшөөрөл, харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулаагүй, барьцаалагч миний гарын үсэг байхгүй, нэмэлт өөрчлөлт оруулаагүй, нэмэлт өөрчлөлт оруулсан ч гэрээний салшгүй хэсэг байхаар заасныг бүдүүлгээр зөрчиж, дураараа авирлаж байгаад маш их гомдолтой байна.

Тус асуудлыг хүчингүй болгож, барьцаалагч миний үл хөдлөх хөрөнгө болох Ү-1317000537 улсын бүртгэлийн дугаартай ордерийг минь тус салбараас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

...2014 оны 05 дугаар сард хариуцагч нартай 20 000 000 төгрөгийн зээлийн жилийн 25,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай аж ахуйн зориулалтаар олгосон ямар нэгэн хөнгөлөлттэй зээл биш. Энэ хүн бичил бизнесээ эрхлэхээр зээл авахаар хүсэлтээ гарган зээл авсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд заасан хүү хугацааг илтэд гуйвуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь зээлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч байгуулсан. Энэ нь зээлийн гэрээний хавсралт болох зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт дэлгэрэнгүй ойлгомжтой байгаа. Үүнтэй танилцаж гарын үсэг зурсан. Энэ эргэн төлөлтийн хуваарийг банк өөрөө санаачлагаараа өөрчлөх асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс ч өөрчлөх боломжгүй. Тухайн үед гэрээний хоёр тал бүгд эргэн төлөлтийн хуваарьтай танилцаж гарын үсэг зурсан байгаа, энэ талаарх нотлох баримтыг шаардлага хангуулан хэрэгт өгсөн.

Эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан гэж үзэж байгаа бол энэ талаараа нотлох хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс үндсэн зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байгаа тул сөрөг нэхэмжлэл буюу барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч Г.Б, хамтран зээлдэгч Ж.С- нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2 987 316.52 төгрөгийг гаргуулан Хны Сэлэнгэ салбарт олгож, хариуцагч Ж.Сэлэнгийн Хинд холбогдуулан гаргасан Үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 17 дугаар байрны 17 тоотод байрлалтай, 37.78 мкв талбайтай, Ү-1317000537 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн № ГД- 000125140 дугаартай гэрчилгээ олгогдсон хувийн орон сууцыг хуулийн дагуу албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Хнаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62 747.06 төгрөг, Ж.С-эгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 62 747.06 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 44 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 513 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, Ж.С- нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62 747 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны хуралдааны тэмдэглэлийн 2, 3 дахь хуудсыг уншихад 2016 оны 10-р сараас Хны 15 жилийн ойг тохиолдуулан нийт зээлдэгчдийн зээлийн хүүг 1,2%-иар багасгасан гэж Хнаас тайлбар гаргажээ. Тэгэхээр 25.2%-ийн хүүг 24% болгосон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Зээлийн гэрээн дээр 3 хүн гарын үсэг зурсан байх ба зээлийн гэрээтэй зөрчилдсөн эргэн төлөх хуваарь гэдэг дээр 2 хүн гарын үсэг зурсан байна. Шүүх 3 хүн гарын үсэг зурсан гэрээг биш гэрээний хавсралтыг үндэслэн шийдвэр, магадлал гаргажээ.

Гэрээ хавсралт 2 зөрчигдвөл гэрээг баримтлах ба гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгаар тайлбарлан шийдэх хуультай. Салбар бол хуулийн этгээдийн эрх эдэлдэггүй төлөөлөгчийн газар, салбар нь төвдөө бүх зээлийн гэрээний талаар мэдээллэж төвөөс банкны ашиг, орлого, хүүний нэгдсэн бодлого хэрэгжүүлдэг. Салбар нь зээлийн гэрээг цаасан хэлбэрээр өөртөө хадгалах ба төвдөө цахим байдлаар мэдээллэдэг.

Манай тохиолдолд 24%-ийн гэрээ байгуулсан гэж төвдөө мэдээллэсэн ба салбар нь дундаас нь төвдөө мэдэгдэлгүй 1,2%-ийн хүүг завшдаг болох нь илэрсэн. Өөрөөр хэлбэл шүүх банкнаас салбар 1,2%-ийн хүүг хууль бусаар авч үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь зөв гэсэн шийдвэр гаргалаа.

Иймд дээрх 3 үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж, дахин хянуулж өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г.Б, Ж.С- нараас зээлийн гэрээний үүрэгт 2 987 316 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нар шаардлагыг зөвшөөрөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК болон хариуцагч Г.Б, Ж.С- нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1100014537 дугаартай зээлийн гэрээ байгуулагджээ. Уг гэрээний 1.1.-д “энэхүү гэрээний зорилго нь банк нь зээлдэгчид 20 000 000 \тоогоор\ хорин сая төгрөг \үсгээр\-ийн зээлийг 365 хоногт 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, гэрээнд заасан нөхцлийн дагуу олгох, зээлдэгч зээлийг буцаан төлөхтэй холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино” гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1., 198.2.-т зааснаар зохигчдын хоорондох гэрээний нөхцлийг зөв тайлбарласан байна. Зээлийн гэрээний “365 хоногт 25,2 хувийн хүүтэй” гэх зээлийн хүүгийн талаарх заалтыг хариуцагч тал 36 сарын зээлийн хугацаанд зөвхөн 365 хоног буюу нэг жилд тооцогдох, үлдэх хоёр жилд тооцогдохгүй хүү гэж үзэж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж маргажээ. Нэхэмжлэгч тал уг хүүг зээлийн бүх хугацаанд тооцогдох хүү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Шүүх зээлийн гэрээний дээрх нөхцлийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахаас гадна гэрээний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлсон байна.

Зээлийн гэрээний 3.2.1.-д “зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу эргэн төлөх үүрэгтэй” гэж зээлдэгчийн үүргийг тодорхойлжээ. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хүү төлөх талаар тусгасан байна. Энэ утгаар зээлдэгч нэг жилд буюу 365 хоногт тооцогдох хүүг зээлийн бүх хугацаанд буюу 3 жилд төлөх үүрэг хүлээсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Зээлийн эргэн төлөлтийн дээрх хуваарийг зөвшөөрч гарын үсэг зурсан этгээд нь Г.Б байна. Хариуцагч Ж.С- энэ хуваарьт гарын үсэг зураагүй байх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Учир нь зээлийн гэрээнд зээлдэгчээр Г.Б, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ж.С- оролцсон байх ба гэрээний 3.3.1.-д “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэхийг зөвшөөрч байна” гэж зааснаас гадна зээлийн эргэн төлөлтийн хуваарьт Г.Б зээлдэгч талыг төлөөлж гарын үсэг зурсан байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г.Б, Ж.С- нарт 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх тухай шаардах хуудаснуудад ямар нэг тайлбар өгсөн, эсэргүүцсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 513 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 44 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 747 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                      

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН