Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 958

 

 

 

 

 

 

  2019          11           19                                      2019/ШЦТ/958

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,  

Улсын яллагч: Б.Батнасан,

Хохирогч: Б.О-,

Гэрч: Г.Ц-, Л.Ц-,

Шүүгдэгч: Б.Б-, түүний өмгөөлөгч Ж.Батхуяг,

Шүүгдэгч: Г.Э-, Д.Б-, тэдгээрийн өмгөөлөгч П.Баасанжав, Ч.Шаравнямбуу нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Э-, Д.Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805028030449 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-,  1991 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 8 дугаар баг, .... тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Э-, 1983 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, ..... тоот регистртэй,

     3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б-, 1979 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны подвальд байрлах хувцас захиалга засварын газрын гадаа иргэн Б.О-ад халдан газар унагаж, эрүүл мэндэд нь баруун шилбэний мэдрэлийн /n.peroneus/ гэмтэл, баруун тавхайн санжилт, баруун өвдөгний дотор болон гадна менискийн урагдал, арын чагтан холбоосын суналт гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б-, Г.Э-, Д.Б- нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Б.О-ыг “хэргээ хүлээ, З- та хоёр машины шил хагалсан, Сонгинохайрхан дүүрэгт чиний үйлдсэн хэрэг байна” гэх зэргээр тулган, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны подвальд байрлах хувцас захиалга засварын газрын гадаа Б.Б- нь Б.О-ад халдан газар унагаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан байх бөгөөд Б.О-ын баруун хөлийг гэмтсэнийг мэдсээр байж эмнэлгийн байгууллагад хандах боломж олголгүй, эрэн сурвалжлагдаж байсан этгээд Б.Б- гэгчийн хаана байгаа газрыг заалгах зорилгоор автомашиндаа суулган Багануур дүүрэг рүү авч явж, Б.О-ын биед махбод, сэтгэл санааг 8-9 цагийн турш шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ын шүүх хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод томилолтоор албан ажлаар ажиллаж байсан. Эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг хайх зорилгоор. Үүний үндсэн дээр Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу яллагдагч Б-ийг эрэн сурвалжлах ажиллагааг хийж байсан. Б- нь урд өмнө цуг ял эдэлж байсан О- гэх хүнтэй хамт амьдарч байгаа талаар мэдээлэл авагдаад О-тай уулзаж хаана байгаа талаар нь мэдээлэл өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. О-ад тодорхой хэмжээний хөлс өгье гэж тохиролцсон. О- өөрөө нууц байлгах хэрэгтэй, дараа нь найз нөхдийн хооронд эвгүй асуудал үүснэ гэсэн. Бид хаяг байршлыг нь заагаад өгчих гэж хэлсэн. О- тухайн үед ахтайгаа утсаар холбогдож ярьсан. Хүүхдээ өөрөө авчихаарай, би ийм ажилтай болчихлоо гэж ярьсан. О- хороололд байдаг оёдлын цехийн хаалгаа цоожилъё гэж хэлсэн. Хүсэлтийнх нь дагуу хаалгыг нь цоожлох гэж очоод би цуг орсон. Манай гурван албан хаагч гадаа үлдсэн. Хаалгаа цоожлохгүй удаад байхаар нь би гаръя гадаа хүмүүс хүлээгээд байна гэж хууль ёсны шаардлага тавихад өөдөөс чи надад тушаах эрх байхгүй гээд уурлаад шөвөг авсан. Больё хоёулаа гадаа гараад учраа олъё гэсэн. Гараад ирэхэд манай албан хаагчид байхгүй байсан. Гадаа гарч ирээд О- намайг заамдаад авсан. Би “чи яаж байгаа юм бэ болиоч” гэхэд “чамайг алчихъя” гэсэн. Би тавиулах гээд оролдож байгаад О- өөрөө хойшоо унасан. Тэгж байх хооронд манай цагдаагийн албан хаагч нар ирээд чи яаж байгаа юм бэ гэхэд О- би харин өргөх гээд дийлсэнгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар машин дотор суугаад Багануур дүүрэг рүү явсан. Багануур дүүрэгт очоод Б- гэдэг хүнийг хайгаад олоогүй. Наашаа буцаж ирэх замдаа О- хөл өвдөөд байна гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлэхэд О- өөрөө би хөлөө дараад уначихлаа гэж хэлсэн. Зураг авахуулахад ямар ч гэмтэл байхгүй байна гэж хэлээд анхан шатны үзлэг хийсэн. Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд Цагдаагийн байгууллага нь эрэн сурвалжилж байгаа этгээдийг олохдоо иргэдээс мэдээлэл авах тухай заасан байдаг. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулинд ч иргэдээс авсан мэдээлэл нь үндэслэлтэй бол Цагдаагийн байгууллага төлбөрийг гаргах тухай заасан байдаг. Энэ хуулийн дагуу бид О-тай тохиролцсон. Энэ үндсэн дээр мэдээлэл өгье, олоод өгье гэхээр нь аваад явсан. Өөртэй нь тохиролцсон. Хүчээр авч явсан зүйл байхгүй. Хуулинд цагдаагийн хууль ёсны шаардлагыг биелүүлнэ гэж заасан байдаг. Эдгээр хуулийн заалтыг баримталж авч явсан. Хохирогч О-ын хөлийг гэмтсэн эсэхийг мэдсээр байж машинд суулгаж авч явсан гэж улсын яллагч яллах дүгнэлтэндээ оруулж яллаж байна. Тухайн үед нүдээр хараад гэмтсэн эсэхийг мэдэх боломж байгаагүй. Эмч зураг авч үзээд гэмтэл байхгүй байна гэж хэлсэн. Хөл өвдөөд байна гэхээр нь бид шууд гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Миний хувьд энэ хүний халдлага довтолгоог хаах гэж гарыг тавиулах оролдлого хийсэн. О- өөрөө хөл алдаад унасан. Энэ нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд байгаа. Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн бол, мөн цагдаагийн албан хаагчийн эрүүл мэнд, амь насны эсрэг хохирол учруулж болзошгүй бол албадлага хэрэглэнэ гэж заасан. Цагдаагийн байгууллагын албан хаагч хариуцлага хүлээхгүй гэж заасан байгаа. Би санаатай гэмт хэрэг үйлдээгүй. Халдлага хийгээд довтолгоо хийсэн. Нийгэмд өнөөдөр цагдаагийн албан хаагч руу халддаг асуудал газар сайгүй байгаа. Амь насыг нь хүртэл хохироох асуудал ч гарсан. Би буруугүй гэж үзэж байна. Маш их гомдолтой байна. Бид нойр хоолоо хасаж, ар гэрээ умартан гэмт хэргийг илрүүлэхийн төлөө зүтгэж явж байсан. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгч Г.Э-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Цагдаагийн Ерөнхий газраас зохион байгуулсан Оргодол нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд эрэн сурвалжлагдаж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн этгээд оргон зугтсан этгээдүүдийг олох зорилгоор 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ахмад Б-, Х- нарын хамт Улаанбаатар хотод ирж томилолтоор ажилласан. Нийт 10-аад хүн эрэн сурвалжилж олох зорилготой байсан. Тэдгээрийн нэг болох Б- гэх хүнийг олох зорилгоор түүний өмнө нь хамтран амьдарч байсан С- гэх хүнээс Б- нь О- гэх хүнтэй хамгийн сүүлд уулзаж төрсөн өдөр тэмдэглэсэн гэх мэдээллийг авсан. Энэ мэдээллийн дагуу О-тай бид уулзсан. Бодит байдал дээр О- нь өөрөө цагдаагийн албан хаагч үүргээ гүйцэтгэж байхад нь албан хаагчийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулах үйлдэл хийсэн. Түүний хүсэл З-с үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэргийн үйлдэл нь төгсөөгүй. Өөр дээрээ унагаж өөртөө гэмтэл учруулсан. Биднийг эрүү шүүлт тулгасан мэтээр өдийг хүртэл гүтгэж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд гэмт хэрэгтэй тэмцэх гэж байгаа. Бид үүргийнхээ дагуу үүргээ биелүүлж яваад О-тай уулзсан. О- нь Б-ын араас тэврээд өөрөө даахгүй унасан. Бид нар О-аас тухайн үед тайлбар мэдүүлэг авах гээгүй. Цонх, шил хагарсан гэж О- өөрөө зохиож ярьдаг. Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд иргэдээс мэдээлэл авах, уг мэдээлэл нь үнэн зөв нь тогтоогдвол төлбөрийг олгох гэж байдаг. Б- хошууч 200.000 төгрөг өгье гэдэг асуудал ярьсан. Энэ талаараа тухайн үед дэд даргад хүртэл танилцуулсан. О-ыг Багануур авч явах үед ахтайгаа ярьсан. Хүүхдийг нь хардаг бололтой авч амжихгүй нь гэж утсаар хэлж байсан” гэв.

Шүүгдэгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед Эрүүгийн мөрдөгч хийж байсан. Нэмж ярихад О-ыг эмэгтэй хүнээр дуудуулж уулзсан. С- гэх эмэгтэй ярьж байна гээд ярьсан. О- нь 7, 8 хоногийн өмнө Б-той “Эргэн дурсахуй” бааранд цуг төрсөн өдөр тэмдэглээд явж байна гэсэн мэдээлэл авагдсан байсан. Тэгээд О-тай уулзаад Б-ийн тухай хэлэхэд Багануур дүүрэгт оймсны үйлдвэрт ажиллаж байгаа гэсэн. Заагаад өгье гэж тохирсон. Бид оёдлын үйлдвэрийнх нь хаалгыг түгжих гээд очоод машинтай тойроод гараад иртэл О-, Б- нарын хоорондох үйлдэл болж байсан. Ойр хавьд хүн харагдаагүй. 200.000 төгрөгийн асуудал Б- ярьсан байсан. О- 200.000 төгрөгөөс болж найзыгаа барьж өгөхгүй гэж хэлсэн. Би мөнгөө голоод байгаа бол иргэний үүргээ биелүүлчих 1.000.000 төгрөг хүртэл байдаг гэж хэлсэн. Тэгэхэд О- нь би заагаад өгье, цуг Багануур дүүрэг явъя гэсэн. Тухайн үед би Баасанжав даргатай утсаар ярьж хэлсэн. О- өөрөө зааж өгье гээд хүлээн зөвшөөрсөн. Багануурт очоод оймсны үйлдвэр гэх газар нь очтол үйлдвэр татан буугдсан гэж байсан. Бид байхгүй болохоор нь Багануур дүүргийн эрүүгийн мөрдөгч нартай уулзаж Б-ийн тухай мэдээлэл байгаа эсэхийг асуусан. Буцаад явах замдаа би О-ад мэдүүлэг чинь батлагдахгүй байна, тэгэхээр мөнгөний асуудал байхгүй гэж хэлсэн. Буцах замд хөл өвдөөд байна гэж хэлсэн. Бид эмийн сангаас эм авч өгөөд, шууд гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлсэн. Гэрч Ц- бүдүүн залуу хаалга түгжиж байсан залуугийн мөрөн дээрээс татсан гэж мэдүүлдэг. Энэ гэрчүүдийн мэдүүлгийг шалгах талаар би хэлж байсан. Харах боломжийг нь газар дээр нь шалгаж тогтоох нь зүйтэй. Зохиомол гэрч нар гарч ирсэн гэж үзэж байна. 8, 9 сарын дараа гэрч нар гарч ирсэн. Авилгатай тэмцэх газар болон прокурор хэт нэг талыг барьж байна, бодит байдлыг тогтоож өгөх тухай хүсэлт гаргаж байсан. О-ыг бид хүч хэрэглэж авч явсан зүйл байхгүй. Өөртэй нь тохиролцоод авч явсан. Замдаа ахтайгаа утсаар ярьсан. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсэж байна” гэв.

Хохирогч Б.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 8 цаг 30 минутад над руу 99726893 дугаарын утсаар залгасан. З- байна уу гэсэн. Сэлэнгийн З- гэдэг хүнийг таних уу гэсэн. Танихгүй гэхэд, О- мөн үү гэсэн. Сэлэнгийн З-г таних ёстой гэхэд, би Багануурт ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэгэхэд би найз охинтойгоо модны хоёрт пиво ууж байна, хүрээд ирээч гээд байсан. Би тухайн үед завгүй байна гэхэд, би Заяа л байна шүү дээ чи намайг танина гэж хэлсэн. Би тэгээд утсаа тасалсан. Маргааш өглөө нь дахиад 10 цаг өнгөрч байхад 99726893 дугаарын утаснаас залгасан. О- аа танай ажил хаана байдаг вэ, намайг уулзъя гэхэд би завгүй байна гээд утсаа тасалсан. Дараа нь 12 цаг 46 минутын орчим намайг Бөмбөгөрийн ойролцоо явж байхад дахиад залгасан. Хүрээд ирээч би найз хүүхэнтэйгээ байна гэсэн. Намайг ирээд харвал танина шүү дээ гэхээр нь би чи хаана байгаа юм бэ гэхэд Бөмбөгөр худалдааны төвийн хойно буудалд байна гэж хэлсэн. Тэр буудалд нь яваад очтол Б-, Х- хоёр гадаа зогсож байсан. Сайн байна уу гэсэн. Би мэндэлсэн. Намайг О- мөн үү гэсэн. Би мөн гэхэд чи Сэлэнгийн З-г таних уу гэхэд би танина гэсэн. Тэгээд О- чи машины цонх хагалсан байна, Сонгинохайрхан дүүрэгт бас дээрэм хийсэн. Бид нар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт ажилладаг гэж хэлсэн. Машинд суусан хойно Б- орж ирсэн. Б- орж ирээд миний утсыг үзсэнээ З- чамруу 10-аад хоногийн өмнө залгаад та хоёр уулзсан уу гэсэн. Хажуу талаас Х- компьютер үзээд сууж байснаа намайг чи хэрэгт орж байсан юм байна. З-г таних уу? цуг байсан уу гэж хэлсэн. Би дамжинд л нэг хоног цуг байсан гэж хэлсэн. Намайг чи З-гийн дүүг таних уу гэсэн. Дүүгийнх нь утас руу намайг залгуулаад яриулсан. Б- намайг чи З-тойгоо уулзаж байж эндээс явна гэж хэлсэн. Би тухайн үед хаалгаа онгорхой орхисон, бас 4 өнгөрөөгөөд дүүгээ авна гэж хэлсэн. З-гийн дүү рүү шахалтанд ороод ярьсан. Хажууд нь би аргагүй байдалд ороод ярьсан. Дүү нь З-г байхгүй байна гээд утсаа тасалсан. Б-, Б- нараас архи үнэртэж байсан. Гаднаас Э- орж ирсэн. Миний түрүүвчийг авч үзсэн. Манай ээж тэр үед хотоос зайдуу байсан. Б- миний нэрийн хуудсыг авсан. Тэгээд бид нар Сэлэнгэ аймгаас явж байна. З- гэдэг хүнийг олоод өг гэж хэлсэн. Би ажилтай, толгой тархины өвчтэй хүн би явъя гэхэд Э- яв гэсэн. Тэгээд явах гэтэл Б-, Х- хоёр намайг чи хэрэг хийчэхээд яах гээд байгаа юм гээд явуулаагүй. Ажил чинь хаана байдаг юм гэж асуусан. Би тэгээд ахтайгаа утсаар яриад хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаарай, би амжихгүй нь гэж хэлсэн. Би З-той найз байгаагүй. Э- танай ажлын байранд очоод хаалгыг нь цоожльё гэсэн. Би Б-тай цуг орсон. Миний хүзүүний араас базаад дагуулаад орсон. Б- намайг чамайг мөрдөнд аваачаад алнаа гэсэн. Би ороод түлхүүрээ аваад л гарсан. Намайг Б- цохих гэсэн. Би тэр үед нь “би толгой тархины өвчтэй хүн” гэж хэлсэн. Намайг мушгисан. Тэр үед нь би газар унасан. Салгаад авах болов уу гэсэн чинь Э- инээгээд зогсож байсан. Тэгээд чирээд намайг машинд суулгасан. Б- миний толгой руу цохисон. Э- хүн харж байна, гялс машинд суулга гэсэн. Тэгээд намайг гавласан. Та нар намайг эмнэлэгт хүргээд өг гэхэд Э- чи одоо эмнэлэгт очно гэж хэлсэн. Тэр үед нь Э-ас архи үнэртэж байсан. Б- тухайн үед би боксчин хүн гэж хэлж байсан. Х- буугаад явсан. Явж байхдаа Б- би чамд тусална шүү дээ гэж хэлсэн. Цаашаа намайг аваад явсан. О-аа чи хааяа салхилж бай гэж хэлээд инээлдсэн. Миний хөл тэр үед их өвдөж байсан. Хотоос гараад явахад би эмнэлэг байна уу гэж асуухад одоо эмнэлэг рүү очно гэж хэлсэн. Э- бид нар одоо чамайг хээр хаяна гэж хэлсэн. Барилдсан гэж хэлбэл эмнэлэгт аваачиж өгнө гэж хэлсэн. Б- ямар нэгэн байдлаар би чамд тус болно гэсэн. Намайг тухайн үед гавласан байсан. Би тухайн үед айж, замдаа маш их хөл өвдөж байсан. Багануурт очоод Э- намайг Б-ийг хаана байгааг мэдэж байна уу гэсэн. Би Улаанбаатар хотод мэдэх бүх зүйлээ хэлсэн. Үнэхээр мэдэхгүй гэж хэлсэн. Миний шээс хүрээд би бие засъя гэхэд намайг буулгаад бие засуулсан. Миний биеийг Б- асууж байсан. Миний толгой тархи зүгээр байна. Хөл өвдөөд байна гэж хэлсэн. Наашаа ирэх замдаа цайны газар орсон. О-аа барилдсан гэж хэлнэ шүү гээд байн байн хэлээд байсан. Надад эм авч өгсөн. Б- миний утсыг өгөөд намайг С- руу яриулсан. Намайг хээр хаях байсан гэж хэлсэн. Эмнэлгийн гадаа очоод Б-, Б- хоёр дуугүй байсан. Э- барилдсан гэж хэлээрэй гэсэн. Эмнэлэг рүү ороод зураг авахуулсан. Миний өвдөг гэмтсэн байсан. Чиний хөл зүв зүгээр байна. Яс нь жоохон гэмтсэн байна гэж хэлсэн. Эмч намайг яасан гэж асуухад. Би барилдсан гэж хэлсэн. Эмч намайг маргааш өглөө ирээд хагалгаа хийлгээрэй гэсэн. Би гарч ирээд та нар намайг яаж байгаа юм бэ, би ээжтэйгээ хамт амьдардаг, одоо яаж амьдрах юм бэ гэхэд зүгээрээ чи ёстой эр хүн шүү гэсэн. Эгчийндээ очиж түлхүүр авчихаад ахынд очсон. Энэ 3 намайг өргөөд хаалгаар оруулсан. Би тэр өдөр гипсдүүлсэн байсан. Гаднаас хаалга тогшсон. Б- хаалга онгойлгож өгсөн. Тэгтэл ах орж ирсэн. Би ахдаа барилдсан гэж хэлсэн. Тэр үед энэ гурав гараад явсан. Маргааш өдөр нь Б- над руу залгасан. Манай ажлын үүдэн дээр камер байгаа үзүүлье гэхэд хүн нь ирээгүй байсан. Тэгээд ах цагдаад өгье гэсэн. Б- над руу залгаад бие чинь зүгээр үү гэсэн. Би та нар намайг хагалгаанд оруулна гэсэн яасан бэ гэхэд бид нар яваад очьё гээд Баянголын цагдаа дээр ирсэн. Ирээд намайг чи насанд хүрсэн хүн шүү дээ, хэдүүлээ тохиролцъё гэсэн. Тэгээд манай ах, эгч нартай ярь гэсэн. Э-, Х-, Б- гурав өргөөд оруулсан. Чиний хөл зүгээр байна гэж хэлсэн. Миний гипсийг аваад шууд боосон. Би эмч нартай хуувилдсан байна гэж хэлсэн. Дарга мэдчихлээ, одоо чиний хөл зүгээр байна, хэдүүлээ тохиролцьё гэж хэлсэн. Би та нар намайг зодсон 3.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. О-аа уучлаарай гэж хэлж байсан. Ямар ч байсан 1.000.000 төгрөг өгье гэсэн. Манай ах чиний хөл зүгээр юм чинь өргөдлөө авчих гэж хэлж байсан. Э- манай ахыг хоёулаа очоод өргөдлөө авъя гээд дагуулаад явсан. Б- том шилтэй архи гаргаж ирсэн. Х- надад 1.000.000 төгрөг гаргаж өгсөн. Б- цаасан дээр юм бичээд өгчих гээд би цаасан дээр өргөх гэж байгаад дарагдаад унасан гэж бичсэн. Э- ямар нэгэн юм болвол над руу яриарай гэж хэлсэн. 5 дугаар сарын 09-нд MRI зураг авахуулсан. Би өөрийнхөө утаснаас Э-тай ярьсан. О-аа чи битгий бөөрөнхийлөөд бай гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сард над дээр ирсэн. Бүгдээрээ сайхан тохиролцъё гэсэн. Чамд ямар бид нар хөл аваад өгөлтэй биш гэж хэлсэн. Ээж гэртээ ганцаараа байгаа гэж хэлсэн. Би одоо тохиролцохгүй, хэд хоногоос тохиролцъё гэсэн. Гялс тохирчихоод Сэлэнгэ аймаг руу явна гэж хэлсэн. Анхнаас нь нэг хүн дээр үүсгэчихээд бүлэг болгосон. Би хөлтэй л болмоор байна гэж хэлсэн. Байцаагч хэлэхдээ тэд нар чинь чиний хагалгааны зардлыг өгөх гэж байна гэж хэлсэн. Миний хөл одоо мэдрэлгүй болсон. Маш их гомдолтой байна. Цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Нийт 96 сая төгрөг болж байгаа” гэв.

Гэрч Л.Ц-йн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэг залуу нь хөөе хурдлаач гээд тэгээд хоорондоо барьцалдаад унасан. Би тухайн үед та нар хүн аллаа шүү дээ гэж хэлсэн. Хорооны шатан дээр өөр хүмүүс харж байсан. Хаалгаа түгжиж байхад нь хурдал гээд тэгээд наашаа эргээд л барьцалдаад авсан. Би ойролцоогоор 10-аад метрийн зайнаас харсан. Би харсан зүйлээ ярьсан. Хаалгаа түгжээд дээшээ гарч ирсэн. Тэгээд том биетэй залуу нь дараад унагаасан. Цаанаас нэг нь чи яагаад байгаа юм гээд өшиглөсөн” гэв.

Гэрч Г.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хорооны шатан дээрээс болсон явдлыг харсан. Би О-ыг зүс харсан. О- нэг хэсэг байхгүй байж байгаад 1 сарын дараа таягтай ирсэн” гэв.                                                                                                                                            

Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би очсон чинь гадна баахан цагдаа нар байсан. “Чамайг О- гэдэг үү” гэж асуусан би “тийм байна” гэж хэлсэн “чи энэ машинд суу” гэж хэлэн машинд суулгаад “за О-аа хэргээ хүлээ” гэж хэлсэн, ямар хэрэг гэж асуусан. “З- та хоёр машины шил хагалсан” гэж хэлсэн. “Сонгинохайрхан дүүрэгт мөн чи хэрэг хийсэн байна. Чи З- гэдэг хүний дүүтэй яриад өгөөч” гэж хэлсэн. “З- чам руу юу гэж ярьсан” гэж асуусан, “З- Багануурт байна гэж ярьсан” гэж би хэлсэн. “Чамайг шууд мөрдөнд хийнэ” гэж нэг тарган хүн нь хэлсэн. ...Бөх барилддаг гэсэн залуутай ажлын үүдэнд хамт буугаад ажил руу орж түлхүүр аваад байж байтал “чамайг алж өгнө өө, чи их зэвүүн хулгайчаа” гэж хэлэн намайг цохих гэхээр нь “би толгой, тархины өвчтэй хүн шүү” гэж хэлсэн чинь “хэн цохих гэсэн юм” гэж хэлсэн. Шатаар өгсөөд дээшээ гараад зогсож байтал, намайг барьж аван мушгиж, газар унаган хоёр гар гавалж, газар чирэн машинд суулгасан. “ёоё хөл хугарчихлаа” гэж хэлсэн чинь “чиний хөл зүгээр байна” гээд өвтгөөд байсан. “Миний хөл эвгүй байна, эмнэлэг явъя, миний утсыг өгөөч, би ах дүү нар руугаа яримаар байна” гэж хэлсэн чинь утас өгөхгүй байсан. “Чиний зөөлөн эд л биз дээ, юун бааштай юм” гэж хэлсэн. Удалгүй хотоос гараад Хонхорт очсон, хээр зогсоод “Отгоо буугаач дээ, чамайг ямар өргөж буулгалтай нь биш дээ” гэж хэлсэн. Хөл өвдөөд байна, би бууж чадахгүй нь гэж хэлсэн чинь “Энд ямар гэмтлийн эмнэлэг байх биш дээ” гэж хэлэн инээгээд байсан. ...18 цагийн үед Багануур орсон... Оройн 22 цагийн үед Гэмтлийн эмнэлэг дээр ирээд “Би чамайг замдаа хаявал хаях байлаа, чи одоо барилдсан гэж хэлээрэй” гэж хэлсэн. Хоёр хүн намайг өргөж Гэмтлийн эмнэлэг рүү орсон. Ороод хөлнийхөө зургийг авахуулаад эмчид үзүүлсэн. ...Би Б-ын доор нь орж, араас нь тэвэрч унасан асуудал байхгүй... Дарга нар Сэлэнгэд мэдсэн байна, хөл чинь зүгээр юм чинь эргэлтийн мөнгө өгч байна гэж хэлэн нэг сая төгрөг өгсөн. ...Тэр үед би хөлөө эмчлүүлье гэж бодоод “намайг эмчид аваачаад өгөө” гэсэн чинь Э- “одоо очих газраа очно” гэсэн. Сүхбаатар өнгөрөөд Баянзүрх өнгөрөөд Хонхорын тэнд очиж миний гавыг Б- тайлсан. Ойрхон эмнэлэг байхгүй юу гэж асуутал “одоо чамайг эмнэлэгт аваачиж өгнө өө” гэж инээлдээд байсан. Тэгээд чамайг ийшээ авч явж байгаад хаяна шүү гэсэн, тэгэхээр нь би үнэндээ айсан, Э- “чи эмнэлэгт очвол барилдсан гээд л хэлчихгүй юу” гэхэд би дуугүй байсан. Тэгээд цааш явж Багануур ороод “З- энд байгаа болов уу” гэж Э- асуусан, тэгэхээр нь би “Бөмбөгөрийн тэнд мэддэг бүхнээ хэлсэн” гэсэн...” гэх мэдүүлэг /хх 1-н 5-6, 123,  2-н 126-127/,

            Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гадагшаа гараад эмийн сан орж даралтны эм авахаар явж байтал миний ард хэд хэдэн хүмүүс чанга дуугархаар нь эргээд хартал 3 хар хувцастай хүн нэг залууг чирч зулгаагаад хар өнгийн суудлын машины арын хаалга  руу оруулж харагдсан. Тэр үед Цэнд-Очир гэж манай хорооны ажилтан тэдгээр хүмүүсийн хажуугаар явж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 127-128/,

            Гэрч Г.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 12 дугаар хороонд хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. 2018 оны хавар үдээс хойшхон байсан шиг санаж байна. Би 12 дугаар хорооны шатан дээр зогсож байсан чинь 15 дугаар байрны хойд подвольд оёдол хийдэг залуу О-ыг /сүүлд нэрийг нь мэддэг болсон/ булиа байрын махлаг залуу мөрөн дээрээс нь барьж мушгих шиг болоод л өөрийн доороо оруулаад давхралдаад унаж байгаа зүйл л ажиглагдсан. Үүнийг нарийн сайн анзаарч хараагүй байсан, маш богинохон хугацаанд л болж өнгөрсөн. Тэгээд О- “ёо ёо хөл хугарчихлаа” гээд орилоод байсан, тэгэхээр нь би гайхаад явж очиход гурван залуу болчихсон машинд суу гээд суулгах гээд гарнаас нь татаж чирэхэд бас нэг залуу хажуунаас нь өшиглөх шиг болсон. Тэгээд О- болохоор “ёо ёо хөл хугарчихлаа” гээд байхаар нь би “та нар одоо хүн ёолоод байхад ямар учиртай өшиглөөд байдаг юм” гэж хэлтэл “танд хамаагүй” гэж хэлээд 15 дугаар байрны баруун хойно зогсож байсан жижиг хар өнгийн суудлын автомашинд суулгаад аваад явсан. ...Үйл явдал ерөөсөө хоромхон зуурт болж өнгөрсөн. Сүүлд нь танил Ц- гэдэг хүнтэй таараад ойр зуурын юм ярьж байхдаа 15 дугаар байрны оёдолчин О- хүнд зодуулж хөл нь гэмтчихээд ажилдаа ирж чадахгүй байгаа юм байна гэхэд “аан тийм, би бас тухайн үед харсан шүү” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 129-130/,

            Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 25-ны 23 цаг өнгөрч байхад. ...ээжийн гэр лүү орох гэсэн дотроос нь хаалгыг нь түгжчихсэн байхаар нь хаалгаа онгойлгооч гэж нүдэж байгаад орсон чинь манай дүү О- баруун талын орон дээр хэвтчихсэн, хажууд нь нүүрэндээ урт сорвитой залуу зогсож байхаар нь яасан юм ахын дүү гэж асуусан. ...Тэгээд намайг гэрийнхэндээ зүгээр барилдаж байгаад унаад хөлөө гэмтээсэн гэж хэлээрэй гээд гуйгаад байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-ийн 132/,

            Гэрч Л.Ц-йн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би яаралтай хөдөө явах гээд гэр лүүгээ яарсан маягтай аркаар орж 12 дугаар хорооны ертөнцийн зүгээр зүүн талаар гараад хойш явж байхад 15 дугаар байрны хойд талын оёдлын газрын хаалгыг нэг эрэгтэй түгжиж байгаа бололтой байсан. Хажууд нь шатан дээр нэг бүдүүн залуу “хөөе түргэлээч, чи яах гээд байгаа юм” гээд дуу гарахаар нь миний анхаарал хандаад харсан чинь нөгөө бүдүүн залуу оёдлын газрын хаалга түгжиж байсан залуугийн мөрөн дээрээс нь бариад мушгиад зүүн тал руу нь унагаад өөрөө дээрээс нь давхар унасан. Оёдлын газрыг хааж байсан залуу доор нь уначихсан “ёо ёо хөл хугарчихлаа” гэж хэлж байсан...Тэгээд тэр бүдүүн залуу нь О-ыг чирээд явсан, тэгсэн чинь түргэлэхгүй яагаад байгаа юм бэ гээд цаанаас нэг өндөр нөхөр ирээд О-ыг өшиглөх шиг болсон...Тэгээд 2018 оны 06 дугаар сарын дундуур нөгөө 15 дугаар байрны орчимд явж байхад нөгөө оёдлын газрыг хааж байсан залуу суга таягтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 134-135, 3-н 58-59/,

            Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...дундаж биетэй 3-4 залуу хамт явж байх шиг байсан. Би тэр хүмүүсийг танихгүй. Анх ирэхдээ хэн нэгэнд зодуулсан талаараа яриагүй. Харин хэд хоногийн дараа эмнэлэг дээр ирчихсэн явж байхдаа надтай таараад хөлөө үзүүлээд явж байна. Өмнө нь тань дээр надтай цуг ирсэн хүмүүс зодсон юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 80/,

Шинжээчийн 6724 тоот дүгнэлтэд: “...Б.О-ын биед баруун өвдөгний урд чагтан холбоосын тасрал, дотор мениск холбоосын урагдал, арын чагтан холбоосын суналт, шилбэний мэдрэлийн гэмтэл /n.peroneus/ гэмтэл, баруун тавхайн саа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх 1-н 63/,

            Шинжээчийн 1170 тоот дүгнэлтэд: “...Б.О-ын баруун хөлийн гэмтэлд хийсэн мэс засал нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Б.О-ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал дарах, дарагдах, мушгих, зэрэг огцом гэнэтийн хөдөлгөөн хийх үед үүсгэгдэх боломжтой. 2018 оны 4 дүгээр сарын 26-нд баруун хөлд гөлтгөнөн боолт хийсэн нь учирсан гэмтлийн хүндрүүлэхгүй. Б.О-ын биед баруун шилбэний мэдрэлийн /n.peroneus/ гэмтэл, баруун тавхайн санжилт, баруун өвдөгний урд чагтан холбоосын тасрал, дотор мениск холбоосын урагдал, арын чагтан холбоосын суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 17.111.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 1-н 141-142/,

            Бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 349 дугаартай дүгнэлтэд: “...М.Аригуунтөгсийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6724, 2018 оны өдрийн 11-р сарын 05-ны өдрийн 1170 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.О-ад учирсан гэмтэлд ГССҮТ-ийн эмч нар болон хагалгаа хийсэн эмч нарын онош, анхан шатны яаралтай тусламжийг зөв үзүүлсэн, оношийн дагуу эмчилгээ хийсэн байна. Б.О-ын биед баруун шилбэний мэдрэлийн /n.peroneus/ гэмтэл, баруун тавхайн санжилт, баруун өвдөгний дотор болон гадна менискийн урагдал, арын чагтан холбоосын суналт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал дарах, дарагдах, мушгих зэрэг огцом гэнэтийн хөдөлгөөн хийх үед үүсгэгдэх боломжтой. Ирүүлсэн материалаар хохирогч Б.О-ын биед хуучин гэмтлийн өөрчлөлт тогтоогдсонгүй. Хохирогч Б.О-ын биед үүссэн дээрх гэмтлүүдэд мэс заслын эмчилгээ хийгдсэн боловч баруун хөлийн үйл ажиллагаа бүрэн сэргээгүй. Б.О-ад учирсан гэмтлийг тогтоосон оношилгоо эмчилгээний баримтууд бүрэн, баримтуудад үндэслэж дүгнэлт өгөх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.17.111.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 2-н 66-68/,

            Шинжээч эмч М.Аригуунтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б.О-ыг үзэж дүгнэлт гаргахдаа баруун өвдөгний урд чагтан холбоосын тасрал, дотор мениск холбоосын урагдал, арын чагтан холбоосын суналт, шилбэний мэдрэлийн гэмтэл, баруун тавхайн саа гэмтэл тогтоогдож уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарч ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Харин 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан нэмэлт шинжилгээнд Б.О-ын баруун хөлийн баруун шилбэний мэдрэлийн гэмтэл, баруун тавхайн санжилт, баруун өвдөгний урд чагтан холбоосын тасралт, дотор мениск холбоосын урагдал, арын чагтан холбоосын суналт гэмтэл тогтоогдож энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 17.111.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35% алдагдуулах тул хүнд зэрэгт хамаарна. Мениск холбоос гэдэг нь анагаах ухааны нэршил тул орчуулагдахгүй. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал мушгих, дарах, дарагдах зэрэг огцом гэнэтийн хөдөлгөөн хийх үед үүсгэгдэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх 1-н 172-173/,

            Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “...Шилбэний булчинг мэдрэлжүүлдэг мэдрэлийн салаа гэмтсэний улмаас тавхайг өргөгч булчингийн үйл ажиллагаа алдагдаж тавхай өргөгдөхгүй болсон учраас хүнд зэрэгт хамаарч байгаа юм. Тухайн гэмтсэн мэдрэлийн ширхэг нь нөхөн төлжиж ургадаггүй юм...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 74-75/,

            Шинжээч эмч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...О-ын биед учирсан гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун хөлөөр өвдөх, гишгэхэд зовиурлах, хавдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. О-ын биед учирсан гэмтэл нь авсан даруйд зовиур мэдрэгдэнэ. Харин хавдар нь 30 минутын дотор хугацаанд үүсдэг. Уг гэмтлийг авсан хүн үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой боловч өөрт нь зовиур шаналгаа ихтэй байна. Тусламж үзүүлэхгүй удсанаас үүсээгүй. Яаралтай эмнэлгийн тусламж авсан ч гэмтлийн хүндрэл гарах үгүйг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 201/,

            Хохирогчийн өргөдөл /хх 1-ийн 2, -н 17-21, 168-169, 194-199, 246/, ГССҮТ-ийн дүгнэлт /хх 1-н 14-16, 55-57, 146-152, 223-242/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх 1-н 58-62/, компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 180/, эмчилгээний төлөвлөгөө /хх 1-н 162-165/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 1-н 174-181/, хохирогчийн өвчний түүх /хх 1-н 227-242/, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 55-57/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх 2-н 109-110, 3-н 88-96/, компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-н 180-184/, цагдаагийн байгууллагын цахим санд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-н 191/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-н 5-11/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 3-н 60/, шүүгдэгч Д.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 3-н 73, 76-79/, шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 91, 214-216-219, 2-н 135/, шүүгдэгч Г.Э-хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 3-н 75, 80-83/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Б-ын “хохирогч нь миний араас бариад авсан, тавь гэхэд тавихгүй байсан, барьцыг нь тавиулах зорилгоор давхардалж унасан” шүүгдэгч Г.Э-“Б-ын араас тэврээд авсан дийлэлгүй унасан” шүүгдэгч Д.Б-ын “бид над зодоогүй” гэсэн мэдүүлэг,

Өмгөөлөгч П.Баасанжавын “мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдаагүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн хүсэлт өмгөөлөгч Ч.Шаравнямбуугийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт, өмгөөлөгч Ж.Батхуягийн “нотолбол зохих байдлуудыг нотлох баримтуудаар бүрэн тогтоож чадахгүй байгаа тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн хүсэлт тус тус гаргасныг хүлээж авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүү шүүлт тулгах гэдгийг “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн 1-д “Энэхүү Конвенцийн зорилгын дагуу “эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4-т “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасны дагуу Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тогтоох нь зүйтэй.

Энэ нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гуравдагч этгээд буюу хэрэгт холбогдолгүй хохирогч Б.О-аас мэдээ сэлт, тайлбар авч Б.Б- гэгчийн хаана байгааг олуулах зорилгоор дээрх үйлдлийг хийсэн нь  тогтоогдсон.

Цагдаагийн байгууллагын ажилтан хуулиар гэмт хэрэг илрүүлэх, оргосон яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажлыг хийх эрхтэй хэдийч уг эрхээ эдлэхдээ хэнийг ч болов аливаа хэлбэрээр хүнлэг бус хэрцгий хандах, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хуулиар хориглосон болно.

          Шүүгдэгч нарын гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хууль сануулан авсан хохирогч Б.О-ын мэдүүлэг, тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй, тухайн хэргийг харсан гэрч Г.Ц-, Л.Ц- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б-, Г.Э-, Д.Бүрэнбабатар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны подвалд байрлах хувцас захиалга засварын газрын гадаа иргэн Б.О-ад халдан газар унагаж, эрүүл мэндэд нь баруун шилбэний мэдрэлийн /n.peroneus/ гэмтэл, баруун тавхайн санжилт, баруун өвдөгний дотор болон гадна менискийн урагдал, арын чагтан холбоосын суналт гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б-, Г.Э-, Д.Б- нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Б.О-ыг “хэргээ хүлээ, З- та хоёр машины шил хагалсан, Сонгинохайрхан дүүрэгт чиний үйлдсэн хэрэг байна” гэх зэргээр тулган,  Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны подвалд байрлах хувцас захиалга засварын газрын гадаа Б.Б- нь Б.О-ад халдан газар унагаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан байх бөгөөд Б.О-ын баруун хөлийг гэмтсэнийг мэдсээр байж эмнэлгийн байгууллагад хандах боломж олголгүй, эрэн сурвалжлагдаж байсан этгээд Б.Б- гэгчийн хаана байгаа газрыг заалгах зорилгоор автомашиндаа суулган Багануур дүүрэг рүү авч явж, Б.О-ын биед махбод, сэтгэл санааг 8-9 цагийн турш шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэм буруутай болох нь:

Хохирогч Б.О-ын: “...Би очсон чинь гадна баахан цагдаа нар байсан. “Чамайг О- гэдэг үү” гэж асуусан би “тийм байна” гэж хэлсэн “чи энэ машинд суу” гэж хэлэн машинд суулгаад “за О-аа хэргээ хүлээ” гэж хэлсэн, ямар хэрэг гэж асуусан. “З- та хоёр машины шил хагалсан” гэж хэлсэн. “Сонгинохайрхан дүүрэгт мөн чи хэрэг хийсэн байна. Чи З- гэдэг хүний дүүтэй яриад өгөөч” гэж хэлсэн. “З- чам руу юу гэж ярьсан” гэж асуусан, “З- Багануурт байна гэж ярьсан” гэж би хэлсэн. “Чамайг шууд мөрдөнд хийнэ” гэж нэг тарган хүн нь хэлсэн. ...Бөх барилддаг гэсэн залуутай ажлын үүдэнд хамт буугаад ажил руу орж түлхүүр аваад байж байтал “чамайг алж өгнө өө, чи их зэвүүн хулгайчаа” гэж хэлэн намайг цохих гэхээр нь “би толгой, тархины өвчтэй хүн шүү” гэж хэлсэн чинь “хэн цохих гэсэн юм” гэж хэлсэн. Шатаар өгсөөд дээшээ гараад зогсож байтал, намайг барьж аван мушгиж, газар унаган хоёр гар гавалж, газар чирэн машинд суулгасан. “Ёоё хөл хугарчихлаа” гэж хэлсэн чинь “чиний хөл зүгээр байна” гээд өвтгөөд байсан. “Миний хөл эвгүй байна, эмнэлэг явъя, миний утсыг өгөөч, би ах дүү нар руугаа яримаар байна” гэж хэлсэн чинь утас өгөхгүй байсан. “Чиний зөөлөн эд л биз дээ, юун бааштай юм” гэж хэлсэн. Удалгүй хотоос гараад Хонхорт очсон, хээр зогсоод “Отгоо буугаач дээ, чамайг ямар өргөж буулгалтай нь биш дээ” гэж хэлсэн. Хөл өвдөөд байна, би бууж чадахгүй нь гэж хэлсэн чинь “Энд ямар гэмтлийн эмнэлэг байх биш дээ” гэж хэлэн инээгээд байсан. ...18 цагийн үед Багануур орсон... Оройн 22 цагийн үед Гэмтлийн эмнэлэг дээр ирээд “Би чамайг замдаа хаявал хаях байлаа, чи одоо барилдсан гэж хэлээрэй” гэж хэлсэн. Хоёр хүн намайг өргөж Гэмтлийн эмнэлэг рүү орсон. Ороод хөлнийхөө зургийг авахуулаад эмчид үзүүлсэн. ...Тэр үед би хөлөө эмчлүүлье гэж бодоод “намайг эмчид аваачаад өгөө” гэсэн чинь Э- “одоо очих газраа очно” гэсэн. Сүхбаатар өнгөрөөд Баянзүрх өнгөрөөд Хонхорын тэнд очиж миний гавыг Б- тайлсан. Ойрхон эмнэлэг байхгүй юу гэж асуутал “одоо чамайг эмнэлэгт аваачиж өгнө өө” гэж инээлдээд байсан. Тэгээд чамайг ийшээ авч явж байгаад хаяна шүү гэсэн, тэгэхээр нь би үнэндээ айсан, Э- “чи эмнэлэгт очвол барилдсан гээд л хэлчихгүй юу” гэхэд би дуугүй байсан. Тэгээд цааш явж Багануур ороод “З- энд байгаа болов уу” гэж Э- асуусан, тэгэхээр нь би “Бөмбөгөрийн тэнд мэддэг бүхнээ хэлсэн” гэсэн...” гэх мэдүүлэг /хх 1-н 5-6, 123,  2-н 126-127/, гэрч Д.Б-ийн: “...Гадагшаа гараад эмийн сан орж даралтны эм авахаар явж байтал миний ард хэд хэдэн хүмүүс чанга дуугархаар нь эргээд хартал 3 хар хувцастай хүн нэг залууг чирч зулгаагаад хар өнгийн суудлын машины арын хаалга  руу оруулж харагдсан. Тэр үед Цэнд-Очир гэж манай хорооны ажилтан тэдгээр хүмүүсийн хажуугаар явж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 127-128/, гэрч Г.Ц-ын: “...2018 оны хавар үдээс хойшхон байсан шиг санаж байна. Би 12 дугаар хорооны шатан дээр зогсож байсан чинь 15 дугаар байрны хойд подволд оёдол хийдэг залуу О-ыг /сүүлд нэрийг нь мэддэг болсон/ булиа байрын махлаг залуу мөрөн дээрээс нь барьж мушгих шиг болоод л өөрийн доороо оруулаад давхралдаад унаж байгаа зүйл л ажиглагдсан. Үүнийг нарийн сайн анзаарч хараагүй байсан, маш богинохон хугацаанд л болж өнгөрсөн. Тэгээд О- “ёо ёо хөл хугарчихлаа” гээд орилоод байсан, тэгэхээр нь би гайхаад явж очиход гурван залуу болчихсон машинд суу гээд суулгах гээд гарнаас нь татаж чирэхэд бас нэг залуу хажуунаас нь өшиглөх шиг болсон. Тэгээд О- болохоор “ёо ёо хөл хугарчихлаа” гээд байхаар нь би “та нар одоо хүн ёолоод байхад ямар учиртай өшиглөөд байдаг юм” гэж хэлтэл “танд хамаагүй” гэж хэлээд 15 дугаар байрны баруун хойно зогсож байсан жижиг хар өнгийн суудлын автомашинд суулгаад аваад явсан. ...Үйл явдал ерөөсөө хоромхон зуурт болж өнгөрсөн. Сүүлд нь танил Ц- гэдэг хүнтэй таараад ойр зуурын юм ярьж байхдаа 15 дугаар байрны оёдолчин О- хүнд зодуулж хөл нь гэмтчихээд ажилдаа ирж чадахгүй байгаа юм байна гэхэд “аан тийм, би бас тухайн үед харсан шүү” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 129-130/, гэрч Б.Э-гийн: “манай дүү О- баруун талын орон дээр хэвтчихсэн, хажууд нь нүүрэндээ урт сорвитой залуу зогсож байхаар нь яасан юм ахын дүү гэж асуусан. ...Тэгээд намайг гэрийнхэндээ зүгээр барилдаж байгаад унаад хөлөө гэмтээсэн гэж хэлээрэй гээд гуйгаад байсан гэж гэсэн...” гэх мэдүүлэг /хх 1-ийн 132/, гэрч Л.Ц-йн: “...Би яаралтай хөдөө явах гээд гэр лүүгээ яарсан маягтай аркаар орж 12 дугаар хорооны ертөнцийн зүгээр зүүн талаар гараад хойш явж байхад 15 дугаар байрны хойд талын оёдлын газрын хаалгыг нэг эрэгтэй түгжиж байгаа бололтой байсан. Хажууд нь шатан дээр нэг бүдүүн залуу “хөөе түргэлээч, чи яах гээд байгаа юм” гээд дуу гарахаар нь миний анхаарал хандаад харсан чинь нөгөө бүдүүн залуу оёдлын газрын хаалга түгжиж байсан залуугийн мөрөн дээрээс нь бариад мушгиад зүүн тал руу нь унагаад өөрөө дээрээс нь давхар унасан. Оёдлын газрыг хааж байсан залуу доор нь уначихсан “ёо ёо хөл хугарчихлаа” гэж хэлж байсан...Тэгээд тэр бүдүүн залуу нь О-ыг чирээд явсан, тэгсэн чинь түргэлэхгүй яагаад байгаа юм бэ гээд цаанаас нэг өндөр нөхөр ирээд О-ыг өшиглөх шиг болсон...Тэгээд 2018 оны 06 дугаар сарын дундуур нөгөө 15 дугаар байрны орчимд явж байхад нөгөө оёдлын газрыг хааж байсан залуу суга таягтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 134-135, 3-н 58-59/, шинжээчийн 6724,  1170, бүрэлдэхүүнтэй шнжээчийн 349 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн,

Шүүгдэгч Б.Б-, Г.Э-, Д.Б- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагч тайлбар мэдүүлэг авахаар өөрөө бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.О-ыг мушгиж газар унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б-, Г.Э-, Д.Б- нар нь хохирогч Б.О-ыг Б.Б- гэгчийн хаана байгааг заалгах зорилгоор хөл нь гэмтсэн гэдгийг мэдсээр байж махбод, сэтгэл санааг шаналган зовоож Багануур дүүрэг рүү авч явж эрүү шүүлт тулгасан болох нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

 

Улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О-ын биед хүнд  хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүгдэгч нараас эмчилгээний зардал, цаашид гадаад улсад хагалгаанд орох шаардлагатай нийт 96 сая төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт болон шүүхийн хуралдааны хэлэлцүүлэг эхлэх үед эмчилгээний талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй, харин шүүх хуралдааны дүгнэлт хэлэх үед баримт гаргаж өгсөн ба уг баримтуудыг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй буюу шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үндэслэн хохирлыг тооцох боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Дараахь тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ”, 2.4 дэх заалтад “...эрүүдэн шүүсэн болох нь нотлогдсон” гэж тус тус хуульчилжээ.

Уг хэрэгт иргэний хариуцагчаар хохирлыг хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг татан оролцуулаагүй хэдий ч хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-, Г.Э-, Д.Б- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-, Г.Э-, Д.Б- нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгж буюу 11.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 55.000 нэгж буюу 55.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Г.Э-, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.500 нэгж буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь эрүүгийн хариуцлагын талаар санал, дүгнэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Б-, Г.Э-, Д.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял, Б.Б-, Г.Э-, Д.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно” гэж, 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа ...хугацааг тоолно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Б.Б-, Г.Э-, Д.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийг харгалзан нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Г.Э-, Д.Б- нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Улсын яллагчийн шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирогч гомдолтой, тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтэл, хор уршиг арилгаагүй зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Г.Э-, Д.Б- нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй.

Прокурорын тогтоолоор Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг Бор гүвээ гудамжинд байх газар, Г.Э-нэр дээр бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхаан 2 дугаар хэсэг гэх хаягт байрлалтай үл хөдлөх бүртгэлийн Ү-1317004248 дугаартай хувийн сууц, граж, Д.Б-ын нэр дээр бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан 2 дугаар хэсэг гэх хаягт байрлалтай үл хөдлөх бүртгэлийн Ү-1317002113 дугаартай хувийн сууцыг тус тус битүүмжилсэнийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сиди, otgonbat 37 nas гэсэн бичигтэй рентген зураг 1 ширхэг зэргийг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

            Мөн шүүх хуралдаанд хохирогчийн утсан дээрх хэрэг болсон цаг хугацаанд залгасан утасны дугаарыг гар утсан дээрээс нь хуулбарлан авсан, шүүгдэгчээс гаргаж өгсөн плаш диск дээрх бичлэг зэргийг нотлох баримт судлах үед шинжлэн судалсан ба уг бичлэг бүхий плаш диск, гар утсан дээрээс хуулбарлан авсан утасны жагсаалт бүхий баримтыг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-, Г.Э-, Д.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-, Г.Э-, Д.Б- нарыг “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэх авахаар өөрөө бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

              - Б.Б-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Г.Э-, Д.Б- нарыг нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 01 жил 6 сар хорих ялаар,

              -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 03 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жил 06 сар хорих ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 04 жил 06 сар хорих ял, шүүгдэгч Г.Э-, Д.Б- нарт оногдуулсан 01 жил 06 сар хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Г.Э-, Д.Б- нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сиди, otgonbat 37 nas гэсэн бичигтэй рентген зураг 1 ширхэг, шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичлэг бүхий плаш диск, гар утсан дээрээс хуулбарлан авсан утасны жагсаалт бүхий баримт зэргийг хэрэгт хадгалсугай.
  6. Прокурорын тогтоолоор Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг Бор гүвээ гудамжинд байх газар, Г.Э-нэр дээр бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхаан 2 дугаар хэсэг гэх хаягт байрлалтай үл хөдлөх бүртгэлийн Ү-1317004248 дугаартай хувийн суу, граж, Д.Б-ын нэр дээр бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан 2 дугаар хэсэг гэх хаягт байрлалтай үл хөдлөх бүртгэлийн Ү-1317002113 дугаартай хувийн сууцыг тус тус битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
  7. Хохирогч Б.О- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т Г.Э-, Д.Б- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР