Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

  2020             1              21                                       2020/ДШМ/102

 

Б.Б, Г.Э, Д.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                           

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                                                                             

прокурор Б.Батнасан,

шүүгдэгч Б.Б,

шүүгдэгч Г.Э,

шүүгдэгч Д.Б,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батхуяг, Ч.Эрдэнэбат,

шүүгдэгч Г.Энхтулгын өмгөөлөгч Ц.Туяа,

шүүгдэгч Г.ЭД.Бнарын өмгөөлөгч П.Баасанжав, Ч.Шаравнямбуу,

шүүгдэгч Б.Б, Г.ЭД.Бнарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

хохирогч Б.Отгонбат, 

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

                                                                                                    

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 958 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, Г.ЭД.Б, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батхуяг, Ч.Эрдэнэбат, шүүгдэгч Г.ЭД.Бнарын өмгөөлөгч П.Баасанжав, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Б, Г.ЭД.Бнарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч Б.Отгонбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, Г.ЭД.Бнарт холбогдох 1805 0280 30449 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-н Б, 1991 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг дахь ..... ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, ... дугаар баг, ... дугаар хэсэг, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......./;

2. Б овгийн Г-ын Э, 1983 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт Хэрэг бүртгэх тасгийн даргаар ажиллаж байсан,  ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн ... сумын ... дүгээр баг, .... гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 400 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../;

3. Ондио овгийн Дамдингийн Б, 1979 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт жижүүрийн ахлах офицероор ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 2 дугаар баг, Цагаан-Эрэг, ... дугаар хэсэг гудамж ...-р байр ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сэлэнгэ аймгийн .... сум, ... дүгээр баг, ... дугаар хэсэг .... гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...../;

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны подвальд байрлах хувцас захиалга засварын газрын гадаа иргэн Б.Отгонбатад халдан газар унагаж, эрүүл мэндэд нь баруун шилбэний мэдрэлийн гэмтэл, баруун тавхайн санжилт, баруун өвдөгний дотор болон гадна менискийн урагдал, арын чагтан холбоосын суналт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б, Г.ЭД.Бнар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Б.Отгонбатыг “хэргээ хүлээ, Зоригоо та хоёр машины шил хагалсан, Сонгинохайрхан дүүрэгт чиний үйлдсэн хэрэг байна” гэх зэргээр тулган, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны подвальд байрлах хувцас захиалга засварын газрын гадаа Б.Б нь Б.Отгонбатад халдан газар унагаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан байх бөгөөд Б.Отгонбатын баруун хөлийг гэмтсэнийг мэдсээр байж эмнэлгийн байгууллагад хандах боломж олголгүй, эрэн сурвалжлагдаж байсан этгээд Б.Батзориг гэгчийн хаана байгаа газрыг заалгах зорилгоор автомашиндаа суулган Багануур дүүрэг рүү авч явж, Б.Отгонбатын бие махбод, сэтгэл санааг 8-9 цагийн турш шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.ЭД.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б, Г.ЭД.Бнарыг “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авахаар өөрөө бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

Б.Быг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.ЭД.Бнарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.ЭД.Бнарт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.ЭД.Бнарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сиди, otgonbat 37 nas гэсэн бичигтэй рентген зураг 1 ширхэг, шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичлэг бүхий плаш диск, гар утсан дээрээс хуулбарлан авсан утасны жагсаалт бүхий баримт зэргийг хэрэгт хадгалж,

Прокурорын тогтоолоор Б.Бын нэр дээр бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Бор гүвээ гудамжинд байх газар, Г.Энхтулгын нэр дээр бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан 2 дугаар хэсэг гэх хаягт байрлалтай үл хөдлөх бүртгэлийн Ү-1317004248 дугаартай хувийн сууц, грааж, Д.Бын нэр дээр бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан 2 дугаар хэсэг гэх хаягт байрлалтай үл хөдлөх бүртгэлийн Ү-1317002113 дугаартай хувийн сууцыг тус тус битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Хохирогч Б.Отгонбат нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Г.ЭД.Бнарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрч Цэнд-Очир мэдүүлэхдээ би тухайн үйл явцыг нарийн сайн харж чадаагүй, чухам юу болсныг мэдэхгүй гэж мэдүүлдэг. Гэвч шүүх түүний мэдүүлгийг бүгдийг нь шийтгэх тогтоолдоо тусгалгүйгээр “Би хорооны шатан дээрээс болсон явдлыг харсан” гэж оруулан тухайн хэргийн ярьсан зүйлийг хасаж тогтоолдоо бичсэн нь хэтэрхий нэг талыг буюу яллах талыг баримталж шийдвэр гаргасан нь харагдаж байна.

Гэрч Л.Цэрэнсанги шүүх хуралдаанд “би тухайн үйл явцыг 10 гаруй метрийн цаанаас харсан, хоёр залуу барьцалдаж аваад давхралдаад унасан” гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Цэрэнсанги нь нүүрэлдэж мэдүүлэг өгөхдөө хэн нь хэнийгээ барьж аваад унагаасныг би хараагүй, нэг харахад л хоёулаа газар унасан байсан гэж мэдүүлдэг. Шүүх хуралдааны үед болон мөрдөн байцаалтын шатанд гэрчүүд зөрүүтэй мэдүүлэг өгсөөр байтал зөвхөн яллах талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хоёр хүний мэдүүлгийг үнэн зөв болохыг шалгаж өгөөч гэх хүсэлтийг прокурорын байгууллагад удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгөөгүй. Миний хувьд Б.Отгонбатын биед халдах ямар ч санаа зорилго байгаагүй. Зөвхөн түүний намайг заамдаж авсан гарыг тавиулах үйлдэл хийх явцад намайг газар унагаах гэж оролдоод хөл алдаж унасан байдаг. Тэрээр машин дотор орж ирээд танай цагдааг тархиар нь газар савчихаад зугтчихъя гэсэн дийлсэнгүй гэж ярьсныг нь бид бүгдээрээ сонссон.

Шүүгдэгч Б.Б, Т.Э, Д.Бнар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Б.Отгонбатыг хэргээ хүлээ гэж тулган, Б.Отгонбатын баруун хөлийг гэмтсэнийг мэдсээр байж эмнэлгийн тусламж үзүүлэлгүй 8-9 цагийн турш шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэж дүгнэсэн. Цагдаагийн албан хаагчид бид хуульд заасан үндэслэл журмын дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулж Б.Отгонбаттай ярьж тохиролцсоны үндсэн дээр оргодол этгээд Б.Батзоригийн байгаа газрыг заалгахаар болсон. Тохиролцсоны үндсэн дээр Багануур дүүрэг явсан. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжүүдийг тодорхой заасан байхад “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн гэмт хэргийн шинж болох “Мэдээ сэлт” авах гэсэн үйлдлийг нь төсөөтэй хэрэглэж, хуулийн заалтад байхгүй үйлдэл буюу гэмт хэргийн шинжээр яллаж ял оноосонд маш их гомдолтой байна.

Цагдаагийн албан хаагчдын хувьд Б.Отгонбатыг “хэргээ хүлээ, Зоригоо та хоёр машины шал хагалсан байна” гэж тулгаж, эрүүдэн шүүсэн асуудал байхгүй. 

Б.Отгонбат нь Багануур дүүрэг явах замдаа өөрийн ах руугаа утсаар залгасан ярианы бичлэгүүдийг шүүх хурал дээр нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нотлох баримтаар үнэлээгүй. Б.Отгонбат нь цагдаа нар миний утсыг аваад ар гэрийн хүмүүстэй минь холбоо бариулалгүй байж байгаад 22 цагийн үед миний утсыг гаргаж өгсөн гэж шүүх хурал дээр мэдүүлдэг. Гэвч Б.Отгонбатад өөрт нь гар утас нь явж байсныг нотлох баримт гаргаж өгч байхад нотлох баримтаар тооцоогүй.

Цагдаагийн албан хаагчдын хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байсан. Тус хэргийг прокурорын байгууллага 1 жил 5 сарын хугацаанд хянаж, Улсын Ерөнхий прокурорын газраас хэргийг 2 удаа татаж хянахад эрүүдэн шүүсэн гэж үзээгүй атлаа Б.Отгонбатыг эрүүдэн шүүсэн гэж гомдол гаргангуут зөвхөн түүний мэдүүлгэнд үндэслэж яваад байгаа учрыг ойлгохгүй байна.

Б.Отгонбат нь анх гаргаж байсан өргөдөл, гомдлоо байнга өөрчилж, зохиомлоор худал зүйлүүд байнга нэмж ярьдаг. Энэ нь хавтас хэргийн материалд байгаа түүний гаргаж байсан өргөдөл гомдлуудаас тодорхой харагдана.

Цагдаагийн албан хаагчид бид Цагдаагийн газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөө, томилолт эрэн сурвалжлах ажиллагаа явуулах талаар шүүхийн байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн дагуу болон ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийнхээ хуваарийн дагуу, ажлаа хийж албан үүргээ гүйцэтгэж байсан. 

Өнөөдөр Цагдаагийн гурван албан хаагчийн эрх ашиг хөндөгдөөд зогсохгүй бид бүгдийн цаана байгаа гэр бүл, үр хүүхдүүдийн минь эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Намайг энд хоригдож байгааг мэдсэн 87 настай буурай эмээ маань таалал төгссөн гэж хэл дуулгасан. Хэргийн бодит байдлыг тогтоолгохыг хүсэж байна. Иймд, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Э гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгууллага, түүнд хяналт шалгалт тавих чиг үүрэг бүхий байгууллагын зарим нэг албан тушаалтнууд хэт нэг талыг буюу яллах талыг барьж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д заасан “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 1976 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолд дурдсанаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол гарсан даруй хохирогч Б.Отгонбат нь өөрөө эмнэлэгт үзүүлэхээс татгалзаж, цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй, гомдол саналгүй тухай хүсэлтээ бичгээр гаргасан. Тэгтэл 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр өөрт нь гэмтэл учирсан мэтээр дүгнэлт гаргуулсан тул 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч Б.Б нь хохирогчид гэмтэл учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Улмаар 6 сарын дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 1, 12, 30-ны өдрүүдэд Б.Отгонбатын хувиараа үйл ажиллагаа эрхэлдэг Баянгол дүүргийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай иргэд болох Г.Цэнд-Очир, Л.Цэрэнсанги, Д.Бадарч нарыг өөртөө ашигтай давуу байдлыг бий болгох зорилгоор өөрийн санаачилгаар мөрдөгчид зааж, олж өгч мэдүүлэг өгүүлсэн байдаг.

Дээрх гэрчүүдийн анхны мэдүүлгийг хуулбарлан зааж эвлүүлэн, хэвлэсэн нэг үг, утга санаа адил мэдүүлдэг ба тэдгээрийг нүүрэлдүүлж мэдүүлэг авах үед анхны мэдүүлгээсээ буцсан.

Анхан шатны шүүх хуралдаанд дээрх гэрчүүд нь өөрийн биеэр ирж оролцон мэдүүлэг өгсөн ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эдгээр гэрчүүдийн хэлсэн ярьсан зүйлийг бүрэн, үнэн зөвөөр тусгаагүй тул шүүх хуралдааны явцыг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэгийг тогтоол, тэмдэглэлтэй тулган нягталж өгнө үү.

Нэг өдөр, нэг цаг хугацаанд болсон үйл явдлыг харсан гэх гэрчүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3-аас доошгүй удаа мэдүүлэг өгсөн ба мэдүүлэг бүр нь анхны мэдүүлгээ үгүйсгэж буцсан байгаа нь тодорхой, баримттай байхад прокурор яллах дүгнэлтдээ гэрчүүдийн анхны мэдүүлгийг тусган яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй атлаа тэдгээрийн анхны мэдүүлгийг тогтоолд тусган, тогтоолын үндэслэл болгон биднийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь илтэд яллах санаа зорилготой байсан гэж үзэж байна.

Дээрх гэрч гэх хүмүүс нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан “гэрч” мөн эсэх нь эргэлзээтэй юм.

Хохирогч гэх Б.Отгонбат нь гомдол, мэдүүлэг бүртээ өөр өөр хүнийг гүтгэж, холбогдуулж хэлж ярьдаг нь түүний бичсэн гомдлууд болон мэдүүлгүүдээс тодорхой харагдана.

Б.Отгонбат нь нэг цаг хугацаанд болсон үйл явдлыг энэ мэт өөр өөрөөр хэлж ярьж мэдүүлж байгаа нь бусдын хэлээгүйг хэлсэн болгож яриагүйг ярьсан болгож, үйлдээгүйг үйлдсэн болгож өөрийн буруутай үйлдлээс болж бэртэж гэмтсэн үйлдлээ өөрт ашигтай болгож, илтэд гэм буруугүй хүмүүсийг буруутай мэт бусдад ойлгуулж, энэ санаагаа хэрэгжүүлж байгааг олж хараасай гэж хүсэж байна.

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш хохирогчийн гомдол, мэдээллийг шалгасан Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн болон Авилгатай тэмцэх газрын мөрдөгч, шат шатны прокурорууд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хяналт тавьж ажиллахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-т заасан “Гэмт хэргийн ойлголт шинж”-ийн заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжгүй гэж тогтоосон байдаг.

Гэтэл хохирогч гэх Б.Отгонбатын Цагдаагийн ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, тус газрын Олон нийтийн зөвлөл, Хууль зүйн яам, Дүүргийн болон Нийслэлийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагуудад удаа дараа гаргасан зохиомол байдлыг бий болгох, хэн нэгнийг буруутгах, гэм буруутай мэт ойлгуулах гэсэн агуулга бүхий санаа зорилготой маш олон удаагийн гомдлын дагуу бодит байдлыг тогтоож шалгаагүй атлаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхээс ял шийтгэхдээ “Эрүү шүүлт тулгасан” гэж буруутгасан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Улмаар энэ хэргийг шалгах явцад хууль хяналтын байгууллага нь хохирогчийн удаа дараагийн үндэслэлгүй гомдлын дагуу хууль зөрчиж, үндэслэлгүйгээр яллагдагчаар татаж, ял шийтгэж байгаад маш их гомдолтой байна. Гомдолд дурдсан үндэслэл бүрийг нягтлан тунгааж, хуулийн хүрээнд бодит үнэнийг тогтоосон шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч гэх Б.Отгонбатад ямар нэгэн хэрэгт сэжиглэгдсэн, холбогдсон этгээд байгаагүй бөгөөд хохирогчоос ямар нэг тайлбар мэдүүлэг авах ажиллагаа явуулаагүй, тийм үүрэггүй байснаас гадна шүүхийн шийдвэрт заасанчлан Б.Батзориг гэгчийг заалгах зорилготой байсан тул хохирогч Б.Отгонбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн хохирогч биш юм.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг авч үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш явагдаж, нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмууд алдагдсан, гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байгааг нягталж шалгаагүй байхад анхан шатны шүүх, шүүгдэгч нарын гэм бурууг мөрдөн байцаалтаар нотлогдсон гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд хуулийн хүрээнд нягтлан шалгаж бодит үнэнг тогтоон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Отгонбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие эдгээр хүмүүст зодуулж хүнд гэмтэл авсан. Шүүгдэгч нар надад хохирол учруулж нэг ч төгрөг өгөөгүй байхад шийтгэх тогтоолд заасан мөнгөний хэмжээ бага байна. Яагаад гэвэл гэмт хэргийн улмаас 35 хувь хүртэл хөдөлмөрийн чадвараа алдаж, хүнд гэмтэж, дахин хөдөлмөр эрхэлж, амь амьдралаа авч явж чадахгүй байдал хүрээд байгаа билээ. Тиймээс би эрүүл мэнд, бие эрхтнээрээ хохироод зогсохгүй, эмчилгээ хийлгэж, тусламж авч чадахгүйд хүрч, дахин хохирч байгаад гомдолтой байна.

Шүүх хуралдааны өмнө шүүгчийн туслах Дашням баримтуудаа өгөхөд та шүүх хурал дээр олон хүний нүдэн дээр өгсөн нь дээр гэж хэлсэн. Би шүүх хуралдаан явагдаж байхад Солонгос улс руу явах зардал 96.000.000 төгрөг байна. Цаашид яаж хүндрэх, ямар бэрхшээл гарах нь тодорхойгүй байгаа. Бүх эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад нотлох баримтуудыг гаргаж өгөөд байхад надад хохирлыг барагдуулж өгөөгүйд гомдолтой байна. Энэ бол эрүүгийн хэрэг бөгөөд иргэний журмаар шийдвэрлэх гэсэн нь хууль зөрчиж байна. Шүүгдэгч нар нь Б.Отгонбат миний биед зүй бусаар гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Шүүгдэгч нар согтуу боловч энэ асуудал шүүх хуралдааны үеэр ярьсан ч хэргийн шийдвэрт нөлөө үзүүлээгүй байна.

Шүүгдэгч Г.Э нь миний утсыг чагнаж тагнаж байсан нь шүүх хурал дээр мэдэгдсэн. Гэмгүй иргэн хүний утсыг чагнаж тагнах хориотой. Би болон миний гэр бүлд заналхийлдэг, янз бүрийн хүнээр утасдуулж, ямар нэгэн юм болвол эдгээр яллагдагч нарт  хариуцлага тооцуулна. Шүүгдэгч нар нь болсон зүйлийг болоогүй, харсан зүйлийг хараагүй гэж намайг гүтгэж, хилс хэрэгт гүтгэсэн.

Түүнчлэн шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг шүүх хүчингүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Яагаад гэвэл би хохирлоо эдгээр хүмүүсээс гаргуулах ёстой.

Мөн Б.Б, Г.ЭД.Бнар нь надад ямар ч хохирол, мөнгө барагдуулаагүй байхад тэдэнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, ялын бага хэмжээгээр шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Би орой болгон хөлөндөө сойлт хийж, хоёр бөөр өвдөж, эм тариа хэрэглээд ходоод муудаж байна. Өдөр болгон ажил дээрээ очиж 4-5 цаг эмчилгээ хийлгэж, орой болгон унтахад хөл маань хөшөөд унтдаг. Насан туршдаа өрөөл дутуу болсондоо маш их гомдож байна. Миний ээж сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд орж байгаа. Надад учруулсан хохирлыг үнэн зөвөөр барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

             Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батхуяг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан Б.Отгонбатын мэдүүлэг, гэрч Г.Цэнд-Очир, Л.Цэрэнсанги нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож, тогтоогдсон гэж дүгнэсэн байна. Гэтэл хавтас хэрэгт зөвхөн хохирогч Б.Отгонбат, гэрч Г.Цэнд-Очир, Л.Цэрэнсанги нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын мэдүүлэг зэрэг нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрийг тогтоосон нотлох баримт биш байдаг. Гэрч Г.Цэнд-Очир, Л.Цэрэнсанги нарыг хэрэг явдал болсноос хойш 7 сарын дараа Б.Отгонбат өөрөө олж ирсэн байдаг. Уг гэрч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Отгонбат болон Б.Б нарыг давхралдаад унахыг харсан”, эсвэл “би тухайн нөхцөл байдлыг нарийн тодорхой хараагүй” зэргээр өөр өөрөөр мэдүүлдэг болохоос хэн ямар үйлдэл, хэрхэн, яаж хийсэн талаар тодорхой гэрчилдэггүй.

              Хэдийгээр хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар маргаагүй боловч тухайн хохирогчийн биед тогтоогдсон гэх “хүнд” гэмтэл нь эргэлзээтэй байгаа болохыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад тодорхой үндэслэлүүдээр гаргаж тавьсан боловч шүүх энэ байдлыг анхаарч үзээгүй. Учир нь хавтас хэрэгт шинжээч эмч М.Аригуунтөгс нь В.Отгонбатын биед учирсан гэмтлийн талаар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6724 тоот дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд Б.Отгонбатын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэж тогтоосон. Гэтэл мөрдөгчөөс ямар хүчин зүйлийн улмаас уг гэмтэл үүсч болохыг тодруулахаар нэмэлт шинжилгээ хийлгэхэд 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр шинжээч эмч М.Аригуунтөгс нь 1170 дугаартай дүгнэлт гаргасан ба үүнд гэмтлийн зэргийг “хүнд” болгон өөрчилсөн байдаг. Мөн шинжээч эмч М.Аригуунтөгс мэдүүлэгтээ “хохирогч Б.Отгонбатын биед учирсан гэмтэл нь учрах үедээ амь насанд аюулгүй боловч Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 17 дугаар зүйлийн 111.3 дахь хэсэгт заасан “гэмтлийн улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт”-ын хувь хэмжээгээр гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа гэсэн байдаг. Гэтэл шинжээч эмчийн дээр дурдсан “хүнд” гэмтэл нь уг журмын 2.1 дүгээр зүйлийн 2.1.4, 2.2 дугаар зүйлийн 2.2.4, 3.6 дугаар зүйлийн 3.6.6 дахь хэсэгт тус тус заасан “ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах хүнд” гэмтэлд хамаарахгүй, мөн журмын аль хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвараа их хэмжээгээр тогтонги алдах гэмтэлд хамаарч байгаа нь тодорхойгүй байхад шүүх энэ талаар анхаарч үзээгүй, тухайн журмын холбогдох заалтуудыг нягталж харахгүйгээр дүгнэлтэд хөтлөгдөн шийдвэр гаргасан.

            Шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй талаар: Шүүх хэдийгээр шийдвэрийнхээ үндэслэл болгосон гэрч нарын мэдүүлгийг дурдсан боловч харин ямар шалтгаанаар тухайн мэдүүлгийг шийдвэр гаргах үндэслэл болгосон нь тодорхойгүй, мөн уг гэрч нарыг хэрэгт хувийн сонирхолгүй гэж үзэж байгаа үндэслэлээ дурдаагүй байдаг. Хэрэв хохирогч Б.Отгонбатын олж ирсэн гэрч нарыг хэрэгт хувийн сонирхолгүй гэж үзэж, тэдний өгсөн зарим мэдүүлгийг шийдвэр гаргахдаа нотлох баримтаар үнэлсэн юм бол хэргийн газар дээр байсан гэрч Э.Хашбатын мэдүүлгийг яагаад нотлох баримтаар үнэлээгүй талаар дурдаагүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бын хувийн байдлыг тогтоосон гэж үзсэн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4, мөн хуулийн 31.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажиллагаа хийгдсэн болохыг тогтоогоогүй, Б.Бын эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд чиглэгдсэн нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг огт хийгдээгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдлийг бодитой үнэлж дүгнээгүйгээс шүүх хуралдааны шатанд Б.Бын хувийн байдлыг хэт явцуу байдлаар дүгнэж хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтад заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй. Үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа юм.

Шийтгэх тогтоолын 12 дугаар талд эрүү шүүлт тулгах гэдгийг “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн 1-д “энэхүү конвенцийн зорилгын дагуу “эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэснийг иш үндэс болгосон. Дээрх конвенцийг хэрэглэсэн үндэслэлээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4-т “энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахдаа Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасны дагуу эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тогтоох нь зүйтэй гэсэн нь шүүх Эрүүгийн хуулийн 1.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдийг буруу тайлбарласан байна. Шийтгэх тогтоолын 12-13-р талд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийг гэмт хэргийн шинжийг шууд тогтооход ашиглаж хуулийг тайлбарлаж, ял оногдуулсан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.1 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчиж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж тайлбарласан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсанд гомдолтой байна.

Цагдаагийн ажилтан Б.Б нь гэмт хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлахдаа тодорхой эх сурвалжуудаас тухайн этгээдийн байршлыг тогтоолгохоор хохирогч Б.Отгонбаттай уулзсан, түүнд хуулийн хүрээнд санал, шаардлага тавьсан нь хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох эсэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “биеийн хүч хэрэглэх” гэж цагдаагийн алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг хэрхэн харгалзан үзсэн талаар хууль зүйн дүгнэлтийг огт хийгээгүй байна.

Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд “бүлэглэн” үйлдэж гэж гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нэр томъёог хэрэглэсэн байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5 дугаар зүйлүүдэд заасан оролцооны хэлбэрийг тодорхойлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан ял оногдуулах үүргээ биелүүлээгүй байгаа нь прокурор хянавал зохих асуудлыг хянаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болохыг нотолж байна.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогчийн эрүүл мэндэд тухайлбал шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг учруулахаар илтэд довтолсон, анхнаасаа төлөвлөсөн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотолж чадаагүй. Гэрч нарын мэдүүлгээс харахад “мушгих шиг болоод давхралдаж унасан” болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс хохирогчийн довтолгооныг зогсооход чиглэгдсэн Цагдаагийн  албаны тухай хуулиар цагдаагийн албан хаагчид олгогдсон хамгаалах үйлдлийг хийсэн байхад прокурор болон анхан шатны шүүх үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй. Шүүгдэгч Б.Бын санаа зорилгыг тогтоохдоо “санаатай” үйлдэл гэдгийг ямар нотлох баримт, эх сурвалжаар нотолж байгаа талаар яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд эргэлзээгүй нотлон тогтоосон зүйл байхгүй ба зөвхөн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эргэлзээтэй мэдүүлэг, гэрч нарын илэрхий зөрүүтэй мэдүүлэг тайлбарт үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хохирогч болон шүүгдэгч Б.Б нар нь давхралдаж унах явцад Б.Б нь хохирогчийн хөлийг гэмтээх санаа зорилгыг агуулж байсан мэтээр анхан шатны шүүх хийсвэр дүгнэлтийг хэт яллах байр сууринаас хийхдээ, цагдаагийн албан хаагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар хохирогчийн зүгээс үйлдэл хийсэн эсэх, шүүгдэгч Б.Б дээрх үйлдлийг таслан зогсоох хуулиар зөвшөөрсөн үйлдлийг хийсэн байж болох цагаатгах нөхцөл байдлыг огт дүгнээгүй, Анхан шатны шүүхээс гэм буруугийн санаатай, болгоомжгүй, холимог хэлбэрийн аль нь болохыг үнэн зөв дүгнээгүй байна.

Хохирогч Б.Отгонбатаас оргон зайлсан этгээдийн талаар мэдээлэл авах нь шүүгдэгч Б.Бын хувьд хуулиар олгогдсон чиг үүрэгт багтаж байсан бөгөөд мэдээлэл өгөхөөс хохирогч татгалзаагүй, мөн Багануур дүүрэг рүү хамт явахыг зөвшөөрсөн талаар хохирогч үгүйсгээгүй бөгөөд, хохирогчийн хөлд үүссэн гэмтэл нь ил харагдах, мэдэгдэх боломжгүй байсан зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь хохирогчид эрүү шүүлт тулгасан бодит үйлдэл нотлогдоогүй зөвхөн нэг талын мэдүүлэг тайлбараар энэ нөхцөл байдлыг нотлогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраас шүүгдэгч нарын хохирогчид хүлээлгэхээр тулгасан гэх гэмт хэрэгтэй холбоотой бүртгэл, мэдээлэл байгаа эсэх талаар лавлагаа, мэдээллийг аваагүй, хохирогч нь өмнө нь хүнд хэлбэрийн авто осолд орсны улмаас түүний бие эрхтэнд гэмтэл учирсан эсэх, хөл, тавхай хэсэгт гэмтэл учирч байсан талаар мэдээллийг аваагүй, мөн шинжээчээс өмнөх гэмтэл сэдэрсэн эсэх талаар асуулт асуугаагүйгээс шинэ гэмтлийн улмаас өмнөх гэмтэл сэдэрсэн эсэх нь тогтоогдож чадаагүй. Б.Б руу хурц үзүүртэй зэвсгийн чанартай зүйлсийг барьж сүрдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг шалгаж, дүгнээгүйгээс хохирогчийн мэдүүлэг үнэн зөв гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Хэргийн газарт Б.Бын удаа дараа мэдүүлдэг шөвөг гэх зүйл байсан эсэхийг хэргийн газрыг шалгасан материалд огт байхгүй, ийм шөвөг байсан эсэх талаар ч хохирогчоос тайлбар мэдүүлэг аваагүй байгааг шүүхээс нөхөн гүйцээж шалгаж, тогтоох боломжгүй байна.

Гэрч нар болох Цэрэнсанги, Цэнд-Очир нарын хэргийн газрыг харсан зай, цагдаагийн байгууллагын ажилтнуудын хувцаслалтын талаар, хохирогч болон шүүгдэгч Б.Б нарын унаж буй байдал зэргийг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тайлбар зэргүүдийн илтэд зөрүүтэй байдалд анхан шатны шүүхээс хууль зүйн ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1,  2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдал хангалттай тогтоогдоогүйг харуулж байна.

Үйлчлүүлэгч Б.Бын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг нь шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолтой илэрхий зөрүүтэй байгаа гомдлыг үйлчлүүлэгчийн хүсэлтээр тухайлан дурдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны видео бичлэгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс татан авч харьцуулан шинжилж өгөхийг хүсье.

Хэргийг тал бүрээс үнэн зөв, эргэлзээгүй бодитой дүгнэж чадаагүй, гэмт хэрэгт хамтран оролцох оролцоог хуульд зааснаар үнэн зөв тогтоож чадаагүй, гэм буруугийн хэлбэрийн талаар, үйлдэл, санаа зорилгыг хангалттай тогтоосон нотлох баримт байхгүй, гэрч нарын мэдүүлэг илтэд зөрүүтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хохирогчийн мэдүүлэгт дурьдагдсан үйл баримтуудыг тогтоох ажиллагаа хийгдээгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолд дурьдагдсан шүүгдэгч Б.Бын мэдүүлэг тайлбарыг буруу, зөрүүтэйгээр тэмдэглэсэн зэрэг Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиудыг ноцтой зөрчсөн нөхцөл байдлуудыг шүүхээс нөхөн гүйцээж шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 958 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.ЭД.Бнарын өмгөөлөгч П.Баасанжав гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох” зарчмууд алдагдсан, гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байгааг нягталж шалгаагүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу мөрдөн байцаалтаар нотлогдсон гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хэлэлцэж дүгнээгүй ба хуулиар тогтоосон энэхүү журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Гэрч Г.Цэнд-Очир “Би хорооны шатан дээрээс харсан, энэ хүн ямар нэг хэрэг хийсэн юм байна гэж бодсон, би цагдаа юм байна гэж бодсон” гэж мэдүүлжээ. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн гэрч Г.Цэнд-Очир хэргийн талаар бодитой мэдүүлгийг өгөөгүй, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, хэрэг болсон гэх газрын гэрэл зургаас үзэхэд гэрч Г.Цэнд-Очир болсон үйл явдлыг хорооны шатан дээрээс харах боломжгүй, тухайн хэрэг гарах үед Б.Б, Г.ЭД.Бнар албаны хувцасгүй байсан нь хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр нотлогдоно.

Мөн гэрч Л.Цэрэнсанги болсон үйл явдлыг харсан гэж мэдүүлдэг ба Б.Б, Г.ЭД.Бнар тухайн үед ямар нэгэн хүн байгаагүй, харин Б.Отгонбатыг машинд суулгаж байхад нэг хүн явж өнгөрсөн талаар мэдүүлдэг.

Хохирогчид учирсан гэмтэл ямар байдлаар учирсан бэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан тайлбар, мэдүүлэг, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах санаа, зорилготой үйлдэл хийсэн эсэхийг мөрдөн байцаалтаар шалгаагүй, атлаа шүүх хохирогчийн “хэргээ хүлээ гэж дарамталсан” гэх мэдүүлгээр, гэмтэл учирсан гэх үйл баримтаар “эрүүдэн шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхдээ цаг, хугацааны хувьд хэрэг болсноос жилийн дараа хохирогч дагуулж ирсэн, нэг байранд эсхүл ойролцоо байранд амьдардаг, харилцаа холбоотой хүмүүс гэдгийг анхаараагүй. Ийм учраас хэргийн газарт үзлэг хийж, дээрх гэрчүүдийн мэдүүлгийг шалгах нь хэргийн бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооход чухал ач холбогдолтой ба мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанаар үүнийг тогтоох ажиллагаа явуулаагүй, хэрэг үйлдэгдсэн гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг бүрэн үнэлээгүй нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох ажиллагааг шүүх явуулаагүй, “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэл юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.ЭД.Бнарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүү шүүлт тулгах” гэсэн ойлголтыг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйл заалтын гарчгийг тайлбарлах замаар гэмт хэргийн үндсэн ойлголтоо тодорхойлсон байдаг. Шүүх түүнийг шууд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийг дээрх конвенцийн заалтаар тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн гарчгийг ухагдахууны хувьд тайлбарлаж хэрэглэх бус гэмт хэргийн объектив болон субъектив талын үйлдэл, гэм буруугийн зорилгыг тодорхойлсон нэр томьёог конвенцид юу гэж тодорхойлсон байгаатай холбон тайлбарласан бол хуулийн хэрэглээ зөв болох байсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан “тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах” гэсэн хуулийн хэм хэмжээ болгон тодорхойлсон нэр томьёо, үгийн ухагдахууныг “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-д хэрхэн үзэж тодорхойлсон байдгийг шүүх тайлбарлаж хэрэглэх ёстой байсан. Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт “гэмт хэргийн нөхцөл” болгон тодорхойлоогүй үг, нэр томъёог конвенцид ийм байдлаар тодорхойлсон байдаг гэдгээр Эрүүгийн хуулийн зүйл заалтыг тайлбарлаж хэрэглэсэн байгаа нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж хууль зөрчихөд хүргэсэн байна.

Яллах дүгнэлтэнд “хэргээ хүлээ, Зоригоо та 2 машины шил хагалсан, Сонгино хайрхан дүүрэгт чиний үйлдсэн хэрэг байна” гэх зэргээр хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгасан гэж буруутгасан. Гэтэл шүүх “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авахаар өөрөө бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутай гэж үзсэн. Шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлтэнд “шүүгдэгч Б.Б, Г.ЭД.Бнар хохирогч Б.Отгонбатыг Б.Батзориг гэгчийн хаана байгааг заалгах зорилгоор хөл нь гэмтсэн гэдгийг мэдсээр байж бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож Багануур дүүрэг авч явж эрүү шүүлт тулгасан” гэснээс харвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зорилгуудын аль нь ч эдгээр хүмүүсийн үйлдэлд байхгүй байсан нь тодорхой харагддаг. Хохирогч Б.Отгонбатын мэдүүлгээс өөрөөр энэ талаар шалгагдаж тогтоогдсон нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Харин шүүгдэгч нарын мэдүүлэг болон хохирогчийг Багануур дүүрэг лүү авч явсан талаарх бусад баримтаас эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн Батзориг гэгчийн найз, танил, уулзалдаад удаагүй байсан талаар мэдээлэлд тулгуурласан утгаар түүний байршил байгаа газрыг тогтоолгох, заалгах зорилготой үйлдэл хийгдсэн гэдэг нь хөдөлбөргүй тогтоогдсон. Энэ талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь ч маргадаггүй.

Гэтэл Г.ЭД.Бнарын холбогдсон Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирогчийн биед ямар ч гэмтэл учраагүй. Түүнчлэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтыг үндэслэн хохирлыг Төр хариуцах үүрэгтэй болохыг дурдсан байдаг. Нэгэнт хохирол учраагүй гэмт хэргийн тухайд нийгмийн хор аюулын шинж ямар хэмжээнд байх нь ойлгомжтой байсан. Илт гэмт хэргийн шинжгүй үйлдэлд хэт яллах байр сууринаас хандаж хүнд ял шийтгэж байгаагаас шүүгчийн үйлдэлд эргэлзээ төрөхүйц байна.

Иймд Г.ЭД.Б, Б нарыг Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Б, Г.ЭД.Бнарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн хохирогч гэх Б.Отгонбат нь 2010 онд авто осолд орсон, тархи толгойны өвчтэй гэж мэдүүлдэг бөгөөд 2012 оноос Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд эмчлэгдэж, 2012 оноос Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгож байсан байдаг. 2012 онд “306” “Гавал доторх гэмтэл” оношоор 60 хувь, 2013 онд 60 хувь, 2014 онд 0-40 “Эпилепси” оношоор 60 хувь, 2015 онд мөн оношоор 60 хувь, 2016 онд 60 хувь, 2017-2019 онд 70 хувь, 2019 оны 6 дугаар сарын 27-ноос 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл уг оношоор 70 хувиар тус тус акт тогтоогдсон байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/85/241 тоот хамтарсан тушаалаар батлагдсан зааврын 1.4.2-т “Өвчин эмгэг нь архагшин, эрхтэн бие махбодийн тогтоц, үйл ажиллагаанд нь гүнзгий нөлөөлж, хөдөлмөрийн чадвараа бүр мөсөн буюу удаан хугацаагаар алдсан боловч байнгын асаргаа сувилгаа шаардахгүй, ихэнхдээ өөрөө өөртөө үйлчлэх чадвартай өвчтөнд хөдөлмөрийн чадвар алдалтыг 70-79 хувиар тогтооно” гэжээ. Энэ байдлаас үзэхэд хохирогч Б.Отгонбат нь тархины гэмтлийн гаралтай “Уналт таталт” өвчтэй байх бөгөөд ийм өвчтэй хүн эрх зүйн чадамжтай эсэх, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадвартай эсэх, хэрэв чадамжгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан хохирогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг зайлшгүй тогтоолгох шаардлагатай байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Отгонбатын удаа дараагийн гомдлууд бүгд өөр өөр бичиг үсгийн хэлбэрээр бичигдсэн нь эдгээр гомдлуудыг Б.Отгонбат өөрийн гараар бичсэн гэх үндэслэлгүй, хохирогч нэг цаг хугацаанд болсон үйл явдлыг өөр өөрөөр хэлж мэдүүлж байсан, нэг ч удаа хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчтэй байцаалт мэдүүлэг өгч байгаагүй нь мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны явцад түүний хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж дүгнэх, нотлох баримтаар үнэлэх боломжгүй болгож байна. Мөрдөн байцаах, прокурорын байгууллага, уналт таталт өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан Б.Отгонбатын хуульд заасан эрх ашгийг хамгаалах, хууль ёсны төлөөлөгчийг томилох ажиллагаа огт хийгээгүй, түүний сэтгэцийн байдлыг шинжээч томилж шалгуулах талаар хэргийн оролцогч нараас гаргасан удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон нь энэ хэргийн хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх, эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоогоогүй орхисноор хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч гэх Б.Отгонбатыг мушгиж, газар унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүхийн тогтоолд дүгнэсэн байна. Б.Отгонбат нь Б.Бын биед халдаж, түүнтэй давхралдаж унахдаа хөлөө нугалж унаснаар хөлд нь гэмтэл учирсан байх үндэслэлтэй байгаа бөгөөд тухайн хэрэг болсон өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 25-ны орой Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн үзлэгийн хуудсанд тэмдэглэснээр Б.Отгонбатыг эмч С.Галт үзэж, “Шилбэний өнгөц гэмтэл, тодорхойгүй” гэсэн клиникийн урьдчилсан онош тавьж, үзлэг, шинжилгээ, зөвлөгөө гэсэн хуудсыг бөглөсөн байна. Гэтэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайханы гарын үсэгтэй 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 171 тоот албан бичгээр Б.Отгонбатын биед эмч Б.Батзориг үзлэг хийж, зөвлөгөө өгсөн гэсэн байдаг ба Б.Батзориг эмч гэрчээр байцаагдаж энэ талаар бас мэдүүлсэн байна.

Хохирогч Б.Отгонбат нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн эмчийн үзлэгийн дараа 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр баруун хөлөндөө МRI шинжилгээ хийлгэсэн, уг шинжилгээгээр “Баруун өвдөгний урд чагтан холбоосын  тасрал дотор мениск холбоосын  урагдал, арын чагтан холбоосын  суналт” гэсэн онош тавигдсан. Мөн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Рефлекс эмнэлэгт үзүүлж, “Шилбэний мэдрэлийн гэмтэл, баруун тавхайн санжилт” гэсэн онош тавигдсан баримтаар шүүх эмнэлэгт үзүүлж, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүх эмнэлгийн шинжээчийн 6724 тоот дүгнэлт гарч эдгээр шинжилгээ оношлогоог үндэслэн түүний биед учирсан гэмтлийг “Хүндэвтэр” зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт бичигдсэн байдаг. Гэтэл Б.Отгонбат нь 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хөл тавхайн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр дээрх шинжилгээ, оношилгоонд тавигдсан гэмтлийн улмаас баруун хөлийн өвдөгний үений чагтан холбоосыг бэхлэх хагалгаанд орсон байдаг бөгөөд уг хагалгаагаар Б.Отгонбатын баруун хөлийн чагтан холбоос тасраагүй болох нь уг өвчний түүхэнд бичигдсэн бичиглэлээс тодорхой байна.

Б.Отгонбатыг уг хагалгаанд орсны дараа 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 1170 тоот шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарч, түүний биед үүссэн гэмтлийг “Хүнд” зэрэгт хамааруулснаас гадна 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй шүүх эмнэлгийн шинжилгээ хийгдэж 349 тоот дүгнэлтийг гаргахдаа 1170 тоот дүгнэлтийг үндэстэй гэж батлан, дээрх дүгнэлтүүдэд тавигдсан оношийг үнэн зөв гэж дүгнэсэн байна. 1170 тоот дүгнэлт болон гурван эмчийн бүрэлдэхүүнтэй хийгдсэн 349 тоот дүгнэлтүүдийг гаргахдаа шинжээч нар хохирогч гэх Б.Отгонбатыг биеэр үзээгүй, зөвхөн өмнөх 6724 тоот дүгнэлт, хэргийн материалд үндэслэн дүгнэлт гаргасан болох нь эдгээр дүгнэлтүүдэд тодорхой тэмдэглэгдсэн байна. Энэ байдлаас үзэхэд Б.Отгонбатын биед Шүүх эмнэлгийн дүгнэлтэд заагдсан гэмтлүүд учирсан эсэх нь туйлын эргэлзээтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжаар үзсэн С.Галт эмчийн тавьсан анхны онош, 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хийгдсэн хагалгааны үр дүнгээр энэ хүний баруун хөлийн өвдөгний үений чагтан холбоос тасраагүй, баруун зүүн хөлийн мэдрэлийн рефлекс хэвийн, хагалгааны өмнөх эмчийн үзлэгт зөвхөн баруун талын өвдгөөр нугалж тэнийлгэхэд эмзэглэлтэй гэсэн бичиглэл яагаад 2018 оны 7 дугаар сарын 28-нд дахин хагалгаанд орохдоо гэмтэлтэй болж гарч ирсэн нь ойлгомжгүй байна.

Хохирогч Б.Отгонбат нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны подвальд оёдол хийдэг гэх бөгөөд одоо ч уг оёдлын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа, баруун хөлийн чагтан холбоос тасарсан, тавхай унжсан, санжилттай хүн оёдлын хөл машин гишгээд ажил үйлчилгээ явуулах боломжгүй юм. Мөн Б.Отгонбат нь хуулийн байгууллага, шүүх хуралдаанд ирэхдээ суга таягтай ирж, эмчилгээний зардалд 96 сая төгрөг нэхэмжилж, цаашид гадаадад эмчилгээ хийлгэнэ хэмээн шүүгдэгч нараас 400 сая төгрөг нэхэж байгаа нь хэр үндэстэй болохыг тогтоолгох, сэтгэцийн эмнэлэг, шүүх эмнэлэгт яагаад очиж үзүүлэхээс татгалзаад байсан шалтгааныг тогтоох, энэ хүний биед үнэхээр гэмтэл учирсан бол гэмтлийн ямар зэрэгт хамаарах, тэрээр хөдөлмөрийн чадвараа тогтонги 35 хувиар алдсан гэдэг нь ямар үндэслэлээр тодорхойлогдож байгаа, одоо биеийн байдал нь ямар байгаа болохыг дахин тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас ажлаасаа халагдаж Захиргааны хэргийн шүүхээр уг асуудлаа шийдвэрлүүлсэнтэй холбоотойгоор түүний гэр бүлийн хүн Т.Мөнх-Учрал 2019 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд хохирогч Б.Отгонбаттай уулзахаар гэрт нь очих үед энэ хүн ямар ч гэмтсэн шинжгүй, гэрийн дулаалгаа хийж, юм өргөн зөөж байсныг дүрс бичлэг, фото зургаар бэхжүүлэн авсан байдаг бөгөөд харин хэрэгт нотлох баримтаар өгч чадаагүй байсныг гомдолд хавсаргав.

Хохирогч Б.Отгонбат нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр булчин шилжүүлэх буюу 2 дахь хагалгаанд орсон байдаг. Уг өвчний 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр бусдад зодуулж гэмтсэн гэж 2 удаа тэмдэглэгдсэн байх ба аль алинд нь Б.Отгонбат өөрөө энэ талаар хэлсэн байна. Мөн хэсэг газрын үзлэгт “Баруун тавхайг дээш татахгүй, унжина” гэж тэмдэглэжээ. Энэ талаар шинжээчийн 349 тоот дүгнэлтэд мөн тодорхой тусгасан байдаг. Б.Отгонбатын “Баруун тавхайн унжилт” хэдийд үүссэн болох, булчин шилжүүлэх хагалгаа нь түүний өмнө орсон буюу баруун өвдөгний чагтан холбоосын  урагдал гэмтэлтэй холбоотой эсэх, холбоотой бол яагаад өмнөх хагалгааны үед илрээгүй, оношлогдоогүй болохыг дүгнэлтэд огт дүгнээгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Энхтулгын өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шүүгдэгч Г.Э нь үйлдээгүй юм. Тийм учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт өгөөгүй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг дурдаад, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.ЭД.Бнарын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нийтэд нь оногдуулаад байгаа юм уу, шүүгдэгч тус бүрт нь оногдуулаад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Шийтгэх тогтоолоос харвал эрх хасах ялыг шүүгдэгч тус бүрт 8 сараар, хорих ялыг 6 сараар оногдуулсан юм шиг ийм байдал харагдаж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь ойлгомжтой, биелүүлэхэд ямар нэгэн  эргэлзээгүй байх гэсэн хуулийн заалт зөрчсөн. Г.Э нь Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр баталсан Улаанбаатар хотод хийж гүйцэтгэх ажил гэсэн томилолтын дагуу АСАП сангаас эрэн сурвалжилж байгаа нэр бүхий этгээдүүдийг хаана байгааг олж тогтоох энэ үүргийн дагуу ажилласан байдаг. Энэ төлөвлөгөөний дагуу ажилласан тайлан нь хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан тайлбар, мэдүүлэг авах зорилго байгаагүй. Шийтгэх тогтоолын 18 дугаар талд заасан эрэн сурвалжлагдаж байсан Батзориг гэж этгээд хаана байгааг олох зорилгоор гэж дурдсан. Батзориг гэх этгээд шүүхийн шатнаас оргон зайлсан учраас түүнийг олох зорилготой энэ үүргийнхээ дагуу Улаанбаатар хотод ирсэн. Б.Отгонбат гэдэг хүнтэй Батзориг хамт ял эдэлж байсан. “Эргэн дурсахуй” бааранд 7 хоногийн өмнө уулзаж байсан гэдэг мэдээллээр Б.Отгонбатаар Батзоригийг заалгах зорилготой байсан. Цагдаагийн албан хаагчийн Улаанбаатар хотод хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гэдэг хавтас хэргийн материал байж байгаа. Энэ төлөвлөгөөг шүүх шинжлэн судлаагүй. Энэ нь юуг хэлээд байна гэхээр шүүх хэт нэг талыг барьсан. Өөрөөр  хэлбэл яллах талыг бариад, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, тийм учраас хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн шийтгэх тогтоолын 14 дүгээр хуудасны 4 дэх мөрөнд “шүүгдэгч нар нь гуравдагч этгээд буюу хэрэгт ач холбогдолгүй Б.Отгонбатаас мэдээ сэлт авах, Батзориг гэгчийг хаана байгаа талаар олох зорилгоор үйлдэл хийсэн нь тогтоогдсон” гэсэн атлаа огт холбогдолгүй хүнийг авч явсан гэж нотлогдоод байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт өмгөөлөгч нар бүгдээрээ гэмт хэргийн шинжийг хэлсэн учир давхардуулах шаардлагагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүү шүүлт тулгах гэмт хэрэг нь 6-7 шинжтэй байна. Энэ шинжийн алийг нь зөрчсөн эсэх нь тодорхойгүй. “Мэдээ сэлт авна” гэдэг шинж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байхгүй. Шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гээд заасан. Мөн хуулийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Тэгэхээр шийтгэх тогтоолын дүгнэлт энэ хуулийн заалттай зөрчилдөж байна гэж үзэж байна. Иймээс Г.Э нар нь Б.Отгонбатаас Батзориг гэх хүнийг хаана байгааг олуулах зорилгоор мэдээлэл авах үйлдэл бол хийгээгүй юм. Энэ үйлдэл нь шүүгдэгч нарт ял оногдуулаад байгаа эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцид хохирогч Б.Отгонбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийн оролцогч биш гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Отгонбат нь ямар нэгэн гэмт хэрэгт сэрдэгдээгүй, сэжиглэгдээгүй, гэмт хэрэгт  холбогдсон  этгээд биш бөгөөд шүүгдэгч нар нь Б.Отгонбатаас тайлбар, мэдүүлэг авах ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Тийм үүрэг ч шүүгдэгч нарт байхгүй байсан. Шийтгэх тогтоолын 18 дугаар талд Б.Б, Г.ЭД.Бнарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн учраас ял хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдлоо гэж дүгнэсэн байгаа. Ингэсэн атлаа шийтгэх тогтоолын 17 дугаар талд ухамсарлаж, хүсч үйлдсэн хор уршигт зориуд хүргэсэн гэмт хэргийн хэлбэр байна гэсэн нь зөрчилдөж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэдэг нь урьдчилан мэдээд тооцоолох ямар нэгэн боломж байхгүй, гэнэт үүссэн нөхцөл байдлыг тохиолдлын шинжтэй гэж үзнэ. Тохиолдлын шинжтэй эрүү шүүлт тулгана гэж байхгүй. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болж чадсангүй гэж үзэж байна. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ингэж дүгнэчихээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаад эрх зүйн байдлыг дордуулсан байна. Ял хөнгөрүүлнэ гэдэг чинь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ял хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байдаг. Гэтэл шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байна. Ийм учраас шүүхийн шийтгэх тогтоолд Б.Б, Г.ЭД.Бнар нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Б.Отгонбатыг хэргээ хүлээ, чамайг автомашины шил хагалсан, Сонгинохайрхан дүүрэгт чиний хэрэг байгаа гэж тулгасан” гэж яриад байдаг. Гэтэл энэ хүмүүс Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт ажилладаг бөгөөд цагдаагийн албан хаагч нар байж Б.Отгонбат Сонгинохайрхан дүүрэгт хэрэгт шалгагдаж байгаа эсэхийг мэдэх боломжгүй юм. Мөн Б.Отгонбатыг 8-9 цаг шаналган зовоосон гэж шийтгэх тогтоолд дүгнэлт өгсөн. Тэгвэл 14 цагт Б.Отгонбат гэх хүнтэй уулзаад Б.Отгонбатаар эрэн сурвалжлагдаж байгаа Батзоригийг заалгахын тулд Багануур дүүрэг рүү авч явсан. Багануур дүүрэгт очоод жижиг дунд үйлдвэрлэлээс оймсны үйлдвэр асуусан. Оймсны үйлдвэр татан буугдсан байсан. Улаанбаатар хотоос Багануур дүүрэг ороод ирэх энэ хугацаа 8 цаг болсон. Гэтэл  энэ хүнийг 8-9 цаг эрүүдэн шүүнэ гэдэг нь энэ хүнийг хаа нэг газар мөрдөн байцаалтын нэг өрөөнд оруулж байгаад мэдүүлэг авах гээд шаналган зовоогоод, хүч хэрэглэсэн зүйл байхыг шаардана. Тэгэхэд ийм зүйл болоогүй зөвхөн Багануур дүүрэгт ирж очсон үйлдэл байсан гэж хэлмээр байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч нараас гаргуулах төлбөр дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд зааснаар хохирол төлбөрөө жич нэхэмжлэх эрхтэй гэсэн байгаа. Хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчид эрүү шүүлт тулгасан нь нотлогдсон байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирлоо төлнө. Тэгэхээр Б.Отгонбат гэх хүн яллагдагч биш, энэ хүний бие махбодид хохирол учирсан бол гэм хороо жич нэхэмжлэх эрхтэй байхад шүүх үүнд буруу дүгнэлт өгсөн. Мөн хохирогчийн мэдүүлгийг үнэлэхдээ хэргийг өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэх байдлаар мэдүүлгээ өгөөд яваад байсан байна. Хохирогчийн өгсөн мэдүүлэг үнэхээр бодитоор үнэн эсэхэд шүүгдэгч нар болон өмгөөлөгч нар бүгд эргэлздэг. Гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг. Шүүх хэргийг хянан шийдвэрлээд шийтгэх тогтоол гаргахдаа гэрч, хохирогч нарын мэдүүлгийг хэзээ өгсөн, аль мэдүүлгийг үндэслэлтэй гэж авч үзээд байгаа, аль мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзэж байгаадаа няцаалт өгсөн байх ёстой. Ийм ажиллагаанууд хийгдээгүй. Үнэхээр мэдүүлгүүдэд ач холбогдол өгч, бусад мэдүүлэгтэй харьцуулаагүй хэт хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөөд явсан гэж санагддаг. Шийтгэх тогтоолын 5, 6, 7 дугаар талд ар өвөргүй хохирогчийн мэдүүлгийг бичсэн байгаа. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан нотлох баримтуудад дүгнэлт няцаалт хийгээгүй, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан дүгнэлтийг үндэслэлтэй хийгээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан шүүхийн шийтгэх тогтоол нь ойлгомжгүй эргэлзээ төрүүлэхүйц болсон. Иймд шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй тул миний үйлчлүүлэгч Г.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулсан ял шийтгэл үндэслэлгүй юм. Тийм учраас түүнийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Б.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэргийн хохирогч Б.Отгонбат, гэрч Л.Цэрэнсанги, Г.Цэнд-Очир нар нь мэдүүлгүүдээ удаа дараа тогтвортой өгсөн байдаг. Эдгээр хүмүүсийн мэдүүлэгт ямар нэгэн эргэлзэх зөрүүтэй зүйл байдаггүй. Хохирогч Б.Отгонбат, гэрч Л.Цэрэнсанги, Г.Цэнд-Очир нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч Л.Цэрэнсанги мэдүүлэхдээ “том биетэй залуу нь дараад унагаасан. Би 10 метрийн зайнаас харж байсан” гэж мэдүүлдэг. Хохирогч гэрч нарын мэдүүлгийг шалгуулах тухай хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж байгаагүй бөгөөд энэ хүсэлт бол хэрэг анхан шатны шүүхэд ирснээс хойш яригдсан асуудал. Хэрэгт гаргаж байсан оролцогч нарын хүсэлт, гомдлыг тухайн хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгч байсан. Хэн нэгний гомдол хүсэлтийг шийдвэрлэхгүй, дарагдуулаад байсан зүйл байхгүй. Тухайн хэрэг болсон газар хэргийн газрын үзлэг хийсэн. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг хэрэгт хавсаргасан байдаг. Шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд бол шүүх хуралдааны явцад “хохирогчийн мөрөн дээрээс нь барьж аваад барилддаг байрын том биетэй залуу мушгиж унагаасан” гэж удаа дараа тогтвортой мэдүүлсэн байдаг. 

Гэмтлийн зэргийн тухайд шинжээч эмч Аригуунтөгс анх 6727 дугаартай дүгнэлтийг гаргахад хохирогчийн биед “баруун тавхайн саа гэмтэл” гэж  гарсан.  Дахин 1170 дугаартай дүгнэлтийг нэмэлтээр гаргахад нөгөө баруун тавхайн саа гэмтэл нь баруун тавхайн санжилт болж хүндэрсэн байдаг. Ийм учраас анх тогтоогдсон хүндэвтэр зэргийн гэмтэл нь  хүнд зэрэг болж өөрчлөгдсөн байдаг. Энэ нь үндэслэлтэй байдаг. Аригуунтөгс шинжээчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэхэд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж 349 дугаартай дүгнэлт гарсан. Үүнд Аригуунтөгс шинжээчийн дүгнэлт аль аль нь үндэслэлтэй байна. Баруун тавхайн санжилт гэмтэл байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Дүгнэлтийн талаар шинжээч нараас тодруулсан байдаг. Шинжээч эмч Аригуунтөгс “Би Б.Отгонбатыг биеэр үзсэн юм” гэж мэдүүлсэн байдаг. Б.Отгонбат гэдэг хүний зөвхөн эмнэлгийн бичгийг үндэслээгүй, биеэр нь үзэж дүгнэлт гаргаснаа мэдүүлсэн байдаг. Мөн Ц.Алтанцэцэг өмгөөлөгч чагтан холбоосны тухай ярьж байна. Яг хүнд зэргийн гэмтэлд хамаарсан нь баруун шилбэний булчинг мэдрэлжүүлдэг мэдрэлийн салаа гэмтсэн гэсэн гэмтлийн улмаас тавхайг өргөх булчингийн үйл ажиллагаа алдагдаж, тавхай өргөгдөхгүй болсон нь хүнд зэргийн гэмтэлд хамаарна гэсэн мэдүүлгийг Чимэд-Очир шинжээч өгсөн байдаг. Тухайн гэмтсэн мэдрэлийн ширхэг нь нөхөн төлжиж ургадаггүй гэж шинжээч эмч мэдүүлсэн. Тэгэхээр хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан учир тогтонги байдал алдагдсан байна. Энэ гэмтэл нь сэргээгдэхгүй юм байна гэсэн үндэслэл болж байна. Мөн Рефлекс эмнэлгийн дүгнэлт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд эрүүдэн шүүлт тулгах гэж  заасан. Эрүү шүүлт тулгах гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан байдаг. Манай улс 1984 онд батлагдсан Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэн орсон байдаг. Уг конвенцийн 1 дүгээр зүйлд “эрүү шүүлт” гэдэг  ойлголт ухагдахууныг тодорхойлсон байдаг. Тэгэхээр манай улс нэгэнт нэгдэн орсон гэрээ конвенцийг Эрүүгийн хуулийн нэр томъёо ухагдахууныг тайлбарлахад хэрэглэнэ гэж Эрүүгийн хуульд заасан учир энэ эрүү шүүлт тулгах гэсэн тодорхойлолт хэрэглэж хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж байгаа асуудал биш юм. Энэ тодорхойлолт бол “мэдээ сэлт авах” гэсэн зүйл байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан “тайлбар мэдүүлэг авах” гэдэгтэй утга нэг юм. 

Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол хоорондоо зөрүүтэй гэж байна. Ийм зөрүүтэй зүйл байхгүй. Прокурорын яллах дүгнэлтэд эрэн сурвалжилагдаж байсан Батзориг гэх хүнийг хаана байгаа газрыг заалгах зорилгоор Багануур дүүрэг рүү авч явсан. Бие махбодь, сэтгэл санааг шаналган зовиур үүсгэж, эрүү шүүлт тулгасан гэж   яллах дүгнэлтэд бичигдсэн байгаа. Хохирогчийн сэтгэцийн байдлын талаар ярьж байна. Хэрэгт нэгэнт авагдаагүй баримтад тулгуурлаж давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заавал шинжилгээ хийлгэх тохиолдлуудыг заасан. Хохирогчийн мэдүүлгийг аваад үзэхээр хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой зөв мэдүүлэг өгөхөд эргэлзээ төрүүлэхүйц зүйл байхгүй байна. Хавтас хэрэгт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн бичигт Б.Отгонбат нь сэтгэцийн хувьд эрүүл байна гэсэн байдаг. Хохирлын хувьд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх хэсэгт хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байгаа. Прокурорын зүгээс дээд шатны прокуророос үүрэг өгсөн гэж шүүгдэгч нарт ярьсан, хэлсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчигдөөгүй, хэргийн гарсан байдлыг бодитой тогтооход хангалттай нотлох баримт цугларсан байна.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны подвальд байрлах хувцас захиалга засварын газрын гадаа иргэн Б.Отгонбатад халдан газар унагаж, эрүүл мэндэд нь баруун шилбэний мэдрэлийн гэмтэл, баруун тавхайн санжилт, баруун өвдөгний дотор болон гадна менискийн урагдал, арын чагтан холбоосын суналт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Отгонбат “...бөх барилддаг гэсэн залуутай ажлын үүдэнд хамт буугаад ажил руу орж түлхүүр аваад байж байтал “чамайг алж өгнө өө, чи их зэвүүн хулгайчаа” гэж хэлэн намайг цохих гэсэн, би толгой тархины өвчтэй хүн шүү гэж хэлсэн чинь чамайг хэн цохих гэсэн юм гэж хэлсэн. Шатаар өгсөөд дээшээ гараад зогсож байтал намайг барьж аван мушгиж, газар унаган хоёр гар гавлаж, газар чирэн машинд суулгасан. Ёооё, хөл хугарчихлаа гэж хэлсэн чинь чиний хөл зүгээр байна гээд өвтгөөд байсан.” /1хх 5/,

гэрч Д.Бадарч “...гадагшаа гараад эмийн сан орж даралтны эм авахаар явж байтал миний ард хэд хэдэн хүмүүс чанга дуугарахаар нь эргээд хартал 3 хар хувцастай хүн нэг залууг чирч зулгаагаад хар өнгийн суудлын машины арын хаалга руу оруулж харагдсан.” /1хх 127-128/,

гэрч Г.Цэнд-Очир “...Отгонбатыг ажлын байрны үүдний орчим нь гадаа хар хөх бараан өнгийн хувцастай залуу мөрөн дээрээс нь барьж мушгих шиг болоод л өөрийн доор оруулаад давхралдаад унаж байсан зүйл ажиглагдсан. Тэгээд “Отгонбат ёо ёо хөл хугарчихлаа” гээд орилоод байсан.” /1хх 129/,

гэрч Б.Энх-Амгалан “...манай дүү Отгонбат баруун талын орон дээр хэвтчихсэн, хажууд нь нүүрэндээ урт сорвитой залуу зогсож байхаар нь яасан юм ахын дүү гэж асуусан. ....Дүү дээр очоод хөлийг нь харсан чинь баруун хөлийн шилбэний хэсгээр хавдчихсан байхад нь барилдаад ийм болно гэж байхгүй гэж асуухад намайг үүрээд авч шидээд дээрээс дарж унаад хөл гэмтээсэн гэж хэлсэн.” /1хх 131/,

гэрч Л.Цэрэнсанги “...бүдүүн залуу оёдлын газрын хаалга түгжиж байсан залуугийн мөрөн дээрээс нь бариад мушгиад зүүн тал руу унагаад дээрээс нь өөрөө давхар унасан.” /1хх 134/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Отгонбатын биед баруун өвдөгний урд чагтан холбоосын тасрал, дотор мениск холбоосын урагдал, арын чагтан холбоосын суналт, шилбэний мэдрэлийн /n.peroneus/ гэмтэл, баруун тавхайн саа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн 6724 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Отгонбатын баруун хөлийн гэмтэлд хийсэн мэс засал нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Б.Отгонбатын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал дарах, дарагдах, мушгих зэрэг огцом гэнэтийн хөдөлгөөн хийх үед үүсгэгдэх боломжтой. 2018 оны 4 дүгээр сарын 26-нд баруун хөлд гөлтгөнөн боолт хийсэн нь учирсан гэмтлийг хүндрүүлэхгүй. Б.Отгонбатын биед баруун шилбэний мэдрэлийн /n.peroneus/ гэмтэл, баруун тавхайн санжилт, баруун өвдөгний урд чагтан холбоосын суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.17.111.3-т хөдөлмөрийн чадварын тогтонги 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн 1170 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 141/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “М.Аригуунтөгсийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6724, 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1170 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Б.Отгонбатад учирсан гэмтэлд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар болон хагалгаа хийсэн эмч нарын онош, анхан шатны яаралтай тусламжийг зөв үзүүлсэн, оношийн дагуу эмчилгээ хийсэн байна. Б.Отгонбатын биед баруун шилбэний мэдрэлийн /n.peroneus/ гэмтэл, баруун тавхайн санжилт, баруун өвдөгний дотор болон гадна менискийн урагдал, арын чагтан холбоосын суналт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайлбал дарах, дарагдах, мушгих зэрэг огцом гэнэтийн хөдөлгөөн хийх үед үүсгэгдэх боломжтой. Ирүүлсэн материалаар хохирогч Б.Отгонбатын биед хуучин гэмтлийн өөрчлөлт тогтоогдсонгүй. Хохирогч Б.Отгонбатын биед үүссэн дээрх гэмтлүүдэд мэс заслын эмчилгээ хийгдсэн боловч баруун хөлийн үйл ажиллагаа бүрэн сэргээгүй. Б.Отгонбатад учирсан гэмтлийг тогтоосон оношилгоо эмчилгээний баримтууд бүрэн, баримтуудад үндэслэж дүгнэлт өгөх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.17.111.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн 349 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд /2хх 66/ болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий сувъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн  дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгчөөр, Г.Э нь хэрэг бүртгэх тасгийн даргаар, Д.Бнь жижүүрийн ахлах офицероор тус тус ажиллаж байхдаа бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Б.Отгонбатыг “хэргээ хүлээ, Зоригоо та хоёр машины шил хагалсан, Сонгинохайрхан дүүрэгт чиний үйлдсэн хэрэг байна” гэх зэргээр тулган, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны гаднаас Б.Отгонбатын баруун хөлийг гэмтсэнийг мэдсээр байж эмнэлгийн байгууллагад хандах боломж олголгүй, эрэн сурвалжлагдаж байсан этгээд Б.Батзориг гэгчийн хаана байгаа газрыг заалгах зорилгоор автомашинд гавлан суулгаж Багануур дүүрэг рүү авч явж, Б.Отгонбатын бие махбод, сэтгэл санааг 8-9 цагийн турш шаналган зовоосон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Отгонбат “...“чи машинд суу” гэж суулгаад “за Отгонбатаа хэргээ хүлээ” гэж хэлсэн. “Зоригоо та хоёр машины шил хагалсан, Сонгинохайрхан дүүрэгт чи хэрэг хийсэн байна. Чи Зоригоо гэдэг хүний дүүтэй яриад өгөөч” гэж хэлсэн. “Зоригоо чам руу юу гэж ярьсан” гэж асуухад нь би “Зоригоо Багануур дүүрэгт байна гэж ярьсан” гэж хэлсэн. “Чамайг мөрдөнд хийнэ” гэж нэг тарган хүн нь хэлсэн. ...бөх барилддаг гэсэн залуутай ажлын үүдэнд буугаад ажил руу орж түлхүүр аваад байж байтал “чамайг алж өгнө, чи их зэвүүн хулгайч аа” гэж хэлэн намайг цохих гэхээр нь “би толгой, тархины өвчтэй хүн шүү” гэж хэлээд шатаар дээшээ гараад зогсож байтал намайг барьж аваад мушгиж, газар унаган гар гавалж, газар чирэн машинд суулгасан. “Ёо ёо хөл хугарчихлаа” гэж хэлсэн чинь “чиний хөл зүгээр байна” гээд өвтгөөд байсан. “Миний хөл эвгүй байна, эмнэлэг явъя, миний утсыг өгөөч, би ах, дүү нар луугаа яримаар байна” гэж хэлэхэд утас өгөхгүй байсан. “чиний зөөлөн эд л биз дээ, юун бааштай юм” гэж хэлсэн. Удалгүй хотоос гараад Хонхорт очсон, хээр зогсоод “Отгоо буугаач дээ, чамайг ямар өргөж буулгалтай биш дээ” гэж хэлсэн. “Хөл өвдөөд байна, би бууж чадахгүй” гэж хэлэхэд “энд ямар гэмтлийн эмнэлэг байх биш дээ” гэж хэлэн инээгээд байсан. ...18 цагийн үед Багануур дүүрэг орсон... 22 цагийн үед гэмтлийн эмнэлэг дээр ирээд “би чамайг замдаа хаявал хаях л байлаа, чи одоо барилдсан гэж хэлээрэй” гэж хэлсэн. Хоёр хүн намайг өргөж гэмтлийн эмнэлэг рүү орсон. Ороод хөлийнхөө зургийг авахуулаад эмчид үзүүлсэн... Би Бын доор нь орж, араас нь тэвэрч унасан асуудал байхгүй. Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүрэг өнгөрөөд Хонхорын тэнд очиж миний гавыг Б.Б тайлсан... Сэлэнгэ аймагт байгаа дарга нар мэдсэн, хөл чинь зүгээр юм чинь эргэлтийн мөнгө өгч байна гэж хэлээд 1.000.000 төгрөг өгсөн.” /1хх 5-6/,

хохирогч Б.Отгонбат анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...намайг “чи Зоригоогийн дүүг таних уу” гээд утас руу нь залгуулж яриулсан. Тэд нар Сэлэнгэ аймгаас явж байна Зоригоо гэдэг хүнийг олоод өг гэж хэлсэн. Би ажилтай, толгой, тархины өвчтэй хүн, би явъя гэхэд Б.Б, Э.Хашбат хоёр намайг чи хэрэг хийчихээд яах гээд байгаа юм гээд явуулаагүй. Би ахтайгаа утсаар яриад хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаарай, би амжихгүй гэж хэлсэн. Би Зоригоотой найз байгаагүй. Г.Э танай ажлын байранд очоод хаалгыг нь цоожилъё гэсэн. Б.Б миний хүзүүний араас базаад ажил руу дагуулаад орсон бөгөөд “чамайг мөрдөнд аваачаад ална” гэж хэлсэн. Би ороод түлхүүрээ аваад гарсан. Намайг Б.Б цохих гэхэд “би толгой, тархины өвчтэй хүн” гэж хэлсэн. Намайг мушгихад би газар унасан. Д.Бминий толгой руу цохисон. Г.Э “хүн харж байна, гялс машинд суулга” гэхэд намайг чирээд машинд суулгаж гавласан. Та нар намайг эмнэлэгт хүргээд өг гэхэд Э чи одоо эмнэлэгт очно гэж хэлсэн. Тэр үед Г.Эас архи үнэртэж байсан. Б.Б тухайн үед би боксчин гэж хэлж байсан. Миний хөл их өвдөж байхад намайг цаашаа аваад явсан. Хотоос гараад явахад би эмнэлэг байна уу гэж асуухад одоо эмнэлэг рүү очно гэж хэлсэн. Г.Э “бид нар одоо чамайг хээр хаяна” гэж хэлсэн. Барилдсан гэж хэлнэ гэвэл эмнэлэгт аваачиж өгнө гэж хэлсэн. Би тухайн үед айж, замдаа хөл маш их өвдөж байсан. Багануур дүүрэгт очоод Г.Э надаас “Б.Батзоригийг хаана байгааг мэдэж байна уу” гэж асуухад “Би Улаанбаатар хотод мэдэх бүх зүйлээ хэлсэн” гэж хариулсан. Миний биеийг Б.Б асуухад нь толгой, тархи зүгээр байна, хөл өвдөөд байна гэж хариулсан. Надад “Б.Отгонбатаа барилдсан гэж хэлнэ шүү” гээд байн байн хэлээд байсан.” /4хх 5/,

гэрч Д.Бадарч “...гадагшаа гараад эмийн сан орж даралтны эм авахаар явж байтал миний ард хэд хэдэн хүмүүс чанга дуугарахаар нь эргээд хартал 3 хар хувцастай хүн нэг залууг чирч зулгаагаад хар өнгийн суудлын машины арын хаалга руу оруулж харагдсан.” /1хх 127-128/,

гэрч Г.Цэнд-Очир “...Отгонбатыг булиа байрын махлаг залуу мөрөн дээрээс нь барьж мушгих шиг болоод өөрийн доор оруулаад давхралдаад унаж байгаа зүйл ажилагдсан. Тэгээд “Отгонбат ёо ёо хөл хугарчихлаа” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би гайхад явж очиход гурван залуу болчихсон машинд суу гээд суулгах гээд гарнаас нь татаж чирэхэд бас нэг залуу хажуунаас нь өшиглөх шиг болсон.” /1хх 129/,

гэрч Л.Цэрэнсанги “...хөөе түргэлээч, чи яах гээд байгаа юм гээд дуу гарахаар нь харсан чинь бүдүүн залуу оёдлын газрын хаалга түгжиж байсан залуугийн мөрөн дээрээс бариад мушгиад зүүн тал руу унагаад дээрээс нь өөрөө давхар унасан.” /1хх 134/ гэх мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогджээ.

Хохирогч Б.Отгонбатын үйл явдал хэрхэн өрнөж, хэний үйлдлийн улмаас гэмтэл авсан, хэн хэний бүлэглэсэн үг, үйлдлийн улмаас ямар нөхцөл байдалд байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг батлах нүдээр харсан гэрч Д.Бадарч, Г.Цэнд-Очир, Б.Энх-Амгалан, Л.Цэрэнсанги нарын мэдүүлэг, хохирогч Б.Отгонбатын биед учирсан гэмтэл, түүний үлдэц урхагын талаарх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нар нь тухайн үед цагдаагийн байгууллагын үүрэг гүйцэтгэж байсныг нотолсон баримтууд зэрэгт үндэслэж анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хэлэлцэх ажиллагаа шүүгдэгч нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнээс хэтрээгүй байх бөгөөд тогтоогдсон үйл баримт Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ямар харилцааг зөрчиж, ямар гэмт хэргийн шинжийг хангасан талаар дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тухайлбал, шүүгдэгч Б.Б хохирогч Б.Отгонбатын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэгдсэний дараа шүүгдэгч Б.Б, Г.ЭД.Бнар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа үг болон үйлдлээрээ Б.Отгонбатын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжийг хангасныг зөв тодорхойлж, улмаар гэм буруутайд тооцон, хуульд заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээнд тохирсон байна.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмын дагуу хүн бүрийн тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрч, хэнийг ч эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхгүй хэмээн 1984 оны “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-д нэгдэн орсон.

Уг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... эрүүдэн шүүх гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ...” гэж эрүүдэн шүүлт явуулж болох субъект болон эрүү шүүлтэд өртөж болох хүн, эрүү шүүлт явагдах хэлбэрийг өргөн агуулгаар тусгажээ.

Монгол Улс дээрх конвенцид Эрүүгийн хууль тогтоомжоо нийцүүлэн баталж 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр дээр дурьдсан агуулгуудыг илүү өргөн хүрээтэй хуульчилсан.

  Тухайлбал, Б.Отгонбат нь ямар нэг гэмт хэрэгт сэрдэгдээгүй боловч тодорхой асуудлын талаар мэдээлэл өгч болох этгээд гэдгийг шүүгдэгч нар мэдэж байсан. Харин шүүгдэгч нар уг мэдээллийг авахдаа ямар ч байдлаар Б.Отгонбатын бие махбод болон сэтгэл зүйн дарамт, шахалт, шаналгаа, зовиур үүсгэж болохгүй, хэрвээ ийм дарамт, шахалт, шаналгаа, зовиур учруулсан тохиолдол бүр нь гэмт хэрэг гэж тооцогдохыг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байна.

Конвенцийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “олон улсын болон бусад дотоодын хуулинд уг ойлголтыг илүү өргөн утгаар хэрэглэдэг бол энэ зүйл нь тэдгээрт хохирол учруулахгүй” гэж тодорхойлсон бөгөөд хэн нэгэн хүнээс төрийн чиг үүрэг хэрэгжүүлж буй этгээд өөрөө болон бусдаар дамжуулан бие махбод болон сэтгэл зүйн аливаа дарамт үүсгэж мэдээ сэлт олж авахыг ямагт хориглож, хүлээн зөвшөөрөх ёсгүй юм.

 

Түүнчлэн Конвенцид заасан тодорхойлолт түүний ухагдахууныг шууд хэрэглэхийг манай улс Эрүүгийн хуулиараа хүлээн зөвшөөрсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэсэн заалтуудыг тунхаг төдий биш гэдгийг хүлээн зөвшөөрснийг илэрхийлсэн тул үндэсний хууль тогтоомжийг тайлбарлан хэрэглэхдээ олон улсын гэрээний тодорхойлолт түүний агуулгыг ашигласныг зөв гэж үзнэ.

Харин, аливаа нэгдэн орсон тэрхүү конвенци нь Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан тохиолдолд олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөх үүргийг хүлээдэггүй боловч манай улсын Үндсэн хуулийн цэцээс “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц” Үндсэн хуульд харшилсан гэж үзсэн шийдвэр огт гараагүй байгааг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Быг хохирогч Б.Отгонбатын биед халдан газар унагаж, эрүүл мэндэд нь баруун шилбэний мэдрэлийн гэмтэл, баруун тавхайн санжилт, баруун өвдөгний дотор болон гадна менискийн урагдал, арын чагтан холбоосын суналт бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Б, Д.Б, Г.Э нарыг бүлэглэн хохирогч Б.Отгонбатын баруун хөлийг гэмтсэнийг мэдсээр байж эмнэлгийн байгууллагад хандах боломж олголгүй, эрэн сурвалжлагдаж байсан этгээд Б.Батзориг гэгчийн хаана байгаа газрыг заалгах зорилгоор автомашинд гавлан суулгаж Багануур дүүрэг рүү авч явж, түүний бие махбод, сэтгэл санааг 8-9 цагийн турш шаналган зовоож эрүү шүүлт тулгах гэмт хэрэг тус тус үйлдсэн нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

Шүүгдэгч Б.Б “...хэтэрхий нэг талыг барьж буюу яллах талыг баримталж шийдвэр гаргасан, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, “мэдээ сэлт” авах гэсэн үйлдлийг нь төсөөтэй хэрэглэж, хуулийн заалтад байхгүй үйлдэл буюу гэмт хэргийн шинжээр яллаж ял оноосон, Б.Отгонбатын утсаар ярьсан ярианы бичлэгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй, ажил үүргийнхээ хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан” гэх гомдол,

Шүүгдэгч Г.Энхтулгын “...Б.Б нь хохирогчид гэмтэл учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй, шийтгэх тогтоолд гэрчүүдийн хэлсэн ярьсан зүйлийг бүрэн тусгаагүй тул бичлэгийг тогтоол, тэмдэглэлтэй тулган нягтлах” гэх гомдол,

Шүүгдэгч Д.Бын “...Б.Батзориг гэгчийг заалгах зорилготой байсан тул хохирогч Б.Отгонбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн хохирогч биш” гэх гомдол,

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батхуягийн “...хохирогчийн биед тогтоогдсон гэх “хүнд” гэмтэл нь эргэлзээтэй” гэх гомдол,

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын “...цагдаагийн албан хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг хэрхэн харгалзан үзсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны хэлбэрийг тодорхойлж ялыг ялгамжтай оногдуулаагүй, гэм буруугийн санаатай, болгоомжгүй, холимог хэлбэрийг зөв дүгнээгүй” гэх гомдол тус тус үндэслэлгүй байна.

            Учир нь, шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэжээ.

Хэрэг гарсан нөхцөл байдал, үйл баримттай холбоотой гомдлын тухайд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгч нарыг гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн байх бөгөөд бүхэлдээ анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримтыг хангалттай нотолжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж хуульчилсан ба гэрч нь хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт Д.Цэнд-Очир, Л.Цэрэнсанги, Д.Бадарч нарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн талаар үзсэн харсан зүйлээ мэдүүлсэн байх бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн хохирогч Б.Отгонбатын гаргаж өгсөн флашийг шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан болох нь  анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байна.

Хохирогч Б.Отгонбатыг “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн хохирогч биш гэсэн гомдолд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүдэн шүүх гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах..., айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, ...гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж зааснаар ойлгоно.

Өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн хохирогч Б.Отгонбатын эрүүл мэндийн байдалтай холбоотой гомдол гаргасан бөгөөд хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг судлахад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн “Б.Отгонбат нь одоогоор сэтгэцийн хувьд өөрчлөлтгүй” /3хх 122/ гэсэн бичгийн баримт цугларсан байна. Харин өмгөөлөгчийн гомдолд дурдсан нөхцөл байдал хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй тул гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх, шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг тус тус ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Отгонбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар нэхэмжилсэн нотлох баримтууд гаргаж өгөөгүй байх ба  шүүх иргэний хариуцагчийн талаар болон хохирогчийг  эмчилгээний төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн тул хохирогчийн  давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэв.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Г.ЭД.Б, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батхуяг, Ч.Эрдэнэбат, шүүгдэгч Г.ЭД.Бнарын өмгөөлөгч П.Баасанжав, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Б, Г.ЭД.Бнарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч Б.Отгонбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 958 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Г.ЭД.Б, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Батхуяг, Ч.Эрдэнэбат, шүүгдэгч Г.ЭД.Бнарын өмгөөлөгч П.Баасанжав, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Б, Г.ЭД.Бнарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч Б.Отгонбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                                     

            ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

            ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ